Categories
мэдээ нийгэм

102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барина

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих тухай” А/621 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр барих Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барихаар боллоо.

Батлагдсан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэжНийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Зуун жилийн өмнөх Даншиг наадмыг сэргээнэ

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм. Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмыг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ болох бөгөөд наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна.

Наадмын үеэр жуулчдад зориулсан Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.

Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.

Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Tөрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар энэхүү түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” А/624 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь “Хүннү” Экспедицийн үйл хэрэгт нэгдлээ

Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь өчигдөр Монгол улсаа дэлхий дахинд сурталчилахаар зориг шулуудан ажил хэргээ өрнүүлэн явж буй “Хүннү” Экспедицийн хамт олныг хүлээн авч уулзлаа.

Олон зуун жилийн гадаад харилцааны түүхтэй Монгол улсын дипломат албыг олон үеэрээ түүчээлэн яваа дэд сайдын хувьд тус аялал эцэг өвгөдийн түүхийг сэргээн санасан, өв уламжлалаа батлан харуулах боломжийг нээсэн түүхэн уулзалт болов. Энэхүү уулзалтын үеэр аялалтай холбоотой олон санал зөвлөмжийг дэд сайдын зүгээс өгсөн ба визний асуудал, гадаадад Монгол орноо төлөөлөн суугаа элчин сайдын яамдууд, холбогдох дипломат албаны төлөөлөгчдийн газруудад аялалтай холбоотой мэдээлэл өгөн яамны зүгээс шаардагдах бүхий л зүйлс дээр бүх талаар онцгой анхаарч дэмжин, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь: “Санаа зөв бол бодол зөв болдог, бодол нь зөв хүмүүсийн үйлдэл зөв байдаг. Тиймээс та бүхний аяллын санаа зөв учир гарах үр дүн сайн сайхан байх болно гэдэгт итгэж байна” хэмээн амжилт хүсэв.

Categories
мэдээ спорт

Уралдааны нээлт “Дүнжингарав”-ын урд талбайд болно

-Энэ жилийн олон өдрийн уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ-

Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдааны нээлт маргааш 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр болно. Тэмцээн 11.00 цагаас эхлэх юм.

Тамирчид Улаанбаатар – Налайх – Багануур – Зуунмод – Улаанбаатар гэсэн маршрутаар 8 этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийх юм. Энэ удаагийн олон өдрийн уралдаан 8 өдрийн тэмцээнээс бүрдэх ба нийт 610 км замыг туулж уралдана. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдох “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээнд 11 багийн 42 тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монголын олон өдрийн тэмцээн анх 1965 онд зохиогдож 1964 оны Токиогийн олимпийн наадамд Монголын дугуйчдаас анх оролцсон ОУХМ Я.Баатар ялагч болж байжээ. Үүнээс хойш 1970-79 онуудад тогтмол зохиогдож байгаад удаан хугацаагаар 22 жил завсарласаны эцэст 2001 оноос дахин явагдах болж 3 жил дараалан Монгол улсын гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших түрүүлж байсан юм. Мөн ОУХМ Ш.Жамбал, спортын мастеер Г.Ганболд нар мөн 3 удаа түрүүлж байжээ.

Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ ялагчаар тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайн даншигийн эрлийз морьдын уралдаан эхэллээ

Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадам өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр хөтөлбөр ёсоор наадмын эрлийз морьдын уралдаан болж байна. Харин наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш болно.

Баторшил өргөх даншиг наадмын эрлийз бага насны морьд барианд орлоо. Бага насанд дараах морьд айргийн тавд хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

  1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач М.Гансүхийн хар морь. Угшил Англи гаралтай эрлийз морь.
  2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, аймгийн алдарт уяач У.Пүрэвбаатарын бор халзан. Улсад түрүү авч байсан. Унаач хүүхэд Б.Буяндэлгэр.
  3. Төв аймгийн Богд сумын харьяат Б.Баттүвшингийн сартай хээр морь. Унаач хүүхэд Г.Сүхбат.
  4. Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Г.Доржалтангэрэлийн сартай зээрд морь. Унаач хүүхэд Г.Отгонбаяр.
  5. Төв аймгийн Аргалант сумын харьяат, аймгийн алдарт уяач, улсын заан Д.Амгаланбаатарын бор морь. Унаач хүүхэд Н.Амарбаясгалан.

НААДМЫН ХӨТӨЛБӨР:

7 дугаар сарын 24. Баасан гариг

  • 10.00-13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан
  • 13.00-16.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 16.00-20.00 Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
  • 20.00-22.00 Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн

7 дугаар сарын 25. Бямба гариг

  • 07.00-10.00 Азарганы уралдаан
  • 10.00-20.00 Даншиг наадмын сурын харваа
  • 11.00-12.30 Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/
  • 12.30-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.00-16.00 Их насны морьдын уралдаан
  • 16.00-18.00 Шүдлэн насны морьдын уралдаан
  • 17.00-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 18.00-20.00 Дааган насны морьдын уралдаан
  • 21.00-24.00 “Өндөр гэгээн-380” урлагийн тоглолт, ёслолын буудлага

7 дугаар сарын 26. Ням гариг

  • 07.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан
  • 10.00-13.00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 10.00-16.00 Сурын харваа
  • 11.00-14.00 Хязаалан насны морьдын уралдаан
  • 14.00-16.00 Хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа
  • 16.00-17.00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах
  • 17.00-19.00 Хүчит бөхийн барилдааны долоо, найм, есийн даваа
  • 19.00-20.00 Даншиг наадмын хаалтын арга хэмжээ
Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна

Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд долдугаар сарын 16-наас 28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Ирэх амралтын өдрүүдэд ямар үзвэр байгаа талаар мэдээллийг хүргэж байна. Энэ өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 52 дахь улирлын сүүлийн үзвэрүүд болох юм байна. Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Монголын цорын ганц театр нь ДБЭТ билээ. Тус театрын уран бүтээлчид өчигдөр “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд 52 дахь улирлын хаалтын тоглолтууд болох гэж байна.

“Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг ирэх бямба гаригт буюу долдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас тоглоно. Харин ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хөшгөө хаах гэж байна.

52 дахь улирлын хаалтын тоглолт болох “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа бүжиглэж, симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.

Д.Нацагдоржийн алдарт бүтээлийг балетын цомнол болгон хөрвүүлж дэлгэсэн хүн нь Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Б.Жамъяндагва. Энэ балет 1987 оноос хойш Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж байгаа юм.

Үзэгч та бүхэн ирэх амралтын өдрүүдэд театрт ирж, “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг бямбын 17.00 цагаас, “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг ням гаригийн 17.00 цагаас театрт үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл сумыг ”Алтангадас” одонгоор шагнажээ

Тосонцэнгэл сум нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван, Баатар Бейс нарын хошуу байсан бөгөөд 1923 онд халх 4 аймаг, шавь хамжлагын хуучин нэрийг өөрчилж, газар усны нэрээр нэрлэх болсон тухай жагсаалтад Далай Чойнхор вангийн хошууг Чандмана Өлзийт далайн хошуу, Баатар Бейс хошууг Сэвжид гацал уулын хошуу хэмээн нэрлэж Цэцэрлэг Мандалын аймагт харъяалуулснаар үүссэн түүхтэй.

Улмаар улсын VI бага хурлын 1931.01.09-ны өдрийн тогтоолоор Архангай аймгийн Наран, Тосонцэнгэл сум хэмээн нэрлэгдэж Идэр голын урд, хойд талаар хуваарилагдан тус бүр 9 багтай зохион байгуулагдан наран сумын харц ард Магсарын Шагдар, Тосонцэнгэл сумын даргаар Минжүүрийн Рэнцэн нар сонгогдож байсан байна.

Наран, Тосонцэнгэл сум 1942 онд засаг захиргааны зохион байгуулалтаар Архангай аймгаас Завхан аймгийн харъяанд шилжсэн.

Наран, Тосонцэнгэл сумыг 1960 онд нэгтгэн Тосонцэнгэл хэмээн нэрлэжээ.

1963.08.23-нд МБК-ыг барьж байгуулан ашиглалтад өгснөөр Тосонцэнгэл сумыг аймгийн харъяалалтай хот болгож, 1967 оны 4 сарын 30-ны өдрийн БНМАУ-ын Ардын их хурлын 72 дугаар зарлигаар Булнай сумыг Сүхбаатарч нэгдэл болгон салгаж зохион байгуулсан.

1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу Тосонцэнгэл хот, Булнай сумыг нэгтгэн “Булнай сум” гэсэн статустай болгон нэрлэж байсныг ард иргэдийн хүсэлтээр УИХ-ын 1999 оны 04 сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Завхан аймгийн Булнай сумын нэрийг Тосонцэнгэл, оршин буй төвийг Шумуултай “ гэж өөрчлөн нэрлэсэн.

Тосонцэнгэл сум нь Тарвагатай, Булнай нурууны салбар өндөр уулын бүсэд далайн түвшинээс дээш 1900 гаруй метрийн өндөр өргөгдсөн 530 мянган га нутаг дэвсгэртэй, баруун урд баруун талаараа өөрийн аймгийн Тэлмэн,Идэр, Отгон, зүүн талаараа Их-уул, хойт талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумтай, урд талаараа Архангай аймгийн Цахир сумтай хиллэн оршдог.

Улмаар эдийн засгийн хувьд 21 аймгийн 330 гаруй сумдаас дэд бүтцээрээ эхний гуравт жагсдаг юм байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын үйл ажиллагааг үнэлж, “Алтангадас” одонгоор шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнхийн хөшөөг 300 сая төгрөгөөр босголоо

ХХ зууны манлай бөх, Их аварга Хорлоогийн Баянмөнхийн хүрэл хөшөөг төрж өссөн Увс аймгийнх нь төв Улаангом хотын спортын ордны урд талбайд сүндэрлүүлжээ.

Уг хөшөөг 300 сая төгрөгөөр бүтээсэн байна.

Хөшөөний суурь нь дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй, суурийг далайн шуурга салхи мэт дүрсэлсэн байх аж.

Энэ нь олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь бэлэгджээ.