Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг авч эхэлнэ

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын 24 буюу ирэх даваа гаригаас эхлэн Ашигт малтмалын газарт хүлээн авна.

Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Тиймээс ирэх даваа гаригаас цахимаар дугаар олгож эхлэх аж.

Ашигт малтмалын газарт Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ бүртгүүлсэн нийт 1138 аж ахуйн нэгж байгаагаас 873 нь VPN төхөөрөмж авч, цахим дугаар олголтод оролцох эртэй болжээ.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 1076 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 50 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг

“Паанан”, “Соёо” зэрэг туужуудаараа нэгэн үеийн уншигчдыг байлдан дагуулсан МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдтой уулзаж хөөрөлдлөө.

-Та нэг л нам гүм суугаад байх шиг. Энд тэнд болж байгаа хурал цуглаан уулзалт үдэшлэг, номын нээлт зэрэгт харагдахгүй юм?

-Хэрэндээ яваад л байгаа шүү дээ. Н.Банзрагч гуайн “Зам” романы нээлтэд очсон. П.Батхуягийн номын баярт очсон. Номын үзэсгэлэн худалдаанд оролцсон, Өгий нуурын хөвөөнөө болсон яруу найргийн наадам үзсэн. Гэхдээ залуудаа их нийтэч байсан хүн нас ахиад ирэхээр зожиг болдог бололтой юм. Хэтрүүлсний гор байх л даа. Залуудаа жаахан зожигдуу байсан бол өнөөдөр гүймхий болчихсон дэгдэж байж мэдэх л юм.

-Нас ахиад намба суух нь тэр үү?

-Үгүй юм байна. Хүн нас ахиад намба суудаг бол надад тийм өм алга. Улам л хөнгөрөөд хүнээс өрсөөд ярьж ч байх шиг, хүүхэд шиг зан гаргаад ч байх шиг эвгүй гэдгийг нь мэдсээр л хэрнээ ийм нэг зангаа засаж залруулж чадахгүй юм. Үүндээ их шаналдаг. Үг гэдэг тархи сэтгэлд хэдий чинээ олон эргэж хөрвөнөв төдий чинээ амт шимттэй болдог гэдгийг уг нь ойлгоод байх шиг байгаа юм, харин яг тухайн мөчид тэр үнэт эрдэнийг тархи сэтгэлдээ тэгж олон эргүүлж хоргоож чадалгүй чинагш алддаг миний гол дутагдал.

-Үгүй байх аа, та харин ч их өмчилдөг юм шиг санагддаг шүү. Аль хавар л өгүүллэгийн чинь номын сураг гараад байсан өнөө болтол уншигчдын гар дээр очсонгүй.

-Бэл дутаад гаргаж чадахгүй байна л даа.

-Ивээн тэтгэгч олдохгүй байгаа юм уу?

-Үгүй ээ тэр утгаар биш. Ном хэвлүүлчих дайны хөрөнгө мөнгийг хэдэн дүү нар маань ч эвлүүлж дэвлүүлээд гаргаад өгчихнө л дөө. Миний өөрийн сэтгэлийн бэл дутаад болохгүй байна. Өгүүллэгүүд маань яг дангаараа ном болж гарах бойжилт нь дутуу юм шиг санагдаад л.

-Цөөдөж байна гэсэн үг үү?

– Тооны хувьд ч боломжийн л доо. Би өмнө нь яг ингэж төрөлжүүлж гаргаж үзээгүй юм. Хэд хэдэн өгүүллэг нэг туужтай тэгнээд гаргачихдаг байж л дээ. Гэтэл дан өгүүллэг гаргана гэдэг чинь огт өөр юм байна. Одоо ер нь болж байгаа байх гэсэн шүү юм бодоод хэд хоног дарж байгаад үзэхээр исэлт нь дутуу оргиод хэвлүүлж чадахгүй удчихлаа.

-Та чинь өгүүллэгүүдээ арай тав арван жилээр хорьж шийтгэх гээгүй биз дээ?

-Арай тэгж удахгүй байх аа.

-Ер нь таныг утга зохиол руу юу хөтөлсөн гэж боддог вэ. Ижий ааваасаа өвлөсөн удам байна уу, уран зохиолын багш уу, нутаг усны өнгө үзэмж үү?

-Шунал. Би ер нь хэмжээ хязгаараа мэдэхгүй шуналтай хүн шиг байгаа юм. Хэрэв би уурхайчин болсон бол Тавантолгойг ч юм уу, Оюутолгойг гав ганцаараа хүрздээд Хятад руу хил давуулаад чулуудчих дайны шуналтан байсан байх. Бурхан түүнийг мэдээд үгийн эрэлд явуулчихсан бололтой юм билээ. Тэгээд магадгүй хэзээ ч олж чадахгүй үгээ энд л байж магадгүй гэж эрж бэдэрч явах одонд оногдчихсон бололтой. (инээв)

-Гэхдээ таны аав тань сэтгүүлч байхаа?

-Үгүй ээ, аав минь малын эмч. Харин идэвхтэн бичигч. Дээр үеийн төвийн хэдэн сонинд найруулал, тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага их бичдэг байсан. Харамсалтай нь бид тэр хайчилбаруудыг нь ариглаж чадаагүй ухаан дутсан даа.

-Та ер нь хэдийнээс бичиж эхэлсэн юм бэ?

-Нэгдүгээр ангид ороод л, А, Б гээд бичээд эхэлсэн л дээ.

-Цаашлуулаад л…

-Аравтай байсан юм уу, арван нэгтэй байсан юм уу “Говийн мэдээ” сонинд анхны мэдээ минь гарч шагналд нь гурван төгрөг далан зургаан мөнгө авсан юм. Түүнийхээ хоёр төгрөгөөр ангийнхаа Шинэхүү, Батантулга, Батжаргал, Зоригт дөрвийг дагуулан сумын дэлгүүрээс молоко авч хувааж сороод л юм бичихийн амтанд орсон л доо. Яг үнэндээ молокогоор тасрахгүй байх санаа л буйллаад ийш нь хөтөлчихсөн байх. “Говийн мэдээ” сониныхоо буянаар олон шинэ танилтай болж заримтай нь нэлээн зузаан нөхөрлөсөн л дөө. Тереска, шпрот гээд л тэр үедээ л тансаг идээтэй нөхөрлөсөн.

-Яваандаа шүлэг яруу найраг руу орсон байлгүй. Таныг Б.Лхагвасүрэн гуай шүлгээр жирэмслээд туужаар төрлөө гэж хэлсэн гэдэг байхаа.

-Дөрөвдүгээр ангид байхдаа анхныхаа шүлгийг бичсэн.

“Үй түмэн тэмээтэй Өндөр өндөр байшинтай

Өмнөговь сайхан аймаг” гээд л авч өгсөн, гэм нь хэвлэгдээгүй ээ. Говийн мэдээгээс маань миний дүү мэдээгээ л сайн бич гэсэн хариу ирсэн. Зургадугаар ангид орсон цагаасаа ах нарын захиаг харин хангалттай бичсэн. Нөгөө алдарт “Сэсээр улсаас гаралтай

Сэмжин цагаан цаастыг” чинь харин ч нэг үйлдвэрлэсэн дээ. Найм, ес, аравдугаар ангийн охидуудаар чинь өрхний оосор даялуулаад л авч өгнө шүү дээ. Миний бичсэн тэр захидлууд хэн хэнд очдогийг ч мэддэг байсан. Учир нь захидал бүр дурлан шатагч түүнээс дурлалт хонгор түүндээ дурсгаж бичсэн захидлын дугаар ноймор төд гээд дуусдаг байсан л даа.

-Хоёр гурван жилийн дараа өөрөө өөрийнхөө захиаг бичсэн биз?

-Загасчны морь усгүй гэдэг ёстой үнэн үг. Захидалчин хүн өөртөө хоосон төрдөг юм байна лээ.

-Та Эрка эгчээс айдаг юм байна.

-Яаж байна?

-Захидал бичиж байснаа ярихгүй л байгаа биз дээ.

-Бодит үнэн л тэр.

-Эрка эгч Говь-Алтайнх байхаа?

-Тийм. Говь-Алтайн Тонхил сумынх. Тоомойн Очирхүү гуайн нутаг. Нэг багийнхан.

-Чардаг найрагчийн нутгийнх юм байна шүү дээ.

-Тийм.

-За тэгээд оюутан болоод л онгодоор халгиж гарав уу?

-Яг ч бас тэгээгүй ээ. Есдүгээр анги төгссөн зунаа Сүрэнжав найрагчийн барааг нь харах нь байтугай бараг найзалсан. Тэднийх манайх хоёр Толгойтын баруун салаа гэдэг зусланд гарсан юм. Нэг удаа их олон найрагч тэднийд очсон юмдаг. Лав л Явуу гуай харагдсан, бас нэг сахалтай хүн байсан аягүй бол Цэдэндорж гуай байсан байх. Тэд байшинд шүлэг уншилцаад би байшингийнх нь ард чихээ наачихаад сонсож сонсож тэр шөнөө л хорь гаруй шүлэг биччихсэн юм. Ш.Сүрэнжав гуай хүн голдоггүй нэг сайхан дутагдалтай. Ойн цоорхой руу гудас сугавчлаад намайг дагуулаад явна л даа. Тэнд очоод надад шүлгээ уншиж өгнө. Ямар болж вэ гэж асууна. Би гэж дотроо том горьдлого тээчихсэн амьтан өнөөх олон шүлгээ дотуур халаасандаа хийчихсэн хэнгэнэтэл санаа алдаад л суухаас Сүрэнжав гуайд юугаа зөвлөх вэ дээ. Зусангаа тэгж яваад зуслан буухын босгон дээр үзүүлчихлээ. “Би монгол хүн” энэ тэр гэсэн шүлгүүд л байсан юм. Тэгсэн найрагч маань амьд хүн талийгаач хоёр ямар ялгаатай вэ гэж асууж байна. Талийгаач амьсгалахгүй гэлээ. Яг зөв. Чиний энэ шүлгүүдэд амьсгаа алга. Үг бол байна. Даанч амьсгалахгүй байна. Одоо ойлгов уу гэсэн юм. Би ч ерөнхийд нь ойлгосон. Тэгээд оюутан болсон хойноо хичээлийн хоёрдугаар байранд оюутнууд шүлэг зохиол уншдаг утга зохиолын нэгдэл байдаг гэж сонссон ч амьсгаагүй шүлгээсээ ичээд очиж чадалгүй явсаар гуравдугаар курсэд орсон хойноо зориглож очсон л доо. Нөгөө талд арван жилийн ангийнхан маань утга зохиолд их элэгтэй хүүхдүүд байсан. М.Цэдэндорж гуайн эхнэр Лхагважав багш уран зохиол заадаг байсан нь ч нөлөөлсөн байх. Ц.Цэнгэл, М.Гантулга хоёр маань Эрхүүгээс амралтаараа ирэхдээ уншиж байсан номуудаа авчирч өгнө. Куприн, Чехов, Нагибин, Рожденственский, Рэтхүү, Евтушенко, Айтматов, Гамзатов, Есенин, Фет, Распутин нар ирнэ шүү дээ. Тэгээд л гучин мянгатаа бариад тэдэнтэй нойр хоолгүй зууралдчихна. Дээр нь манай ихэнх хичээл орос хэл дээр явна. Анхныхаа лекцээс

“Кристаллография это наука” гэсэн гуравхан үгтэй гарч байсан хүн чинь хагас жилийн дараа юутай ч лекцээ алдалгүй тэмдэглэдэг болсон. Энэ нь нөгөө номуудтай зууралдсаны л ач. Ц.Цэнгэл маань өнөөдөр орчуулсаар л яваа. Хоёр нөхрийн минь нөлөө надад ингэж туссан. Тэр үед наяад оныхон маань ид бойжиж байсан үе л дээ. Утга зохиолын нэгдэл дээр уншигддаг бүтээлүүдийг ёстой нэг онгичдог байсан л даа. Тэгээд л үеийнхэнтэйгээ тачигналдаад л зохиолчдын өргөөний их хаалгаар орж явчихсан.

-Тэр хаалгаар бараг загнаж байгаад орчихсон гэдэг байх аа?

-Тийм ч юм болоогүй ээ. Нэг гомдсон хүүхэд яваад байхгүй юу. Тууж биччихсэн байдаг. Уг нь томчууд ам амандаа боломжийн болж гэлцээд байдаг хэвлэж өгдөггүй. Тэд маань намайг л хайрлаж өрөвдсөндөө тэгдэг байж л дээ. Гэтэл үзэл сурталд таарахгүй юм хийчихсэн яваагаа өнөөх нь ойлгодоггүй. Тэсэлгүй их хурал дээр гомдлоо хэлээд тавьчихгүй хаачихав дээ. Тэр маань ч аз шүргэхэд оносон л доо. Цаг зөөлөрсний л ач. Анхны тэр номыг минь “Соёмбо” хэвлэлийн газар хэвлэж өгсөн л дөө.

-Таныг утга зохиолд хөтөлж оруулсан багш чинь яг хэн юм бэ?

-Ш.Сүрэнжав гуай, Б.Лхагвасүрэн ах хоёрыг нэг үе их дагадаг байсан. Гэхдээ ухаан мөхөстөөд шавь нь болж чадаагүй юм. Хадаг барьж шавь ордог ёс мэдэхгүй зүүлэгтэхгүй юу.

-Онгод гэж яг юу юм бол та энэ талаар боддог уу?

-Бодох нь боддог юм аа. Даанч бодол богинодоод тэр онгод хаанаас хөвөрч ирдгийн учрыг сайн олдоггүй юм. Ер нь бол эрчим байх аа.

-Магадгүй шүү?

-Од гаригс харагдаад байна гэдэг чинь ямар нэг эрчим бидэн рүү ирж байна гэсэн үг мөн биз. Хүний матери руу хийсэн эхний алхмыг энэ эрчим л өгсөн гэж би бодоод байдаг юм. Хүн гэдэг идеал, матери хоёрын цогц шүү дээ. Гэтэл энэ хоёрыгоо салангид авч үзсээр хоёр зуугаад жил болж одоо хэтэрхий эмпирик гэх үү ер нь л материаллаг болчихоод байна л даа. Үүнийг би алдаа л гэж ойлгодог. Дахин сэргэлтийн урлагийг би идеаллаг зүйлсийг материаллаг болгосон алдааны эх гэж боддог. Бид үндсэндээ далан жил материалист философийг цорын ганц үнэн гэж итгэж явсан. 90 онд энэ маань нурангуут үүссэн орон зай руу нь юу чихэж орох гэж зүтгэж байгааг одоо энэ олон лекцчингүүдээс харж байна л даа. Гэхдээ энэ хөөс олон жил наслахгүй. Нүүдэлчдийн олон мянган жил тээж ирсэн жинхэнэ идеал цухалзаж эхэлж байна. Социализмын хүнд жилүүдэд энэ холбоог зохиолчид таслалгүй үргэлжлүүлж ирсэн юм болов уу гэж боддог. Түүнийгээ л онгод гэж нэрлэсэн байх гэж таадаг. Тархи сэтгэлээс ундарч байгаа их эрчмийг гар гүйцэж бичиж чаддаггүй үе байдаг шүү дээ. Хэн түүнийг бидэнд тийм их хурдтай яриад байна. Амьдрал уу. Тийм ч байж болно, бас нөгөө ерэн есөн тэнгэр ч байж болно шүү дээ. За тэгээд тийшээгээ их тэмүүлэхээрээ хадуураад тэнээд явчихдаг юм. Ингэсгээд зогсох уу.

-Та ер нь ахмад үеийнхнийхээ талаар юу гэж боддог вэ?

-Юу бодохов дээ. Тэд чинь биднийг бодохоос өмнө хийдгээ хийчихсэн улс. Тэгэхээр хүндлэх гэдэг ухагдахуун л үлдэж байгаа биз дээ.

-Тэгвэл өөрийнхөө үеийнхний талаар?

-Хайрладаг. Ялангуяа өндөр Баярсайхан,Соргодгийн Жаргалсайхан, Д.Норов, Л.Мягмарсүрэн, Ц.Чимиддорж, Ч.Мягмарсүрэн, Бя.Энхтуяа, С.Батмөнх Ц.Түмэнбаяр, Дан.Нямаа, Д.Төрбат, Д.Галбаатар за тэгээд танай сонины том дарга Б.Цэнддоо нарыг хайрлахгүй байж болно гэж үү. Цэнддоо, Долгорын Батжаргал бид хэд нэгдлээсээ тараад явж байхдаа шүлэг унших хүсэлдээ халуураад их дэлгүүрт очоод шүлэг уншиж явлаа шүү дээ.

-Үргэлжилсэн үг бичих залуу хүн харагдана уу танд?

-Бүжинлхам гэж охин бий.

-Та итгэлтэй байна уу?

-Итгэдэг.

-Та АНУ-д байхдаа тэндхийн утга зохиолыг хэр зэрэг уншсан бэ?

-Маш бага. Бараг үгүйтэй адил.

-Яагаад, хэл дутсан уу?

-Монгол утга зохиол гэдэг өмчтэйдөө эрдээд гэх үү дээ. Нөгөөтэйгүүр нөлөөнд нь автчих байх гэж айсан.

-Та чинь ирэнгүүтээ л телевизийн олон ангит киноны зохиол биччихлээ шүү дээ. Ажилсаг байна шүү.

-С.Эрдэнэ сайдыг дэмжих болов уу гэж горьдоод Америкт байхдаа санал тавьсан чинь маш сайхан урам өгч дэмжсэн л дээ. Урлаг, утга зохиол их ойлгодог, тэр дундаа кино урлагийг дэндүү сайн ойлгодог хүн юм билээ. Түүнд нь зоригжоод ер нь харья гэж бодож явсан болохоор бушуухан хүрээд ирсэн. Үзэгчид маань ч гололгүй сайн үзсэн гэсэн судалгаа гарсан байна билээ. Энэ киног үзэгчдэд хүргэснийхээ дараа нийгэм маань ямархуу түвшний хатигжилттай байгааг маш сайн ойлгож авсан.

-Дахиад кино бичих үү?

-Д.Төрмөнх “Кино зовлонтой урлаг, мөнгөнөөс уяатай нохой л гэсэн үг” гэж хэлсэн нь их үнэн санагдсан. Мөнгө олдвол бичмээр санагдаад л сэтгэл загатнуулаад яваа хэд хэдэн сэдэв байгаа. Бичигдчихсэн бэлэн зохиол ч байгаа л даа.

-Би ч бас “Хоймор өнжих нар” киног анги алгасалгүй үзсэн л дээ. Ний нуугүй хэлэхэд хэтэрхий цагаан юм шиг санагдсан.

-Бид багаар бодоход дөчин жил нам төрийн магтуу хийсэн. Сайн ч хийсэн. Бараг хамгийн сайн хийсэн ажил маань үзэл суртал байсан байх. Гэтэл сүүлийн хорин таван жил нөгөө цагаан тоосгоноосоо хариугаа авч байгаа юм шиг л хар багс бариад дайрчихлаа. Яг үнэндээ өнөөдөр нийгэм маань юу нь мэдэгдэхгүй шингэн дунд шүдээ хавиран хөлбөрч байна. Ямар ч юмыг нүцгэлчихээд хараад суух нь наанадаж хэлэхэд гунигтай. Тэгээд түүнийгээ өдөр бүр хэдэн арван сонин, телевиз, радиогоор занчиж суух ер нь ямар байхав. Хамгийн номхон ямааг ч хэд ороолгоход л эргээд мөргөнө. Бид нийгмээ тийм л болгож байна. Өнөөгийн үзэгчид кино театрт ороод нэг бол нүүрээ хэтрүүлж будсан марзганал, үгүй бол зовиуртай зодоон цохион аллага таллага үзэж байна. Бидний хамгийн үзэл сурталжаагүй нийгэм гэж боддог Америкт энэ талаар цэгцтэй бодлого байдаг юм билээ. Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг. Би ч ийм л хүслээр энэ зохиолыг бичсэн. Дахиад ч байгаа. Ер нь ямар ч хэлийн зохиолч хүчирхийлэл сурталчилдаггүй.

-Яагаад?

-Зохиолч учраас.

-Та ер нь хэний зохиолыг унших дуртай вэ?

-Эрдэнэ баавай, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Б.Галсансүх, Т.Бум-Эрдэнэ.

-Гадаадынхнаас?

-Чехов, Хэмингуэй, Фолкнэр, Шолохов.

-Достоевскийг уншдаггүй гэж үү?

-Унших нь уншинаа. Гэхдээ би адуу, тэр тэмээ шиг санагдаад байдаг юм. Өөр төрлийнхөн гэх үү дээ.

-Өө нэг юм мартах шахлаа таны ном Герман хэл рүү орчуулагдаж байгаа гэж фэйсээс уншлаа хэдийд гарах бол?

-Ренатэ Баувэ гэдэг монголч эрдэмтэн Герман хэл рүү хөрвүүлсэн юм. Ном маань гүйцэтгэлээрээ гуравт яваа гэсэн. Япон зохиолч, Латин Америкийн зохиолч хоёрын ард яваа юм билээ. Ирэх хавар гарчих байх аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Гадаадын эмч нарын баг Завхан аймагт ажиллав

Завхан аймгийн Улиастай суманд наймдугаар сарын
13-18-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар АНУ-аас мэс заслын их
эмч нарын баг, болон БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж,
иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүллээ. Дэлхийн олон оронд эмнэлгийн тусламж
үзүүлж буй АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг тус аймгийн
эмч нарын багтай хамтран хийлээ.

УИХ-ын
гишүүн Я.Санжмятав “АНУ, БНСУ-ын их эмч
нарын баг гадаадын олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг туршалагатай
хүмүүс. Сайн дурын эдгээр баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа. Энэ
хугацаанд аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нарын баг, “Одчим
наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1000 гаруй хүнд үзлэг хийлээ.
Мөн АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг аймгийн нэгдсэн
эмнэлэгийн мэс заслын тасагт хийсэн. Үүнд манай эмч нарын баг хамтарч
ажиллалаа. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар эмч нарыг дадлагажуулах, туршлага
солилцуулах гээд олон талын ач холбогдолтой байлаа. Манай эмч нарын ур чадварыг
гадаадын эмч нар үнэлж байна. Харин олон хоног бороо орсны улмаас агаарын
нислэг хойшлогдсон ч БНСУ-ын эмч нар хугацаа алдахыг хүсэлгүй Улаанбаатар
хотоос машинтай олон цаг явж ирлээ. Бид жил бүр гадаадын их эмч нарыг авчрах
талаар ажиллаж байна.” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ААШ шатрын тэмцээн өндөрлөлөө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах шатрын гурав дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсад энэ сарын 09-14-ний өдрүүдэд ЭМСЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд ЭМС-ын Дэд сайд Т.Болдбаатар, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Филиф Гарднер, Дэд ерөнхийлөгч Максим Розков, Монголын Диф спортын хорооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр нарын албаны төлөөлөгчид оролцож, тамирчдад шагнал гардууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн спортыг дэмжих, оюуны гемнастик гэгддэг шатрын спортыг эх орондоо төдийгүй, Азид хөгжүүлэхэд салбарын яамнаас онцгой анхаарч энэ удаагийн Азийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү Монгол Улсад анх удаагаа зохион байгуулсан нь энэ юм.

Энэ үеэр ЭМС-ын Дэд сайд Т.Болдбаатар, “Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд хөгжих, улмаар амжилт үзүүлэх бололцоотой спортын нэг нь яах аргагүй шатар юм. Манай баг тамирчид энэ удаагийн тэмцээнд чамгүй амжилт үзүүлж оролцоо. Бид цаашид энэ чиглэлд улам анхаарч ажиллах болно” гэдгийг онцолж байв. Энэ удаагийн гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Энэтхэг, Казахстан, Узбекстан зэрэг улсын шатарчид оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн орон сууцны корпораци БНТУ-ЫН EYG групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн Орон сууцны корпораци (ТОСК) БНТУ-ын EYG групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Энэ оны 7-р сарын сүүлээр ТОСК болон EYG групп Истанбул хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу эхний ээлжинд Яармагийн 4-р хорооны газар нутагт 1500 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа аж. Зорилтот бүлэгт чиглэсэн хямд үнэтэй Европ стандартын дагуу гүйцэтгэгдэх энэхүү барилгуудын гүйцэтгэлд барилгын шинэ технологи ашиглагдах бөгөөд Монгол Улсын барилгын салбарт томоохон түлхэц болохуйц ажил болно хэмээн талууд итгэж байна.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон албаны бусад хүн байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

27 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорно гэв

Улсын
хэмжээнд хоёроос таван насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500
хүүхэд байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг
нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын
газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын
24-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн
төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн
төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм. Мөн цэцэрлэгийн
эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна. Харин
хүүхдийн шээсний, цагаан хорхойны шинжилгээний тухайд наймдугаар сарын 22-оос
эхэлнэ. Ингэхдээ цэцэрлэгт албан ёсоор бүртгүүлж, баттай орохоор болсон
хүүхдүүд есдүгээр сарын нэгэн гэхэд шинжилгээний хариугаа тухайн цэцэрлэгтээ
барьж очиж болох зохицуулалтыг хийсэн байна. Гэхдээ шинжилгээг зөвхөн улсын
эмнэлэгүүдэд авахгүй лабораторийн үзлэг, шинжилгээ хийх эрхтэй бүх эмнэлгийн
хариуг хүлээн зөвшөөрнө гэдгээ нийслэлийн Боловсролын газрын дарга
Ц.Отгонбагана мэдэгдлээ.

Цэцэрлэгийн
бүртгэлийн явцад хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр
авахыг хориглож, мөн шинээр цэцэрлэгт хамрагдаж байгаа харъяалалгүй хүүхдийг
авахгүй байхыг сануулсан. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэлээ.
Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын
газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох юм. Гэхдээ эцэг эхчүүд бүртгэлийн
ажиллагаа эхлээгүй байхад хүндрэл учруулж эхэлсэн тухай албаныхан ярилаа.
Тодруулбал өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн БЗД-ийн 168, гуравдугаар
цэцэрлэгийн гадна аав, ээжүүд дугаарлаж эхэлжээ. Ингэхдээ өөрсдөө нэрсийн
дарааллаар бүртгэл бичиж, үүний дагуу бүртгэ гэсэн шаардлагыг цэцэрлэгүүдийн
удирдлагуудад тавьсан байна. Гэвч дээрх бүртгэл бичиж, дугаарлаж буй иргэдийн
дунд цэцэрлэгийн насны хүүхэдгүй, харъяалалын биш хүмүүс байсныг БЗД-ийн
боловсролын хэлтсийн дарга тодотголоо.

Мөн
энэ жил нэр бүхий хэдэн цэцэрлэгт “Элсэлтийн тасалбар” тараах журмаар
бүртгэлийг явуулахаар болжээ. Ялангуяа БЗД-т цэцэрлэгийн бүртгэлийг явуулахдаа
тухайн цэцэрлэг хамран тойрох хүрээний цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бүртгэн
авч, нийт хүүхдийн хэдийг нь цэцэрлэгт хамруулах вэ, хэдийг нь цэцэрлэггүй
үлдээх вэ гэдэгт судалгааг хийж, нарийн тооцооллыг гаргана гэлээ. Өнгөрсөн жил
элсэлтийн тасалбар тараах бүртгэлийг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт туршиж байжээ.

Энэ
намар шинээр нийт 6400 орчим ортой улс, хувийн нийлсэн хэд хэдэн цэцэрлэг
ашиглалтанд орно. Харин 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлд нийт төрийн болон
хувийн нийлсэн 632 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Үүнээс 233 нь
улсынх, үлдсэн 399 нь хувийн хэвшлийн төлбөртэй цэцэрлэг байх юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутны байрны бүртгэл 28-аас эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд оюутны 43 дотуур байр байдаг бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-31 хүртэл үргэлжилнэ хэмээн Монголын оюутны холбооноос мэдээллээ.

Харин төлбөрийн хувьд 50 000-230 000 мянган төгрөгөөр нэмэгдэж буй аж. Тодруулбал, ШУТИС, ХААИС, АШУҮИС зэрэг сургуулийн оюутны байрны төлбөр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж 430-500 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Харин хамгийн өндөр үнэтэй нь МУИС-ийн дотуур байрны төлбөр 630 мянган төгрөг буюу 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 320-385 мянган төгрөг болж 65 000 төгрөгөөр өсчээ.

Дашрамд дурдахад оюутнууд дотуур байранд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, 4 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл бүхий бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайны 70 жилийн ойг угтсан ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 0I дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байгаа аж.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу нийслэл болон Дорноговь, Сүхбаатар аймгуудад баярын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймгууд дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхах аж.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, “Бид ялав” үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт зохиогдох гэнэ.

Уг арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцох юм байна.

Харин нийслэл хотод энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх зэргээр ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүйтэн бороонд осгож нас барав

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олсон гэдгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар мэдээлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Угсраа автобус тасарч иргэн гэмтжээ

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд
хотын удирдлагууд угсраа автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.

Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн уг автобус энэ сарын 15-наас
үйлчилгээнд гарч эхэлсэн. Гэсэн ч үйлчилгээнд гарсан эхний өдрүүдэд эрхэм
автобус тараа таниулж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед нийтийн
тээврийн үйлчилгээнд явж байсан угсраа автобус тасарч, зорчигч гэмтсэн осол
гарсан байна.

Төв шуудангийн урд талын уулзварт 16.00 цагийн орчимд энэ осол гарчээ. Хэргийн
талаар Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл өгөхдөө “Угсраа автобус
тасарч хоёр хүн хөнгөн бэртсэн гэсэн мэдээлэл ирсэн.

Хэргийн газарт нийслэлийн замын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажилласан. Ослын
шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна” гэсэн мэдээлэл өгчээ. Мөн хэд хэдэн хүн
гэмтсэн гэх мэдээллийг ч иргэд өгч байсан аж.