Categories
мэдээ спорт

Эрдэнэдалай сумынхан гавьяат, начингууддаа хүндэтгэл үзүүлнэ

Улсын баяр наадамд хоёр бөх нь начин болж, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаж ирсэн жүдоч С.Мияарагчаа Гавьяат тамирчин болсон гээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынхан энэ жил сайхан мэдээ олныг дуулгасан билээ.

Тус сумынхан энэхүү баяраа тэмдэглэж, Гавьяат тамирчин С.Мияарагчаа, тус сумаас төрсөн шинэ начингууд болох А.Алтанхуяг, Э.Даш нарт хүндэтгэл үзүүлэх ёслол, сумын наадмаа нэгтгэн долдугаар сарын 30, 31-нд тэмдэглэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамын барилгын ажын талаар дараах арга хэмжээг авна

Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа автозамыг сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийг Засгийн газрын өчигдрийн /VII.28/ хуралдаанаас Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгажээ.

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх жил манай улсад зохион байгуулахтай холбогдуулан эдгээр зам, барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийн сонгон шалгаруулалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ.

Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн, боом өвчин гарсан Галуут сумын 2 дугаар баг, Галзуу өвчин гарсан Гурванбулаг сумдад аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас 7 хоног ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид эх орноосоо мордох гэж байна

9X1A9421-2200x800Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа юм.

Тус ажиллагаанд оролцож буй онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагчийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ.

9X1A944219X1A94739X1A9481

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч С.Эрдэнэбилэг

Эх орноо төлөөлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол нэр төрийн хэрэг юм.

Бид өнөөдөр дарга нартайгаа уулзаж, төрийнхөө болон онцгой байдлынхаа тугийг хүлээн авч, албаа сайн хааж, Монголын зэвсэгт хүчин болоод Онцгой байдлынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна гэдгээ уламжилж, дарга нараасаа үнэ цэнэтэй зөвлөгөө, захиасыг нь сонслоо. Сэтгэл их өндөр байна.

Сонгинохайрхан дүүргийн аврах гал унтраах 29-р ангийн салааны захирагч, Онцгой байдлын ахмад Ц.Оюундэлгэрэх

Энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газраас хоёрдугаар ээлж явахад бэлэн боллоо. 25 албан хаагч шат дараалсан олон шалгуурыг давж бүгд тэнцсэн. Энэ бол Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ямар хэмжээнд бэлтгэгдэж, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаагийн илрэл гэж бодож байна. Бид олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд аврах, эрэн хайх, нүүлгэн шилжүүлэх, татан гаргах үүрэг чиглэлийн дагуу өөрсдийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ дайчилж ажиллах болно. Ер нь манай бүрэлдэхүүний бие болоод сэтгэлзүйн бэлтгэл сайтар хангагдсан гэж үзэж байгаа. Бид нэгэн зорилго дор нэгэн сэтгэлээр үүргээ амжилттай биелүүлээд ирэх болноо гэж хэлмээр байна.

9X1A9465

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-нд хуралдуулахаар товлов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1/Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3/Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4/Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5/Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гарагийн 09.30 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.30 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд И.Летермийг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм энэ 7 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн И.Летермийг хүлээн авч уулзаж, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, цаашид төлөвлөж буй зорилтуудын талаар санал солилцов.

Монгол Улс ардчиллыг хөгжүүлсэн 25 жилийн туршлагаа бусад улстай хуваалцах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах зэргээр ажиллаж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дурдаж, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн бусад улстай тухайлбал, Мьянмар, Кыргыз, Афганистан улстай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлж, түүнийг улам бүр баяжуулан, өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Ардчилсан тогтолцоог бэхжүүлэх чиглэлд Монгол Улс бүс нутгаа тэргүүлэн, хамгийн идэвхтэй, санаачлагатай ажиллаж ирснийг Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летерм тэмдэглэж, талархал илэрхийлэв. Хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа улам бататгаж тус бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэрээр нотлов.

Монгол Улс тус байгууллагын гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалахтай холбогдуулан эл чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолт болно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байна.

Энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл – Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм. Жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолт нь Чингисийн талбайд Пүрэв гарагт 20 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын амьд тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далан саяын усан хөшиг долоо хонолгүй эвдэрчихэв үү

“Арслантай гүүр”-нээс урсах 70 саяын үнэтэй усан хөшиг долоо хоног хүрэхгүй богино настай байжээ. Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хурган дарга нар тууз хайчлан усан хөшгийн нээлтийг хийсэн. Хотын агаарын бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг нэмэх зорилгоор бүтээн байгуулсан гэх уг ажлаа 70 сая төгрөгийн өртөгтэй гэдгийг “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын дарга тодотгосон билээ. Гүйцэтгэгч “Хан-Урсгал” компанийн захирал бүсгүй зэвэрдэггүй хоолойгоор усан хөшиг хийснээ ярьж, гурван жилийн баталгаа амласан. Гэтэл өнөөх нь долоо хонолгүй ажиллахаа больчихлоо. Төмөр хоолой нь салж, скочоор тогтоочихжээ. Хөрсний усыг тусгайлан бэлтгэдэг цоргоных нь ам сэтэрчихэж.

Өндөр хөгжилтэй улс орон, хотуудын гүүрнээс урсах усан хөшиг ямар үзэсгэлэнтэй харагддаг билээ. Түүнтэй адил бүтээн байгуулалтыг түвэгшээх, буруутгах хүн байхгүй. Хотын өнгө үзэмжийг чимнэ гэж хүн бүр усан хөшиг нээгдэх талаар чих тавьж байсан. Гэтэл олны төсөөлж байсан шиг сайхан, нүд баясгасан бүтээн байгуулалт болсонгүй. Ерөнхийдөө Арслантай гүүрний усан хөшгийг арай л халтуурдчихлаа. Гүүрнээс бэхэлсэн төмөр хоолойны нүхээр ус гоожуулсан төдий ядмагхан ажил болжээ. Төмөр хоолойных нь өнгө үзэмж тамтаггүй. Ийм хоолой хэдийг холбож, гагнаад, насос хийхэд ихдээ л долоон сая төгрөг хангалттай гэж уншигчид ярьж байна. Арслантай гүүр 40 метрийн урттай. Үүнд том төмөр хоолой 120 метр, жижиг нь 100 метр байхад хангалттай гэнэ. Үүн дээр хаалт гэх мэт хэрэглэл нэмэгдээд дөрөв орчим сая төгрөг. Гэрэлтдэг цахилгаан кабель 200 метр, дагалдах хоолойтойгоо нийлээд 1.5-2 сая төгрөг. Усанд дүрдэг хоёр ширхэг насос 800 мянган төгрөг гээд нийлбэл хамгийн сайн материал найман сая төгрөг болно гэсэн тооцоог манай уншигч гаргалаа. Гэтэл энэ дүнгээс арав шахам дахин үнэтэй усан хөшиг хийсэн нөхдүүд нийслэлчүүдийг арай л дэндүү басамжилж байх шиг. Ийм байдлаар Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх вий дээ.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Буруу систем рүү орчихвол хувьсгал хийдэг байхгүй юу

Эхлэлийн эхэнд

1990 оны АИХ-ын депутатыг сонгох сонгуулиас
өмнө нэг намын системтэй байхад нэр дэвшигчид 99 хувийн дэмжлэг авч депутат
болдог байсан. Монголын түүхэнд Чингис хаан дэлхийг байлдан дагуулсан байдаг.
Үүгээрээ ч дэлхийн мянганы хүнээр шалгарч байсан. Тэгвэл энэ агуу хааны байлдан
дагууллаас хойш харин хагарч, бутарсан, хар амиа хичээсэн явдал газар авч
Манжид дагаар орж гундсан үе бий. 1911 онд Богд хаант улсыг байгуулсан хэдий ч
1921 онд ардын хувьсгал ялж коммунист үзэл суртал Монголыг бүрэн эзэрхийлсэн
билээ. Тухайн үед цөөхөн монголчуудыг гарал үүслээр нь ялгаварлан нэр
дэвшүүлдэггүй сонин тогтолцоо бүрдсэн байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үг
хэлдэг, хэвлэн нийтэлдэг эрх чөлөөтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана
амьдрахаа өөрөө шийддэг, гадаад дотоод руу явдаг, үзэл бодлоо илэрхийлдэг, шашин
шүтдэг эрхтэй болъё гэсэн шаардлагыг эрх баригчдад өгсөн. Ингэж хэлэлцээ
хийсээр эрх барьж буй Засгийн газар болон шинэ улс төрийн хүчнүүд ярилцаад 1990
оны зургадугаар сард анх сонгууль явуулахаар намууд нэгдсэн нь өөрчлөлтийн
салхи сэвэлзэх он жилүүдийн эхлэл байв.

1990 оны зургадугаар сард сонгууль явуулах гэж
байсан ч түр хойшилсон байна. Тухайн үед 18 насанд хүрсэн хүн сонгох, сонгогдох
эрхтэй байсан бол цагаан морин жилийн хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж
сонгогдох эрхийг 23 нас болгон өөрчилсөн байна. Гэвч үүнийг ардчилсан хүчнийхэн
хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн сонгуульд оролцохгүй гэж мэдэгдэл хүртэл
хийсэн тул аргагүйн эрхэнд хуучин эрхийг нь сэргээж байсан түүхтэй. МАХН зөвхөн
чиглүүлэгч байна гэсэн заалтыг хасч олон намын тогтолцоонд шилжин анхны
сонгуулиа явуулав.

АИХ-ын депутатыг сонгох ардчилсан анхны
сонгууль нь Сонгуулийн шинэ хуулиар явсан нь жинхэнэ утгаараа ардчилсан
сонгууль болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлж байлаа.
Депутатад нэр дэвшигчийг тасаг, бригад, нам, олон нийтийн байгууллага сонгож
байсан бол дүүргүүдэд 150 сонгогч нийлээд нэг хүнийг дундаасаа дэвшүүлэх боломж
нээгдсэн бөгөөд орон нутагт 50 сонгогч цуглаад нэр дэвшигчээ тодруулдаг байсан
юм. Түүнчлэн бие даан нэр дэвшигч анх удаа депутатад өрсөлдөх боломжтой болж
байжээ. 1990 оны долдугаар сарын 22-нд анхан шатны санал хураалт буюу
шалгаруулах санал хураалтад 2413 хүн нэр дэвшсэн тухай архивын баримтад бий.
Ингэж л 1990 оны долдугаар сарын 29-нд анх удаагаа монголчууд бүрэн эрхтэйгээр чөлөөт
сонгууль өгч байсан.

Сонгуулийн үр дүнд АИХ, Улсын Бага хурлаа
байгуулж Р.Гончигдорж гишүүн Монгол Улсын дэд Ерөнхийлөгч болж байлаа. Түүнчлэн
Улсын Бага хурлын даргын албыг давхар хашиж асан цаг. УБХ-ын хамгийн гол ажил
нь Үндсэн хуулийг батлах байсан тул үүргээ сайн гүйцэтгээд тарсан. Дараа нь
1992 оноос УИХ-ын сонгууль явагдаж эхэлсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг
хүртэл УИХ-ын зургаа, Ерөнхийлөгчийн зургаан удаагийн сонгууль явагдаад байгаа
билээ. Өнөөдөр бид дэлхий дахинд ардчилсан улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж
чадсан, нэг нийгмийн байгууллыг нөгөө нийгмийн байгууллаар сольсон. Нийгмийн
байгуулал өөрлөгдөх бүрийд үймээн самуун дэгддэг жишиг байдаг ч монголчуудын
хувьд тайван замаар асуудлаа шийдэж чадсан нь хамгийн том гавьяа болов.
Түүнчлэн өөр нэг ололттой зүйл нь улс төрийн болон эдийн засгийн шилжилтээ нэг
дор хийж чадсан юм аа. Энэ сонгуулиар Монгол Улс санал асуултаар асуудлаа
шийддэг шинэ механизмтай болсон нь тэр. Одоо сонгуулийн үр дүн ямар ч гарсан
хэн ч гайхахаа больсон. Ийм гайхамшигтай эхлэлийн цэг нь 1990 оны долдугаар
сарын 29-ний анхны ардчилсан сонгууль байсан юм.

1990 оноос өмнөх монгол хүний дундаж наслалт 62
байсан бол одоо 69 нас болсон нь хамгийн том ололт гэхээс яахав. Нэг хүнд
ноогдох ДНБ-ий хэмжээ 10 дахин нэмэгдсэн. 1991 онд Зөвлөлт холбоот улс задарч
Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсон. Түүнээс өмнө манай эдийн засгийн 70
хувь нь Оросын хараат байсан юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, цуунаас өөр
зүйлгүй байсан Монгол Улс эдийн засгийн шилжилтийн зовлонг даван туулсан. Гэх
мэтчилэнгээр ардчилсан сонгуулиас хойш бий болсон түүхэн үйл явдлууд их билээ.

Тогоо таслуулж, уулзалтад ирсэн иргэдтэйгээ
заалнаасаа хөөгдөж явсан гэнэ

Монгол Улсад ардчилал бий болоход гол үүрэгтэй
оролцсон байгууллага бол Монголын оюутны холбоо билээ. Тэгвэл Монголын оюутны
холбооноос ганц хүн АИХ-д нэр дэвших боломжтой байсан. Тэр боломжоо алдалгүй
гарч ирсэн хүн бол өдгөөгийн УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд юм. Түүнтэй
ардчилсан сонгуулийн талаар ийн ярилцлаа.

-1990 оны долдугаар сарын 29-ний өдөр Монголын
түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэр нь анх удаа олон намын
системтэйгээр сонгуулиа зохион байгуулсан. Тухайн үед та Монголын залуучуудын
холбооноос нэр дэвшин АИХ-ын депутат болж байсан дурсамжаа дэлгэхгүй юу?

-Ардчилсан хувьсгалын ялалт мөнгөөр
үнэлэгддэггүй, нийгмийн өөрчлөлтөөр үнэлэгддэг. Тэр нь 1990 оны долдугаар сарын
29-ний АИХ-ын депутатыг сонгох сонгууль байсан. Монголын ард түмэн анх удаа
өөрсдийн хүссэн хүнээ сонгох сонголтыг хийсэн. Нэг намын хатуу тогтолцоонд шударга
ардчилсан сонгууль явуулна гэдэг хэцүү бөгөөд гарааны нөхцөл нь ч өөр юм. 430
депутатаас цөөхөн хэдэн ардчиллын хүн сонгогдсон л доо. Гэсэн хэдий ч энэ
сонгуулийн бахархал нь юу гэхээр улс төрийн намын санал хураалтаар ардчиллын
төлөөх хүчин 40 гаруй хувийн санал авсан явдал. Энэ нь өөрөө том ялалт. Тухайн
үед эрх баригч намд маш том цохилт болсон. “Эднийг дэмжих хүн
байхгүй” гэсэн бодолтой явсан тэд 40 гаруй хувийн санал авахад нэгийг
бодсон байх. Тэр үед Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай шууд шинэ намуудаас урьж
үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан. Энэ нь өөрөө Монголын ирээдүй
зөв явах эхлэл болсон.

АИХ яахав тухайн үед хоёрхон жилийн настай
байлаа. Гэхдээ шинэ нийгмийнхээ гол үндэс суурийг тавьж чадсан юм. Миний хувьд
оюутан залуусаа төлөөлөөд АИХ-д нэр дэвшсэн. Учир нь сургууль соёлоо төгссөн
ганц хүн нь би байв. Тэр бүр оюутны төлөөлөлд нэр дэвших газар олдоно гэдэг
хэцүү. Тиймээс ардчилсан хүчнийхэнтэй ярилцаж байгаад Багануур дүүрэгт
өрсөлдсөн.

-Хэдэн хүнтэй өрсөлдөн гарч ирсэн юм?

-Улс төрийн хоёр хүчин хоёр талаас хүнээ гаргаж
өрсөлдүүлсэн. Би нийт сонгогчдын 55 хувийн санал авч АИХ-ын депутат болж байсан
юм. Тэр үед ямар нэгэн сурталчилгаа, шоу гэж байсангүй. Бид зөвхөн уулзалт л
хийдэг байлаа. Үнэндээ иргэдтэй уулздаг ганц арга хэлбэртэйгээр сонгуульд орсон
юм. Шадар туслагч гэж сонгуульд дэмжиж ордог гол хүмүүс байдаг. Миний шадар
туслагчаар С.Зориг агсан, Да.Ганболд, Багануурын Ардчилсан холбооны дарга
Даваадорж гэх мэт хүмүүс байсан бөгөөд тэдэнтэйгээ хамтран “0”-ээс бүх зүйлийг
эхэлж байлаа. Би өмнө нь Багануураас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тэнд
амьдарч байсан л даа.

-Бэрхшээл хэр тулгарч байв?

-Яаж амар байхав дээ. Иргэдтэй уулзалт хийе
гэхээр тог тасалчихна. Зааланд хурал хийх гэхээр түлхүүр нь олдохгүй зовооно.
Тэгж тэгж уулзалт хийгээд эхлэнгүүт “Наад заалаа чөлөөл” гэнэ. Уулзалтад ирсэн
иргэд тэр чигээрээ өөр танхим руу явж уулзалтаа үргэлжлүүлдэг тийм л үе байлаа.
Тиймээс түүхэн ховор цаг үе байсан гэхэд болно.

-Н.Батбаяр гишүүнтэй ярилцаж байхад шүдэнз
тарааж сурталчилгаа хийдэг байсан гэсэн. Харин та сурталчилгаагаа хэрхэн хийсэн
бол?

-Тэр үед бидэнд мөнгө байгаагүй. Байсан
мөнгөөрөө зочид буудлын хоёр өрөө хөлсөлж ажлаа явуулна шүү дээ. Хувийнхаа
видео тоглуулагчийг аваачин орон нутгаар өөрсдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаа
цацдаг байсан юм. Миний хувьд ямар нэгэн зүйл тараагаагүй. Тараасан зүйл гэвэл
танилцуулга бүхий мөрийн хөтөлбөр л байсан. Тухайн үед эрх баригч намынхан чинь
шал өөр. Телевизээр сурталчилгаа нь яваад л. Бидний хувьд зөвхөн иргэдтэй
уулзаж л сонгуулийн ажлаа хийсэн. Түүнээс ямар нэгэн концерт тоглосонгүй.
Алдартай хүмүүсийг авч ирж гангарсангүй. Угаасаа тийм зүйл мэддэг ч үгүй
байлаа. Бор зүрхээрээ л сонгуульд оролцож явсан.

-Ард түмний сэтгэхүй сонгуульд хэр бэлтгэгдсэн
байв?

-Тэр үед хувьсгалын шок гараагүй байсан.
Хувьсгалын шокоос гарах ганц зам бол сонгууль юм. Тухайн үед оюутны холбоо
санаачлан ардчиллын төлөөх дөрвөн хүчний улс төр хийж, дөрвөн хүчний хамтарсан
зохион байгуулалтаар цуглаан хийдэг байлаа. Бид хамтарч байгаад зорилтуудаа
тодорхойлон нэг намын дарангуйллыг болиулж, чөлөөт сонгууль явуулъя гэсэн.
Үндсэндээ энэ хямрал, улс төрийн мухардлаас гарах ганц гарц тэр л байсан.
Хувьсгал хийж байсан манайханд улс төрийн хүчнүүд айхтар санал тавьж байсан юм.
Тэд Ард түмний онц шүүх байгуулж, болохгүй байгаа хүмүүсийг шийтгэх маягаар
явъя гэсэн. Үнэндээ 1937 оны хэлмэгдүүлэлтийн эсрэг хэлмэгдүүлэлт болгох гээд
байлаа. Мөн Ардын түр хурал байгуулна гээд засгийн эрхийг хүчээр булаан авах
хүсэлтэй байсан юм. Энэ зарчмыг гадаадад бүү хэл дотооддоо ч хүлээн
зөвшөөрөхгүй зүйл. Үнэндээ олон сарын тэмцэл ухуулга, маш их цаг зав зарсан
ажил болж байж ерөнхийдөө хуулийн хүрээнд, энх тайванч, нэг ч цонх хагалалгүй,
ард түмнийхээ хүсэл зорилгод суурилсан хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа ялсан.
Тэр үед үнэхээр балмад хүмүүс ч байсан.

-Таныг нэр дэвшиж байхад С.Зориг, Да.Ганболд
тэргүүтэй шадар туслахууд ямар зөвлөгөөг танд өгч байсан бол?

-Тухайн үед тэд нийгмийн том хувьсгалын
удирдагчид байлаа. Улс төрийн дөрвөн хүчин тэр дундаа Ардчилсан холбоо,
Монголын Үндэсний Дэвшил намынхан тойрогт нь очиж ажиллана гэсэн. Одооны
манайхны ганц санал яаж авах вэ гэдэг тийм ойлголт байсангүй. Уулзалт хийхэд
заал үргэлж дүүрэн байдаг байсан юм. Нийгмийн том өөрчлөлт гэсэн том хүрээний
асуудал яригдаж байсан нь хүмүүст их хүрсэн байх. Тиймээс ардчилсан хувьсгалд
голлох үүрэгтэй оролцсон хүмүүс ард түмний дэмжлэг авч 1992 онд УИХ-д сонгогдож
байлаа. Богино хугацаанд сонгууль явагдсан болохоор бид тэр богино хугацаанд
430 хуваагдаж тойрог бүрт ажиллаж чадаагүй. Цөөн хэдэн тойрог дээр ажилласан.
Ажилласан тойрог дээрээ гарсан шүү. Ардчилал шинэчлэлийн өөрчлөлт ард түмэнд
зөв очсон нь хамгийн чухал байсан юм. “0” хувьтай байсан нам нэг сонгуулиар
шууд 40 хувийн санал авна гэдэг гайхалтай. Тухайн үед бид нэг байсан ч зориуд
гурав хуваагдсан. Хэлэлцээрийн ширээний ард суулаа гэхэд нэг нам нэг л удаа
ярина. Харин гурав болчихвол тэд нэг ярьж байхад бид гурван өөр зүйлийг ярих
боломж нээгдсэн. Ард түмэндээ хүрэхдээ ч их нэмэртэй байсан.

-АИХ-ын депутат болчихоод хэр баярлаж байв. Гэр
бүлийнхэн тань яаж хүлээн авсан бол?

-Тэр үед би 30 нас ч хүрээгүй явлаа. Манайхан
бол хувьсгал гээд зүйл рүү яваад байгаа, түүн рүүгээ явсан байх л гэж хүлээж
авсан. АИХ-ын депутат боллоо гээд баярлаж байснаа огт санахгүй байна. Хувьсгалт
үйл явц чинь шууд үргэлжлээд явж байсан тул АИХ, Улсын Бага хурал гэсэн нэг том
эргүүлэг дотор л явсан гэхэд болно. Тэр үед ялсан энэ тэр гээд баярлаж байсан
тухайгаа нэг ч санахгүй байнаа. Хэцүү, түгшүүртэй, ойлгомжгүй, ирээдүй бүрхэг,
юм хаашаа ч эргэж болохоор байсан. Тиймээс АИХ-ын депутат боллоо гээд баярлах
шалтгаан үнэхээр олдоогүй.

-Тухайн үед Монгол Улсад ардчиллыг бий
болгохоор зориг шулуудан явсан залуусын зорилго биелэлээ хэрхэн олов?

-25 жилийн хугацааны өндөрлөгийг эргэн харахад
зарим талаараа тэр үед мөрөөдөж ч байгаагүй хэмжээнд хүртлээ хөгжиж дэвшсэн.
Ард түмний өнцгөөс харахад болохгүй зүйл их л байна. Ялангуяа ардчилсан нийгэмд
дутагдал нь ил байдаг тул илүү юм шиг харагдах тал бий.

Том зорилго буюу ардчилсан хувьсгал ялснаараа
гол зорилго биелсэн. Ардчилсан хувьсгал бүрэн төгс ялаад явж байна гэвэл үүнтэй
санал нийлэхгүй. Харин ч өнөөдөр эмзэг байгаа. Бид 2000 онд үүнийг харсан.
Цаашид ч гэсэн эмзэг байна.

-1992 оны анхны сонгуулиас хойш УИХ-ын болон
Ерөнхийлөгчийн, тус бүрдээ зургаан удаагийн сонгууль явуулсан байна. Гэсэн ч
сонгуульд санал өгөх иргэдийн идэвх буурч байгааг юу гэж тайлбарлах вэ. Цаашид
сонгуулийн системийг хэрхэн өөрчлөх нь зөв бол?

-Сонгуулийн хувь буурч байгаа нь ердийн явц.
Сонгууль болгоноор 5-10 функтээр буугаад явах байх. 50 хувиас л доошоо орж
болохгүй. Хэрэв тэгвэл монголчууд ардчилалдаа сэтгэл алдарч байгаагийн илрэл
болох юм. Хуучин 99 хувь нь санал өгдөг байсан. Бид энэ байдлыг өөрчлөхийн тулд
л явсан. Улс төрийн идэвхжил гаргаж байгаа нийгмийн тэр хүрээ нийгмээ аваад
явдаг. Бусад нь тэдэнд даатгаад, итгээд явдаг л даа. Буруу систем рүү орчихвол
хувьсгал хийдэг байхгүй юу. Тийм болохоор энэ нийгмээ зөв авч явах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Ногоон байгууламжид зүтгэвэл өртгийн зөрөөг бусад эх үүсвэрээс босгох боломжтой

УИХ-ын гишүүн С.Оюун АСЕМ-ийн чуулганы үеэр хувийн хэвшлийнхэн олон үйлчилгээ шинээр нээх, мөн Монголд ногоон байгууламжид хөрөнгө босгох боломжтой гэж үзэж байна.

-Та АСЕМ-ийн үеэр хувийн хэвшлийнхэнд олон боломж гарна гэж ярьсан түүнийг тодруулах гэсэн юм?

-Энэ том уулзалт тухайн улс, тэр тусмаа байгуулагдаж байгаа хотдоо ихээхэн боломж олгодог туршлага байдаг юм байна. Мэдээж түүн дотор аялал жуулчлалын салбар орно. Зоогийн газар зочид буудал гээд олон салбарт дэвшил авчирна. Эдгээр салбарт оруулсан хөрөнгөө нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгөө чанаржуулах зэрэг ажил хийгдэнэ. Мэдээж нэг их хөрөнгө оруулалт хийж чадахгүй байх. Харин оруулсан хөрөнгөө чанаржуулах, өөрөөр хэлбэл үйлчилгээ барилга байгууламжийн чадавхыг дээшлүүлээд авах хэрэгтэй. Чуулганы үеэр тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ. Энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн маш сайн ашиглах хэрэгтэй.

-Манай эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Төр, засгийн тэргүүнүүд, дээр тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ирнэ. Тэдэнд зөв, бодит мэдээлэл өгч чадвал, тэд чинь Монголд ийм боломж байгаа гэдгийг мэдээд өөрийн орны бодлогыг чиглүүлэх чадвартай шийдвэр гаргагчид болохоор одоо байгаа байдлаас гадна шинэ санаануудыг дэвшүүлж болно.

-Шинэ санаа юу байж болох вэ?

-Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй мэдлэг мэдээллийн салбар гэж байна. Жишээлбэл IT салбар байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй программ, апликейшн зохиогоод мөнгө хийж болно. Соёл урлагийн салбарынхан шинэ санаанууд хэлж байна. Монголын урлагийн зөвлөл Ази Европын урлагийн санд санал хүргүүлж байгаа гэсэн. Тэр Ази Европын урлагийн хамтын том бүтээл бий болгох хөтөлбөр. Ази Европын кино фестиваль зохион байгуулах гэх мэт сонирхолтой, хөрөнгө мөнгө бага шаардах боловч цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрэг болох олон санал байгаа юм билээ.

-Та Гадаад хэргийн сайд байсан хүний хувьд энэ чуулганыг сайн хийхийн тулд юуг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна?

-Ийм том чуулганыг зохион байгуулах нь үнэхээр нүсэр ажил. Аюулгүй байдлыг хангахаас эхлээд дэд бүтэц, хоол хүнс гээд олон асуудал үүснэ. Гэхдээ бид Ардчилсан орнуудын чуулганыг даргалж байхдаа аятайхан зохион байгуулсан туршлага бий. Гэхдээ тэр үед 5-6 орны тэргүүн ирж байсан бол энэ удаа 50 гаруй орны төрийн тэргүүн ирэх гэж байна. Би бас хамаагүй ярьж болохгүй санаа зовоод байна л даа. Гэхдээ хувийн хэвшлийнхэн бид ийм үйлчилгээ үзүүлмээр байна гээд Үндэсний хорооныхонд санал тавих хэрэгтэй. Магадгүй Үндэсний хорооныхон ч дотооддоо ямар үйлчилгээ байгааг мэдэхгүй толгойгоо гашилгаад сууж байж мэднэ.

-Та Байгаль орчин ногоон хөгжлийн сайд байхдаа ногоон хөгжлийн тухай их ярьдаг байсан. АСЕМ-ийг ногоон хөгжилд ашиглах боломж байна уу?

-Ногоон хөгжил гэдэг ойлголт дэлхийд ихээхэн газар авч байна. Энэ манайд харьцангуй шинэ ойлголт. Жишээлбэл байшин барилаа гэж бодоход дулааны алдагдалтай, нүүрс ус нь дийлдэхгүй яаран сандран ордог. Нөгөө байгууламжийнх нь урсгал зардал олон жилийн туршид өндөр болохоос гадна байгаль орчинд ч багагүй хохирол учруулна. Тэрний оронд анхнаасаа эко чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой байгууламжийг нь зориглоод барьчихвал ирээдүйн үр ашиг өндөр, хор нөлөө нь бага байна гэсэн тооцоо байдаг. Хөрөнгө оруулалтыг энэ зүг рүү хандуулах хэрэгтэй байгаа юм. Миний ойлгож байгаагаар энэ чиглэлээр барилга барьж эхэлж байгаа гэсэн.

-Хаанаа, хэн барьж байна?

-Би Үндэсний хорооны гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Ийм мэдээлэл гарсан байсан. Тэр дулаан алдагдал маш бага, заавал уурын зуух барихгүйгээр өөрт дулааныг шийдсэн эко барилга гэж үзэж байгаа юм билээ.

-Эко барилга хөрөнгө оруулалт их шаардана гэж яриад байгаа шүү дээ?

-Үнэн. Гэхдээ миний бодлоор бол хөрөнгө мөнгөгүйдээ биш. Тэртэй тэргүй барилга барихад хөрөнгө гараад л байна. Хүрэн барилга барьж байгаа мөнгөн дээрээ жаахан мөнгө нэмэхэд л ногоон барилга боломжтой болно. Өмнө нь ногоон барилга хүрэн барилгаас 30 хувийн илүү үнэтэй байсан бол одоо технологи хөгжөөд арван хувийн л зөрүүтэй болж байна. Энэ зөрүүг олон улсын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах сан гэх мэт байгаль орчныг хамгаалах сангуудаас дэмжлэг авах, төсөл хөтөлбөр хэлбэрээр шийдэж болно. Жишээлбэл Япон улстай “Нүүрсхүчил багатай хөгжлийн хөтөлбөр”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хувийн хэвшилтэй хамтраад нүүрсхүчлийн хийг багасгах хөрөнгө оруулалт хийвэл Японы сан оруулсан хөрөнгийн 50 хүртэл хувийн хэмжээний хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ. Мэдээж барилга барих мөнгө өгөхгүй л дээ. Шинэ технологид нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Магадгүй хөрөнгө оруулалт нь эко барилгад 20 хувиар илүү байгаад ирээдүйдээ түүнээс илүү ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй байх нь хөгжих үндсэн нөхцөл болж байгаа тухай олон баримт байна.

-Энэ бодлого хэрэгжих магадлал хэр байна?

-Энэ жилийн арванхоёр­дугаар сард Парижийн гэсэн нэртэй уур амьсгалын өөрчлөлтийн талаар гэрээ бай­гуулагдах нь тодорхой болж байх шиг байна. Өмнө нь Кио­тогийн гэрээ байгуулагдсан. Түүнээс хойш томоохон гэрээ байгуулагдаж чадалгүй өнөөг хүрсэн.

-Парижийн гэрээ Киото­гийн гэрээнээс юугаараа ялгаатай вэ?

-Киотогийн гэрээнд АНУ, БНХАУ нэгдээгүй байсан. Киотогийн гэрээг Япон, Европын холбоо л урагшлуулж байсан. Гэтэл хамгийн их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг улс орон чинь АНУ, БНХАУ, Энэтхэг нийлэхээрээ нүүрсхүчлийн хийн 50 хувьд хүрч байгаа юм. Одоо Парижийн гэрээнд АНУ, БНХАУ нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэтхэг бас тодорхой амлалтууд өгсөн.

-Буурай орнуудад энэ нь ямар ашигтай вэ?

-Энэ том гүрнүүд гэрээнд нэгдчихээр дэлхий даяараа ногоон хөгжлийн замд орно. Өөрөөр хэлбэл тэдгээр орнуудын буурай орнуудад оруулах хөрөнгө оруулалт нүүрсхүчил багатай, эко үйлдвэрлэл, байгууламж руу чиглэнэ гэсэн үг. Хөгжил багатай орнууд хүрэн байшин барьчихаад түүнийгээ эко болгох гэж дахиад баахан мөнгөний эрэлд гардаг. Тэгвэл өндөр хөгжилтэй хөрөнгө оруулахдаа анхнаас нь эко байгууламж, техник технологи, үнийн зөрүүний дэмжлэг зэрэг асуудалд анхаарлаа хандуулж эхэлнэ.

-Зарим орнууд манайд хөрөнгө оруулах гэхээр сайн төсөл нь байдаггүй гэж ярьдаг. Ногоон төсөл бариад очвол давуу тал болно гэсэн үг үү?

-Тэгнэ. Ялангуяа манайх шиг оронд бол илүү сонирхолтой байх болов уу. Азид анхны эко хот гээд Майдар цогцолбор баригдаж байна.

-Манай улс дэлхийн байгаль хамгаалах сангуудтай хэр холбоотой ажилладаг вэ?

-Нэлээд холбоотой ажилладаг. БОНХАЖЯ-ан дээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах” хөтөлбөр өнгөрсөн жилээс эхэлсэн. Таван жилийн хугацаатай 20 тэрбум төгрөгийн өртөгтэй.

-Тэр их мөнгөөр юу хийх вэ?

-Менежмент гэдэг нь удирдлага, бүтэц, зохион байгуулалтаас үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулал­тын асуудлыг шийднэ. Байгаль хамгаалагчдын унаа, холбооны хэрэгсэл, барилга байшин гээд шийдэх асуудал олон байгаа. Туул голыг хэр­хэн цэвэршүүлэх тухай судал­гааны бичиг баримт гарчихсан байх. ТЭЗҮ гэдэг бичиг баримт хамтраад гаргана. Тэгээд цэвэрлэх байгууламжаа янз­лаад эхлэнгүүт Туул голоо цэвэршүүлэх ажиллагаа хийх байх.

-Цэвэрлэх байгууламж сайжирчихвал Туул гол цэвэршинэ биз дээ?

-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлээр цэвэрлэгдэх ч юм байгаа. Цэвэрлэгдэхгүй ч юм бий.

-Мод тоолсон гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Мод ч биш л дээ. Манайд анх удаа Германы хөгжлийн агентлагтай хамтраад ойн тооллого хийсэн.

-Ямар ашигтай тооллого вэ, дүн нь гарсан уу?

-Энэ тооллогоор ойн ямар хэмжээтэй талбайг ямар мод эзэлж байна, ямар шингээх чадвартай вэ гэсэн дүн гарна. Үүн дэр үндэслээд цаашид ойтой холбогдсон байгаль хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрөөр мөнгө босгох боломжтой болно.

-4000 га газар сэргэшгүй, эзэнгүй болсон гэсэн…

-Би хавар нэг хуулийн төсөл санаачлаад явуулсан. Тэр газрыг сэргээхийн тулд хаа нэгэн газраас сан байгуулах хэрэгтэй. Тэр санг нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг гурван хувиар бүрдүүлэх саналтай байгаа юм. Нэг уул уурхайгаас болоод сүйдсэн газар болохоор ийм замаар тэр газруудыг нөхөн сэргээе гэсэн юм. Тэгсэн Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг хэмжээг өөрчлөх чинь их хэцүү юм байна. Энэ татварын 70 хувь нь хүний хөгжлийн санд, 30 хувь нь орон нутагт ордог. Дээр эзэнгүй талбай гэж байх ёсгүй эзнийг олоод нөхөн сэргээхгүй юу гэдэг байхгүй юу. Гэтэл эзнийг нь олох гэхээр эсвэл нинжа нар, эсвэл 1990 онд байсан улсын үйлдвэрийн газар байна. Бас өөрөө сэргэнэ гэсэн яриа байдаг. Тийм байсан бол сэргэчих хугацаа болсон.

-Тэгээд таны санаа хэрэгжихгүй болсон уу?

-Тэгсэн чинь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг өөрчлөх боломж хавар гарч ирсэн. Энэ хуулийг гишүүдийн 66 хувиар өөрчилдөг байсныг зогсоогоод 50 хувиар өөрчлөх боломж бүрдсэн. Тэгээд би даруухнаар ганц хувийг нь л нөхөн сэргээлтэд зарцуулъя гэсэн санал оруулсан.

-Нэг хувь нь тэр их газрыг нөхөн сэргээхэд хүрэлцэх үү?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж жилд 300-400 тэрбум төгрөг ордог гэсэн. Цаашдаа хоёр толгой хөдлөөд эхэлбэл нэмэгдэнэ. Яахав жилдээ багаар тооцоход 3-4 тэрбум төгрөг зарцуулаад яваад байхад ямар ч байсан тодорхой хэмжээгээр багасаад л байна. Харин цаашид эзэнгүй газар гэсэн ойлголтыг гаргахгүй байх хэрэгтэй. Одоо бол компаниудад хатуу хяналт тавьж байгаа. Нэг удаагийн л арга хэмжээ байхгүй юу. Энэ чинь бидний муухай өв болчихоод байна шүү дээ. Гаднаас хүн ирж цэвэрлэхгүй биз дээ.

Х.Баттөгс