Categories
мэдээ нийгэм

Үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

Монголд анх удаа “Үндэсний нэрийн
бүтээгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын
30-ны өдрийг дуустал зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааны нээлт
өнөөдөр 12.00 цагт Чингисийн талбайд болно. Үзэсгэлэнд 21 аймаг,
нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос
худалдан авах боломжтой ажээ.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН
оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр
өргөмжилж, урамшуулна. Тэргүүн
байранд шалгарсан ААН-д Гран при шагнал олгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг
“Үндэсний брэнд”-ээр тодруулах юм. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал
болгон зохион байгуулагдах аж.

Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, зарим асуудлууд шийдэгдэхгүй хугацаа алдах төлөвтэй байна. Өршөөлийн хууль, Засгийн газрыг бүрдүүлэх тухай асуудлууд үүний жишээ. Та асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн ордон, ордны өрөөнд улс төрийн амьдрал өрнөдөг гэж дүгнэх нь бий. Тийм л зүйл өнөөдөр явж байна. Бид улс төрийн нөхцөл байдлыг гэнэт савалж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ бужигнаан, засаг төрийн тогтворгүй байдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас үүдэлтэй гэж би үздэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн, муу ажилласан гэхээсээ илүү унагах зорилго нь юу байсан юм гэдгийг харах ёстой. Ер нь бол улс төрийн нөлөөллөөс болж унасан нь тодорхой харагдсан байх. Тиймээс Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувьд аль болох эв нэгдлийг илэрхийлж, Үндсэн хуулийн зарчмаар ажиллах хэрэгтэй байгаа. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх болсон шалтгааныг бас хайх хэрэгтэй. Үүний цаана Оюу толгой, Таван толгойн асуудал бий. Оюу толгой, Таван толгойг явуулахын тулд МАН-ын дэмжлэг илүү их хэрэгтэй болж жин дарж байсан учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн процессийн эхлэлийг улстөрчид тавьсан. МАН засагт орж ирсэн даруйд л тогтворгүй байдлыг үүсгэсэн хүмүүсийн санасан ажил эхэлсэн. Дубайн гэрээ зурагдсан нь үүний нотолгоо. Харин, Таван толгойн асуудал урагшилсангүй. Тэдний тааллаар Таван толгойн асуудал явалгүй унасан нь засаг төр дахин бужигнах үндэс болсон гэж харж байгаа. Ард түмэн бодит үнэнийг л мэдэх ёстой.

-Яг өнөөдрийн нөхцөлд Өршөөлийн хуульд хориг тавьчихаад байна. Хоригийг хүлээгээд авчихвал МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа хэвээрээ үлдэх учраас танай намынхан сайд нарынхаа нэрийг өргөн барихгүй байгаа гэсэн ойлголт бий?

-Шударга ёс эвслийн үүсгэсэн шалтгаантайгаар Засгийн газрыг бүрдүүлэх ажил гацаанд ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Гацаанд оруулсан шалтгаан нь дээр хэлсэн Таван толгой. Таван толгой, төмөр замтай холбоотой асуудал Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа учраас томилгоо хийгдэж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Шударга ёс эвсэл олон сайдын суудал нэхээд, Өршөөлийн хуулиар барьцаалаад байгаа юм биш. Асуудал эсрэгээрээ байгаа. Ер нь Өршөөлийн хуулийг би өмгөөлж, хамгаалах бус ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүнийхээ хувиар бодит үнэнийг хэлж байгаа. Засгийн газрын өргөн барьсан Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл оролцсон. Ажлын хэсэг гарч ажиллаад УИХ-ын чуулганы дэгээрээ хөндөгдсөн асуудал, саналыг олонхийн зарчмаар дэмжээд л явсан. Ингээд байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж санал тус бүрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь УИХ-ын чуулган руу оруулж хэлэлцээд батлагдсан.

-Өршөөлийн хуульд туссан авлига, албан тушаалтантай холбоотой заалт хуулийн хэрэгжих эсэхийг шийдэхээр болчихож байна уу?

-Үнэхээр тийм асуудал бий юу гэвэл, тийм. Гэхдээ авлига, албан тушаалтан гэдэг хэргийг яаж тодорхойлоод, хэнийг нэрлээд байгаа вэ гэдэг нь бас л сонин. Яагаад гэвэл манайх “авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт орж байна” гэх хэрнээ авлигын сүлжээ нь эмч, багш нарын местенд илүү байдаг. Авлигад хамгийн их өртдөг нь эмч, багш нар гэсэн үг. Гэтэл хүмүүс улс төрийн тогоонд эргэлдсэн, АТГ-аар шалгуулж байсан хэдэн хүнийг гэж ойлгоод “тэднийг л суллах гэж байна” гэж яриад байгаа юм. Нөгөө талаар авлигач нэр зүүсэн хүмүүс яагаад шалгагдав гэдгийг судлаад үзэхэд зарим нь огт үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэгдсэн байдаг. Жишээ нь, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Авлигач гэж зарлаад, нэг их том зүйл ангиар шалгаж шалгасны эцэст ХОМ-ээ буруу бичсэн байна. Хариуцлага тооцоорой” гээд явуулсан байх. Хэрэг хийснийг нь шүүх л тогтоодгийг мэдсээр байж, Үндсэн хуулиар хэнийг ч ялгаварлаж болохгүй гэж заасан хэрнээ “Чи төрд албан тушаал хашиж байсан хүн. Чи өмнө Ерөнхийлөгч байсан” гэж ялгаварлаж гадуурхаж хуулийг гаргадаггүй.

-Тодруулбал, Өршөөлийн хуулийн 4.1, долдугаар зүйл дээр хориг тавьсан. Яагаад хэсэгчлэн хориг тавьж байхад Өршөөлийн хууль тэр чигээрээ хэрэгжихгүй гэж яриад байгаа юм?

-Өршөөлийн хуулийн 4.1 дэх заалт бол хорих ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой заалт гэсэн үг. Шууд хэлбэл хоригдож байгаа хүмүүсийн өршөөлд хамрагдахгүй хэсгээс бусад нь энэ заалтаар суллагдах учиртай буюу энэ заалт хэрэгжсэнээр л өршөөлд хамрагдсан бүх хүн суллагдана гэсэн үг. Долдугаар зүйл нь мөрдөн байцаалтын шатанд яваа хүмүүст хамааралтай байсан. Харин хүндрүүлсэн заалттай хэрэгтнүүд л өршөөлд хамрагдахгүй. Энэ заалтуудыг бүгдийг нь хаачихаар Өршөөлийн хууль бүхэлдээ хэрэгжихгүй л гэсэн үг.

-Тавьсан хоригоос гадна бас өөрчлөх санал ирсэн гэсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд одоо хуульд тусах боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн хориг дотор орсон саналаар буюу тухайн долоон зүйл заалтаар санал хураалгах боломжгүй. Учир нь тус хориг доторх зүйлүүдийг харахад Засгийн газраас өргөн барихдаа оруулж ирээгүй зүйлүүдийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байгаа. Дээр нь хоригийг тавихдаа бас л заль хэрэглэсэн байгаа юм. Би ийм зүйлүүдийг оруулах саналтай байна гэсэн хэрнээ хуулийн 4.1, долдугаар зүйлд хориг тавьсан. Хүн харахад хэсэгчлээд хориг тавьсан мэт харагдаж байгаа боловч хорих газар ял эдэлж байгаа хийгээд мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс нэг нь ч өршөөгдөхгүй. Шууд хэлбэл, хорих байгууллагаас нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтаас нэг ч хүн өршөөгдөхгүй. Тэгэхээр энэ хуульд хэсэгчилж хориг тавьчихаад байгаа юм биш, Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан гэсэн үг. Уг нь бүх зүйлийг тэглэж, бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй байгаа юм. Намрын чуулганаар хэлэлцэгдэх Эрүүгийн хууль сая батлагдсан бол хэзээ ч ийм зүйл яригдахгүй байсан.

-Яагаад?

-Жишээ нь хүн ялтай байх асуудал гэж бий. Таван жилийн ял эдлээд гараад ирсэн хүнийг дахиад таван жил ялтайд тооцож явдаг. Магадгүй шоронгоос суллагдсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эд хөрөнгийн хохирол учруулсан байх аваас дахиад л хоригдох болдог. Ийм заалт Эрүүгийн шинэ хуулиар байхгүй болж байгаа. Шууд хэлбэл, хүн нэгэнт ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн бол түүгээр далимдуулж хувь хүний нийгмийн харилцааг дордуулдаг заалтыг хэрэглэхгүй байя гэсэн зүйлийг ярьж байгаа. Дээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн ялын төрөл зүйл байхгүй болно. Тухайн хүн ямар гэмт хэрэг өдүүлснээсээ шалтгаалаад хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр 4-7 жил хорих юм уу, зургаан сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсийг тэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд ойлгомжгүй заачихсан.

Энэ нь шүүгч авлига авах боломжийг олгож байгаа хэрэг. Ийм замаар буюу ялгүй байх зарчимтай нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Гэтэл өнөөдөр авлига албан тушаалын хэрэгтэй хэдхэн хүнээс болж амьдралдаа алдаа гаргасан хоёр мянга 500 орчим хүнийг авлигач мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа нь харамсалтай. Яг үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүн 20 хүрэхгүй шүү. Бас залилангийн хэргийг үе үеийн Өршөөлийн хуульд орсонгүй гэж шүүмжилдэг. Залилангийн хэрэг гэдэг нь зүсээ хувилгаж, нэрээ өөрчилж бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг хэлнэ. Харин нэгнээ мэддэг, ойлголцоод мөнгө зээлэлцэж, өгөлцөж, авалцсан ч хугацаандаа төлж чадаагүй хүнийг залилан хийсэн гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Өнөөдөр таньдаг хүндээ зээлүүлсэн их хэмжээний мөнгөө буцаан авахын тулд цагдаад гомдол мэдүүлдэг. Мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг болгох уу, иргэний хэрэг болгох уу гэдгээ толгой даан шийддэг. Мөн л бидний яриад байгаа авлига өгөх боломж хуулийн энэ заалт дээрээс урган гарч ирж байгаа биз. Ийм зүйлүүдийг ялгаж салгаж ойлгоё гээд Эрүүгийн шинэ хуулиар ярьж байгаа. Ингэж Эрүүгийн хуулийн шинэ орчин бүрдэх учраас түүндээ нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Түүнээс биш Өршөөлийн хуульд тэр хамрагдах ёстой гэдэг байдлаар ажиллаагүй юм шүү.

-Бас авлига өгснийг өршөөж авсныг шийтгэх тухай яриа байна уу. Ингэж ялгаварлах нь хэр зохимжтой вэ?

-Авлига өгсөн хүнийг гэмгүйд тооцохоор болж авлигад зуучилсан, авсан хүнийг гэмт этгээд гэж нэрлэх шинэ ойлголт гарч ирэх гээд байна. Гэхдээ гүтгэх гэдэг зүйлчлэл байдгийг огт мартаж болохгүй. Эрүүгийн шинэ орчин бүрдэхэд хүнийг гүтгэх хэрэг зөрчил рүү орно. Гүтгэсэн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Яг энэ заалт сонгуулийн үед хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь нэр дэвшигчийг гүтгэвэл сая төгрөгөөр торгоод гүтгүүлсэн хүн нь сонгуульдаа нэр дэвшиж чадалгүй хуулийнханд ороогдож нэр хоч зүүгээд үлдэнэ.

Үүнээс улбаалж хэнийг УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг дэвшүүлэхгүй байх вэ гэдэг тоглоом бий болж гүйцэтгэгч нь АТГ болох гээд байгаа байхгүй юу. Хэрвээ авлигын асуудал яригдах юм бол өгсөн, авсан, зуучилсан бүгдээрээ ижил хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

-Н.Энхбаяр гэдэг хүн 2017 он хүртэл ялтайд тооцогдоно. Танай намын дарга өршөөлд хамрагдаж, ирэх сонгуульд өрсөлдөх боломж бүрдэх байсан уу?

-Өршөөлийн хуульд ч тэр, шинээр батлагдах Эрүүгийн хуулиар ч тэр хүнийг ялтайд тооцдог зохицуулалт байхгүй болж байгаа. Өнөөдөр Өршөөлийн хууль хэрэгжиж байж л ялгүй болно гэсэн ойлголт байхгүй болох нь ийм учиртай. Дараа нь гарах Эрүүгийн хуулиар ч энэ асуудал зохицуулагдана. Гэхдээ бид заавал манай дарга Өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэдэг үүднээс ажиллаагүй. Бид намын даргын өмнө нь ял шийтгүүлсэн байдлыг цагаадах ёстой гэж үздэг болохоос биш өршөөгдөх ёстой гэж үздэггүй.

-УИХ хоригийг хүлээгээд авчихвал ард нь ямар процесс өрнөх бол. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр хэрнээ хориг тавигдаж хэн ч суллагдахгүй нь байна шүү дээ?

-Өршөөлийн хууль хэрэгжихгүй л гэсэн үг. Гэхдээ хоригийг хүлээж аваад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өршөөлийн хууль хэрэгжихгүй байвал тун сонирхолтой дүр зураг буух нь ойлгомжтой. Өмнө нь таван удаа Өршөөлийн хууль гарахад нэг ч Ерөнхийлөгч хориг тавьж байгаагүй. Өнөөдрийн хориг наанаа хэсэгчилсэн нэртэй ч цаанаа бүхэлд нь хорьсон. Үүнийг ил цагаан ярих ёстой. Ер нь бол гэмт хэргүүдийн ихэнх нь санамсаргүйгээс үүддэг. Санаатай хүн хохироосон хэрэг тун бага байдаг юм шүү. Санаатай ч, санамсаргүй ч гэмт хэрэг үйлдэх нөхцөл нь мөн л төрийн буруутай холбогддог.

Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд төрийн буруу бодлоготой холбоотой нийгэмд үүссэн эмзэглэл л гэмт хэрэг болж байна. Тэгэхээр төр буруугаа засч залруулаад алдаа гаргасан иргэдээ нэг удаа нигүүлсэхэд гэмгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн оруулсан саналаар УИХ санал хураавал энэ хууль нэмэлт өөрчлөлт рүү орно. Өршөөлийн хуульд хэзээ ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Бид өнөөдөр 2009 оны Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж болох нь ээ. Ийм шинэ ойлголтыг бас бий болгочихлоо.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг нийтийн тээврийн цахим картаа авахыг уриаллаа

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна. Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн “COUNTY”маркийн бага багтаамжийн 21 автобусыг 2015.08.23-ны өдрөөс хот орчмын Санзай, Найрамдал зуслан, Био комбинат-Сонсголон, Эмээлт, Баруунтүрүүн болон Хужирбулангийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргажээ.

Нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ төлөвлөлт гэдгийг албаныхан онцлов. Мөн нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчилүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдийг 9 дүгээр сарын 1-нээс өмнө картаа авахыг уриаллаа. Хэрэв ирэх сарын нэгнээс хойш бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан санууулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унажээ

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Зэсийн үнэ уруудаад бүр 4900 ам.доллар руу орчихлоо. Металлын зах зээл дээр яг юу болоод байна вэ, зэсийн үнэ буурсан шалтгаанаар яриагаа эхэлье?

-Дэлхийн эдийн засаг саарч байгаа учраас ганц зэс ч биш нүүрс, төмрийн зах зээлийн үнэ унаад их хүнд байна. Эрдсийн гол хэрэглэгч Хятадын хэрэглээ саарч байгаа. Хөрөнгийн биржүүдэд өнгөрсөн даваа гаригт огцом уналт боллоо. Хятадын бирж дээр алдагдал гарсан. Ялангуяа томоохон биржид тооцогдох Шанхайн бирж дээр том алдагдал боллоо. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зэсийн үнийг Лондон, Нью-Иоркийн металлын бирж зарладаг. Европын үйлдвэрлэгч, худалдан авагчид Лондонгийн биржийн зарласан үнийг хэрэглэдэг бол Нью-Иоркийн металлын биржийн үнийг хойд, өмнөд Америкийнхан ашигладаг. Шанхайн биржийн үнийг Хятад, Азийн худалдан авагчид хэрэглэдэг. Тэр дундаа Шанхайн металлын бирж дээр зарагдаж байгаа алт, мөнгө, бусад эрдсийг Хятадын дотоодын худалдан авагч гэхээс илүү бусад бүс нутгийнхан нь авдаг. Дэлхийн худалдааны байгууллага болон бусад улсууд Хятадын юань, дотоодын ханш нь хэтэрхий өндөр гэж шүүмжилж байсан. Эдийн засгийн байдалтай уялдаж байгаа эсэхийг анхаарах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн л дээ. Тэгээд Хятадын төв банк юанийн ханшаа сулрууллаа. Ингэж сулруулсан нь Хятадын экспорт, импортын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа металлын бирж дээр. Лондонгийн металлын бирж дээр зарагддаг цэвэр зэсийн үнээс Шанхайн металлын бирж 100-300 ам.доллараар өндөр байдаг. Учир нь хятадууд зэсийг стратегийн түүхий эд гэж их хэмжээгээр нөөцөлдөг. Их хэмжээний худалдан авалт хийж зэсийн нөөц гэж байгуулдаг байсан. Хэрэглээ өндөр, бас юаниар үнийг нь тогтоодог учраас валют руу шилжүүлэхээр өндөр гардаг байсан юм. Харин сүүлд үнийг нь тэгшитгэх арга хэмжээ авсан. Хятадын эдийн засгийн өсөлт зургаа, долоон хувьтай, бодит байдал дээр түүнээс ч доошоо явж байна. Санхүүгийн хүндрэлд орсон учраас өнгөрсөн оны сүүлээс ганц зэс ч биш нүүрс, төмрийн салбарын худалдан авагчид багасчихлаа.

-Зэсийн нөөц их байсан нь ч бас нөлөөлчих шиг болов уу?

-Сүүлийн хоёр, гурван жилд зэсийн нийлүүлэлт хэрэглээнээсээ ихээхэн өндөр байсан талтай. Ялангуяа Лондон, Нью-Иорк, Шанхайн металлын биржийн агуулахуудын нөөц байнга өсч байсан. Одоо нөөцийн хэмжээ дээд цэгтээ хүрлээ. Нөөц өссөн нь зэсийн үнэ уруудах бас нэг шалтгаан болсон. -Монгол Улсын төсөвт зэсийг бараг долоон мянга дөхүүлээд тавьчихсан. Төсөвт том дарамт ирэх нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнгөрсөн жил Сангийн яам зэсийн үнийг 6900 ам.доллараар төлөвлөж улсын төсөвт оруулаад батлуулсан. Эрдэнэт үйлдвэр арай бодитойгоор 5900 ам.доллараар төлөвлөсөн юм. Харамсалтай нь сүүлийн хоёр, гурван сард цэвэр зэсийн үнэ зах зээл дээр нэг тонн нь 5000, одоо 4900 болчихлоо. Эрдэнэтийн төлөвлөгөөнөөс тонн тутамд 1000 ам.доллараар, улсын төсвийнхөөс бүр 2000 ам.доллараар доошоо орчихоод байна. Ийм том зөрүү гарчихаар төсөв яах нь тодорхой л доо.

-Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспорт анх төлөвлөснөөсөө 60 хувьтай, орлого бол бүр эрс буурчихлаа. Тэгэхээр төлөвлөгөөний үндэслэл хэр сайн байв аа, үндэслэлгүй баахан тоо тавьчихсан юм биш үү?

-Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхийн өмнөхөн Засгийн газрын асуудал яригдаж байсан шүү дээ. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөгөө хийдэг. Сайд нь яах нь мэдэгдэхгүй байж байгаад төлөвлөгөөгөө хийж чадаагүй. Ийм шалтгаанаар Эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, орлогын төлөвлөгөөг Сангийн яам хийчихсэн л дээ. Монголын зэсийн баяжмалын экспорт 2014 оны гүйцэтгэлээр нэг сая 380 мянган тонн болсон юм. Харин 2015 онд нэг сая 250 мянган тонноор төлөвлөсөн. 120 мянган тонноор бага төлөвлөсөн. Ганц зэс ч биш, нүүрсийг бас буулгаж төлөвлөсөн. Сангийн яам зах зээлээ мэдэрсэн үү, экспортын төлөвлөгөөг бага авсан. Харамсалтай нь экспортын үнийг өндөр авсан. 6900 бол том тоо. Гэтэл энэ оны эхний долоон сарын дундаж 5000 орчим ам.доллар байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөө тоо хэмжээгээр бол биелнэ. Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ганц зэсийн баяжмалаар ч биш алтаар нэмэгдэж байна. Энэ жил 20 тонн алт гаргана. Экспортоос олсон зэсийн баяжмалын орлого, нөөц ашигласны төлбөрийг эхний найман сарын байдлаар аваад үзвэл ойролцоогоор 90 сая ам.доллар орсон байгаа. Үүний 60 хувь нь Эрдэнэт, 40 хувь нь Оюутолгойгоос орсон.

-Эрдэнэт үйлдвэрийн хүнд байдалд орсон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Эрдэнэт үйлдвэр үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь дээр нэмээд 11-12 хувийн татвар төлж байгаа. 16-17 хувийн татвар төлж байгаа гэсэн үг. Харин Оюу толгой таван хувийн татвар төлдөг. Татварын хувь ачаалал болж байгаа. Бас Эрдэнэт үйлдвэрийн нэг тонн цэвэр зэс гаргах зардал нь маш өндөр.

-Зэсийн үнийн одоогийн бууралт Эрдэнэт үйлдвэрийн зэс үйлдвэрлэх зардлаас уруудчихсан. Үйлдвэрийн хувьд одоохондоо зардлаа хэмнээд ажиллаж байна. Зэсийн үнэ дахиад мэдрэгдэхээр уруудвал Эрдэнэт яах бол?

-Эрдэнэт нэг тонн цэвэр зэс гаргахад 5300-5600 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл өнөөдөр 4900 болсон гэхээр дор хаяж 400 ам.долларын алдагдалтай болчихсон. Гэхдээ зардлаа бууруулах талаар ажиллаж байгаа. Энэ тал дээр Эрдэнэтийн удирдлагын баг бас ч гэж сайн ажиллаж байна. 2012 онд нэг тонн цэвэр зэс гаргах зардал 6000 ам.доллар гарч байсныг бууруулаад байгаа нь энэ. Импортын худалдан авалтын, үйлдвэрлэлийн бус зориулалттай нэгжүүдийн, гадаад томилолтын, эрчим хүчний гэх мэт зардлуудаа хасч байна. Цалингаа нэмэхгүй тогтвортой барьж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг харахаар зардлаа дахиад ч буулгах ёстой. Эрдэнэтийнхэн зах зээл дээр үнэ унаж байгаатай тэмцэх төлөвлөгөөгөө гаргачихсан. 4500 ам.доллар хүртэл унасан ч ажиллана гэсэн төлөвлөгөө хийсэн. Нэг сайн мэдээ бий. Өнгөрсөн долдугаар сард Эрдэнэт үйлдвэр зэсийн хүдэр олборлох, баяжмал үйлдвэрлэх хүчин чадлаа нэмсэн. 26 сая тонн баяжмалын хэмжээгээ жилд 32 сая тонн хүргэе гэж байгаа. Шинэ үйлдвэрийн туршилт тохируулгыг хийж байна. Тэгэхээр энэ ондоо нэмэгдэх баяжмалын хүчин чадал сайндаа л 15 мянган тонноор нэмэгдэх байх.

-Эрдэнэтийнхэн 4500 ам.доллар хүртэл тэсч ажиллана гэж ойлголоо. Зэсийн үнэ энэ хэмжээнээс буувал ямар байдал үүсэх бол?

-Төлөвлөгөө хийсэн учраас зэсийн үнэ 4500 ам.доллар хүртэл уруудвал ажиллах нь тодорхой. 4000 ам.доллараас ч доошилж магадгүй гэсэн үнэ яригдаж байгаа. Дэлхийн зах зээлийн томоохон шинжээчид, банк, хүрээлэнгүүд нарийн прогнозоо гаргахын завдалгүй сүүлийн хэдэн долоо хоногт л ийм шок боллоо. 5500-гаас зуу зуугаар буусаар байгаад 4900 рүү орчихлоо. Ингэж огцом буурна гэж хэн ч хэлээгүй байхад 4500 руу буурвал ингэнэ, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг түр хугацаагаар багасгана гэсэн арга хэмжээг Эрдэнэтийнхэн аваад эхэлчихсэн нь сайн тал. Би эрдэс баялгийн эдийн засагчийн хувьд Эрдэнэтийн татварын асуудал дээр нь анхаарч, санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тэртэй тэргүй алдагдалтай ажиллаад ирвэл татвараа төлж чадахгүй нь тодорхой. Алдагдалтай ажиллавал найман жилийн турш ч татвараа төлөхгүй байж болохыг ашигт малтмалын хуулиараа зөвшөөрчихсөн. Монгол Улсын төсвийн орлогын бараг 60 хувийг зэс хийж байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл төсвийн орлого тасарна гэсэн үг.

-Зэсийн үнэ огцом уруудаж эхэлсэн ийм үед Эрдэнэтийн авч байгаа арга хэмжээ хэр зөв бэ?

-Цэвэр зэс гаргаж байгаа олон улсын томоохон компаниудын авдаг арга хэмжээг л авч байна. Зардлаа бууруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь зөв. Зардлаа бууруулаад байгаа ерөнхий аргыг нь харахаар хэлэх зүйл бий. Импортын тоног төхөөрөмжийг хасч байна. Томилолтынхоо зардлыг хасч байна. Энэ мэтээр өнгөц хараад байна л даа. Сайн ажиллаж байгаа ч олон улсын өрсөлдөх чадвар тааруу гэж хэлнэ. Нэгдүгээрт зардал өндөр байна. Хоёрдугаарт технологийн шинэчлэл тааруу. Уг нь технологийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх ёстой. Эрдэнэт бол 1978 оноос ажиллаж байгаа хуучин үйлдвэр. Баяжуулах үйлдвэрийнх нь шинэчлэлтийг олон удаа хийсэн. Өнөөдөр Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт Америк, Финлянд, Хятад, Орос зэрэг арав гаруй орны тоног төхөөрөмж байдаг. Секц тус бүрд нь янз бүрийн орны үйлдвэрийн баяжуулах тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Технологийн бодлогоо оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх цаг болсон. Зэсийн баяжмалын агуулга 26-28 хувь байх ёстой. Гэтэл Эрдэнэтийнх 22 хувь байх жишээний. Баяжуулах үйлдвэрийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт бол металл авалт өөрөөр хэлбэл зэс авалт. Эрдэнэт үйлдвэр дээр 86 хувьтай, Оюу толгой дээр 88-90 хувьтай байна. Дэлхийн шилдэг үйлдвэрийнх Оюу толгой хавьцаа байдаг. Тийм учраас зэс авалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Металл авалтыг нэмэгдүүлж байж баяжуулах үйлдвэрийн зардлыг ихээхэн бууруулах боломжтой.

-Эрдэнэтийн баяжмал хэр үнэтэй зарагддаг вэ, дэлхийн зах зээлийн дундажтай харьцуулбал…?

-Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт баяжмалаа дэлхийн зах зээлийн дунджаас бага үнээр зарж байгаа. Тийм учраас түрүүн ярьсан хоёр асуудлыг л ажил болгомоор байгаа юм. Технологио цогцоор нь шийдэхээс гадна зэсийн баяжмалын экспортын маркетинг дээр ажиллах хэрэгтэй. Орлого мөнгөн урсгалын менежмэнтийг цогцоор нь удирдах учиртай. Түүнээс биш зүгээр нэг зарим төрлийн зардал хасаад шийдэх асуудал биш. Импортоо хасахын зэрэгцээ баяжмалын экспортынхоо үнэлгээг нэмэх хэрэгтэй. Тийм боломжууд бий. Энэ дашрамд нэг зүйл хэлмээр байна. Ер нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийг удирдах асуудал дээр анхаарах зүйл бий. “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн удирдах зөвлөлийн хурал сүүлийн хоёр жилд болсонгүй. Шалтгаан нь төрийн яамдын бүтцэд орсон өөрчлөлт. ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ын уялдаа холбоо гэсэн том шалтгаан бас байгаа. Оросын талтай ажлынхаа уялдаа холбоог идэвхжүүлэхгүй байгаа тал бий. Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой үйлдвэрлэл, санхүүгийн зэрэг маш олон асуудал байна. Энэ асуудлуудыг шийдэхгүй, төлөвлөгөөг нь албан ёсоор баталж өгөхгүй яваад байна л даа. Хамтарсан үйлдвэрүүдийг удирдах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй.

-Ирэх онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Хүлээлт ажил болбол зэсийн салбар ирэх жилүүдэд дажгүй өнгөтэй байх болов уу. Та юу гэж бодож байна?

-Далд уурхайг ашиглах төлөвлөгөө гэж хийсэн байгаа. Төлөвлөгөө цаашдаа хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь орж ирж, Оюу толгойн далд уурхай 2018 оноос ажиллаад эхэлбэл Монголын зэсийн салбар өөр болно л доо. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн буурч байгаа хэсгийг Оюу толгойгоор нөхөх боломж гарч ирнэ. Цаашлаад Цагаан суваргын орд газрыг ашиглалтад оруулах асуудлыг шийдвэл Монголын зэсийн салбар өнөөгийн түвшнээ хадгалаад цаашаа явах найдлага бий.

-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Аж үйлдвэрийн яамнаас аж үйлдвэрийн салбар, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлье гээд концепци баталсан. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудалтай холбогдуулаад нэгж байгуулчихсан. Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах Засгийн газрын шийд гарсан байгаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 22 хувийн агуулгатай зэсийн баяжмал гаргаж байна. Үүнийг 99.99 хувийн агуулгатай болгочихвол экспортын орлого дөрөв дахин нэмэгдэнэ. Олон арван жил ярьсан. Өнөөдөр ажил болгох тал руу хандах цаг болсон. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ирж байж л зах зээлийн уналтад өртөхгүй амьдарч чадна.

-Манай гол зах зээл Хятадын хувьд баяжмалаар нь авах сонирхолтой. Зэс хайлуулах үйлдвэр дээр энэ асуудлыг харгалзаж үзэж таарах байх…?

-Хятадад баяжмалаар авах сонирхол байгаа гэдэг нь үнэн. Үүнтэй уялдуулаад зэс хайлуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг бодох хэрэгтэй. Үндэсний үйлдвэр байх уу, гадаадын компанитай хамтрах уу гэдгээ ч ярих учиртай.

-Бидний бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дээр Оюутолгойтой өрсөлдөхөөр, ойрын хугацаанд ашиглалтад орох том орд байна уу?

-Ойрын хугацаанд ашиглалтад орох ордууд бий. Сибирьт байгаа Удоканы орд газар. Нөөц нь цэвэр зэсээр 25 сая тонн. Оюу толгойтой бараг ойролцоо. Эрдэнэтээс гурав дахин их. Энэ ордыг ашиглах асуудал олон жил яригдсан. Саяхан сэргээд, Хятадтай хамтарч ажиллая гэсэн яриа хэлэлцээ явж байгаа. Хятадын хилтэй их ойрхон л доо. Удоканы ордын хувьд технологи, хөрөнгө оруулалтын асуудал бий. Энэ асуудал нь шийдэгдчихвэл удахгүй ашиглалтад орно. Манай Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргатай өрсөлдөх томоохон орд гараад ирнэ гэсэн үг. Удокан ажиллаад эхэлбэл манай зэсийн экспортын үнэлгээ буурах, хятадууд Монголоос худалдан авах баяжмалын хэмжээгээ багасгах эрсдэлтэй. Үгүйсгэх аргагүй болгоомжлол. Ганцхан Оросын орд ч биш, Чили, Аргентин, Өмнөд Африкийнх ч байна. Олон орд газрууд хөрөнгө оруулалтаа хайж, зах зээлээ хүлээгээд байж байгаа.

-Дэлхийн зах дээр зэсийн үнэ цаашид яах бол, шинжээчдийн таамгийг багцлаад харахаар ямар чиг харагдаж байх юм?

-Зэсийн үнэ энэ жил өсөх найдлага байхгүй. Ирэх онд ч ялгаагүй. Зэсийн бараг 50 хувийг хэрэглэж байгаа Хятадын эдийн засаг доошиллоо. Худалдан авалт багасчихлаа. Зах зээл дээр илүүдэл гарчихсан, үнэ өсөхгүй бодитой хандлага харагдаад байхад үнэ өснө гэж таамаглах аргагүй л дээ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Төгөлдөр хуурч Ами: “Бөртэ”-г анх сонсоод л би монгол эмэгтэй шүү гэсэн бахархал төрсөн

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаатай ярилцлаа. Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг гай­халтай сайхан тоглож олон нийтэд клипээ хүргэсэн түүний уран бүтээлийн нэр нь Ами. Энэ нэрээр нь хүмүүс сайн мэднэ.

-Монголынхоо хөгжмийн зохиолчдын зохиолуудаас орчин үеийн сонсогчдод да­хин шинээр хүргэж, шинээр нээн харуулсан таны хэд хэдэн клип олны хүртээл боллоо. Эдгээр бүтээлийг та анх хэрхэн сэдэж хийж эхэлсэн юм бэ?

-Анх Хөгжим, бүжгийн сур­гуулиа төгсөөд одоо юу хийх вэ, уран бүтээлээ яаж хийх вэ гэж бодсон л доо. Төгөлдөр хуур гэдэг маань сонгодог хөгжим, бид өөрсдөө тоглоод гоё мэдрэмж баяр баясгаланг аваад яваад байдаг, гэтэл үэзгчдийн тоо маш бага байсан. Тэгээд л хөгжмөөс мэдэрдэг тэр сайхан мэдрэмжүүдийг хүмүүст хүргэх юм сан гэж бодох болсон. Тайзан дээр хар, цагаан даашинзтай гарч ирж тоглоод, ёслоод ор­дог нөгөө л уламжлалаас тат­галзахыг хүссэн л дээ. Сон­годог хөгжмийг орчин үеийн хөгжмөөр нь дамжуулж хү­мүүст хүргэх нь зүгээр юм гэсэн санаагаар уран бүтээлээ хийж эхэлсэн. Эхний ээлжинд З.Хангал гуайн “Тань руу нүүж явна” киноны хөгжим, Рымский Корсаковын “Хэдгэний нисэлт” гэдэг хоёр зохиолыг сонгож авсан. Төгөлдөр хуур гэдэг энэ сонгодог хөгжмийг өөр өнгө аястай орчин үеийн хэмнэлтэй хослуулж болдог юм байна гэдгийг үзүүлж харуулахад клип нь илүү оновчтой шийдэл юм гэж үзсэн. Хөгжим гэдэг маань үггүй. Дуу бол өөр хэрэг. Хэлэх гэсэн санаа, утга агуулгаа үгээрээ илэрхийлчихэж байна. Хөгжим үггүй, сонсогч бүр өөр өөрийнхөө санаа бодлоор хү­лээж авдаг урлаг учраас ерөнхий нэг утга санаагаа харуулж тэр зохиолоо хү­мүүст илүү тодорхой нээж өгөхөд видео дүрс бичлэг илүү өргөн боломжтой юм л даа. Эхлээд Рымский-Кор­саковын “Хэдгэний нисэлт” нэртэй зохиолыг тоглож клип хийлгэлээ. Рымский-Корсаков бол хорьдугаар зууны сонгодог. Орчин үеийн зохиол учраас орчин үеийн хөгжимтэй хослуулж тоглох нь илүү зохимжтой байдаг. Үндсэн зохиол дээр орчин үеийн хөгжмийн найруулга оруулж тоглоход хамгийн гол нь уран бүтээлчийн өөрийнх нь эмоци их үүрэгтэй байдаг. Жишээ нь, нэг зохиолыг яагаад хүн бүр давтаад тоглоод байдаг вэ гэхээр тэр зохиолыг тоглогч бүр өөрийн онцлогоо гаргаж тоглодог учраас тэр. Би өөрөө их дэврүүн, эмоци ихтэй болохоор тоглолтод маань энэ характер илүү тусдаг. Рымский Корсаков “Хэдгэний нисэлт” гэдэг энэ зохиолоо Оросын Салтаан хааны үлгэрээс сэдэвлэж бич­сэн гэдэг юм. Хаад ноёдыг шүүмжилсэн үзэл санаатай, дүрслэл нь зөгийнүүд тэдэн рүү зогсолтгүй дайрч байгаа хэлбэрээр бичсэн зохиол юм. Ая нь ч гэсэн өнгө алгасалгүй зогсолтгүй үргэлжилдэг. Гад­ны нэрд гарсан бүхий л төгөлдөр хуурчид, мөн сонгодог урлагийг орчин үетэй хольж тоглодог уран бүтээлчид энэ зохиолыг тоглосон байдаг. Тэр бүү хэл гитараар тоглосон хувилбар ч бий. Нэг ёсондоо хөгжимчид тоглогчийн техник, уран чадвараа харуулдаг нэг сор бүтээл юм л даа. Үлгэрээс сэдэвлэсэн хэдий ч үеийн үед байсаар ирсэн нийгмийн үзэгдлийг шүүмжилсэн зохиол. Дараа нь “Тань руу нүүж явна” киноны хөгжмөөр клип хийлгэсэн.

-“Тань руу нүүж явна” бол таныг тоглогчийн хувьд олонд таниулсан бүтээл. Б.Шарав гуайн зохиол “Бөртэ” гэж төгөлдөр хуурын дуэтыг бас олны хүртээл болголоо. Энэ зохиолыг та ээжтэйгээ хамт тоглосон нь үнэхээр сэтгэл хөдлөм. Та хоёр энэ зохиолыг хэрхэн хүлээж авч тоглосон бэ?

-Энэ бол Шарав гуайн “Үхэж үл болно, Чингис” киноны Бөртэ хатны хэсгийн хөгжим л дөө. Энэ их гоё түүхтэй. Нэг өдөр Шарав гуай утасдсан юм. Өмнө нь би “Маамуу нааш ир”-ийг гаргачихсан байсан үе. “Маамуу нааш ир”-ийг сонс­лоо, хөгжмийн найруулгаа их гоё сонгосон байна, сайн бүтээл болжээ гэлээ. Тэр агуу хөгжмийн зохиолчоос урмын үг сонсоно гэдэг бол бидэнд маш сайхан зүйл. Тэгж надад урам хайрлаад ”Чи миний зохиолоос тоглохгүй биз” гэсэн. Дараа нь уулзаад гурав дөрвөн зохиол өөрөө тоглож сонсгосон юм. “Бөртэ”-г тоглоод эхэлсэн чинь л гол руу нэг юм зураад явчихсан. Яг тэр мөчид монгол эмэгтэй хүний дүр харагдаж байгаа юм л даа. Би монгол эмэгтэй шүү гэсэн тийм нэг гоё бахархал төрсөн, бас ээж минь бодогдсон. Тэгээд л би ерөөсөө энэ “Бөртэ”-г л тоглоё гэж шийдээд тоглохоор болсон. Ер нь өмнө нь би ээжтэйгээ хамт тоглох юм сан гэж бо­доод явдаг, ээж бид хоёр энэ талаар бас ярьдаг байсан л даа. Удам дамжсан ээж охин хоёр төгөлдөр хуурчид манайд байдаг ч гэсэн нийт хүн амынхаа дунд бол ховор шүү дээ. Тэгээд ийм гоё санаа миний сэтгэлд яваад байсан боловч яг ямар зохиол тоглох вэ гэдгээ олоогүй байсан. Нэг талаар энэ зохиол надад хүнд санагдаж байсан.

-Тухайлбал… ?

-Шарав гуай өөрөө хэлэхдээ энэ бол сэтгэлийн хөгжим юм шүү гэсэн. Энэ чинь их хааны хатны амьдрал. Хэдийгээр наана нь хаан байгаа ч гэсэн хатдын үүрэг ямар чухал бай­сан бэ. Нэгдүгээрт, их баатарлаг зүрх сэтгэл гарч ирнэ, хоёрдугаарт эх хүний тэр гоё дүр. Үүнийг тоглохдоо дотроо би монгол эмэгтэй хүн гэдгээрээ омогшиж байгаа боловч эх хүн гэдэг талаас нь ойлгоход амаргүй байсан. Би өөрөө одоогоор ээж болж амжаагүйг хэлэх үү. Эх хүн болсон хүн л тэр хөгжмийг илүү гаргаж чадна шүү дээ. Хэрэв би ганцаараа тоглосон бол арай л хөнгөдүүлчих байсан байж магадгүй. Гэтэл ээж ороод ирэхээр бүх юм утга учиртай болж ирж байгаа юм л даа. Хөгжмийн найруулгыг нь хийсэн Одбаяр гэж залуу байдаг. Тэр хоёр төгөлдөр хуурт зориулж дуэт болгож найруулсан. Энэ бүтээл юм юмаараа анхдагч болсон л доо. Хоёр төгөлдөр хуураар дуэт гарсан, тэр бүтээлийг ээж охин хоёр тоглосон, дээрээс нь монгол гэрт сонгодог төгөлдөр хуурыг тоглосон гэх мэтчилэн зураг, хөгжим, хүмүүс гээд бүх талаараа анхдагч болсон. Монгол гэрт сонгодог хөгжмийг тоглохдоо бодох юм цөөнгүй гарч байсан л даа. Зүгээр нэг ахуйн илэрхийлэл болсон, хаа сайгүй байдаг гэрт төгөлдөр хуур байж байх нь зохимжгүй. Монгол гэр гэдэг маань өөрөө урлагийн бүтээл, тэр дундаа сонгодог бүтээл юм л даа. Тэрийг нь хөгжимтэйгөө гоё хослуулах хэрэгтэй юм билээ. Тиймээс их олон гэр судалж үзээд арвангуравдугаар зуун цогцолборын хаадын өргөөг сонгосон. Гэр нь тэр чигтээ монгол сийлбэрчдийн бүтээл, монгол урлагийн сонгодог бүтээл юм шүү гэдэг санааг бас давхар шингээхийг хичээсэн.

-Олон талаас нь гүнзгий бодож шийдсэн юм байна. Мэдээж бичлэгээ студид хийж байгаа хэдий ч ер нь стандартаар нь барьсан монгол гэрт төгөлдөр хуур тоглоход дуугаралт (акустик) нь ямархуу байх бол?

-“Бөртэ” дээр хоёр төгөлдөр хуур тоглож байгаа болохоор маш том гэр сонгосон л доо. Миний бодлоор, монгол гэрт тоглоход маш гоё байх болов уу. Дугуй хэлбэртэй учраас акустик нь гоё байх ч юм шиг. Тоглож байгаа хүн чинь сэтгэлийн хөдөлгөөнөө дагаад дээшээ харахад л тооноор нь тэнгэр харагдаад надад үнэхээр гоё санагдаж байсан. Тэр гоё зохиолыг монгол гэрт тоглоод сууж байхад улам сэтгэл хөдлөөд, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ.

-Клипийг нь үзээд Шарав гуай та хоёрт юу гэж хэлсэн бэ?

-Хөгжмөө бичүүлчихээд Шарав гуайд сонсгосон. Ер нь зохиолчтойгоо яриад, сонсгоод хийх нь уран бүтээлд маш үр өгөөжтэй байдаг л даа. Ээж бид хоёрын тоглосныг анх сонсоод Шарав гуай үнэхээр сэтгэл хангалуун байсан. Дараа нь клипээ хийчихээд үзүүлэхэд бас их таалагдсан байна лээ. Хөгжмийн зохиолчид нь хүртэл таалагдсан нь ээж бид хоёрт их урам зориг өгсөн.

-“Бөртэ”-г “сэтгэлийн хөг­­жим” гэж зохиолч нь хэл­сэн гэлээ. Гэхдээ их гүн гүнз­гий, агуулга нь их өргөн, хүнд зохиол сонсогддог шүү дээ. Та түрүүн хэлэхдээ анх сонсоход гол зураад явчихсан гэсэн. Үнэхээр ч энэ зохиолыг сонсоход хал­гамаар, уйлмаар санагдах мөч олон тохиолддог юм шүү?

-Ээж хүн гэдэг ямар ариун нандин билээ, намайг төрүүлж багаас нь минь яаж бүхнээ зориулж өсгөж хүн болгосон билээ, одоо ингээд хамт тоглоод сууж байхад ямар гоё мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, ээжтэйгээ хамт тоглож байгаа болохоор их дэмтэй байсан. Тоглохдоо бол их удаан бодож судалж хийсэн дээ, энэ бүтээлийг. Хөгжмийн найруулга дээрээ жил гаруй ажилласан. Зураг авалтаа хоёр ч удаа хийсэн. Үүнд зургаан сар зарцуулсан. Ер нь жил зургаан сарын хугацаанд бүтсэн дээ. Зохиол нь өөрөө гүнзгий философитой зохиол.

-Таны зургаан клип гарчээ. Нэг тоглосон бүтээл тань хүмүүсийн сэтгэл зүрхэнд их хурдан хүрч байна. Гэтэл тоглогчийнхоо хувьд та уран бүтээлдээ нэг их шунаглан орохгүй байх шиг харагдах юм. Шунахгүйгээр, их тайвнаар хандаж байна уу даа?

-Мэдээж, уран бүтээл хийх шунал асар их байна. Яг бүтээл гармагцаа хүмүүст амархан хүрдэг гэж би харахгүй байгаа. Хүний сэтгэлд хүртлээ их л урт замыг туулдаг юм. Хэрэв сайн бүтээл хийе гэвэл зүгээр нэгэн цагт хит болоод өнгөрөх биш он цагийн шалгуур давах, олон жил амьдрах бүтээл хийх хэрэгтэй. Тийм бүтээл хийхэд цаг хугацаа их ордог. Ер нь хэцүү. Гэхдээ цөөхөн ч гэсэн бүтээлүүдийг маань хүмүүс сонссоор байна. Аль 2009 онд хийсэн бүтээлийг одоо болтол сонссоор, утсан дээрээ ч тавьчихсан байх жишээтэй, энэ бүхэн эргээд надад их урам өгдөг. Харин жаахан удаан ажиллаад байна, шуурхай биш байна гэсэн шүүмжлэл хааяа сонсдог л доо.

Тоглох зохиолууд бол маш их байна. Монголынхоо хөгж­мийн зохиолчдын бүтээлээс аль болох тоглох юмсан гэсэн хүсэл их байдаг. Анх уран бүтээлээ эхэлж байхад өвөө маань надад хэлж байсан юм. “Сайн байна, миний охин, уран бүтээлч сэтгэлгээтэй юм байна. Дэлхийн сонгодгийг хүн бүхэн тоглодог. Монголын хөгжмийн бүтээлүүдээ тог­лохгүй орхиод байна. Монгол бүтээл чинь тоглохгүй орхиод байгаа болохоос хичнээн гайхамшигтай бүтээлүүд билээ. Тэрийг тоглож гаргаж ирж, олонд хүртээх хэрэгтэй юм шүү” гэж хэлж байсан. Үнэхээр ч бид монгол хөгжмөө тоглож хүмүүст хүргэж явах юм бол нэгдүгээрт, улс үндэстнийхээ энэ том соёлыг авч үлдэх, хоёрдугаарт уран бүтээлчдэд маш том өв сан нээгдэж байгаа юм л даа. Хөгжим бүжгийн сургуулийг бид сонгодгоо тоглоод төгсдөг. Гэтэл өөрөө уран бүтээл хийгээд, монгол зохиол руугаа ороод ирэхэд манай Монголын хөгжим үнэхээр гайхамшигтай. Жишээ нь, Хангал гэхэд л Монголын сонгодог. Тэгэхээр бидэнд тоглох зохиол бол маш их. Харин тэр дундаас алийг нь яаж тоглох вэ гэдэгт их хугацаа ордог. Сонгодог хөгжим бол жишээ нь поп ч юм уу бусад арилжааны урлаг шиг хурдан хурдан өдөр болгон гаргаад байх бололцоо байхгүй юм л даа. Сонгодог гэдэг чинь өөрөө жинтэй, цагийн уртыг туулж үлддэг тэр шалгуураараа хийхэд бас маш их хугацаа шаарддаг урлаг юм.

-Д.Лувсаншарав гуай, өвөө тань таны тоглож олонд хүргэсэн бүтээлүүдээс алийг нь илүү тоож, сэтгэл хөдөлж хүлээж авч байв?

-“Тань руу нүүж явна” киноны хөгжим дээр өвөөгийн сэтгэл их хөдөлсөн байх. Маш таашааж хүлээж авч байсан юм. Яг ийм байдлаар, Монголынхоо хөгжмийн бүтээлүүдээс, одоо үед байхгүй ийм хөгжмийн зохиолчдынхоо бүтээлүүдээс цаашид зөндөө олон бүтээл хийгээрэй гэж хэлж байсан.

-Манай Монголын хөгжим бол үнэндээ судлагдаагүй эрдэнэсийн сан байгаа юм аа. Энэ рүү хандаж уран бү­тээлээ хийдэгт тань хүмүүс их таатай байдаг. Харин дэл­хийн сонгодгуудаас яг сонгодог үеэс та хэний хөгжимд илүү татагддаг вэ?

-Мэдээж, хөгжимчин бүр үе үеийн сор болсон бүтээлүүдээс тоглох хүсэл сонирхолтой. Яг сонгодог үеэс гэх юм бол, би Бетховены зохиолд илүү дуртай.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультай танилц

-Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох журмуудын төслийг боловсруулж дуусчээ-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ наадмын өмнө баталсан. Шинэ хууль есдүгээр сарын 1-нээс буюу ирэх мягмар гаригаас хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам бэлэн эсэхийг Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар батална. Мөн холбогдох байгууллагууд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх 25 журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Хууль зүйн сайд журмыг баталснаар цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх юм” гэлээ. Холбогдох дүрэм, журам нь батлагдсан даруйд сүлжээнд мэдээлэл суулгах зэрэг ажлыг хийхэд техникийн ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэнэ. Дүрэмд тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгахаар хуульчилжээ. Мөн Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам, Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам, Жолоодох эрх дуусгавар болох, сэргээх, Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам, Зам тээврийн ослын улмаас нас барсан, гэмтсэн хүнийг бүртгэх заавар зэрэг журам, заавар батлагдах юм байна.

Жолооч зөрчил гаргах бүрт оноо авч “хар дэвтэр”-т бүртгэгдэнэ

Зөрчил гаргасан жолооч, замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зөвхөн бэлэн бус хэлбэрээр торгууль төлнө. Мөн зөрчил гаргасны тоогоор оноо тооцуулж, “хар дэвтэр”-т бүртгүүлнэ. Хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг Хууль зүйн сайд батлах юм. Зөрчлийн оноог тооцохдоо Зам тээврийн осол, хэрэг зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлд үндэслэх юм байна. Зөрчлийн оноо тогтоосон дээд цэгт хүрсэн тохиолдолд жолооны эрхийг нь цуцлах аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан ажиллаж эхэлнэ. Нэгдсэн сан нь дотроо хэд, хэдэн төрөлжсөн сантай. Тээврийн хэрэгсэл болон жолоочийн бүртгэл мэдээллийн сан одоо ч бий. Үүнээс гадна жолооч таны сурсан жолооны курс, хэдэн машин, багштай зэрэг мэдээлэл мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх юм. Хэрвээ суралцсан жолооч нар нь зөрчлийн оноо ихтэй байвал тухайн жолооны курсийн эрхийг цуцлах үндэслэл болох аж.

Налайхын зам, Долоон буудалд осол их гардаг учраас лам нар ном уншиж байна гэсэн яриа гардаг. Тэгвэл аль замд осол их гарч байна, шалтгаан нь юу байгааг мэдээллийн санд албан ёсоор нэгтгэхээр болжээ. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээлэл байх аж.

Гадаадын иргэн олон улсын жолооны үнэмлэхээр нэг жил жолоо барих эрхтэй

Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ойлгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцах юм. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно. Гэхдээ энэ үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй. Зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох юм байна. Дотооддоо жолоо барих эрхийн үнэмлэхийг арав, олон улсын жолооны эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгоно.

Харин олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн манай улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Дараа нь хуулийн дагуу Монгол Улсын жолооны үнэмлэх авах юм байна.

Жолоодох эрхгүй этгээд согтуу машин баривал 768 мянган төгрөгөөр торгуулж, нэг сар баривчлагдана

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан этгээд жолоо барьсан бол 192 мянган төгрөгөөр торгуулна. Мөн ийм хүнд жолоогоо шилжүүлсэн машины эзэн 192 мянган төгрөгөөр торгуулах аж. Одоо мөрдөж байгаа хуулиар согтуу машин баривал эрхийг нь хасдаг. Тэгвэл шинэ хуулиар эрхийг нь хасахаас гадна торгох юм. Согтууруулах ундаанаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ жолоо баривал хариуцлага хүлээнэ. Согтуурлын зэргийг багажаар хэмжчих бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Согтуу, мансуурсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384 мянган төгрөгөөр торгож, жолооны эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийвэл мөн дээрх хариуцлагыг тооцох аж. Хэрвээ ийм зөрчлийг давтан үйлдвэл 30 хоног баривчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах юм байна.

Таны машиныг согтуу, мансуурсан хүн жолоодсон бол та бусдад жолоо шилжүүлсэн гэх үндэслэлээр 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооны эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 768 мянган төгрөгөөр торгож, нэг сар баривчлах шийтгэл онооно.

Ядарсан ажилтнаараа жолоо бариулбал 576 мянган төгрөгөөр торгоно

Хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар үүрэглэж яваад осол гаргах тохиолдол цөөнгүй бий. Орон нутагт гарсан зарим ослын шалтгаан, цаг хугацааг харахад үүрээр, шөнө дунд нойрмоглож явснаас үүдсэн байдаг. Тэгвэл шинэ хуулиар ийм тохиолдолд жолоочоос гадна тухайн иргэнийг ажиллуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээх юм байна. Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000, ийм хүнд жолоогоо шилжүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Ядарсан ажилтнаараа жолоо бариулсан бол хуулийн этгээд 576 мянган төгрөгийн торгууль хүлээх юм байна. Ядарсан эсэхийг хэдэн цаг тасралтгүй машин жолоодсоноор нь тогтоох гэнэ.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48 мянга, ийм хүнд жолоогоо шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр торгуулах нь.

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй машин жолоодсон бол иргэнийг 96 мянга, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Техникийн үзлэгт ороогүй, тэнцээгүй машин жолоодсон иргэн, хуулийн этгээд дээрх хэмжээний торгууль төлнө.

Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 19200 төгрөгийн торгууль төлнө

Цагдаа, түргэн, галын машин зэрэг тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан машины жолоочид давуу эрх олгоогүй бол 19200 төгрөгөөр торгуулах аж. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад нь тусгай дуут дохио хэрэглэхийг хоригложээ. Хэрвээ эдгээрээс өөр машинд дуут дохио, гэрлэн дохио суурилуулсан бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн шаардлага биелүүлээгүй, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохио, сигналаа дуугаргах журам зөрчих болон ослын дохио, тэмдэг зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгуулна. Мөн эгнээ байр буруу эзэлсэн, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хориглосон газар эргэсэн, гэрэл шилжүүлээгүй, явган хүний зам эсвэл авто замын гадна талаар явсан бол дээрх торгуулийг төлнө. Харин урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгуулна. Жолооч жолоо барьж байхдаа утсаар ярих, явган хүнд зам тавьж өгөөгүй, хамгаалах бүс хэрэглээгүй бол 9600 төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Мөн зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол дээрхийн адил хариуцлага хүлээнэ.

Хэт удаан явах, шаардлагагүй үед тормоз гишгэвэл хариуцлага хүлээнэ

Урд явсан машин огцом тормозлосноос болж осол гарахад арын машин зай бариагүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээдэг. Тэгвэл шинэ хуулиар жолооч шаардлагагүй үед хэт удаан явах, огцом тоормозлох эсвэл хурд хэтрүүлбэл 19200 төгрөгөөр торгуулна. Хэт хурдан явахдаа зөвшөөрөгдсөн дээд хязгаараас таваас илүү хувиар хэтрүүлсэн бол 48 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

Үүнээс гадна хүн тээвэрлэх журам зөрчвөл 96 мянга, ачаа тээвэрлэх журам зөрчвөл иргэн 96-192 мянга, хуулийн этгээд 576-768 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно

Ирэх мягмар гаригаас эхлэн гарцгүй газраар зам гарвал 19200 төгрөгөөр торгуулна. Явган зорчигч согтуугаар дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгуулах юм байна.

Үүнээс гадна зам тээврийн осол, хэргийн талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй бол иргэнд 19200, хуулийн этгээдэд 192 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Оршин байгаа газартаа хамаарах мөс, замын бохирдол цэвэрлээгүй, замын ойролцоо ажил, үйлчилгээ эрхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй бол иргэн 48 мянга, хуулийн этгээд 384 мянган төгрөгөөр торгуулна.

Хүүхдүүд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд орох нь их байдаг. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтнууд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрвээ 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэлд орсон бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг 192 мянган төгрөгөөр торгох юм.

Эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо нөхөн төлүүлнэ

Траншейны нүх эсвэл эвдэрсэн зам дээр машиныхаа эд ангийг эвдэх тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл шинэ хуулиар зам тавьсан, траншейн хариуцсан нөхдүүд жолоочийг хохиролгүй болгож өөрсдөө хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, “Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (192 мянга), хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр(960 мянга) торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ. Зам дагуух гэрэлтүүлгийн эвдрэл зам тээврийн осол гаргах нөхцөл бүрдүүлсэн бол мөн хариуцсан этгээдээр хохирлыг төлүүлж, албан тушаалтныг 384 мянга, аж ахуйн нэгжийг 960 мянган төгрөгөөр торгох аж.

Үндэсний зөвлөл шинээр байгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг УИХ жил бүрийн нэгдүгээр улиралд хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан, үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд хэрхэн ажилласан талаарх тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Энэ тайланг шинээр байгуулагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл тайлагнана. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийг тэнцүү оролцуулсан, орон тооны бус бүтэцтэй байх аж. Орон тооны ажлын албатай байх уг зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын бичиг баримт боловсруулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, тайлан гаргах үүрэгтэй ажиллана. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ч зам тээврийн ослыг бууруулах, урдчилан сэргийлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үүрэг хүлээжээ. Үндэсний зөвлөлөөс эхлээд орон нутгийн төрийн байгууллага, ИТХ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг байнга зохион байгуулах талаар хуульд тусгасан байна.

Үүнээс гадна зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, тээвэрлэх маргаан байнга шахам гардаг. Тэгвэл харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох үүргийг ИТХ хүлээжээ.

Б.Цэцэгдэлгэр

Categories
мэдээ нийгэм

Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны эхний хагас жилийн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж танилцууллаа.

Нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үзлэг шалгалтаар нийт 76 тэрбум 58,9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, тухай бүр залруулан ажиллажээ. Үүнд:

-Жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжэх шалгуур үзүүлэл-гүйцэтгэлийн KPI-г мэдээлээгүй 242 төсөвт байгууллага

-Төсвийн гүйцэтгэлийн 6 дугаар сарын мэдээг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй 10 төсөвт байгууллага

-Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын дүн гүйлгээг мэдээлээгүй 131 байгууллагын 72639284.8 мянган төгрөгийн гүйлгээ

-Тендер шалгаруулсан боловч Шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй 1 байгууллага
-Байгууллагын өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг цахим хуудсанд байршуулаагүй 73 байгууллагын 3419694.8 мянган төгрөг

– Эхний хагас жилийн санхүүгийн тайлан шивээгүй 165 төсөвт байгууллага

– Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт-гүйцэтгэлийг KPI-г мэдээлээгүй 8 ОНӨААТҮГ

Дээрх алдаа зөрчлийг дахин давтахгүй байхыг анхааруулж зөрчлийг арилгуулан ажилласан гэдгийг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж мэдээллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд санал хэллээ. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хуулийг хэрэгжүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч, хурдан хугацаанд хэвшүүлэх сургалт зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр хуулийг хэрэгжилтийг сайтар хангах боломжтой болно” гэлээ.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хуульд хэрэгжилтийг хангаагүй албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авахаар тусгасан байдаг. Тухайн заалтаар хариуцлага тооцох нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэх үүрэг өглөө. Мөн хуулийн хэрэгжилтэд тавьж буй хяналт, шалгалтаа үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн дотоод аудитын албанд даалгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Categories
мэдээ спорт

Олон улсын хүүхдийн наадмаас Ш.Шүрэнцэцэг алтан медаль хүртжээ

Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын Буриад улсын Кабаны районы Байгаль нуурын эрэг дээрх “Энхалук” зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт болж байгаа билээ.

БНХАУ, Монгол, ОХУ-ын хөвгүүд, охид өрсөлдсөн чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас тус бүр эрэгтэй, эмэгтэй есөн хүүхэд Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Н.Ариунболд, “Ховд нутгийн бөх” дэвжээний дасгалжуулагч Г. Гантогтох нарын удирдлага дор оролцож байна.

Өчигдөр болсон охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ширбазарын Шүрэнцэцэг алт, хөвгүүдийн 46 кг-ын жинд 1 мөнгө, хөвгүүдийн 54 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, охидын 62 кг-ын жинд Налайх дүүргийн Баярбаатарын Сарнай нар хүрэл медаль хүртжээ.

МУБИС-ийн Биеийн тамир, урлагийн сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав тус тэмцээний шүүгчээр оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг өнөөдөр зарлана

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байгаатай холбогдуулан товыг өнөөдөр зарлахаар болжээ. Төслийн нэгдүгээр ээлжийн 2592 айлын есөн давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины долоон давхар нэгдсэн автограж, зургаан ширхэг таван давхар үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн юм. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай явагдаж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажлын явц 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг албаныхан онцолжээ. Орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая 350 мянган төгрөг байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэл ирэх даваа гаригт явагдана

Ашигт малтмалын газраас нийт арван талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Энэ дагуу өнгөрөгч даваа гаригт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх ажлыг цахимаар авч эхэлсэн серверт нь алдаа гарсан байна. Тиймээс бүртгэлийг түр хугацаагаар зогсоод өнөөдрөөс ахиад эхлүүлж байна. Тодруулбал, серверийн алдааг шалгаж, дахин нягтлахын тулд өнөөдөр 11.00-11.05 цагийн хооронд таван минутын хугацаанд туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэл явуулахаар болсон байна. Туршилтын ажиллагаа тул мэдээллээ үнэн зөв бөглөхгүй байхыг АМГ-аас анхааруулжээ. Харин албан ёсны бүртгэл ирэх даваа гарагт явагдах юм.