Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгүүдэд Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ

Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрыг “Өргөө” Хоёрдугаар төрөхийн “Хүрээ”, Гуравдугаар амаржихыг “Амгалан” гэх болсон. Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн нарийн бичгийн дарга асанд холбогдох хэргийг шүүнэ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Анхан шатны шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон бол хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд мөн хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Богдын хатан Дондогдуламын төрсөн дүү Дэндэвдуламын хүүхдүүд эгэл түүхтэй хүмүүс

Дайчин жонон вангийн хошууныхан Богд Жавзандамбад хатан өргөмжилсөн хадам хошууны хувьд тус хошууг алба гувчуураас зарим талаар хөнгөвчилж, отгийн зохион байгуулалтад оруулсан байж болохоор байна” хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн дүгнэсэн байна лээ. Эх дагинын нутаг хошууныхан Богдын шавь тамгатай хутагт нарын шавь нарын адил отгийн захиргаатай байсан бөгөөд ард олон нь төрийн албанаас чөлөөлөгддөг байсныг бодоход нэлээд эрх дархтай хатан байсан бололтой.

Наймдугаар Богд Жавзандамбыг Амарбаясгалант хийдэд 1900-гаад оны эхээр залрахад Сэцэн хан аймгаас Засаг Түмэнтогтох гүн хатантайгаа бараа болж явжээ. Замын уртад залуу Богд, хатны аягач Ц.Дондогдулам нар танилцан дотноссон гэдэг. Түүнийг зарим эх сурвалжид Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага эхнэр байсан гэх нь ч бий. 1902 оны зуны сүүл сард Богд гэгээн Дондогдуламтай хуримлаж, түүнд эрх цагаан дарь цол өргөмжилжээ. 1903 онд Эх дагинын аймгийг байгуулж, 4700 гаруй лан мөнгөөр дугана хашаа байшин бариулжээ. Богд хаан ширээнд суусан үеэс Дондогдулам цагаан дарь хатныг Улсын эх дагина болгон өргөмжилсөн юм. Дондогдулам Богд гэгээнтэй 21 жил амьдраад 1923 онд 49 насандаа таалал төгссөн гэдэг. Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.Н.Цогбадрах “Би Богд Жавзандамба хутагтын эх дагинын дүүг эхнэр болгож авсан учир Дондогдулам хатан шүр сувд гэх мэтийн элдэв зүйл хайрлаж байсныг нарийн тодорхойлж чадахгүй боловч барагцаагаар 400 гаруй хувийн юм (1 хувь нь 30 төгрөгийн үл хөдлөх ба нэг адуу, нэг үхэр, 0.6 тэмээ, таван хоньтой тэнцэх хөдлөх хөрөнгөтэй тэнцдэг байжээ) болсон ба үүнээс цааш үрэгдсэн зүйл багагүй” хэмээн мэдүүлсэн нь үлджээ. Дондогдулам хатан төрүүлсэн хүүхэдгүй учраас дүү Дэндэвдуламынхаа хүүхдүүдэд ойр дотно байсан юм билээ гэж бидний зорьж очсон Т.Навчаа хэлсэн юм. Тэрбээр Хөвчийн жонон ван Цогбадрахын том охин Ашид Шийтэрийн төрүүлсэн ганц охин юм.“Хөвчийн жонон вангийн гурван Шийтэр гэж байжээ. Миний ээж Ашид Шийтэр, дунд эрэгтэй дүүг нь Лувсан- Шийтэр, бага охин дүүг нь Отгон-Шийтэр гэдэг байжээ.

Хөвчийн жонон ван Цогбадрах манай өвөө, харин бидний эмээ Дэндэвдулам гэгч нь Богд хааны хатан Дондогдуламын төрсөн дүү охин юм. Эмэг эх Дэндэвдулам 13 хүүхэд төрүүлснээс эндэх нь эндээд гурав нь л насанд хүрч насалцгаасан юм билээ” гэж тэр хуучлав. Дондогдулам хатан эрхнийхээ тоогоор 108 хүүхэд үрчилж авсан гэдэг юм хэмээн тэр бас сонирхуулав. Энэ талаар Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай сайн мэднэ. Тэр Дарханд ирэхдээ манайд зочилдог байлаа хэмээн Т.Навчаа эмээ хэлсэн.

Гучаад оны хэлмэгдүүлэлт Богдод ойр байсан хүмүүст хүндхэн тусчээ. Богдын шадар сайд, Цэргийн хэргийг бүгд таслан шийтгэх яамны тэргүүн сайд байсан Н.Цогбадрахыг гурван удаа баривчилж, суллаж хот хөдөөд байсан хөрөнгийг нь хоёр удаа хурааж, эцэст нь буудан хороожээ. Цогбадрахын дүү бүсгүйн хөвүүн С.Навааны дурссанаар хотын гэрээс нь 20 гаруй тэрэг, хөдөөгийн гэрээс нь 10 орчим бүгд 40 тэмээн тэрэг хөрөнгө хураасан ажээ. Тухайн үед даншиг наадамд түрүүлсэн хээр азаргыг Цогбадрах ноён 40 хомтой тэмээгээр худалдан авсан гэдэг. Ноёны буянаас үлдсэн хээр азаргыг Хэнтий сумын даргаар олон жил ажилласан Д.Жамъяанжав коммунаас салгаж үлдээгээд олон сайхан хурдан хүлэгтэй болжээ хэмээн түүхч Д.Гомбосүрэн “Хөвчийн жонон ван Цогбадрах” номондоо өгүүлжээ. Харин морины эзэнд аз тохиосонгүй.Хожим 1996 онд Н.Цогбадрахыг цагаатгасан байдаг.

Н.Цогбадрах ноёны ганц хүү Лувсаншийтэрийн охин Нарантуяа ийн дурсчээ.“Өвөг эцгийнд маань хүү тогтдоггүй байжээ. Аавыг маань төрмөгц хүрээний сайн зурхайч айлд гэрийн хатавчаараа өгч өсгүүлээд, гурван нас хүрэхэд нь буцааж авч хүүтэй болсон гэдэг. Аавыг маань улаан нялзрай байхад өсгөсөн зурхайчийн эхнэр Удвал эмээ маань төрүүлсэн үр хүүхэдгүй учраас аавд маш хайртай, үргэлж санаа тавьдаг байжээ. Өвөг эцэг Цогбадрах төрийн өндөр алба хашдаг учраас цаг зав муутай, аав маань өсгөсөн ээж Удвалын асрамжинд байсан бололтой. Аавыг 16-17 настай байхад Удвал эмээ үеийн хүүхнүүддээ “Хүүгийн маань аав баригдаад хоригдож байгаа гэнэ” хэмээн ярихыг аав сонсчээ. Удвал эмээ аавыг дагуулаад өвөг эцгийг маань эргэж шоронд хэд хэд очсон гэдэг. Гэсэн ч бараг уулзуулдаггүй байжээ. Аав маань өвөөтэй уулзахын хүслэн болж, өдөр болгон шоронгийн үүдээр эргэлддэг болжээ.

Гэтэл нэг өдөр нөмгөн дээлтэй өвөг эцгийг маань хоёр, гурван буутай цагдаа туугаад гарч ирж гэнэ. Аав маань холоос барааг нь алдалгүй дагаж явсаар Тасганы овоон дээр ухсан нүхний хажууд авчрахыг холоос харжээ. Буутай хүмүүс бичиг гаргаж уншаад, аавыг нь буудчихаж гэнэ. Энэ бүхнийг нүдээр харсан хүү нь цагаан цамцаа дэрвүүлээд, хоёр гараараа чихээ дараад буцаж гүйжээ. Маш их цочролд орж, чихэнд нь үргэлж буун дуу сонсогддог байсан гэж аав маань надад ярьсан юм. Аав маань амьд ахуйдаа “Энэ төр засагт би их гомддог” гэж ярьдаг байж билээ” …

Охиных нь хэлснээр бол Цогбадрах ноёны ганц хүү сургууль соёлын мөр хөөгөөгүй ч хурц сэргэлэн ухаантай хүн байжээ. Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгчөөс цехийн мастер, тоноглолын фабрикийн дарга байгаад 1957 онд Зүүн хараад шилжин амьдарч мод боловсруулах үйлдвэрт бригадын дарга хийж байгаад 1972 онд өвчнөөр өөд болжээ. Дөрвөн хүү, дөрвөн охинтой хүн байжээ.Харин Цогбадрах ноёны Их Шийтэр буюу том охин нь (1915-1994) бага залуугаасаа хуулийн байгууллагад бичээч, нарийн бичгийн дарга хийж байжээ. Түүний төрүүлсэн ганц охин Т.Навчаа өдгөө Дарханд амьдардаг өндөр настан.Хөвчийн жонон вангийн Бага Шийтэр буюу отгон охин нь (1923-1997) бичиг үсгийн багшаар олон жил ажилласан гэнэ. Өргөмөл ганц хүү нь Зүүнхараад амьдардаг ажээ.

Т.Навчаа эмээ залуудаа сайхан байсан болов уу гэмээр толиотой эмэгтэй байлаа. Богдын хатны өнгө зүс удамшсан юм болов уу гэж бодогдсон ч тэр өөрийгөө “Аавтайгаа адилхан” гэсэн л дээ. Түүний ээж, Цогбадрах ноёны том охин Ашид Шийтэрийг 1939 онд Шүүх яаманд нарийн бичиг, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Феодалын хүүхэд” гээд ажлаас нь хална гэхээр нь овгоо хасч Цог болгоод нэрээ товчлон Шийтэр болгосон гэнэ лээ.“Дараа нь Цогбадрах өвөөг баривчлагдахаар нь ээж маань миний эцэг Төмөртогоотой суугаад, аавын томилогдсон Нисэх рүү шилжсэн гэнэ билээ. Миний аав Б.Төмөртогоо 1962 онд Дарханд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх товчооны даргаар ирсэн. Тэр үед би 18 настай байлаа. Ээж маань худалдагч, дэлгүүрийн дарга байгаад тэтгэвэртээ гарсан.

Би тэр үеийнхний нэрлэдгээр Орос сургуулийн комбинатад цахилгаан мотор ороомгийн курст суугаад мотор ороогчоор ажиллах болсон.Цехдээ дандаа орос мэргэжилтнүүдтэй ажилладаг байлаа. Оросуудтай олон жил хамт ажиллаад ах дүүгээс ялгаагүй болсон. Хоол хүнсээ сонгох, тохируулах, ялангуяа эмийн ургамал хатааж ашиглах талаар тэднээс их юм мэдэж авсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жил бүр Тарнийн амралтанд амрангаа эмийн ургамлуудаа түүж авдаг ажээ. Эмээ нохойн хошуу, боролзгонын шар цэцэг, долоогонотой цайгаар дайлсан. Гүзээлзгэнийн навчийг түүж сүүдэр газар хатаагаад, усанд буцалгаж уухад даралт их бол 120-д буулгадаг, даралт бага үед 80 дээр аваачдаг гэж тэр сонирхууллаа. Эмийн ургамал хатаагаад зах дээр зардаг хүмүүст эмээ сүжиггүй. “Сүүдэр газар хатаах ёстой юмыг наранд хатаагаад, нарны хордлого болгочихдог” гэсэн.

Эмээ өдгөө дал гарч байгаа ч шашин шүтлэггүй гэнэ. “Цогбадрах өвөө хэд дахин баригдсан болохоор ижий лам үздэггүй байсан” гэсэн л дээ.Навчаа эмээгийн орос мэргэжилтнүүдээс сурсан өөр нэг эрдэм нь хутга урлах аж. “Сайн хутга хийгээд, Мах комбинатад очиж тууварчдад хониноос өгдөг байсан” гэнэ.“Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг. Хутгаараа гурил, талх зүсч мохоогоод байдаг. Талх зүсдэг хөрөө гэж байдаг” хүүхдүүддээ их үглэдэг юм гэж эмээ хуучиллаа. Эмэгтэй хүнд ахдахаар мотор төмөртэй ноцолддог ажилтай байсан тэрбээр мэргэжлийн өвчний тухай ч хуучилж амжлаа. “Нэг өглөө босоод ирэхэд шүднүүд угаараа хөхөрчихсөн нь зэсийн хордлогын шинж” гэнэ. Хуучны түлээний гар хөрөөгөөр хутга хийхэд насны юм болдог л гэнэ.

Тэднийд хуучны эд зүйлс байдаг эсэхийг сонирхвол “Ээжийг маань мэндлээд гурав хонож байхад Цогбадрах өвөө маань урт наслахын бэлгэдэлтэй хаш тэмээг өлгийд нь зүүж өгсөн юм гэнэ билээ” хэмээн сонирхуулсан. Навчаа эмээ дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн ач, зургаан зээтэй болжээ. Богдын хатан Дондогдулам үр хүүхдийн мөрөөсөл болсон эмэгтэй байсан талаар зарим судлаачид өгүүлдэг. Хэдийгээр тэр эрх мэдэлтэй хатан байсан ч хүүхэд төрүүлж, эх болох эгэл мөрөөдлөө хэзээ ч биелүүлэх тавилангүй байлаа. Богдыг удам залгамжлах үр хүүхэд нь бус хойд дүрээр нь тодруулдаг уламжлалтай байсан учраас нэгэн эмэгтэйн жирийн хүсэл биелэх боломжгүй байж. Хүрээний лам нар Дондогдуламыг хүүхэдтэй болгуулахгүй гэж хараал хийдэг байсан гэж зарим судлаач өгүүлсэн байдаг. Харин Богдын хатны төрсөн дүүгийн удам судрын түүх иймэрхүү. Хатан үнэхээр хүүхэд төрүүлсэн бол ээдрээтэй хувь тавилантай хүнийг хорвоод үлдээх байсан бус уу.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Ш.Хаан: Хотынхоо эдийн засгийн тулгуурыг олсон байхад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх боломжтой

Налайх
хотын захирагч Ш.Хаантай ярилцлаа.

-Ямартай
ч Налайх хот анх удаа захирагчтай боллоо. Зарим байгууллага, газруудаа дүүргээс
салгаж хотод харьяалуулах гээд ажил ихтэй явна гэж дуулсан. Ажил нь хэр цэгцэрч
байна вэ?

-Урд нь
Налайхыг хот болгох хэд хэдэн шийдвэр гарч байсан юм билээ. Ийм
шийдвэр гарч байсан ч Налайх маань дүүрэг байсаар байсан. Тэгвэл өнөөдөр хот
болчихлоо. Бид ч гэсэн хотын иргэд болсон. Налайх хотын иргэд хотын үндсэн
дүрмээ өөрсдөө баталж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч
Налайх маань хот болж захирагчаа сонгосон үйл явц нь анх удаагийнх болсон. Одоо
харин цаашдаа ямар бүтэц зохион байгуулалтаар, хэрхэн яаж ажиллах вэ, ажлын
албаа байгуулах гээд л ажил ихтэй л явж байна.

-Дүүргийн
Засаг дарга, хотын дарга хоёрын ажил үүргийн хуваарилалт хэрхэн явагдах вэ.
Налайхын Засаг дарга ямар үүрэгтэй, та ямар үүрэгтэй, ямар асуудлуудыг шийдэх
юм бэ. Дүүргийн төсөв, хотын төсөв гээд тусдаа байх уу. Хотын захирагчийн ажлын
алба ямар үүрэгтэйгээр цаашид ажиллах вэ?

-Хуульд
Засаг дарга, хотын захирагчийн эрх мэдэл, хэм хэмжээг тодорхой тусгаад өгсөн
байгаа. Тиймээс бид хуулийн хүрээнд л ажиллах учиртай. Налайхыг хот шиг хот
болгохын төлөө хамт ажиллах бүх хүмүүстэй ойлголцож, хамтраад ажиллаад явах
ёстой гэж би үзэж байгаа шүү. Налайх хот болж байгааг зарим нэг хүмүүс
ойлгохгүй байгаад байх шиг байна.

-Харин
хаа хаанаа ойлголт тааруу, мэдээлэл хомс байх шиг байна?

-Дүүргийн
засаг дарга, хотын захирагч хоёрын ажил үүргийн хуваарийг давхардуулахгүй байх,
ажлын албаны бүтэц зохион байгуулалт нь ямар байх талаар бид ажиллаж байна.

Төрийн үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга, Налайх хотын
аж ахуй, бүтээн байгуулалт, хөгжлийн ажлыг Хотын захирагч хийнэ. Мэдээж Засаг
дарга, Хотын захирагч хоёрын цаад зорилго бол Налайхын хөгжлийн төлөө. Бид
хамтарч холбоотой ажиллах нь мэдээж ойлгомжтой. Угаасаа Налайх хотын үндсэн
дүрмэндээ дүүргийн Засаг даргатай Хотын захирагч нь хотын нийгэм, эдийн засгийг
хөгжүүлэх төрийн бодлого мөн төрийн ажлыг уялдуулах гээд олон асуудлаар хамтарч
ажиллина гээд заагаад өгчихсөн. Харин төсвийн тухайд Улс, нийслэлд төвлөрүүлдэг
татварын орлогыг Налайх хотдоо авч үлдэн хотын иргэд захиран зарцуулах эрх бий
болж байгаа юм.

-Та
мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг шийдэхээр тусгаад байгаа вэ. Ерөнхийдөө
шийдээд явахад хүндрэл гарахаар байна уу?

-Миний
мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл бол ажлын байр болон түүнийг дагасан
ажилгүйдэл. Өнөөдөр Налайхад маань тулгамдаад байгаа асуудлын нэг нь ажилгүйдэл
юм. Шийдээд явахад боломжгүй зүйл гэж байхгүй ээ. Жижиг дунд үйлдвэрийг олноор
бий болгож, үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжинэ. Мөн хөрөнгө
оруулалтыг олноор татаж тэдэнд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж өгнө.
Ингэснээр ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл багасна.

-Таны
бүрэн эрх хэдэн он хүртэл үргэлжлэх вэ. Ирэх жил улсын хэмжээнд сонгууль болно.
Дараа нь Нийслэлийн сонгууль болдог. Тэр үед мөн сонгууль явагдах уу. Эсвэл
дөрвөн жилээ дуусгах уу?

-2019 он
хүртэл хотын захирагчийн бүрэн эрх хэрэгжинэ. Энэ хугацаанд би ирээдүйд хийх
ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ард иргэддээ танилцуулсан байгаа. Тийм ч учраас
Налайхын ард иргэд надад итгэж намайг сонгосон. Хэрэгжих ч боломжтой зүйлүүд
миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Би энэ бүх зүйлийг ажил хэрэг
болгож хотынхоо иргэдийн сайн сайхны
төлөө ажиллана. Бидэнд байгаа ажилгүйдлийг багасгах хамгийн ойрын бодитой зүйл
бол уурхай. Олон сая тонн нүүрс байна. Ажиллах боловсон хүчин Налайхад маань
хангалттай бий.

-Налайх
хотын ирээдүйг та хэрхэн хардаг вэ. Цаашид Налайх уурхайг түшиглэж хөгжих үү,
өөр нөөц боломж юу байна вэ?

-Налайх
дүүргийг өнөөдөр Нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш Налайх хот гэдгээр
хүн бүр харах хэрэгтэй. Манай Налайх чинь Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх
хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай орчин үеийн аж үйлдвэржсэн хот
болон хөгжиж дэвших бүрэн боломжтой газар гэдгийг би дээр дурдсан. Хүн бүр нь
ажилтай, орлоготой, бизнесийн таатай орчин нөхцөл нь бүрдсэн, эрүүл саруул
иргэд, эрдэм боловсролтой хүүхэд багачуудаар дүүрэн тийм л бүтээлч, хөгжингүй
хот болно гэж харж байгаа. Мөн Тэрэлж, Горхи гээд Улаанбаатар хотод ойр аялал
жуулчлалын бүс манай Налайхын нутагт хамаардаг. Аялал жуулчлал ч гэсэн Налайхад
хөгжих бүрэн боломжтой. Цаашид хөгжих бүрэн боломжтой салбар гэж харж байгаа.
Налайх хот хөгжих маш олон гарц байна. Гэхдээ эхлээд бид эдийн засгийн асуудлаа
шийдэх хэрэгтэй үүний тулд яах вэ гэвэл Налайх хот маань өөрөө уурхайгаа түшиглэж
байгуулагдсан газар.

Өнөөдөр
ч, цаашид ч бидэнд байгаа эхний боломж бол нүүрсний уурхайгаа ашиглаж эдийн
засгийн сууриа бий болгох асуудал байгаа юм. Налайхын маань хөрсөн доор
хөндөгдөөгүй батлагдсан 50-60 сая тоннын
нөөц бүхий нүүрс бий. Уурхайн инженер хүний хувьд сайн хөрөнгө оруулагч сонгож
тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эхлээд уурхайгаа ашиглаж эхлэх ёстой гэж
үзэж байна. Жилдээ сая тонн нүүрс олборлоод байхад Налайхчууд бид хангалттай
ажил орлоготой, амьдралтай болно. Налайх бол нүүрсээ борлуулах бэлэн зах зээлд
маш ойр, автозам, төмөр замын сүлжээнд холбогдсон газар, хамгийн гол нь айл
бүрээс уурхайчид гараад ирэх хүний нөөц хангалттай бүрдсэн газар. Бид хотынхоо
эдийн засгийн тулгуурыг олсон байхад бусад нийгмийн асуудлаа төвөггүй шийдэх
боломжтой. Хүүхдүүдээ сайн сургуульд сургаж, эмч нартаа сайхан эмнэлэг байгуулж
өгнө, ахмадууддаа амралт сувиллыг нь байгуулаад өгчихнө. Цалин орлоготой газар
шинэ хорооллууд аяндаа босч, банк санхүүгийн зах зээл аандаа бий болдог жамтай.

-Таныг
хүмүүс аль нутгийн хүн бол гэж гайхан хүлээн авч байна. Төрсөн нутаг усныхаа
талаар танилцуулахгүй юу. Өмнө нь та хаана юу хийж байв?

-Манай
аав Шаравхаан гэж гавьяат уурхайчин хүн байсан. Аав маань Ховд аймгийн Булган
сумын хүн л дээ. Тэгээд Налайхын их уурхайд ажиллахаар болж аав анх Налайхад
ирсэн юм билээ. Ингэж л манайх гэдэг өрх айл Налайхтай салшгүй холбоотой болсон
юм. Миний хувьд 1962 онд Налайхад төрсөн.

-Налайхын
унаган хүүхэд гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Би чинь Налайх хотын унаган хүүхэд байхгүй юу. Манай Налайх ай даа мөн ч
сайхан нутаг даа. Энэ нутгаас л миний амьдралын бүхий л гараа эхэлж байсан юм.
Би 1983-1988 онд Украинд уул уурхайн инженер мэргэжлээр сургууль дүүргэж ирсэн.
Тэр цаг хугацааг эс тооцвол Налайхаасаа холдож үзээгүй л хүн. Сургуулиа төгсөж
ирээд шинэхэн уурхайчин уурхайд ажлын гараагаа эхэлж байлаа. 1997 он хүртэл их
уурхай тарах хүртэл уурхайд ажиллаж байсан. Их уурхайг тарсны дараа би “Янтарь”
ХХК байгуулж бизнес эрхэлж байгаад 2012 онд орон нутгийн сонгуулиар дүүргийн
ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож Налайхын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж
байна. Тийм болохоор унаган нутгийнхаа төлөө чадах бүхнээ хийж ажиллана гэж
боддог шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Жавхлантөгс: Ерөөсөө шагайны хүн болж дээ. Сайхан хашлага, гоё сум хаана байна гээд л хайдаг болж

Америк дахь монголын шагайн салбар хорооны тэргүүн Улсын дэд мэргэн Б.Жавхлантөгстэй ярилцлаа.

-Та Америкт ажиллаж амьдраад нэлээд хугацаа өнгөрлөө. Таныг тэндээ шагайн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа гэж сонссон. Монгол Улсын харцага хүн яагаад шагайнд орчихов оо?

-Би Америкт очоод 11 жил амьдарч байна. Америкт очоод хэдэн жил болж байсан чинь манай нэг дүү ирээд тэнд хүмүүс шагай харвадаг юм байна, хэдүүлээ очиж харвах уу гэсэн. Би ч тэгье гээд хоёр дүүтэйгээ очсон л доо. Паркад очсон чинь цөөхөн хэдэн хүн шагай харваж байсан. Анх сонирхоод шагай харваж үзлээ. Харвасан чинь сум нь хүрэхгүй, онох ч үгүй юм билээ. Би тэр хэдийгээ бодвол спортын хүн юм чинь “Та нар холбоо байгуулаад ажилладаг уу. Данс, санхүү байдаг юм уу” гэж асуусан. Тэгсэн “Бид холбоорхуу нэртэй гэхдээ яг нэр усаа авсан юмгүй. Данс байхгүй” гэдэг юм. Би хоёр дүүтэйгээ нийлээд бид гурав танай шагайнд нэгдэж ороод 50, 50 доллар хандивлая гэсэн. Нөгөөдүүл ч гэсэн бөөн баяр тэг тэг гээд шагайнд орж байлаа. Анх намайг очиход шагай тоглодог тав, зургаан хүн л байсан. Тэр дунд ороод шагай харваад эхэлсэн дээ. Жил гаран болж байсан овоо хэдэн хүн нэмэгдсэн шүү. Тэгээд ерөөсөө бүгдээрээ албан ёсны холбоо байгуулаад гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод цаашдаа жаахан хөгжвөл яасан юм гэсэн санаа хэлсэн. Шагай тоглодог хүмүүс уриалгахан зөвшөөрсөн юм. Шагайнд нэлээд идэвхтэй А.Шижирболд гээд залуу бий. Тэр залуу Улсын баяраар Америкаас энд ирж шагай харвасаар байгаад одоо улсын гарамгай мэргэн цол авчихсан. А.Шижирболд Монголын шагайн холбоо руу утсаар ярьсан чинь дарга нь холбоо байгуулж болно гэсэн л дээ. Та нар хурлаа хий, бид гэрчилгээ, тамга тэмдэг явуулж болно гэсэн. Тэгээд тэндээ хурлаа хийж холбоо, салбараа байгуулсан юм. Бидэнд мэргэжлийн шагайн харвааг заагаад өгөх хүн байгаагүй. Б.Ганболд, А.Шижирболд хоёр л бидэнд шагай харвахыг зааж өгнө. Бусад нь юу ч мэдэхгүй таг хүмүүс. Гэхдээ бүгдээрээ шагайнд их идэвхтэй байсан. Тэгж байтал Америк дахь монголын шагайн салбар хороо гэсэн гэрчилгээ авч, шагайн холбооны дүрэм номыг авсан. Тэгээд намайг холбооны тэргүүн болгож байлаа. Одоо ч гэсэн холбооныхоо тэргүүнээр ажиллаж байна.

-Тэндээ шагайн харвааны цол олгодог уу?

-Бид холбооны гэрчилгээг нь авчихаар бүхэл бүтэн аймгийн статустай болчихож байгаа юм. Дүрэм номыг нь уншихаар бидэнд цол хэргэм авч болохоор байсан. Тэгэхээр нь Монголын шагайн харвааны холбоотой холбогдоод бид аймгийн статустай юм чинь цол хэргэм олгож болох уу гэхэд болно гэсэн. Цол хэргэм өгөх дүрмийг нь уншсан чинь бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тухайн үед гурав, дөрвөн л баг гардаг байлаа. Монголын шагайн холбооны дүрмээр явбал гурван жилийн дараа бүх хүмүүс аймгийн цолтой болчих гээд байсан юм. Тиймээс энэ зарчим бас болохгүй юм байна гэж үзээд өөрсдөө тэр зарчмыг бүр хатууруулсан. Хоорондоо ярилцаад цол олгох босгыг нь илүү өндөр болгосон л доо. Сүүлдээ үүнийгээ Монголын шагайн холбоогоор батлуулж авсан юм. Америкт Сан Франциско, Лос Анжелос, Чикаго хотод шагайчид байдаг юм. Тухайн үед Чикаго хотын шагайчид өөрсдөө шагайн холбоо гэсэн бичиг цаас авчихсан байсан. Хоёр газар цол олгох болоод бас жаахан буруудах маягтай болсон л доо. Тэгээд нөгөөдүүлтэйгээ уулзаад нэг холбоо болгоё гэж ярилцаад нэг холбоо болгосон. Одоо нэг холбоо болоод нэлээд хэдэн жил болж байна.

-Америкт шагайн харваа нэлээд хөгжиж байгаа юм аа даа?

-Америкт шагайн холбоо байгуулагдсанаас хойш сайхан хөгжиж л байна. Яг ч монгол шиг хөгжөөгүй л дээ. Гол нь зааж сургах багш нар их ховор байна. Гэхдээ нэг үеэ бодоход сайжирчихсан. Шагайн дүрэм номыг сайн уншина. Бид анх шагай тоглож эхэлж байхад дүрмээ сайн мэддэггүй байсан. нодлин уржнан Монголын шагайн холбоо хуралдаад удирдлагаа солиод шинэ дүрэм баталсан. Тэр дүрэм номноос нэлээдийг авсан. Манайд дүрэм номгүй хүн ховор. Багийн ахлагч нар бүгд дүрэм номтой. Номоо уншаад энэ дээр ингэж заасан байна гээд л үзчихнэ шүү дээ. Бүр дээр үеэс уламжилж ирсэн нарийн зүйлийг бид бараг мэдэхгүй. Одоо бол нэлээд суралцаж байна. Монголоос хүмүүс очно. Өөрсдөө ирж судална гээд хуучнаа бодвол бид илүү дээрдсэн.

Дээр нь Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээнийг жилдээ нэг удаа хийдэг юм. Тэрийг хийгээд нэлээд олон жил болж байна. Энэ жил аравдугаар сарын 17-нд Чикагод болно. Энэ тэмцээнийг гол шагайчид байгаа газар буюу Чикаго, Сан Францискод жил жилээр ээлжилж хийдэг юм. Тэр тэмцээнээр монголоос өндөр цолтой шагайчид очдог. Монголоос шагайчид явахдаа их сайн дэглэмтэй янз бүрийн зөрчилгүй явдаг юм. Хүн үлдэж хоцорно гэж байдаггүй учраас ер нь жилд Америкийн визэнд орсон болгон нь гарчихдаг. Америкийн шагайн аварга шалгаруулах тэмцээн өнөр өтгөн сайхан болно шүү. Нэг багт зургаагаас есөн хүн байдаг юм. Тэмцээнд үндсэндээ 10-аад баг харвадаг. Энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн 50 жилийн ойгоор очиж шагай харвасан. 12 баг оролцож байна лээ. Тэнд өөр дүүргийн хүмүүс орж байгаа шүү дээ. Ер нь шагайг тэр болгон харвая гээд харвачихдаг зүйл биш. Хөлбөмбөг, сагсанбөмбөгийг бараг хүн болгон л тоглож чадна шүү дээ. Шагайг бол чадахгүй, үүнд маш их хөдөлмөр хэрэгтэй. Шагайг Америкийн хэмжээнд нийтдээ 10-аад баг харвана гэхээр өндөр үзүүлэлт. Шагайчид Америкт хэдэн баг гардаг вэ гэж асуудаг, 10-аад байгаа гэхээр гайхдаг л даа.

-Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог учраас нэлээд дэг журамтай болдог байх даа?

-Тэгэлгүй яахав их дэгтэй болно. Өнгөрсөн жил Америкт шагай үүсч хөгжсөний 10 жилийн ой, мөн шагайн холбоо Америкт үйл ажиллагаагаа явуулж эхэлсний таван жилийн ой болсон. Тэр үеэр Дорноговь аймгийн шагайн салбарын хорооны тэргүүн Отгонбаяр ирсэн юм. Тэгээд энд шагай их сайхан хөгжиж гээд ирэх жилийн тэмцээнийг ивээн тэтгэхээ амалсан. Тэр тэмцээнийг зохион байгуулахад дор хаяж таван мянган доллар зарцуулагддаг юм. Тус шагайныхаа тэмцээнийг хоёр өдөр тэмдэглэдэг. Эхний өдөр нь зааланд багуудаараа тэмцээнээ хийсний дараа шагнал гардуулах ёслол болдог юм. Дараагаар нь хоол ундаа идээд, бүжиг болсны дараа тараад маргааш нь паркад цуглаж, монголчуудаараа хорхог хийж баярладаг. Ер нь манай үйл ажиллагааг Монголын шагайн харвааны холбооноос их дэмждэг. Манайх бас тэр хэмжээгээр нь нэлээд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж жил бүр оны шилдэг харваач, багаа шалгаруулдаг юм.

-Таныг жил болгоны наадмаар ирж шагайн харваанд оролцдог гэсэн. Танай багийнхан дандаа Америкийн шагайн холбооны хүмүүс үү?

-Сүүлийн үед монголчууд Улсын баяраар ирж шагай яаж сайн харвахыг харж байна. Гэхдээ жил болгон ирэх хэцүү. Уржнан хоёр хүүхэд, эхнэртэйгээ дөрвүүлээ ирсэн. Энэ жил хоёр хүүхэд маань үлдсэн. Ер нь жил болгон ирэхийг хичээж байна. Жил болгон чаддаггүй юм аа гэхэд өнжөөд нэг ирэх бодолтой байна.

Америкийн багийн хүмүүс бүгд ирж чадахгүй шүү дээ. Тэр ч санаагаар болохгүй зүйл. Бичиг баримтгүй харалчихсан хүмүүс бий. Энэ жил хоёр, гурван хүн ирчихсэн байна лээ. Нэг багт доод тал нь долоо эсвэл есөн хүн байх ёстой. Энд ирээд эндхийн багт орж харвадаг. Би энэ жил үлэмж дархан мэргэн М.Нямаа гээд нутгийнхаа дүүгийн багт орж харвалаа. Дүү маань Америкт тавдугаар сард очоод тэнд хэсэг амьдарсан юм. Тэр хугацаандаа шагай харвадаг байсан юм.

-Та одоо шагайн ямар цолтой болсон бэ?

-Уржнан Сэлэнгэ аймгийн үлэмж дархан мэргэн Т.Гантулгын багт орж харваад Улсын дэд мэргэн цол авсан. Улсын аварга юм уу, Улсын наадамд эхний гуравт эхний удаа орвол дэд мэргэн, хоёр удаа орвол мэргэн, гурван удаа бол гарамгай мэргэн цол авдаг юм байна. Тэгээд дээшээ явдаг юм билээ. Үндсэндээ одоо улсын хоёр цолтой болчихоод байгаа юм.

-Америкт яаж нааддаг вэ?

-Парк дээр тэмдэглэх зөвшөөрөл авчихдаг юм. Монголчуудыг төлөөлсөн холбоо гэж байдаг юм. Тэд наадам хийх зөвшөөрөл аваад монголчууд маань өөрсдөө тэр холбоондоо хандив өргөөд хамжиж дэмжиж, элбэж дэлбээд л хийнэ дээ. Америкт хүн нь арай цөөн, морь уралдахгүй л болохоос наадам сайхан болдог шүү. Дээл хувцсаа өмсөөд, нүдээ бүлтийтэл гоёж гоодоод л сайхан наадна даа. Өөрсдөө хоол ундаа бэлдээд ирнэ. Монгол худалдаа гарч, хуушуур буузаа хийгээд зарна.

Тэнд бид тусад нь талбай засч байгаад шагайныхаа тэмцээнийг хийдэг. Мөн үзэгчдийн дундах тэмцээн гээд шагай харвадаггүй хүмүүс дунд тэмцээн зохиогоод оновол бид өөрсдөө бай шагнал урамшууллаа өгдөг юм. Хэн нэг нь шагайг сонирхоод шагайнд орно гэвэл хашлага, сум олж өгнө, бэлэглэнэ. Бидний гол зорилго нь шагайндаа нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй хүмүүс оруулах сонирхолтой байдаг юм. Бас тэр болгон санаагаар болохгүй. Хүн болгон тэр бүр шагай руу орчихдоггүй юм.

-Америк хүн шагайг сонирхдог уу. Эмэгтэй хүн тоглодог уу?

-Эмэгтэй хүн тоглодоггүй. Манай тэнд Францис гээд америк хүн шагай харвадаг юм. Тэр хүн их уран. Холливудын кинонуудын дээр үеийн зэр зэвсэг, байлдааны сэлэм, бамбай, жад хийдэг хүн. Өндөр нас тогтчихсон хүн учраас чавх буу гэдэг юмаар харвадаг юм. Чавх буугаа ч их гоё хийдэг. Бид хаяа салхинд гарахдаа эхнэрүүдээ тэр чавхаар буудуулаад өөрсдөө харваж үзсэн. Гэр бүлээрээ шагай харваад хорхог, боодог хийж идээд волейбол тоглох үе бий.

-Шагай харвадаг хүмүүсийн хүүхдүүдээс шагайнд орсон хүн бий юу?

-Аймгийн гоц мэргэн Төмөрчөдөрийн хүүхэд сайхан шагай харвана. Бас аймгийн мэргэн Баяраа гэж залуу бий. Тэдний хүү бас харвана. Тэнд хүүхдүүд нь жаахан том болоод ирэхээр шагай харваж байна лээ. Улсын гарамгай мэргэн Шижирболдын хүү бас хөөрхөн харвана. Хүүхдүүдийн цаг зав бас болохгүй. Америкт нэлээд хөдөлмөрлөж байж амьдарна шүү дээ. Хичээл номондоо явна. дээр нь ажил хийнэ гээд зав муу.

-Аравдугаар сард болдог тэмцээндээ цолоо өгдөг үү?

-Ерөөсөө л гол цолоо тэр үед өгдөг юм. Аймгийн дэд мэргэн, мэргэн, гоц мэргэн цолуудыг олгодог. Шагайнд багийн харваа, цуваа харваа гэж хоёр ангилна. Монголд багийн харваа, цуваа харваанд эхний гуравт орсон хүнд цол олгодог. Манай тэнд дэд мэргэний багийн харваагаар авч болно. Харин гоц мэргэн, дэд мэргэнээ заавал цуваа харваанд Америкийн аварга шалгаруулах тэмцээн мужийн харваанд түрүүлж байж авдаг. Мужийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Бид чинь дотроо Иллинойс, Калифорни муж гэдэг ч юм уу. Бас мужийнхаа аваргад түрүүлсэн байх ёстой гэдэг шалгууртай. Цуваа харваанд түрүүлж, мөн Америкийн аварга шалгаруулах тэмцээнд цуваа харваанд түрүүлсэн байх ёстой. Дээр нь багийн амжилт үзүүлсэн байж аймгийн гоц мэргэн болдог юм. Энэ нэлээд чанга үзүүлэлт. Монголд багийнхаа амжилтаар таван удаа эхний гурван байрт шалгарсан байвал шууд гоц мэргэн болдог. Манай тэнд багийн амжилтаар хичнээн ч удаа таван амжилт гаргасан бай гоц мэргэн цол өгөхгүй. Тэгэхээр тамирчний түвшин өндөр болоод явдаг юм.

-Та одоо Америкт юу хийж байна?

-Паркетан шал хийдэг. Янз янзын шал хийнэ. Тэр шаланд өндөр мэргэжилтэн л болж байна даа. Шагай бол миний сонирхдог зүйл. Америкт ажил хийж амьдарч байна. Найз нөхөдтэйгөө хагас бүтэнсайнд парк дээр очиж салхинд гарангаа сайхан шагай харвадаг.

-Таны хашлагыг ямар модоор хийсэн бэ?

-Могойн модоор хийсэн. Энэ их хатуу мод. Америкт килограммаар зардаг юм. Энэ модыг монголд их сонирхож байгаа юм байна. Хүмүүстэй ярьж байхад хашлага, зурхай хийх моднууд нь энд ховор л байдаг юм байна. Манай тэнд их элбэг. Паркетан шалыг их хатуу модоор хийдэг юм. Тэр зурхай хийх гээд олдохгүй байгаа модыг паркетан шал хийчихээд үлдэгдлийг нь зүгээр хаячихдаг. Би их харамсдаг л даа. Тэрийг монгол руу явуулбал зөндөө их хашлага, зурхай хийх мод хаягдаж байгаа юм. Гэтэл энд их эрэлттэй байдаг. Гэхдээ би монголын шагайн холбоонд ганц, нэг мод явуулсан байдаг.

-Шагайгаар хэдэн насныхан голдуу тоглодог юм бэ. шагайгаар хичээллэхэд голдуу юуг анхаардаг вэ?

-Шагай спорт л болсон хойно голдуу миний насныхан харваж байгаа ч залуучууд илүү сайхан харвах юм. Хурдан сурч байна. Сайн ч харваж байна. Шагай монголд өндөр түвшинд хөгжчихсөн байна шүү. Бүгдээрээ зэрэг сайхан уухайлах юм. Олон хүн уухайлаад л байхаар бас сэтгэлзүйн бэлтгэл маш их хэрэгтэй. Өндөр бэлтгэлтэй л байхгүй бол их уухайлахаар сандарч гар хөл нь чичирч алдаа гаргаж магадгүй. Шагай харвах бас л техниктэй. Техникээ буруу хийдэг ч юм уу. Эсвэл дутуу хийгээд л алдаж, хожил өөрчлөгдчихнө шүү дээ. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө сэтгэлзүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Мөн зоригтой харвах хэрэгтэй. Шагайн харваа спортод юу байх вэ бүгдийг л агуулдаг юм.

-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Миний аав Архангай аймагт хоёр удаа түрүүлсэн аймгийн хурц арслан Болд гэдэг хүн бий. Гэр бүлийн хүнийг маань Энхтуяа гэдэг. Гэргий, охин, хүү дөрвүүлээ амьдарч байна. Би улсын заан Дөвчин гэдэг хүнийг их хүндэлдэг юм. Тиймээс хүүдээ Дөвчин гэдэг нэр өгч байлаа. Манай хүү энэ жил Америкт дунд сургуулиа төгслөө. Сан Францискогийн их сургуульд элсэн орж байгаад их баяртай байгаа. Банди маань сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээд тоглодог. Нэг хэсэг жүдогоор хичээллэсэн. Нэлээд их медальтай шүү. Сүүлдээ жүдогоо больчихно лээ. Залхуураад байгаа юм уу даа.Манай охиныг Танан гэдэг. Усан спортоор хичээллэдэг.

-Таныг сайн бөх гэдгээр чинь хүмүүс андахгүй. Дасгалжуулагч хийгээд нэлээд олон бөх бэлдэж гаргасан байх аа?

Би шагай гэхээсээ илүү бөхийн хүн. Улсын харцага. Үндэсний бөхөөс илүү чөлөөт бөхөөр барилдсан юм. Би чөлөөт бөхөөр олимп, дэлхийн аваргад орж байлаа. Олимпод хоёр удаа, дэлхийн аваргад дөрвөн удаа орж байсан. Дэлхийн цомын мөнгө хүрэл медальтай. Ази тивийн мөнгө, хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга гээд чөлөөт бөхөөр хөөрхөн амжилт ярина шүү.

“Алдар” нийгэмлэгт насаараа ажилласан. Цэрэг байхаасаа ирээд л “Алдар” нийгэмлэгт орсон. Би бас армийн хошууч цолтой хүн. Сүүлд Алдар нийгэмлэгийн

дасгалжуулагч болсон. Тэнд Г.Өсөхбаяр аварга тамирчнаар ирж би дасгалжуулагч нь байлаа. Энэ жил Г.Өсөхбаяр аварга намайг Архангайн бөхчүүдийн бэлтгэлд гараач гээд 10-аад хоног бэлтгэл хийсэн. 22-ын товчооноос цааш 50 км-т байдаг “Mongo­lian Nomadic” жуулчны баазад Архангайн бөхчүүд бэлтгэлд гардаг юм. Бөхчүүдийнхээ бэлтгэлийг харах сайхан байсан.

-Архангайн бөхчүүд хэр сайн байв аа?

-Бөхчүүд бэлтгэлээ их сайхан хийдэг болсон байна. Архангайгаас хоёр бөх гайгүй сайн барилдаж байна лээ. Ч.Санжаадамба шөвгийн дөрөвт үлдсэн. Бас шинээр Ч.Ганзориг улсын начин цол хүртсэн шүү дээ.

-Улсын баяраар бөх барилддаг байж байгаад одоо шагай харвахаар төвлөрч суудаг болж байна. Бөхөө үзмээр санагддаг уу?

-Наадам эхэлхээс өмнө шагайн харваа эрт эхэлчихдэг. Бөхийн барилдааны гол барилдаан буюу тавын даваанаас өмнө дуусчихдаг юм. Шагайн тэмцээнээ дуусгаад л бөх рүүгээ орчихдог юм. Бөхөө сайхан үзсэн.

-Та Америкт дасгалжуулагч хийхгүй юм уу?

-Манай тэнд чөлөөт бөхөөр хүүхдүүд хичээллүүлдэг залуу байдаг юм. Тэр, та хааяа ирээд бөхийн талаар хэлж яриач гэдэг юм. Миний зав чөлөө ч болохгүй байна. Одоо ч заах арга барил ч бас муудаа биз дээ. Сүүлдээ өөрийгөө голоод байх юм. Тэгээд ч бас шагайндаа дуртай болчихжээ. Тийшээ очиж байхаар ганц нэг найз нартайгаа нийлээд шагай няслаад явчихна. Сүүлийн үед шагайгаар донтож байна даа. Их дуртай болж. Шагайны том том залуучуудтай их сайхан танилцаж, найз нөхөд болж байна. Ерөөсөө шагайны хүн болж дээ. Бөх тоохоо байсан байна. Сайхан хашлага, гоё сум хаана байна гээд л хайдаг болж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Е.Сагсай: Зарим хэргийн хувьд хангалттай баримтаар тогтоолгүй эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил АТГ-т илэрсэн

Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийжээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

-Танайхаас яагаад АТГ-т шалгалт хийсэн бэ. АТГ-тай холбоотой хүний эрх зөрчдөг, улстөрждөг гэх мэт яриа шалгалт явуулахад нөлөөлсөн болов уу?

-Прокурор нь Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, уг ажиллагаанд хуулийг нэг мөр хангуулах, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субьект юм. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд прокурорт хуулиар олгогдсон бүрэн эрхийн нэг нь Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хэсэгчлэн болон иж бүрнээр нь шалгах явдал юм. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд аль ч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын ажиллагааг прокурорын байгууллагаас шалгаж байдаг. Үүний дагуу л АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг шалгасан болно. Өөр ямар нэг зорилго, шалтаг, шалтгаан байхгүй гэдгийг шууд хэлье.

-Шалгалтынхаа дүнг танилцуулаач. АТГ хэрхэн ажиллаж байна вэ?

-Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Улсын ерөнхий прокурорын заавар, журмын хэрэгжилтийг 2014 он, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.

Тус хэлтэс нь хэлтэс, албаны дарга болон ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч, нараас бүрдсэн 30 хүнтэй ажиллаж байна. АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2014 онд 452, 2015 оны зургаан сарын байдлаар 205-ыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд 236 хэрэгт, 2015 онд 158 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тэдгээрийн 58 хувьийг хүндэвтэр гэмт хэрэг, 36 хувийг хүнд гэмт хэрэг, зургаан хувийг онц хүнд хэрэг байна.

Дээрх хугацаанд нийт мөрдөн байцаалт явуулсан хэргээс 92-ыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 70 хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, 63 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр, 22 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, хохирол нөхөн төлөгдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2014 онд 17 тэрбум 355.7 сая төгрөгийн, 2015 онд долоон тэрбум 907.9 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Тус хэлтэс нь шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 62 эрүүгийн хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 26 хэрэгтэй байлаа.

-Дээрх шалгасан хэргүүдийн сэжигтэн, яллагдагчаас хэдийг нь баривчилж, хорьсон бол?

-2014 онд дөрөв, 2015 онд гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан хүн 2014 онд 33, 2015 онд 17 тус тус байна. Шалгалтын дүнгийн талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар прокурорын даалгавар, чиглэл өгсөн болно.

-Тухайлбал ямар, ямар зөрчил илэрсэн бэ?

-Нийт хүлээн авсан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг, зарим хэргүүдийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил илэрсэн. Мөн орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс шалтгаалан мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад хувь хэмжээ нь харьцангуй өндөр байгаа.

Эрүүгийн хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцах, зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгах зэрэг асуудал гарч байгаад анхаарал хандууллаа.

-Хүлээж авсан гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг гэлээ. Тэгэхээр авлигатай холбоотой худал мэдээлэл АТГ-т их ирээд байна уу. Эсвэл АТГ ажлаа хийхгүй байгаагийн илрэл үү?

-Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс АТГ-т хандаж байгаа. Энэ асуудлыг шалгаад үзэхээр гэмт хэргийн шинжтэй эсэхээс шалтгаалж байгаа хэрэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэдэг нь гэмт хэргийн шинжгүй асуудлаар л АТГ-т хандсан байна гэсэн үг.

-Тэгвэл үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг гэсэн зөрчил бас илэрчээ. Үндэслэлгүйгээр шалгаж хүний эрх зөрчиж байна гэсэн үг үү?

-Тодорхой зарим хэргүүдийн хувьд гэж тодотгосон шүү дээ. Түүнээс АТГ-ын шалгасан бүх хэрэг үндэслэл муутай гэж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнө тодорхой ажиллагаа явуулж шалгах ёстой. Үүнийгээ сайн шалгалгүй эрүүгийн хэрэг үүсгэснээс мөрдөн байцаалтын явцад хэрэг хэрэгсэхгүй явдал байгааг хэлж байгаа юм.

-АТГ-ын мөрдөж байгаа хэргүүд бусад хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөж байгаа хэргүүд нь Цагдаагийн болон бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад тооны хувьд цөөн, ачааллын хувьд харьцангуй бага гэж хэлж болно. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд нь ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг, илрүүлж мөрдөхөд бэрхшээлтэй, цаг хугацаа их шаарддаг, эдийн засгийн болон бусад асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг шаарддаг зэргээс шалтгаалан ачаалалтай ажилладаг юм байна гэж нэг талаас нь хэлж болно.

-Ачааллыг нь асуухын учир АТГ-ынхан шалгаж байгаа хүнээ сард нэг дуудаж байцаадаг, удаан хорьж шалгах байдлаар эрүүдэн шүүдэг гэх шүүмжлэл бий.

-Хорьчихоод сард нэг удаа мэдүүлэг авдаг гэдэг бол нийтлэг зүйл биш. Хэрэг бүхэн дээр тийм асуудал байхгүй. Хэргийн ажиллагаа сунжирдаг, удаан хугацаагаар мөрдөгддөг явдал бол бий. Авлига, албан тушаалын хэрэг далд үйлдэгддэг, эдийн засгийн тооцоо судалгаа хийж маш олон баримт судлах шаардлага гардаг гэх мэт онцлог бий шүү дээ.

-Ер нь АТГ-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэл нийгэмд их байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлдэг. Шалгалтаар ийм зөрчил илэрсэн үү?

-Олон нийтийн дунд энэ талаар янз бүрийн яриа гарч, хэвлэл мэдээллээр ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн болгоныг цагдан хорьж шалгадаг мэтээр мэдээлэгддэг. Энэ нь тус газрын мөрдөн байцаалт явуулдаг хэргийн онцлог хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь тодорхой албан тушаал эрхэлдэг, олон нийтэд танил болсон хүмүүс байдагтай холбоотой байх аа. Шалгалтын дүнгээс харахад АТГ нь сэжигтэн, яллагдагчид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулах таслан сэргийлэх арга хэмжээг харин ч цөөн тоогоор хэрэглэж байна гэж үзлээ. Тухайлбал, 2014 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн зургаан хувийг, 2015 онд найман хувийг цагдан хорьж мөрдсөн нь үүнийг гэрчилж байна.

-Сэжигтэн, яллагдагчдыг шорон дамжуулж хорьдог гэх яриа ч бий. Хоёр гурван шорон дамжиж хоригдсон сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэн энэ талаар ярьдаг. Энэ нь зөрчил мөн үү?

-Энд тэнд аваачиж хорьдог асуудал аль ч байгууллагад бий. Нэг хэрэгт хэд, хэдэн хүн холбогдож байгаа бол бие биетэйгээ холбоотой байлгахгүйн тулд салгадаг. Энэ бүгд прокурорын хяналт, шүүхийн зөвшөөрлийн дагуу л явагдаж байгаа. Шүүгчийн захирамж заасан газар л хорьж байгаа. Үүнийг эрүүдэн шүүж байна гэж үзэж болохгүй.

-Хэрэгт холбогдсон хүмүүсийн хилээр зорчих эрхийг хязгаарлаж,хилийн хориг тавьснаас алба, амины ажил, зайлшгүй шаардлагаар гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг гэсэн шүүмжлэл бас бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудал зөвхөн Авлигатай тэмцэх газарт ч биш бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад ч байдаг асуудал юм. Сэжигтэн, яллагдагчийн Монгол Улсын хилээр зорчих эрхийг түдгэлзүүлэх нь (хилийн хориг) хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үндэслэж, хилийн хориг тавигддаг. Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хувьд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын иргэдийн хувьд “Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуульд заасны дагуу уг арга хэмжээг хэрэглэдэг. Хилийн хориг тогтоох асуудлыг зохицуулсан. Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журам болон ЦЕГ, АТГ, ТЕГ, ИХШХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу уг асуудал зохицуулагдсан байна. Хууль болон дээрх заавар, журамд нийцүүлэн прокурорын хяналтын доор хилийн хориг тогтоож байгаа ажиллагааг хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэж болохгүй.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газраас мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16.00 цагт болсон. Өнөөдөр уг хурлын талаарх мэдээллийг хийх юм байна. Өчигдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудлыг хэлэлцсэн бөгөөд эдгээрээс онцолж Зуншлага болон өвлийн бэлтгэлийн талаар ярилцсан гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ.

Гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхжүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байдаг юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны танилцуулснаар, 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн батлагдсан 21 байршилд 1,337,5 га талбайд төсөл хэрэгжиж 78,0 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2016 онуудад 36,4 мянган орон сууцыг ашиглалтад оруулах бол төсөл хэрэгжүүлэгч компаниуд 2015 онд 1,7 мянга, 2016 онд 9,1 мянга, 2017 онд 2,5 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Цаашид энэхүү ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд 2015-2017 онуудад 1 их наяд төгрөгийг санхүүжилт хэрэгтэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрт 147,1 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.
Тиймээс төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгож дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын иргэдийг стандартын шаардлага хангасан чанартай орон сууцанд амьдруулах, зорилтод бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах нөхцөл бүрдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн 6 хувийн татаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Бизнесийн зээлийн хүүгийн жилийн дундаж хувь нь 21,3 байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрийн 15,3 хувь буюу эхний жил 15,7 тэрбум төгрөгийг төлж, үлдсэн 6 хувийн зээлийн хүүгийн төлбөрийг нийслэлээс татаас хэлбэрээр олгох юм. Ингэснээр орон сууцны дундаж үнийг м кв-ыг нь 1,2-1,69 сая төгрөгт барих боломжтой гэж үзэж байгаа төдийгүй нийслэлд амьдарч буй орон сууц худалдан авах сонирхолтой 62 000 иргэний 21 хувь нь ойрын жилүүдэд эрүүл аюулгүй стандартад нийцсэн орон сууцанд амьдрах, дундаж орлоготой иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах боломжтой болно гэдгийг ажлын хэсгийхэн онцолж байв.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байна

Ногоон валютын ханш өндрөө авч буй энэ үед доллар олдог салбарууд олны анхааралд байна. Ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гээд дэлхийд гардаг бүтээгдэхүүн бага сага бий ч ам.доллар олдог гол салбар гэвэл өнөөдөртөө уул уурхай л байгаа. Манай улсын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт уул уурхайн ам.доллар олдог гол бүтээгдэхүүнүүд. Ингээд голлох эрдэс бүтээгдэхүүний үнийн таамгийг хүргэе.

Зэсийн эрэлт багасч, нийлүүлэлт нэмэгдэнэ

Төсвийн гол ачааг нугалж буй зэсийн үнэ бууна гэсэн таагүй мэдээ байна. Оны эцэст зэсийн ханш түүхэн доод цэгтээ хүрч магадгүй нь. Зэсийн үнийн ирээдүйг тандсан судалгаанд оролцсон учир мэдэх эрхмүүд, тодруулж хэлбэл арилжаанд оролцогчид болох хэджи сангийн менежерүүд оны сүүлээр зэсийн ханш 13 хувиар бууна гэсэн таагүй тоо хэлжээ. Тэдний таамаг амьдрал дээр батлагдвал нэг тонн зэсийн үнэ 4800 ам.доллар руу уруудна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж байсан түүх бий. Зэсийн үнийн уналтад нөлөөлөх хоёр том шалтгааныг шинжээчид онцолж байна. Эхнийх нь зэсийн гол хэрэглэгч болох урд хөршийн эдийн засгийн удаашрал. Эдийн засгаасаа шалтгаалж Хятадын эрэлт буурах нь тодорхой болжээ. Урд хөршийн эрэлт сүүлийн таван жилд байгаагүйгээр буурна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм. Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувь нь Хятадад хамаардаг. Урд хөршийн Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурсан гэх мэдээлэл бас бий. Зэсийн гол хэрэглэгчдийн нэг АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гэсэн шалтгаан ч энэ металлын ханшид сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Зэсийн нийлүүлэлт огцом нэмэгдэж буй нь хоёр дахь шалтгаан болж байна. Перу, Монголоос нийлүүлэх зэсийн хэмжээ эрс өсч байгаа нь үнийн уналтад ташуур өгөх бололтой. Дэлхийн зах зээл дээр зэсийн илүүдэл нөөцийн хэмжээ 2016 он гэхэд оргил хэмжээндээ хүрнэ гэсэн таамаг байна. Гадагш нь зарж доллар олдог эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгааг Сангийн яамнаас саяхан мэдээлсэн. Зэсийн ханш Лондонд зургадугаар сарын байдлаар 5.8 мянган ам.доллар болж өмнөх сараасаа 7.4 хувь, өмнөх жилээсээ 14.3 хувиар буурсныг тэд онцолж байсан юм. Статистикийн сүүлийн мэдээллээр зэсийн баяжмалын экспорт 16 хувиар нэмэгдсэн гэх тоо бий. Оюу толгойн үйлдвэрлэл зэсийн экспортын хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр зэсийн үнэ унасан ч нийлүүлэлт нь нэмэгдэж буй учраас төсөвт үзүүлэх дарамт тэр хэрээр багасах нь тодорхой. Нэмж мэдээлэхэд төсөвт 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тусгасан байсныг 1.25 сая тонн болгож бууруулаад байгаа.

Зэсийн экспорттой холбоотой нэг сайн мэдээ гэвэл Японы зэс үйлдвэрлэгч “Mitsubishi Materials Corp” компани Оюу толгойгоос бүтээгдэхүүн нийлүүлэх у р т х у г а ц а а н ы г э р э э байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус компанийн түүхий эд хариуцсан хэлтсийн ерөнхий менежер Тацуя Иноуэ Оюу толгойгоос туршилтаар 5000 тонн зэсийн баяжмал импортлох гэрээ байгуулснаа мэдэгдээд буй. “Bloomberg” энэ мэдээллийг цацахдаа Япон руу зэсийн баяжмал тээвэрлэхэд 30 хоног зарцуулна гэсэн тооцоог онцолсон юм. “Mit-subishi Materials Corp” жилд импортоор авдаг сая тонн зэсийн баяжмалынхаа 70 хувийг Өмнөд Америкаас авдаг, Өмнөд Америкаас бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд 304 хоног зарцуулдаг аж. Монголоос баяжмал авах нь Японы талд ашигтай гэдгийг энэ хоёр тооноос харчихаж болно. Тээврийг нь Японы тал хариуцна гэж байгаа. Оюу толгойн баяжмалыг төмөр замаар Владивосток боомтод хүргэж, далайгаар Япон руу тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр Монголын зэсийн баяжмалын хувьд Япон гэдэг шинэ том зах зээл нээгдэж байна гэсэн үг. Нэг зах зээлийн нөлөөллөөс гарчихаар үнэ ханшийн хувьд ч эерэг нөлөөлөл мэдрэгдэж эхлэх нь тодорхой.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ 2018 ОН ХҮРТЭЛ САЙЖРАХГҮЙ

Манай улс оны эхний хагас жилийн байдлаар 12.4 сая нүүрс олборлоод байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт. Борлуулалт, экспортын аль аль нь буурсан гэж статистикийнхан онцолж байна. Эхний хагас жилд 10.4 сая тонн нүүрс борлуулснаас 6.9 сая орчим тонн нүүрсийг экспортолжээ. Нүүрсний экспорт эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар буурсан гэсэн үг. Монголын нүүрсний гол зах зээл болох Хятадын нүүрсний импорт он гарсаар 34 хувиар буугаад байгаа юм. Экспорт, борлуулалт б у у р с а н г о л ш а л т г а а н нь энэ. Хятадын Засгийн газар импортын нүүрсний чанарт тавих шалгуураа чангатгасан нь нүүрсний экспортын уналтад шууд утгаараа нөлөөлөөд буй. Импортын нүүрсний татвараа өсгөсөн гэх шалтгаан ч байгаа. Манай улсаас гадна Австрали, Индонези зэрэг томоохон экспортлогчдын нийлүүлэлт ч унаж байгааг статистикаас харж болно. Өмнөд хөршийн Гаалийн газраас гаргасан оны эхний таван сарын мэдээллээр манай улс коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Австралийн дараа бичигджээ. Үнийн хувьд тонн нь дунджаар 42 ам.доллар байж. Нүүрсний үнийн уналт саарсан, харьцангуй тогтворжиж эхэлсэн гэсэн мэдээ байна. Баяжуулсан коксжих нүүрсний ханш өмнөх оноос 17 хувиар буураад буй.

2013-2018 онд Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байна гэсэн таамаг бий. Энэ хугацаанд коксжих түүхий нүүрсний үйлдвэрлэл 1.68 тэрбум тоннд хүрч жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байх бололтой. Нүүрсний зах зээл дээр манай улстай өрсөлдөгчид гэвэл АНУ, Австрали. Эрчим хүчний мэдээллийн төвийн судалгаагаар ирэх 30жилийн хугацаанд Америкийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байх гэнэ. Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвлөгөө бий. 2009-2011 онд Хятадын коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар огцом өссөн бол 2012 оноос өнөөг хүртэл огцом унаж байгаа. Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрсний үнэ гэхэд л 44 хувиар буурсан тоог статистикаас харж болно. 2015-2018 онд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тн-оор нэмэгдэж нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна гэж шинжээчид онцолж байгаа. Шинжээчдийн таамгаар 2018 он хүртэл коксжих нүүрсний үнэ буурсан хэвээр байх нь.

АЛТНЫ ЭКСПОРТ ЭРС ӨСЧЭЭ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар алтны экспорт 1.8 дахин өсчээ. Алтны үнэ 2011 оны есдүгээр сард 1923.7 доллар/унци болж оргилдоо хүрч байсан бол оны эхээр 30 гаруй хувиар унасан юм. Алтны үнийн бууралтад сүүлийн жил гаруйн хугацаанд огцом унаж буй нефтийн үнэ нөлөөлж буй. Ямар ч ашигт малтмалыг тээвэрлэх гол зардал нь түлш шатахуун гэдэг утгаараа. Нефтийн үнэ буух тусам инфляци бага байх нь тодорхой. Ийм үед хүмүүс алт нөөцлөх сонирхолгүй болдог гэсэн таамаг бий. Алт нүүрс, зэсээс нэг зүйлээрээ ялгаатай. Нүүрс, зэсийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг бол алтных тийм биш. Зөвхөн эрэлтээр тодорхойлогддог. Нийлүүлэлт тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй. Цэнхэр гариг даяар олборлолт нь тогтмол байдаг аж. Дэлхийн улсууд нийлээд жилд 2700-3000 орчим тонн алт олборлодог гэсэн статистик бий. Алтны хэрэглээний бараг тал хувь нь Энэтхэг, Хятадад ногддог байна.

Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа учраас алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. “Australia & New Zeland Banking Group”-ийн зүгээс “Ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн. Алтны үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” гэж мэдэгдээд буй. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” гэсэн нь бий. “Goldman Sachs” ч гутранги таамаг хэлээд байгаа. Өнгөрсөн онд алтны дундаж үнэ 1271.19 ам.доллар/унци болсон нь 2013 онтой харьцуулахад 9.91 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк грамм алтыг өнгөрсөн сард 72 мянган төгрөгөөр авсан байна. Энэ нь жилийн болон сарын дүнгээрээ гурван хувиар агшсан дүн гэнэ.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ ДАХИН УНАЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ 44 хувиар унаж байв. Би-Эич-Биллитон, Рио Тинто, Бразилийн Vale нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн гол шалтгаантай. “Сити групп” төмрийн хүдрийн үнийг энэ онд 60 ам.доллараас доош унана, 2017 он хүртэл 65 ам.доллараас өгсөхгүй, 2017 онд л 73 ам.доллар болж бага зэрэг өснө гэж таамаглаад буй. Төмрийн хүдрийн үнэ 70-80 ам.долларын хооронд хэлбэлзэх үед Хятадын зардал өндөртэй үйлдвэрүүд хаагдана, Канад, Бразил, Иран, Малайз, АНУ-ын олборлолт ч дагаад буурна гэсэн таамаг бий. Харин 60-70 долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл Баруун Африк, Орос, Австрали, Бразил, Иранд олон уурхай хаалгаа барихад хүрнэ гэж шинжээчид онцолж байна. Манай улсын экспортын мэдээнээс харахад төмрийн хүдрийн ханш дөрөвдүгээр сараас эргэн сэргэж, сарын дүнгээрээ 8.8 хувиар өсчээ. Гэвч төмрийн хүдрийн ханш долдугаар сар гарсаар дахин унаж эхэлсэн юм. Төмрийн хүдрийн үнийн уналтад гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн байдал нөлөөлж буй. Дэлхийд олборлож буй нийт төмрийн хүдрийн 98 хувийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Гангийн үйлдвэрлэлийн тал хувь нь Хятадад ногддог гэсэн статистик бий. Хятадад төмрийн хүдэр нийлүүлдэг улсын тоо өсч байгаа аж. 2003 онд найман улс Хятадад төмрийн хүдэр нийлүүлж байсан бол одоо 15 улс урд хөрш рүү экспорт хийж байна. Өнгөрсөн оны эхний найман сард Хятадын гангийн хэрэглээ 0.3 хувиар буурсан нь сүүлийн 14 жилд үзэгдээгүй уналт гэж шинжээчид онцолж байв. “Ситигрупп”-ийн таамгаар 2018 он гэхэд зах зээл дэх илүүдэл 300 сая тоннд хүрэх гэнэ. Тэд нийлүүлэлтийн илүүдэл энэ онд нэг тонн төмрийн хүдрийн үнийг 50 ам.доллар болтол унахад нөлөөлнө хэмээн таамаглаад байгаа. Өнгөрсөн оны эхэнд 135 ам.доллар байсан төмрийн хүдэр мөн оныхоо сүүлээр 69 ам.доллар болсон юм. Зургадугаар сарын сүүлийн өдөр гэхэд Хятадын Тяньжин боомтод 44.1 ам.доллар хүрч буурсан мэдээ цацагдсан. Ингэж буурахын өмнөх долоо хоногт төмрийн хүдрийн үнэ 56 ам.доллар байжээ. Өмнө нь 44 ам.доллараас бууж байсан ч эргээд 60 ам.доллар хүрсэн жишээ бий. Юутай ч ерөнхий дүр зургаар нь харахад төмрийн хүдрийн үнэ ирэх хоёр жилийн хугацаанд лав дээд тал нь 65 ам.доллар байх бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганы өмнөх улс төр

Хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн тод байдлын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаагаас гадна АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа”-ны гэрээ цуцлагдаж байгаа учраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгийг тодотгосон. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газраас хөөх тухай шийдвэр гаргаж, МАН гарсан ч болохгүй зүйлгүй гэдгээ нэгэнт мэдэгдчихсэн байгаа нөхцөлд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах зар гайхах зүйл биш байлаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга нарыг дуудаж Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирмээргүй байна гэдгээ хэлсний дараахан болж байгаагаараа анхаарал татам байсан байж болох юм. Ерөнхийдөө уг уулзалтын дараа АН-аас сонгогдсон төрийн гурван өндөрлөг нэг байр суурин дээр байж чадахгүй байна гэдэг нь харагдсан, хүмүүс ч ийм цэг дээр ирэхээр нэг нам байсан ч хагарахаас аргагүй байдаг гэдгийг урьд өмнийн улс төрийн нөхцөл байдлуудаас мэддэг болохоор төдийлөн гайхаагүй гэж болох юм. Харин одоо улс төр хэрхэн цааш өрнөх бол, зуны халуун дээр халуун болж байсан энэ сэдэв усан бороо шаагих намрын өдрүүдийг хэрхэн хөтлөх бол гэдэг нь анхаарал татаж байна.

Амралт эхэлсэн ч асуудал хэвээрээ

Ямартай ч энэ өдрүүдэд төр засгийн ажил ч, намуудын ажил ч хэсэгтээ зогсоод байна. Нэгэнт ээлжит бус хуралдааны тов гарсан учраас хаа, хаанаа амрахаар явжээ. Намуудын хувьд наадмын өмнөх бүлгийн хурлуудаа нэлээд ширүүн хийж аваад тарцгаасан сурагтай. Ээлжит бус чуулган хойшилж магад гэсэн яриа гарсан ч одоогоор баттай зүйл үгүй. Өмнөх УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах захирамж гаргавал хууль бус үйлдэл болох талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Бас гишүүдээс санал асуухад ээлжит бус чуулганыг есдүгээр сард болгох хүсэлтэйгээ дийлэнх нь илэрхийлсэн дуулдсан. Гэхдээ УИХ-ын дарга наймдугаар сарын 3 гээд өдрийг товлосноор түшээд түр таран одсон билээ. АН-ын хувьд МАН-ыг Засгаас гаргах шийдвэр нь нэгэнт тодорхой болчихсон. Хэзээ ч МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулахгүй гэж байсан Н.Алтанхуягийг огцруулсны дараа Ч.Сайханбилэг МАН-аас эхлээд бүх намын төлөөллийг багтаан Шийдлийн Засгийн газраа байгуулсан юм. Харин түүний харьяалагддаг намаас МАН-ыг гэрээний амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжилж, тэднээс салах улс төрийн шийдвэр гаргасан учраас тэр тун хэцүү байдалтай байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарласан уулзалтын үеэр МАН-ын сайд нарыг огцруулахгүй гэдгээ намынхаа даргын өөдөөс харж байгаад хэлж чадлаа хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч нэгэнт галт тэрэг хөдөлчихөөд байхад юу хийж чадах нь тун эргэлзээтэй байгаа юм. Хэрэв МАН-ын сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрийнх нь асуудал яригдах учраас өөр гарц түүнд үгүй хэмээж байгаа нь үнэний ортой. Ямартай ч хамгийн сүүлийн мэдээгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа даргадаа сайд нарынхаа асуудлыг өөрөө оруулж ирнэ гэж хэлсэн гэж дуулдлаа.

Хэрэв Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг оруулж ирвэл танхимын тэргүүн нь оруулж ирж байгаа асуудал учраас дорхноо шийдэгдээд явна. Өөрөө оруулж ирэхгүй бол АН-ын бүлэг буюу тус бүлгийн гишүүдээс асуудлыг өргөн барих учиртай. Энэ тохиолдолд МАН-аас Удирдах Зөвлөлөөрөө асуудлыг хэлэлцэж, цаашлаад Бага хурлаараа хэлэлцэх процедурын асуудал гарах учраас наад зах нь асуудал долоо хоногоор сунжирна. АН-ын хувьд ҮЗХ нь эрх мэдлээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн учраас Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр эцсийн болоод яваад байгаа юм билээ. МАН-ын дарга М.Энхболд Ч.Сайханбилэгийг намын гишүүдийг нь аваад явсан хүний хувьд өөрөө авчраарай гээд байсан. Хэрэв Ерөнхий сайд тэдний асуудлыг өөрийн биеэр оруулж ирвэл МАН-ынхан хариуг нь барьж түүнийг огцруулах асуудлыг ч өргөн барьж таарна. МАН-ынхны хувьд Оюутолгойгоос эхлээд асуудал зөндөө байна гээд анхааруулсаар сууж буй.

МАНЧ.Сайханбилэгийг огцруулж чадах уу?

Гэвч тэд огцруулахыг хүсэвч амаргүй нь үнэн юм. Үнэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаасаа салаад зогсох уу, бүрэн бүрэлдэхүүнээрээ унах уу гэдэг нь АН-ынхан бусад нам хүчнүүдтэй ямар тохироо хийснээс шалтгаалах билээ. МАН-ыг засгаас гарна гэхэд АН-ын дундаж гишүүдээс дутахгүй баярлаж байгаа хүмүүс “Шударга ёс эвсэл”, ИЗНН-ын гишүүд байлаа. Бас тэдэн дээр бие даагч нар ч нэмэгдэж байгаа. Хэрэв энэ бүх талуудын эрх ашгийг АН-ынхан хангаж чадвал МАН-ынхан хичнээн эсэргүүцээд парламент дээр хүчгүйднэ. Нэгэнт саналын дийлэнхийн 44+5 тэдэнд ирчих учраас МАН-ын явуулах сөрөг пи арыг эс тооцвол айх аюулгүй гэж үзэж болох юм. Гэхдээ АН-ынхан өөрсдөө нэг цул болж, нөгөөдүүлтэйгээ ч ойлголцох хэрэгтэй болж таарна.

АНзургаан сайдын ихэнхийг бусдадааөгөх төлөвлөгөөтэй

Одоогийн байдлаар АН-ын барьж байгаа тактик нь Сангийн яамыг өөрсдөө аваад бусад таван сайдын суудлыг бусад хүчнүүдэд өгчихье гэж байгаа юм билээ. Бас Шадар сайдыг аваад бусдыг нь хуваая гэсэн хувилбар ч бий. Аль болох нөгөө хэддээ сэтгэл ханамжийн баталгаа өндөр өгнө. Өөрсдийн нь Засгийн газрын хувь заяа шийдэгдэх учраас тэгж л таарах болов уу. Гэхдээ АН-ынхныг урьдчилан таамаглахад хэцүүхэн хүмүүс. Барьцгүй улсууд л даа. Намын дарга нь тэгж бодлоо гэхэд энэ удаагийн бялуунаас хувь хүртэхийг бодогсод олон байгаа. Тиймээс албан тушаал хуваах үед хэд хуваагдаж, хэд урвахыг таашгүй. “Тэгж олон суудлаа өгөх нь буруу, ЭМЯ-ыг нэг намд өмчилсөн мэт дамжуулсаар ирсэн нь бодлогын алдаа болсон, сайжирч байсан салбар МАХН-ын сайдаас сайдын хооронд муудлаа” гэх яриа ч АН-д хүчтэй сонстож байна лээ. Бас Шадар сайдыг МАХН-д өгч, Д.Тэрбишдагва боллоо гэвэл нэмж хоёр яам өгч болохгүй ч гэлцэж байгаа аж. Шинэ хуваарилалтаар МҮАН-д зүсэм томоохон ирж магадгүй. Гэхдээ М.Энхсайхан өөрөө сайд бололгүй, намынхандаа боломж өгөх саналаа хэлсэн гэх. Бие даагч гурав яаран сандран сайд болох санаагүй байгаагаа хэвлэлийн хурлаар зарласан нь учиртай. Тэднийг албан тушаалын тохироонд орчих гээд байдаг гэсэн шүүмжлэл Шинэчлэлийн Засгийн газраас эхтэй. Саяхан МАН Засгаас гарах сэдэв яригдаж эхэлснээр тэд ч муу нэр сонсч эхэлсэн. Гэхдээ тэд сайд болохгүй гэж зарласнаараа АН-тай тохирохгүй байгаа гэсэн үг биш ажээ. Харин ч ойлголцож байгаа гэх. Магадгүй бие даагчдаас Ц.Даваасүрэн сайд болох, ингэхдээ уг намд нэгмөсөн орох яриа гарахад гайхах зүйлгүй ч байж магад. Ерөнхийдөө АН-ын зүгээс тэднийг хамтарч ажиллая, бүр нэгдье гэсэн шахалтыг хийж байгаа дуулдсан. АН өөрсдийн гаргасан шийдвэрээ хүчтэй болгохын тулд бусдадаа сайн өгч, өөрсдөө татуухан үлдье гэж зорьж байгаа ч амьдрал дээр хэрхэн өрнөхийг харж л суухаас өөр үггүй.

Бас бус хувилбарууд

Улс төр яаж ч өрнөж, улсуудын сэтгэл яаж ч хувирахыг тааж хэлэхийн аргагүй билээ. АН-ынхны дотооддоо барьж байгаа бодлогоор өөрсдөөсөө хүн гаргана гэвэл УИХ-ын гаднаас, бусад намуудын хувьд УИХ дотроосоо хүн томилох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ нь УИХ дахь ирцийг баталгаажуулах үүднээс, нөгөө намуудад гаднаас хүмүүс орж ирвэл яаж самрахыг мэдэхгүй учраас чингэх бололтой. Гэхдээ зургаан сайдын суудлыг хувааж авахдаа намуудын тохироо яаж ч эргэж магад. АН-д одоо байгаа дэдүүдээ жинхэлье гэсэн хувилбар яригдсан ч дэмжлэг аваагүй дуулдсан. Дараагийн хүн өөртөө шанс гарахыг хүлээж байгаагаас ч тэр, 2016 оны сонгуулиа бодсон ч энэ хувилбар төдийлөн дэмжлэг авахгүй бололтой. Засгийн газарт зарим сайдын орон гарах, цаашлаад Засгийн газар солигдож ч магадгүй сургаар дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн таамаглал хөвөрч байгаа. Р.Амаржаргал, З.Энхболд бүр Х.Баттулгын ч гэсэн нэр дуулдсан. Р.Амаржаргалын хувьд Ч.Сайханбилэгтэй ил өрсөлдөж байсан хүний хувьд төлөвлөгөө нь өөрчлөгдсөн нь юу л бол. З.Энхболдын хувьд болохгүй гэдгээ намынхаа хүрээлэлд дуулгасан хэмээн дуулдах. Хэрэв намын дарга Ерөнхий сайд болох зарчмаар тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болохоор боллоо гэхэд УИХ-ын даргын суудал эзгүйрнэ. УИХ-ын дарга байж Засгийн газраа томилуулах учраас УИХ даргагүй болчихвол жинхэнэ парламентын хямрал гэдэг нь болох биз. Тиймээс ийм гоомой зүйлийг тэд хийхгүй. Х.Баттулгын хувьд бүлгийн хурал дээр зарим нөхөд нь түүнээс тийм санаа байгаа эсэхийг асуухад “Боль л доо” гэж хариулжээ. Уг хурал дээр Х.Баттулга Ерөнхий сайд болох, Д.Арвин сайд болох санаа өвөрлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шударга ёс” эвсэл тарвал бүлэггүй болох учраас гоомойдохгүй

МАН-ыг хөөх тухай яригдаж эхлэх үед МАН, МАХН хоёр нийлэх талаар ярьж байгаа гэнэ гэсэн яриа дуулдаж эхэлсэн. Үнэндээ энэ хоёр намыг нэгтгэх хүсэлтэй хүмүүс олон бий, доод дунд шатандаа ч энэ талаар ярилцдаг. Харин дээд түвшиндээ тэгж ойлголцох нь юу л бол. МАН-ын лидерүүд дунд Н.Энхбаяртай нэгдэхгүй гэсэн хатуу байр суурьтай хүмүүс их бий. Нөгөө талаас тэр асуудал яригдвал 2012 оны сонгуульд эвсэл болж орсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл” задрах болно. Эвсэл задарвал УИХ-д бүлэг ч байхгүй болж, тэгснээр юу болж доош ордгийн зовлонг 2004-2008 оны парламент бэлхнээ харуулсан, Н.Энхбаяр дарга ч өөрөө халуун цөмд нь байсан хүн сайн мэдэж байгаа. Нөгөө талдаа уг хоёр нам эвсэл болж орохдоо тун хатуу гэрээг хоорондоо хийсэн гэдэг. Тиймээс эвсэл задарч, МАХН, МҮАН салах асуудал байхгүй болов уу. Саяын улс төрийн үйл явдлын өрнөлөөр МАН, МАХН-ын талаас хүмүүс уулзалдаад байсан, нэгдсэн тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтаа хэрхэн хийх үү гэдгийг яриад авсан дуулдсан. Гэхдээ МАН-ын зүгээс ихэрхэж 80:20 гэсэн хувийг санал болгосноос амбицтай МАХН тэдэнтэй яриа тохироогүй гэсэн яриа ч дуулдаж байлаа.

МАН хэрхэн харагдах бол?

АН нэр муутай байна. МАН-ын нэр хүнд өссөн үү гэвэл бас тиймгүй. Олон жил эрх барьж ирсэн энэ намынхан гудамжинд гарсан хоёр жилийнхээ хугацаанд барьц алдаж, туйлдсандаа АН-ынхныг гар дэлгэнгүүт гүйгээд Засагт хамтарчихсан. Одоо тэгээд ажлаа хийж чадаагүй нэр зүүгээд хөөгдөж байгаагаар нийгэмд уншигдаж байна. Засгийн газарт хамтрахыг дэмжээгүй хүмүүс Ц.Нямдоржоос эхлээд “Тэр хэлээгүй юу” гээд намын даргаа баалаад эхлэх нь энүүхэнд болов уу. Энэ нь тэртээ тэргүй цавтаад байсан МАН-д томоохон эргэлт эхлэх шалтаг болохыг ч үгүйсгэх аргагүй. МАН-д дарга М.Энхболдынх нь тэргүүлдэг хотын фракц томоохон байр суурьтай. Энэ намд албан ёсны фракцын тогтолцоо байхгүй гэдэг ч хотын, залуучуудын, Сү.Батболдын, 50-иад оныхны гэсэн бүлэглэл байдаг нь хэнд ч ил. М.Энхболд намын эрх мэдлийг авч, Бага хурлаа бүрэлдүүлэхдээ дан өөрсдийнхнөө оруулж, нөгөөдүүлээ илт тойргийн гадна үлдээсэн нь тухайн үед багагүй шуугиан болж байсан. Хэдийгээр бусад бүлэглэлүүдээс хариу үйлдэл гаргаагүй ч хөвдөнд гал уугих шалтаг болсон юм. Харин залуучуудын фракцийг хоёр хувааснаар энэ хагарал бүр тодорхой болсон байна. Одоо МАН-д хотын бүлэглэл тэдний нөгөө талд нь бүх бүлэглэлүүд нэгджээ. Тэгэхээр МАН-ын Засгийн газраас хөөгдвөл намын их хурлыг ч хуралдуулахад хүргэхийг үгүйсгэх аргагүй. М.Энхболд намын даргын хувиар биш бүлэглэлийн даргын хувиар цөөхөн хэдхэн хүнтэй харьцаж вакумд орсон нь буруу гэх улсууд олон байна. Тэрбээр яг энэ байдлаасаа болж 2008 оны сонгуулийн өмнөхөн намын их хурлаар С.Баярт эрх мэдлээ шилжүүлэн өгч байсан билээ. М.Энхболдыг сүүлийн үед насаараа намдаа зүтгэж ирсэн лидерүүдээ сонсохгүй харин “7-гийн фракц”-ийн үгээр хөдлөх боллоо гэсэн шивнээ яриа гараад эхэлжээ. Тэрхүү “7-гийн фракц”-д нь С.Бямбацогт, Д.Сумьяабазар, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Төмөрхүү нар багтаж байгаа бөгөөд албан тушаалтай, мөнгөтэй залуучуудад ихээр найдлага тавьж байгаа нь түүний алдаа гэж буруутгагсад ч бий аж. Ямартай ч тэдний хооронд 2017 оны сонгуульд М.Энхболдыг дэмжиж нэр дэвшүүлнэ гэсэн тохироо байгаагаас 2016 оны сонгуулийг ч тоохгүй байна хэмээн намынхан нь хардаад эхэлжээ. Тэдний энэхүү тохироогоор эхний ээлжинд НАМЗХ-ны удирдлагыг авах ажиллагаа явсан гэх бөгөөд хотын намын удирдлагыг Д.Сумьябазарт шилжүүлснээр тохиролцоо үргэлжлэх сурагтай.

МАН-ын энэ мэт явдал бодитой үргэлжилж байгаа бөгөөд “Ардын хүч” нэртэй жигүүр өдөлж эхэлсэн нь ч жирийн хэрэг биш болов уу. Ямартай ч Засгийн газарт багтаад, зарим хүмүүс нь ажилтай болоод явж байсан үе өнгөрч, хөөгдсөн нэр зүүх болж магадгүй нь уугиж эхэлсэн цогийг гал болгох аюултай гэж улс төр ажиглагчид дүгнэж байна.

Ээлжит бус чуулганы өмнөх улс төрийн нөхцөл байдал ийм байна. Байдал хэрхэн өрнөх нь яриа хэлэлцээр, тохироо, талууд сэтгэл ханамж хэр үлдсэнээс шалтгаалах биз ээ.