Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборыг хүлээлгэн өгчээ

Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн ажлыг дуусгаж улсын
комисст хүлээлгэн өгчээ. Гэхдээ хариу нь хараахан гараагүй байгаа аж. Уг нь
өнгөрсөн сард эхний ээлжийн 6000 гаруй автомашины зогсоол бүхий хэсгийг
ашиглалтад оруулах байсан юм. Гэвч ажил удааширснаас одоо л тохижилтын ажил
дуусч байгаа аж. Цогцолборын хэвлэлийн ажилтны өгсөн мэдээллээр, Авто худалдааны
цогцолборын эхний ээлжийн ажил үндсэндээ дууссан гэнэ. Цэвэр бохир усны шугамын холболт, цогцолбор
доторх зам, газар шорооны ажил дууссан
байна.

Мөн цогцолборыг ашиглалтад
оруулахын тулд 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.5 км авто
зам барих юм.
Замын ажил газар чөлөөлөлтөөс болж товлосон хугацаанаасаа оройтож эхэлсэн
байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар авто замын ажил ирэх сарын 25-нд дуусах
юм.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын вакциныг хийлгэж болно гэв

Манай улсын 17 аймгийн 132
суманд тарваган тахал гарах эрсдэл их байна. Ялангуяа Баян-Өлгий, Ховд,
Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөртэй байгаа
учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна.
Тарваган тахал нь байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Өвчилсөн амьтан
агнах, өвчих, арьс маханд хүрэх үед болон өвчилсан хүнийг асрах, сувилах, мах,
цөс, хүн мах, арьс гэх мэт дутуу боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, бөөс
бүүрэгт хазуулах зэрэг тохиолдолд халдвар авдаг. Халдвар авснаас хойш дунджаар
2-3 хоногт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах,
бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх зэрэг ерөнхий хордлогын шинж илрэхээс
гадна нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү гарч, цусархаг шүүдэс бүхий цэврүү
үүсэн, булчирхай томорч хүчтэй өвддөг. Амьсгалын замаар халдвар авсан
тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр
нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах,
хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөж бөөлжих,
суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинж илэрнэ.

Иймээс үхсэн мэрэгч амьтдын сэг
зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй
хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх,
тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл
мэндээ хамгаалахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газараас зөвлөж байна. Тахлын
голомт бүхий нутаг руу явах жирийн иргэд хүсвэл Халдварт өвчин судлалын
үндэсний төвд очин тодорхой хэмжээний төлбөр төлж вакцин хийлгэж болох аж.

Categories
мэдээ нийгэм

Усны түвшин 10-60 см нэмэгдэнэ

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд
хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс
15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинг 50 см давсан
байна.

Өнөөдрөөс Туул гол Улаанбаатар
хот орчимд усны түвшин 35 см, энэ сарын 22-нд Орхон гол Орхон сум
/Сэлэнгэ/ орчимд 40 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд мөн энэ сарын
21-22-ны өдрүүдэд усны түвшин хоногт 10-60 см нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнөөдрийн байдлаар
Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см
давсан байдалтай байна. Иймд дээр дурдсан голуудын сав болон гол мөрний эрэг,
татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж,
амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур,
орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон
анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Ху Жинтаогийн туслах намаасаа хөөгджээ

БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн туслах Линг Жихиа авлига авсан нь тогтоогдож, намаасаа хөөгдсөн тухай “www.dailytimes.com.pk” мэдээллээ. Линг хээл хахууль авснаас гадна биеэ үнэлэгчидтэй хэрцгий хандаж, ёс бус үйлдэл хийсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв. 2012 онд Лингийн хүү Бээжин хотноо “Ferrari” машинаар хурд хэтрүүлэн давхиж байхдаа амиа алдсан билээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Лингийг авлига авсан хэмээн буруутгаж, баривчилсан юм. Си Зиньпин эрх баригч “Коммунист” намын гишүүдийг авлига авч, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахыг хориглосон. Уг шийдвэрийн дараа ойролцоогоор 17 мянган гишүүн намаасаа хөөгджээ.

Categories
мэдээ спорт

“India 2016” тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтууд Монголд болно

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн ирэх намар болно. Нийт 45 улс 11 эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнд манай улсын баг “K” хэсэгт Япон, Хонконг, Бруней улсын багуудтай оноолт таарсан юм.

МХХ уйгагүй хүчин чармайлт гаргасны эцэст тус тэмцээний “К” хэсгийн тоглолтыг ирэх есдүгээр сарын 16-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг АХХ /AFC/-ноос авлаа.

Энэхүү тэмцээнд хэсэг бүрийг тэргүүлсэн 11 дээр хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудаас үзүүлэлт сайтай дөрвөн баг нэмэгдэн, улмаар нийт 15 улсын шигшээ баг ирэх жил Энэтхэгийг зорих эрх авах юм.

Серб дасгалжуулагч Войслав Бралушичаар /”UEFA”-гийн “А” зэрэглэлтэй/ удирдуулсан Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг долдугаар сарын 8-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний бэлтгэл болгож БНХАУ-д болох “Торгоны зам цом” тэмцээнд оролцохоор урд хөршийг зориод байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв аймагт нэг гэрийн гурван хүнийг хөнөөсөн гэх Б.Баасанжавын хэргийн мөрөөр

Наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд цагдаагийн байгууллагад “Нүхэнд хүний цогцос байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг Хөндлөн гэдэг газар зусч байсан Б-г эхнэр хүүхдийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, гэрийнх нь ойролцоох нүхэнд булсан байжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, 24 цагийн дотор тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж илрүүлсэн. Хэргийн газар үзлэг хийхэд 52 настай эрэгтэй Б, 12 настай эмэгтэй Б нар буудуулсан, 53 настай эмэгтэй Т хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Сэжигтэн эхний мэдүүлгээр үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа” гэсэн юм.

Б.Баасанжав ажил муутай этгээд гэв

Сэжигтэн талийгаачийн ахынх нь хүү. Талийгаач түүнийг гэртээ байлгаж, “тэжээдэг” байсан талаар нутгийнх нь хүн ярьсан. Бид Төв аймгийн Сэргэлэн сумын иргэнтэй холбогдож мэдээлэл авлаа.

-Танай суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Таныг талийгаачийнхныг таньдаг, ойр дотно байсан гэж сонсоод холбогдож байна.

-Тийм айхавтар хэрэг болсныг наадмаар мэдлээ. Цагдаа нар бүрэлдэхүүнээрээ талийгаачийнд хэд, хэдэн удаа ирсэн. Энэ хавийн хүмүүсийн ярьж байгаагаар тэр нөхөр наадмаас нэлээд хэд хоногийн өмнө ийм айхавтар гэмт хэрэг үйлдчихээд зугтчихсан гэсэн. Тэгээд энд тэнд хоноглож тэнэж явахад нь цагдаа нар барьсан байна.

-Та сэжигтнийг хэр сайн таних вэ?

-Талийгаачийг сайн танина. Үхэр голдуу малтай, давгүй сайхан амьдралтай айл байсан юм. Илүү дутуу зангүй найрсаг хүмүүс байсан юм, хөөрхий. Талийгаач (гэрийн эзэн) Налайхад жолоочоор олон жил ажилласан, эхнэр нь ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Тэднийх энд нүүж ирээд олон жил болж байгаа. Хэдэн малынхаа буянаар л амьдардаг байсан айл. Хүүхдүүд нь хотод байдаг. Бага охин (талийгаач) хотод сурдаг, амралтаараа гэртээ ирдэг байсан юм.

Харин хүний амь хөнөөсөн нөхрийг сайн мэдэхгүй. Дуу муутай залуу тэднийхээр ирж очоод л байдаг байсан. Хэрэг түвэгт холбогдож байсан юм гэнэ лээ. Архи их ууна. Хэд хоногоор алга болж байгаад ирдэг. Тэр бүртээ талийгаачаас мөнгө авдаг байсан биз. Эрхэлсэн ажилгүй. Малд ч нүдгүй, ажил төрөл муутай этгээд. Талийгаачийн ойрын хамаатны залуу гэж сонссон. Талийгаач л тэр нөхрөөр хүн хийх гэж зовж байгаа нь харагддаг байсан.

-Тэдний харилцаа хэр байсан юм бол. Сэжигтэн өс хонзонгийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн гэсэн.

-Талийгаач хүнтэй муудалцаад байх хүн биш. Гэмт хэрэг үйлдсэн нөхөр л өөрөө авиргүйтсэн байх. Энэ хэргийг үйлдэхээс өмнө хэд хоног хотод архидаж байгаад ирсэн гэнэ лээ. Талийгаач ахынх нь хувьд биеэ зөв авч яв гэсэн утгаар хэдэн үг хэлсэнд л өсөрхсөн биз. Тэр нөхөр гурван хүний амь хөнөөчихөөд баригдталаа архидаж, зугаацаж явсан гэсэн. Тэгэхээр л ямар хүмүүжилтэй, хэр хүн бэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

Сэжигтэн хэн бэ

Авга ах, бэргэн эгч, ач дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа этгээд 1983 онд төрсөн. Бямбацогт овогтой Баасанжав бүрэн бус дунд боловсролтой. Тэрбээр Баянзүрх дүүргийн IX хороонд бүртгэлтэй. Хулгай, танхайн хэргээр шалгагдаж байжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй түүнийг авга ах (талийгаач) нь гэртээ байлгаж, амьжиргаанд нь тусалдаг байж. Бүр мал тасалж, тусад нь гаргах талаар ярьдаг байжээ. Гэвч сэжигтэн байнга шахам архи ууж, хэд хоногоор алга болчихдог байжээ. Тэрбээр талийгаачийн том хүү, охин хоёртой бараг харьцдаггүй байсан талаар албан бус эх сурвалж мэдээлсэн. Талийгаачийн хүүхдүүд түүнийг архи уудаг, авир муутай болохоор аав ээжээсээ хол байлгая гэж ярьдаг байж. Гэвч талийгаач “Ганц ахынхаа хүүг би л харж хандаж, зөв хүн болгох ёстой” гээд Б.Баасанжавыг өнгөрсөн өвлөөс хойш хажуунаасаа холдуулаагүй гэнэ.

Түүнийг хамтран амьдарч байсан эмэгтэйгээсээ салсан гэдэг мэдээллийг ч эх сурвалж өгсөн. Хэрэг гарахын өмнө сэжигтэн хот явж хэд хоногоор алга болжээ. Ирснийх нь дараа авга ах нь “Наадам дөхөж байхад хот орж сүү, цагаан идээ борлуулмаар байна. Бүл муутай хоёр хөгшин хаяад хэд хоногоор алга болчихлоо. Наадмын хэд хоног чи энэ гэр харж, үхэр тугалаа хариул” гэснээс маргаан эхэлсэн талаар сэжигтэн мэдүүлсэн гэнэ. Авга ахтайгаа маргалдаж, аминд нь хүрсэн шалтгаанаа сэжигтэн өс хонзонгийн сэдэлтээр гэж мэдүүлжээ. Мөн гурван хүний амийг хөнөөснийхөө дараа гэрт нь байсан эд зүйл, үхрийг нь хулгайлж, хотод орж зарж олсон мөнгөөрөө архи ууж байгаад цагдаа нарт баригдсанаа хүлээжээ.

Хэргийн ул мөр үлдээхгүй гэсэндээ гэрт байсан бүх хүнийг хөнөөсөн гэж ярьсан гэнэ. Ингээд гэрийнх нь ойролцоо байсан нүхэнд булж, талийгаачийн портер маркийн машинаар зугтжээ.

“Тэр ганцаараа биш

Төв аймгийн сэргэлэн сумын албаны эх сурвалжтай холбогдоход “Талийгаачийнх Налайхын айл. Налайхад бүртгэлтэй. Манай аймгийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан. Тэтгэвэрт гараагүй, мал малладаг байсан хүмүүс. Охин нь 79 дүгээр дунд сургуульд сурдаг байсан. Энэ хэргийг үйлдсэн гэх сэжигтэнг танихгүй. Сумынхны ярьж байгаагаар тэр нөхөр ганцаараа энэ хэргийг үйлдчихээд хулгай хийхдээ хүмүүстэй бүлэглэсэн бололтой юм билээ. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэд, хэдэн хүнийг бас шалгаж байгаа гэсэн. Тэр хүмүүс нь хотод амьдардаг гэж сонссон. Өөр мэдээлэл алга” гэв.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт Б.Баасанжаваас гадна гурван хүнийг сэжиглэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

38120 иргэнд ипотекийн зээл шинээр олгогдоно

Монголбанкнаас гаргасан ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн мэдээ хүргэж байна.

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 19132 зээлдэгчийн нийт 566.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 38120 иргэнд 2038.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн визийн хүчинтэй хугацааг сунгалаа

Коронавирусын халдвар гарсны улмаас БНСУ-д зорчих аяллаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сараар сунгахаар болжээ.

Энэ талаарх шийдвэр тус улсын Хууль зүйн яамнаас гарсныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.

Энэ нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд оршин суух хугацаанд хамаарахгүй юм байна.

Categories
мэдээ спорт

А.Сүхбат Увсын наадамд зодоглоно

Увс аймгийн 90 жилийн түүхт ойн наадам энэ сарын 22-24-нд болох гэж байна. Увсчууд 90 жилийн ойгоо “Бөхийн баяр” хэмээх нэрийн дор тэмдэглэхээр юм байна. Уг наадамд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 512 бөх зодоглох аж. А.Сүхбатаас гадна О.Балжинням, С.Мөнхбат, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар зодоглох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

28 автобусны буудлыг шинээр барина

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил улс, нийслэлийн төсөв, замын хөрөнгөөр 47.92 км авто замыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км авто зам, 481.7 метр урт гүүрийг өргөтгөн шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн юм.

Уг ажлын хүрээнд хэд, хэдэн газарт авто замыг түр хаагаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж буй. Энэ ажлын III үе шат буюу сүүлийн үе шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлж Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил ирэх наймдугаар сарын 14-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр төлөвлөжээ.

Үүнд 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хамаарч байна. Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4.6км шугам суурилуулах ажил аж. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай юм байна. Гэрээнд зааснаар ажил ирэх наймдугаар сарын 1-нд дуусна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 20,23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” компани шалгарчээ. Авто зам барихад 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж, нийслэлийн төсвөөс гаргаж буй юм байна. Энэ ажил ирэх наймдугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ. Авто зам ашиглалтад орсноор одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг 8м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй 9 ш хоолойг 18,36 у/м төмөр бетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх аж. Шинээр 28 автобусны буудал баригдана.

Дээрх авто замыг барихад авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 юм байна. Тиймээс газар чөлөөлөх байдлаар авто зам барих ажил үргэлжилж буй ажээ.

Олны нэрлэж заншсанаар 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1,56 км авто замын барилгын ажил үргэлжилж байна. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр “Готик голд” компани ажиллаж байна. Гэрээ ёсоор уг замыг ирэх наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө.