Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт шөнийн цагаар зам хаана

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзвар замд борооны ус зайлуулах сувгийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зөвхөн шөнийн цагаар буюу 22:00 цагаас 06:00 цаг хүртэл тэмдэглэгээт замуудыг хэсэгчлэн хаах ажээ.

Энэ хугацаанд засварын ажил явагдах тул жолооч нарыг тухайн уулзвар замаар зорчих үедээ зурагт үзүүлснээр хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулав.

  • 2015 оны 07 сарын 24-ний 22:00 цагаас 06:00 цаг хүртэл хаагдах хэсэг

  • 2015 оны 07 сарын 26-ны 22:00 цагаас 06:00 цаг хүртэл хаагдах хэсэг

Categories
мэдээ спорт

“Увс хурд”-д Галбаатарын хар азарга түрүүлжээ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо.

Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Галбаатарын хар азарга түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын уяач Анхбаярын хүрэн аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын уяач Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн уяач Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн уяач Анхбаярын буурал азарга айрагдаж уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хятадад ял эдэлж буй монголчуудыг эргэжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт Бээжин хотод болжээ.

Уулзалтад Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, БНХАУ-ын хоорондын гэрээ” болон “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагааны талаар санал солилцож яамдын шууд харилцааг идэвхжүүлэн цаашид улам хурдацтай болгох техникийн чанартай найман асуудлыг шийдвэрлэж протокол байгуулсан байна.

Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Хятадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

40 газрыг урт автобусанд зориулж засчээ

Урт автобусыг ирэх сард явуулахаар болсонтой холбогдуулан 40 газрыг засч, янзалжээ. Уг автобусыг Монголд оруулж ирсэн байгаа юм. Наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд урт автобусыг явуулахаар болсон. 21 метр урттай уг автобусыг нийслэлд явуулахад зарим зам, тойргийг янзлах шаардлагатай хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж бүрэн чөлөөлсөн гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр өглөө.

Урт автобусыг төв зам дагуу буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл явуулахаар болсон. Иймээс энэ зам дагуу 40 байршлыг засч дуусчээ. Ингээд ирэх сарын 15-наас урт автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна.

Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг юм байна. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тендерийн ажил олж өгнө гэж залилжээ

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажил үргэлжилж байгаа билээ. Гэтэл үүгээр далимдуулан зарим иргэд “Эдгээр барилгыг буулгах ажлын тендерийг олж өгнө” хэмээн залилан хийх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Иймээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сэрэмжлүүлэг мэдээг гаргалаа.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хариуцан, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд тухайн барилгыг буулгах, барих ажлыг цогц байдлаар төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компани л гүйцэтгэнэ гэдгийг санууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Хан Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хийж байгаа юм. Эдгээр газарт 11 компани хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хариуцан ажиллаж байна.

Тиймээс иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулгах ажлын тендер олж өгнө” гэх мэдээлэл бол хуурамч гэдгийг ялгаж салгах хэрэгтэй аж. Хэрвээ ийм байдлаар залилуулсан иргэд байвал цагдаагийн байгууллагад хандахыг санууллаа.

Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн хуучин барилгыг буулгаж, барих ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нэг цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг буулгах ажлын тендер шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баянмөнх аваргад шавь нар нь алтан аяга бэлэглэв

Монгол бөхийн их
баярыг Увс аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын дархан аварга, XX
зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр ёслол
төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үеэр дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын
аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Д.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд
Б.Гантогтох, заан Б.Бумбаяр тэргүүтэй “Шонхор” клубийн хамт олон багшдаа
хүндэтгэл үзүүлж алтан аяга бэлэглэлээ. Дархан аварга А.Сүхбат “ Монголын
баруун хязгаарт Монгол бөхийн их баяр тохиож байна. Бид бүхнийг 15, 16 настай
хүүхэд байхаас аав, ээжийг минь орлож алган дээрээ авч явж өдий зэрэгт хүртэл
өсгөж хүмүүжүүлж, өнөөдрийн энэ алдрын оргилд хүргэсэн тандаа туйлаас баярлаж
явдаг. Дэлхийн их бөх төдийгүй сурган хүмүүжүүлэх ухааны доктор багш минь
чамгүй их зүйлийг хийж бүтээсэн. Цаашид ч хийж болно. Багш минь та урт удаан
наслаарай” гэв. Улсын аварга С.Мөнхбат ”Буянтай буурал аваргаараа бид бүхэн
үргэлж бахархаж хүндэлж явдаг. Эрүүл энх байж урт удаан наслаж хайр энэрэлээ
түгээж, ухаант үгсээ харамгүй хэлж байгаарай гэж тандаа хүсэн ерөөе. Нутгийнхаа
ард түмний өмнө тандаа хайртай шүү гэж хэлмээр байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн ААН махан бүтээгдэхүүн экспортолно

Монголын есөн аж ахуйн нэгж мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхээ авчээ.

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт зэргийн талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч С.Нямдорж өнөөдөр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улс ОХУ-д 2000 гаруй тонн, БНХАУ-д 780 тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Энэ сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм. Ийнхүү тус улсад мах экспортлох аж ахуйн нэгжүүдийн уулзалт өнөөдөр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Суданыг зорих мотобуудлагынхан тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн зориулалтын командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ОБЕГ-ын дарга, хурандаа Г.Ариунбуян болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн хурандаа Б.Баатар ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хөгжим бүжгээс Чингис зочид буудал хүрэх замыг хаана

Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд маргаашийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл засвар арчлалтын ажил хийнэ. Энэ хугацаанд зам хаагдах учраас бусад замыг сонгож, зорчихыг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

100 гаруй жолоочийн эрхийг түдгэлзүүлжээ

Хот хоорондын нийтийн тээвэрт явахдаа удаа дараа хурд хэтрүүлсэн 100 гаруй жолоочийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлжээ. Орон нутгийг зорих тээврийн автобусанд GPS суулган бүрэн хянадаг болсон билээ. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь түдгэлзүүлжээ.

Харин удаа дараа зөрчил гаргасан 17 жолоочид замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хассан байна.

Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Үүнээс үүдэн Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна.