Categories
мэдээ нийгэм

Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын гомдлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, өчигдөр орой шийдвэрээ гаргалаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноож, Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тодруулбал, н.Мөнхтуул нь жирэмсэн учраас ялыг хойшлуулж нэн даруй суллахаар болсон байна.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс н.Даваа, н.Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Харин бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээлээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Хүрэн баавгай

Манай ард түмэн
хөвчийн хүрэн баавгайг майга бор гэлцэн үлгэр домогтоо хөшүүн удаан хүчтэний дүрээр мөнхөлж иржээ. Гэвч баавгай цагаа тулвал тийм
ч хойрго нэгэн биш бөгөөд 30 км цаг хүртэл хурдалдгийг амьтан судлаачид хэлдэг.
Тэр байтугай баавгай ан хийхдээ хөөж байгаа амьтныхаа араас нэгэн
жигдээр уйгагүй хөөдөг байна. Нөгөө амьтан нь сүүлдээ бахардан баавгайн идэш болдог
гэлцдэг. Үүнээс харин ч шаргуу, тэсвэртэй амьтан гэдэг нь мэдэгдэнэ.

Ерөнхийдөө
хүрэн баавгай холимог идэштэй амьтан. Мах, жимс, өвс ногоо, шавьж
гээд төрөл бүрийн зүйлээр хооллодог. Байгаль хамгаалагчдын яриагаар бол өвөлжин
ичиж гарч ирээд хүрэн баавгай юун түрүүнд улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс,
хуучин самар, шоргоолж зэргийг иддэг аж. Харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ,
үр, самар, ногоон ургамал, шавьж, загас, заримдаа сэг зэмээр хооллодог байна. Ингэж тэнхээрч авахын зэрэгцээ идэш тэжээл хомсдолтой тохиолдолд хандгай,
зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барьдаг байна. Эргээд зуны сүүл, намрын
эхэн үе ирэхэд гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын
үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллох
нь ч бий.

Монголчууд
баавгайг хэдий хүчтэй ч тун найрсаг амьтнаар төсөөлж ирсэн нь их ойр байсныг илтгэнэ.
Өвгөн анчид өнчирсөн бамбарууш морьтой хүн дагаад бөмбийтөл цогидог, ядрахаараа
уйлдаг, нулимсаа арчдаг гэж ярьсныг ам дамжин ярьдгаас үзвэл хүнд
нэлээд элэгтэй мэт. Харин багагүй Холливудын кинонд харуулснаас ч үүдэлтэй юу сүүлийн
үед догшин хэрцгий авиртай мэт төсөөлөл бий болоод байгаа. Тэгвэл монгол хүрэн баавгай
тун ч дөлгөөхөн зан ааштай амьтан аж.

Хүн рүү довтлох
нь маш ховор бөгөөд зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд
хоёр хөл дээрээ босч сүрийг үзүүлдэг байна. Харин америкийн хар болон сибирийн хүрэн
баавгай догшин зан авиртай аж. Үр төлөө хамгаалах гэснээс баавгайг муухан ээжээс
дээр гэсэн утгатай яриа олон оронд байдаг юм билээ. Дэлхийд найман төрлийн хүрэн
баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг. Харин өнгөрсөн жилийн намар Оросын
Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнд үхсэн 35 настай “Варвара” баавгайг “Дэлхийн
хамгийн урт насалсан хүрэн баавгай” хэмээн тус улсын эрдэмтэд зарлаж байв.

Хүрэн баавгай
Өмнөд туйл болон Австрали тивээс бусад газар тархсан байдаг. Эмэгчин баавгай 3-8
насандаа үржилд орж эхэлнэ. Нас бие гүйцсэн эвшийн биеийн урт 180-240 см, сэрвээний
өндөр 90-150 см орчим, хойд тавхайн урт 13-30 см, сүүлний урт 6-21 см аж. Бие гүйцсэн
эр баавгай 140- 400 кг, эм нь 100-210 кг жинтэй байдаг. Хүрэн баавгайн үс урт, сахлаг,
зөөлөн байдаг. Чих нь богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн
байдаг байна. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүрэн баавгай хүчирхэг хумстай
бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг. Сүүл нь жижигхэн тул бараг биеийнхээ
үснээс цухуйдаггүй.

Манай оронд
Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт
уулсаар хүрэн баавгай тархжээ. Гэвч хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас
130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог
байна. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод,
намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс,
буттай амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт байршдаг. Монгол Алтайд жижиг бут сөөгөн шугуйтай хадархаг
газарт тохиолдоно. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд
сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг.

Хүрэн баавгай
гол төлөв намар аравдугаар сард ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил бол арваннэгдүгээр
сард ичдэг аж. Ингээд гуравдугаар сард заримдаа бүр тавдугаар сард ч ичээнээсээ
гардаг байна. Ерөнхийдөө түүний ичих нь байгаль цаг ууртай салшгүй холбоотой. Ороо
нийллэг нь зургадугаар сараас долдугаар сарын хооронд болно. Эвш хээлээ 180-220
орчим хоног тээж, ичээндээ байх үедээ буюу нэг, хоёрдугаар сарын хооронд нэг, голдуу
ихэр, хааяа дөрөв хүртэл тооны бамбарууш гаргадаг аж. Бамбарууш
төрөх үедээ 350- 500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил
өнжиж төллөнө. Хүрэн баавгайн эрэгчин нь таван нас хүрч үржилд орно.

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн 1986 онд манай оронд ойролцоогоор, 500 орчим
хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Ерөнхийдөө тоо толгойг нь харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл гаргахад тун ч хүндрэлтэй байдаг гэнэ. Бусад амьтантай
харьцуулахад хүрэн баавгайн тоо толгойд байгалийн хүчин зүйл нөлөөлөх нь бага. Харин
Монголын ихэнх ойт бүс нутгийг хамарсан их хуурайшилт, гантай байсан 1988 оны үед
Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн баавгайтай учирсан 103 тохиолдол бүртгэгдэж, хот сууринд орж ирсэн хоёр тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар
хот байсан байна. Тэдгээрээс 47 баавгайг орон нутгийн хүмүүс агнахад бүгд маш туранхай,
зарим нь дотор өөхгүй байсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Сүүлийн жилүүдэд доньд, сарвууг нь худалдаалах зорилгоор авахын тулд хууль бусаар агнах явдал ихэссэн
гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо анхааруулж байгаа юм билээ. Манай орны
хувьд уулын тагаар нүүдэллэж явдгаас ч уу, уг амьтантай хамгийн их холбогдож агнахын
зэрэгцээ дээдэлж хүндэлдэг нь цаатангууд. Цаатнууд тэдний мах болон арьсыг нь ашиглах
зорилгоор агнах нь элбэг.

Цаатан түмний дунд хүрэн баавгайн
талаар домог хууч их. Тэдний нэгэнд нь Куйдусун нутагт нэгэн зоригт анчин эмэгтэй
байсан тухай гардаг. Куйдусун гэдэг нь хүйтэн ус гэсэн үг бөгөөд их хүйтэн горхитой
газрын нэр аж. Нэг удаа анчин бүсгүй баавгайн анд явжээ. Багширсан их төгөл дундаас том эр баавгай гэнэт гарч ирээд дайрахад нь буудтал буу нь гацчихжээ.
Овсгоо самбаатай бүсгүй байсан тул буугаа хаяад цээжин биенийхээ бүх хувцсыг тайлж
нүцгэлэн, хоёр хөхөө баавгай уруу харуулан гараа дээш өргөн орилон үсэрч эхэлжээ.
Тэгэхэд том эр баавгай зогтуссанаа буцаад зугтаад явчихсан гэнэ. Ер нь тайгынхан
баавгайтай дайралдсан эмэгтэй хүн амьд гарч болдог хэмээн ярьдаг. Эмэгчин баавгайг
буудчихаад өвчихөд хөх дэлэн нь хүнийх шиг цээжиндээ байдаг, хүнтэй их төстэй тул
ахимаг анчид залуу анчдад харуулдаггүй гэлцэнэ.

Түүний дээр цаатнууд урцныхаа оройгоос
сохор номин баруун хөлөөс нь дүүжилсэн байх нь элбэг. Учир нь сохор номинг баавгайн
бэр гэдэг гэнэ. Хорхойтсон баавгай нүцгэн бэрээсээ ичээд урцанд орж ирдэггүй гэж
домнодог аж. Түүнчлэн хэрэв баавгай агнахаар буудсан бол хэсэг хүлээгээд нэг нь
очиж “Од нь бөхжээ” гэхээр бусад нь очдог байна. Үхжээ гэсэн утгатай үг аж. Тэд
алсан баавгайн толгой талд очин чихэнд нь “Алах гэж бус андуураад агначихлаа” хэмээн
шивнэдэг домтой. Махнаас нь шарж идэхийн зэрэгцээ тэнгэрт өргөнө. Мөн ацтай мод
олж тогтоогоод түүнийхээ ар талд баавгайнхаа толгойг цааш нь харуулан өлгөөд орхидог.

Хүрэн баавгайн эд эрхтэн ашигласан
домын ёслол ч их. Тухайлбал, баавгайн савраар жирэмсэн эмэгтэйг төрөхөд нь хэвлийг
нь илдэг. Ингэснээр аюул осолгүй амаржина гэж үздэг байна. Энэ домын
учир нь баавгайн өөрийнх нь хэрхэн зулзагалдагтай холбоотой. Баавгай өвөл огт сэрдэггүй
бөгөөд эвш дүн өвлөөр ичээндээ өөрөө ч мэдэхгүйгээр бамбаруушаа гаргачихдаг. Харин
хавар нь бамбаруушаа хараад гайхдаг гэлцэнэ. Тиймээс л савраар нь тулгар эмэгтэйн
хэвлийг илэх санаа гарсан болов уу.

Ардын анагаах ухаанд ч хүрэн баавгайн
эд эрхтэн их дурдагддаг. Тухайлбал, цус алдалтыг хүрэн баавгайн цөс тогтоодог гэж
үздэг. Цусыг нь халуунаар уухад дотор өвчин эдгэнэ. Цөс нь цус алдалтыг зогсоох,
шарыг дарах, хараа сайжруулах, нүдний дотор цус хурах өвчлөл эмчлэхэд тустай тухай
яриа элбэг. Түүнчлэн хүрэн баавгайн цөс ходоод, элгэнд бэтэг тогтож, цөс гадагш
цалгиж, цөсний ам алдран шараар бөөлжих, суулгах зэрэг өвчинд бусад эмийн ургамалтай
хавсран хэрэглэх талаар заасан олон зүйл бий.

Хүрэн баавгай дэлхий даяар тун ч ховордоод
буй амьтан юм. Зөвхөн манай оронд ч бус Хятадын ардын анагаах ухаан, баавгайтай
орнууд элдэв дом, гоёл чимэглэл, зугаа цэнгэлийн зорилгоор агнасаар
дэлхийн улаан номонд оржээ.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын
2012 оны долдугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж агнахыг хориглосон байдаг . Хан Хэнтийн тусгай
хамгаалалттай газраас хүрэн баавгай агнаж, эрхтнийг нь зарсан хүмүүст ноднин чанга дэглэмтэй хориход дөрвөн жил хүртэл хорих ял о н оож байл а
а. Түүнчлэн хэрэв хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд хүрэн баавгайн
үнэлгээ 13-15 сая төгрөг байдаг байна. Зөвхөн хүрэн баавгайг агнасан хүн ч биш,
тухайн үед дэргэд нь байсан хүмүүс ч хуулийн хатуу хариуцлага хүлээдэг.

Олон нийтийн сүлжээгээр хүрэн баавгай агнаснаа гайхуулан зургаа байршуулсан. Эсвэл хэн
нэгэн нь баавгай агнасныг бусдадаа харуулах зорилгоор өөрийн цахим хуудсанд тавьсан
олон тохиолдолд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд эрүүгийн хариуцлага тооцжээ. Нэг
үгээр баавгай агнасан явдлын гэрч болсон хүмүүс ч өндөр ял зэм хүлээдэг гэсэн үг.
Гэвч баавгайн олон арван соёо, савар хилээр гаргахыг завдсан гэмт хэргүүд өнгөрсөн
жилүүдэд нэлээд их гарсан юм. Хөвчийн эзэн хүрэн баавгайн талаар сонирхуулахад ийм
байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гурвалжингийн зах”-д тонн цемент 130-165 мянган төгрөгийн үнэтэй байна

Барилга
байшин барихад шаардлагатай гол материалуудын үнэ ханш ямар байгааг судлахаар
барилгын материалын төвлөрсөн худалдааны “Гурвалжин”, “44”, “100 айл” төвүүдээр
явлаа. Ямар ч барилга байшинд зайлшгүй хэрэгтэй болдог цемент гэхэд л тухайн
үйлдвэрлэсэн газраасаа хамаарч өөр өөр үнэтэй байна. Тодруулбал, хятад цемент
нэг тонн нь 130-140 мянган төгрөг, Эрэлийн цемент 148-165 мянган төгрөг, Хөтөл
цемент 135-161 мянган төгрөг байна. Ер нь барилгын материалын “44 худалдааны
төв” төмөр замын зогсоолтой тул бараа бүтээгдэхүүн нь нэмэгдэлгүй үнээр буюу
бусад төвүүдийнхээс 1000-2000 төгрөгийн хямд байдаг аж. Тиймээс барилга байшин барих гэсэн хүмүүс тус
төвөөр нааш цааш холхин энэ тэрийн үнэ асууж судална. Мөн орос, хятад, монгол
үйлдвэрийн арматур төмрүүд хэмжээнээсээ
хамаарч өөр өөр үнэтэй байна. Манай үндэсний үйлдвэрийн 8-25 мм хэмжээтэй нэг
тонн төмөр 1.2 сая төгрөг байхад ижил хэмжээтэй хятад арматур 1.3 сая төгрөгийн
үнэтэй байх аж.

Мод
модон материал

Тус
төвд мод модон материал, арматур төмөр,
цемент зэрэг барилгын гол материалууд нэг дор байдгаараа давуу талтай. Зузаан
зузаан банзнуудыг давхарлан өрж хатаасан овор
сүр ихтэй модон материалын хэсэг рүү орлоо. Тэнд Хар модон палк /3 метр 30см урт, 15*15/
хэмжээтэй 22000 төгрөг, нарс нь 12000 төгрөг байна. Прүс боодлоороо 20,000-30,000
төгрөг, нарсан банз /5см зузаан/ нэг м3 нь 200,000, Хар банз 280,000-300,000
төгрөг, шургааг ширхэг нь 12,000-15,000 төгрөг байв. Мөн барилга байшингийн
хана, дээврийн ажилд түлхүү хэрэглэгддэг гипсэн хавтан ширхэг нь 14,000-15,000,
цементэн хавтан 9 000, OSB хавтан18,000-24,000, ДСП хавтан 25,000-30,000,
цаасан шахмал хавтан 13 000, Аргелит /өнгөгүй/ 8,000 төгрөгийн үнэтэй байна.

Дээврийн
материал

Хар цаас
/орос чулуутай 30,000

Хар цаас
/орос чулуугүй/ 25,000-27,000

Хар цаас
/халааж наадаг чулуугүй 80,000

Хар цаас
/халааж наадаг чулуутай/ 80,000

Дээврийн
төмөр /1м/ 6,000-7,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил бороо хур элбэгтэй
байгаа болохоор ч тэр үү хүмүүс дээврийн материалдаа ач холбогдол өгч байгааг
тус төвийн дөрөвдүгээр павилоны худалдагч ярьж байв.

Мөн орон
сууцны найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ч бага орлоготой иргэд банкуудын
“Хашаа байшин барих зээл”-д олноор хамрагдах болжээ. Энэ зээл нь тухайн
иргэнээс барих байшингийнхаа 20-30 хувийг барьж гүйцэтгэсэн байх гэсэн
шаардлага тавьдаг байна. Тиймээс тус төвд байшингийн материалыг цуглуулж яваа
хэдэн хүнтэй таарсан юм.

СХД-ийн
иргэн Х.Дүгэржаваас цөөн зүйл тодрууллаа.

-Та
“Хашаа байшин барьж дуусгах зээл”-д хамрагдах гэж байгаа юм байна. Ямар банк,
ямар шаардлага тавьж байна вэ?

-Би Хаан
банкинд хандсан. Шинэ байшин барихаар төлөвлөөд уг зээлийг судалсан юм. Ер нь
бүх банкуудад ийм төрлийн зээл байна лээ. Харин Хаан банкны хувьд өөрийн
хөрөнгөөр шаардлагатай санхүүжилтийг хийх, эсвэл хийсэн тухай баримт нэхэж
байгаа юм. Тиймээс би эхний ээлжинд суурь цутгах цемент, хайрга, арматур, мөн
блок сонирхож явна.

-Энэ
төвийг сонгож ирсэн нь ямар учиртай вэ, бусад газраас үнэ хямд байдаг уу?

-Гэр
ойрхон болохоор 44- өөр дандаа ирдэг. Бусад газраар үнэ ямар байгаа талаар
харьцуулж амжаагүй. Энд чинь төмөр замын зогсоолтой болохоор гадна дотноос ирж
байгаа бараа бүтээгдэхүүн, барилгын материалууд арай хямд байх болов уу гэж
боддог.

-Банк
танд байшин барихтай холбоотой өөр ямар шаардлага тавьж байна?

-Өөр
олон бүрдүүлэх материал бий. Наад зах нь орлогоо тодорхойлж баталгаажуулах. Мөн
барих байшингийнхаа төсөв төлөвлөгөөг гаргах шаардлагатай гэсэн. Тиймээс
материалын үнэ нэлээд судалж байна.

Бороо
элбэгтэй жил байшин барихад төвөгтэй байдаг. Адаглаад цутгасан суурь хатаагүй
байхад бороо орвол хамаг цементийг нь угааж урсгаад улаан хайрга үлдээчихнэ.
Мөн суурийг нь ус чийгээс сайтар хамгаалах хэрэгтэй. Би барилгачин хүн л дээ
гэв.

Ингээд
Х.Дүгэржавын зөвлөснөөр ус чийгнээс тусгаарлах материалын үнэ сонирхлоо.

Орос Хар
тос /1 кг/ нь 70,000 төг

Хятад
хар тос /1 кг/ 22,000

Цэвэр
хар тос /1 кг/ 3,000

Шингэн
шил /1л/ 6,000-15,000 төгрөг аж.

Грунт
/18л пример/ 65,000 гэнэ.

Блок болон засал чимэглэлийн материалууд

Наадмын дараа намар гээд хүмүүс нэгэнт өвлийн бэлтгэлдээ
орсон энэ үед байшиндаа нам даралтын зуух суурилуулах гэж төмөр болон трубаны
үнэ судалж яваа хүн ч байна. Труба хар, цагаан, орос, хятад гэсэн
ангилалтай. Нэг тонн труба диаметрээс үл
хамаарч 1,960,000 төгрөг. Харин метрээрээ бол 1,600-45,000 төгрөг ажээ.

Сүүлийн үед жижиг дунд үйлдвэрийн салбарт блокны
үйлдвэрүүд олноор байгуулагдсан нь барилгын материалыг улам ч боловсронгуй
болгож буй. Тэгвэл барилгын материалын бас нэгэн гол түүхий эд болсон блокны
үнийг судлав.

Газобетон блок /м3/ 145,000

Пенобетон блок /м3/
135,000

Хөнгөн блок
/м3/ 85,000 төгрөг гэсэн
сонголтууд байх ажээ.

Эмульс

Эмульс дотор /4 кг/ 5,000-17,000

Эмульс дотор /18 кг/
78000-80000

Гадна эмульс /4-7кг/ 22,000

Замаска

Хар замаска /25 кг/ 8,000-25,000

Цагаан замаска /25-30 кг/ 5,500-7,500

Угаадаг замаска /20кг/ 12,000 төрөгийн үнэтэй байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Найданхүү: Мянганы бүтээн байгуулалтууд манай улсаар дамжвал эдийн засаг, газарзүйн том боломжууд бий болно

Хөгжлийн
бодлого суд­лаач, доктор М.Найданхүүтэй ярилцлаа.

-Баяр
наадмын өмнө Төрийн тэргүүн Уфа хотноо очиж Орос, Хятадын тэргүүнүүдтэй уулзаад
ирлээ. Энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол нь эдийн засгийн коридор
байгуулах байсан тухай ярьж байна. Энэ удаагийн уулзалтын үр дүнг та юу гэж
тодорхойлох вэ?

-Гурван
орны төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалтад сэтгэл хангалуун байгаа.
Үнэхээр үр дүнтэй уулзалт болсон гэж дүгнэж байна. Бид хөрш улсуудтайгаа
хамтарсан найрсаг харилцаа хөгжүүлэхгүйгээр урагш хөгжихгүй, цааш явахгүй гэдэг
нь нэгэнт тодорхой болсон. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд
эрчимтэй хөгжиж эхэлсэн. Бид тэдний хэрэгжүүлэхээр зорьж буй эдийн засгийн том
хөтөлбөр, төслүүдээс хоцрохгүй, гадна үлдэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Гурван
орны төрийн тэргүүн эдийн засгийн коридор байгуулах тал дээр аль аль нь нааштай
байгаагаа илэрхийлсэн. Одоо энэ боломжоо ашиглах ёстой.

-Цаашид
манай улс хоёр хөрштэйгөө хэрхэн харилцах нь зүйтэй вэ. Хоёр хөршийн хувьд
манайхыг гэхээсээ илүүтэйгээр Казахстан тэргүүтэй бусад орнуудад илүү талтай
байна уу гэсэн зүйл ажиглагдах боллоо?

-Бид
хоцрохгүй, тэдний анхаарлаас гадна шоовдорлогдон үлдэж болохгүй. Манай мундаг дипломатчид ихэнх нь Москвад өндөр
түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тэднийхээ мэдлэг, ур чадварыг л ашиглах хэрэгтэй.
Тэгэхээр Казакстанаас дутах зүйлгүй гэж бодож байна. Гагцхүү хэлсэн үгнээсээ
буцдаг найдваргүй гэсэн муу нэр зүүвэл хэн ч тоохгүй. Хоёр хөрштэйгөө харилцаа
сэргээд ирсэн энэ үед бид хөгжлийн тогтвортой бодлогоо бий болгох нь чухал. Сая
хийгдсэн гэрээ хэлэлцээр, яриа гэрээндээ үнэнч байх хэрэгтэй байна. Баталгаатай
бодитой гэрээ хэлэлцээр хийдэг төр засагтай болох хэрэгтэй. Худлаа хэлэх нь улстөр
биш, хулгай хийх нь ухаан биш гэдгийг л хүн бүр эрхэмлэх хэрэгтэй байна. Энэ
байдал даамжирвал бид дэлхийд ганцаардан шоовдорлогдох болно гэдгээ л хэн
хүнгүй хатуу ухамсарлаж ойлгох ёстой. Ойрын жишээ Орос, Хятадад бид найдваргүй,
овилгогүй хөрш гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй.

-Манай орны хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын
хуралдаанд ажиглагчийн байр сууринаас оролцдог. Энэ удаад Ерөнхийлөгч мөн
Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалахаа тодотгосон…

-Манай улс ШХАБ-ын ажиглагч статусаа хадгалсан нь зөв.
Жишээ нь, Европын Холбоо байна. Норвеги улс Европын холбооны гишүүн бус орон.
Хүн ам цөөтэй байгалийн асар их баялагтай энэ улсын бодлогоос л бид чухалчлан
судлах хэрэгтэй. Түүнчлэн зарим талаар ШХАБ-ын үйл ажиллагааны зорилго тодорхой
бус мэт санагддаг. Улс төрийн өөр өөр дэглэмтэй улсууд нэгдэнэ гэдэг нь нэг л
ойлгомжгүй мэт санагддаг.

-Монгол, Орос, Хятадыг холбосон нефтийн хоолой, газ хоолой
явуулах уу гэдэг асуудал хөндөгдөх байх. Мөн цахилгаан дамжуулах хоолой татах
уу, хос төмөр зам тавьбал харилцан ашигтай байж чадах уу гэдэг зүйлс анхаарлын
төвд орж ирлээ. Бид юун дээрээ анхаарах ёстой бол?

-Олон тэрбyмын өртөгтэй мянганы бүтээн байгуулалтууд манай
улсаар дамжин өнгөрвөл бидэнд эдийн засгийн, газарзүйн, хүн амзүйн том
боломжууд бий болно. Ажлын байр бий болж Монголчуудын амьжиргаа дээшлэх нь
гарцаагүй. Үүнийг дагаад хөгжил бий болох юм. Эзгүй хээр талуудад амьдрал бий
болно. Үүний тулд монголчууд бид мэдлэг, чадвар, чадамжийн хувьд л аль ч улсын
иргэдээс дутахгүй байх хэрэгтэй. Эх оронч үзэл бол хөдөлмөрлөж, бүтээж, хэнээс
ч дутахгүй амьдарна гэсэн үг гэдгийг л бид хатуу ойлгох хэрэгтэй.

-Уфад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр
талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх дөрвөн баримт бичгийг
байгуулсан байна лээ. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би энэхүү уулзалтыг зөв өнцгөөс харахыг хичээж байна.
Хамгийн гол нь хөрш yлcтaйгaa хамтран ашигтай, эв найртай амьдрах нь л чухал.
Бусадтай муудалцсанаар дэлхийд ганцаардаж ард олноо зовлонд унагаж буй улс орнууд
байгааг харж л байна. Уг нь гурван улсын хамтын ажиллагааны тод жишээ бол нэгэн
жарныг ардаа орхиод буй төмөр замын салбар. Төмөр зам Монголд хөгжил авчирсан.
Төмөр замаа дагасан олон тооны хот, тосгод, өртөөнүүд бий болсон. Тиймээс
транзит тээврийн асуудлыг шийдээд явах нь үр дүнтэй болов уу.

-Энэ удаагийн Бриксийн уулзалтын гол зорилго нь юу байсан
гэж та харж байгаа вэ. Мэдээж дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын
төрийн тэргүүнүүд мэдээж өөрийн улсын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх
тал дээр голлон анхаарсан байх?

-Өнөөдөр Украины асуудлаас үүдэлтэй ОХУ болоод АНУ
тэргүүтэй Европын улс орнуудын хооронд зөрчилдөөн үүсээд байна. Эдийн засгийн
хоригууд ОХУ-ын эсрэг хэрэгжиж байна. ОХУ дэлхийн тавцанд ганцаардахгүйг хичээж
байна. Энэ цаг үед БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагаа идэвхжиж байна.

Үүндээ манай улсыг орхигдуулахгүй хамтруулж буй нь сайн
хэрэг. Дээр хэлсэнчлэн бид л өөрсдөө хүчирхэг, чадвартай байх хэрэгтэй. Ашиг
харахгүй амьдрал гэж байхгүй. Ах дүүгийн найрамдалт харилцаа аль хэдийнэ хойно
үлдсэн. Мартагдсан түүх болж байна. Тэгэхлээр бид өөрсдөө л чадварлаг, ухаалаг
байх хэрэгтэй.

-Сүүлийн үед БРИКС G20-ийн шийдвэрт нөлөөлж чадаж байна
хэмээн шинжээчид үзэж байгаа юм билээ. БРИКС-ийн байр суурийг та юу гэж дүгнэж
байна вэ?

-Одоохондоо үр дүн, зорилгыг нь дүгнэхэд эрт байна даа.
ОХУ-ын эдийн засаг их л хэцүү байна. Ард олон нь хэр удаан тэсвэрлэхээс л
хамаарна. БНХАУ-ын эдийн засаг ч мөн адил асуудалтай байгаа. Хэр удаан нууж
чадах бол. Эдийн засгийн дотоод асуудлаа цэгцэлж чадаагүй улс орнууд G20-д
нөлөөлж чадах нь юу л бол. Яг энэ асуудлаар намайг нааш ирэхээс өмнө Норвегийн
Амьдралын шинжлэх ухааны их сургууль дээр олон улсын хуралдаан болсон. Илтгэл
тавьсан эрдэмтэд манай хоёр хөршийн эдийн засаг тун эмзэг буйг л голчлон дурьдаж
байна лээ. Манай зарим судлаач, сэтгүүлчид хамаагүй мэдэгдэл хийж иргэдийг
хямруулах юм. Дайсагналаас л аль болох бид хол байх хэрэгтэй. Яг үнэндээ
эдгээрт дүгнэлт хийх нь бидэнд ахадсан асуудал байж болно. Эхлээд дотоод
тогтвортой хөгжлийн бодлогоо бий болгох нь л бидний нэг номерын асуудал.
Баялагтаа эзэн болж Норвеги шиг хөгжих нь л гол асуудал.

-Таны хувьд Норвеги улсад нэлээд олон жил судалгааны ажил
хийж ажиллаж амьдарсан. Монголыг өөр орны нүдээр харахад ямар харагдаж байна.
Дотор нь байгаа хүмүүс тэр бүр мэдэхгүй байна гэдэг?

-Би тэнд доктор хамгаалж ирээд удаагүй байна. Ямар ч
байсан зөв хэрэглээнд суралцаж буй байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл
харамч, хямгач байдалд хувь хүмүүс суралцаж эхэлж байна. Мөнгөний үнэ цэнийг
ойлгож эхэлж буй нь сайн хэрэг. Харин төрийн хүмүүст бол хамааралгүй бололтой.
Монголчууд маш орой унтаж, орой босч, буруу амьдарцгааж байна.

Улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлж, улс орноо бүтээн
байгуулж хөгжүүлэхийг шоу хэмээн андуурсан, буруу төлөвшсөн муур багш болох улстөрчдөөс
болж бид жинхэнэ шоучин үндэстэн болон хувирчээ. Уг нь бидэнд цаг хугацааг
алдалгүйгээр хийх, бүтээх ажил маш их байгаа. Зуу, зуун жилийн хоцрогдлоо бид
шоудаж, найрлаж, наадамлаж биш шаргyy хөдөлмөр, хичээл зүтгэл, зөв бодлогоор л
нөхөж чадна.

Бусад нь алхаж байвал бид гүйж байх ёстой, бусад маань
гүйж байвал бид хурдалж байх ёстой, бусад нь амарч байвал бид ажиллаж байх
ёстой юм. Олон жил сайд, дарга хийсэн улс төрийн хоронд суралцсан муур багш
нартаа бид хууртагдсаар л байна. Норвегийн бүх л бодлого, баялаг, хөрөнгө
мөнгөний хуримтлал ирээдүй хойч үедээ зориулагдсан байдаг.

-Норвеги алтан дунджийн нийгмийг цогцлоож чадсан. Харин
манайх алтан дунджийн нийгмийг бий болгох хэрэгтэй гэдэг ч нэг л ахиц муутай
байх юм. Алдаа нь юундаа байна?

-Тийм, Норвегийн иргэн бүр баялагтаа эзэн болж өндөр цалин
хөлстэй ажиллаж сайн сайхан, эрүүл энх аж төрдөг.Тэнд хэт баян, хэт ядуу хүн
байхгүй.Цөөхөн хүн амтай манай улсад Норвеги шиг ингэж хөгжих боломж байгаа.
Сонгуулиас сонгуульд урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөөд oгт урагшлахгүй
дороо эргээд байна. Сэхээтнүүд маань нийгмээ сэрээхгүй байна, Иймээс би сая
ирээд “Эрдэмтэн, судлаачдын холбоо”, “Зөв хөгжил-Зүүний хөгжил” гэсэн нийгэмд
үйлчилдэг ТББ-ууд байгууллаа. Үйл ажиллагаа маань идэвхжиж байна. Норвегид олон
жил амьдарч, суралцахдаа бэлтгэсэн “Алтан дунджийн нийгмийг бүтээн байгуулъя”,
“Монголын ХАА-д Хамтран ажиллах хоршооллын системийг нэвтрүүлж хөгжүүлэх” гэсэн
хоёр хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж эхэлнэ. Мөн “Баялгийн зөв хуваарилалт”
гэсэн хэлэлцүүлэх лекц бэлдээд сууж байна. Хүмүүсийг амарч, наадамлаж дуусахыг,
сургууль соёл цугларахыг хүлээгээд байж байна даа.

-Та бол уул уурхайн салбарын талаар өөрийн байр суурийг
илэрхийлдэг. Норвегийн жишээг харахад манайд хөгжих боломж хэр байна?

-Уул уурхайгаа ард олондоо тэгш хүртэхээр л бид шийдэх
ёстой. Норвеги шиг төрийн мэдэл, эзэмшилдээ 100 хувь авах ёстой. Норвегид хэн
баян байна, төр нь баян байна. Тэнд төрөөсөө баян болчихсон нэг ч олигарх алга.
Төр ард олондоо өндөр цалин, өндөр тэтгэвэр, үр хүүхдэдээ өндөр халамжаар
иргэддээ баялгийн зөв хуваарилалтыг зохицуулж байна. Норвегийн бүх иргэд нь 2-3
сая долларын эд хөрөнгөтэй, зөв хэрэглээг эрхэмлэсэн, эрүүл чийрэг, мэдлэг
боловсролтой боллоо.

Бид гуравхан сая мөртлөө маш ядуу амьдарч байна. Төрийн
дэвшүүлэн тавьж буй хөгжлийн бодлого туйлын буруу яваад байгаа юм. Эрдэнэт,
Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга гэх мэтчилэн дэлхийн хэмжээний мөнгө
босгох олон тооны баялаг уул уурхайн орд байна.

Харамсалтай нь Монголчууд цайны мөнгө буюу типэнд хууртаад
явж байгаа. Бид баялaгтаа эзэн болохын тулд олон тооны гадаад дотоод хөрөнгө
оруулалттай олборлох оператор компаниуд болоод тэднийг удирдан ажиллуулах олон
мянган өндөр цалинтай, өндөр хариуцлагатай, өндөр мэдлэг боловсролтой Төрийн
менежерүүдийг бий болгох шаардлагатай байна. Дээр нь бид ХАА-н хямд түүхий эд
дээрээ түшиглэсэн Хүнс ба Xөнгөн үйлдвэрлэлийн Хоршоолсон цогцолборyyдыг
хөгжүүлэх хэрэгтэй байна.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг

Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс мянган төгрөг авдаг пост гэхэд хэд хэдэн хүн эгнүүлчихсэн мөнгөө хураацгаах нь Хатгалын цоо шинэ дүр зураг байв. Шороон замаар тоос татуулдаг байсан өмнөх жилүүдэд Хатгалд машины түгжрээ үүсдэггүй байлаа. Их халуунаас зугтсан нийслэлийнхэн бараг л тэр чигтээ оччихсон уу гэлтэй, үндэсний их баяр наадмын үеэр цэнгэг Хөвсгөл түмний хөлд дарагдаастай өнжив.

Ян сарьдаг, хөвч тайга, дэлхийд тийм ч олон биш гүн цэнхэр цэнгэг уст нуур, Монголын өөр хаана ч байхгүй цаатан, Мөнх хааны ордны туурь, хэдэн мянганы түүх хүүрнэсэн буган хөшөө, эртний хиргисүүртэй гэж ирээд яривал Хөвсгөл аялал жуулчлалын брэнд байхаар нутаг юм. Дэлхийн арван долоон эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөлд ганц бид ч биш дэлхийн жуулчид ирэхийг хүсдэг. Засмал замтай болчихсон учраас жуулчнаар дутахын зовлон тэнд алга. Харин засаг нь жуулчнаа тохитой байлгах орчинд анхаараагүй, иргэд нь ирэх жилүүдэд ч аялал жуулчлалаар амь зууна гэсэн сэтгэлээ бэлдээгүй нь илт анзаарагдав.

Дэлхийд ганц монгол наадмаар талын Монголыг зорих гадны жуулчдын тоо эрс өсдөг. Тэр дундаа Монголын Швейцарь гэж гадаад ертөнцөд алдаршсан Хөвсгөлийг зорих жуулчид өчнөөн. Тэгэхээр олон бужиг­насан наадмын өдрүүдэд Монголын аялал жуулчлал хэр хөгжсөн бэ гэдгийг үүргэвч үүрсэн гадныхан сонжиж таарна. Эх орондоо очоод ойр тойрныхондоо Монголын Хөвсгөл нууранд очоорой гэсэн урилга өгөх эсэх нь ч энэ өдрүүдэд шийдэгддэг. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Хөлтэй бүхэн Хөвсгөл рүү хөлхсөн энэ жилийн өнгө дараа жил дотоодын аяллын цуваа тийшээ хөврөх эсэхийн шийдэл болно гэдгийг ухаж ядах юмгүй. Энэ утгаар нь Хөвсгөлийг онцлоод байгаа хэрэг.

Энэ жилийн наадмын тухайд Хатгалд хөл тавьсан үеэс л жуулчдын толгойг өвтгөсөн асуудлууд босч ирсэн дээ. Наадмын үеэр тэнд очсон бэлэн мөнгөгүй аялагчид лав багагүй сандарсан. Хатгалын хэмжээнд ХААН банкны ганцхан АТМ-тэй. Өнөөхийнх нь мөнгө дуусчихсан учраас ямар ч авралгүй. Ингээд зогсохгүй, дэлгүүрүүдийнх нь карт уншигч сүлжээгүй учраас ажиллахгүй гацаастай. Зарим нэг азтай худалдан авагч цахим карт уншдаг жижигхэн хар төхөөрөмжийг агаарт өргөх шахам байж худалдан авалт хийж буй дүр зураг тийм ч таатай санагдаагүй. Монголчууд нь ойлгодог юмаа гэхэд гадаадын жуулчдад лав ойлгомгүй дүр зураг. Бэлэн мөнгөнөөс илүү цахим карт ашиглах болсон соёлт ертөнцөд аялал жуулчлалын гол бүсэд нь ийм байдал угтана гэж хэн төсөөлөхөв. Ер нь тэгээд Улаанбаатарчууд ч түрийвчиндээ бэлэн мөнгө түнтийтэл чихэхээс илүү карт шургуулчихаад явдаг болсон цаг.

За тэгээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнд Мөрөнгийн төвийн супермаркетаас хэд дахин үнэтэй. Нийслэлтэй жишвэл бүр ярих юм биш. Наад зах нь Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг байх жишээний. Дараа жил хотоос юмаа бэлдэж ирмээр юм байна гэж хэлэх хүнтэй цөөнгүй таарсан. Угаасаа авахгүй гээд хаачих вэ гэсэн мөнгө бодсон хандлагаар хаданд гарсан үнэ тавиагүй бол тэнд очсон иргэд дараа жил ч Хатгалынханд хөрөнгө оруулалт хийх нь гарцаагүй байсан. Махны үнэ гэхэд л янз бүр. Хонины нэг килограмм мах зарим газраа 8000-9000 төгрөг байхад, “далай” руугаа цаашлах тусам үнэтэй. Килограмм махыг 13000 төгрөг гэж зарах газар ч таарсан. Сүү бол бүр ховрын бараа. Уг нь аяллын гол бүс, дээр нь хангалттай жуулчин очиж байгаа, ахиухан мөнгө аваад үлдье гэсэн сэдлээр хандсан бол ёстой нөгөө “нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад байна аа хө” гээд суух боломж Хатгалд бүрэн бий. Энэ жилийн наадмаар Хөвсгөлд очсон жуулчдын нэлээд нь “далай”-н эрэг дээр хагас өлсгөлөн өнжсөн гэх таагүй мэдээ уг нь гарахгүй өнгөрч болох л байсан.

Жуулчдын ихэнх нь их “далай” руугаа Жанхай даваад цаашилцгаадаг. Тэр зүг рүү байгалийн үзэсгэлэн бол гайхалтай л даа. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсдаг, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг өөртөө агуулдаг Монголын хамгийн гүн нуур цаашлах тусам хараа булаан цэнхэртдэг. Тэнгэрийн хаяатай уусан ижилдсэн их цэнхэр усан очсон хэний ч сэтгэлийн утсыг хөндөхөөр ер бусын үзэсгэлэнтэй, сайхан. Харин “далай” дагасан жуулчны баазуудын өнгө алаг цоог. Жуулчдын амрах таатай орчныг дээд зэргээр бүрдүүлж тэр хэмжээгээрээ үнэ хөлсөө хэлээд сууж байгаа газар цөөн ч гэсэн байна. Гэхдээ ихэнхдээ л ижил төрхтэй. Дотор нь өдөр өнгөрөөхөд тохь муутай хэдэн гэр, жижигхэн модон байшин голдуу жуулчны баазууд Хөвсгөлийн эрэг дагаад өчнөөн. Үнэ нь ч нэг хэвийн биш. Тогтмол тарифгүй гэсэн үг. Өглөө босоод ирэхэд жуулчдын байрлах гэрийн хоногийн ханш хэдэн арван мянган төгрөгөөр нэмэгддэг жишиг тэнд үйлчилж байна. Тэндээ л томдоо орох жуулчны баазад нэг хоног саатахад өмнөх өдөр нь хоногийн 60 мянган төгрөг байсан гэр дараа өдөр нь 80 мянга, цаашлаад 120 мянган төгрөг болчих жишээний. Ганц тэр бааз ч биш бүх л жуулчны газрууд хүн ихтэйг далимдуулан хүссэн үнээ хэлж байсныг энд онцолъё. Жуулчны баазуудын хоолны үнийн тухай ярих юм биш. Улаанбаатарын рестораны үнээс давсан ханшаар багавтар хоол олж идвэл их юм. Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12000 төгрөгөөр үнэлсэн байна лээ.

Наадмын өдрүүдэд тэнд бороо орсон учраас гэр, байшин олдохгүй иргэд өчнөөн таарсан. Майхантай жуулчдыг баазынхаа хашаанд нэг орой хонуулахад 30 мянган төгрөг. Уг нь жуулчны баазууд аймгийнхаа төрийн байгууллагатай гэр, байшингийнхаа хоногийн зардлыг 30 мянган төгрөгөөр гэж гэрээ хийдэг юм билээ. Татвараа бага өгөх гэсэн заль байх л даа. Гэтэл үнэн хэрэгтээ, бодит байдал дээр тохиролцсон ханшаасаа хэд дахин илүүг жуулчдаас аваад сууцгааж байна. Бүр хашаандаа гэрийн ханшаар майхан бариулаад мөнгө хийж байна. Хувийнхаа жуулчны баазад, өөрийнхөө мөнгөөр авсан гэр, барьсан хашаандаа хэнийг хэдээр хонуулах нь эзний мэдэх хэрэг байж болох ч нөгөө талдаа Монголын аялал жуулчлалын гол бүс, жуулчдыг олноор татаж, их мөнгө хийх боломжтой гол газар гэдэг цонхоор харвал ингэж увайгүй загнаж, үйлчилгээний наад захын соёлгүй аашлах нь байж боломгүй хандлага л даа.

Усны мотоциклиор багахан газар хорин минут давхихад л нэг хүний 25000 төгрөг. Гэтэл ердөө ойрхоны, шууд зай нь 200-хан км Байгаль нууранд усан онгоцоор дор хаяж гурван цаг аялна. Байгаль нуурын аль л гоё гэсэн өнцөг тохой бүрд нь очно гэдэг үгээр өгүүлж үл гүйцэм таатай мэдрэмж. Ийм кайф авах өртөг нь мэдээж боломжийн. “Сүхбаатар” хөлөг онгоц энэ жил өмнөхөөсөө ч илүү оочер дугаартай байгаа сураг дуулдсан. Зорчигчид нь дээр доороо орох шахуу пиг яваа гэж Хатгалынхан өөр зуураа сонин болгож ярьцгаах юм билээ. Жуулчдад өгөх мэдрэмж талаас нь харахад далай ээжийн мандал дээрх аялал одоохондоо тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхээр биш л байна. Уг нь Байгал нуурын далайн аялал шиг сайхан мэдрэмж төрүүлээд буцаавал энэ жил ирсэн хоёр хүн дараа жил хэд дахин үржээд ирнэ. Аялал жуулчлал хөгждөг жам, замыг холоос хайх шаардлагагүй. Ердөө л энэ.

Жуулчид ид бужигнасан үеэр мэргэжлийн хяналтын газрын нэг том дарга Хөвсгөлд очиж л дээ. Энэ жилийн наадмаар. Мань эр тэнд очоод толгой сэгсрээд ирж. Аялал жуулчлалын гол бүс хэтэрхий замбараагүй, бодлогогүй, хяналтгүй байна, очиж цэгцэнд нь оруулаарай гэсэн даргын зөвлөмжөөр Хөвсгөлийн мэргэжлийн хяналтынхан Хатгал руу гарсан сураг дуулдсан. Уг нь Хатгал хүртэл саадгүй сүнгэнэх засмал замтай болсон учраас жуулчдын тоо өсөх нь тодорхой. Тиймээс аялагчдын тухтай орчныг бүрдүүлэх тал дээр төр анхнаас нь бодлогоор дэмжих учиртай. Ниргэсэн хойно нь биш өмнө нь. Тэгсэн бол Хөвсгөл энэ жилийн наадмаар ийм өнгөтэй харагдахгүй байлаа. Адаглаад ажиллаж байгаа хэдэн жуулчны бааздаа хяналт тавиад ажилласан бол…

Categories
мэдээ цаг-үе

Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгийн тохиромжтой

Нефть боловсруулах байгууламжийн ахлах оператор, ахмад инженер С.Зоригтбаатартай ярилцлаа.

-Зүүнбаян дахь газрын тосны ордыг хэдэн онд олж нээсэн бэ, мөн хэдэн оноос ашиглаж эхэлсэн бол?

-Монголд газрын тосны хайгуул 1938 оны үеэс ЗХУ-ын хүч хөрөнгөөр зурагчлалын хэмжээнд хийгдэж байсан. Эх орны дайны үед завсарласан юм. 1946 оны сүүлчээс Дорноговь аймгийн нутагт хайгуулыг дахин сэргээж Зүүнбаянгийн пойл, Дунд баянгийн пойл, Дэнгийн цагаан овооны пойл зэрэг олон талбайд эрчимтэй ажилласны үр дүнд Зүүнбаянгийн сав газрын нефтийн ордуудыг тогтоосон юм. 1949-оны дөрөв, тавдугаар сараас ЗХУ-н хэсэг мэргэжилтэн Зүүнбаянд ирж хөрсний болон цулийн нягтрал, үйлдвэрийн даац, газрын байршлыг нь судлан үйлдвэр байгуулахад тохирох газар гэж сонгож байв. 1949-оны наймдугаар сард тэрхүү тогтоогдсон газарт нефтийн үйлдвэр барьж ЗХУ-ын төрөл бүрийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид болон дайны үед Германд бууж өгсөн 505-р ангийн гэх хоригдлууд ирж орон сууц, үйлдвэрийн шугам сүлжээний шуудууг бэлтгэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. 1952 оны 12 дугаар сарын 25-нд Маршал Чойбалсан ирж цооногийн асаах товчлуурыг дарж ажиллуулснаар Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж, дэлхийн газрын зурагт газрын тосны үйлдвэртэй гэж тэмдэглэгдсэн түүхтэй.

-Үйлдвэрийг Монголчууд өөрсдөө хэзээнээс бие даан ажиллуулж эхэлсэн бэ?

-Тус үйлдвэр нь 10 шахам үйлдвэрийг дотроо багтаасан 1000 шахам ажилчин албан хаагчтай, эмнэлэг, сургууль тэргүүтэй бүх үйлчилгээний төвүүдтэй болж, 1957 оны намрыг хүртэл ЗХУ-н харьяаны үйлдвэр байлаа. 1957 оны долоо наймдугаар сараас уг үйлдвэрийг Монгол Улс хүлээн аваад үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого боловсруулж, ЗХУ-д анхны оюутан Цагаанхүүгийн Багмид суралцан таван жилийн дараа улаан дипломтой төгсөн нефтийн анхны Монгол инженер болж байлаа. Багмид гуайн араас дотоод, гадаадад нефтийн дээд сургууль төгссөн өндөр боловсролтой, удирдан зохион байгуулах чадвартай, үндэсний олон сайхан инженерүүд жил дараалан ирж нутаг орныхоо баялагийг өөрсдийнхөө оюун ухаан, ур чадвараараа боловсруулж эхэлсэн. Эдгээр инженерүүд нь үйлдвэрээ үндэсний мэргэжилтэй залуу ажилчдаар хангахын тулд үйлдвэр дээр төрөл бүрийн мэргэжлийн сургалтын төв байгуулж, зэргэлдээх аймгуудаас залуучуудыг элсүүлэн авч мэргэжил эзэмшүүлэж байсан нь үйлдвэрийн жигд ажиллагааг хэвшүүлэх, улсын төлөвлөгөөт даалгаврыг цаг хугацаанд нь тогтмол биелүүлэх, уралдаанд үргэлж дээгүүр байр эзлэхэд нь ихээхэн үр өгөөжтэй, чухамдаа манлайлагч үйлдвэр болж байлаа.

-Тухайн үед тус үйлдвэр хэр үр бүтээлтэй ажиллаж байв?

-Тухайн үед нефть боловсруулах заводод 10 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас бензин, дизелийн түлш, мазут, кокс зэрэг бүтээгдэхүүн нь таваарын бүтээгдэхүүн болж дотоодынхоо зохих хэрэглээг хангадаг, бусад бүтээгдэхүүн нь дотооддоо дахин боловсруулалтад ордог байв. Тус завод нь хоногт 70 орчим тонн бензин, 80 орчим тонн дизель түлш, боловсруулдаг байлаа. Зүүнбаянд үйлдвэрлэсэн бензинээр Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон Гурван тэс, Эрдэнэдалай, Хэрлэн, Баян-Улаан, Хар айраг, Зүүнбаян, Түмэнцогт зэрэг улсын колонктой газруудыг дангаараа ШТМ-аар хангадаг байсан билээ. Зүүнбаянгийн үйлдвэрт маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Төв хорооны Цэнд, Рагчаа, Дамдин зэрэг нам төрийн удирдлага байнга ирж зөвлөгөө өгдөг байсан. Ийм л хөдөлмөр бүтээл өрнөсөн сайхан үйлдвэр говь нутагт сүндэрлэж говийн ард олны амьдрал ахуй, сурч боловсроход нь ихээхэн үр нөлөөтэй байсныг бид сайн мэднэ.

-Тэгвэл яагаад энэ нефтийн үйлдвэр хаагдсан юм бол?

-Тэр үед ЗХУ-ын Буриадын нутагт нефтийн томоохон орд газар илэрч түүнийгээ түшиглэсэн газрын тосны үйлдвэр байгуулж, манай нефтийг чанар муутай гэж худлаа шалтаг заан их гүрний дээрэнгүй үзлээр өөрсдийнхөө нефтийг манай үйлдвэрт шахаж өгөх болсон. Зарим үед маш олон вагоноор ирж агуулах савны хүрэлцээгүйгээс их хэмжээний торгууль төлөөсөнд орох эс бол олон хоногоор тасарч үйлдвэрийн жигд ажиллагааг алдагдуулж сул зогсолтод орох, төлөвлөгөө даалгаврыг тасалдуулах зэргээр хүндрэлтэй байдаг байсан. Ийнхүү дарамт шахалтаас болж манай үйлдвэр өрөмдлөг контор монтажийн байгууллага, хайгуулын анги салбараа татан буулгаж олон сайхан мэргэжилтэй залуусаа халж байв. Ер нь чухал үйлдвэрийн гол түүхий эдийг гадаадаас авна гэдэг нь хараат байдлаа улам лавшруулдаг юм байна гэдгийг ахмад нефтьчин бид яс махандаа тултал мэдэрсэн.

-Энэ онд Засгийн газар Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоол гаргасан. Үүн дээр таны бодол, бас бусад хүн ямар хандлагатай байх шиг байна?

-Энэ оны гуравдугаар сард Засгийн газар эх орноо шатахууны хараат байдлаас чөлөөлөхийн тулд тал хээрийн бүсэд буюу Тамсагт, говийн бүсэд буюу Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулах тухай 113-р тогтоол гаргасан нь зөв шийдэл болсон юм. Манай улс шатах тослох материал болон эрчим хүчний талаар олон жил дараалан харь гүрний хараат байдалд явснаар улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалд тийм ч сайн нөлөө үзүүлж ирээгүй нь ойлгомжтой. Гэтэл өндөр настан Т.Намжим дээрх 113-р тогтоолыг үндсээр нь эсэргүүцэж байгаа бололтой. Тэрээр их хурал болон Засгийн газрын шийдвэрээр Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барих тогтоол удаа дараа гарсныг энэ Засгийн газар, Д.Эрдэнэбат сайд үгүйсгэлээ гэжээ. Энэхүү 113-р тогтоолд хуучин Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгов гэх юмуу, Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барихыг хориглосон ганц ч үг үсэг байхгүй билээ. Дархан-Уулд газрын тосны үйлдвэр байгуулж болно л доо. Гэхдээ Дархан-Уул аймагт техник эдийн засгийн үндэслэл бүрдсэн гэж бичээд байгаа ч хөрс нь бохирдсон Хонгорт үйлдвэр байгуулах гээд байна. Хонгорт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байгаа юмуу.

-Дархан-Уул аймагт биш Зүүнбаянд газрын тосны үйлдвэр барих ёстой гэж зүтгээд байгаа чинь ямар учиртай юм бэ?

-Зүүнбаянд 1949 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж иж бүрэн үнэлгээг бүгдийг хийсэн. 1970 оны үед БХЯ Зүүнбаянд төгс бүрэн механикжсан мото буудлагын дивиз байгуулахдаа ч бас дахин үнэлгээнүүдийг хийсэн. 1990 онд олон улсын газрын тосны чичирхийллийн хайгуулынхан ирж мєн үнэлгээнүүд хийсэн. 2000 оны үед Хятад улсын мэргэжилтнүүд орчны судалгааг бүрэн хийсэн ба ахмад нефтьчин бидэнтэй хүртэл уулзалт хийж байсан юм. Зүүнбаянд ийм ийм өндөр түвшинд хийгдсэн судалгаа үнэлгээ байгаа, Харин Дархан-Уул аймгийн Хонгорт ар өврийн хаалгаар олсон ойр зуурын үнэлгээ байж болох талтай. Зарим нэг хїн тухайлбал доктор Т.Намжим Дархан-Уул аймагт байгуулна гэж төр засаг, салбар хариуцсан сайдын шийдвэрийг эсэргүүцэж өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байгаа нь тийм ч таатай биш байна.

Зүүнбаян одоо Ази, Европыг холбосон төмөр зам, олон улсын авто замын сүлжээнд холбогдсон. Багануурын өндөр хүчдэлд холбогдож 2014 онд ашиглалтад оруулсан боломжийн хүчин чадалтай дулааны сүлжээ, цэвэр усан сантай, тохилог орон сууц элбэгтэй, 900 хүүхдийн багтаамжтай 12 жилийн дунд сургууль болон цэцэрлэгтэй, 150 ортой цэргийн эмнэлэг байсан барилгын багахан хэсэгт нь одоо сум дундын эмнэлэг ажиллаж байна. 650 хүний суудалтай гурван давхар тохилог соёлын төвтэй, таримал мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн цэнгээнт бүжгийн талбай бүхий 0,60см-4 метрийн гүнтэй хиймэл нуур зэрэг байгууламжтай, одоо цагийн нийгэм, иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц тохилог сайхан тосгон үйлдвэрлэгчдээ хүлээж байна. Ахмад нефтьчин бид болон Зүүнбаянгийн иргэд төр засгийн түшээ нарын боловсруулсан Зүүнбаянд газрын тосны томоохон үйлдвэр байгуулах 113 дугаар тогтоолыг дэмжиж байна. Д.Эрдэнэбат сайдыг Зүүнбаянгийн үйлдвэр байгуулах газартай танилцахыг урьж байна.

Ө.Манлай

Categories
мэдээ соёл-урлаг

Тайга уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

Шунаг сэтгэлдээ автан үйлийн үрээ үүрч яваа булш ухагчдын түүхийг өгүүлэх “Тайга” Монголын уран сайхны кино ирэх сарын 5-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус бүтээл нь нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар сонирхолтойгоор өгүүлэх аж. Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, МУСТА Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид, МУСТА Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тоглосон бол зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичжээ.

М.Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Засуулуудын энгэрт камер байрлуулсан бол одоо сонсъё

Одоогоос
яг жилийн ємнє танил бизнесмэн ах маань “Би ерөөсөө энэ бөхчүүдийг ойлгохгүй
юм” гэв. “Яав” гэвэл “Ах аа, дүү нь улсын начин болох гэсэн юм. Тусалж дэмжээч
гэсэн. Үнэхээр тийм бол яахав дээ гээд хэдэн төгрөг өгөөд явуултал наадмын
дараа утасдангуутаа, дүү нь улсын цол авчихлаа. Хүмүүс нутгийнхаа цол авсан
бөхчүүдэд байр өгөөд байна. Та дүүдээ байр єгєх юм байгаа биз дээ гэж ярьдаг
байгаа. Уур хүрээд утсаа салгачихаад сууж байна” гэсэн юм.

Улсын цолонд
хүрсэн бөхийн амьдрал хэрхэн өөрчлөгддөг болохыг Б.Гончигдамба гарьд төрийн
наадамд үзүүрлэснийхээ дараа жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэдэг. Наадмын урд єдєр
хүүхэддээ эм авч өгөх мөнгөгүй байсан ч ердөө наадмын маргаашнаас нь амьдрал
тэс өөр болсон тухайгаа ярьж байлаа.

Өнөө жил
шинэ арслан, харцага, начинтай сайхан наадам боллоо хэмээн хөл хөөрцөг болж
цолонд хүрсэн нөхдөө байр, бандгар жийпүүдээр булж орхилоо.

Хэн нь
хэндээ юугаа өгөх нь маньд падгүй л дээ. Гэхдээ жил жилийн наадмын дараа тэр
төдөн төгрөгөөр начин боллоо гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа гардаг. Манай сонин наадмын өмнөх дугаартаа “ШӨХТГ,
АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна”
гэж бичиж байсан. Тэгвэл бөхчүүдийн хоорондоо мөнгө өгч авалцдаг цолны найрааг
батлах мэт нэгэн зураг цахим ертөнцөд тарж олны анхаарлыг татаад байна. Тэр нь
улсын арслан цолтой бөх засуул дээрээ ирчихээд засуулынхаа утсаар хэн нэгэнтэй
яриад, асуудал шийдэгдэв бололтой
аймгийн цолтонд унаад өгч буй зураг л даа. Утсаар ярихдаа найраа хийсэн үгүйг
улсын өндөр цолтны дэргэд байсан засуул болон утасны цаанаас чагнаж байсан хүн
хоёроос өөр хэн ч сонсоогүй байх. Наадмын өмнө МҮБХ засуулуудын энгэрт камер
байрлуулна гэж мэдэгдэж байсан. Үнэхээр камераа байрлуулсан уу. Хэрэв тийм бол
одоо л тэр засуулын камерийг шалгаж улсын цолтны ярьсан яриаг сонсмоор байна.
Тийм яриа өрнөсөн эсэхийг МҮБХ ил тод гаргах цаг нь болжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт Л.Гансүхийн өмгөөлөгч ярилцлага өглөө

Хуванцар эдлэлийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр ажиллаж эхэлжээ. “Өдрийн сурвалжлага” буланд уг үйлдвэрийг онцолж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрнээс нийтлэлч Баабарын “Богд уулыг нүхэлчих үү” нийтлэлийг сонирхоорой.

“Торгоны зам” төслийн хүрээнд нүүдэлчин соёлыг дэлхийд таниулсан аяллын шинэ брэнд бий болгохоор төлөвлөжээ. Энэ талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол юу гэж ярьсныг улстөрийн нүүрнээс уншаарай.

Л.Гансүхийн хэрэг шүүхэд шилжээд байгаа. Уг хэргийг тойрсон сүүлийн үеийн мэдээллийг түүний өмгөөлөгч Ц.Баасандоржтой хийсэн ярилцлагаас аваарай. Тэрээр “Шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно” гэж ярилаа.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хилчин” хотхоныхон дөрвөн хоногийн турш цэвэр, бохир усгүй хэцүүдэж байна. Энэ талаарх сурвалжлагыг зургадугаар нүүрнээс уншаарай.

Нөгөөдөр нийтийн тээврийн автобусууд кондукторгүй үйлчилгээнд гарна. Автобусанд суух иргэд смарт карт худалдаж авах юм. Ухаалаг картаар нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл энэ өдрийн дугаарт багтсан байгаа.

Наадмаас хойш үргэлжлэн орж буй хур борооноос болж хаана хаана үерийн аюул байгаа, ирэх өдрүүдэд бороо хур, үер ус ямар байх талаар мэргэжлийн хүний тодруулга яриаг 12 дугаар нүүрнээс уншаарай.

“Сонгодог урлаг” булангаас суут хөгжмийн зохиолч Бахын амьдрал, уран бүтээлийн талаар сонирхоорой.

Амьд хөгжмийн “Лемонс” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай хийсэн “Бүх цаг үеийн түүхэнд энгийн хүмүүс л рок хөгжимд орсон байдаг” гэсэн ярилцлага 15 дугаар нүүрэнд нийтлэгдлээ.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Татварын хөнгөлөлт эдлүүлэх төсөл санаачилжээ

С.Бямбацогт нарын 16 гишүүн
ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан санал авахаар Засгийн газарт
хүргүүлсэн байна. ААНОАТ-ын тухай
хуулийн төсөлд аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан 8 аймагт / Баян-Өлгий,
Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл/ байнгын үйл
ажиллагаа явуулан 3-аас доошгүй ажлын байр бий болгосон / нийгмийн даатгалын
шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 3
жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь
хөнгөлөхөөр тусгажээ. Энэ хөнгөлөлтөд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах
ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох,
газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны
үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим
хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх,
автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал,
цөмийн энергийн үйл ажиллагаа хамаарахгүй
аж.

ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3
жилийн хугацаанд нийслэлээс аймгийн төв нь 600 км-ээс илүү хол алслагдсан
аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэнд ногдох Хувь хүний орлогын албан
татвараас 50 хувь, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх, бусад аймагт
оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувь хүний орлогын албан татвараас 20 хувь тус тус
хөнгөлөхөөр тусгажээ.