Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонсголонгийн замыг хугацаанд нь буюу аравдугаар сарын сүүлээр бүрэн дуусгана гэв

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах “Гудамж” төслийн хүрээнд Сонсголонгийн автозамыг өргөтгөн шинэчлэхээр болсон билээ. Ийнхүү Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд аюулгүйн тойргоос Моносын уулзвар хүртэлх 5.4 км хүнд даацын автозам барих ажил өнгөрсөн онд эхэлсэн юм. Зам барилгын ажлын явц ямархуу байгааг сурвалжлахаар тийш хөдөллөө. Наадмын өмнөхөн Сонсголонгийн автозамын нэг урсгалыг нээчихсэн. Тус хоёр эгнээ бүхий замаар Моносын уулзвар, Нисэхийн аюулгүйн тойрог хооронд жолооч нар саадгүй зорчиж байгаа харагдав. Сонсголонгийн оршин суугчид “Нэг урсгалыг нь ч гэсэн хугацаанаас нь өмнө түр нээчихсэн болохоор шороо тоос босохгүй аятайхан байгаа. Өмнө нь бол эргэн тойрон бөөн цагаан тоос, шороо босоод, амьдрах аргагүй байдаг байлаа” гэцгээн сэтгэл хангалуун байлаа. Тэдний зарим нь хашаа байшингаа зарах гэж байгаад, шороо тоос босохоо больсон учраас больжээ. Моносын уулзвараас Сонсголон чиглэлийн 2.5 км замыг “Бадрах Ойл” компани тавьж байгаа бол үргэлжлүүлэн “Арц суварга” ХХК 2.64 км-ийг барьж, төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой. Биднийг очих үед бороотой байсан учраас замын бетон цутгалт хийгдээгүй байсан юм.

“Арц Суварга” компанийн хариуцсан талбай дээр очтол, Сонсголонгийн гүүрний ардхан талын шинээр цутгасан замынхаа борооны ус зайлуулах шугамын нүхийг экскаватороор ухаж байлаа. Мөн шинээр цутгасан замын хагаралтаас сэргийлэхээр токарийн зүсэлтийг хийж байв.

Энэхүү таван км га­руй үргэлжлэх хоёр урсгалт, дөрвөн эгнээ Сонсголонгийн хүнд даацын автозам нь 24 метрийн өргөнтэй. Дөрвөн эгнээ зорчих хэсгийн өргөн нь, нэг метрийн тусгаарлах зурвасын хамтаар 17 метр бөгөөд хоёр хөвөөгөөрөө тус бүр 1.5 метрийн явган хүн, нэг метрийн дугуйн замтай байхаар зураг төсвийг нь баталжээ. Олон хоногоор бороо орж байгаа нь төлөвлөгөөт ажлаас хойш татаж байгааг “Арц суварга” компанийн талбайн инженер Б.Болдхуяг хэлсэн юм. Тэрээр “Зам барилгын ажил эхлэхээс өмнө газар чөлөөлөлт, газар доогуурх шугам хоолойг зайлуулах зэрэг асуудлаас болоод ажил маань хугацаандаа эх­лээгүйг та бүхэн мэдэж байгаа биз. Гэтэл наад­мын дараахнаас олон хоно­гоор бороо үргэлжлэн орж, автозамын цут­галт хийхэд хүндрэл үүс­гэчихлээ. Дээр нь энэ зам бол 24 см-ийн зузаан, даацынх гэх утгаараа холбогдох стандартыг сайтар барих шаардлагатай. Дээрх шалтгаан, нөхцлүүдээс болоод өнөөдрийн (өчигдөр) байдлаар бид­ний ажил төлөвлөгөөт хугацаанаас 10 гаруй хоногоор хоцорч явна. Гэсэн ч хугацаандаа буюу ирэх аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр өөрсдийн бүхий л бололцоо, нөхцлийг дайчлан ажиллаж байна. Өдөр бороо орсон бол шөнө нь нөхөж, өнөөдөр бороонд хашигдан ажил­даа гараагүй бол маргааш нь ажил­лаж бай­на. Бороо орсноор замын бетон хучилт хийх хугацаа оройтохоос гадна тэгшилж индүүдээд явган болон дугуйн зам тавихад бэлэн болчихсон суурь урсаж, эвдэрдэг. Тус хө­вөөг дахин сийрүүлэн хатааж, бас индүүдэж тэгшилнэ” гэсэн юм. “Арц су­варга” компанийн ажил­чид автозамаа бүрэн цут­гаж дуусгачихаад дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийнхээ ажилд орох гэнэ. Тэдний тавьж буй дөрвөн эгнээ зам Сонсголонгийн гүүрийг дайрах хэдий ч тус гүүрийг өр­гөтгөн шинэчлэхгүй аж. Энэ тухайд инже­нер Б.Болдхуяг “Сонс­голонгийн гүүрний шинэч­лэлт бидний төлөвлөгөөт ажилд ороогүй. Жолооч нар дөрвөн эгнээ, шинэ замаар давхиж явснаа хоёрхон эгнээтэй хуучин гүүрээр гарах болчихоод байгааг Засаг дарга ан­хааралдаа авсан. Ирэх оны төсөвт хө­рөн­гийг нь суулгаж, Сонс­голонгийн гүүрийг өргөтгөн шинэчлэх тал дээр анхаарна гэдгээ мэдэгдсэн” гэв.

Тэдний цаахна талд байрлах “Бадрах Ойл” компанийн ажилчдын бай­ран дээр очлоо. Ма­шин техникүүд нь ажлын талбар дээр бус байрных нь гадаа зогсож байгаа харагдлаа. Бороо улам ч ширүүссэн учраас ажил­чид түр амсхийхээр ийн байрандаа цугларчээ. Бүгд л тэнгэрийн хаяа ширтэж “Ямар ч хаяа алга. Өдөржингөө зүсэрч орох янзтай. Ирэх наймдугаар сард бас ихэнх нутгаар бороотой гэсэн үг үү. Ажил хийлгэхгүй юм бай­на л даа” гэцгээж байв. Тус компани дөрвөн эг­нээ 2.5 км автозамыг борооны ус зайлуулах суваг, явган болон унадаг дугуйн зам, гэрэлтүүлэг, автобусны буудлын хамт мөн ирэх аравдугаар са­рын 30-нд барьж дуус­гах ёстой. Биднийг очих үед 16 метрийн өр­­гөнтэй автозамын зор­чих хэсгийн бетон хучилт 60 хувьтай явж байгаа гэдгийг “Бадрах Ойл” компанийн ахлах инженер А.Батболд дуул­га­сан юм. “Наадмаас өм­нө найман метрийн өргөнтэй нэг урсгалаа бүрэн ашиглалтад оруул­чихсан. Одоо эсрэг урс­галынх нь замын бетон цутгалтын ажил эхэлчихсэн. Өнөөдөр (өчигдөр) бороо орсны улмаас ажил бүрэн зогс­чихоод байна. Энэ мэт цаг агаар муудсанаас шалт­гаалаад замын ажил бага зэрэг удааширч байгаа ч хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнөөдөр л гэхэд бид 300 метр замд бетон цутгалт хийх гээд хоёр хоног саатлаа. Энэ зам бол 24 см-ийн зузаантай, даацын зам учраас өндөр мар­кийн бетоноор хийж байгаа. Тиймээс алдсан хугацаагаа нөхөх гэж яарч болохгүй. Яг л норм, дүрэм журмаар нь хийнэ. Тэр бүү хэл өндөр маркийн буюу хөлдөлт гэсэлтэд тэсвэртэй бетоноор гадаа нартай халуун байна гээд хамаа замбараагүй зам тавьж болохгүй. 28 градусаас доош халуунд үүгээр зам тавьбал илүү тохи­ромж­той. 800 орчим метр газар це­ментээр бэхжүүлсэн суурь хийгээд, газар шорооны ажил дуусна. Санхүүжилт хугацаандаа олгогдож байгаа нь бас ажлаа хэвийн үргэл­жүү­лэх боломжоор хангаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх” хэмээн өгүүлэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

“Соёл-Эрдэнэ” хамтлагт өнөөдөр “Алдрын од”-ыг гардуулна

Энэ жилээс эхлэн соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од”-ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулахаар болсон. Тэгвэл тэдэнд өнөөдөр 11:00 цагаас “Алдрын од”-ыг нь гардуулахаар болжээ. Мөн энэ үеэр “Хонхны дуу” клубээс С.Цогтсайханы нэрэмжит алтан цом, 100 сая төгрөгийг тус хамтлагийнханд гардуулах аж. Тус хамтлаг нь 1971 онд байгуулагдсан Монголын анхны рок поп хамтлаг билээ. “Сэтгэлийн жигүүр”, “Цэнхэр залаа”, “Зүрхний айзам”, “Учралын уянга”, “Тэмээн жингийн цуваа”, “Анхны хайрын дуу”, “Хүлээлт” зэрэг бүтээлүүд нь өнөө хэр ард олны хайртай дуунууд хэвээр байна.

Мөн өнөө орой 20:00 цагаас Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болно. Тоглолтын үеэр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн шилдэг бүтээлүүдээс 15-ыг нь рок попын төлөөллүүд дуулах аж. Дашрамд сонирхуулахад, тус “Алдрын од” шагналыг цаашид ч жил бүр шалгаруулалтаар олгох аж. Өнөө жилийн хувьд монголд эстрад урлагийг үндэслэсэн тул “Соёл-Эрдэнэ” хамтлагт өрсөлдөгчгүйгээр олгосон байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нүднээс далд юу ч үгүй

Нүднээс далд юу ч үгүй, нууцлах ч боломжгүйг 70 сая төгрөгийн өртөгтэй усан хөшиг харуулчихлаа. Сүр дуулиантайгаар нээсэн усан хөшиг 70 саяын үнэтэйг Шилэн данс харуулчихав. Хийсэн ажлынх нь нүүр царай, татвар төлөгчдийн мөнгөнөөс зориулсан дүнг нь хүмүүс хараад л “шүүчихлээ”.

Мэргэжлийн инженерүүд нийлээд өнөөх ажлынх нь төсөвт өртгийг тооцоод гаргаад ирэв. Хамгийн өндрөөр тооцоход материал 14, урсгалд нь зургаа, тээврийн зардал дөрвөн сая гээд хүснэгтэлж байгаад тооцоо хийгээд 23.7 сая төгрөгт багтана гэчихлээ. Чухам үнэнийг холбогдох байгууллагууд тогтоож, тайлбарлах биз ээ.

Харин энэ явдал ардчилсан, зах зээлийн нийгэмд хүн бүр нүд, чихтэй байх ёстойг харуулж байгаа хэрэг. Хүн бүрийг нүдтэй, чихтэй болгохын тулд Шилэн дансны тухай хууль батлагдсан.

Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хийсэн үйлдэл, зарцуулсан мөнгө бүгд нүдний өмнө ил байгаа учраас л иргэд шүүмжилж, дүгнэж, нөгөө нөхдүүд үйлдэл бүрээ хянахаас аргагүйд хүрч байгаа юм. Үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгөнд хуруу дүрэхгүй болно.

Categories
мэдээ улс-төр

“Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцоно

“Сайдын цаг” уулзалт өнөөдөр 12.00 цагаас Засгийн
газрын хуралдааны мэдээллийн төвд болно. Өнөөдрийн уулзалтад Хүнс, хөдөө аж
ахуйн сайд Р.Бурмаа оролцож мэдээлэл хийнхээр болжээ. Мөн хурлын үеэр тэрбээр
сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм байна. Сүүлийн үед түүнтэй
холбоотой таагүй мэдээллүүд их гарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хакухогийн бүсийг Х.Бат-Эрдэнэ 110 сая төгрөгөөр худалдан авчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Шёо Мөнхбатын Даваажаргалын “Хөдөлмөрийн баатар” цолны найр, хүндэтгэлийн мялаалга наадам түүний төрөлх нутаг Төв аймгийн Зуунмод хотноо өчигдөр боллоо.

Наадмын дараа Shangri-La зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэ үеэр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Шёо М.Даваажаргалын 20 дахь удаагийн түрүүгээ авахдаа өмсөж байсан бүсийг дуудлага худалдаагаар худалдаалжээ.

10 саяас дуудсан уг бүсийг 20 гаруй хүн сонирхож, үнэ хаялцуулсан байна. Харин тус бүсийг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ 110 сая төгрөгөөр үнэ цохин худалдан авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нийгмийн шилжилтийн ээдрээ

Баабар ингэж өгүүлэв

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЗАЙЛШГҮЙ ЗҮЙЛ БАЙЛАА

Доктор Чоёгийн Даваадаш “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” гэсэн судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Өдгөө Монгол орон нийгмийн нэг тогтолцооноос шал өөр тогтолцоо руу шилжилт хийж эхэлсний 25 жилийн ой тохиож байна. Төлөвлөгөөт эдийн засагтай, нийгэм улстөрийн захиргаадалтын системтэй автротар тогтолцооноос зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан систем рүү шилжилт хийсэн анхны орон Польш өнгөрсөн жил энэ түүхэн үйл явдлынхаа 25 жилийн ойг тэмдэглэсэнтэй харьцуулахад ийм шилжилт хийсэн 40 орчим улс орон дотроо Монгол нь анхдагчийн нэг юм. Бүх ард түмний чөлөөт сонгуулиар төрийн дээд эрх барих инстүүцээ нийтээр оролцон сонгож төлөөлөгчдийг нь тодруулсан процессийг л төр, нийгэм, улсын үйл явдал гэж үзэх учир Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл ч, Монголын “Ардчилсан холбоо” ч хэдийгээр үйл явдлыг эхлүүлэгч манлайлагч боловч улс орны болон нийт нийгмийн гэхээсээ тухайн байгууллагын тэмдэглэлт үйлс билээ.

Энэхүү нийгэм улс төр, эдийн засагт гарсан өөрчлөлт, өнгөрсөн 25 жилд болж өнгөрсөн шилжилтийн онцлог, бэрхшээл, ээдрээ, амжилтыг доктор Даваадаш задлан шинжилж мөнөөх өгүүлэлдээ өөрийн дүгнэлтийг өгсөн байна. Шулуухан хэлэ­хэд Монголын нийгмийн шил­жилтийн талаархи өдий зэргийн чансаатай, тал бүрээс нь харсан, нийгмийн шинжлэх ухааны задлан шинжлэх аргач­лал хэрэглэсэн дорвитой бүтээл өдий олон жил болоход гарсан тохиолдол бараг үгүй болов уу.

Даваадаш нь 1990 оны үйл явдлыг “Нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл бүтнээр нь эргэлт буцалтгүйгээр хувиргахыг нийгмийн их өөрчлөлт гэдэг” тул хувьсгал байсан хэмээн тодорхойлжээ. Энэ үйл явдал нь гаднаас бараг зуун хувийн хамааралтай Монгол орны хувьд 1984 оноос эхэлсэн ЗХУ-дахь өөрчлөн байгуулалтын уур амьсгал, Зүүн Европт 1989 оноос өрнөсөн коммуннист тогтолцооны эсрэг хувьсгал шууд нөлөөлснийг зохиогч ойлгомжтой тайлбарлажээ. Социализм, коммунизм бай­гуулах зорилт үзэл санаан хувьд ч, эдийн засгийн хувьд ч чадавхи нөөцөө бүрэн барсан байсан үе гэдгийг тодорхой гаргаж өгчээ. Хувийн өмчийн бааз суурь дээр тулгуурласан нийгмийн тогтолцооноос улсын өмч дээр тулгуурласан тогтолцоонд шилжих шилжилт 1921 оноос эхэлж, 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар гол утгаараа дуусгавар болов. Энэ шилжилт 40 жил үргэлжилсэн. Энэ хугацаанд үзэл суртлын хувьд теократ суртал нь марксизм ленинизмээр (сталинизмаар), улс төрийн хувьд хаант төр нэг намын ноёрхсон гадны хараат хүнд суртлын аппарат бүхий “социалист төрөөр”, эдийн засгийн хувьд хувийн өмчит суурь улсын өмчит тогтолцоогоор солигджээ. Хэрвээ социализм байгуулах нь л Монгол орны хувьд цорын ганц зорилт байсан юм бол энэ нь далаад он гэхэд бүрэн хэрэгжжээ. Нэг талаас оюун санаа, ёс суртахуун, сэтгэлгээний хувьд хувийн өмчийг үзэн ядах, хувийн аз жаргалыг огоорч хамт олны аз жаргалыг дээдэлдэг нийгэм байгуулах гэж бүхнийг хийснээс гадна аж үйлдвэр, газар тариалан, эрүүл мэнд, соёл боловсрол, хүн амзүйн хувьд чамгүй дэвшил хийн дундад зууны феодлын харилцаат хоцрогдсон нийгэм иргэншлийн замд эргэлт буцалтгүй орсон юм.

Монголын хувьд социалист нийгэм өөрийн хийж чадах болгоноо бараад хүйтэн дайн, хөрш орнуудын геополитик бодлогын хаялагаар өр зээлэн дээр дулдуйдсан зохиомол тогтолцоотой болсон үед 1990 оны ардчилсан хувьсгал ялж нийгмийн өөр тогтолцоо руу шилжсэн. Энэ процесс зайлшгүй байсныг доктор Даваадаш үндэслэлтэй гаргаж өгсөн байна. Угаасаа ардчилалгүй, хүний үндсэн эрх хөсөр хаягдсан, эдийн засгийн хөгжлийн “дотоод шаталтын хөдөлгүүр” огтоос үгүй, хүнд сурталт төрийн тогтолцоо ноёрхсон уг нийгэм хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг гольдролоос хазайн зожгирч, дэлхийн хөгжлөөс алслагдах болсон энэ үед бодит шаардлагын үүднээс Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих эхлэл тавигдсан хэмээн зохиогч онцлон тэмдэглэжээ. Хуучин дэглэмд нь зориуд барьж вакумжуулж байсан гадны хүчин өөрөө тамираа барин суларсан нь Монголд ардчилал бодитоор ялах үндсэн хөшүүрэг болсон юм.

ХОЁР ШАТТАЙ ШИЛЖИЛТ

Шилжилтийн эхэн үеийг Даваадаш Үндсэн хууль батлан мөрдөхөөс өмнө ба хойно хэмээх хоёр шатанд хувааж үзсэн байна. 1990 оны долдугаар сарын 29-нд Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж ард иргэдээс үүдэл бүхий төртэй байх бололцоо буй болон есдүгээр сарын 3-нд Улсын бага хурал байгуулагдан улс орон даяар мөрдөх хууль тогтоох үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. УБХ жил хагас ажиллахдаа Аж ахуйн нэгжийн хууль, Өмч хувьчлалын, Боловсролын, Албан татварын, Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, Хөдөлмөрийн, Гаалийн, Банкны, Сонгуулийн, Иргэний болон цэргийн үүргийн зэрэг нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавих зайлшгүй шаардлагатай олон хууль батлан гаргасан юм. Даваадаш энэ бүхнийг парламентат ёст шилжих хууль эрхийн тулгын чулууг богино хугацаанд тавьсан, түүхийн шан татсан зүйл хэмээн магтаад, гэвч тогтолцооны сонгодог утгыг бүрхэгдүүлсэн, хагас дутуу шинжтэй, Монгол орны онцлогийг харгалзалгүйгээр гадны хуулийг яаравчлан хуулсан хэмээн шүүмжилжээ. Энд нэг талаас санал нийлж буй боловч нөгөө талаас маргах өнцөг байна. Дэлхий нийтээр социализм нуран унаж байсан тэр үед 70 хувийн зээлээр амьдарч байсан Монгол улс тэжээгчээ алдан сүйрч байхад бушуухан шинэ тогтолцоондоо орохоос өөр арга байгаагүй. Үнэндээ яарах зайлшгүй шаардлагыг амьдрал тулгаж байв. Ерөнхий сайдын орлогч Бямбасүрэн Америкт айлчлахдаа “Бид социализмын мүзэй болж үлдэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн нь тэдний Монголд хандах бодлогод эргэлт болж ОУВС, Дэлхийн банкинд гишүүнээр элсүүлж хандивлагчдыг цуглуулах гол шижим болсон юм. Монголын эдийн засаг 70 хувийн гадны тэтгэлэгтэй байгаад гэнэт тасрахад түүний ядахнаа тодорхой хувийг ч гэсэн өөр газраас яаралтай нөхөх шаардлагатай байхад бид өөр яах байсан юм бэ? Яарахаас өөр арга байгаагүй. Мөнгөний ханшийг хоёр дахин унагасан 20-р тогтоолыг өдгөө олон хүн муучлан дайрдаг. Ленинградад хэвлэгддэг монгол төгрөгийн тоо хэмжээ, тархац, бодит ханш нь монголчуудын дээд эрх мэдэлд ч мэдэгддэггүй байлаа. Гадаадын 100 мянга орчим цэрэг, мэргэжилтэнд хичнээн хэмжээний үндэсний валют хадгалагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Ханш унагалт нь тэдэнд том цохилт болсон болохоос хадгаламжийн тухай ойлголт ч байхгүй монголчуудын тун цөөхөн хувийг эс тооцвол ямар ч нөлөө үзүүлээгүй. Харин үндэсний валютаа мэдэлдээ авахад аварга том амжилт болсон юм.

Дашдаваа энэ бүхнийг нийгмийн цоо шинэ харил­цааны эрх зүйн туршлага мэдлэг практик, тэр талын мэргэшсэн хуульч улс төрчид байхгүй байсантай холбон тайлбарласан нь тун оновчтой дүгнэлт болжээ. Нэгэнт бодит байдал ийм байсан болохоор өнгөрсөн хойно нь буруу замаар явсан, үндэснийхээ онцлогийг харгалзаагүй, гадаадын юм хамаагүй хуулсан гэх мэтийн шүүмжлэл нь өнөөгийн өндөрлөгөөс хэт “ухаалаг” мэргэн санаа гэлтэй. Дөнгөж тэнцэж ядан хөлд орж буй хүүхдийг багадаа горшоокноосоо байнга унадаг байсан тухай нь насанд хүрсэн хойно нь шүүмжлэлийн бай болгох нь аль зэрэг “ухаалаг” вэ? Шилжилтийн эхний үед зүүн германчууд барууны удирдлагатай, латвичууд канадын иргэн ерөнхийлөгчтэй, тэр байтугай киргизүүд хүртэл америк Сангийн сайдтай болчихоод байхад бид баруунд эрт гарчихсан монгол гаралтай хуульч эдийн засагч байтугай олигтой ганц лам ч үгүй байлаа шүү дээ. Орос, англи хэлээр гардаг “Монголия” сэтгүүл хавтсан дээрээ Чингис хааны хөргийг анх удаа хэвлэн гаргахдаа танихгүй учир Өгөөдэйн зургийг тавьж байсан үе шүү дээ. Бид дэлхийг байтугай өөрийн уламжлалаа ч мэдэхгүй сарнаас ирсэн хүмүүс байсан юм шүү. Манжийн болон Оросын вассал байх үеийн алдаа болгон гаднаас болсон, харин 90 оноос хойших нь бидний мэдэхгүй чадахгүй, үзэж хараагүй, сонсож ойлгоогүйн хөлд орох үеийн эндэл, гэхдээ л бусдад тохох аргагүй бидний л алдаа, биднийх учраас өршөөж болохуйц бахархал билээ.

Өмч хувьчлал, улаан ногоон тасалбарын талаар зохиогч нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Өнөөдөр хэнээс ч асуусан адилхан л дүгнэлт хэлэх биз. Гэхдээ тэр үед өөр хэнд ямар санал байсан юм бэ? Хувьчлал гэдэг үг байхгүй, анхны төсөл дээр нь “приватчлал” гэдэг нэрээр явж байсан юм. Ер нь дэлхийн түүхэнд бүх өмчийг хурааж авчихаад эргүүлээд хувьчилсан тохиолдол нэг ч байгаагүй. Хүн төрөлхтөн Октябрийн эргэлтээс өмнө бүх өмчийг улс нь хурааж авч байсан ганц ч тохиолдол мэдэхгүй учир эргүүлж хувьчлах асуудал хаана ч байгаагүй. Америкийн хятад судлаач араб үндэстэн Россабигийн дүгнэлт хэмээхээс Дашдаваа ишлэн олон улсын байгууллага, ялангуяа Дэлхийн банк, ОУВС-нг Монголд үл тохирох бодлого явуулсныг шүүмжилжээ. Дундад зууны Хятад болон өнөөгийн “ухаажсан” өндөрлөг зэрэг нь тухайн үеийн бодит амьдралаас ихээхэн зөрөөтэй. 1945 онд байгуулагдсан ОУВС нь ядарсан орны эдийн засгийн бэрхшээлийг оношлон тусалж дэмжиж явсан болохоос хувийн өмчийг жигшдэг сэтгэхүйтэй сюрралист ертөнцөд өмчийг эргүүлж яаж тараах тухай ямар ч ойлголт практикгүй байсан. Тэд Бангладешийн ядуурлыг ойлгож байснаас биш чихэндээ алтан ээмэгтэй, булган шүбтэй, жилд 100 кг мах иддэг мөртөө хувийн бүртгэлээр огт хөрөнгөгүй, доллараар тооцохоор дэлхийн хамгийн ядуу орны иргэдийг огт ойлгохгүй учир зөндөө л мангар төсөл хэрэгжүүлсэн нь үнэн л дээ. Гэхдээ л үндэсний үйлдвэрлэлийнхээ 70 хувийг социализм байгуулах гэж халтуурдаж суусны харамжинд аван амь зогоож байсан энэ ард түмнийг тэжээгчээ алдан гуриатаж байхад нь 40 хувь хүртэлх хэмжээгээр 10 жил дааж явсан нь факт шүү. Газар тариалан унасан, олон аж ахуй дампуурсан, ажилгүйдэл үүссэн, хот руу их нүүдэл буй болсон зэрэг олон сөрөг үзэгдэл нь захиргаадалтын аргаар барьж байсан хуучин тогтолцоо задарсантай илүү холбоотой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Пүрэвдоржийн тарни” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар танд хүрч байна.

Монгол Улсад ардчлсан анхны сонгууль болсны 25 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд олон улсын хүндэтгэлийн хурал өчигдөр болж, гадаадын олон хүндэт зочид оролцсон юм. Энэхүү түүхэн ач холбогдолтой үйл явдлын сурвалжлагыг эхний нүүрнээс тольдон уншаарай. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын индэр дээрээс хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлсэн байгаа.

Өдрийн сурвалжлагаар мэргэжлийн сумод дээд амжилт тогтоогоод байгаа Хакухо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны наадмыг онцолж байна. Төв аймгийн Зуун мод хотод болсон наадмаас манай сэтгүүлч ямар ганзагатай ирсэнийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас сонирхоорой.

Өнөө жил үр тарианыхаа 80 орчим хувийг алдана гэх цочирдмоор тоог тариаланчид дуулгаж байгаа билээ. Тэгвэл ургац ямар байгаа болоод цаашид асуудал хэрхэн байх талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, Монгол Улсын гавьяат агрономич Ц.Өөлдийн ярилцлагаас уншаарай.

Улс төр нүүрт анхны ардчилсан сонгуулийн ойн баярын сурвалжлага болоод тавдугаар цахилгаан станцыг барих концесын гэрээг баталгаажуулсан таатай мэдээллийг тусгажээ.

Баримт, үзэл бодол нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Пүрэвдоржийн тарни” нийтлэлийг толилуулж байна. Гарчигнаасаа эхлээд анхаарал татах энэ нийтлэлд юун тухай өгүүлснийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас унших боломжтой.

Баримт, үйл явдал нүүрт нийтийн тээвэрт өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн цахим картны талаарх сурвалжлагыг онцолжээ. Автобусны жолооч, кондукторууд смарт картны талаар мэдээлэл муутай байгаа гэнэ. Мөн энэ нүүрээс өндөр хүчдэлийн шон айлын хашаа руу унасан тухай ноцтой мэдээллийг унших боломжтой. Өндөр хүчдэлийн шон унахдаа тухайн хашаан дахь айлын гадаа тэргэн дотор унтаж байсан нярай хүүхдээс тохой зөрүүтэй өнгөрчээ. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй байна. Энэ талаар өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүнэ Л.Цандэлэгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа цагдаад мэдүүлсэн байна. Түүнийг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн буруутгажээ. Энэ талаар Л.Цандэлэг манай сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг сонины VII нүүрнээс унших боломжтой.

Цаг үе нүүрт тариалалтын явцын талаарх салбарын яамны мэдээллийг дэлгэрэнгүй хүргэлээ. Мөн эндээс Монгол Улсын гавьяат агрономич Ц.Өөлдийн ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.

Дэвжээ нүүрт Кёкүтэнхо Н.Цэвэгням эх о рондоо ирж гэрлэлтээ батлуулсан тухай, Усан сэлэлтийн ДАШТ-д манай дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болсон зэрэг мэдээллийг тусгалаа. Бас өнөө жилийн наадамд улсын цолонд хүрсэн Монгол Улсын начин Г.Баасандоржийн ярилцлагыг тольдоорой.

Categories
мэдээ улс-төр

БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийг угтах ёслол өнөөдөр /2015.07.29/ Чингисийн талбайд боллоо.

Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийг угтан мэндчилэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх албан ёсны уулзалт эхэллээ.

Эрхэм зочин айлчлалынхаа үеэр Ян Хамачек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал “Шангри Ла” зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон, олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүн зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ.

“Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус ойд зориулсан бэсрэг наадмыг Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хүндэтгэлийн хуралд оролцсон гадны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт сонирхууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чөлөөт ардчилсан сонгуулийн ололт амжилтаа улам бүр бататгахын төлөө УИХ-ын дарга З.Энхболд сүү өргөв

Анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэмсэг хатагтай, ноёд оо!

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан энд хуран цугларсан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье!

Монголын ард түмэн 25 жилийн өмнө буюу 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын 430 депутатыг сонгох болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт, ардчилсан сонгуульд оролцсон юм. Энэхүү сонгууль Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн 2 танхим бүхий парламентыг сонгож, Ардын Их Хурлын депутатыг 1 мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч пропорциональ тогтолцоогоор сонгосон юм.

Энэ сонгууль 1990 оны цагаан морин жил өрнөсөн Монголын ардчилсан хувьсгалын ялалтын үр дүнд монгол хүн сонгох, сонгогдох эрхээ анх удаа эдэлсэн түүхэн өдөр байлаа. Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийг боловсруулж, 1992 онд Ардын Их Хурлаар батлуулсанаар төр засгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улс зах зээлийн эдийн засаг бүхий шинэ нийгмийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орсон түүхтэй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өөрийн бие даасан хуулийн дагуу тус бүр 6 удаа зохион байгуулагдсан.

2012 оны Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль шинэчлэгдэн батлагдсан хуулийн дагуу эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдаж анх удаа сонгогчийн санал авах, тоолоход сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл ашиглаж, сонгогчийг хурууны хээгээр нь бүртгэх, гадаад улсад байгаа иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж чадлаа.

Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, уламжлалттай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж байгаадаа баяртай байна. Тийм ч учраас Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд 5 орны 70 зочид төлөөлөгчид оролцож байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай, ноёд та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Та бүхний эрүүл мэндийн төлөө,
Та бидний цаашдын хамтын ажиллагааны төлөө,
Чөлөөт ардчилсан сонгуулийн ололт амжилтаа улам бүр бататгахын төлөө энэхүү сүүг өргөн барьж байна. Сүү өргөж байгаа учир нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны нэгдсэн чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон учраас архи бус харин сүү өргөж байна. Та бүхэнд амжилт хүсье.