Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн шүүх хурал хойшиллоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах
зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор
төвлөгдсөн байсан.

Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх
хурал давхацсан шалтгаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд
ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд оролцоогүй учир шүүх хурлыг 14 хоногоор
хойшлуулсан байна.

Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж,
АТГ-аас өнгөрсөн оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн
оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа
юм.

Categories
мэдээ нийгэм

Автобус машин мөргөж, зорчигчид хүнд гэмтжээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,
Буянт-Ухаа 1 хорооллын авто замын зорчих хэсэгт автобус суудлын
автомашинтай мөргөлдөж осол гарчээ.

Дуудлагын дагуу ослын газар Аврах ангийн 7
албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Hyundai загварын дунд
оврын автобус Hyundai Verna загварын суудлын автомашин, Toyota Prius 20
загварын суудлын автомашинуудыг мөргөж, Х /40 настай эрэгтэй/, Я/39
настай, эмэгтэй/ нар хүнд бэртсэн байсныг НТТТ-ийн эмчид хүлээлгэн
өгсөн байна.

Мөн автобусанд зорчиж явсан 21 хүүхдэд
эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, хүнд гэмтсэн Э /12 настай, эмэгтэй/,
хөнгөн гэмтсэн Г /12 настай, эрэгтэй/, С /2 настай, эрэгтэй/ нарыг
ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж
байна.

Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа нар хүрэл медаль зүүлээ

Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын 7 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Улаанцав хотод энэ сарын 7-13-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд манай найман тамирчин
оролцсоноос 51 кг-д тулалдсан ОУХМ М.Нандинцэцэг, 54 кг-д хүч үзсэн ОУХМ
М.Гүндэгмаа нар хүрэл медаль зүүлээ. Манай улсын багийн ахлагч МБХ-ны
менежер ОУХМ Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч
МУГД, МУАБ Д.Банди, Үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ
Б.Энхтайван, Дасгалжуулагч СМ М.Буянжаргал нараар удирдуулж, ОУХМ
Т.Болортуул, ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ М.Гүндэгмаа, ОУХМ О.Сувд-Эрдэнэ,
СМ Н.Баянцэцэг, СМ У.Шинэцэцэг, СМ Э.Эрдэнэтуяа нар ААШТ-д өрсөлдсөн.

Тэмцээнд 27 орны 156 боксчин 10 жинд
өрсөлдсөнөөс БНХАУ зургаан алт, Тайланд хоёр алт, БНСУ нэг алт,
Казахстан нэг алтан медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ
авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр
долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг
бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах
эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр
зохицуулалтыг дараахь байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.

1. 2015 оны 08 дугаар сарын 22, 23, 29, 30-ны Бямба, Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000
цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор
(0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд,
сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23,
30-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар хязгаарлалт зохицуулалтын арга
хэмжээ авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг, Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын алба , Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын
цагдаагийн газарт.

2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний
болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа,
дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын
шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий
хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон
гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа
тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын
хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион
байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн
газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

3. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны
өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт
хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан
сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн
цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц,
гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг
Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
Замын цагдаагийн газар т, нийслэлийн Боловсролын газарт

4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын
бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг
оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар,
агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын
даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга
хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын
Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын
ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг
төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч өнөөдөр хориг тавина

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Энэ удаагийн
Өршөөлийн хууль залилангийн болон албан тушаалаа урвуулан ашиглаж улсын
мөнгийг үрэн таран хийсэн, авлига авсан хэргээр шалгагдаж, сэжиглэгдэж,
ял эдэлж байгаа хүмүүсийг хамруулж байгаагаараа онцлогтой. Ерөнхийлөгч
залилан, албан тушаалаа хууль бусаар ашигласан хэргийг өршөөж байгааг
эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн
хуульд зүйл ангиар нь зүйчилж хориг тавих аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулахад:

-Өршөөлийн хуульд хориг тавихаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа мэдээлэл өгнө гэсэн юм.

Ямартай ч Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч өнөөдөр хориг тавьж, үдээс хойш УИХ-д өргөн барих бололтой.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Хөвсгөл аймагт тарваган тахлын сэжигтэй
тохиолдол илэрчээ. Тус аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын
голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/
иргэн Д /16 настай, эрэгтэй/ энэ сарын 10-ны өдөр нохойд хазуулсан
тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан
байдалтайгаар 14-ний өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаа аж.

Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай тав, 2 дугаар
хавьталттай хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийгдэж ба хариу 72
цагийн дараа гарах юм.

Голомтонд найман хүний бүрэлдэхүүнтэй
хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн хоёр ээлжээр, 10 автомашин,
аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, 1 автомашин, Зооноз
өвчин судлалын төвийн найман эмч, Цагдаагийн газраас дөрвөн албан хаагч
нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан
тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224
жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50
жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг цахилгаан, дулаанаар
найдвартай хангахад мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус
байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр
үнэлж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн очиж
гардуулж өгөв. Тус аймгийн “Залуучууд” театрт болсон хүндэтгэлийн
хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ
“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, дарханчууд аа,

Дарханы дулааны цахилгаан станц
байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч
зарлиг гаргаж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг
гардуулах түүхэн завшаан тохиолдсонд их баярлаж байна. Юуны өмнө
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ДЦС-ын үе үеийн
ажилчин, ажилтнууд, одоо ажиллаж байгаа бүх хүмүүс, тэдний гэр бүл, ойр
дотнын бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж хамгийн сайн
сайхныг хүсэн ерөөе.

Би одоогоос 22 жилийн өмнө, 1993 оны
дөрөвдүгээр сарын сүүлээр П.Очирбат Ерөнхийлөгчийг ДЦС-ын ажил
байдалтай танилцах үеэр дагалдан ирж байсан. Тухайн үед Дарханы ДЦС
хүнд байдалд орсон, хэзээ зогсох бол гэхээр нөхцөлд байсан. Тухайн үед
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр энэ станцад ажиллаж байсан Равдангийн
Батаа ажиллаж байлаа.

Тэр үед ХБНГУ нь Монгол Улсын зах
зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг дэмжсэн Европын хамгийн том
эдийн засагтай орон байсан. Ингээд ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээл
тусламжаар Дарханы ДЦС-ыг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн юм.

Өнөөдөр би Улаанбаатараас эртлэн гарч
ДЦС-аар орлоо. Үнэхээр өнгө зассан, огт өөр байгууллага болсон байна.
Гэрэл гэгээтэй сайн зүйлийг харахад сайхан байдаг. Станцын байдалтай
сая танилцаж явахад олон зүйл харлаа. Хоёр зүйл сэтгэл их хөдөлгөлөө.

Нэгдүгээрт, О.Нямдаваа захиралтай танай
хамт олны хүчин зүтгэлээр 1986 оны хүчин чадлаасаа давсан хүчин чадлаар
одоо ажиллаж байна. Энэ бол үнэхээр том амжилт, том үзүүлэлт юм. Үүнд
маш их баярлалаа гэж хэлье. Хоёрдугаарт, ISO 9001 гэсэн нийгмийн
хариуцлагатай олон улсын стандарт, дэлхийн жишигт хүрсэн компани, хамт
олон болсон байна. Олон улсын жишигт нийцсэн ийм үнэлэмж авсан та
бүхэнд баярлаж байна.

Өнөөдөр гардуулсан Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон бол энд ажиллаж байсан болон өнөөдөр ажиллаж байгаа
хүмүүст очиж байгаа шагнал гэж ойлгох хэрэгтэй. Мөн цаашид хийх ажлын
урьдчилгаа гэж хүлээж авахыг хүсч байна. Шинэ амжилт тогтоосон та
бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Аливаа ой бол өнгөрснөө дүгнэх, цаашид
хийх ажлаа бодох том агшин байдаг. Энэ боломжийг ашиглаад
дарханчууддаа, Дарханы ДЦС-ын хамт олондоо хандаж энд ажиллаж амьдарч
байгаа бүх хүнд хамааралтай хэдэн зүйл хэлэхийг хүсч байна.

Эрчим хүчний салбар, эрчим хүч гэдэг бол
аливаа улс орны эдийн засгийн мотор нь байдаг. Моторгүй машин
явдаггүй. Хүний зүрхтэй адилхан. Дарханы ДЦС өнгөрсөн хагас зуун жилд
Монгол орныхоо төвийн бүсийг эрчим хүчээр найдвартай хангах үүргийг
гүйцэтгэж ирсэн. Одоо ч гүйцэтгэж байгаа. Энэ жил Улаанбаатарт гарсан
аваарийн үеэр эрчим хүчний том хэлбэлзэл гарахад Дарханы ДЦС-ын хамт
олон аварч гарсан, их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү.

Өнгөрсөн 25 жилд Монгол Улс зах зээлийн
эдийн засаг руу шилжих шилжилтийн үе байсан. Одоо ирэх 25 жилд Монгол
Улс эрчтэй хөгжих, дэлхийн хөгжилтэй нийцсэн хөгжил рүү алхах агшин
дээр ирээд байна. Үүнтэй холбогдуулж нийт дарханчууд, Дарханы ДЦС-ын
хамт олонд хэдэн зүйлийг хандаж хэлэх гэсэн юм.

Дархан хот бол найрамдлын хот,
интернациональч хот гэдгээрээ алдартай. Соёл, боловсрол хөгжсөн хот.
Цаашид ч улс орны хөгжилд үлгэрлэн дагуулах ажлууд их байна. Эрчим хүч,
дулаан бол үнэхээрийн их хэрэгтэй. Цаашид дэлхий даяар эрчим хүчийг
хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байгальд ээлтэй хөгжлийн
асуудал гарч ирж байна. Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн орон болохын
тулд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт ч юм уу, нэг газраас эхлэх ёстой. Би
үүнийг Дархан хотоос эхлэх боломжтой гэж үзэж байна. Та бүхэн дулаан,
цахилгаан, ус хэмнэх тал дээр онцгой анхаарч үлгэр дуурайлал үзүүлээч
ээ. Та бүхэн сайн үлгэр үзүүлэхээс гадна та нарын үйлдвэрлэж, хангаж
байгаа уур ус, эрчим хүчийг ариг гамтай хэрэглэх талаар үлгэр дуурайлал
үзүүлмээр байгаа юм. Судалгаанаас харахад монголчууд гаргасан
дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, тааз, шал, дээвэр гэсэн 5 газраар
алддаг. Тэгэхээр та нар нэгдүгээрт, үйлдвэрлэж байгаа уур ус, эрчим
хүчээ ариг гамтай хэрэглэх талаар үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, үүнд хамааралгүй хүмүүс гэж байхгүй. Дарханд ирэх бүрт нэг
шинэ зүйл нэмэгдсэн байдаг нь сайхан байдаг. Дарханы оршин суугч бүхэн
одооноос дулааны алдагдал багатай зүйлээр байшин барилга, гэр орноо
дулаалдаг болох юм бол эрчим хүчээ хэмнэнэ. Мөнгө хэмнэнэ. Энэ хэмнэсэн
мөнгөө өөр зүйлд зарцуулж болно.

Дарханд машин их болсон байна. Дархан
бол эвсэг цөөн хүн амтай, эрүүл агаартай хот учраас машинаар уралдах
биш, дугуйгаар уралдах хэрэгтэй. Хотын захиргааныхан ч анхаараад авто
замын хажуугаар дугуйн зам тавих хэрэгтэй.

Улс орны сайн сайхан ирээдүй өмнө маань
байгаа. Монгол Улс эрчимтэй хөгжих зам дээр ирсэн. Дулаан,
цахилгаангүйгээр улс орон хөгжихгүй. Олон олон шинэ үлгэр дуурайлал
үзүүлэхийг та бүхэнд хүсэн ерөөгөөд танай хамт олон, энд ажиллаж байсан
үе үеийн ахмадууд, бүх хүмүүст баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал,
хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Дархан хотод дулааны цахилгаан станц
барих шийдвэрийг 1961 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гаргаж 1965 оны
аравдугаар сард 48 мВт хүчин чадалтай станцын нээлтийг хийж байжээ.
Өдгөө энэ байгууллага жилд Монголын эрчим хүчний системд 200 сая кВт
цаг цахилгаан, эрчим хүч, Дархан хотдоо 500 мянга орчим Гкал дулаан
түгээж байгаа юм байна.

Тус станцынхан байгууллагынхаа
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг станцын гол зүрх болсон
Цахилгаан цехэд 72 цаг хүндэтгэн байрлуулаад үүний дараа хүндэтгэлийн
хоргонд залахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл 25-нд эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын
25-28-ны өдрүүдэд явуулахаар болсон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй.
Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ,
эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм. Мөн цэцэрлэгийн эрхлэгч,
багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Хандив
нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй
хүүхдийг авахгүй. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэлээ.

Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн
Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Харин хүүхдийн
шээс, цагаан хорхойны шинжилгээг наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн
дүүргийн амбулаторийн эмнэлгүүдэд авах юм байна. Ингэхдээ тухайн
цэцэрлэгийн зүгээс зөвхөн улсын эмнэлэгт шинжилгээ өгнө гэсэн шийдвэрийг
гаргаагүй бол салбарын сайд, нийслэлийн Боловсролын газраас эмнэлэг
ялган шийдсэн журам, тушаал гаргаагүй тухай мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны бүртгэл 28-наас эхэлнэ

Ихэнх их, дээд сургуулийн дотуур байрны бүртгэл 28-наас эхлэхээр
болжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон сургуулиудын
дотуур байрны бүртгэл энэ өдөр эхэлж гурав хоног үргэлжлэх юм байна.
Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл
эхэлсний дараа эхлэхээр болжээ.

БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн томилолт
  • 4 хувь цээж зураг
  • Төлбөр төлсөн баримт
  • Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.

ШУТИС-ийн хувьд л гэхэд энэ жил эрүүл мэндийн шинжилгээг заавал
урьдчилж эмнэлэгт өгсөн байх шаардлагыг тавихаа больжээ. Оюутнууд
бүртгүүлэхээр дотуур байранд ирэхдээ шинжилгээ өгч болохоор зохицуулсан
байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 43 дотуур байр байдаг аж.

Categories
мэдээ цаг-үе

Галт зэвсэг, сумыг импортлох, худалдах байгууллагыг сонгон шалгаруулна

Ээлжит бус чуулганы хуралдааны хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг, Б.Наранхүү, Ш.Түвдэндорж нарын өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Сүүлийн жилүүдэд галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй гэмт хэргийн тоо ихэсч, хууль бусаар галт зэвсэг хилээр оруулах явдал нэмэгдсэн тул уг хуулийг шинэчлэн батлахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм билээ. Түүнчлэн энэ онд манай оронд олон улсын буудлагын тэмцээн болох тул тэмцээнд оролцогчдын галт зэвсэг, сумыг улсын хилээр оруулах асуудлыг шийдэх үүднээс ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг оруулсан болохыг хууль санаачлагчид тайлбарлаж байсан.

Манай улсад галт зэвсэг хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь тодорхой бус, хариуцлагын хэмжээ сул байдаг тул галт зэвсгийг зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэсэн төрлүүдээр уг хуульд зохицуулан өгчээ. Ингэхдээ иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Иргэний галт зэвсэг гэдэгт ан агнах, спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг хамаарах аж. Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар эсвэл ээлжээр буудах боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байхаар тусгажээ. Гэхдээ сум нь зүрхэвчгүй байх ёстой гэнэ. Мөн спорт-сургалтын чиглэлээр ашиглах галт зэвсгийн сумны хошуу мөн л зүрхэвчгүй байхаар туссан байна.

Харин харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу хамгаалалтын алба, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэж нэрлэж байгаа юм билээ. Уг галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байх гэнэ. Хууль сахиулагчийн болон байлдааны зориулалттай галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулахаар болжээ.

Уг хуульд 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүн галт зэвсэг өмчилж болох юм байна. Мөн дээрх шаардлагыг хангаснаас гадна байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр зөвхөн албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд галт зэвсгийг эзэмшүүлэхээр тусгажээ. Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших журмыг Хууль зүйн сайд батлахаар болжээ.

Харин иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулах бөгөөд сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн байна.

Галт зэвсгийг ямар хүмүүс ашиглаж болох талаар өгүүлье. Мэдээж галт зэвсгийг ашиглах этгээд нь Монгол Улсын иргэн байх шаардлагатай. Хуулийн этгээдийн өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Гэхдээ иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ өөрийн амийг бусдын зэвсэгт халдлага, амь бие, эд хөрөнгийг зэрлэг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болохоор хуульд тусгасан аж.

Галт зэвсгээ бүртгүүлэх иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой юм байна. Эхний ээлжинд галт зэвсэг худалдан авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын 10 хоногийн дотор байнга оршин суугаа газрынхаа цагдаагийнхаа байгууллагад бүртгүүлнэ. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрынхаа Засаг даргын тодорхойлолт, гурван хувь цээж зураг, галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмчлөх галт зэвсгийнхээ сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт, галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан гэрчилгээ, ямар нэгэн өвчин, согоггүй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолт хуудас авч ирэх шаардлагатай юм байна. Галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар хот болон суурин газар ашиглахыг хориглох гэнэ. Өмнө нь галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэж байсан хүн галт зэвсэг ашиглах эрхгүй байхаар хуульд заасан байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах асуудлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хийхээр болжээ. Ингэхдээ хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зөвшөөрөл олгох аж. Галт зэвсгийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл зургаан жил байх ч тусгай зөвшөөрлийг сунгаж болно гэжээ. Галт зэвсэг, сум худалдаж авч байгаа бол тухайн иргэн хуулийн этгээд борлуулагчаас галт зэвсэг худалдан авч буй хүсэлтийг цагдаагийн байгууллагад бичгээр гаргана. Харин цагдаагийн төв байгууллага хүсэлт хүлээн авснаас хойш ажлын тав хоногт иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн олгох юм. Харин галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэхээр болсон бол худалдсан, өвлүүлсэн, бэлэглэсэн тухайгаа ажлын 10 хоногт багтаан цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулах юм байна. Түүнчлэн галт зэвсэг эзэмшихгүй гээд иргэн, хуулийн этгээд өөрийн сайн дураар галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлж болох гэнэ.

Галт зэвсгийн тухай хуульд галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулэх эрхтэй. Гэсэн ч гурван жилийн дотор хэн нэгэнд худалдан борлуулахыг хуулиар хоригложээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох юм.

Хот, суурин газарт, эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, замгийг цоожилж, сумыг тусад нь байлгах ёстой бөгөөд зориулалтын сав хайрцагт аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх юм байна. Ингэхдээ мэдээж галт зэвсгийн үнэмлэхийг давхар авч явах шаардлагатай.

Өвчин, согогтой хүн галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон, хуулиар хориглосон иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон, эрэн сурвалжилж байгаа галт зэвсэг бол, гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан, галт зэвсгийн үйлдвэрийн хийцийг өөрчилсөн, хууль бусаар ашигласан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан галт зэвсэг сумыг хурааж, ажлын тав хоногийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ. Түүнчлэн галт зэвсэг эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан бол галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хураах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэжээ.

Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хуулиар ял оногдуулахгүй бол зөрчлийн шинж, чанараас хамаарч цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан иргэнийг 40.0-200 мянган төгрөгөөр торгох, галт зэвсгийг хураах юм байна. Мөн хуулийн этгээдийг 150.0-1 сая төгрөгөөр торгох, галт зэвсгийг хураах, албан тушаалтныг 80.0-200 мянган төгрөгөөр торгох, галт зэвсэг борлуулагчийг 40.0-80 мянган төгрөгөөр торгохыг эрх бүхий ажилтан зохион байгуулж шийтгэл ногдуулах ажээ.

Э.ЭНХ