Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани шинээр бүртгэгджээ

Өнгөрсөн сард Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани шинээр бүртгэгдсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Он гарсаар 150 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцээд Монголын банкны холбоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээнд дүн шинжилгээ хийснээ танилцууллаа. Тэд Монгол улсад хөрөнгө оруулах нөхцөл муу байна гэж дүгнэсэн байна. Учир нь орлогын хөрөнгө оруулалт хасах дүнтэй, гадаад шууд хөрөнгө оруулалтын бууралт үргэлжилсээр байгааг онцолжээ. Оны эхнээс өссөн дүнгээр нэгдүгээр хагас жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 22.6 сая ам.доллар, жилээр нь авч үзвэл 18.5 сая ам.доллараар буурсан байна. Эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч байсан ч Оюутолгойн гэрээ хийгдсэнтэй холбоотойгоор хоёрдугаар улиралд 86.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн юм.

2012 оны гуравдугаар улирал хүртэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж, ашгийн дүнгээсээ дахин хөрөнгө оруулалт хийж байсан бол түүнээс хойш ашгаа татаж байгааг Монголын банкны холбооны мэдээлэлд дурдсан байна. Гэхдээ сүүлийн 32 сар дараалан гадаадын хөрөнгө оруулагчид ашгаа татаж, орлогын дахин хөрөнгө оруулалт хасахтай гарч байсан бол 6-р сараас үл ялиг нэмэгдэж, 3.6 сая ам.долларын дахин хөрөнгө оруулалт хийгдсэн болохыг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна.

Гэхдээ “Оюу Толгой”-н гэрээ хэлэлцээр эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хүртэл хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нөхцөл тун хомс байна гэж Монголын банкны холбоо үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний замыг чөлөөлнө

Нийслэл хотод хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихад хүндрэл учруулсан зам харгуй цөөнгүй. Тэр дундаа явган хүн зорчих зам гаргалгүй автозамд тулгаж байшин барилга барьж, хашаа хороо татсанаас хүүхэд хөгшид төдийгүй томчууд ч аваар осолд өртчих гээд байдаг аюултай газрууд олон бий. Тиймээс НИТХ-аас явган хүний замыг чөлөөлөх шийдвэр гаргаад удаж байна. Харамсалтай нь энэ ажил биеллээ олсон нь цөөн.

Тэгвэл өнөөдөр олон жилийн турш, өдөр бүр зуу зуун хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байсан нэгэн замыг чөлөөлөхөөр болжээ. Гандангийн уулзвараас МҮОНРТ хүртэлх зам дагуу автозамд тулгаж барьсан хашааг багасгаж, явган хүний зам барих газрыг чөлөөлнө гэж Улаанбаатар нэгтгэлээс манайд мэдээллээ. Авто замд тулган газрын зөвшөөрөл авсан айл хашаагаа хоёр метрээр багасгаж татахаар болжээ. Ингэснээр тэр хэсэг газарт явган хүний зам тавих боломжтой болж байгаа юм. Энэ мэт ойлголцол, шийдлээ хүлээсэн газрууд цөөнгүй байгаа бөгөөд иргэд энэ айл шиг асуудалд нааштай, уян хатан хандана гэдэгт итгэж байгаагаа Улаанбаатар нэгтгэлийнхэн илэрхийлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Тахлын вакцинд үнэгүй хамрагдах боломжтой

Тарваган тахлын байгалийн голомт манай орны хувьд 7-9-р саруудад хамгийн өндөр идэвхтэй байдаг. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын улмаас таван хүн өвдөж байжээ. Энэ жилийн хувьд Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай хүү уг халдварын улмаас нас барсан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ жил 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байгаа юм. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.

Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мэргэжлийн байгууллагууд байнгын хяналтын цэг ажиллуулж байна. Тарваган тахал өвчний эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аврахын тулд байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Вакциныг Зоонозын өвчин судлалын төвд үнэ төлбөргүй хийж буй ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Смайл” наалттай 2186, “Гахай” наалт авсан 1368 байгууллага байна

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд есөн дүүргийн 152 хороонд 51 ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, иргэдийн цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтын ажилд үнэлгээ үүрэг даалгаврыг биелүүлээгүй газруудад 2015.05.25-ны өдрөөс “Гахай”, ахиц дэвшил гаргасан газруудад “Смайл” наалт нааж эхэлсэн.

Болзолт уралдааны хугацаанд ажлын хэсгүүд давхардсан тоогоор 73033 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаж, 9.6 тэрбум төгрөгийн тохижилтын ажил, 144.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга, 23.4 га талбайд ногоон байгууламж хийлгэсэн.

Нийт 2186 аж ахуйн нэгжийн тохижилтыг үнэлж “Смайл”, 1368 байгууллагад “гахай” наалт наасан юм. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 16 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар, 1 байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоогоод байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага оврын трактор хүүгүй зээлээр олгож байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгож байна.

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм.

Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу 1 сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл 4 саяыг дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хувааж өгөх боломжтой боллоо. Харин хадуур,тармуур болон анжисыг нийтэд нь 1,5 сая төгрөг төлөөд авах боломжтой юм.

Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахыг хүсвэл өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт мөн урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авчирч өгөөд техникээ авч болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хуурай цементийн үйлдвэр нээгдлээ

Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны хуурай аргын цементийн үйлдвэр Дорноговь аймагт ашиглалтад орлоо. Энэхүү үйлдвэрийг Монполимет групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Сэнж сант ХХК бүтээн босгожээ.

Үйлдвэрийг нээх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Өргөн сумын Засаг дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хоёр жилийн өмнө энэ талбайд ирэхэд зэлүүд хоосон газар байсан. Богино хугацаанд энэ том үйлдвэрийг яаж барьж байгуулах юм бол доо гэж эргалзэж байлаа. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Засгийн газар баялаг бүтээгчидтэй хамтарч ажиллавал ямар том үр дүнд хүрдгийг өнөөдрийн бүтээн байгуулалт харууллаа. Монгол Улсын Засгийн газар энэ бүтээн байгуулалтын нийт санхүүжилтийн дөрөвний нэгийг гаргасан. Дэлхийн чанар, стандартыг хангасан монгол цемент бий болж байгаа нь бахархал” хэмээн бүтээн байгуулсан хүмүүст талархал илэрхийллээ.

Монцемент төслийн хүрээнд эх орныхоо хөрсөн дээр Европын стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны ЭКО цементийн үйлдвэр байгуулсан нь энэ. Мөн энэ төслийн хүрээнд шинээр 1000 орчим айлын орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч, Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хоолны фестиваль болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой.

“UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болно. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах юм.

Уг үйл ажиллагааг “М Си Эс Проперти” ХХК, “M Си Эс Эстэйтс” ХХК, “Монголиан Гүрмэ энд Катеринг” ХХК, “Green Gold”, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал Жуулчлалын газар, Монголын Тогооч нарын Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

Сурагчдын аминд хүрсэн этгээдүүдийг цаазлана

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийн багш сурагчдыг 48 цаг барьцаалсан билээ. Сургуульд 50 багш болон 589 хүүхэд байжээ. Хэт даврагчид хүүхдүүд болон багшаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй бол шууд буудаж байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн билээ. Тэднийг гарт 141 хүүхэд харамсалтайгаар амиа алдсан.

Талибанчууд сургуульд халдлага үйлдсэн шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал авсантай холбон тайлбарласан юм. Цагдаа нар сургууль барьцаалсан хэт даврагчдын зургааг нь амьдаар нь баривчилсан бөгөөд тэдэнд цаазаар авах ял оноосон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. “Тэднийг олны өмнө цаазлах болно” гэж Пешавар мужийн захирагч Хамир аль Нухан мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дараа олон мянган Пакистанчууд харамсалтайгаар хорвоог орхисон хүүхдүүдийг дурсаж, нэг минут дуугаа хураан зогссон байна. Ерөнхийлөгч Ашраф Гани твиттертээ “Та бүхнийг бид мартахгүй” гэж жиргэжээ.

Categories
мэдээ спорт

Г.Отгонжаргал өнөөдөр зодоглоно

Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын ДАШТ Бразил улсын Сальвадор-да-Бахиа хотноо үргэлжилж байна. Дэлхийн 52 орны 400 гаруй бөх хүч үзэж буй энэхүү тэмцээнд Монгол Улсын зургаан бөх барилдана.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жингийн барилдаан болж, 51 кг-ын жинд Б.Мөнхтуяа барилдаж, 11 дүгээр байрт бичигджээ. Өнөөдөр эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг-ын жингийн барилдаан болно. 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал хүч үзнэ.

Монгол Улсын тамирчдын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хүчит чулуут” компанийн захирал Б.Батзаяа ажиллаж, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан нарын удирдлагад дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй бөх энэ тэмцээнд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэжээ

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард 125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750 мянган м2 талбайг цэвэрлэж,зэрлэг ургамлыг нь устгалаа.

Нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, 3 дугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын 2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.

Нийт 18000 урт метр ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөнд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.