Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтыг нэг сараар хойшлуулж магадгүй

Энэ сарын дунд үе хүртэл тариалангийн бүс нутгаар гантай байсан. Тиймээс бууцай болон тариа ногооны ургалт удаашралтай байгаа билээ. Харин баяр наадмын дараагаар үргэлжлэн орсон бороо тариалангийн бүс нутгаар хангалттай чийг өгсөн ч тариаланчдын сэтгэлийг зовоосон хэвээр байгаа юм.

Тэгвэл салбар хариуцсан яамнаас энэ жилийн ургац хураалт хойшилж магадгүй гэсэн мэдээллийг өглөө. Албаны хүний хэлснээр тариалангийн нутгаар гандуу, ургалт байхгүй гэсэн шалтгаанаар нэг сарын хугацаагаар ургац хураалтыг хойшлуулна гэсэн мэдээ гарсан байгаа аж.

Энэ жил 300 гаруй мянган га-д улаанбуудай, 14 мянган га-д төмс, 9 орчим мянган га-д хүнсний ногоо тарьсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд хар тамхины хэрэгт холбогджээ

Баянгол дүүрэгт байрладаг
Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр
саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Улсын мөрдөн байцаах газар хар
тамхины хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсний дунд тэд байжээ.
Тэдний гэрээс хар тамхи олдсон гэх бөгөөд хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх
хэлтэст шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Эх
сурвалжийн мэдээлж буйгаар тэдний нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын
прокурор Х.Тамир гэх залуу бөгөөд тус газарт ажилд ороод тун ч удаагүй байгаа
юм байна. Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог
прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон талаарх энэхүү мэдээллийг холбогдох
хуулийн байгууллагаас тодруулахад “Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн
байцаалт дөнгөж эхэлж байгаа” гэх хариулт өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Түр зуурын, аадар бороо орно

Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгуудаар халж, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орохыг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал баруун болон төвийн аймгуудаар үүлшин, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын ширүүн бороо орох бөгөөд хур тунадас орохын өмнө салхи 16-аас 18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Говийн нутгаар солигдмол үүлтэй, түр зуурын аадар бороо орно.

Нөгөөдөр төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна хэмээн УЦУОХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Булган суманд хөл хорио тогтоолоо

Ховд аймгийн Булган суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Учир нь өчигдөр тус сумын харьяат 14 настай, Г хэмээх хүү өндөр халууран баруун суганых нь булчирхай цочсон байдалтай буюу тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан юм. Одоогоор шинжилгээний хариу эцэслэн гараагүй гэнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр орой тус аймгийн онцгой комисс хуралдаж, хөл хорио тогтоожээ. Мөн тус суманд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг ажиллажээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Ногооны зооринд ажиллаж байсан хоёр иргэн нас баржээ

Өчигдөр
11:56 цагт Орхон аймгийн Онцгой байдлын газарт Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн
9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд ажиллаж
байсан хоёр иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага иржээ. Эрэн хайх, аврах
бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн
гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай,
эрэгтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүйн улмаас нас барсан
байдалтай байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд
хүлээлгэн өгсөн байна.

Хэргийн
газарт Орхоны Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын
газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ий Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн
Р.Энхболд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн
асуудал хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг
ажиллажээ. Улмаар тус зоорины орчны агаарт “TAPPA” багажаар хэмжилт хийхэд ямар
нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

”Амгалан” дулааны станц аравдугаар сард ашиглалтад орно

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СМЕС” компани ажиллаж байгаа бөгөөд 2013 онд эхлүүлсэн станцын барилга угсралтын ажил одоогоор 95 хувьтай явагдаж байна. Станцын үлдсэн хэсгийг дуусгахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай аж. Уг станцын нийт өртөг нь 75.9 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм.

М.Ууган

Categories
мэдээ спорт

“Тал нутгийн марафон” гүйлтийн уралдаан энэ сарын 26-нд болно

Монголын хөнгөн атлетикийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Тал нутгийн марафон” гүйлтийн уралдаан ирэх ням гаригт болох аж. “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой энэхүү гүйлтэд нийслэлчүүдээс гадна гадаадын жуулчид, тамирчид өргөнөөр оролцдогоороо онцлог аж. ТУс марафон Төв аймгийн Өндөр дов хэмээх газар болох гэнэ.

Өмнөх жилүүдэд 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км, 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км зайд өрсөлдөж байсан юм. Мөн залуучууд 10 км болон хагас марафон буюу 21 км зайд аваргуудаа шалгаруулж байсан билээ.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьт дахин үер буужээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн хэсгээр өчигдөр үдээс хойш дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн төвд дахин үер буужээ. Энэ удаагийн үерийн улмаас хашаа, гэр, байшин барилгын суурийн давхар, граш, автомашинд ус орсон, автомашин шаварт суусан гэх 57 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн аж. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрынхан ажиллаж 21 автомашин, 36 том хүн, 9 хүүхэд, 36 гэр орон хашаа байшинг үерийн усанд автахаас аварчээ. Одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл гараагүй, харин эд хөрөнгийн хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 16-ны өдөр 15 минут орчим үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Далангийн гол дүүрч хальсан, зарим хорооллуудын гудамж, айл өрхүүд, аймгийн төвийн зарим хэсэг үерт автсан мэдээ ирж байсан билээ.

М.Ууган

Categories
мэдээ спорт

Азийн нээлттэй тэмцээнд оролцохоор манай жудочид эх орноосоо мордлоо

Монголын жүдо бөхийн холбооны тамирчид ээлжит тэмцээндээ оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэд энэ сарын 25-26-нд Тайванийн Тайпей хотноо болох “Asian Judo Open” буюу Азийн нээлттэй тэмцээнд оролцох юм. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны УАШТ-ий хүрэл медальт М.Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-ын Минусинск хотноо болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Эрхэмбаяр нар өрсөлдөхөөр боллоо. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны улсын аварга Э.Гэрэлмаа, 57 кг-д Б.Баасанжаргал нар барилдана. Тэдэнтэй хамт хашир туршлагатай мастер П.Лхамдэгд өрсөлдөнө.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны үнийг нэмжээ

Баяр наадмын өмнөхөн Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрхийн цахилгааны суурь төлбөрийг хоёр дахин нэмж 2000 болгосон. Тэгвэл тоолуурын заалтаар авдаг тарифыг 4.3 төгрөгөөр тус бүр нэмсэн байна.

Энгийн тоолууртай айл өрхийн 150кВт.ц хүртэлх хэрэглээний төлбөр 94.1 төгрөг байсныг 98.4, түүнээс дээш хэрэглээнээс кВт тутамд 113.9 төгрөг байсныг 118.2 төгрөг, хоёр тарифт тоолууртай айл өрхийн өдрийн хэрэглээний төлбөр 100 төгрөг байсныг 104.3, орой, шөнийн хэрэглээ 72.8 төгрөг байсныг 77.1 болгосон.

Харин аж ахуй нэгжийн хэрэглээг энгийн тоолууртай бол 124.2 төгрөг байсныг 128.5, гурван тарифт тоолуурын хэрэглээний тарифыг ч мөн тус бүрт нь 4.3 төгрөгөөр нэмжээ. Мөн уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн энгийн тоолуурын тариф 151.6 төгрөг байсныг 155.9 болгожээ.

Нэмэгдсэн үнийн тариф энэ сарын 25-наас үйлчилж эхлэх юм. Үнийн тариф нэмэгдсэн шалтгааныг ОХУ-аас манайд нийлүүлж буй импортын цахилгааны үнээ энэ сарын 1-нээс өсгөсөн гэж байна.