Categories
мэдээ нийгэм

Хархорин дахь Даншиг өнөөдөр эхэлнэ

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд Даншиг наадам болно. Даншиг наадмын үеэр шашин, урлагийн цэнгүүн, “Өндөр гэгээн 380” урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг болох юм байна.

архорин дахь Даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан зохион байгуулж байгаа аж.

Даншиг наадамд их нас, азарга, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болохоос гадна эрлийз бага, дунд, дээд насны уралдаан болох юм. Мөн даншиг наадмын үеэр хүчит 512 бөхийн барилдаан, сур харваа болно.

Categories
мэдээ улс-төр

Универсиадад оролцсон багт 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмаас медаль хүртсэн баг тамирчдыг яаман дээрээ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад наадмын зохин байгуулах хорооноос олгосон дипломыг албан ёсоор гардуулсан юм.

ЭМСЯ-наас Универсиадад оролцох баг тамирчдад 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Үүнээс 60 сая нь тамирчдын замын зардал болон баг тамирчдын нэгдсэн хувцсанд зарцуулсан аж.

Үндэсний шигшээ багийн зарим тамирчид ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төвөөс зардлаа гаргуулан явсан бол “МИАТ” ХК-ийн зүгээс Универсиадад оролцсон нийт тамирчдын тээврийн зардлын 25 хувийн хөнгөлөлт үзүүлэн, суудлыг хангалттай гарган өгч ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа уламжиллаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм

-Дүүгээ хайж цагдаад хандчихаад байхад амиа алдсаныг нь мэдэгдээгүй-

Энэ сарын 13-ны өдөр ажилдаа яваад сураггүй болсон эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа тухай зар facebook-ээр тарсан. Харамсалтай нь тэр эмэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь долдугаар сарын 17-ны орой мэджээ. Цагдаагийнхан талийгаачийн цогцсыг энэ сарын 14-ний үүрээр олсон ч гурван хоногийн турш хэн болохыг нь тогтоож чадаагүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан. Талийгаач Д-ийн ах Э.Өрнүүн-Ундрахтай ярилцлаа.

-Дүүгээ хайж байгаа талаар зарыг facebook хуудсаар олон хүн түгээсэн байсан. Харамсалтай мэдээ сонслоо.

-Манай гэр бүлд маш хүнд байна. Гэхдээ гэмт этгээдийг илрүүлж үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгээсэй гэдэг үүднээс танай сонинд хандаж байна. Дүү минь 19 настай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн хоёрдугаар курс төгссөн. Гурван ахтай, айлын бага охин. Хичээлдээ сайн. Гэр, сургууль хоёрын дунд явдаг даруухан охин байсан юм, миний дүү.

Зуны амралтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тасалбар тасладаг цагийн ажил хийж байсан юм. Энэ сарын 13-ны өглөө ажилдаа яваад эргэж ирсэнгүй. Бид гурав хоногийн турш хайж, сураглаж яваад 17-ны орой амиа алдсаныг нь мэдлээ.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ гэрийнхэнтэйгээ холбоо барьсан бэ. Энэ сарын 13-нд ажил нь орой­тож тарсан юм болов уу?

-Цагийн ажил нь ихэвчлэн орой тардаг. Хажуу талын байранд байдаг охинтойгоо хамт ирдэг байсан юм. Аав гэрийнхээ гадаа тосдог. 13-ны шөнө аав гэрийн гадна хүлээгээд ирээгүй. Хажуу байрны охинтой хамт яваагүй байсан. Миний дээд талын ах шөнийн 1.40 цагт гар утас руу нь залгахад “20 минутын дараа очлоо” гэж ярьсан. 20 минутын дараа залгахад гар утсаа тасалчихсан. Дахиад залгасан утас нь салчихсан байсан.

-Хэзээнээс хайж эхэлсэн бэ?

-14-ний үдээс хойш хүртэл утсаар сураглаж байсан. Наадмаар найз нөхөдтэйгөө уулзсан юм болов уу гэж найдаж байлаа. Гэсэн ч гар утас нь салчихсан, огт сураг гарахгүй болохоор санаа зовоод 14-ний 17.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт залгаж мэдэгдсэн. Дараа нь 19.00 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Дүү минь сураггүй болсныг цагдаагийн байгууллага 14-ний орой мэдсэн гэсэн үг. Гэтэл гурвалжингийн гүүрний доод талаас эмэгтэй хүний цогцос 14-ний өглөөний 05.00 цагийн орчимд олдсон байсан. Цагдаа жаахан л анхаарал хандуулсан байсан бол бидний хайгаад байгаа хүн нас барсан гэдгийг мэдэх байсан. Өргөдөл авснаас хойш 17-ныг хүртэл цагдаагийн байгууллагаас бидэнд ямар ч сураг өгөөгүй.

-Танайхан дүүгээ хайсаар л байсан уу?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр очиж хамт ажиллаж байсан, ажлаасаа хамт гарсан байж болох хүмүүсийн утасны дугаар авсан. Тэр байгууллага оюутнуудыг шөнө дүл хүртэл ажиллуулчихаад гаргаад явуулчихдаг. Ядаж чиглэл чиглэлд нь нэгдсэн унаа явуулдаг байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж харамссан. Тэндээс сураглаж байгаад дүүгээ нэг эмэгтэйтэй хамт явсныг олж мэдсэн. Тэр эмэгтэйтэй уулзахад “Бид хоёр манай гэр хүртэл алхаад Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас танай дүү таксинд суусан. Бараан өнгийн машин байсан. Машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэж ярьсан.

-Замын хяналтын камер шүүлгэсэн үү?

-Хоёр удаа очиж шүүлгэсэн. Гэтэл талийгаачийн таксинд суусан гэх газраас цаадах нь харагдаад яг тэр хэсэг камерт ороогүй байсан. Бид гурав хоногийн хугацаанд хайж, сураглаж болох бүхий л аргыг хэрэглэсэн. Гэмтлийн эмнэлэг, цогцос хадгалах байраар хүртэл явъя гэж ярьж байсан. Тэгтэл 17-нд таньдаг цагдаа маань ярьсан. Танил цагдаагийнхаа компьютерээс цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр эрэн сурвалжилж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон хүмүү­сийн мэдээллийг шүүсэн. Гэтэл 14-ний 05.50 цагийн орчим үл танигдах эмэгтэй хүн галт тэргэнд мөргүүлж амиа алдсан гэсэн мэдээлэл байсан. Зургийг нь хартал дүү минь байсан.

-Цагдаагийн байгуул­ла­гаас танайхад хэл хүрээгүй. Хувийн шугамаар мэдсэн юм байна. Тийм үү?

-Танил цагдаагаа гуйж байж мэдээллийн санг шүүлгэж олсон хэрэг. Гурав хоногийн турш цагдаагийн байгууллага юу хийж байсныг мэдэхгүй. Цагдаагийн мэдээллийн сангаас тэр мэдээллийг авсан даруйдаа Төмөр замын цагдаагийн хэлтэст 17-ны орой очиход цагдаа нь “Маргааш цагдаагийн баяртай. Энд унаа, машинтай хүн алга” гээд халгаагаагүй. Тэгээд өөрсдөө очиж үзэхэд дүү минь мөн байсан.

-Гурван хоногийн хугацаанд талийгаачийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй юм болов уу?

-Ерөөсөө оролдлого хийгээгүй. Бид дүүгээ хайж байна гээд цагдаагийн байгууллагад хандчихсан. Хайж байгаа хүнтэй төстэй эмэгтэй амиа алдчихсан байхад харьцуулж болдоггүй юм уу. Тэр өдөр дүү минь иргэний үнэмлэх, гар утастайгаа явсан. Гэтэл цогцсыг олоход юу ч байгаагүй гэсэн. Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ариунтунгалаг гэдэг эмэгтэй хариуцаж байсан. Тэр хүний ярьснаар иргэний бүртгэлээс дүүгийн минь мэдээлэл гарахгүй байсан гэсэн. 16 настай иргэний үнэмлэх авсан хүний мэдээлэл яагаад байхгүй гэж. Хэргийг илрүүлье гэсэн сэтгэлгүй, зөвхөн цагдаагийн баяртаа сатаарч байсны илрэл. Хэрвээ бид хувийн шугамаар мэдээгүй бол 18-нд цагдаагийн баяр, маргааш нь амралтын өдөр гээд өнгөрсөн даваа гаригт л мэдэх байж. Цагдаа нар баяраа тэмдэглэхээр хүлээсэн үүргээ мартчихдаг юм болов уу.

-Талийгаач мөнгөтэй явж байсан уу. Мөргөсөн галт тэрэгний ажилчид юу гэж мэдүүлсэн бол?

-Samsung маркийн гар утас, 10-20 мянган төгрөгтэй л гэрээсээ гарсан. Төмөр замын ажилчид “Хажуугаар явж байгаад гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс болоод талийгаачийг амиа хорлосон гэж таамаглаад, хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол цагдаад байгаа. 01.40 цагт ахтайгаа “Очиж байна” гэж ярьсан хүн 05.50 цагийн орчимд амиа хорлотол хаагуур явсан нь сэжигтэй. Мөн ах нь дахиад залгахад утсаа таслаад, салгасан нь бас сэжигтэй байгаа. Гадны нөлөөтэй нас барсан гэж бид таамаглаж байгаа. Дүү минь амиа хорлох хүн биш. Найз залуугүй. Гэрийнхэнтэйгээ ч түр тар хийгээгүй. Ганц охин дүүгээ ах нар нь дарамтална гэж юу байх билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ ирэх намар тийм хичээл сонгон, ийм дүнтэй суралцана гээд ирээдүйгээ төлөвлөөд биччихсэн байсан. Магадгүй хүчинд автаж шоконд орсон явж байсныг ч үгүйсгэхгүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй биз дээ?

-14 хоногийн дараа гардаг гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач хүчинд автсан уу, гадны нөлөө байсан уу гэдэг нь тодорхой болно гэж найдаж байна.

-Хамт явсан эмэгтэйгээс мөрдөн байцаагч мэдүүлэг авсан болов уу?

-Уг нь замын камер шүүлгэх, хамт явсан охиноос мэдүүлэг авах гээд бүх ажлыг цагдаагийнхан хийх үүрэгтэй. Гэтэл бид л хийгээд байсан. Тэр хооронд цагдаа нар баяраа л тэмдэглэж явсан байх. Баярын дараа 14-ний үүрээр хотын төвөөр цөөн машин явж байсан. Замын камерт багтсан машинуудыг шүүчихэд асуудалгүй баймаар юм. Мөн хамт явсан эмэгтэйгээс мэдүүлэг аваад өгөөч гэж хэсгийн байцаагчид 16-ны орой утасных нь дугаарыг өгсөн. Тэр өдөр хэсгийн байцаагч тэр эмэгтэйгээс мэдүүлэг авсан гэсэн. Төмөр замын цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлсний дараа Ариунтунгалаг байцаагчид мөн л нөгөө эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Гэтэл өнөө өглөө л мэдүүлэг авч байна. Ингэж хугацаа алдахаар хэрэг илрэх магадлал улам бүр багасна биз дээ. Өмгөөлөгчтэйгөө хүсэлт гаргаад очтол Ариунтунгалаг байцаагч өнөөдөр үдээс хойш эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Талийгаачийн хэрэг Мөнхсайхан гэдэг байцаагчид шилжсэн гэнэ. Мөнхсайхан байцаагчтай уулзахад “Ер нь ийм хэрэг болсныг мэдэж байгаа. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байна. Албан ёсоор намайг ав гэж хэлээгүй. Тэгж байгаад хэрэгтэй танилцана” л гэсэн. Тэгж байгаад гэдэг нь хэзээ гэдгийг мэдэхгүй. Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм. Төмөр замын цагдаагийн хэлтэс ачаалал багатай. Гэтэл энэ хэрэг дээр үнэхээр хойрго, хайнга хандаж байгаад гомдолтой байна.

-Талийгаачтай хамт явсан эмэгтэйгээс өөр гэрч байгаа юу?

-Бид тэр эмэгтэйтэй хэд, хэд уулзсан. Эхлээд уулзахад талийгаачтай хоёулахнаа байсан гэсэн. Дараа нь уулзахад “Бид хоёр манай гэрийн ойролцоох пабад орж жаахан суусан. Тэнд үйлчлэгч, түүний найз хоёр хүн л байсан. Гарахад үйлчлэгчийн найз нь бид хоёрыг гаргаж өгсөн” гэж ярьсан. Ард кино театрын хавиар хайж байгаад орсон пабыг нь олсон. Тэнд байсан залуу “Би талийгаачийг таксинд суулгаж өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Талийгаачийг машинд суулгаж явуулчихаад хамт явсан эмэгтэйг гэрт нь хүргэсэн” гэж ярьсан. Тэр залуугаас гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж цагдаад бас хүсэлт гаргасан. Мөрдөн байцаагч энэ хэрэг дээр анхаарал хандуулахгүй, цаг алдсаар байна. Энэ хойгуур гэмт этгээд ул мөрөө баллах вий, хэргээс яаж мултрахаа төлөвлөчихсөн байх вий гэж айж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болчихлоо

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болсон гэж дууллаа. Ургац хэцүүхэн байгаа талаар ярьцгаав уу?

-Манай холбооны Удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 21-нд боллоо. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэгтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна. Настайчууд хэлж байна л даа. Ийм ган гачиг үзээгүй гэж. Зүгээр нэг ган биш онцгой нөхцөл байдал үүсчээ гэцгээж байна.

-Улсын хэмжээнд ургацынхаа хэчнээн хувийг алдчихаад байна?

-Ная орчим хувиа алдчихсан. Ямар ч найдвар байхгүй.

-Цочирдмоор тоо байна. Иймдээ тулчихаад байхад засгийн түвшинд дуугүй суумааргүй санагдах юм…?

-Үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. Ер нь улс болгон маш хурдан хугацаанд хэцүү байгаагаа зарладаг. ОХУ гэхэд зургадугаар сарын аравдаар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна. Гантай, гэхдээ бороо орж эхэлсэн учраас сэргэнэ гэцгээж байна л даа. Амны бэлгээс ашдын бэлгэ, битгий муу амла гэсэн улс л байна. Үнэн хэрэгтээ аргацаасан л яриа.

-Наадмаас хойш багагүй хур орж байгаа. Сэргэх найдвар үнэхээр алга уу?

-Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй.

-Тэгээд яагаад мэдээлэхгүй таг чиг байгаа юм бол?

-Энэ яриа үнэн эсэхийг газар дээр нь үзүүлэхэд асуудал байхгүй. Телевизийнхэн лав эхнээсээ байдлыг газар дээрээс нь хүргэхээр явсан дуулдсан.

-Ургац гайгүй авчихаар хэсэг хаагуур байна?

-Үнэнийг хэлэхэд зүүн бүсийн, Халх голын хэдэн сумд жаахан тариатай байна. Булганы арын хэсэг бага зэрэг, Сэлэнгийн хойд буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр хоосонгүй. Төв аймаг маш хүнд байгаа. Сая дурдсан газраас өөр тариа авчихаар хэсэг алга.

-Яамнаас комисс гараад ажиллахгүй бол болохгүй нь дээ?

-Зүгээр нэг комисс биш, бүр онцгой байдлын комисс гаргаж яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна.

-Тариаланчид хэчнээн төгрөгөө газар булаад алдчихаж байна вэ. Танай холбооноос тооцоо гаргаж үзэв үү?

-Техник худалдан авалтын зардлыг оруулахгүйгээр зөвхөн бордоо, түлш, цалин гээд урсгал зардлыг тооцоход л 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Булганы Хутаг-Өндөр сумаас эхлээд тарьсан талбайдаа уринш хийгээд эхэлчихлээ. Юу ч авахгүй нь гээд ирэх жилдээ бэлдэж эхэлсэн гэсэн үг.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулаад ургацаа авч үлдэх боломж байгаагүй хэрэг үү?

-Орчин үед ган гачгийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ үүлэнд нөлөөлөх байдлаар бороо оруулах технологийг ашиглаж байгаа. Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв, мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан. Хавар Дорнодод гарсан түймэрт байгаа сумныхаа бараг 80 хувийг зарцуулсан. Тэнд үүлэнд нөлөөлж бороо оруулсан юм. Үлдсэн сумнуудаа бүр болохоо байлаа гээд зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгууд руу татсан. Харамсалтай нь тавдугаар сар, зургадугаар сарын эхийн их хэмжээний масс үүлийг алдсан. Яг манайтай адилхан гантай Орос, Хятад хоёр ургацынхаа 20-25 хувийг алдаж байна. Гэтэл манайх 80 хувиа алдаж байна гэдэг бодох л асуудал.

-Үүлэнд нөлөөлөөд бороо оруулж эхэлсэн юм байна. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй нь үү?

-Сүүлийн үед үүлэнд нөлөөлж бороо оруулаад байна л даа. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх учиртай. Салхины чиг энэ тэрээ маш зөв тооцоолохгүй бол үр дүнгүй болчихдог. Сүүлд гэхэд Төв аймагт үүл буудахад Улаанбаатарт бороо орох жишээний. Мэргэжлийн компани, мэргэжлийн хүмүүст нь даатгаж өгмөөр байна.

-Хэн дуртай нь үүл буудаж үр дүнгүй газар бороо оруулаад байгаа гэсэн үг үү?

-Өмнө нь байсан хүмүүсийг тэр чигт нь сольсон. Одоо бол маш хариуцлагагүй улс буудаж байна. Салхины чиг гэдэг чинь их нарийн эд юм билээ.

-Тариа ургах боломжтой хугацаа ер нь хэдийд байдаг вэ. Хэзээ бороо оруулсан бол ургацаа алдахгүй аваад үлдэх боломж байв?

-Зургадугаар сарын эхний арав хоногт орсон бол боломж байсан. Бутлалтын үедээ гэсэн үг л дээ. Тариад,соёолоод, бутлаад, гол хатгаад, түрийлнэ гэж ярьдаг. Хамгийн их анхаарах хугацаа нь бутлалтын үе. Бутлалтынх нь үед бороо ороогүй.

-Таны ярианаас анзаарахад салбарын чинь яам нэлээд сэтгэлгүй ажиллажээ дээ?

-Шуудхан хэлэхэд тийм. Тариаг тархиндаа ургуул гэдэг. Ний нуугүй хэлэхэд тариаг эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр ургуулмаар байна. Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамандаа өнгөрсөн хавраас л сануулсан. Ган гачиг болдгоороо болно, улсын хэмжээний хэрэглээний тооцоо, авах үнээ гаргаад, захиалгаа өгөөч гэж хэлсэн. Ганц улаанбуудай ч биш малын тэжээлээс эхлээд тарьж болох зөндөө зүйл бий. Яг юу нь хэчнээн хэмжээгээр хэрэгтэй байгаа талаар захиалгаа өгөх хэрэгтэй. Сэлгээний ургамал гэдэг газар тариаланд хэрэгтэй эд. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яам үүнд огт анхаараагүй.

-Ган гачиг болох нь, бороо оруулахгүй л бол хэцүүднэ гэж хэлэхээр яамнаас ямар хариу өгч байсан бэ?

-Төсөв мөнгө ярина. Ган гачиг болох мөчлөг нь ирсэн гэхээр “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та нар битгий муу юм яриад бай” гэдэг.

-Тариаланчид лав л хаврын тариалалт хүртэл буудайгаа борлуулж чадахгүй байна гэцгээсэн. Тэгэхээр буудайн нөөц байгаа гэж ойлгож болох уу?

-Түрүү жил буудай маш их байсан нь үнэн. 17 жилийн түүхэнд аваагүй өндөр ургац хураасан. Яамандаа “Аж ахуйн нэгжүүдэд байгаа буудайг улсын нөөцөнд авчихвал алсдаа хэрэгтэй” гэж хэлсэн. Том гүрнүүд шиг дөрөв, таваар нь байг гэхэд ядаж нэг жилийн нөөцтэй байх учиртай. Гэтэл яам тоогоогүй. Нөөцгүй улс ямар байдгийг хүмүүс энэ намар л мэдэрнэ. Эхнээсээ ийш тийшээ буудай, гуриланд явж байна. Түрүү жил аж ахуйн нэгжүүдэд байсан буудай спирт рүү явсан. Жар, далан мянган тонн буудайтай байснаа спиртийнхэнд зарсан нь үнэн. Гэтэл өнөөдөр Тариалан дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Ядаж зуун мянган тонныг нөөцөлсөн бол энэ жилийн ургацтай залгаад гал алдчихгүй байсан. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан, 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна.

-Улсын хэмжээнд ийм их хувиар ургац алдчихаар дараа жилийн тариалалт, ирэх өдрүүдийн нөөц гээд өчнөөн асуудал гарах нь дээ. Хэцүү байдлаас гарахын тулд Засгийн газар, салбарынхаа яаманд тариаланчдын зүгээс ямар санал тавья гэж бодож байна?

-Өмнө нь гаргалгаа гаргаж асуудлыг шийдсэн тохиолдол бий. Тариаланчдын газар булаад шатаж байгаа 150 тэрбум төгрөг бол бүгд банкны өр. Банкны үндсэн зээлийг тодорхой хугацаанд хойш нь тавиад хүүгийн алдагдлыг нь улсаас өгч газар тариалангийн салбараа авч үлдсэн түүх байгаа. 2001, 2002 оны гангийн үеэр зээл хойшлуулах аргаар тариаланчдаа аварч байсан. Зээлийн хүүгийн дарамтаас хамтарч байж л гарна. Монгол банкны зүгээс оролцох болов уу гэж найдаж байна.

-Зээлийг чинь хойшлуулж, хүүг чинь төлж чадахгүй гэвэл яах вэ?

-Төр засгаас ингэж чадахгүй гээд орхивол олон компани элгээрээ хэвтэнэ. Ирэх жил хэн тариа тарих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тариа тарина гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Асар их хөрөнгө оруулалт, туршлага шаарддаг. Газар тариалангийн салбарт олон мянган хүний ажлын байр бий. Салбар нь унавал хэчнээн мянган хүн ажилгүй болно. Ганц тариа тарьдаг компани ч биш, түлшний, сэлбэг нийлүүлдэг гээд өчнөөн компани дагаад унах эрсдэлтэй. Ийм байдалд хүрчихсэн. Ноцтойгийн ноцтой байдал үүссэн гэдгийг л хэлмээр байна.

-Тариаланчдын тарьсан тариаг яаж ч ашиглах боломжгүй болчихсон уу?

-Тариа хэнзэрнэ гэж ярьдаг юм даа. Хэнзрээд, оройтоод гараад ирдэг юм. Үр суухгүй. Гэхдээ ногоон масс бэлдэж болно. Малын тэжээл гэсэн үг. Малын тэжээл бэлдэхийн тулд тодорхой хэмжээний техник хүч, хөрөнгө зардал хэрэгтэй. Төр засгаас тодорхой зардал мөнгө гаргаад ядаж малын тэжээл болгочихмоор байгаа юм. Яаманд санал тавьсан. Тариа тарьсан энэ их талбай уринш болох гээд байна, уринш болгохгүйгээр, тариагүй боллоо ч ядаж малтайгаа үлдэх боломжоо ашиглаач гэж байгаа. Хамтраад тэжээл бэлдье гэсэн. Гэхдээ тэжээл бэлдэхийн тулд бидэнд зардал байхгүй гэдгээ ч хэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд улсын ургацын комисс гардаг юм. Цаг алдалгүй хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Бичин жил ирнэ, хавар нь айхтар гэж ярьдаг. Ядаж малаа авч үлдэх хэрэгтэй л дээ. Яамнаас одоогоор ямар ч хариу алга байна.

-Хэрвээ засгаас анхаарч ургац авахааргүй болсон талбайгаас малын тэжээл бэлдвэл тариаланчдад бага ч гэсэн мөнгө орж ирэх нь ээ?

-Мөнгө ч бараг олохгүй дээ. Тариаланчдын хувьд бүх юм өнгөрсөн. Нэгэнт ургац авахгүй талбайгаас сайхан ногоон масс хураагаад аваасай л гэж бодож байна. Саяны борооноор бэлчээр жаахан сэргэсэн ч малд махан тарга өгөхгүй. Өөхөн тарга л өгөх өвс. Хадлан авах газар алга. Тэгэхээр байгаа тариагаа тэжээл болгоё гэвэл тариаланчид үгүй гэхгүй. Нэгэнт алдчихсан юм чинь. Дэм дэмэндээ явах нэг ийм хувилбар бий.

-Байдал хэцүүдчихлээ шүү гэж Засгийн газарт албан ёсоор хандсан уу?

-Яам руугаа байнга л хандаж байна. Бэлгэгүй юм ярилаа, сайн сайхан юм бод гэсэн юм л өөдөөс ярьдаг. Тариаг эхлээд яаман дээр ургуулах хэрэгтэй байна гэдгийн учир энэ. Энэ жилийн тариа тарьсан газар бол түрүү жилийн уриншилж өнжөөсөн газар. Талбайгаа өнжүүлэхийн тулд хор цацахаас эхлээд маш их зардал гаргадаг. Энэ жил дахиад уринш болгож өнжөөж байна гэсэн үг. Тэгэхээр зардал нь хоёр дахин нэмэгдэж таарна аа даа. Хоёр жил дараалаад уринш хийсэн гэсэн үг. Гурав дахь жилдээ буюу ирэх онд тэр талбайд тариа ургуулахаар нэг тонн буудайны үнэ хэд болох вэ. Зардал нь хоёр дахин нэмэгдсэн учраас буудайны үнэ маш өндөр гарна. Буудайгаа тохиролцоод зарах гэхээр яамнаас импортоор хямдхан буудай оруулж ирээд өгчихдөг. Ийм үед нийгэм биднийг яаж ойлгох нь тодорхой. Тариаланчид гэж шуналтай улс, дэлхийд ийм хямд байхад илүү үнээр өгөх гээд байна гэж хардаг. Угтаа бид ийм л хэцүү амьдралтай улс. Нэг жил 80 хувийн ургац алдчихаар дараа жил тариалан сэхэхэд хэцүү байдаг. Хүүгийн дарамтаас эхлээд өчнөөн алдагдалд ордог. Аажмаар, дөрөв, таван жил тогтвортой ургац авбал арай гайгүй болно. Тэгээд зургаа дахь жилд нь гангийн циклтэй.

-Усалгаатай тариалан л хөгжүүлмээр юм байна даа?

-Санал нэг байна. Монгол гол мөрөн ихтэй. Гол мөрний эрэг дагасан тариан талбай ихтэй. Гадагшаа гараад явчихдаг мөрнүүдийн усаа хөрсөнд нь шингээж авч үлдэх хэрэгтэй. Усалгаатай тариа гэдэг бол тогтвортой, баталгаатай. Монгол улсын хэмжээнд ядаж 50 мянган га талбай усалгаатай байсан бол бид огт өөр юм яриад суух байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил усалгаатай тариалан шиг хэрэггүй юм байхаа больсон. Усалгаатай тариалан эрхэлдэг улсаас усны төлбөр гэж дааж давшгүй их мөнгө нэхдэг. Ингээд бүгд татвар дээр асуудалтай болсон.

-Циклээрээ ган болсон гэж та хэллээ. Ирэх жил яах бол, гангийн давтамж гэж байх уу?

-Гангийн давтамж гэж бий. Хоёроос гурван жил гэж ярьдаг. Ирэх жил хүнд байна. Тийм учраас тариалангийн компаниуд тарилтаа их хэмжээгээр багасгана.

-Танай компани хаагуур тариа тарьсан бэ. Ургацаа алдчихсан уу, эсвэл жаахан ч гэсэн юм авах нь уу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Сант суманд 2000 га-д тариалсан. Хуурайшилт хамгийн өндөр байсан сумдын нэг гэхээр байдал ямархуу гэдэг нь ойлгомжтой байх.


Categories
мэдээ цаг-үе

Г.Шийлэгдамба: Эмнэлгүүдийн захирлыг сайд биш удирдах зөвлөл нь сонгодог болно

Эрүүл
мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Манайхан
эрүүл мэндийн салбарыг чухал гэдэг. Эрүүл мэндийн салбарын төсөв ямархуу
байдалтай байгаа бол. Салбарын ажил хэр урагштай байна?

-2015
оны төсөв аль салбарт тэр дундаа хөрөнгө оруулалтын хувьд нэлээдгүй танаж
батлагдсан. Төсөв танагдсан энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэнд,
спортын салбарт 2015 оны төсөвтэй холбоотой хамгийн гол тулгамдаж буй асуудал
бол эмийн төсөв л дөө. Эмийн төсөв, хүрэлцээ жилээс жилд хүрэлцэхээ больж
байна. 2015 оны төсвийг батлахдаа 2014 оны төсвийн гүйцэтгэлээс 20 орчим хувь
багаар эмийн төсвийг баталсан юм. Тиймээс 2015 оны төсвийг тодотгоход эмийн
төсвийг нэмж тодотгох шаардлага гарч байгаа. Үүний дагуу ирэх намар хийх
төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын төсвийн зарим нэг асуудлаар
тодотгохыг Засгийн газар дээр яриад үндсэндээ шийдэгдсэн. 2015 оны төсөвт 60
тэрбум төгрөг батлагдсан. 2014 оныхтой харьцуулахад найман тэрбум төгрөгөөр
бага байгаа юм. Үүнийг Засгийн газар дээр шийдээд 2015 оны сүүлийн улирлын
төсвийг хоёр гуравдугаар улиралтай зохицуулалт хийх маягаар шийдсэн.

-Хөрөнгө
оруулалтын тал дээр яриандаа онцолсон. Хөрөнгө оруулалт муу байгаа хэрэг үү.
Тэгэхээр ашиглалтад орох эмнэлэг гэж байна уу?

-Бүх
салбарын төсөв оны дараа хийгдсэн төсвийн тодотголоор 50 хувь болж буурч
батлагдсан. Тиймээс эрүүл мэндийн салбар, тэр тусмаа дуулиан дагуулдаг
царцаагдсан эмнэлгүүдийн барилгуудыг гүйцээн барих асуудлууд дээр хүндрэл гарсан.
Ялангуяа хүүхдийн болон төрөх эмнэлгийн асуудлыг концессын гэрээгээр хэд хэдэн
обьектын асуудлыг шийдэж байгаа. Төрийн албан хаагчдын хуучин эмнэлгийг нэгдсэн
эмнэлгийн зориулалтаар барьж, ашиглах шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ хийгдэн явж
байна. 2015 оны төгсгөлд эхний шатны үйл ажиллагаа явагдах бололцоотой болох
юм. Ирэх оны эхний хагас жилд энэ эмнэлэг бүрэн ашиглалтад орно.

-Өнөө Яармагийн дэнжийн төрөх эмнэлэг яахаар болсон бэ?

-Яармагийн дэнжийн төрөх эмнэлгийг мөн л концессийн
гэрээг барьж ашиглалтад оруулахаар болсон. Эмнэлгийг бүрэн гүйцэт ашиглалтад
оруулахад 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээгээр
шийдэж байгаа.

Мөн оношилгоо шинжилгээ хийхэд шаардлагатай тоног
төхөөрөмж, түргэний машины асуудлуудыг төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй
байсан тул БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжаас 50 сая
ам.долларыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Үүний бэлтгэл ажлыг
хангах гээд явж байна.

-Засгийн газарт ямар ямар хуулийн төслүүдийг өргөн барьж
хэлэлцүүлэхээр болов. Хуулиудынхаа талаар мэдээлэл өгөөч. Эмнэлгийн салбаруудыг
хувьчилна гэж байгаад үлдээсэн билүү?

-Манай яамны зүгээс Эм, эмийн хэрэгслийн тухай хууль,
Эрүүл ахуйн тухай хууль, Эмнэлгийн зохион байгуулалтын тухай хууль зэрэг таван
хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газарт хэлэлцүүлээд явж байна. Эдгээрээс
хоёр хуулийн төслийг онцлон хэлэхийг хүсч байна. Эхнийх нь Эмнэлгийн зохион
байгуулалтын тухай хууль юм. Уг хуулийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа
гол реформ гэж үзэж байгаа. Улсын томоохон эмнэлгийн засаглалыг уг хуулиар
өөрчилнө. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт шууд хувьчлалыг явуулах боломжгүй.
Яагаад гэвэл эрүүл мэндийн гол ачааг төр нуруундаа үүрэхээс өөр аргагүй.
Иргэдийн амьдрал ахуй хүнд, ядуурал нэмэгдэж амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур байгаа нөхцөлд тусламж үйлчилгээнд хамрагдаж иргэдийн дийлэнх нь хүнд
байна. Тиймээс төр өөрөө хариуцахаас өөр замгүй. Ийм нөхцөлд эрүүл мэндийн
салбарыг хувьчилна гэдэг зүйлийг ярьж болохгүй. Хувьчлахгүй ч гэсэн бид
засаглалыг нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд статусыг нь өөрчилнө.

-Яаж өөрчлөх юм?

-Төсөвт байгууллагын санхүүжилтын хуулийн дагуу тухайн
жилд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тухайн эмнэлэг
ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж олсон орлогоо эмнэлгийн хөрөнгө
оруулалт маягаар ашиглах, эмч албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх
боломжгүй. Тийм болохоор Төрийн өмчит улсын эмнэлэг гэсэн статустай болгох гэж
байгаа юм. Ингэхээр нэг талаасаа төсөвт байгууллага болохоор санхүүжилтээ авна.
Нөгөө талдаа үйл ажиллагааныхаа орлогоор өөрсдийн үйл ажиллагааг цаашид
сайжруулах бололцоотой. Ийм боломж бүрдэхээр хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй адил
бие дааж, өөрсдийн үйл ажиллагааг чанаржуулж өрсөлдөх боломж бүрдэх юм. Одоо
бол үнэндээ ганц цонхны шилээ ч сольж чадахгүй хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа
явагдаж байгаа тул чанартай сайн эмчилгээ үйлчилгээг бүрдүүлэх ямар ч боломжгүй
байна. Энэ асуудал шийдэгдсэн.

Тэгвэл нөгөөх нэг давуу тал нь эмнэлгийг Удирдах
зөвлөлтэй болгоно. Өнөөдөр сайд эмнэлгийн даргыг томилж байгаа бол эмнэлгийн
Удирдах зөвлөл удирдлагуудаа сонгохоор хуулийн төсөлд туссан.

-Эмнэлэг бүр дээр Удирдах зөвлөл байгуулагдах уу. Тэгээд
Удирдах зөвлөлөө яаж сонгох юм?

-Эмнэлэг тус бүрдээ Удирдах зөвлөлтэй байна. Энд
үйлчлүүлэгчийн төлөөлөл, эмнэлгийн албан хаагчдын төлөөлөл, өмч хариуцаж байгаа
буюу төрийн өмчийн холбогдох байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл буву
ИТХ-ын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй байх юм. Эмнэлгийн салбар
цаашид бие дааж явах бүтэц зохион байгуулалтаар хангахад энэ хуулийн чиг
хандлага оршино. Сайд эмнэлгийн даргыг томилохгүй болохоор сайдын шийдвэрийг
хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй болчихно. Сайд өөрөө улс
төрийн томилгооны хүн байдаг тул тэр хүний гаргасан шийдвэр улс төрийн шийдвэр
болж цаанаа буугаад байдаг юм.

Бид нэг хоёр эмнэлгийн дарга, эмийн санг өөрчилснөөр
асуудлыг шийдэж чадахгүй. Харин иймэрхүү эрх зүйн зохицуулалт хийж орчныг
өөрчилж байж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа харилцаа муутай байна,
эмнэлгийн үйлчилгээ муу байна гэдэг ярианаас гарна.

Мөн эмч нар нь давхар дээлтэй байх боломжийг хуулиар хасч
өгнө. Үдээс өмнө улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт эмч нарыг ажилладаг
гэдэг. Засаглалыг нь өөрчилж өгснөөр эмч нар тэгж чадахаа болино. Эмнэлэг ашигтай
ажиллах боломж бүрдээд ирэхээр эмчид улсын эмнэлэгтээ ажиллах уу, хувийн
эмнэлэгтээ ажиллах уу гэдэг сонголт үлдэнэ. Эцсийн бүлэгт эмнэлэг гэдэг
үйлчилгээний байгууллага гэдгийг тэнд тогтоож өгөх ёстой.

Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн талаар ярих уу.

-Болноо…

-Манайд чанартай, чанаргүй эм мөн хуурамч эмүүд орж ирдэг
гээд асуудал бий. Үүнийг эрх зүйн хувьд зохицуулалт хийж зөв зүйтэй болгохоор
сая батлагдсан журмаар өндөр өртөгтэй гадаад улсад үйлдвэрлэгдсэн эмийг шууд
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд эмчилгээнд ашиглах бололцоотой болсон.
Үүний хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн анагаахын шинжлэх ухааны орчин үеийн
элэгний С вирусын эм болон бусад эмүүдийг ашиглахаар боллоо. Нөгөөтэйгүүр
тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эм ханган нийлүүлэх байгууллагыг маш
нарийн эрх зүйн зохицуулалтаар шийдэж байгаа. Жишээлбэл гаднаас орж ирж буй
эмүүд дээр тавих хяналт сул байна. Нэг эм эмнэлэг тус бүр дээр өөр өөр үнэтэй
байдаг. Манайхан эмийг гаднаас цүнхэн дотроо нуугаад оруулж ирж байна л даа.
Үүнээс болоод иргэдийн дунд айдас бий болдог. Далд байгаа эмийн урсгалыг яаж ил
болгох вэ. Чанартай, чанаргүй, өөр өөр үнэтэй байгаад байгаа эмийг нэгдсэн үнэд
оруулах нь асуудал болоод байна. Тиймээс эрх зүйн зохицуулалтын хүрээнд эмийн
ерөнхий худалдан авалт гэдэг зүйлтэй болно.

Төрийн худалдан авалтыг зохион байгуулах эрх бүхий
байгууллага ерөнхий худалдан авалтыг хийнэ гэдэг нь эмийн зах зээл дээр хамгийн
их борлогддог эмийг ерөнхийд нь тэр байгууллага хийнэ. Энэ хүрээнд нийлүүлэгч
талтай тогтвортой байх хүрээнд гурван жилийн хугацаанд нийлүүлэхээр тусгасан.
Тэгж чадвал валютын ханшийн савлагаанд өртөхгүй. Дараа нь бүх эмнэлгүүдэд
тогтсон нэг үнээр нийлүүлэх юм. Эмнэлгүүд дээр цаашид хувийн эмийн сангууд
ажиллах бололцоогүй болно. Улсын эмнэлэгт зөвхөн улсын эмийн сан ажиллана.
Ингээд ирэхээр хувийн эмийн сангуудад өндөр үнээр зарагддаг эмүүдийн үнийн
түвшин тэр хэмжээнд тогтох боломжтой болно л доо. Ингэснээр эцэст нь
баталгаатай эмийг хамгийн хямд үнээр авах боломж иргэдэд бүрдэх юм. Тэгэхгүй
бол эмнэлгүүд дээр эмийг тойрсон сүлжээ гэх мэт асуудлууд байсаар байна. Миний
ярьсан бүхэн цоо шинэ зүйл биш. Шийлэгдамба гэдэг хүн ирээд хийчихээд байгаа юм
биш. Маш олон жил ярьж, хийх нь зүйтэй гэж явсаар ирсэн. Харамсалтай нь
өнөөдрийг хүртэл хийж чадаагүй явсан юм.

-Эрүүл мэндийн салбарт иймэрхүү зүйл явагдаж байгаа юм
байна. Харин спортын салбарын хувьд ямар бодлого барих вэ. Ирэх онд гэхэд
Рио-гийн олимп болох гэж байна?

-Спортыг мэргэжлийн спорт, нийтийн биеийн тамир гэсэн
хоёр төрөлд хөгжүүлэх зорилготой байгаа. Нийтийн биеийн тамир бол тэргүүлэх
чиглэл юм. Спортын салбарт өмнө нь хэрэгжүүлж ирсэн алхмаасаа ухарсан тал бий.
Тухайлбал, хоёр жилийн өмнө бүтэц нь өөрчлөгдөж биеийн тамирын асуудал Эрүүл
мэндийн яаманд харьяалагдаж байсан. Тэр үед яамны харьяа Улсын биеийн тамир
спортын хороо гэж байгаад хөдөө орон нутгийнхаа байгууллагуудыг босоо
удирдлагаар хангаж ажилласан. Дараа нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам
байгуулагдаж бүтэц өөрчлөгдөн агентлаг нь татан буугдаж хөдөө орон нутагт
спортын бодлого хэрэгжүүлдэг байсан бүтэц задарч соёл урлагийн бодлоготой
нэгтгэгдсэн. Хэвтээ удирдлагатай болоод ирэхээр орон нутгийн спортын
салбарынхан маш шүүмжлэлтэй хандсан. Харин Шийдлийн Засгийн газар байгуулагдаад
үүнийг өөрчилж спортын асуудал эргээд Эрүүл мэндийн яаманд харьяалагдах болсон
юм. Тиймээс өмнөх бүтцийг шууд хийх боломжгүй ч гэсэн аймгуудын спортын
хороодыг дахин өмнөх нэршлээр нь бий болгож зохион байгуулалтыг өөрчилсөн.
Спортын бодлого нь тусдаа явахаар өөрчлөлт орсон.

Төвөө удирдлага арга зүйгээр хангадаг байгууллага нь
Спорт бэлтгэлийн төв нэртэй байсан. Тэнд бодлогыг хэрэгжүүлдэг үйл ажиллагаа
алдагдсан тул Биеийн тамир спортын хөгжлийн төв болгон өөрчлөөд спортыг
хөгжүүлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлдэг бүтэцтэй болгосон.

-Тамирчдын витамин энэ тэрийн мөнгө шийдэгдэхгүй байна
гээд л тамирчид нь гомдол мэдүүлээд байдаг биз дээ?

-Спортын салбарт анхаарал татаж буй өөр нэг асуудал нь
2000 оноос хойш өмнө нь үзүүлж байгаагүй тусламж дэмжлэгийг тамирчдад үзүүлдэг
болсон. Томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж тамирчин, дасгалжуулагч, холбоодыг
урамшуулдаг боллоо. Төрөөс спортын салбарт үзүүлж буй том дэмжлэг мөн үү гэвэл
мөн.

Нөгөө талд нь сайны хажуугаар саар гэгчээр ямар
хүндрэлтэй асуудал үүссэн гэхээр хоорондын зөрчил хурцадсан. Үүний цаана мэдээж
мөнгө төгрөгтэй холбоотой асуудал хөндөгдөж эрх мэдлийн төлөөх ширүүхэн
тэмцлүүд эхэлсэн. Мөнгө тойрсон, бие биенийхээ эсрэг хандсан, цаг хугацаа
хэрүүл зарга болсон асуудал спортын нэлээд байгууллага дээр бий болоод байгаа.
Эцэст нь багш нь багш шиг, шавь нь шавь шиг юунд зүрх сэтгэлээ гаргасан юм,
түүндээ л зүрх сэтгэлээ гарга гэж байгаа юм. Мөнгөний хойноос өмнө нь гаргасан
амжилтыг нурааж, ард түмнээрээ хайрлагдсан нэрийг сэвтээдэг байдлыг спортын
салбараас ангид байлгах шаардлагатай. Спортын салбарыг хариуцсан сайдын хувьд
хариуцлагатай, сахилга баттай, эв нэгдэлтэй байлгаж байж Рио-гийн олимпод орох
ёстой гэж үзэж байна. 2015 онд ч гэсэн олимпийн эрх авах томоохон тэмцээн
уралдаан болох тул эв нэгдэлтэй байх ёстой. Зарим нэг спорт холбоодыг эс
тооцвол өмнө яригддаг байсан асуудал харьцангуй намжиж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Шугам сүлжээний зориулалтаар газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар инженерийн шугам сүлжээний зориулалтаар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д тус тус 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

  • Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4, 5 , 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 236911 метр квадрат газар
  • Солонго орон сууцны хорооллын ус хангамжийн шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20428 метр квадрат, ариутгах татуургын шугам сүлжээний трасст Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6711 метр квадрат газар

Дээрх инженерийн байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, газрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус чуулган зарлах байх

УИХ-ын
даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай ярилцлаа.

-УИХ-ын
ээлжит бус чуулган наймдугаар сарын 3-нд хуралдах уу гэдэг асуу­дал анхаарлын
төвд байна. Их хурлын дарга хаврын чуулганы хаалт дээр найм­дугаар сарын
гурванд ху­рал­­дах товтой байгаа гэд­гийг хэлсэн. Одоогоор албан ёсоор шийд
гарсан уу?

-УИХ-ын
ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх асуудал нь хуулиараа УИХ-ын даргын бүрэн
эрхийн асуудал байдаг. Хэрэв ээлжит бус чуулган хуралдана гэвэл УИХ-ын дарга
тусгайлан хэлэлцэх асуудлын дараалал бүхий захирамжийг гаргах ёстой. УИХ-ын
дарга хаврын чуулганы хуралдаан дээр хоёр зүйлийг тодотгож хэлсэн. Нэгдүгээрт,
Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн тухай
хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг онцгой ач холбогдол бүхий хуулиуд батлагдаж
амжсангүй. Тиймээс эдгээр хуулийг зайлшгүй, яаралтай батлах шаардлагатай. Нөгөө
талаас хоёр намын хамтарсан Шийдлийн Засгийн газарт анх ороход байгуулсан
гэрээний биелэлтийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг дүгнээд
хангалтгүй гэж үзсэн. МАН Засгийн газраас гарахад бэлэн гэдгээ албан ёсоор
мэдэгдсэн. Тиймээс үүнийг шийдэх нь зүйтэй гэдэг утгаар наймдугаар сарын 3-нд
ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг зарласан. Ээлжит бус чуулганаар
хэлэл­цэгдэж амжаагүй дээрх хуулиуд болон МАН-ын зур­гаан сайдыг чөлөөлж, орны
хүмүүсийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс наймдугаар сарын 3-нд
ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн.

Хоёрдугаарт,
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай Ажлын хэсэг ажлаа
хийж дууссан гэж үзсэн тул ээлжит чуулган эхлэхээс өмнө тусгайлан ес­дүгээр
сард ээлжит бус чуул­ган зарлан хуралдуулж хэлэл­цүүлэхээр төлөвлөж бай­на
гэдгийг мессэж болгон өгсөн.

-Их хурлын
дарга захирамжаа гаргасан юм уу?

-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) УИХ-ын дарга ээлжит бус
чуулган зарлан хуралдуулах захирамжаа гаргаагүй байна. Би хувьдаа наймдугаар
сарын 3-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах байх гэж ойлгож байгаа. УИХ-ын
дарга хаврын чуулганы хаалтан дээр нэгэнт тэгээд хэлчихсэн болохоор ээлжит бус
чуулган орох байх. Харин МАН-аас есдүгээр сард нэг мөсөн ээлжит бус чуулганаа
хийе гэдэг санал тавьж байгаа сураг сонссон. УИХ-ын дарга үүнийг хэрхэн хүлээж
авахыг мэдэхгүй байна. З.Энхболд дарга хаврын чуулганы хаалт дээр үг хэлэхдээ
ээлжит бус чуулган хуралдуулна гээд хүлээлт үүсгэчихсэн тул ээлжит бус
чуулганыг зарлах байх.

-Ээлжит бус чуулган хуралдах үгүй нь хэзээ тодорхой болох
юм бэ?

-УИХ-ын дарга энэ сарын 24-26-ны хооронд Өвөрхангай
аймагт болох Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн арга
хэмжээнд албан ёсоор оролцоно. Тэнд оролцоод ирэх долоо хоногийн даваа гаригт ирнэ.
Үүний дараа л асуудал тодорхой болно.

-Их хурлын дарга ээлжит чуулган хуралдуулах үгүйг шийднэ
гэлээ. Гэхдээ сүүлийн үед дийлэнх гишүүд есдүгээр сард ээлжит бус чуулганаа
хийе гэсэн санал өгсөн гэх юм. Энэ нөхцөлд яаж шийдэх ёстой вэ. Хуульдаа юу гэж
туссан бол?

-Ээлжит бус чуулганыг зарлах бүрэн эрх нь УИХ-ын даргад
байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд юу ярих нь огт хамаагүй. Хууль бол хууль.
УИХ-ын гишүүд санал гаргаж болох ч бүрэн эрх нь УИХ-ын даргад байгаа. УИХ-ын
гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах уу, үгүй юу гэж кноп дардаг бол гишүүдэд
эрх мэдэл нь байнаа гэж ойлгоно. Одоо захирамж гарсан л бол УИХ-ын гишүүд ямар
ч саадгүй ажлаа хийх л ёстой.

Ээлжит бус чуулганыг зарласан тохиолдолд гишүүд ирдгээрээ
ирнэ. Одоо бол хэлэлцэх асуудал нь ойлгомжтой байгаа. Засгийн газрын энэ
асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Засаглалын асуудалтай холбоотой зүйлсийг
эргэлзээтэй маягаар байлгаад байвал олон асуудалд эрсдэл үүсгэдэг. Өнөөдөр
яамдуудын ажил хийгдэхгүй байгаа, ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс нь яаж байгаа
бол. Бидний үед мэдэгддэг л байсан. Тухайн үед биднийг гар гээд янз бүрийн зүйл
болж байлаа. Сайд удахгүй явах юм чинь гээд ажил хийх хүнгүй болж асуудал
цаашаа явдаг. Үүн дээр туйлбартай, богино хугацаанд асуудлаа шийдээд явах
хэрэгтэй. Энэ чинь зарчмын асуудал байхгүй юу.

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь намын бүлгийн
дарга нар болон, намын дарга нарыг дуудаж уулзахдаа засаг тогтвортой байх
ёстой. Ерөнхий сайд асуудлыг гартаа ав гэсэн. Харин Ерөнхий сайд зургаан сайдаа
огцруулахаар өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нөхцөлд яах ёстой вэ?

-Монгол төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийг илэрхийлэгч
хүний хувьд Ерөнхийлөгчийн байр суурь зөв л дөө. Би ингэж л ойлгож байгаа.
Гэхдээ Ерөнхий сайд бүх асуудлыг гартаа ав гэдэг хууль байхгүй. Монгол чинь парламентын
засаглалтай орон. Одоо Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтөөр чинь
Ерөнхий сайдад эрх өгнө гэж байгаа. Өнөөдрийн нөхцөлд одоо байгаа хуулиараа л
явна. Монгол Улс парламентын засаглалтай. Тиймээс энэ парламент дээр бүх
асуудал шийдэгдэнэ. Тогтвортой байдлыг алдагдуулах гээд Их хурлын дарга
асуудалд хандаад байгаа юм биш. Харин ч тогтвортой байдлыг бий болгохын тулд
яаравчилж байна. Нэгэнт намуудын болон бүлгүүдийн шийдвэр гарчихаад байхад үгүй
гээд байвал юу болох уу.

-Харин юу болох бол?

-Юу ч болж мэднэ. Парламентын хямрал руу ч чирээд орж
магадгүй. Ерөнхий сайд зургаан сайдаа өргөн барих эсэх нь өөрийнх нь асуудал.
Гэсэн ч энэ нь зарчмын хувьд асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Ерөнхий сайд
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон. Ерөнхий сайд чинь улс төрийн томилгооны
хүн. Ерөнхий сайдыг дэвшүүлэгч анхны үндэс нь нөгөө л Ардчилсан нам байхгүй юу.
Одоо Ерөнхий сайдын асуудал ярилаа гэхэд нам л ярихаас биш хэн нэгэн хүн болно
гээд болчихдог юм биш. Ерөнхий сайд үүнийг ойлгож байгаа гэж бодож байгаа. Энэ
бол намын шийдвэр, өөрөө энэ намын хүн. Ерөнхий сайд гэдэг бол Ерөнхийлөгчтэй
адил намаас түтгэлздэггүй болохоор Ардчилсан намын л гишүүн.

Ч.Сайханбилэг сайд намын гишүүний батлахаа өвөртлөөд явж
байнаа гэдэг чинь намын шийдвэрээ даганаа гэсэн үг. Манайхан ҮЗХ-ны шийдвэр
гараагүй гэх гээд байдаг. Үнэндээ Шийдлийн Засгийн газар байгуулах, Ерөнхий
сайдаар Ч.Сайханбилэгийг томилох, дараа нь ямар нэгэн асуудал гарахад шийдэх
бүх эрхийг нь Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн. Тиймээс эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх
зөвлөл гаргадаг.

МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргалаа ч гэсэн
засгийн тогтвортой байдал алдагдахгүй. Харин бие биетэйгээ сөргөлдсөн, нам
дотор мөргөлдөөн бий болгох ийм байдал руу түлхээд оруулчихвал харин ч Засгийн
газрын тогтворгүй байдал бий болно. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газрыг огцруулах
асуудлыг Их хурлын гишүүд яриад эхэлбэл яах вэ. Тиймээс АН-ын шийдвэр, бүлгийн
шийдвэрээ шууд хэрэгжүүлээд зургаан сайдыг нь нөхөж томилоод яваасай. Харин
эвсэх гэж байгаа “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид ч гэдэг юм уу тэр
хүмүүстэйгээ цаашид хамтарч ажиллах ажлаа их сайн хийсэн байх ёстой.

-Өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан
хүний хувьд эвслийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудал дээр
ямар байр суурьтай байгаа вэ. Хувь хүний байр суурийг сонсмоор байна?

-Яривал олон юм бий. Ний нуугүй хэлэхэд 2008-2012 онд
АН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажилласан. Тэр үед Засгийн газарт орсон
зургаан сайд, тэр үед ажиллаж байсан парламент, өнөөдрийн хамтарсан Засгийн газар,
парламент хоёр тэнгэр газар шиг ялгаатай.

-Яг юугаараа ялгаатай байна гэж?

-2008-2012 онд УИХ нь Засгийн газраа маш тууштай дэмжиж
ажилладаг байлаа. Түүнчлэн Засгийн газарт орж ажилласан АН-ын зургаан сайд
үнэхээр сайн ажиллаж чадсан. Манай сайд нар үнэхээр том том ажлуудын ард
гарсан. Засгийн газар дээрээ зөрчил байсан ч гэсэн гадна талдаа ямар нэгэн
зөрчил байгаагүй. Бие биенийгээ маш их дэмжиж ажилласан.

Өнөөдөр олонх болоод байгаа АН-ын бодлого шийдвэрийг
хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал дээр хамтарч байгаа МАН-ын гишүүд дэмжлэг
үзүүлэх биш харин ч эсрэгээрээ ажиллаад байна. Надад тэгж ойлгогдож байгаа.
Өнгөрсөн дөрвөн жил Засгийн газрын эсрэг ямар нэгэн бодлогын үйл ажиллагаа
явуулж байгаагүй шүү дээ. Аль болохоор уулзаж, ярьж зөвшилцдөг байлаа. Тэгж
зөвшилцдөг байсан болохоор асуудлыг маш сайн шийддэг байсан. Гэтэл өнөөдөр
МАН-ын Засгийн газрын гишүүд нь орон нутагт очоод АН-ынхаа парламент, Засгийн
газрын гишүүдийг муулаад явж байна. Үүнийг яаж хамтарч байна гэж хэлэх юм. Энэ
нь байдлыг улам хүндрүүлээд байна уу даа гэж улс төрчийн хувиар харж байна даа.
Тиймээс АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг хүлээн
зөвшөөрч байгаа. Цаашид ингэж яваад нэмэргүй. Одоогийн байгаа энэ нөхцөл бол
хамтарсан биш харин ч хэн хэндээ саад учруулсан, асуудлыг хүнд байдалд орох
тийм зам руу явах гээд байна.


Categories
мэдээ спорт

Хагас шигшээд өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Сонирхогчдын УАШТ-ий хагас шигшээн эрхийн төлөөх тоглолтууд эхэллээ.

Өмнөх шатандаа “Хас FC” 10:1 харьцаатай илүүрхэн ялаад байсан “Хилчин” баг энэ удаа “Шарын Гол” багтай таарч улмаар үндсэн цагт 3:2 харьцаатай ялсанаар хагас шигшээн эрхийг хамгийн түрүүнд авлаа. Харин энэ өдрийн сүүлийн тоглолт “Арвис” Континенталь гэсэн хүч тэнцүү багуудын сонирхолтой тоглолтоор үргэлжиллээ. Энэ тоглолтонд талбайн шүүгч гурван ч удаа торгуулын цохилтыг заасан бөгөөд улмаар 3 : 1 харьцаатай “Арвис” баг өрсөлдөгчөө ялж хагас шигшээд “Хилчин” багтай учрахаар оноолт таарлаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өтгөн хатах нь хөгшрөлтийг түргэсгэдэг

Өтгөн байнга эсвэл давтамжтай хатахаас сэргийлэхийн тулд таныг хоол, хүнсээ сонгохдоо анхаарахыг зөвлөж байна. Биед хуримтлагдсан хорт бодисууд хугацаандаа гарахгүй дотор эрхтэнд хямрал үүсгэх нь арьсыг гэмтээж хөгшрөлтийг түргэсгэдэг аж. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүн бүр өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та өглөөний цай, ундаа тогтмол ууж байх хэрэгтэй аж. Өлөн элгэн дээрээ хар чавганы ханд, зөгийн балтай буцалсан ус зэргийг хэрэглэвэл нэн сайн гэж эмч нар зөвлөдөг. Энэ нь өтгөнийг саадгүй гадагшлуулахад тустай байдаг гэнэ. Өтгөн хатахаас сэргийлж хоолны дэглэм сахих нь буруу зүйл биш аж. Харин дэглэм барихдаа голцуу ногоо, жимс, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Дэглэм барьдаггүй хэн боловч мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, цайны жигнэмэг, ногооны зууш идэх нь өтгөн хаталтаас айх аюулгүй болгодог гэнэ.

Ер нь өтгөн хатахаас сэргийлэх хамгийн шалгарсан арга бол дасгал хийх. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах нь хэвлийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна. Мөн иллэг ч хийх боломжтой. Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан өдөрт хэд хэдэн удаа иллэг хийх нь тохиромжтой байдаг ажээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Унгарын Элчин сайдтай уулзжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадаритыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Акош Мадаритыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээсэнд баяртай буйгаа илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгааг тэмдэглээд, айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжин ажиллаж байна гэлээ.

Унгар Улсын Элчин сайд ноён Акош Мадарит, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Унгар, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Элчин сайдын яамны зүгээс урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөөд байгааг мөн танилцуулав. Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чармайн ажиллах болно. Бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах бөгөөд үйлдвэрлэл, техник, технологийн салбар тэргүүтэй уламжлалт хамтын ажиллагааг идэхжүүлэх сонирхолтой байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Улаанбаатар хотноо 07 дугаар сарын 29-30-нд болох Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын арга хэмжээнд Унгар Улсын парламентын дэд дарга Др.Янош Латорцаи, Унгарын парламент дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн гишүүн оролцох болсонд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хуралд Монгол-Унгарын парламентын бүлэг ажилладаг бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан даргаар нь ажилладаг болохыг танилцууллаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотноо ирэх 09 дүгээр сард болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралдаанд унгарын талаас төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.