Categories
мэдээ нийгэм

Хүрээ цамыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Монгол Үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Даншиг наадмам зохион байгуулахаар боллоо. Наадмын нэгдсэн үйл ажиллааг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгохоор шийдвэрлэлээ.

Наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэж, Буддын шашны бүх хийдийн лам нар Монголын их бат оршил өргөх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна.

Мөн наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаар оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хачгаар дамжих халдвар их байна

Долдугаар сарын 17-ны өдөр
хүртэл зоонозын өвчний сэжигтэй 501 яаралтай дуудлага ирсэн байна. Үүнээс 76 нь
галзуу өвчний эрсдэлд өртжээ. 419 нь хачигт халдвар, 6 нь боомын хүний өвчний сэжигтэй дуудлага
байсан аж. Хачгаар
дамжих халдварт өвчний тохиолдол сүүлийн таван жилийн дунджаас өндөр
үзүүлэлттэй байгааг албаныхан онцолж
байна.

Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэ аймагт ажиллана

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ирэх долоо хоногт Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллана.

Монгол Улсын газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуй, газар тариалан түшиглэсэн үйлдвэрлэл эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Тухайлбал, орон нутагт 15 мянга орчим ЖДҮ эрхлэгч тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 2000 гаруй нь Сэлэнгэ аймагт үйлдвэрлэл эрхэлж байна.

Харин газар тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймагт энэ жил цаг агаарын улмаас хуурайшилт ихтэй, гантай байгаа нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэр эрхлэгчдэд хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.

Тиймээс Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” арга хэмжээ үргэлжилнэ

НИТХ-ын хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байгаа юм. Харин 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа аж.

Тиймээс ч уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ зун соёл урлагийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тухайлбал, “Учиртай гурван толгой дуурь”, “Ариун хаврын тахилга” этно балет, “Сайланс вайт” дижи урлагийн шоу гэх мэт тоглолтыг нийслэлчүүдэд хүргэсэн. Тэгвэл соёл урлагийн арга хэмжээ ирэх сард ч үргэлжлэх юм байна. Тодруулбал, ирэх сарын 1-нд Олон үндэстний хоолны өдөрлөг – Үндэсний соёл амралтын хүрээлэнд, 7-нд “Алдрын танхим” Рок поп хүндэтгэлийн концерт – Чингис хааны талбайд, 8-нд “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлын арга хэмжээ – Хүй долоон худагт, 8, 9-нд “Улаанбаатар фүүд” фестиваль – “Вива сити” хороололд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

14 настай хүү тарваган тахлаар нас баржээ

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсээр байна. Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй энэ сарын 12-нд тарваганы мах иджээ. Хүү энэ сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээнд орсон ч 21-ний 03 цагт нас барсан байна. Өвчтнийг тарваган тахлын вакцины багийнхан илрүүлжээ. Хүүгийн амьдарч байсан газарт дөрвөн хот айлын 30 гаруй хүн амьдарч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сургуулийн барилга 80 хувьтай байна

Гуравдугаар сургуулийн барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч компаниар “Алтанбулаг трейд” шалгарсан юм. Одоогоор үндсэн барилгын ажил дуусчээ. Харин гадна зам талбай, явган зам, автомашины зогсоол зэрэг тохижилтыг хийж байна. Тус компанийн инженерийн мэдээлж буйгаар бороо хур ихтэй байгаа ч саатах зүйлгүй, төлөвлөсөн хугацаандаа дуусгана гэв. Төлөвлөгөө ёсоор гуравдугаар сургуулийн барилгын ажлыг ирэх намар дуусгах юм. Ингээд сурагчид нь ирэх есдүгээр сараас шинэ сургуульдаа орно.

Дашрамд дуулгахад, гуравдугаар сургуулийн барилгыг насжилт дууссан хэмээн акталж сурагчдыг дөрөв, 16 дугаар сургуулийн хэсэг өрөөнд хичээллүүлэхээр болсон. Улмаар гуравдугаар сургуулийн барилгыг гурван жилийн өмнө нурааж шинээр барих шийдвэр гарсан ч ажил багагүй хугацаанд зогссон юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ

Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа

Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах удирдлага, менежмент, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, оюуны өмчийн талаарх мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэн хүртээмжтэй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг бодитоор дэмжих, оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлогыг Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэх зорилгоор энэхүү стратегийг боловсруулж баталлаа.

Концессын гэрээ байгуулах эрх олголоо

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслүүдийн концессын гэрээг байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км автозамын төслийн концессын гэрээг “Чайна рейлвэй ферст групп”, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслийн гэрээг “CTU Bohemia” компанитай байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ хоёр төслийн хэрэгжүүлэгч тал үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, Концессын тухай хуулийг үндэслэн шууд гэрээ зарлажээ. Энэ хоёр төсөлд нийт 18 компани саналаа ирүүлснээс шаардлага хангасан хэмээн дээрх хоёр компанийг сонгосон байна.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангаж, тэдний ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлэн, гамшгийн эрсдэлийг бууруулж, ард иргэдийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бий болгож, учирч болох эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

АНУ, ИБУИНВУ-д хийсэн Ерөнхий сайдын ажлын айлчлалын дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны зургадугаар сарын 23-27-нд АНУ-д, зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-нд ИБУИНВУ-д тус тус ажлын айлчлал хийсэн. Айлчлалуудын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Эдгээр айлчлал нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын гуравдагч хөрш улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа

Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, удаашралтай болон тасарч байгаа заалтын биелэлтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ерөнхий дүнгээрээ 83,2 хувьтай гарчээ.

Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы XX бага хурал манай улсад болно

Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна. Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ.

Хуралд 20 гаруй орны 150 орчим төлөөлөгч оролцоно. Хурлын зохион байгуулалтын зардалд шаардагдах 20 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Товч мэдээ

  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг хэлэлцлээ.
  • “Номгон-IX” талбайд Газрын тосны газар, “Сансрын геологи хайгуул” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг “Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК-д шилжүүлэхээр тогтлоо.
  • “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий төслийн нэгжийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад ажиглагчаар оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайдад үүрэг болголоо.
  • Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд, Хөдөлмөрийн С.Чинзориг БНСУ-д хийсэн айлчлалынхаа дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
  • II сургуулийн барилга 80 хувьтай байна
  • Гуравдугаар сургуулийн барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч компаниар “Алтанбулаг трейд” шалгарсан юм. Одоогоор үндсэн барилгын ажил дуусчээ. Харин гадна зам талбай, явган зам, автомашины зогсоол зэрэг тохижилтыг хийж байна. Тус компанийн инженерийн мэдээлж буйгаар бороо хур ихтэй байгаа ч саатах зүйлгүй, төлөвлөсөн хугацаандаа дуусгана гэв. Төлөвлөгөө ёсоор гуравдугаар сургуулийн барилгын ажлыг ирэх намар дуусгах юм. Ингээд сурагчид нь ирэх есдүгээр сараас шинэ сургуульдаа орно.
  • Дашрамд дуулгахад, гуравдугаар сургуулийн барилгыг насжилт дууссан хэмээн акталж сурагчдыг дөрөв, 16 дугаар сургуулийн хэсэг өрөөнд хичээллүүлэхээр болсон. Улмаар гуравдугаар сургуулийн барилгыг гурван жилийн өмнө нурааж шинээр барих шийдвэр гарсан ч ажил багагүй хугацаанд зогссон юм.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн нарийвчилсан зураг төсөл, тендер шалгаруулалт, барилгын хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын До-Хва Инженеринг компанийн Ерөнхийлөгч Ким Жү Хён, БНСУ-ын Дулаан шугам сүлжээ корпорацийн Ерөнхийлөгч Ким Сон Хэ нар гарын үсэг зурлаа.

Азийн Хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр үе шатны нарийвчилсан зураг төсөл, тендерийн баримт бичгийг бэлтгэх, тендер шалгаруулалт болон барилгын ажлын хяналтыг гүйцэтгэх, 2 дугаар үе шатны Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг Азийн Хөгжлийн банк, Улаанбаатар хотын захиргаа хамтран зарласан. Тухайн тендерт санал ирүүлсэн нийт 20 гаруй олон улсын болон дотоодын компанийн техникийн болон санхүүгийн саналуудад Азийн Хөгжлийн банк, Улаанбаатар хотын зүгээс хяналт үнэлгээ хийсэн. БНСУ-ын До-Хва Инженеринг компанийн ахалсан түншлэлд Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээний эрхийг санхүүжүүлэгч талаас олгосон бөгөөд тус түншлэлд БНСУ-ын Дулааны шугам сүлжээ корпораци, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний Монконсалт, Зураг төслийн Ньюкон зэрэг компаниуд багтсан.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн үндсэн салбарууд болох ус хангамж, ариутгах татуурга, халаалт, авто замуудын ажлыг санхүүжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Тус хөтөлбөр нь нийт есөн жилийн турш III үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага тойруу орчим “Автомашингүй гудамж” байгуулж, тохижуулна

“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж, нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулан судлагааны ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хэсгийн үзэж байгаагаар нийслэлийн хэд хэдэн байршилд ийм гудамж бий болгох боломжтой байгаа юм байна. Энэ тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Гудамж талбайнхаа зарим хэсгийг автомашингүй болгож иргэдийг амрах, аюулгүй зорчих боломжийг хангадаг жишиг дэлхийн хотуудад бий. Үүний нэг адилаар Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй гудамжуудыг сонгон арван жилийн хугацаанд автомашингүй гудамж болгон тохижуулах юм байна.

“Гудамж төсөл”-ийн нэгжийн захирал Б.Батболдын танилцуулснаар, эхний ээлжинд Улаанбаатар хотын Бага тойруу доторхи 4 хэсэг байршилд төслийг хэрэгжүүлэхээр сонгосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж буюу Төв шуудангийн хойд үзүүр, Монголын Хөрөнгийн биржийн зүүн урд автозамын уулзвараас баруун тийш, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин байрны урдуур Мобиком ХХК-ийн төв байр Төрийн өмчийн хорооны дундуур гарсан авто замтай холбогдох хэсэг, мөн Хангарьд ордон, Бодь цамхаг, Эрдэнэс Монгол ХХК-ийн байрны дундуур Үндэсний Түүхийн музейн урд тал, Чингис хааны нэрэмжит талбайн баруун талын автозамаас эхлэн Улаанбаатар хотын банк, МҮЭ-ийн холбооны төв байрны дундуур гарч Өргөө зочид буудал, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Голомт банкны зүүн талын автозам хүртэл зэрэг байршлуудад ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөлтөөр машины зогсоолуудыг чөлөөлж явган зорчигчдод зориулсан зам, ногоон байгууламж хийж мод тахираас гадна үйлчилгээний газруудыг төвлөрүүлэн цогц байдлаар хийх юм байна.

Төслийг 10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд эхний ээлжийн гудамжийг энэ ондоо багтаан дуусгах боломжтой байгаагаа төслийн багаас хэллээ.

Энэхүү төсөл хэрэгжснээр нийслэлийн гудамж талбайн тохижилтын ерөнхий жишиг гарч, хотын өнгө төрх мэдэгдэхүйц дээшлэхээс гадна жуулчдыг татахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хотын удирдлагууд онцлов.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжиж, төслийг зохион байгуулахад нийслэлээс хамтран ажиллахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Туркт халдлага гарч, 30 хүн амиа алджээ

Турк, Сирийн хилийн бүс Сүрүч тосгонд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 30 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд Ахмед Давутоглу Сүрүч тосгоны хамгаалалт, аюулгүй байдалд онцгой анхаарал тавихаа мэдэгдсэн байна.

Амиа золиослогч этгээд эмэгтэй хүн байжээ. Албаныхан гэмт этгээдийг Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа нуугаагүй аж.

Халдлагын дараахан Истанбул хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдыг ард түмнээ хамгаалахыг уриалжээ. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн байна.