Categories
мэдээ нийгэм

Их тойруугийн замыг нээлээ

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор Их тойруугийн замыг өчигдөр 23.00 цагаас эхлэн хаасан. Тэгвэл уг замыг өнөөдөр өглөө 06.00 цагт нээсэн байна. Мөн Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн эцэс орох замд эрчим хүч дэд бүтэц төслийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж руу татаж байгаа бохирын шугамын ажлыг мөн энэ цагт хийж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэж оюутнууд маргааш жагсана гэв

Энэ жил их дээд сургуулийн төлбөр дунджаар 15-аас 40 хувиар нэмэгдсэн. Тэгвэл оюутнууд “Сургуулийн сургалтын орчин, хичээлийн хөтөлбөр, багш нарын заах арга барилд ямар ч өөрчлөлт гардаггүй байж жил бүр төлбөр нэмэгдэх нь шударга бус” хэмээн үзэж маргааш буюу энэ сарын 17-нд жагсахаар болжээ. Энэхүү тайван жагсаалын үеэр сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд тодорхой үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх болно гэдгээ хэлж байна. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхэд дэлхийн ур чадварын тэмцээнд түрүүлжээ

“Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх” гэсэн уриатай Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна. Тэмцээд 60 орны 1200 тамирчин оролцож эзэмшсэн мэргэжлээрээ ур чадвараа сорьж буй. Уг тэмцээний үеэр олон нийтэд мэргэжлийг сурталчлах чиглэлээр шоу үзүүлбэр хийдэг. Энэхүү шоу үзүүлбэрт Монголын оролцогч Х.Лхагвагийн оролцсон орон орны оролцогчдоос бүрдсэн багийнхан тэргүүлж “Багийн алт” медаль авчээ.

Мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтэд түгээх, улс орны эдийн засгийн өсөлтөд ур чадвар чухал нөлөөтэйг тунхаглах зорилготой “Дэлхийн ур чадварын тэмцээн” өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд ээлтэй зуслангууд тодорлоо

Өчигдөр “Хүүхдийн зуслангийн хаалт”-ын ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулсан юм. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 6 байгууллагын хоёр удаагийн мониторинг, хүүхдүүдийн зуслангийн талаарх сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн дээрх зусланг тодруулжээ. Хүүхдэд ээлтэй зуслангаар Нарлаг, Нарс, Ундраа гэсэн 3 зуслан шалгарсныг зарлалаа. Хүүхдийн зуслан энэ сарын 20 хүртэл ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын лиценз хүссэн 1094 өргөдлийг шийдвэрлэжээ

Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор Монгол орны нийт газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:

Өргөдлөөр 13.4 хувь буюу 20.9 сая га

Сонгон шалгаруулалтаар 6.5 хувь буюу 10.2 сая га-д хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох юм.

2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр нийтдээ 2235 дугаарыг олгосноос дугаар авсан 1141 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй гэнэ. Тиймээс дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн талаар Уул уурхайн яам мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэв

Тавдугаар сард 1888 төгрөг болж хямдарч байсан долларын ханш зургадугаар сараас бага багаар өссөөн өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд нэг ам.долларыг 2000 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1995 төгрөг байна. Гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан нь долларын ханш өсөх болсон гол шалтгаан юм. Хэдийгээр өнгөрсөн хавар УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч Монгол руу орж ирэх долларын урсгал нэмэгдэхгүй байна. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталж, эхний ээлжид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татна гэж байсан ч энэ ажил ямар шатандаа яваа талаар тодорхой мэдээлэл алга байна. Цаашид долларын ханш улам өснө хэмээн эдийн засагчид таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Чех улсад Монголын соёлын өдрүүд болж байна

Чехэд сурдаг монгол оюутнууд хамтран Монголын соёлын өдрүүдийг Прага хотод зохион байгуулж байна. Тус улсад соёл урлагийн чиглэлээр 50 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд олонх нь бүжигчин, соёл судлал, дуучны чиглэлээр суралцдаг.

Энэ үеэр үндэсний урлагаа сурталчилсан тайлан тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Өчигдөр уртын дууны тоглолт сонирхуулсан бол өнөөдөр монгол ардын бүжгийг сонирхуулах юм. Харин сүүлчийн өдөр Монголын үе үеийн шилдэг эстрад дууг дуулж бэлэг барих юм байна

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт газар хөдөлжээ

Уржигдар 12 цаг 51 минутын үед Дорноговь
аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар
хөдлөлт болсон байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газарт ООГФСХ-с
цахим шуудангаар мэдээлэл иржээ. Газар
хөдлөлтийн улмаас тухайн бүс нутагт ямар нэгэн хохирол учраагүй гэж сумын Засаг
даргын тамгын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эквадорт галт уул дэлбэрчээ

Эквадор улсын нутаг дэвсгэрт байрладаг Котопакси галт уул дэлбэрчээ. Галт уулын тогооноос таван км өндөр утаа суунаглаж байна. Галт уул дөрвөн удаа дэлбэрсэн ч, дэлбэрэлт гадагшаа хальж гараагүй тогоон дотроо болсон гэжээ. Үүний дараа Котопакси галт уул халуун үнс нурмаа цацаж төв замууд, айлын байшин барилгууд, автомашинууд үнсэнд дарагдсан байна. Холбогдох хүмүүс галт уулын ойр орчим дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаажээ. Мөн ууланд авирагчид, аялагч жуулчдын хөл хөдөлгөөнийг хорьжээ. Котопакси галт уул Андын нуруунд оршдог, дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулнуудын нэгд тооцогддог, 5,987 метр өндөр цаст уул юм. Эквадорын нийслэл Кито хотоос ердөө 50 км зайд байдаг галт уул 1877 онд асар хүчтэй дэлбэрч байсан байна. Харин энэ оны дөрөвдүгээр сараас идэвхжиж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мопедтой осолд орж, нас барах тохиолдол нэмэгджээ

Энэ сарын 12-ны өдрийн 19.08 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 хороо, Энхтайваны өргөн чөлөө, Замын цагдаагийн тасгийн байрны хойд замд амины Toyota Sprinter маркын автомашины жолооч Л нь амины улсын дугааргүй /0000/ “П” жолоочтой Мопедтой мөргөлдөж, мопедны жолооч /23н.эр/ гэмтсэн байна. Түүнчлэн, энэ сарын 13-ны өдрийн 13.50 цагийн үед Баянгол дүүргийн 12 хороо, Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзварт амины “Hyundai Sonata-5” маркын автомашины жолооч Г нь улсын дугааргүй С жолоочтой мопедтой мөргөлдөж мопедны жолооч 22 настай эрэгтэй С нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн энэ сарын 12-ны 20.10 цагийн үед Ховд аймгийн Мянгат сум Чацарганат багийн нутаг Цахирын худаг гэх гэх газарт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын мотоцикль онхолдож, 40 настай эрэгтэй жолооч Ч нас барсан хэргүүдийг шалгаж байгаа аж. Иймд мотоцикл, мопед, дугуйг унахдаа хамгаалах малгай өмсөх, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, хэрэгжүүлэх, хурд хэтрүүлэхгүй байх, улсын дугаар, бичиг баримтын ямар нэгэн зөрчил дутагдалгүй хөдөлгөөнд нь оролцох нь чухал гэдгийг сануулж байна.