Categories
мэдээ нийгэм

Залгаа автобус маргаашнаас үйлчилгээнд гарч эхэлнэ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 21 метр урт, залгаа автобусыг нэвтрүүлэхээр болсон.

Тэгвэл уг автобус ирэх наймдугаар сарын 15-аас буюу маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээнд гарахаар болсон.
Энэ хүрээнд Энх Тайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж өөрчилж, өргөтгөсөн юм. Тодруулбал, урт автобус явж эхлэхтэй холбоотойгоор 40 газрыг засч, янзалжээ. Урт автобус нийслэлийн төв зам дагуу буюу Таван шар-Оффицеруудын ордон чиглэлд үйлчлэх юм.

Беларусь улсад үйлдвэрлэсэн тус автобус 170 орчим хүний багтаамжтай бөгөөд эхний ээлжинд 20 автобус үйлчилгээнд гарахад бэлэн болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллага үүссэний 85 жилийн ойг тэмдэглэж байна

Өнөөдөр Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, Прокурорын албаны баярын өдөр зэрэг тохиож байна.

Үүнтэй холбогдуулан 11:40 цагт Прокурорын байгууллагын удирдлагууд болон нийт прокурорууд Чингис Хааны хөшөө, Жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм байна. Мөн 13:30 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт болох ба “Манай прокурорынхон” гэрэл зургийн үзэсгэлэн гарна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэдийг оллоо

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу баг, Батсайхан багийн зааг нутаг “Алтан бургастай” гэдэг газар жимс түүж явсан И /14 настай, эрэгтэй/ төөрч алга болжээ. Энэ тухай дуудлага тус сумын цагдаагийн хэсэгт өчигдөр 00:30 цагт ирж, цагдаагийн хэсгийн хоёр албан хаагч, орон нутгийн 12 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг тус өдрийн 13:20 цагт эсэн мэнд олжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Бүдүүн нарийн гуя” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр жимс түүж явсан иргэн Т /23 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/ нар төөрч алга болжээ. Харин хүн алга болсон дуудлага өчигдөр 07:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирснээр тус газрын есөн албан хаагч, орон нутгийн 25 иргэн хамтран эрэн хайх ажилагааг зохион байгуулж 13-ны өдрийн 12:50 цагт олжээ. Төөрсөн иргэд эсэн мэнд байсан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ОХУ дахин 4 оронд хүнсний импортын хориг тавилаа

ОХУ өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр Европын холбооны зарим оронд тавьсан хүнсний импортын хоригийг нэг жилээр буюу 2016 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл хүнсний импортын хориг тавьсан орнуудын жагсаалтыг дахин дөрвөөр нэмсэн байна.

Албани, Монтенегро, Лихтенштейн, Исланд гэсэн дөрвөн улсад импорын хориг тавьсан тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр мэдэгджээ. Мөн тэрбээр 2016 онд Украинаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглоно гэдгийг ч хэлсэн байна.

Харин АНУ болон Канад, Норвеги, Австрали тэргүүтэй Европын холбооны 28 орон ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг 2016 оны наймдугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлэхээр болоод байна. Эдгээр орнууд мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоог Орос руу экспортлохыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Улиастай, Гачуурт чиглэлийн замын ажил өнөөдрөөс үргэлжилнэ

Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замын ажил өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн. Тус замыг “Үйлсийн зам” компани нийслэлийн төсвийн 6.123 тэрбум төгрөгөөр засаж байгаа юм. 8.4 км замынх нь ажил дуусаж, үлдсэнийг долдугаар сарын 30-наас засах байв. Гэвч иргэдэд мэдээлэл хүрээгүйн улмаас хугацааг наймдугаар сарын 8 болгон хойшлуулж, 2.6 км замын 1.4-ийг нь 14 хоногт засахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд тус замаар иргэд машинтай зорчих боломжгүй тул ийм хэмжээний газар алхах шаардлагатай болсон. Гэтэл оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зам хаасан тэмдэг, тэмдэглэгээг эвдсэн байна. Тэр ч бүү хэл, замын ажил хийж байсан хүнд гар хүрчээ. Гүйцэтгэгч компанийнхан арга ядахдаа маргааш нь буюу наймдугаар сарын 9-нд замыг нээж, засварын ажлаа зогсоосон байна. Иймээс нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж тэргүүтэй албаныхан өчигдөр газар дээр нь очиж танилцдаа. Тус газрын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн А.Оюунчимэгээс энэ талаар тодруулахад “Зам хаах тухай иргэдэд 3-5 хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн хорооны нийгмийн ажилтанд гарын авлага хүртэл тараасан. Гэтэл иргэд эсэргүүцсэнээр ажил зогслоо. Үүнээс болж тав хоногийн хугацаа алдаж байна. Зам хаахгүйгээр ажил хийх ямар ч боломжгүй. Уг нь төлөвлөгөөгөөр замыг энэ сарын 22-нд нээх байсан. Засвар хийх газар Баянзүрх дүүргийн XX хороонд хамаардаг. Бид Замын цагдаагийн газарт хамгаалалт гарган зам хааж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу хэсгийнх нь цагдааг байлгахаа өнөөдөр мэдэгддээ. Өнөөдөр орой зам хааж, засварыг 14 хоногт багтаан хийнэ. Мөн хоёр гүүр засах юм” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяр: Бид тоглолтоороо амьдрал үргэлж сайхан, гэгээлэг, олон өнгөтэй гэдгийг харуулна

“GUYS”
хамтлагийн “Хайрын бүжиг”, “Хөөрхөн охин”, “Амьдрал
үргэлж сайхнаараа” “Нулимс”, “Навч”, “Цас”,
“Чамдаа зориулъя” гээд бүхий л дуу нь хүүхэд залуусын дунд өнөөдөр ч
хит хэвээрээ байгаа. Тэгвэл тус хамтлагийнхан удахгүй тоглолтоо хийх гэж байна.
Энэ талаар “GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяртай ярилцлаа.

-Танай хамтлаг
фэнүүддээ зориулж томоохон шоу тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолт хэзээ
вэ?

-Манай хамтлаг
энэ сарын 28-нд “CROCUS event hall”-д тоглолтоо хийхээр ерөнхийдөө бэлтгэл
ажлаа хангаад дуусч байна.

-Хэдэн цагт
вэ?

-20.00 цагт
тоглолт эхэлнэ.

-Энэ тоглолт
танай хамтлагийн хэд дэх бие даасан тоглолт болж байна вэ?

-“GUYS”
хамтлагийн бие даасан зургаа дахь тоглолт болж байна.

-Энэ удаагийн
тоглолтын онцлог юу байх вэ?

-Зохион
байгуулалтын хувьд үнэхээр гайхамшигтай байх болно гэж амлая. Тоглолтын тайз
засалт, хөгжмийн дуугаралт гээд олон шинэлэг зүйлийг зохион байгуулагчид маань
сэдсэн байгаа.

-Тоглолтын нэр
юу билээ?

-“Амьдрал үргэлж
сайхнаараа” гээд дууныхаа нэрээр нэрлэсэн.

-Тэгэхээр
сайхан бүхнийг мэдрүүлэх нь ээ?

-Тэгэлгүй яахав.
Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр хэвлэл мэдээллээр, олон нийтийн сүлжээгээр
дандаа л нийгмийн хар бараан, болж бүтэхгүй асуудалтай бүхнийг цацдаг. Хүмүүст
түгээдэг. Тиймээс бид нэг удаа ч гэсэн тоглолтоороо дамжуулж хүмүүст, залууст
баяр баясал, сэтгэл хөдлөл, амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг мэдрүүлэхийг зорьж
байна. Товчхондоо бол дуу хөгжим өнгөлөг гоё амьдралыг татдаг гэсэн утгатай л
даа.

– “Хайрын
бүжиг”, “Навч”, “Цас” гээд танай хамтлагийн сайхан
дуунууд бий. Эдгээр хуучны уран бүтээлээсээ дуулна биз дээ?

-Мэдээж тэгэлгүй
яахав. “GUYS” хамтлаг анх гарч ирснээс хойш өдийг хүртэл гаргасан уран бүтээл
бүрийг маань үзэгчид тоглолт бүр дээр дуулуулахыг хүсдэг. Тиймээс бид энэ удаа
28 дуу дуулах бодолтой байна.

-Шинэ уран
бүтээл бий юу?

-Байгаа.
Тоглолтод нэлээд хэдэн шинэ уран бүтээл дуулагдана. Одоохондоо нууцалъя.
Үзэгчид тоглолтыг маань үзээд “GUYS”
хамтлаг ямар шинэ уран бүтээл хийсэн болохыг мэдэх болно. Тиймээс залуусыг
өнгөлөг, гэгээлэг бүхнийг мэдрүүлэх тоглолтдоо ирээрэй гэж урья.

-Тасалбарын
үнэ хэд бол?

-35 мянган
төгрөг.

-Тоглолтын
дараа гадаадад аялан тоглолт хийнэ гэж сонссон?

-Тоглолтоо
хийчихээд европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Европын
орнуудад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулж манай хамтлагийнхан уран
бүтээлээ хүргэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн Японд тоглоно. Он гаргаад
Америк, Австралиар мөн аялан тоглоно.
2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран
бүтээл хийгээгүй. Манай хамтлагийн төлөвлөгөөгөөр 2015 оныг аялан тоглолтын жил
болгоно. 2016 онд киноны уран бүтээлд орно. Харин 2017 онд “Guys” хамтлагийн 20
жилийн ой болно. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй шахуу хөтөлбөрөөр ажиллаж
байгаа.

-Танай
хамтлагийн “Зун орсон цас” тоглолтыг тухайн үедээ хамгийн үнэтэй
тоглолт гэж шуугиж байсан.

-2005 онд
тоглосон тоглолт. Театрын номонд “Монголын анхны рок попын мюзикл”
гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Бүх
дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх, жүжиглэлт, тайз засалт гээд
их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Яг “Валентины баяр”-ын өдөр 1000
ам.доллараар тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100
ам.доллараар тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар
ч тоглолтын тасалбар 5000-8000 төгрөг л байсан.Ингээд шүүмжлүүлснийхээ дараа 10
мянган төгрөгөөр бүтэн сарын турш тоглосон. “Зун орсон цас” шиг бүтэн
сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон тоглолт ховор шүү.

-“Guys”
–ынхан оюутан байх хугацаандаа хоёр ч тоглолт хийсэн байх аа?

-Оюутан байхдаа
манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг Жигжидсүрэн,
Уртнасан, Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор төгссөн. Манай анги нэг
кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. “Бидний найзын дурлал” гэж кино
найруулаад, тэрнийхээ “Хайрын бүжиг” гэж дууг зохиож байсан. Кино
маань театрт гарч, “Гамлет”, “Цаг өөр болжээ” гэж хоёр
жүжиг тавьж байлаа.

-Ер нь
“Guys”-ынхан хэрхэн нэгдэж хамтлаг байгуулж байв. Дурсамжаасаа
хуваалцахгүй юу?

-Манай хамтлаг
анх “Зүгээр л”, “Сонсч бай” зэрэг дуугаа гаргаж байлаа. Би
анх СУИС-д орохоосоо өмнө “Нэг хороолол”, “Хэт даврагсад”
зэрэг хамтлагт дуулж байсан. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн
Лхагваа надтай их төстэй юм сонсоод байгаа харагдлаа. “East 17”,
“2Рас”, “TLC” гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй
дуунуудыг сонсоод байна. Тэгэхээр нь Лхагваагаас “Би нэг ийм хамтлагтай
байсан. Тэгээд энэ дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах
уу” гээд л асуучихлаа. Тэгсэн зөвшөөрч байна шүү. Ингэж л хамтлаг бүрдсэн.
Дараа дараагийн гишүүд ч хурдан нэгдсэн.

-Тэгэхээр
танай хамтлагийн анхны сонсогчид бол ангийнхан байж таарна биз?

-Яг л ангийнхан.
Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн фонограммтайгаа ч дуулна.
“Элькондор” хамтлагийн Амараа ах, Болорхүү ахаар бичлэгээ хийлгэнэ.
Тэд биднийг оюутан юм чинь гээд харж үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө. “Залуу нас”, “Дурсамж” дуугаа
гаргасны дараа ангийнхандаа сонсгосон чинь сайхан хүлээж авсан. Удалгүй
“Дурсамж” дуу маань FM радиогийн хитэд гурван долоо хоног тэргүүлээд
систем хөгжмөөр шагнуулж байлаа шүү дээ.

-Сүүлийн үеийн
шинэ уран бүтээлийнхээ талаар…?

-Бодсон ажил
байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн хугацаанд гаргасан уран
бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана.
Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл
хийнэ.

Д.Даваасүрэн

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтанцэцэг: Соёлын өвийг бүртгүүлээд л жаазанд хийгээд орхиж болохгүй

СУИС-ийн дэд захирал, доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хувцас судлаач хүн. Ажлын өрөөнд нь зузаан гэгчийн боть ном олж харлаа. Энэ бол түүний “Хүн хувцас орчин системийн хүрээнд дулаан хувцас зохион бүтээх онолын үндэс ба технологи” сэдэвтэй докторын ажил нь юм байна. “Доктор болохын тулд ийм их тоо боддог юм байжээ” хэмээн сонирхоход маань Ч.Алтанцэцэг хувцас судлаачийн ажлын тухай сонирхуулав. Функцлаг хувцас гэж ярьдаг даа. Олон үүрэг зэрэг гүйцэтгэдэг, материал нь амьсгалдаг. Даарч, халууцахад биеийн температурыг нэг түвшинд байлгаж чаддаг түвшинд хүрсэн, мембран бүтэцтэй, сансрын технологид хэрэглэдэг төлөв өөрчилдөг материал НАСА гаргаж авсан юм. Сансарт, цэрэгт хэрэглэж байсан технологиуд ахуйн хэрэглээнд их нэвтэрч байна. Гэхдээ хямд биш. Цэрэгт хэрэглэж байсан технологиудаа спортын хувцсанд хэрэглэж эхэлсэн. Дэлхий даяарчлагдаж байна. Бид бүх хувцсыг үйлдвэрлэхгүй байж болно. Хувцас үйлдвэрлэлийн бүтэн сүлжээ ажиллаж байгаа үед монголчууд бүгдийг оёх гээд чичрэх шаардлагагүй. Урд хөрш материал үйлдвэрлэгч, хойд хөрш том зах зээл байна. Монголчууд ядаж ажлынхаа хувцсыг яг ийм материалтай, стандарттай ийм өнгө будагтай байх ёстой гэсэн шаардлага тавихад тэр хувцсыг хаана л бол хаана хийгээд нийлүүлэх боломжтой болсон. Тэр шаардлагыг л миний энэ ажил гаргаж байгаа ухаантай хэмээн доктор тайлбарласан.

-Цагдаа нарын хувцсыг сонгохдоо хувцас суд­лаач­дын саналыг авсан уу?

-Цагдаа хувцсандаа их анхаардаг. Ээлж дараатай шинэчилсэн. Хувцас хэ­рэглэлийн нэр төрөл хан­галт сайн. Түүндээ их хариуцлагатай ханддаг. Ядаж гутал гэхэд тийм гутал байна гээд шаардлагыг нь гаргаж өгдөг. Нийлүүлсэн гутлыг гэхэд л зүсч шинжлүүлнэ. Хэдэн удаагийн алхалт даах вэ, ус чийг яаж нэвтрүүлэх талаар ч судалдаг. Хятадад захиалаад авчирсан гутал гэхэд л хоёр технологи алгассан тохиолдол ч гарсан. Гаднаас нь хараад энэ бүхнийг тодорхойлох аргагүй л дээ. Цагдаа нар өөрсдөө мэдээж судалгаа хийгээгүй. ШУТИС-ийн Хувцас судлалын төвд материалыг нь шинжлээд гадаад дотоодын хувцас ямар байдаг юм гээд судалсан.

-Сурагчийн дүрэмт хувц­сыг судалж шинжилсэн юм байдаг уу?

-Байгаа шүү дээ. Хувцас судлалын төвийнхөн материалынх нь шинжилгээг хийсэн. Оёдлын үйлдвэрийн холбоо, “Шилмэл загвар”-ынхныг оролцуулсан баахан комисс ажиллаж байгаад загварыг нь гаргасан. Загвар дээр нь Хувцас судлалын төв юу хийсэн гэхээр хэдэн настай хүүхдэд ямар хэмжээтэй хувцас хийх вэ гэдгийг зөвлөсөн. Хүүхдэдээ хавар дүрэмт хувцас худалдаад авчихвал намар таарахаа байчихна шүү дээ. Тийм учраас жаахан тавилт хийж өгдөг, биед эвтэй байх талаас нь дээр нь материал нь ямар байх ёстой хэдэн хувийн ноос, хөвөнтэй байх талаар зөвлөнө. Эцэг эхчүүд худалдаж авч дийлэхээр, эрүүл байх хувцасны стандарт гаргаж өгсөн. Стандарт гаргана гэдэг нэг асуудал. Стандартаа мөрдүүлнэ гэдэг өөр хэрэг.

-Монголчууд уламжлалт хувцасны соёлтой ард түмэн гэдэг?

-Монголчууд өөрийнхөө нөхцөлд тохирсон хувцсыг ухаалгаар хийж байсан.

Ер нь монгол дээл дөрвөл­жин захтай, мөөрөлжин энгэртэй байна уу, лам захтай байна уу гэдэг хамаагүй. Зах гэдэг зүгээр л элемент. Харагдах үзэмжийн асуудал. Гэтэл дээл гэдэг хувцасны нууц нь хийцэндээ л байгаа юм. Өөрөөр хэлбэл урт, дав­хар энгэртэй, сул чөлөөтэй, бүсэлчихдэг хувцас. Сулын хэмжээ гэж байдаг. Дээл бие хоёрын хоорондох сулын хэмжээ нь оновчтой байдаг. Монгол дээл өвөл хавар намар зунгүй адилхан хэлбэртэй юм өмсч харагддаг ч хувцасны сонгодог хэлбэрийг л олоод авсан хэрэг. Гайхамшигтай хувцас, монгол дээл гэдэг. Монгол хувцасны талаар бичигдсэн бүх материалыг уншиж үзсэн. Миний хувьд хувцасны бүтцийн инженерчлэлийн чиглэлээр ажилладаг учраас хүний биед яавал эвтэйхэн гэдэг талаас нь илүү хардаг. Материалын төрөл хийц нь ижил мөртлөө сонгодог хийцийг монголчууд бий болгосон.

-Соёлын үйлдвэрлэлд хувцас загвар том байр суурьтай байх?

-Соёлын бүтээлч үйлд­вэрлэл хөгжөөд олон жил болоогүй ч эрчтэй хөгжиж байгаа салбар. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг улс орон болгонд янз бүрийн чиг хандлагаар хөгжүүлж байна. Хамгийн хүчтэй хөгжиж байгаа газар АНУ, Англи. Англичууд саяхан бүтээлч үйлдвэрлэлийнхээ салбарыг авч үзээд ерөнхийдөө 12 ангилсан байна лээ. Түүний нэг нь хувцас загвартай холбоотой сэдэв. Fashion гэд­гийг манайхан хувцас загвар гэж ойлгоод байдаг. Fashion бүх юманд бий. Жишээлбэл буйдангийн бүтээлэг ч fashion байдаг. Загварын бизнес гэж ойлгох ёстой шиг байгаа юм. Загварлаг гэж манайхан хэлдэг дээ. Дээр дурдсан 12 ангиллаас эрчтэй хүчтэй яваа нь кино урлаг. Тэд “Харри Поттер”-оор гэхэд л маш их мөнгө олж байна шүү дээ. Соёлын үйлдвэрлэлийнх нь ДНБ-д эзлэх хувь 3-4 хувь гээд байгаа. Дэлхийн аялал жуулчлалд соёлын аялал жуулчлал 41 хувьтай байна гэсэн судалгаа байна лээ. Гэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийнхээ учрыг нь ололгүй шууд дайрч орох оновчгүй шиг байгаа юм. Зарим орон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлээд аялал жуулчлал дэндүү хөгжөөд ирэхээр уламжлалт соёлоо устгаж байна гэсэн хандлага бий. Аялал жуулчлал их хөгжихөд байгаль орчин сүйтгээд байна гэх ч юм уу эсвэл чамин гар хийцний урлалаа дэндүү масст зориулж үйлдвэрлээд уламжлалаа алдаж байна гэх мэт шүүмжлэл явдаг. Хоцорч хөгжихийн давуу тал бидэнд бий. Саяхан болсон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чуулганы үеэр Монгол аль чиг хандлагаар яаж хөгжих вэ гэж ярилцаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөр хийхээр болсон. ЮНЕСКО-д бүртгэгдсэн баахан соёлын өв байна. Бүртгүүлээд жаазанд хийгээд орхиж болохгүй. Хамгийн түрүүнд судлах хэрэгтэй шүү дээ. Дүрслэх ур­лаг дизайны хэлэлцүүлгийн үеэр Монголыг илэрхийлэх дизайныг бий болгох тухай ярьсан. Тэгэхийн тулд судлах ёстой гэж үзсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал. Тухайн соёлын өвөө сайтар судлаад, яг ийм байсан юм гээд ориг эхийг нь авч үлдэх амин чухал. Дараа нь түүнийгээ хөгжүүлээд хувьс­гаад өөрчлөөд явж болно. Соёлтой холбоогүй салбар гэж үгүй. Соёлын статистик гэдэг чухал. “Монголын соёлын статистикийн хүрээг тогтоох нь” гээд ЮНЕСКО-гийн судалгаа хийсэн. Тоо баримтаар яг өнөөдөр ямар байна гэдгийг тогтоох хэрэгтэй юм билээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ зургаа ангилаад явж байна. Түүн дотор загварын бизнес, аудио видео урлагийн тоглолт, соёлын өвийн асуудал, аялал жуулчлал, спортын хэсэг хүртэл дагалдах салбарт орж яваа. Монголын бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлэх гарааны үед бид ямар түвшинд байна вэ гэдгээ дүгнэх учиртай.

-Монголчууд юу үйлд­вэрлэх вэ гэхээр заримдаа мухарддаг?

-Монголд юу үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлохын тулд түүхий эд хаана байгааг бодох ёстой. Гадаадаас түүхий эд оруулж ирээд бусдын тэртэй тэргүй хийгээд байгаа юмыг дуурайгаад нэмэргүй. Монголд байгаа түүхий эд ноос ноолуур, арьс шир л байгаа биз дээ. Монгол гэдэг брэндийг бий болгоё гэж байгаа юм. Бид алхам тутамдаа мон­гол брэндийн хомсдолд орж байдаг. Гадаад явлаа, нэг газар руугаа хоёр гурав явбал хэцүүднэ. Нэг бэлэг дурсгалаа дахин дахин өгөөд байлтай биш. Юмыг цогцоор нь хөгжүүлэх чухал.

-СУИС-ийнхан торгон алчуур гэх мэт бэлэг дурс­галын хөөрхөн юмнууд хийсэн байсан?

-Манайх торгон дээр зураг зурдаг төхөөрөмж оруулж ирсэн. Цөөхөн тоогоор хэв­лэдэг, гар ажиллагаатай, торгон дээр барлаж хийдэг жинхэнэ урлагийн бүтээл. СУИС дотроо бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлье гэж бодоод гарааны компани байгуулах бэлт­гэл ажлаа хийгээд юу хийж болох вэ гээд судалж байна. Бүх юм цоо шинэ болохоор хамгийн анхны эх загварыг СУИС хийх болоод байгаа. Худлаа юм хийж болохгүй. Бүтээлч үйлдвэрлэлийг хөг­жүүлэхэд оюуны өмчийн асуудал маш чухал. Судалгаа хийж дуусаад үйлдвэрлэл эхэлнэ гэж байхгүй зэрэгцээд хийж байх ёстой. Соёлын өвүүдээ судлах, оюуны өмчийн асуудлаа шийдэх ёстой.

-Соёлын аялал жуулчлал хөгжүүлэхэд хангалттай брэнд бүтээгдэхүүн гаргаж болно доо?

-Жишээлбэл Соёлын яам байхдаа нутаг болгон өөрийн брэндтэй байя гэсэн санаачилга гаргасан. Брэнд бүтээгдэхүүнтэй байхын тулд худлаа юм ярьж болохгүй. Судалсан байх ёстой. Соёл урлаг судлалын хүрээлэн гэж байдаг. 40 жил болж байгаа хүрээлэн. Тодорхой хэмжээгээр нэлээд юм хий­сэн 12 хүнтэй хүрээлэн байсан. Сая хүрээлэнгүүдийг нэгтгэх явцдаа СУИС-ийн бүрэлдэхүүнд өгчихсөн. СУИС тэр хүмүүсийг цалин­жуулж авч явах хэрэгтэй болж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, улсдаа мөнгө олж өгнө гэж мундаг юм яриад байдаг. Суурь үндэс нь судалгаа гээд байгаа. Урьд нь төсөл санал болгоод яам түүнийг нь санхүүжүүлж ирсэн. Бид хоёр төсөл өгсөн. Гэтэл мөнгө төгрөггүй гээд зогссон. Монголчууд хаашаа яваад байна. Солонгосыг дуурайгаад байна уу. Монголын гэр бүлийн орчин дахь соёл юу болсон бэ, үндэсний уламжлалаа хаанаа яаж авч явах юм бэ гээд сэдэв өгсөн. Судалгааны санхүүжилт батлагдаад гарч ирэхдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байхад зүгээр л 10 сая төгрөг өгсөн. Гурван жилийн хугацаатай, 30 сая төгрөгөөр гэр бүлийн орчин дахь соёлын судалгааг хийх ёстой болж байна. Хийх хэцүү, хийхгүй байх хэцүү болсон. Судалгаа хийж байж соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжинө гэж яриад байдаг. Сан­хүүжилт нь хаана байна вэ. Гадаадын их сургуулиудын санхүүжилтийн 60-70 хувь нь төсөлт ажлаас орж ирдэг юм билээ. Улсын захиалгаар хийж байгаа эрдэм шинжилгээний ажлаас сургууль санхүүжээд явдаг жишиг байна. Багш, оюутнууд нь судалгаа хийдэг, сургалтаа ч хийнэ, эрдэм шинжилгээ, шинэ бүтээлээ ч хийнэ. Улс санхүүжүүлнэ. Манайд тэр систем нь байхгүй.

Нэг үеэ бодвол их сургуульд олон нөөц бололцоог гаргаж өгч байна л даа. Тэгж болох­гүй ингэж болохгүй гэх биш та нар гарааны компани бай­гуулж болно гэдэг. Га­рааны компани байгуулбал тодорхой хэмжээгээр мөнгө олно. Тэр мөнгөөр нь Соёл урлаг судлалын хүрээлэнг магадгүй авч явах байх. Соёлын үйлдвэрлэлийн хувьд жижиг цех жижиг үйлдвэр бий болгохоор нэлээд эр­чимтэй судалсан, тооцоо хийсэн. Бүхэл бүтэн систем бүрдүүлэхгүй бол болохгүй. Хэд хэдэн чиглэл барих, уран дархан, урлагийн график, урлагийн бүтээгдэхүүн, янз бүрийн нэвтрүүлгийн контент ч гэдэг юм уу, тоглолтуудын зохион байгуулалт, менеж­мент хийж мөнгө олж бо­лох юм гэж харж байгаа. Соёлын үйлчилгээ, соёлын бүтээгдэхүүний чиглэл гээд хоёр гарааны компани бий болгохоор төлөвлөж байна.

-Соёлын мэргэжилтнээ яаж бэлтгэж байгаа вэ?

-Соёл судлал аялал жуулч­лал музейн анги манайд бий. Үнэндээ амин чухал мэргэжил. Аймаг болгон брэнд бүтээгдэхүүнтэй бол­но гэхэд л музейд байгаа үзмэрээ соёл судлаач хүн л тэддүгээр зууны ийм үзмэр гэдгийг тодорхойлно шүү дээ. Энэ ийм домог дээр үндэслэсэн, ийм бэлгэдэлтэй гээд гаргаж ирэх ёстой. Ийм мэргэжилтэн хэрэгтэй гэхэд л энэ мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээгүй байгаа юм. Сургаж байх явцдаа хээрийн судалгааны экспедицээр явж бай­даг, орон нутгийн музейтэй хамтарч ажиллаж, угсаатан судлалыг зайлшгүй авч явах учиртай. Үүнтэй уялдуулаад сургалтын технологийг нэлээд өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Бид шинэ хөтөлбөр бий болгохоор маш их ажил хийсэн.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих зарлиг гаргалаа

Монгол улсын ерөнхийлөгч багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа.

Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ.

Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг гарган, Засгийн газар уг зарлигийн хүрээнд олон арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж ирсэн юм.

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар зарлиг гаргасан бөгөөд зарлигийн хэрэгжилтээр тодорхой үр дүн гарч байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Зургаан сайдаа оруулах нь Ч.Сайханбилэгийн асуудал

УИХ-ын
гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-МАН-ын
зургаан сайдыг Засгаас явуулсан ч орных нь зургаан сайдын томилгоо хүлээлттэй
байсаар байна. АН-ын бүлгийн зүгээс “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ын байр
суурийг хүлээж байгаа юм билээ. Танай бүлэг байр сууриа нэгтгэж чадав уу?

-МАХН-ын байр
суурийг илэрхийлэх эрх бүхий субъект нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Г.Шийлэгдамба, намын дэд дарга Ц.Цолмон, Д.Тэрбишдагва нар байр сууриа
илэрхийлэх зөв. Миний хувьд намын жирийн гишүүн тул Засгийн газар хурдан бүрэн бүрэлдэхүүнээрээ
ажиллаж эхлээсэй гэсэн бодолтой яваа хүн. Би Ерөнхий сайдыг огцруулна гэж анх
хэлж байсан. Гэсэн хэдий ч Г.Уянга гишүүний зүгээс Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээр гишүүдийн дэмжлэг аваад явж байхад нь би
дэмжиж гарын үсэг зурсан. Нэгэнт Г.Уянга гишүүн огцруулна гээд өргөн бариад явж
байхад нь давхардуулан өргөх бичиг бэлдэх нь утгагүй. 19 гишүүн дэмжиж гарын
үсэг зураад явбал огцруулахыг дэмжээд явна.

Нөгөө талдаа
зургаан сайдын асуудал бүрэн шийдэгдсэний дараа Засаг тогтвортой байх нь зөв
гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа С.Баярцогт сайдыг өргөн барина.

-Тэр нь яаж
байгаа юм?

-Энэ нь
гурван үндэслэлтэй холбоотой.
С.Баярцогт өөрөө УИХ-ын дэд дарга байхдаа албан тушаалаа өгсөн. Тэгэхдээ “Би
УИХ-ын гишүүний хувьд намайг Сэлэнгийнхэн сонгосон. Би нутгийнхнаасаа
асуулгүйгээр гишүүнээсээ болих эрх байхгүй” гэсэн. Тэгж хэлэхэд нь би хүндэтгэн
үзсэн. Хоёрдугаарт нь “Нэгэнт миний нэр хүнд олон нийтэд эвгүй сэтгэгдэл төрүүлэх
болсон тул ёс суртахууны хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэдгээ
илэрхийлсэн. Миний хувьд аливаа албан тушаал гэдгийг нь сайд, бүлгийн дарга,
дэд дарга, Байнгын хорооны даргын албан тушаалыг гэж ойлгож байгаа. Өглөө
хэлснээ орой мартсан юм шиг ингэж явж болохгүй. Өргөдлийн байнгын хорооноос энэ
хүнийг хэд хэдэн удаа дуудаж асуун, чиг үүрэг өгч явуулсан. Гэтэл мань хүн тэр
үүргийг хугацаанд нь биелүүлэхгүй байна. Тиймээс энэ хүн хариуцлага хүлээх
ёстой гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, АН МАХН-тай хамтран ажиллах гэрээнд
гарын үсэг зурахад С.Баярцогт МАН-тай хамтран ажиллах ёстой гэж ярьж байсан
хүн.

Мөн МАН-ын
зургаан сайдыг огцруулахад С.Баярцогт “МАН-ын сайдууд хамгийн сайн ажилласан”
гэдгийг хэлж байсан. ЗГХЭГ-ын даргынх нь зүрх сэтгэл эвслийн үйл ажиллагаанд
байхгүй зөвхөн Ардын намд үйлчлэх сонирхолтой байна гэдгээс нь харахаар энэ хүн
Монгол Улсад үйлчлэхгүй гэдгээ баталчихлаа. Тиймээс энэ хүнийг энд байлгаад
байх нь зохисгүй зүйл болчихоод байна.

-Та буруу
ойлгосон юм биш үү. Чөлөөлөгдсөн зургаан сайдын хувьд сайн ажилласан гэсэн
болохоор Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн сайд нар муу ажилласан гэж
ерөөсөө яриагүй шүү дээ?

-С.Баярцогтын
талаар ярих юм бол зөндөө л зүйл байна. Үүгээр С.Баярцогтын яриаг өндөрлөх үү.

-“Шударга ёс”
эвсэл Засгаас гурван сайд шаардаад байгаа хэдий ч АН-ын зүгээс хоёр сайдын
суудал өгнө гээд асуудал яриа хэлэлцээрийн шатанд яваад байгаа юм биш үү?

-Нэг чухал зүйл
хэлчихье. Би МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүнээс гадна Өргөдлийн байнгын хорооны
дарга. Манай Өргөдлийн байнгын хороонд 50-60 мянган өргөдөл ирдэг. Тодорхой
асуудлуудын хүрээнд шалгуулах материалууд манай байнгын хороон дээр байна.
Тиймээс энэ Засаг төр хурдан байгуулагдаасай гэж хүсэхээс өөр ямар нэгэн яриа
хэлэлцээрт орсон, тохиролцсон, тохиролцох гэж яваа зүйл алга. Би маргааш
(өнөөдөр) хэвлэлийн хурал зарлан Петро Чайна Дачин тамсаг компанитай
холбоотойгоор Ерөнхий прокурор руу албан бичиг явуулж байгаагаа мэдэгдэнэ.

Өршөөлийн хууль
батлагдсантай холбоотойгоор намайг өршөөгөөд өгөөч гэсэн маш олон өргөдөл ирж
байна. Би Өршөөлийн хуулийн комисст орсон. Тэр ч утгаараа энэ комиссын ажлыг
хурдан шуурхай хийлгэх шаардлагатай байгаа. Учир нь Өршөөлийн хууль батлагдсан
өдрөөсөө хүчин төгөлдөр болж байгаа тул нэг өдөр ч гэсэн тэр хүмүүс эрхээ эдлэх
нь зөв юм. Түүнээс биш та бүгдийн хүсээд байгаа гурав уу, хоёр уу, дөрөв үү,
зургаа юу гэдэг сайдуудын тохиролцооны яриа хэлэлцээрт ороогүй. Манай намын нэр
бүхий удирдлагууд тодорхой хэмжээний яриа хэлэлцээр хийгээд явж байхыг
үгүйсгэхгүй. Тэдний хаана юу яриад явж байгааг би мэдэхгүй байна.

-Өнөөдөр орой
(өчигдөр) МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх нь тодорхой болсон. МАХН-аас
даргатайгаа ойр байдаг хүмүүсийн нэг нь та. Энэ талаар мэдээлэл байна уу.
Н.Энхбаяр дарга ирээд зургаан сайдын асуудлыг шийдэхэд голлон оролцоно гэх юм.
Н.Энхбаяр дарга Шадар сайд болох юм уу?

-МАХН-ын дарга
Н.Энхбаяр Монгол Улсад ирэх нь чөлөөтэй, ирэхгүй байх нь ч чөлөөтэй. Тэр хүний
хувийн асуудал. Өнөөдөр ирэх үү, маргааш ирэх үү гэдгийг мэдэхгүй байна. Мэдээж
ирвэл уулзаж таарна. Ирээгүй бол ирэх болоогүй юм байнаа л гэж бодохоос өөр яах
юм. Яагаад ач холбогдол өгөөд байгааг ойлгохгүй байна. Би Өршөөлийн хууль
ярьчихъя л даа.

-Ерөнхийлөгчийн
зүгээс өөрийн твиттер хуудаснаа “Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг сонсож
надад ирүүлээгүй байна. Энд дурьдсан хэргүүд өршөөгдөх бол хоригийн асуудал
яригдана” хэмээн бичсэн байна лээ. Тэгэхээр Өршөөлийн хуулийг яах юм бол?

-2012 оны
парламентад манай нам “Шоронжсон нийгмийг алга болгоё. Хэлмэгдүүлэлтийг
зогсооё. Залуучуудаа шоронгоос гаргах ёстой” хэмээн Өршөөлийн хуулийг
санаачилсан. Тэр үед манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр хоригдож байсан. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэ хүмүүс
даргыгаа гаргаж авахын тулд Өршөөлийн хуулийг санаачиллаа” гээд улс төржсөн.

-Батлагдсаны
дараа ч гэсэн Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулаад гаргачихлаа гэж яриад л
байгаа. Тэгээд танай намын дарга Өршөөлийн хууль гарсны дараа Монголд ирэх гэж
байгаа биз дээ?

-Н.Энхбаяр даргад
зориулж энэ хуулийг гаргаж авах гэж байна гээд байхаар нь бид хуулиа татаж
авсан. Дараа нь төрийн уучлалаар Н.Энхбаяр дарга гарсан. Дараа нь удалгүй
Ц.Оюунбаатар гишүүн болон бидний зүгээс хуулиа өргөн барьсан. Чуулган болгон
дээр Өршөөлийн хуулийг хэлэлцээчээ гэдэг зүйлийг хэлдэг байсан. Байнгын хороо болгон
дээр хэлэлцээчээ гэж шахдаг болсон.

Энэ үед “Эрүүгийн
болон Зөрчлийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ” гэдэг байсан
шүү дээ. Учир нь зарим төрлийн гэмт хэрэг гэмт хэрэг биш болно. Зарим төрлийн
гэмт хэргийн ял багасах тул энэ бүхнийг цэгцэлнэ гэдэг байсан. Тэр ч утгаараа
энэ чиг үүргийн хүрээнд бид ажилласан. Энэ хууль чинь Үндсэн хуулийн дараа
ордог суурь хууль байхгүй юу. Суурь хуулийг батлахын тулд мэргэжлийн хүмүүсээс
эхлээд бүхий л шатандаа сайн ажиллаж байж алдаагүй хууль гаргах ёстой. 2002 онд
анх баталсан хуулийг 2008 онд шоронжсон хууль болгосон. Хууль зүйн яамнаас
зургаан сарын хугацаанд 4600 хүн ял шийтгэл авч байна гэж мэдээлсэн. Ийм байгаа
тул Өршөөлийн хуулийг батлахаас өөр аргагүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны
хуульч гишүүд бид байр сууриа нэгтгээд үүнийг яаравчлан батлах шаардлагатай
гэсэн юм. Өршөөлийн хуулийг зун батлах ёстой байдаг. Учир нь 21 аймагт шорон,
урьдчилан хорих төвд хоригдож, шалгагдаж байгаа хүмүүс байгаа тул өвөл тэднийг
суллахаар хаана байлгах юм. Ямар хувцастай явуулах вэ гээд асуудал байдаг.
Өршөөлийн хуулийн комисс байгуулагдлаа гээд маргааш нь гаргаад явуулчихдаг юм
биш. Хүмүүсийн материалыг үзэж байж сулладаг тул цаг хугацаа авдаг. 2016 онд
сонгууль болох тул амжихгүй. Уг нь ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон
Зөрчлийн хуулиа батлаад явчихсан бол амар байлаа. Өршөөлийн хуулийг битгий улс
төржүүлээчээ. Өршөөлийн хууль өнөөдрийн энэ цаг үед гарах ёстой юм уу. Хэрэв
тийм гэж байгаа бол бүү улс төржүүлээчээ гэдгийг хэлээд байгаа юм.

-Гэхдээ Өршөөлийн
хуулийн заалтууд дээр анхаарал хандуулахгүй өршөөж болохгүй хүмүүс уг хуульд
хамрагдах гээд байна гээд байгаа. Өршөөлийн хуулийг батлахгүй бол танай сайд
нарыг томилохгүй, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг шантаажийг та нар хийгээд
байгаа биз дээ?

-Хэн тэгж хэлсэн
юм. Хэрэв тийм хүн байгаа бол хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй. Хуульч хүн
баримттай ярьдаг.

-Ээлжит бус
чуулган завсарлахаас өмнө зургаан сайдыг томилж амжих уу. Хугацаа энэ тэрийнхээ
хувьд ямар байдаг талаар хуульч хүнийхээ хувьд тайлбарлаж өгөөч?

-Монгол Улсын
Ерөнхий сайд хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид зургаан сайдаа зөвшилцөх ёстой. Тэр
нь ажлын тав хоног байдаг. Зөвшилцөх сайдын нэрээ Ерөнхий сайд яагаад
оруулахгүй байгаа вэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлэх ёстой.

-МАХН-аас
шалтгаалах зүйлээс болоод зургаан сайдын нэр тодорхой болж чадахгүй байгааг та
мэдэж л байгаа байлгүй дээ?

-УИХ дээр орж
ирвэл магадгүй энэ сайд нь болно. Тэр нь болохгүй гэдгийг ярина. Тэгэхээр УИХ-д
орж ирээгүй Монгол Улсын Ерөнхий сайдын өмнөөс би энд хариулаад сууж байгаа нь
ёс зүйгүй бөгөөд хууль бус юм.

Монгол Улсын
Засгийн газар огцроогүй. Засгийн газрыг хэн бүрдүүлсэн бэ. Хүмүүсийн яриад
байгаа шиг биш 39 гишүүн бүрдүүлсэн. Ерөнхий сайд одоо сайдуудаа бүрдүүлээд
явах ёстой. Зургаан сайдаа оруулах эсэх нь Чимэдийн Сайханбилэг гэдэг ганц
хүний л мэдэх асуудал.

-Харин сайд
нараа оруулах гэхээр “Шударга ёс” эвсэл…

-Бид яачихсан юм.

-Гэхдээ
улстөрчид л асуудал болоод байна. Хуулиараа Ерөнхий сайдад эрх мэдэл өгсөн ч
танай бүлэг, АН, ИЗНН тохироо хийж байж орох нь тодорхой…

-Тохироо хийж
орно гэдэг хууль байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Г.Дэнзэн хорих ангиас чухам ямар захидал бичсэн талаарх сонирхолтой баримт дэлгэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн сүүлийн үеийн мэдээлэл өгсөн талаарх мэдээлэл гарчээ. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нутагтаа ирсэн бөгөөд тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрээр энэ удаа чухам ямар төлөвлөгөөтэй эх орондоо ирсэн болохыг II нүүрнээс уншаарай. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы III нүүрт тус сонины нийтлэлч П.Хашчулууны яг энэ цаг үед үүсээд буй үйл явдалтай холбоотойгоор бичсэн “Өршөөх нь өндөр ёс суртахуун гэж өвгөд сургасан байх аа” нийтлэл нийтлэгдсэн байна. Мөн энэ дугаарт УИХ-ын гишүүн Д.Арвин болон Даншигийн миссээр тодроод буй М.Баярмаа нарын сонирхолтой ярилцлагууд оржээ. Түүнчлэн Г.Дэнзэн хорих ангиас юу гэж захидал бичив зэрэг олон сонирхолтой үйл явдлын мэдээллүүд багтжээ.