Categories
мэдээ нийгэм

Дулааны цахилгаан станцуудын 70 хувийг хувьчлахаар болжээ

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан байна.

10 төрийн өмчийн компани, 5 төрийн өмчийн оролцоотой компани нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэлээ. Дулааны цахилгаан станц- 2, 3, 4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх бол Оргил рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилна.

Categories
мэдээ нийгэм

Картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино гэв

Нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Эхний асуудал “Угсраа автобус найдвартай юу”. Ингэж асуухын учир нь өчигдөр угсраа автобус салж хоёр хүн гэмтсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдрийн хурлын үеэр албаныхан “Угсраа автобус салсан зүйл байхгүй. Зөвхөн тухайн автобус замын ус зайлуулах хоолойн шүүрт худгийн тагийг дайрснаас тээврийн хэрэгслийн голын холбогчинд эвдрэл үүссэн. Гэмтсэн гэх иргэнийг тухайн үед эмнэлэгт хүргэхэд эрүүл мэндэд аюул учраагүй” гэв. Гэхдээ угсраа автобусанд зарим нэг жижиг гэмтэл гарсныг албаныхан хүлээн зөвшөөрсөн.

Ямартай ч ирэх долоо хоног гэхэд угсраа автобус бүрэн нутагшаад асуудалгүй болно гэлээ. Иргэдийг бухимдуулж буй дараагийн асуудал бол автобусны маршрутыг богиносгосон. Гэхдээ маршрутыг богиносгосон ч сэлгэн суулт нь бас л үнэтэй. Энэ нь тухайн иргэн автобусанд хоёр дахин их төлбөр төлөх нөхцөл бүрдүүлж байгаа хэмээн шүүмжлэл дагуулсан. Тиймээс сэлгэн суултыг хэзээнээс үнэгүй болгох вэ гэх асуудал бий. Гэвч албаныхны тайлбарлаж буйгаар ойрын хугацаанд сэлгэн суултыг үнэгүй болгох боломжгүй гэв. Нийтийн тээврийн салбар алдагдал хүлээж буй учраас энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр болжээ.

Иргэдийн нуруун дээр энэ мэтчилэн олон ачаалал ирсэн. Гэтэл ирэх сарын нэгнээс U Money картгүй, бэлэн мөнгөөр зорчих иргэдээс 1000 хүртэлх төгрөгийн төлбөр авах талаар жиг жуг хийх боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам ингэж ярилаа.

Гэхдээ энэ шийдвэр эцсийн байдлаар батлагдаагүй. Хэрвээ батлагдвал ирэх сарын нэгнээс л хэрэгжиж эхэлнэ. Гэтэл зарим нэг автобус тасалбарын үнээ нэмсэн гэх мэдээлэл гараад байна. Тиймээс иргэдийн зүгээс тасалбарын үнээ нэмсэн автобусны талаарх мэдээллийг нийслэлийн Тээврийн газрын 326352, 323176 утсаар өгч болох юм.

Дараагийн асуудал бол нийтийн тээврийн шинэчилсэн маршрут билээ. Өнөөдрийн байдлаар автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл явж байна. Үүнээс 18 угсраа автобус, 45 тролейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цас, шаварт саатсан 40 тээврийн хэрэгслийг татаж гаргасан байна

Завхан аймгийн нийт нутгаар усархаг бороо,нойтон цас үргэлжлэн орсны улмаас тус аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Загастайн даваа хаагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цас, шаварт саатсан 130 гаруй зорчигчтой суудлын 25, том оврын 14, ачааны 1, нийт 40 тээврийн хэрэгслийг татан гарган тусламж, үйлчилгээ үзүүлэн иргэдийг аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Д нь эхнэрийн хамт 2000 гаруй бог малтай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Урд бөхт” гэдэг газар отроор явж байгаад гурван өдөр цасанд боогдсон байна. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Есөнбулаг сумаас иргэдтэй хамтран малыг нь тус аймгийн Тайшир сумын “Далангийн нуруу” гэдэг газар /зусч байсан газраас нь 10 гаруй км-т/ нүүлгэн шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Боомоор өвчилжээ

Хүн
боомын халдвар авсан тохиолдол гарчээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын
Жаргалант багийн “Тахир нуурын боон” гэдэг газар нутагладаг иргэн Н /19 настай,
эрэгтэй/ боомоор өвчилсөн байна.

Түүнд
сэжигтэй шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирж шинжилгээ
хийлгэхэд боомоор өвчилсөн нь тогтоогдон, тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

”Буянт-Ухаа II”-ыг байгуулах ажил 60.3 хувьтай байна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа II” хорооллын 48 барилгын барилга угсралтын ажил 60.3 хувьтай үргэлжилж байна. Одоогоор “Буянт-Ухаа II” хорооллын 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусчээ. Эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувьтай явагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АЗХ-ныхон фракцгүй намын төлөө уриалгыг санууллаа

Ардчилсан
намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо мэдэгдэл гаргав. Шинэчлэлийн
Засгийн газрыг огцруулж, МАН-тай хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулсан нь
анхнаасаа буруу шийдвэр байсныг дурдаад өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд
үнэлэлт өгөх ёстой хэмээн үзжээ. Намынхаа удирдлагууд болон төрийн өндөр албан
тушаалтнуудад хандаж саналаа уламжилж байгаа нь энэ аж. УИХ-д хамгийн олон
суудал авсан АН-ын улс төрийн шийдвэр нь нийгэм, улс орны хөгжил дэвшилд шууд
хамаатай учир аливаа эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тооцож үзэхийг санууллаа. Түүнээс
гадна АЗХ-ны залуучууд анх фракцгүй АН-ыг уриалж байсан, цаашдаа ч дэмжихээ
илэрхийлсэн байр суурь хэвээрээ. Гэтэл сүүлийн үед сайд нарын томилгоонд
фракцуудын зарчим мөрдөгдөж буй. Ийм байдал нь АН ялагдах үндэс болж байсан
удаатайг анхааруулав. Залуучууд бид тодорхой асуудалд үнэт зүйл, зарчим дээр
эвлэлдэн нэгдэхийг дэмжинэ. Харин эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаалын
төлөөх фракцын эсрэг “Фракцгүй Ардчилсан нам төлөө” уриалгаа баримталсаар байх
болно гэж мэдэгдэлдээ дурджээ.

Categories
мэдээ спорт

”Рио 2016” олимпийн наадмын урилгаа гардав

ОУОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочилж, “Рио 2016” олимпийн наадмын урилгыг МҮОХ-нд гардуулж өгчээ.

Мөн МҮОХ-ны байранд Монголын тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулав. Эл сургалтын зорилго нь тамирчдын боловсрол, хөгжил мөн карьераа дуусган, зодог тайлсны дараа хэрхэн амьдрах талаарх мэдээ, мэдээллийг олгоход оршиж байгаа аж.

Клаудия Бокель нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, туялзуур сэлэмчин, “Афин 2004” олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга бөгөөд ОУОХ-ны удирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн аялал жуулчлалынхан Монголд чуулна

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дүгээр форум (IFNAT) энэ сарын 19-21-ний өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

Форумын зохион байгуулагчаар БОНХАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран ажиллаж байна. Энэ жилийн форумд БНХАУ-аас 20, Японоос 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10, Монголоос 120 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Форумыг 2008 онд Монголд анх удаа зохион байгуулж байсан ба тухайн үед эко туризмын асуудлыг хөндөж байжээ. Харин энэ жил MICE tourism буюу “Олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн зах зээл” гэсэн сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

Форумд 40 гаруй илтгэл тавигдах бөгөөд Зүүн хойд Азид аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, Улаанбаатар хотод бизнес аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ зэрэг сэдвээр илтгэл тавигдах ажээ. Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил дэх аялал жуулчлалын салбарын оролцоог тодорхойлох, тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг хамтдаа шийдэх гарц гаргалгааг олох, бүс нутаг дахь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хил дамнасан жуулчин солилцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын илүү үр өгөөжтэй шинэ боломжуудыг нээх, туршлага, мэдээллээ солилцох жишиг болж байгаагаараа энэхүү форум нь чухал ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Дахин нэг хүүхэд тарваган тахлын халдвар авчээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нохой зууж ирсэн тарвагыг өвчих явцдаа халдвар авч, энэ сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй мэргэжилтнүүд голомтот хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 34 удаагийн мэрэгч амьтдын үхэл, хоргодлын дуудлагыг хүлээн авч, 58 тарвагыг лабораторийн шинжилгээнд хамруулж, тарваган тахал өвчний эрсдэлгүй болохыг тогтоосон байна.

Үүний зэрэгцээ 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн өнөөг хүртэл тарваган тахал өвчний сэжигтэй, яаралтай таван дуудлага ирсэнээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, нэг хүн нас барсан байна. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д оролцох Монгол Улсын багийг танилцуулав

Жүдо бөхийн ДАШТ Казахстан улсын нийслэл Астана хотноо энэ сарын 24-ний өдөр эхэлнэ. ДАШТ-д хүч үзэх Монгол Улсын баг тамирчид хоёр хоногийн дараа эх орноосоо мордоно. Өнөөдөр Жүдо бөхийн холбоо болон ДАШТ-ий шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч Хаан банкны төлөөлөгчид хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Балжинням “Астана-2015” ДАШТ-д эх орноо төлөөлөн барилдан баг тамирчдыг зарлалаа. Энэхүү тэмцээн нь олимпийн өмнөх ДАШТ гэдгээрээ ихээхэн онцлогтой.

ДАШТ-д манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд багийн төрөлд мөн хүч үзнэ.

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

  1. Ганбатын Болдбаатар 60 кг
  2. Цэнд-Очирын Цогтбаатар 60 кг
  3. Даваадоржийн Төмөрхүлэг 66 кг
  4. Хашбаатарын Цагаанбаатар 66 кг
  5. Сайнжаргалын Ням-Очир 73 кг
  6. Ганбаатарын Одбаяр 73 кг
  7. Нямсүрэнгийн Дагвасүрэн 81 кг
  8. Лхагвасүрэнгийн Отгонбаатар 90 кг
  9. Найдангийн Түвшинбаяр -100 кг
  10. Мөнхбатын Уранцэцэг 48 кг
  11. Мөнхбаатарын Бундмаа 52 кг
  12. Адъяасамбуугийн Цолмон 52 кг
  13. Доржсүрэнгийн Сумъяа 57 кг
  14. Алтайгийн Батзул 57 кг
  15. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг
  16. Цэнд-Аюушийн Цэрэннадмид 63 кг
  17. Пүрэвжаргалын Лхамдэгд -78 кг
  18. Одхүүгийн Жавзмаа +78 кг

Багийн барилдаанд

  1. Баттулгын Тэмүүлэн +100 кг
  2. Отгонбаатарын Ууганбаатар 81 кг
  3. Баттулгын Мөнхтуяа +78 кг

Дасгалжуулагч

Одвоогийн Балжинням

Дашгомбын Баттулга

Гантөмөрийн Дашдаваа

Хишигбатын Эрдэнэт-Од

Шархүүгийн Цэвэлмаа нар оролцоно.