Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх зураглалыг тохиролцсон

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарьтай ярилцлаа.

-Уфад болсон Монгол, Орос, Хятад гурван орны төрийн
тэргүүнүүдийн уулзалтын тухай яриа намжаагүй байна. Уг уулзалтын үеэр яг ямар
гол асуудлуудыг шийдсэн бэ. Ерөнхийдөө бол эдийн засгийн коридор байгуулах
саналыг талууд дэмжсэн гэсэн?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын
9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн
тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдаан болон БРИКС, Евразийн эдийн засгийн
холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын
хамтарсан уулзалтад ажиглагч орны төрийн тэргүүний хувьд оролцсон.

Энэ удаагийн гурван талт уулзалтын үеэр гурван улсын
төрийн тэргүүн нар Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд
хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг тохиролцсон тухайгаа хэлсэн үгэндээ
нотолж, гурван талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх баримт
бичгүүдэд гарын үсэг зурагдсан нь уг дээд түвшний уулзалтын гол үр дүн болсон.
Тухайлбал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах
хөтөлбөр боловсруулах тухай санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд
худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай
Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын
Холбооны гаалийн алба хоорондын санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Хилийн
боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий
газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийг тохижуулах алба хоорондын
ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээврийн гаалийн
бүрдүүлэлтийг хялбаршуулах чухал ач холбогдолтой юм.

-Манай орноор дамжих транзит тээврийн асуудал хэрхэн
шийдэгдсэн бол. Зам дагаж хөгжил гэдэг утгаараа авто замын болон төмөр замын
асуудал олны анхаарал татсан сэдвийн нэг хэвээр байна?

-Бид гурван талын тээврийн салбарын хамтын ажиллагааг
“Талын зам”, “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транс-Евразийн коридор” зэрэг
гурван талын санаачлагын хүрээнд уялдуулж, өргөжүүлэн хөгжүүлэхээр санал
нэгдсэн. Мөн Монгол, Орос, Хятадын хамтарсан тээвэр-логистикийн компани
байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх бодит ажлыг ойрын хугацаанд
хэрэгжүүлэх шаардлагатайг гурван улсын төрийн тэргүүн нар Уфад болсон уулзалтын
үеэр тэмдэглэсэн байгаа.

-Уг уулзалтын үеэр Монголын талаас ямар ямар саналуудыг
тавьсан бэ. Хөрш орнуудын төрийн тэргүүнүүд хэрхэн хүлээж авсан бол?

-Гурван талт уулзалтын үеэр Монголын тал гурван улсын
хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн
техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг
бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавьсан. Манай түнш
улсууд манай саналыг судлан үзнэ гэж найдаж байгаа. Мөн байгалийн хий, газрын тос
дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, Монгол
Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан
эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах
чиглэлд хамтран ажиллах талд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн Монголын уул
уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос,
Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон
асуудлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг манай талаас
илэрхийлсэн.

-Уфа-гийн уулзалтын өмнө гурван орны Гадаад хэргийн дэд
сайд нарын уулзалт болсон. Манай зүгээс тавьсан саналууд саяын уулзалтаар хэдэн
хувь нь биелэлээ олсон бэ?

-Уфагийн дээд түвшний уулзалтын өмнө буюу энэ оны зургадугаар
сард гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний уулзалт Москва хотноо
болсон. Энэ удаагийн уулзалтаар гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь
удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах, энэ үеэр байгуулах Монгол Улс, ОХУ,
БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, гурван
улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулах тухай Санамж
бичиг болон хил, гаалийн салбарын хоёр баримт бичгийг тохиролцсон. Үндсэндээ
гурван талт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна.

-ШХАБ болон БРИКС-ийн уулзалтын үр дүнг та хэрхэн
тодорхойлох вэ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг өндөр ашиг сонирхол бүхий
орнууд бүгд өөрсдөдөө ашигтай хувилбарыг нэрлэсэн байх?

-ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн
энэ удаагийн хуралдааныг анх удаа БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын
уулзалттай хамтатган зохион байгуулснаар онцлог болсон. Энэхүү дээд хэмжээний
уулзалтууд нь дэлхийн хүчний тэнцэл өөрчлөгдөх эхлэлийг тавьж, олон улсын
харилцаанд шинэ нөхцөл байдал үүсгэх магадлалтай чухал үйл явдал боллоо гэж
олон улсын судлаачид мөн үзэж байгаа.

БРИКС-ийн орнуудын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын
дүнд Уфагийн тунхаглал, Эдийн засгийн түншлэлийн стратеги, үйл ажиллагааны
төлөвлөгөө зэрэг чухал баримт бичгүүдийг тус бүлгийн гишүүн орнуудын төрийн
тэргүүн нар баталж, БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах эхлэлийг тавьсан
чухал уулзалт болсон гэхэд болно.

-Зарим орнууд ШХАБ-ын гишүүн орон болох нөхцөл бүрдсэн гэж
дуулсан?

-ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн
хуралдааны үеэр 15 жилийн хугацаанд анх удаа бүл нэмж, Энэтхэг, Пакистан улсыг
эгнээндээ элсүүлэх үйл явцыг эхлүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн
Беларусь улсын статусыг ажиглагч болгон ахиулж, Армени, Азербайжан, Камбож,
Балба улс яриа хэлэлцээний түнш орнууд боллоо. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын
гол үр дүн нь ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн ойрын 10 жилийн чиг хандлагыг
тодорхойлох “2025 он хүртэлх хөгжлийн стратеги”, Дэлхийн хоёрдугаар дайны
ялалтын 70 жилийн ойн мэдэгдэл болон Уфагийн мэдэгдэл байлаа.

-Удахгүй Монгол Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25
жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд гадны төлөөлөгчид ирэх сураг байна.
Ямар асуудлуудын хүрээнд хуралдах бол?

-Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд үлэмж
нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол манай улсын ардчилсан үзэл санаа, хүний эрх,
эрх чөлөөний үнэт зүйл, суурь зарчмыг богино хугацаанд нийгэмдээ амжилттай
нэвтрүүлсэн явдал.

Тиймээс энэ талаар түлхүү яригдана. Мөн Монгол Улс
ардчиллын ногоон арал болж, ардчиллын үнэт зүйлсийг дээдлэн хөгжүүлж байгаа гэж
гадныхан хүлээж авдаг. Тиймээс энэ нь биднийг гуравдагч хөршүүдтэй холбож буй
чухал холбоос мөнөөсөө мөн. Энэ тухай ч хэлэлцэнэ.

Энэ үеэр Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль
явуулсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойг долдугаар сарын 29-30-нд улс орон
даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
захирамж гарсныг зарлана гээд маш олон хөтөлбөрийн хүрээнд ойг тэмдэглэнэ.

-Гадна ямар төлөөлөгчид ирэх вэ?

-Ойг тэмдэглэх хүрээнд олон улсын Чехийн Парламентын
төлөөлөгчдийн танхимын дарга Яан Хамачек, Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мен
Баг, Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтман, Ардчилал, сонгуулийн
туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм
ирнэ. Мөн Америкийн төрийн департаментын туслах төрийн нарийн бичгийн орлогч
Сузан Торнтон, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе зэрэг
төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа. Мөн Польшийн ардчиллын домогт удирдагч
Лех Валенса оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Түүнчлэн биечлэн ирж чадахгүй
тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын Комиссын
Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, ХНБГУ-ын Канцлер
Ангела Меркел, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Тони Аббот, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улсын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аунг Сан Сү Чи
зэрэг дэлхийн хэмжээний улс төрчид, удирдагчид, төр засгийн тэргүүн нар видео
мэндчилгээ дэвшүүлнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ингэж өөрчлөгджээ

Наадмын
өмнө баталсан Замын хөдөлгөөний аюул­гүй байдлын тухай хууль ирэх есдүгээр
сарын 1-нээс хэрэгжинэ. 1996 онд бат­лагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуульд замын хөдөлгөөний дүрэм голчлон орсон, ерөнхий зохицуулалттай
байсан бол хуулийн шинэчилсэн найруулгаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын
эрх, үүргийг тодотгож өгснөөрөө онцлог. Мөн зөрчлийг төрөл, хэлбэрийн зүйл
заалтаар илүү задалж, нарийвчилжээ.

Зөрчил
гаргасан жолооч, явган зорчигчдод хүлээлгэх хариуцлагыг өндөр болгосноороо шинэчлэн
баталсан хууль онцлог. Тухайлбал, өмнөх хуулиар замын хөдөлгөөний зөрчил
гаргасан этгээдэд эрүүгийн, захиргааны, сахилгын шийтгэл ногдуулна гэж ерөнхий
заасан байдаг бол есдүгээр сараас мөрдөх шинэ хуулиар торгуулийн хэмжээг
тодорхой зааж өгсөн.

Шинэчлэн
баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг тоймлон хүргэе.

Үндэсний
зөвлөлийг Ерөнхий сайд даргална

Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг УИХ жил бүрийн нэгдүгээр
улиралд хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд
гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан, үүрэг хүлээсэн холбогдох
байгууллагууд хэрхэн ажилласан талаарх тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Энэ тайланг шинээр байгуулагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний
зөвлөл тайлагнана. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд Засгийн
газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус
байгуул­лагын удирдлагын төлөөллийг тэнцүү оролцуул­сан, орон тооны бус
бүтэцтэй байх аж. Орон тооны ажлын албатай байх уг зөвлөл замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах бодлогын бичиг баримт боловсруулах, бүртгэл мэдээллийн
нэгдсэн санг нэгтгэх, тайлан гаргах үүрэгтэй ажиллана. Аймаг, нийслэл, сум
дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ч зам тээврийн ослыг бууруулах,
урдчилан сэргийлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үүрэг
хүлээжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ
замын хөдөл­гөөний нөхцөл байдлыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа хоёроос
доошгүй тайлагнах ёстой.

Үндэсний
зөвлөлөөс эхлээд орон нутгийн төрийн байгууллага, ИТХ зам тээврийн осол
гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг байнга зохион байгуулах
талаар хуульд тусгасан байна.

Үүнээс
гадна зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, тээвэрлэх маргаан байнга шахам
гардаг. Тэгвэл харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж
шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа (байр) ажиллуулах шийдвэр
гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох
үүргийг ИТХ хүлээжээ.

Хүүхдээ
ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно

Бага
насны хүүхэд ганцаараа зам гарч яваад осолд өртөх нь их. Тэгвэл шинэчилсэн
хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оруулж байгаад
зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан
тушаалтанг хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр торгох аж. Мөн
зам дээр болон ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангаагүй, өөрийнхөө оршин суугаа газартаа хамаарах замын бохирдол,
мөсийг цэвэрлээгүй бол иргэн хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай
тэнцэх, хуулийн этгээд хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх юм
байна. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд замын мөс цэвэрлэх, бохирдол
арилгах үүрэг хүлээж байна. Өвчтэй, ядарсан үедээ явган явж байгаад замын
хөдөлгөөнд оролцож зөрчил гаргавал хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
50 хувьтай тэнцэх торгууль төлөх юм байна. Мөн ядарсан, өвчтэй иргэнээр
тээврийн хэрэгсэл жолоодуулсан аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно. Тухайн иргэн ядарсан
эсэхийг эмнэлгийн байгуулага тогтоох бөгөөд хэдэн цаг тасралтгүй машин
жолоодсон бэ гэдэг нь гол үзүүлэлт болох аж. Хуулийн энэ заалт хот хооронд тээвэр
эрхэлдэг аж ахуйн нэгж, жолооч нарт илүү хамаарах бололтой.

Зам
тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг хараад цагдаагийн байгууллагад шуурхай
мэдээлээгүй бол иргэн мөн хариуцлага хүлээнэ. Зам тээврийн осол хараад мэдээлэл
өгөөгүй бол иргэн 19200, хуулийн этгээд 192 мянган төгрөгөөр торгуулна гэсэн
үг.

Гар
утсаар яривал 9600 төгрөгөөр торгуулна

Шинэ
хуулийн замын хөдөлгөөний зөрчил бүрийг тодорхойлж, хүлээлгэх хариуцлагыг
заажээ. Тухайл­бал, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утсаар яривал
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх мөнгөөр торгох аж. Энэ
нь одоогийн байдлаар 9600 төгрөг юм. Дугаарын хязгаарлалттай өдөр зарим жолооч
нар машиныхаа улсын дугаарыг солих, өөрчлөх тохиолдол гардаг. Тэгвэл улсын
бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн эсвэл буруу байрлуулсан бол иргэнийг 48
мянган төгрөгөөр торгох аж. Улсын дугаарыг өөрчилж замын хөдөлгөөнд оролцсон
бол 96 мянган төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг 384 мянган төгрөгөөр
торгох юм байна. Хуурамч дугаар ашиглавал иргэн 192 мянган төгрөгөөр торгуулж
нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах юм байна. Харин
хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгохоор хуульд заажээ. Бүрэн бус
тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5-25 хувьтай
тэнцэх торгууль төлнө.

Жолооч,
зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй,
мотоцикль, мопедын жолооч болон зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол
9600 төгрөгөөр торгуулахаар хууль­чилжээ. Хяналт, шалгалт явуулах эрх бүхий
ажилтны шаардлага биелүүлээгүй бол 9600, тусгай дуут дохиотой машинд зам тавьж
өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгуулна. Өөрөөр хэлбэл, цагдаатай маргалдаж,
түргэний машинд зам тавьж өгөхгүй бол торгууль төлөх юм байна.

Зам
тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй бол 96 мянган төгрөгөөр мөн
торгуулна.

Согтуу
машин жолоодвол 384 мянгаар торгуулж,
сар
баривчлагдана

Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль машин жолоодох эрхийг хасах цөөн заалт
бий. Ихэвчлэн торгох шийтгэл оногдуулах зүйл, заалттай. Харин согтуу­гаар
тээврийн хэрэгсэл жолоодвол торгохоос гадна эрхийг нь хасч, баривчлах шийтгэл
оногдуулна. Тодруулбал, уг хуулийн 27 дугаар зүйлд-“Согтууруулах ундаа,
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл
жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн
хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан
сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заажээ. Согтуу
машин жолоодвол 384 мянган төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ хоёр жил
хүртэл хугацаагаар хасуулна гэсэн үг.

Жолооч
согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам
тээврийн ослын улмаас гэмтсэн, нас
барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Согтуу,
сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол мөн
машины эзэн 96 мянган төгрөгөөр торгуулах юм байна. Хэрвээ жолооны эрхээ
хасуулсан этгээд согтуу, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгуулж, 7-30 хоног баривчлагдахаар
хуульчилжээ. Мөн жолооны эрхээ хасуулсан хүн жолоо баривал 192 мянган төгрөгөөр
торгуулахаас гадна дахин ийм зөрчил гаргавал 30 хоног баривчлагдаж, дахин эрхээ
гурван жилээр хасуулах аж.

Жолооч
нар үнэмлэхээ гэртээ, ажил дээрээ март­чихаад жолоо барих тохиолдол гардаг.
Тэгвэл 48 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг.

Урсгал
сөрвөл
эрхээ
хасуулна

Замын
хөдөлгөөний дүрмийн тодорхой зөрчил бүрийг хуульд тодотгож, торгууль оноох
заалт оруул­жээ. Гэрлэн дохио, анхааруулах дохио, эгнээ байр эзлэх журам, хурд
хэтрүүлэх, хэт удаан явбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10-25 хувьтай
тэнцэх төгрөгөөр торгох юм. Мөн жолооч урсгал сөрсөн бол 96 мянган төгрөгөөр
торгуулж, жолооны эрхээ зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасуулна.
Хурд хэтрүүлбэл 48 мянган төгрөгөөр торгуулж, зургаан сарын хугацаагаар жолоо
барих эрхээ хасуулах юм байна.

Зам
муу зассан бол 960 мянган төгрөгөөр торгуулж, хохирлыг нөхөн төлнө

Явган
зорчигч гарцгүй газраар гарах зэргээр дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгуулна.
Хэрвээ согтуу байвал торгуулийн хэмжээ нэмэгдэж 48 мянган төгрөг болох юм
байна.

Хэрвээ
жолооны эрхгүй, согтуу, мансуурсан хүнээр жолоо барихыг шаардсан, нөлөөлсөн бол
мөн 48 мянган төгрөгөөр торгоно. Харин энэ тохиолдолд хуулийн этгээдийг 960
мянган төгрөгөөр торгох аж. Мөн жолоочийнхоо хөдөлмөр, амралтын горим зөрчсөн
албан тушаалтанг 192 мянга, хуулийн этгээдийг 576 мянган төгрөгөөр торгох юм
байна. Авто зам, замын барилга байгууламжийг эвдсэн, өөрчилсөн, хаасан этгээд
9600-192 мянган төг­рөгөөр торгуулахаар хуульчилжээ. Торгуулахаас гадна
хохирлыг нөхөн төлөх аж.

Үүнээс
гадна замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх
хэрэгслийг бүрэн бүтэн байрлуулаагүйгээс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн
бол буруутай иргэнд 384 мянга, аж ахуйн нэгжид 960 мянган төгрөгийн торгууль
оногдуулна. Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу
хийгээгүйгээс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн бол холбогдох албан
тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж,
зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг
сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай хуульчилжээ. Мөн инженерийн
шугам сүлжээ хийх зорилгоор зам сэтлэх, замын дээрх худаг таггүй болсон, замын
гэрэлтүүлэг эвдэрсэн бол холбогдох албан тушаалтан, байгууллага хариуцлага
хүлээхээр хуульчилжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Налайхад үргэлжилж байна

Монголд
анх удаа зохион байгуулагдаж буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн билээ. Монголын нисэх загварын
спортын нийгэмлэгээс зохион байгуулж буй тус тэмцээнд Япон, Өмнөд болон Хойд
Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 36 орны 300 гаруй
тамирчид оролцон, ур ухаанаа уралдуулж байгаа юм байна. Энэхүү тэмцээн Налайх
дүүрэгт зохион байгуулагдаж буйг дуулаад тийш хөдөллөө. Налайх дүүргээс цааш,
Тэрэлж рүү салдаг уулзварын цаахна шороон зам руу салдаг уулзвар дээр улаан дарцаг
хатгасан харагдав. Үүгээр урагш эргээд явтал барагцаалбал хагас км тутамд
өмнөхтэй ижил улаан дарцаг хатгасан байсан бөгөөд тэдгээрийг дагаж явсаар
Налайхын 337 дугаар цэргийн ангийн урдхан тал дахь дэлхийн аваргын тэмцээний
тамирчдын байрлаж буй хотхонд ирлээ. Өмнөх жилүүдэд тив, улсын чанартай нисэх
загварын тэмцээнийг мөн энэ газарт зохиодог байж.

Тэмцээнд
оролцохоор ирсэн хөдөө орон нутгийн болон гадаадын тамирчид тус газрыг олж ирэх
гэж багагүй төөрч будилдаг байсан асуудлыг ийн хялбархан шийдсэн байна. Тэмцээн
урдхан талынх нь намхан довцог дээр болж байлаа.

Тэмцээний
талбайд томоо гэгчийн хоёр асар босгоод, түүн дотроо зохион байгуулагчид
байрлажээ. Эргэн тойронд нь үзэгч, сонирхогчдод зориулан зассан сандал, талбай
харагдсангүй. Тамирчдын явцын оноог тэр даруй нэгтгэн тусгай дэлгэц дээр
байршуулж байлаа. Асраас холгүйхэн онгоцоо агаарт хөөргөсөн тамирчид тасралтгүй
дээш харж, салхинд туугдсан онгоц нь хаашаа ниснэ, тийш гүйлдэж байв. Тамирчид
онгоцоо доороос нь удирдлага, олс зэрэг ямар нэг зүйлээр удир­даж байгаа
харагдсангүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд “Түвшин­гийн
дурсгалын цом” болон “Монголын цом” гэсэн дэл­хийн чансаатай хоёр ч тэмцээн
болдог юм байна. Биднийг өчигдөр очих үед ид зохиогдож байсан тэмцээн бол хоёр
өдрийн “Түвшингийн дурсгалын цом”-ын сүүлийн өдрийнх аж. Энэхүү төрөлд орон
бүрээс нэг нэг тамирчин, өөрсдийн нисэх загвараар оролцож байлаа. Шүүгчид
агаарт хөөрсөн метр гаруйн урт, төө хэрийн өргөн далавч­тай, нарийн урт их бие
бүхий онгоцуудыг хэр удаан агаарт тогтсныг тусгайлан тэмдэглэж авч байлаа. Учир
нь энэ төрөлд онгоцоо удаан агаарт тогтоож чадсан тамирчин сүүлийн шатны
уралдаанд орох эрхтэй болох гэнэ. Сүүлийн шатанд орох эрхтэй цөөн тамирчдаас
тус төрлийн аварга тодрох аж. Ийн сүүлийн шатанд орох тамирчдын нэрс тодорсны
дараа тэмцээн зургаан цаг буюу өдрийн 12-оос 18 цагийн хооронд завсарлахаар
болов. Учир нь агаарын хэм халуун байх тусам дээш хөөрөх халуун агаарын урсгал
ихтэй байдаг бөгөөд тэрхүү урсгал онгоцыг загвар, хийцээс үл шалтгаалан агаарт удаан
тог­тоодог байна. Иймээс тухайн загварын агаарт тогтох бодит чадварыг
тодорхойлохын тулд тэмцээн өдөр бүр өглөө­ний долоон цагаас 12 хүртэл
зохиогддог аж. Үдээс хойш буюу 18 цагаас агаарын хэм буунгуут тэмцээнээ
үргэлж­лүүлдэг болохыг зохион байгуулагчид дуулгасан юм.

Монголд
нисэх загварын спорт 1965 оноос эхлэлтэй бөгөөд өдгөө 50 жилийн ой тохиож
байгаа аж. Тус ойг тохиолдуулан 100-гаад жилийн түүхт Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсандаа сэтгэл
хангалуун байгаагаа Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн Ерөнхийлөгч
Б.Амарсайхан онцолж байлаа. Тэрээр “1965-аас 1990 оны хооронд ихэвчлэн нисэх
загварын хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголд жил бүр болдог
байсан. Залуу техникчдийн ордон, Пионерийн ордноос гадна аймаг бүрт залуу
техникчдийн дугуйлантай байсан. Нийгэм эдийн засгийн хямралаас үүдээд 1990-ээд
оны эхээр хэсэг завсарласан. Харин 1996 онд Монголын нисэх загварын спортын
нийгэмлэгийг байгуулснаар энэ спорт дахин сэргэсэн. Нийгэмлэгийн зүгээс идэвх
санаачлагатай ажилласны үр дүнд 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын
цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болсон. Эдгээр
тэмцээнүүд маань 2011 оноос дэлхийн цомын тэмцээний ангилалтай болсон. Харин
энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар
боллоо. Хоёр жил тутамд зохиогддог энэхүү тэмцээнийг энэ онд Монголд хийх
эрхийн төлөө Итали, Серби гэсэн улстай өрсөлдсөн. Эдгээр орнууд бол Европ
тивтэй ойр, замын зардал бага, аялал жуулчлал хөгжсөн. Гэсэн хэдий ч манай
тамирчдын өсөн нэмэгдэж буй ур чад­вараас гадна Монгол дахь салбар нийгэмлэгийн
өнгөр­сөн хугацаанд хийсэн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт зэргийг үндэслэн
Дэлхийн агаарын спортын холбоо манайхыг сонгосон болов уу. Дэлхийн аваргын тус
тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват Улсад
бол­сон дэлхийн аваргын тэм­цээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16
дугаарт эрэм­бэ­лэгд­сэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин
н.Батзориг хувийн амжилтаараа дөрөв­дүгээрт шалгарсан. 2013 онд Францын
тэмцээний резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа мөн дөрөвдүгээр байрт
орсон. Ийнхүү тамирчдын маань ур чадвар, амжилт тасралтгүй өсөн нэмэгдэж
байгаад сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

Нисэх
загварын спорт чөлөөт нийслэгийн, жолоодлогот, радио удирд­лагат, нисдэг тэрэг,
пуужин, зэрэг олон төрлүүдтэй юм байна. Эдгээрээс “F-1” буюу чөлөөт нислэгийн
төрлөөр энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байгаа аж.
Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн Ерөн­хийлөгч Б.Амарсайханы
хэлс­нээр чөлөөт нислэг дотроо мөн долоогоос найман төрөл­тэй гэнэ. Тэрээр
“Чөлөөт нис­лэгийн олон төрлөөс резинэн хөдөлгүүрт, хугацаат нислэг болон
планерын загвар гэсэн төрлүүдээр тэмцээн маань болж байна. Эдгээр гурван төрөлд
нэг ижил онгоцууд оролцох хэдий ч тэдгээрийг агаарт хөөргөх аргууд ондоо.
Онгоцны жин, хэмжээнээс өгсүүлээд нисэх талбай, онгоцны далавчны гадаргуун
хэмжээг Дэлхийн агаарын спортын холбооноос нарийвчлан тогтоогоод өгчихсөн.
Планерын загвар гэдэг бол тамирчин 50 метрийн урт аргамжааны тусламжтай онгоцоо
агаарт хөөргөнө. Резинэн хөдөлгүүрт загвар бол уг хөдөлгүүрийн тусламжтай
агаарт хөөрнө гэсэн үг. Хугацаат нислэг нь дотоод шаталтын хөдөлгүүрийн
тусламжтай агаарт гарах юм. Харин бүх загваруудыг агаарт гарсан хойноо хүн
удирдахгүй нисгэдэг учраас чөлөөт гээд байгаа хэрэг. Агаарт онгоцоо хэр удаан
тогтоож чадсан нь ялагч болдог юм. Онгоцоо нисгэчихээд доороос нь удирдахгүй
байж яаж удаан нисгэх юм гэж гайхаж магадгүй. Тэгвэл тухайн өдрийн агаарын хэм,
салхины хурд зэргийг нарийн тооцож байж онгоцоо хөөргөнө гэсэн үг. Тэр ч
утгаараа манай тамирчид техник сэтгэлгээ, тооцоолон бодох чадвар сайтай байдаг.
Эх оронд маань чадварлаг инженерүүд олон болчих юм бол хөгжил дэвшилд хөтөлнө
гэж би боддог. Наад зах нь наадмын өмнөхөн ихэнх орноор гантай байлаа. Түүхий
эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл үүл буудаж бороо оруулдаг
пуужинг Хятадаас өндөр үнээр авахын оронд дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Манай
инженерүүдийн мэдлэг, чадвар дутах зүйлгүй. Бас төв цэнгэлдэх хүрээлэнд камер
бэхлээд, хөөргөөд байсан анхны төхөөрөмжийг манай тамирчид угсарсан байх
жишээтэй” гэв.

Тус
дэлхийн аварга шалга­руулах тэмцээн долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын
3-ны хооронд болох аж. Эхний тав, зургаан хоногт “Монголын цом”, “Түвшингийн
дурсгалын цом” тэмцээн зохиогдох бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь
долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны хооронд үргэлжлэх гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

О.Батгэрэл: Бид японоос чанартай, хятадаас хямд гэсэн уриатай

О.Батгэрэл
“Санко Солар Монголиа” компанийн ерөнхий менежер ажилтай, Японд сэргээгдэх
эрчим хүчний инженерийн мэргэжил эзэмшсэн. Тус компани нь Монголд нарны зай
үйлдвэрлэж Японд гаргадаг аж.

-Нарны
зайн үйлдвэрээ танилцуулахгүй юу?

-Манай
компани 2011 оны нэгдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдсан. “Санко” группын
салбар компани. “Санко” групп монголд гурван салбар компанитай. “Санко солар
Монголиа”, “Санко тек Монголиа”, “Санко Маркетинг Монголиа” зэрэг компаниуд
байна.

-Хаанахын
компани вэ?

-Манай
толгой компани Япон улсын Сайтама мужид байрладаг. Роботын эд ангиудыг
үйлдвэрлэж, боловсруулдаг. Мөн нарны зайн худалдаа, угсралт, суурилуулалт
хийдэг.

-Энд
байгаа үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Манай
үйлдвэр жилдээ арван МВт үйлдвэрлэх чадалтай.

-Арван
мвт гэдэг маань?

-200
МВт-ын хүчин чадалтай дэлгэцээр ярих юм бол жилдээ 50,000 ширхэг нарны зайн
үүсгэвэр үйлвэрлэх чадалтай гэсэн үг.

-Бүтээгдэхүүнийхээ
хэдэн хувийг нь Япон руу гаргадаг вэ?

-Бид
байгуулагдсанаасаа хойш 8,5 мвт бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байна.
Ойролцоогоор 95-96 хувийг Япон руу гаргаж байна.

-Үйлдвэрийн
боловсон хүчин ямар бүтэцтэй байдаг вэ?

-Манай
компани нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй. Нийт ажилчдын дундаж нас 24. Тэд Герман,
Япон улсад сэргээгдэх эрчим хүчний инженерээр төгссөн. Мөн дотооддоо сэргээгдэх
эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг
ШУТИС, МУИС, Хүрээ дээд сургуулийн төгсөгчид ажилладаг. Ажилчдаа жил бүр төлөвлөгөөний дагуу Тайвань,
Япон улсын ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажуулдаг.

-Япон
руу бүтээгдэхүүн гаргахад маш өндөр стандарттай байдаг. Яаж Японы компанитай
холбоо тогтоож, үйлдвэр байгуулав?

-Манай
компанийн захирал Хүрэлбаатар, “Санко Тек Монголиа” компанийн захирал Цэндээхүү
нар 2001 онд Япон улсад дадлагажигчаар гурван жилийн хугацаатай ажилласан. Эх
орондоо эргэн ирэхдээ наадмаар “Санко сэки” компанийн захирал Шимизү Такаши
гуайд эх орноо танилцуулсан. Ингэж Монголд 2005 онд “Санко Тек Монголиа”
компанийг байгуулсан. Энэ жил манай группын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой
болж байна.

-Хөрөнгө
оруулаад та нар эндээ яадаг вэ?

-“Санко
Тек Монголиа” компани маань роботын болон суурь машины эд ангиудыг орчин үеийн
машинаар боловсруулаад Япон руу гаргадаг. Мөн Японы “Коника Минолта” компаний
хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийг монголд борлуулж, засвар үйлчилгээг
хариуцдаг.

-Экспорт
хийх шаардлагыг хэрхэн хангасан бэ?

-Манай
Санко Солар компани нь 2012 оны арваннэгдүгээр сард анхны экспортоо хийсэн.
Японы стандартыг хангахын тулд маш их бэлтгэл ажил шаардсан. Эхлээд Монголынхоо
ISO9001 стандартыг хангасан. Дараа нь 2012 оны наймдугаар сард Япон улсын нарны
зайн үүсгэвэрт тавигддаг TUV стандартыг хангаж, сертификат авсан. Ийнхүү
сертификат авснаар олон улсад гаргах боломж нээгдсэн.

-Япон
руу гаргаж байгаа юм чинь өөр бусад орнуудад гаргахад нээлттэй биз?

-Тийм.
Бид TUV стандартыг таван жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.

-Танай
барааны стандарт герман юмуу америкийн стандарттай нийцэх үү?

-Манай
бараа тухайн орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөнө. Бид бараандаа 25 жилийн
баталгаа өгдөг.

-Ажилчдын
цалин хэр байна?

-Цалингийн
хувьд монгол улсын дундаж. Ажилчид маань тогтвортой ажилладаг.

-Ямар
бүтээгдэхүүнүүд гаргаж байна?

-Нарны
зай. Япон улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг маш сайн дэмждэг. Сэргээгдэх
эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээг энгийн иргэдтэй хийдэг. Жишээлбэл:
сэргээгдэх эрчим хүч гаргаад тэрийгээ эрчим хүчний компаниудад зарах эрх нь
нээлттэй байдаг. Энэ тал дээрээ эрх зүйн зохицуулалт нь маш сайн хөгжсөн. Японд
сэргээгдэх эрчим хүчний эрэлт их. Тийм учраас манай нарны зайн борлуулалт өндөр
байгаа.

-Юунд
хэрэглэж байна?

-Японд
ерөнхийдөө хоёр төрлийн хэрэглээ байна. Айл өрхийн систем болон дунд оврын их
чадлын нарны цахилгаан станцууд байна. Мөн хөдөө аж ахуйд хэрэглэж байна. Айл
өрхийн систем нь таваас арван квт-ын өрхүүдэд зориулсан системүүд байна. Олон
МВт-ын том нарны цахилгаан станцууд японд үйлдвэрлэгдэж байгаа.

-Энэ
нь бидний ярьдгаар хавтгай дэлгэцийг хэрэглээд байна гэсэн үг үү?

-Тийм.
Манайх зөвхөн панел үйлдвэрлэдэг. Манай компанийн үйлдвэрлэсэн панел японд
нарны цахилгаан станц болж боссон. Манай компани өөрсдийн хүчин чадлаар хоёр мвт-ын чадалтай станцыг Японы Сайтома
мужид оруулсан. Станцад Монгол залуусын хөдөлмөр шингэсэн.

-Ямар
нэгэн гомдол ирсэн үү?

-Үйлдвэрлэж
эхэлснээс хойш ямар нэгэн гомдол ирээгүй. Бид үйлдвэрлэлдээ тэргүүлэгч
компаниудын материалыг хэрэглэдэг.

-Түүхий
эд монголоосоо авч байна уу?

-Нарны
зайнд үндсэн 11 төрлийн материал ордог. Монголоос түүхий эдээ авдаггүй, дандаа
гадны орнуудаас авч байна. Япон, Тайвань, Сингапур, Герман, Хятад зэрэг
орнуудаас авч байгаа.

-Энд
угсарсан нь ямар давуу талтай вэ?

-Ажиллах
хүчний зардал буюу урсгал зардал бага. Мөн монгол залуучуудын хөдөлмөрлөх
чадамж өндөр.

-Монголчууд
юунд хэрэглэх боломжтой вэ?

-Монголд
нарны зайн хэрэглээ өндөр байгаа. Ялангуяа хөдөөгийн малчид бараг 100 хувь
хэрэглэж байгаа гэж хэлж болно. Зуун мянган нарны гэрэл, Буман нарны гэрэл
зэрэг төслүүд хэрэгжиж малчид мэдээлэл сайтай болсон. Алслагдсан газрууд болон
төвийн эрчим хүчинд холбогдоогүй газруудад нарны зайн бага, дунд болон их
чадлын станцууд байршуулахад тохиромжтой. Үнэ нь хэдийгээр өндөр байсан ч
яваандаа нүүрсэн цахилгаан станцуудтай өрсөлдөх хэмжээнд очих ирээдүйтэй. Нарны
цахилгаан станц маань олон давуу талтай. Дуу чимээ багатай, агаарын
бохирдолгүй, бүтээн байгуулалтын хугацаа бага, станц боссоны дараа ашиглалтын
зардал бага гэх мэт. Мөн монгол орон маань нарны радиац ихтэй, ашигт үйлийн
коэфициент өндөртэй зэрэг давуу тал байна.

-Хөдөө
орон нутгаар явж байхад ихэнх айлууд хятадаас оруулж ирсэн нарны зайг хэрэглэж
байна. Тэр нь эдэлгээ бага, хурдан эвдэрдэг. Засах боломжгүй гэдэг. Хэрэв
танайхаас авсан нарны зай эвдэрвэл засуулах боломжтой юу?

-Энэ
асуудал хэрэглэгчдийн хувьд хүндрэлтэй байгаа. Импортоор орж ирж байгаа нарны
зайнууд нэрлэсэн чадалдаа хүрдэггүй. Хэрэглэгчид манайд нарны зай засуулахаар
авч ирдэг. Тэдгээр зай нь шошгон дээрээ 100 ватт гэсэн мөртлөө шалгаад үзэхээр
чадалдаа хүрдэггүй. Ийм асуудлууд ихээр гарч хэрэглэгчдийг хохироож байна.
Манайх бүтээгдэхүүнийхээ чадлын гаралтад 10 жилийн баталгаа өгч байгаа. Манай
бүтээгдэхүүн 100 ватт гэсэн бол 10 жил чадлын гаралтаа барина. Ер нь монголын
нөхцөлд нарны зай жилдээ нэг хувиар унадаг гэсэн тооцоо байгаа. Манай
бүтээгдэхүүний хүчин чадал арван жилийн хугацаанд 90 ваттаас доош унахгүй.

-Танай
бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналт ч юмуу мэддэг хүмүүс нь шалгадаг байх. Хил
дээр ийм төрлийн бүтээгдэхүүнийг шалгадаг уу?

-Хилээр
шалгалтгүй оруулж байгаа. Манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмждэг
болсноор хилээр оруулж ирж буй импортын бүтээгдэхүүнүүдээс нэмүү өртгийн,
гаалийн татвар авахаа больсон. Харин манай компани нарны зайнд хэрэглэгдэх
материалаа оруулж ирэхэд татвар төлдөг. Ингэснээр бид импортын бүтээгдэхүүнтэй
өрсөлдөхөд хэцүү болж байна. Тийм болохоор импортын бүтээгдэхүүн хямдхан, хараа
хяналт муутай байна. Харин одооноос эхлэн стандарт хэмжил зүйн газар, их
сургууль, яам, физик технологийн хүрээлэн зэрэг газрууд нийлж стандарттай болох
гэж байна. Энэ чиглэл дээр манай үйлдвэр голлох байр эзэлж бусад мэргэжлийн
байгууллагуудтайгаа хамтарч нэгдмэл үндэсний нарны зайн MNS стандарттай болох
гэж байна.

-Төрөөс
хэр дэмжиж байна?

-Анх
үйлдвэр байгуулагд­санаас татварын, гаалийн хөнгөлөлт зэрэг үзүүлж байгаа. Бид
яамтайгаа хамтарч ажилладаг.

-Цаашид
өргөжүүлэх талаар ямар төлөвлөгөө байна?

-Ирээдүйн
хувьд гадаад захиалга болон монголын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх
бодлогоос шууд хамааралтай болох байх.
Улаанбаатрын агаарын бохирдол, эрчим хүчний дутагдал,эрчим хүчний тархай
систем зэргээс хамаараад энэ технологийг монголд цаашдаа хөгжих нь зайлшгүй гэж
үзэж байна.

-Та
нар төрөөс эрчим хүчний талаар барих бодлогод хамрагдаагүй байна уу?

-Ерөнхий
бодлого УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа байх. Бодлогод худалдах болон худалдан
авах тариф шинэчилж зааж өгсөн байна
лээ. Тэр маань гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эсэх нь цаг
хугацааны асуудал болж байна.

-Танай
бүтээгдэхүүний үнэд төрөөс оролцож байна уу?

-Бид
үнээ өөрсдөө тогтоодог. Зах зээл дээр бол үнэтэй биш, ерөнхийдөө хямд.

-Танай
бүтээгдэхүүн Японд хэр танигдсан бэ? Танай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг манай
иргэд гадаадад гаргаж зарах боломж байна уу?

-Японы
зах зээлд өрсөлдөгч их байна. Тайвань болон Хятад гэх мэт орнууд Япон руу
бүтээгдэхүүнээ гаргадаг. Манайх хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн гаргахыг
эрмэлзэж байгаа учир чанараараа японд танигдсан. Японоос илүү чанартайг
хятадаас бага зардлаар гэсэн уриаг бид тавьж ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрч эхэлснээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Дөрвөн жилийн өмнө байна уу даа, уг нэвтрүүлэг телевизийн олон сувгаар зэрэг цацагдан анхны зочноор “MCS”-ийн Ж.Оджаргал оролцож байсан санагдана. Дараахан нь төрийн шагналт нэрт нийтлэлч Баабар оролцож байв. Үе үеийн Ерөнхийлөгчид (Багабандиас бусад нь)-өөс аваад Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, урлаг соёл, шинжлэх ухаан, спортын алдартнууд зочны хойморт нь уригдсаар ирсэн юм. Ард түмний бахархал болсон нэртэй төртэй эрхмүүдийг урьж, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх нь бахдам түүх замналыг ярилцан олонд хүргэж эхэлснээрээ тухайн нэвтрүүлэг Монголын телевизийн урлагт нэгэн дэвшил байлаа. Ялангуяа нэвтрүүлгийн зураг авалт, дуу дүрсний өнгө, өвөрмөц шийдэл зэрэг нь мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж буй нь мэдрэгддэг. Энэ бол техникийн талын зүйл юм.

Харин нэвтрүүлгийн гол амин сүнс нь болох хөтлөгчид нь сэтгүүл зүйн боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн бус хүмүүс учир сэтгүүл зүйн үндсэн мөн чанарыг машид бүдүүлгээр зөрчих болсон. Сэтгүүл зүйд хэн нэгнийг гутаан доромжлох, өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгнийг нэр устай нь олонд зарлан таагүй дурсамж дурдатгалыг нь сөхөх, үхсэн хүнийг сайн муугаар хэлэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг нь байж болохгүй зүйл. Бүдүүлэг үг хэллэгтэй гоо зүйн шаардлага хангаагүй сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлэг сэтгүүл зүйн хөгжлийг арагш нь улдан чангаадаг. Энэ нь ард түмэн, үзэгч, уншигч олноо дорд үзэн басан доромжилж буйн илрэл юм. Гэтэл “Монгол тулгатны” хэмээн тодотгож, монгол үндэстэн угсаатны бахархал болсон эрхмүүдийг өргөмжлөн цоллож буй, цаанаа ихээхэн утга агуулгатай гэх уг нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж, үнэт зүйлийг нь тас цавчин, олон түмнийг доромжлох боллоо. Бөөр бөгс ярьж садар самууныг илт сурталчлан, оролцсон зочдоо нус нулимстай нь зууралдуулж орхино гэдэг сэтгүүл зүйн хамгийн ядарсан арга юм. “Зуун эрхэм”-д уригдсан, ард түмний бахархал болсон хүмүүс маань бараг л ихэнх нь нус нулимстайгаа холилдсон. Ардын зохиолч, хөтлөгч бүсгүй хоёр хоймортоо урьсан зочноо яаж ийж байгаад, янз бүрийн асуултаар ухаж төнхсөөр уйлуулаад авдаг.

Нус нулимстайгаа холилдсон нөхдийг хэн хүнгүй мэднэ. Уйлж байгаа өрөвдөлтэй дүр зураг нь телевизийн олон сувгаар зэрэг зэрэг цацагдаж, интернэтэд тавигдчихсан байж л байна. Аливаад шазуур зууж, сэтгэлийн хөдөлгөөнөө барагтай бол ил гаргаад байдаггүй “Женко” Баттулга гэнэт аавыгаа яриад уйлаад унасан. Нэгэн цагт Японы сумогийн дэвжээг эзэгнэж эр бяраараа гайхагдаж явсан Асашёорюү Дагвадорж аварга “Энэ маань яачихсан амьтан юм бэ дээ” гэж захын хүн өрөвдөхөөр енгэнэтэл эхэр татан уйлсан. Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан нэвтрүүлгийн туршид асгартал уйлсан. Нэг юм хэлээд л уйлаад байдаг. Тийм хүний яриаг нь үзэж сонсон бишрэх биш өмнөөс нь бүр сэтгэл өвдчихөж байгаа юм. Гүррагчаа баатар, Баянаа аварга гээд “Зуун эрхэм”-д уйлаагүй хүн ховор. Хүний нулимс барж телевизийн нэвтрүүлэг, бизнес хийнэ гэдэг аливаад ухаалаг ханддаг өөрийн гэх бодолтой хүмүүст тийм ч таатай санагдахгүй нь лавтай. “Лхагвасүрэн, Анужин хоёрын энэ нэвтрүүлэг чинь ямар учиртай юм бэ дээ. Оролцсон бүхэн нь л орилж бархираад байх юм” гэсэн яриа нэг хэсэгтээ л газар авсан.

Харин одоо Лхагвасүрэн, Анужин хоёрын зочдоо уйлуулах нь арай аядаад бөгс бөөр ярих нь хэрээс хэтэрлээ. Нэртэй төртэй, олон түмэнд хүндлэгдсэн ахмадууд бөгс бөөр секс яриад, алдар цуутай хүмүүсийн архи дарс, авгай хүүхэнтэй орооцолдсон дурсамжуудыг хошуу амаа холбож байгаад, дундаа данхтай цай тавьчихаад хов ярьдаг чавганц нар шиг суух нь ямар муухай юм бэ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт сонгодог урлагийн гол төлөөлөгч гэгддэг Б.Жамъяндагвын “зуун эрхэм”-д орсон нэвтрүүлэг сүүлд цацагдлаа. Ээ гэгээ минь, түүнийг үзэх юм биш. Гэргий хүүхэдтэйгээ, ижий аавтайгаа бүр чиг үзэх юм биш. Лхагвасүрэн, Жамъяндагва хоёрын өмнөөс ямар их ичиж, нүүрээ хийх газаргүй болсон гэж бодно. Монголын ард түмнийг арай ч ингэж доромжилж болохгүй байх аа. “Шар сэмжлээд үхсэн хүний эрхтэн нь булшаа цоолоод гозойчихсон байсан” гэж Лхагвасүрэн хэнэг ч үгүй хэлж байх юм. Хариуд нь Жамъяндагва “Шар сэмжлээд дараа нь бор өвдөглөнө гэж байдаг юм гэсэн. Шар сэмжлэнэ гэдэг тухайн хүний бэлгийн амьдрал аманд нь орчихсныг хэлж байгаа. Бор өвдөглөнө гэдэг нь наяас дээш насны явдал. Тэр үедээ дахиад ажлаа эхэлдэг юм гэсэн” гээд тууж өгч байна.

Энэ нэвтрүүлгийг Жамъяндагвын үр хүүхэд, ач зээ нь үзээд юу гэж бодсон бол. “Миний аав, миний өвөө их сайхан ярьж байна шүү” гэж лав бодоогүй л байх. Ингэж үр хүүхэд ач зээ нараа хамт олон, найз нөхдийнхөө өмнө нүүр хийх газаргүй болгох хэрэг байв уу. Лхагвасүрэн “Бааст гуай дахиад эхэлчихсэн, оргил үедээ яваа юм байна” гэж хэлнэ лээ. Ардын хувьсгалтай нас чацуу ардын уран зохиолч Бааст гуайг одоо ид хүүхэн “гөвж” байгаа гэж хэлэх нь ямар учиртай юм бол. Тоглоом шоглоомоор хэлж байгаа байх л даа. Гэхдээ л тэр хүнийг доромжлоод байгаа юм уу, магтан мандуулах гээд байгаа юм уу, огтоос ойлгомжгүй.

Насны өндөрлөгт гарсан Лоохууз гуай мөн л “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцохдоо хоёр нүд нь сүрхий жартайж ирээд “Секс амьдрал таарах таарахгүй, нэгэндээ гологдоно гэж байдаг. Сексийн харилцаа тохироогүй бол тэр амьдрал нь амьдрал биш. Нууц эрхтний нууц ажил гэж бий” хэмээн ярих нь үнэндээ зохимжгүй сонсогдсон. “Тийм замнал туулсан, ийм насны хүн ингэж ярих гэж дээ” хэмээн эрхгүй бодогдсон. Бусад хүмүүст ямар санагдсаныг мэдэхгүй юм. Б.Лхагвасүрэн найрагч өндөр настай эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй бүгдээс нь хайр дурлалын тухай, бэлхүүснээс доодох сэдвийн тухай л ярих гэх юм. “Би ганцхан үнэн юм хэлье. Нэг эмээр дууссан эр, нэг эрээр дууссан эм гэж байдаггүй” гэж ирээд л тухайн хүний нууцыг яриулах гэнэ. Амбасэлмаа гуайг яаж зовоосон билээ. Идэр залуухан насандаа ханиасаа хагацсан түүнийг бараг “хэн хэний өвөр дамжсан бэ” гэж асуух нь холгүй юм болсон. Орос хэлний Галсантай шувтан хүүхэн ярьсан. “Хүнд ярих юм, ярихгүй юм гэж бас байдаг” гэж хуучин цагийн хөгшид хэлдэг. Лхагвасүрэнгийн хэлснээр ямар ч журамтай бүсгүй нөхрөөсөө өөр хүнтэй нөхцдөг байх нь. Гэвч амьдрал дээр хар нялхаараа ханьтайгаа учраад насан туршдаа үнэнч яваа тохиолдол зөндөө бий. Ингэж хамаагүй ард түмнээ доромжилж болохгүй. Мэргэжлийн бус хүмүүс сэтгүүл зүйг ингэж гутаадаг. Хүн үзэж харахын эцэсгүй болгодог. Ард түмэнд хүрч байгаа, олон түмэн үзнэ гэдгийг огт бодож тунгаадаггүй. Юуны тухай ч хамаагүй дэмий донгосч болно гээд итгэчихсэн. Хариуцлага хүлээнэ гэх ойлголт байхгүй учир сэтгүүл зүйгээр тоглочихож байгаа юм.

Лхагвасүрэн хөгжмийн зохиолч Мөрдорж агсны тухай дурсахдаа гэргийгээ “Далайцэцэг п…” гэж дууддаг байсныг нь хэлсэн. Олон жил телевизийн нэвтрүүлэг хөтөлсөн, мэргэжлийн сэтгүүлчид хэн нэгний тухай дурсахдаа хэзээ ч ийм бүдүүлэг үг хэлэхгүй. Гэргийгээ п… гэж дууддаг байсныг “Мөрдорж гуай ч хэнэггүй хүн байсан. Эхнэрээ хамаа замбараагүй дуудна, хэвлэлийн бус үг хэлнэ” гэж ядахдаа цайруулна. Дагвын Лувсаншарав гуайг бурхан болохоос нь өмнөхөн хөрөг нэвтрүүлэг хийж үлдээсэн нь чухал. Гэвч бас л бөөр бөгсний сэдэв уг нэвтрүүлгийн гол шугам тэнхлэг болсон нь харамсалтай. Гончигсумлаа гуайг 200 хүүхэн үзсэн гэдгийг Жамъяндагва хэлээд авна лээ. “Аавыгаа, өвөөгөө агуу том хөгжмийн зохиолч хүний хайлан” гэж бахархан дээдэлж явдаг үр хүүхдэд нь тэр яриа сайхан сонсогдохгүй нь мэдээж. Эр эмийн харилцаа, хайр дурлалын тухай ярьж бололгүй яахав. Хүний амьдрал, хүний явдал хойно. Гэхдээ юм хэмжээтэй байх хэрэгтэй.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг ийм байдлаар цааш үргэлжлэх юм бол телевизийн урлаг, сэтгүүл зүй мөхөх аюул нүүрлэлээ.

Сэтгүүлчид урьсан зочдоо ихэд хүндэтгэн ярилцдаг. Тиймийн учир бөгс бөөр асууж, олон түмний бахархал болсон эрхмүүдийг шороотой хутгахыг бодохгүй, мөн уйлуулж нус нулимстай холино гэж үгүй. Ярилцаж буй зочдоо хүндэтгэн тэр эрхэм хэн бэ гэдгийг түмэн олонд нээж, дотоод сэтгэлийг нь дэлгэн харуулдаг болохоос урьсан зочиндоо татагдах юм уу, дурласан мэтээр харагдах, эсвэл зочноосоо илүүтэйгээр өөрийгөө товойлгох зүйл сэтгүүл зүйд байдаггүй. “Зуун эрхэм”-ийн хоёр хөтлөгчийн бүсгүй нь оролцсон зочдодоо дурлачихсан юм уу гэж бодогдохоор байдаг. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Женко” Баттулга, У.Хүрэлсүх гээд оролцсон зочидтойгоо найланхайтаж ирээд ярих нь үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Лхагвасүрэн бол өөрийгөө товойлгох гэнэ, нэвтрүүлгийн дундуур гэнэт өөрийгөө яриад унана. Бусад үед бол буруу хараад суучихна.

Энэ нэвтрүүлгээс гадна дуучин Сэрчмаагийн бас нэг нэвтрүүлэг бий. Нямбаяр гэж залуутай хамт хөтөлдөг. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүн Сэрчмааг эрүүл байгаа даа гэж бодоход хүрдэг. Оролцогч юу л ярина Сэрчмаа ангайтал инээнэ. Бараг үг хэлээгүй байхад нь дээшээ хараад инээж байдаг. Харин эрэгтэй хөтлөгч нь юм асуувал гар хуруугаараа оролдоод суучихна. Мөн жүжигчин И.Одончимэгийн хөтөлдөг нэг нэвтрүүлэг бас бий. Оролцогч нь юу л ярина Одончимэг том том дусал нулимс унагаж, мэлмэртэл уйлна. Бас л “энэ чинь зүгээр биз дээ” гэж бодохоор. Одончимэг бол авьяаслаг сайн жүжигчин. Түүнтэй маргах хүн байхгүй. Харин телевизийн нэвтрүүлэг хөтөлж, сэтгүүл зүйн хүн болно гэхэд арай хэтэрсэн асуудал болно. Эдгээр нөхөд мэргэжлийн сэтгүүл зүйг гутаагаад дууслаа. Эл бүгдээс харахад хэн дуртай нь сэтгүүлчийн ажил эрхэлж болдог, юу ч хамаагүй донгосч болдог гэх ойлголт нийгэмд бий болжээ. Үүнээс улбаалан сэтгүүл зүйн нэр хүнд их унаж байна. Мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг асар тусдаа зүйл байдаг. Өөрийн гэсэн хууль, дүрэмтэй, ёс зүйтэй. Сэтгүүлч хүн ямар ч үед сэтгэлийн хөдөлгөөнгүй байх ёстой. Мөн хувийн ямар нэгэн амбиц гаргах ёсгүй. Ухаандаа, нэвтрүүлгийн явцад зочиндоо дурлаж байгаа мэт байдал гаргах, эсвэл ярилцагчтайгаа ам уралдан бусдыг муулах, нөгөө хүнийхээ ярианд автаж орилж чарлах эрх байхгүй.

Телевизийн урлаг, сэтгүүл зүйн олон жилийн дархлааг мэргэжлийн бус хүмүүсийн хөтлөн явуулж буй нэвтрүүлгүүд ийнхүү алдагдуулж, гоо зүйн үнэт зүйл хийгээд ёс зүйг бүдүүлгээр зөрчиж байна. Эцэст нь хэлэхэд, “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн төслийн удирдагчид мэргэжлийн сэтгүүлчдээр нэвтрүүлгээ хөтлүүлэх юм уу, эсвэл бөгс бөөр ярьдаг ёс зүйгүй бүдүүлэг асуудалд нь хяналт тавихыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын телевизүүдийн холбооноос шаардах цаг нь иржээ.

Г.Баяр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөт цогцолбор нээлтээ хийсэн тухай уншаарай

“Өдрийн сонин”-ы долдугаар сарын 25-ны бямба гаригийн дугаар найман нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Энэ дугаарын нэгдүгээр нүүрээс зургадугаар нүүрт “Кондукторууд ирэх лхагва гаригаас картаар үйлчилнэ гэж байв” хэмээн өдрийн сурвалжлага багтлаа. Харин нэгдүгээр нүүрийн сайн мэдээгээр Х.Баянмөнх аваргын хөшөөт цогцолбор сүндэрлэсэн тухай онцолжээ. Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх өөрийнхөө хөшөөт цогцолборын нээлтийн үеэр “Амьд байхад минь хөшөө дурсгалыг минь босгож хүндэтгэл үзүүлсэн сайхан сэтгэлт ард түмэндээ баярлаж байна. Дэлхийн спортын түүхэн анх удаа иж бүрэн ийм хөшөөт цогцолбор байгуулагдаж байгаа байх” хэмээн нулимс дуслуулан ярьсан билээ. Тэгвэл энэ үеэр Дархан аварга А.Сүхбат өөрийн багшдаа алтан аяга, алд цэнхэр хадаг барин хүндэтгэл үзүүлсэн байна.

Бямба гаригийн дугаарын брэнд нүүр болох “Нэг ангийнхан” буланд “Бүх ард түмний урлагийн их наадамд “Өргөө” хамтлагтай цуг шалгарч явсан авьяастнууд” хэмээх нийтлэл багтсан. Үргэлжлэл нь зургадугаар нүүрт хэвлэгджээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрт “Таксины ах” хэмээн Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан сурвалжлага нийтлэл болон, “ХҮН”-ын дарга С.Боргилын ярилцлага багтсан юм.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Айл, гудамж бүрийг удирдлагажуулж байж хот төрхөндөө орно” хэмээх асуудал дэвшүүлсэн нийтлэл уншигчдын гарт очлоо. Тус нүүрт мөн гэмт хэргийн тойм хэвлэгдсэн аж.

Тэгвэл “Хэлэх эрхийн индэр” булан дөрөвдүгээр нүүрт хэвлэгдсэн байна. Тавдугаар үүрт дэлхийн мэдээ болон “Өдрийн зочин” буланд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяаг онцолжээ.

Долдугаар нүүрт танин мэдэхүйн булан багтсан ажээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Түрүү азаргыг Пургон машинаар байлав

Увс аймаг
байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины “Увс
хурд-2015” баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо. Гараанаас
174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Галбаатарын
хар азарга түрүүлж Пургон машинаар байлав. Увс аймгийн Түргэн сумын харьяат
Анхбаярын хүрэн аман хүзүүдэж найман сая төгрөг хүртлээ. Айргийн гуравт Төв
аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн
харьяат Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал
азарга айрагдаж уясан эзэн, хурсан олноо баярлууллаа. Айргийн гуравт орсон
азарга зургаан сая, айргийн дөрвийг тав сая, айргийн тавд орсон азаргыг дөрвөн
сая төгрөгөөр шагналаа. 6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг,
11-20 дугаар байр 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг,
31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлав.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаар нас баржээ

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” гэдэг газар оршин суудаг 14 настай, эрэгтэй тарваган тахал өвчнөөр өвчилж нас барсан нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Талийгаач долдугаар сарын 12-ны өдөр тарваганы мах идсэнээс гурван хоногийн дараа халуурч, суганы булчирхай цочиж, хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, долдугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг авсан ч 21-ний өдөр нас баржээ. Лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахал өвчнөөр өвчилж нас барсан нь батлагдсан байна. Одоогоор голомтод Зоонозын өвчин судлалын төв, Ховд аймаг дахь ЗӨСТ болон бусад байгууллагуудтай хамтран хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Голомтод I хавьтал 55, II хавьтал 171 хүнийг илрүүлэн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байгаа бөгөөд нэмж тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаныхан хэллээ.

Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд долдугаар сарын 16-наас 28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсээр байгаа тул энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаны хүмүүс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийж байна

Хөвсгөл аймагт ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Анагаах ухааны сургуулийн дэд Х.Оюунцэцэг, Япон улсын Ойтагийн Их сургуулийн профессор Ёшио Ямаоко, Ниппоны Анагаах ухааны их сургуулийн профессор Такеши Мацухиса зэрэг эмч нар иргэдэд үзлэг хийж байна.

Тус аймагт ходоодны суурь өвчлөл их байдаг бөгөөд өнгөрсөн онд хийгдсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 71 хувь нь хеликобактеритай гарч байжээ.

Судалгааны нэгдсэн хариуг Японд очиж судлан 3 сарын дараа ирүүлэх бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд ямар өвчтэй хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөөг давхар ирүүлэх ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

16 хувьцаат компанийн хувьцаа арилжаалагдлаа

Өнөөдрийн (VII.24) өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 17,338 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Энэ өдөр MSE ALL индекс 975.63 нэгж болж 1.00%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,328,804,648,368.00 төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.