Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг NHK телевизэд ярилцлага өглөө

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы NHK телевизийн сурвалжлах багийнханд ярилцлага өглөө. Тус телевизийн сэтгүүлч, Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болоод хоёр орны харилцааны талаар Ерөнхий сайдаас сонирхсон байна.

1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм. Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, ялуулж болдгийг дэлхий дахинд харуулсан гэдгийг онцолжээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд түүхэндээ анх удаа бүх нийтийн сайн дурын үндсэн дээр яс үндэс, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол үл харгалзан хэн нэгэн урьдчилан томилогдсон хүнийг бус олон намаас дэвшүүлсэн төлөөллийг чөлөөтэй, шууд, нууц санал хураалтаар сонгох жинхэнэ ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан юм. Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн энэ баярын утга учир, агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх- Ардчилсан сонгуулийн өдөр болгох шийдвэрийг ойн босгон дээр гаргалаа гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

Монгол Япон хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Япон улсын Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Монголл, Япон улс зөвхөн эдийн засаг бус хоёр орны ард түмний харилцан итгэлцлэл, соёл, хүмүүнлэгийн болон бусад олон талт харилцаанд ихээхэн амжилт олно гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилцлагадаа дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд хилчид мордоно

Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорихоор болсон. Энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин олон улсад үүрэг гүйцэтгэхээр мордоход бэлэн болоод байгаа юм. Эдгээр албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн авч уулзан үүрэг чиглэл өгч, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нь амжилт хүслэн эх орон, ард түмэн, нийт хилчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлээд эргэн уулзахын ерөөл тавив. Хилчид ийнхүү Монгол цэргийн нэр хүндийг өргөн НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, байгууламж, техник тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэргээр олон улсад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны наадамд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүгийн эзэн, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо нутгийн зон олонтойгоо Хөдөлмөрийн баатар цолоо тэмдэглэж, наадам хийж байгаа билээ. Энэ сарын нагоя башёд түрүүлж, 35 дахь түрүүгээ хүртсэн тэрбээр даваа гарагийн орой эх орондоо ирсэн юм.

Энэхүү наадамд их нас, даага насны шандаст хүлгүүд хурадаллаа. Мөн хүчит 128 бөх зодоглосноос Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм. Мөн өнөөдөр болж буй наадам, ёслолын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр ДЦС-5 төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компани, нөгөө талаас, ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез,30хувийгэзэмшигч), СОЖИЦ КОРПОРАЦИ (30хувийгэзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ (30хувийгэзэмшигч), НЬЮКОМ ХХК (10хувийгэзэмшигч)компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигчтэй гарын үсэг зурлаа.

Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцыг барьж байгуулан ажиллуулах юм. Тус станц нь агаарт хаягдах SO2 болон NOx-ын ялгарлыг ихээхэн бууруулах, мөн ялгарлын хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн хяналт тавих удирдлага хяналтын системтэй эргэлдэгч буцламтгай давхаргат шаталтат технологи бүхий гурван зуухтай байна. Станцад агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар Монгол улсад хомсдолтой нөөцөд тооцогддог усны хэрэглээг маш их хэмжээгээр бууруулах болно.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан байгууллагууд нь уг гэрээний дагууДЦС-5-ын үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг бүрэн хэмжээгээр худалдаж авах бөгөөд станцаас нийлүүлэх дулааны эрчим хүчээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрэлт хэрэгцээг хангана. Шинэ станц нь хүн амын өсөлт болон уул уурхайн салбараас шалтгаалан өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангахад хувь нэмрээ оруулна.

Барилга угсралтын ажлын хугацаанд ДЦС-5 төсөлд 2,700 хүртэл ажлын байрыг шууд бий болгож, олон тооны дотоодын туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулах боломж бүрдэнэ.

ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбар дах Төр – Хувийн хэвшлийн хамгийн анхны түншлэл болж байгаагаараа онцлог бөгөөд 1984 оноос хойш Монгол улсад баригдах гэж буй анхны том хэмжээний дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг станц болж байгаа юм.Тус төслийг 25 жилийн хугацаатай Концессийн гэрээний дагуу Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр хэрэгжүүлнэ.

Гарын үсэг зухах ёслолд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон тус яамны газар хэлтсийн дарга нар байлцав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал юм

Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулсан юм. Тэрээр Олон улсын хүндэтгэлийн хурлыг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Эрхэм хүндэт гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид,Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Юуны урьд та бүхэнд Монголын түүхт анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдрийн Олон улсын хүндэтгэлийн хурлын энэхүү танхимд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчид, мөн гадаадын таван улс орон, олон улсын есөн байгууллага, хавсран суугаа 13 элчин сайд, Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүн 26 хүн зэрэг гадаадын 114 төлөөлөгч, хүндэт зочид морилон ирснийг сонордуулья.

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Манай хурлын үйл ажиллагааг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Ийгл, Блүүмберг телевиээр орон даяар шууд дамжуулж байгаагаас гадна дотоодын 64, гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид хүрэлцэн ирж нэвтрүүлэг, сурвалжлага хийж байгааг дуулгая.

Монгол орны хувьд 1990 оны өдөр бүхэн түүхэн үйл явдлаар дүүрэн байсан. Тэдгээрийн нэгэн оргил үйл явдал бол яах аргагүй 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан сонгууль юм. Энэ сонгуулийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал ийнхүү эхэлж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Хүндэтгэлийн хурлын эхэнд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын удирдагчдын нэг, 1990 оны АИХ-ын Сонгуулийн 427дугаар тойргийн депутатаар сонгогдсноос хойш Монголын улс төрийн амьдралд тасралтгүй оролцож ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ: “Хурлын эрхэм дарга, хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсан ярилцахаар цуглараад байна. Юуны өмнө Монголын ард түмний хийсэн түүхэн, шинэ, ардчилсан сонголтын ойн чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн эрхэм хүмүүст гүн талархлаа илэрхийлье.

Эдгээрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн, Европын Комиссын Ерөнхийлөгч ЖанКлод Юнкер, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн Холбооны Улсын дэд Ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн Ан Сан Сү Чи нар энэхүү хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн байна.

Мөн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд онцгой ач холбогдол өгч, цаг заваа гарган, сэтгэл гаргаж олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн эдгээр зочдод дахин гүн талархал илэрхийлье. Энэхүү танхимд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон төр, засаг, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, мөн Монголд суугаа дипломатууд, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

Энэхүү Хүндэтгэлийн хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч ноён Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд ноён Раживардхан Сингх Ратхор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Унгар Улсын Парламентын дэд дарга ноён Янош Латорцай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан ноён Ли Мен Бак, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерм, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе нар бидний урилгыг хүлээн авч биечлэн хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.

Дээр нэр дурдсан эрхмүүд болон энэхүү хуралд оролцож байгаа нийт хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад болсон анхны ардчилсан сонгуулийн ойн баярын мэнд дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Хурлын эрхэм дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан гурван дүгнэлтийг хэлье.

Нэг. Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол Монголын ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт байсан. Монголчуудыг хэн ч энэ сонголтыг хий, энэ сонгуульд оролц гэж албадаагүй, шахаагүй юм. Монголын ард түмэн өөрсдийг нь төрд төлөөлөх элч төлөөлөгчдөө анх удаа, бүх нийтээрээ, бүрэн эрхээ эдлэн сонгосон.

Энд товчхон нэг жишээ дурдъя. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд 430 суудалд нийтдээ 2413 хүн өрсөлдсөн байдаг. Тус сонгуульд манай улсын нийт сонгогчдын 98 хувь нь оролцож саналаа өгсөн. Энэ ирцээс харахад энэхүү сонгууль нь Монголчууд бүх нийтээр оролцсон, анхны ардчилсан, чөлөөт сонгууль байсан.

Энэхүү сонгуулийг тухайн цаг үеэс дөрвөн жилийн өмнө буюу 1986 онд болсон сонгуультай харьцуулъя. Тухайн 1986 оны сонгуульд 370 суудалд 370 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ 99.9 хувийн саналаар сонгогдсон байдаг.

Хоёр. Өмнө нь өөрийн эрхээр, нам төрөөс тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо Монголчуудын ярьдгаар гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байсан. Харин одоо төр засгийн, аль нэг намын оролцоогүйгээр амьдралаа аваад явж, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт юм.

Монголчууд бага зүйлийг “гарын таван хуруунд багтах” гэж, харин эсрэгээр нь их зүйлийг “толгойтой үснээс их” гэж ярьдаг. Өмнө нь тэгж чөлөөтэй амьдралаа зохицуулдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан иргэд гарын таван хуруунд багтдаг байсан бол өнөөдөр үнэхээр өөрсдийн амьдралаа төр засаг, удирдагч, нам, дарга нараас хараат бусаар авч явж байгаа иргэдийн тоо улам бүр ихэсч байна. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт юм.

Ер нь Монголын хөгжлийн философи нь Монгол хүн бүрэн эрхтэй, Монгол хүн бүхэн амьдралаа авч явах чадалтай байхад оршино гэж би үздэг.

Гурав. Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал. Монголын ардчилал бол зөвхөн Монголын ард түмний нэг удаагийн чөлөөт сонголтын үр дүн төдий биш юм. Энэ бол аливаа ард түмэн бүрэн эрхээ эдэлж, өөрийн сонгосон замаараа хөгжиж дэвжих эрхтэй, боломжтой гэдгийг харуулж байгаа бодит нотолгоо, амьд үйл явц юм. Үүгээр ч барахгүй Монголын ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болж чадсан.

Бид өнгөрсөн 25 жилд алдсанаа засч, амжилтаа ахиулан, иргэдийнхээ эрх, бүтээлч оролцоонд түшиглэн улам бүр урагш хөгжин дэвшинэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Хурлын эрхэм дарга,

Эрхэм нөхөд өө,

Цаашид анхаарах шаардлагатай гурван зүйл хэлээд үгээ өндөрлөе.

Нэг. Монголын ардчиллын хөгжил дэвшил, зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална. Монголчууд яах гэж энэ сонголтыг хийсэн юм бэ? Жаргавал өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй асуудал олон бий. Энэ бүх бэрхшээлийг даван туулж цааш амьдаръя гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Үүнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл, сорилт олонтаа тохиолдсон. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй юм.

Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрийн хүчнүүд, ардчиллын төлөө хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан. Хэцүү шийдвэрийг Монголчууд бид хамтран хэлэлцээд цааш явж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хоёр. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл байна. Фашизмыг дарж, дайныг төгсгөсөн тухай ярилцаж, үүний ойг сүр дуулиантай тэмдэглэдэг. Гэвч тухайн үйл явц чухам ямар нөхцөлд бий болсон юм, фашизм гэдэг тэр үзэгдэл хэрхэн өрнөсөн юм гэдгийг бид онцгой анхаардаггүй. Үүнийг бид анхаарах нь зүйтэй гэж боддог. Өнөөдөр дэлхий нийтэд терроризмын аюул нүүрлэж байна, терроризмтэй тэмцэж байна, терроризмыг дарж байна гэж ярих болсон. Гэвч энэ бүхэн ямар нөхцөлд бий болж байна, үүний үзэл санаа хэрхэн бүрэлдэж байна вэ гэдгийг бид онцгой анхаарах ёстой.

Бид коммунист дэглэмийг унагаж, ардчилсан нийгэм байгуулсан тухай ярьдаг. Гэтэл энэ коммунизмын үзэл чухам ямар орчинд бий болсон юм, хэрхэн дэлгэрсэн юм бэ гэдгийг бид анхаарах ёстой. Үүнийг мартаж болохгүй.

Гурав. Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм. Бид хэцүү замыг сонгож аваад явж байгаа. Монголчууд бид хэрэв хэцүү, зовлонтой замаар явбал үүний цаана сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг. Ийм учраас бид өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан ардчиллыг сонгосон юм.

Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр дахин бий болгоно.

Төгсгөлд нь өөрийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийн, ардчиллаа өлгийдөн авч, өдий зэрэгтэй өсгөж тордон авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Их баярлалаа.

Мөн ардчиллын төлөө амь бие, амьдралаа зориулан зүтгэж яваа олон мянган хамтран зүтгэгчиддээ баярлалаа. Монголын ардчилалд халуун гараа сунган тусалж дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж байдаг нийт сайн санаат хүмүүс, байгууллагуудад баярлалаа.

Ингээд Монголд болсон ардчилсан сонгуулийн 25 жилийн ой, бүрэн эрхт ардчилсан сонгуулийн өдөрт зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

70 сая төгрөгөөр бүтээсэн гэх усан хөшгийн бодит зардлыг тооцоолжээ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хотын хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрэнд гэрэлтдэг усан хөшиг хийсэн. Өнгөрсөн долоо сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн энэ усан хөшиг долоо ч хонолгүй эвдэрчээ. Гүйцэтгэгч “Хан-Урсгал” компани бөгөөд гурван жилийн баталгаа гаргаад байсан билээ. Харин арчлалт, тохижилтыг нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллах юм байна. 70 сая төгрөгийн өртгөөр боссон энэхүү “усан хөшиг”-ийн бодит зардлыг мэргэжлийн хүн үнэлж, тооцоо гаргасан гэв.

Categories
мэдээ спорт

ОХУ-ын боксчин гурван холбооны дэлхийн аварга цолоо хамгааллаа

Мэргэжлийн боксын WBA, WBO, IBF холбооны дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаан боллоо. АНУ-ын Лас Вегас хотод зохиогдсон уг тулаанд ОХУ-ын С.Ковалёв, Францын Н.Мохамедыг хүнд цохилтоор ялсан аж.

С.Ковалёв өрсөлдөгчөө буулгаж авснаар 29 тулааны 28-нд ялагдаагүй гэсэн гайхалтай үзүүлэлтээ хадгалж үлдсэн. Мөн ОХУ-ын алдарт боксчин маань WBO холбооны бүсээ зургаан тоглолт дараалан хамгаалж чадлаа.

Мэргэжлийн боксын тулаантай холбоотой дахин нэг мэдээлэл хүргэхэд ирэх аравдугаар сарын 17-нд АНУ-ын Нью Йорк хотод Казахстаны Г.Головкин, Канадын Д.Лемье нар халз тулаан хийхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн 13 цэцэрлэгт 37 нэр төрлийн тоглоом хүлээлгэн өглөө

Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсролын төслийн хүрээнд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 13 цэцэрлэгт 64 998 117 /жаран дөрвөн сая есөн зуун ерэн найман мянга нэг зуун арван долоо/ мянган төгрөгний 37 нэр төрлийн 4 багц тоглоомыг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Ирэх намар ашиглалтад орох “Буянт Ухаа-2”-т нийгмийн бүх давхаргынхныг хамруулна

“Буянт Ухаа-2” хорооллын барилга угсралтын ажил 97 хувьтай байна. Гадна засварын ажил нь 80 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Гадна шугам сүлжээ, өндөржилт, хорооллын зам, гэрэлтүүлгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажил нь эхэлсэн бөгөөд 30-45 хоногийн хугацаанд дуусах юм байна. Төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд эхний ээлжийн 22 барилга ашиглалтад орох аж. Харин ТОСК-ын зүгээс эхний ээлжинд 22 биш 30 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гадна инженерийн шугам сүлжээний ажлыг дулааны улиралд хийгээд дуусгачихвал хугацаандаа ашиглалтад орох юм байна.

“Буянт Ухаа-1” хороололд зорилтот дөрвөн бүлгийг хамруулж байсан. Залуу гэр бүл, төрийн алба, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад иргэн гэх дөрвөн бүлгийг хамруулсан бол энэ “Буянт Ухаа-2” хороололд нийгмийн бүх давхаргыг хамруулах ажээ. Тухайлбал, хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг ч нэмж хамруулна гэж ТОСК-ын тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд маргааш хагас ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.