Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүр хэвлэгдэн, уншигч танд очиж байна. Тэргүүн
нүүрэнд Монгол Улсын харцага Н.Батзаяатай хийсэн ярилцлагыг онцоллоо. Энэ
жилийн наадмаар шуугиулсан барилдаан хийсэн тэрбээр “Дархан аварга Г.Өсөхбаяр
надаас “Би уначихсан уу” гэж асуусан” гэж ярилаа. Энэ ярилцлагыг нэгээс 13
нүүрнээс уншина уу.

Хөгжлийн бодлого судлаач, доктор
М.Найданхүү улсынхаа эдийн засгийн боломжуудыг хэрхэн харж байгаагаа улс төрийн
нүүрэнд ярилаа. Мөн улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар ярилцлага
өглөө. Тэрбээр МАН-ын Засгийн газраас гарах ёстой гэж үзэж байгаагаа яриад
УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Баримт үзэл бодол нүүрт
Хөвсгөлийнхөн наадмаар жуулчдыг хэрхэн зутраасныг асуудал болголоо. Аялал
жуулчлалын гол бүс хэтэрхий замбараагүй, хяналтгүй байна вэ. Энэ тухай III нүүрээс уншина уу.

Сав шим буланд хүрэн баавгайн
тухай нийтэллээ. Хөвчийн хүрэн баавгай тийм ч хойрго биш цагаа тулахаар давхиж
өгдөг амьтан гэнэ. Дэлгэрэнгүйг манай сонины зургадугаар нүүрээс уншина уу.

Энэ жилийн наадмаар Төв аймгийн
Сэргэлэн сумын нутаг Хөндлөн гэдэг газар 11 настай охиныг аав ээжтэй нь
хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийг талийгаачийн ач дүү үйлдсэн
нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Гурван хүний аминд хүрсэн гэх этгээд
хэн бэ. Энэ талаар Баримт, үйл явдал нүүрт онцолоо. Мөн өчигдөр орсон ширүүн
бороо нийслэлийнхнийг хэрхэн сандаргасан тухай сурвалжлага, элэгний эм
хэзээнээс хэрхэн худалдаалагдах талаарх цаг үеийн мэдээллийг 11 нүүрээс уншина
уу.

Барилгын материалын үнэ ханшийг
манай сурвалжлагч сурвалжиллаа. Энэ талаар тэргүүн нүүрнээс унших боломжтой.

Эдгээр болон цаг үеийн бусад
мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та,
манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой
бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ
гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт
холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид эрх чөлөө нэхэн чимээгүй суулт хийлээ

Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан сэтгүүлчид Чингисийн талбайд суулж хийж байна. С.Баттулгын гэм буруутай гэдгийг шүүх тогтоогоогүй байгаа бөгөөд долдугаар сарын 9-нд болсон шүүх хуралд Г.Буяндорж нарын шүүх хурал болж, хохирогчийн тал буюу С.Билэгтийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан хүсэлтийн дагуу хорьсон юм. Шүүхийн энэ шийдвэр нэг сэтгүүлчийн эрхэнд бус сэтгүүл зүйн салбарынхны эрхэнд халдаж байгааг тэнд байсан хүмүүс онцолж байв. Үнэний төлөө хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчийг бичсэн нийтлэлийнх нь төлөө хэзээд хорих, цагдах нөхцөл бүрдсэнийг энэ үйл явдал харуулж байгаа юм. Тиймээс сэтгүүлчид эрх чөлөө нэхэн чимээгүй суулт хийлээ.

Шүүхээс сэтгүүлчийг хорьсон шалтгаанаа “Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан” гэж тайлбарлаж буй юм. Энэ хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж С.Баттулгын өмгөөлөгч үзжээ. Тиймээс шийдвэрээ эргэн харах хүсэлт гаргасан ч одоогоор хариу өгөөгүй байна.

С.Баттулга сэтгүүлчийн хувьд Г.Буяндоржийн төлбөрт мэдээллийг л сайтдаа байршуулсан гэнэ. Түүнийх нь төлөө хэргийн хамсаатнаар татсан. Угтаа С.Баттулга гүтгэсэн бус Г.Буяндоржийн төлбөрт материалыг л нийтэлсэн гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгч өгч байна. Тиймээс сэтгүүлчийн эрхэнд халдсан үйл явдал болсон гэж үзэж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоног зогсооно

“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа манайд албан ёсоор мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралтай харьцуулахад, хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178 хувиар тус тус өссөн байна.

Ингэснээр тус компани өнгөрсөн улиралд 55 мянган тонн зэс, 238 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүнийг оролцуулж тооцвол, тус компани энэ оны эхний хагас жилд 89 мянган тонн зэс, 324 мянган унци алтны агуулга бүхий 346 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл: Бүх мэдээлэл нь нийт үйлдвэрлэл болон борлуулалтыг 100 хувиар илэрхийлсэн болно.

Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид 2015 оны хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааны хувьд бусад салбар нэгжүүдээсээ хамгийн сайн үзүүлэлттэй ажилласан. Үүний зэрэгцээ хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ маш сайн байж, баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн нь уурхайн олборлолт өндөр агуулгатай хэсэгт нэвтэрсэнтэй холбоотой” гэж мэдэгдээд байна. 2015 оны хоёрдугаар улирлаас Оюутолгой өндөр агуулгатай хүдэрт хүрч эхэлсэн. 2015 оны хоёрдугаар хагаст өндөр агуулгатай хүдэр боловсруулсан хэвээр байх төлөвтэй байна.

Туркойз Хилл компанийн зүгээс “Оюутолгой” компанийг энэ онд нийт 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ хэмээн хүлээж байна. Одоогийн байдлаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоногийн хугацаатай зогсоож, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Тэгвэл “далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсны дагуу “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компани Төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байгаа гэнэ. Туркойз Хиллийн хувьд 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийг батлахаар төлөвлөж байна гэж Оюутолгой компаниас манайд албан ёсоор мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын бондын арилжааг маргааш хийнэ

Монголын хөрөнгийн биржээс 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, 14.25 хувийн хүүтэй 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг маргааш хийхээр болжээ. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан уг үнэт цаасны арилжааны бүртгэлийг хийж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Мэргэжлийнхээ ур чадвараар дэлхийд өрсөлдөх залуучууддаа Ерөнхий сайд амжилт хүслээ

Засгийн газрын шийдвэрээр дэлхийн ур чадварын тэмцээнд манай баг анх удаа оролцох гэж байна.

Манай залуучууд 9 мэргэжлээр өрсөлдөнө. Анх удаа оролцож байгаа ч гэсэн монгол ажилчин залуучууд маань амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн хэлдэг. Оюуныхаа бядаар, гарынхаа ур чадвараар олон орны залуучуудтай өрсөлдөж улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, амжилт гаргана гэдгээ баг тамирчдынхаа өмнөөс Ерөнхий сайдад илэрхийлж байна гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.

Оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг сорьдог энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Бразильд болох энэ удаагийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны цахим карт 3600 төгрөгийн үнэтэй

Нийтийн тээврийн цахим төлбөрийн
систем энэ сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих юм. Одоогоор нийтийн
тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

Иргэд нийтийн тээвэрт зорчих
картыг автобусны буудлын ойролцоо байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр
худалдан аваад өөрийн боломжоороо цэнэглэх юм байна. Ингэхдээ автобусны буудал
дээр байрлах Карт борлуулах төвд хандаж, цэнэглүүлэх аж. Цаашид гар утас, АТМ,
интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх юм байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад
настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж
картыг олгох аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түр зуур хүчтэй бороо орлоо

Өнөөдөр 13.30 цагийн үед нийслэл хотод хүчтэй бороо орлоо. Бидний Нийслэлийн онцгой байдлын албаас авсан мэдээллээр Баянзүрх дүүргийн 1, 2-р хороонд болон зарим дүүргээс үерийн дуудлага иржээ.

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон голын дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 45-55 см нэмэгдэж, Өлзийт болон Хархорин сум орчимд үерийн түвшинг 10-40 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Онги голын адгаар усны түвшин өнгөрсөн өдрүүдэд нийт 85 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хөгшин Орхон, Ховд, Буянт, Байдраг, Онги зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн дүйчэн өдрийн хөтөлбөр

Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна. Энэхүү дүйчэн өдрөөр Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж. Бүтэн өдрийн турш Бурхан багшид усан тахил, цэцгэн тахил, хадган тахил өргөх үйл ажиллагаа явагдах юм байна.

Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох
“Эрдэм соёлын үйл ажиллагаа”-ны хөтөлбөр:

07.30-08.30: ТВ9 телевизээр шууд дамжуулан Одсэр ринбүчи их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.


08.30-10.15: Долоон гишүүнт залбирлын дагуу буяныг хурааж, нүглийг ариусгах Бурханы шашны зан үйл


10.30-11.00: Дээрхийн гэгээн III-р Далай лам ТВ9 телевизээр шууд дамжуулан Монголын ард түмэнд “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн” өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.


11.00-13.30: Дүнчүүр маани, Дэлгэр маани, Адистидийн дээдийг хайрлагч эх тэргүүтэй уншлага ном нийтээрээ хамтдаа уншина.


11.30-17.30: Монголын үндэсний номын санд “Судрын чуулган” үзэсгэлэн гарна. (Үнэ төлбөргүй)


13.00-15.00: Гэсэр сүмийн арын Заан хошуу овоон дээр “Тасга авах” “Ном хаялцах’ зан үйл болно. Төгсгөлд нь сан даллага авна.


13.30-15.30: Дээдэс лам нар “Бурхан багшийн намтар” “Бурханы шашны үзэл, явдал” “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн ач холбогдол” сэдвээр ном айлдана.


15.30-18.00: “Уншигчтай уулзах цаг” хөтөлбөр. Буддын шашны ном хэвлэл эрхлэн гаргагч байгууллага болон зохиолчид яриа хийж, уншигчдын асуултад хариулна.


18.00-20.30: Дээдэс лам нар “Хутагтын дөрвөн үнэн” “Монголд бурханы шашин дэлгэрсэн түүх” “Алтангэрэл судрын тайлбар” “Маанийн тус эрдэм” сэдвээр ном айлдана.


20.30-21.00: Маани хөгжөөнө. “Адистидийн дээдийг хайрлагч эх” “Ерөөлийн хаан” сударыг нийтээрээ хамтдаа уншина.


21.00-22.00: Сүсэгтэн олон нийтээрээ Гандантэгчэнлин хийдийг гороолно. Буддын шашны ном хэвлэлийн 20-50 хувийн хямдралтай худалдаа гарч, цагаан хоолны асар ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сан франциско хотод ажиллав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сан Францискогийн Азийн урлагийн музейн захирал Жэй Сю-тэй уулзав.

Гадаад хэргийн сайд Азийн улс орнуудын түүх, соёл, урлагийн талаарх АНУ-даа хамгийн арвин үзмэртэй тус музейд дахин зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, музейн сан хөмрөгт байгаа манай улстай холбоотой үзмэрүүдийг нэг дор байрлуулахыг хүсэлт болгов. Үндэсний түүх, соёл, урлагаа сурталчлах замаар имиж бүрдүүлэх, улмаар зөөлөн хүчний бодлогын талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар Гадаад хэргийн сайд товч танилцуулж, монголын түүх, соёл, урлагийн бие даасан үзэсгэлэнг хамтран гаргах бололцоо байгааг онцлов. Музейн захирал дээрх хүсэлтүүдийг судлан үзэж, дээр дурдсан асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

1966 онд байгуулагдсан тус музейн үзмэрийн сан хөмрөгт Азийн улс орнуудын 6000 жилийн түүхийг хамрах хугацааны 18000 гаруй соёл, урлагийн эд зүйлс байдаг бөгөөд 1995 онд АНУ-д анх удаа монголын түүх, соёл, урлагийн бүтээлүүдээр “Монгол: Чингис хааны өв” нэртэй бие даасан томоохон үзэсгэлэн гаргаж байсан юм.

Мөн Гадаад хэргийн сайд Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын холбооны удирдлагатай уулзаж, гадаад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачилгын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа бодлогынхоо талаар товч танилцуулж, санал бодлоо солилцов. Дээрх уулзалтад Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын холбооны төлөөллөөс гадна Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын ажилтнууд оролцов.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 20 гаруй мянган бог мал хорогджээ

Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарчээ. Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр малдаа явсан П… /14 настай, эрэгтэй/ осгож нас барсан байна. Мөн аймгийн Асгат, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумдад нийт 7555 бог мал, Архангай аймгийн Цахир суманд 2000 орчим бог мал, Өгийнуур суманд 599 орчим бог мал, урьдчилсан байдлаар нийт 10154 бог мал тус тус хорогджээ.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт энэ сарын 13-ны өдөр аянга буусны улмаас нэг иргэн нас барж, нэг хүүхэд түлэгджээ. Баянхонгор аймгийн Баян-Овоо сум хоёр, Сэлэнгэ аймгийн Сайхан сум нэг, Шаамар сум нэг, нийслэлийн Баянзүрх дүүрэг нэг, Налайх дүүрэг хоёр, Хан-Уул дүүрэг хоёр, нийт есөн хүн санамсар, болгоомжгүй байдлаасаа усанд живж амь насаа алдсан байна. 2015 он гарсаар энэ сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 45 удаа гарч 48 хүн (хүүхэд-12, насанд хүрэгсэд-36) амь насаа алджээ.