Categories
мэдээ цаг-үе

Түүнийг дэлхийн аварга, цаашлаад олимп хүлээж байгаа

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Тюмень хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт орсон амжилт үзүүлсэн билээ. Тюмень хотоос цорын ганц алтан медаль авчирсан тамирчин бол 63 кг-ын жинд зодоглосон Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа байлаа. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Цэвэгсүрэнгийн Мөнхзаяа 1986 онд төрсөн бөгөөд жүдо бөхөөр олон жил уйгагүй хичээллэж буй шилдэг тамирчдын нэг яах аргагүй мөн. Өнгөрсөн хугацаанд тэрээр олон сайхан амжилт үзүүлж улсынхаа төрийн дууллыг харийн тэнгэрт олон ч удаа эгшиглүүлсэн Монголын нүүр царай болсон жүдоч. Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, “Их дуулга” тэмцээний аварга гээд бараг олимпоос бусад тэмцээний медалийг хамсан гэхэд болно. Гэхдээ түүнд олимпийн туршлага бий. “Лондон-2012” олимпод зодоглож байсан түүний барилдааныг ард түмэн одоо хэр мартаагүй. Сийрүүлбэл, ОУХМ Ц.Мөнхзаяа “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдахдаа хагас шигшээд гарч Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Словенийн Урска Золниртой барилдаж цэвэр ялагдсан. Хоёр бөхийн хүч чадал, барилдаан эн тэнцүүхэн байсан хэдий ч шүүгчид манай бөхөд ялагдал хүлээлгэсэн гашуун түүх бий. Гэвч манай бөх хэнд ч ялагдашгүй гэдгээ цуврал тэмцээнүүдэд харуулж байна. Үүний тод жишээ бол өнөө жилийн Кувейтэд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан тохиолдол юм. Тэрээр Кувейтийн татамид жинхэнэ ясны тамирчин, мятрашгүй монгол бөх гэдгээ харуулж, бусад орны тамирчдын зүрхэнд шар ус хуруулаад авсан.

Учир юу гэвэл 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж, вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга болсон. Барилдааны үед манай жүдоч зүүн мөрөндөө бэртэл авч, мөрөө мулталчихсан. Гэсэн хэдий ч бэртэл авлаа гээд унжийж суухын оронд харин ч баргийн эр хүнээс гарамгүй зориг, тэсвэр тэвчээр заан барилдааныг дуусгасан юм. Тиймээс Азийн аваргын алтан медаль түүнд, монголчуудад хамгийн үнэ цэнтэй байлаа. Арга ч үгүй биз, Монголын эмэгтэй жүдочдыг нэгэн үе дэлхийн жүдогийн дэвжээнд гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од дасгалжуулж байгаа шүү дээ.

Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа зэрэг дасгалжуулагчдын шавь нар энэ цаг үеийг эзэгнэсэн баатрууд болж яваа гэхэд хилсдэхгүй байх. Нарийн яривал Ц.Мөнхзаяагийн гарын багш хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох. Дэлхийн аварга Ш.Чанарав, олимпийн анхны медальт Ц.Дамдин, Р.Даваадалай, 1989 оны дэлхийн аварга Х.Баттулга, О.Балжинням, олимпийн аварга Н.Тvвшинбаяр, олимпийн хvрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Х.Эрдэнэт-Од гээд дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид бүгд түүний шавь гэдэг. Тэгэхээр төгс бэлтгэгдсэн мэргэжлийн жүдоч юм.

Ц.Мөнхзаяагийн амжилтын бас нэг үндэс бол яах аргагүй гэр бүлийн хүн нь. Түүний нөхрийг Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар гэдгийг мэдэх биз ээ. 73 кг-ын жинд Х.Болдбаатартай дүйх тамирчин ховор байсан үе саяхан. Тэрээр өөрийнхөө үлдээсэн орон зайг эхнэрийнхээ амжилтаар дүүргэхээр зүтгэж явна. Жүдогийн төлөө, эх орныхоо төлөө хорвоод амьдрах хоног өдрүүдээ элээж яваа хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. Удахгүй болох ДАШТ-д Ц.Мөнхзаяа зодоглоно. Тиймээс дэлхийн татамигаас ганзага дүүрэн ирэх байх гэж найдаж байна, монголчууд итгэл хүлээлгэж байна. Тэр чадна. Түүний дараа Мөнхзаяаг олимп хүлээж байгаа…

Д.Давааүрэн

Э.Анужин

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айл, гудамж бүрийг удирдлагажуулж байж хот төрхөндөө орно

Өнгөрсөн амралтын өдрийн түр зуурын борооноор Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дахь “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрч, засварынхан тав хоног ноцолдлоо. Шугамын бөглөрлийг гаргахын тулд “Хилчин” хотхоны цэвэр, бохир усыг хааж, 700 гаруй айл уух усгүй хэд хоног зутрав. Гараашиндаа тунасан бохир усаар ариун цэврийн асуудлаа шийдэж, хагас км-ын цаадах худаг руу хувин бариад гүйж байгаа зовлонгоо оршин суугчид ярьсан. “Хилчин” хотхоны 1500 метр урт бохирын шугам хэд, хэдэн хэсэгтээ таг бөглөрсний буруутан нь бороо биш. Ойр орчмынх нь хүмүүс бөглөчихжээ. Тодруулбал, бохирын шугам гэр хорооллын дунд байдаг. Гэр хорооллынхон шугам хоолойн тагийг хулгайлаад авчихдаг. Эсвэл онгойлгож байгаад хог, хаягдлаа асгачихдаг. Өнгөрсөн бямба гаригт орсон борооноор тэндхийн айлууд шуудуу гаргаж байгаад хашаандаа тунасан усыг бохирын шугам руу урсгачихаж. Дөрөв, таван худаг руу урсгасан хайрга, шороотой ус шугам хоолойг бөглөчихсөн хэрэг. Энэ талаар Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Лхагвасүрэн “Манай цэргийн анги 2010 онд энэ хотхоны барилгыг ашиглалтад оруулснаас хойш хэд, хэдэн удаа ийм тохиолдол гарч байна. 2012, 2013 оны зун орсон борооноор гэр хорооллынхон хашаанаасаа шуудуу гаргаж үерийн ус урсгаснаас болж шугам бөглөрч, хотхоны усыг хэд хоногоор хааж байсан. Бороо ороогүй үед ч худгийн таг онгойлгоод хогоо хийчихдэг. Бүр тагийг нь хулгайлаад явчихдаг. Эргээд бөглөрлийг нь гаргах, засч янзлах болохоор хэргийн эзэд хашаанаасаа ч цухуйдаггүй. “Хилчин” хотхоны оршин суугчид ч бөглөрч, тагларсны дараа хэл ам хийдэг болохоос “Энэ тагийг хулгай авчихаж” гээд ганц мэдээлэл өгчихдөггүй. Бид арга ядаад бороо орохоор худгийн тагуудаа манадаг болсон. Манаад байхад л сиймхийгээр нь хог новш, бохироо хийчихээд байна. Шөнө эргүүл хүртэл хийхээс аргагүй байна. Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдын хийж бүтээснийг сүйтгэдэг, үгүйсгэдэг хогийн гэмээр сэтгэхүйтэй нөхдүүдэд хариуцлага тооцож өгөөч гэж цагдаагийн байгууллагад хүртэл хандсан” гэж манай сонинд ярьсан.

Амин хувиа хичээх, өөрийнхөө тохь тухыг хангахын тулд өөр нэгнийг золих нь хүний төрөлх араншин. Тэр тусмаа буусан газраа тамтаг болтол ашиглачихаад дараагийнхаа нүүдлийг хийдэг нүүдэлчин монголчуудад бусдын өмчид зөвшөөрөлгүй халдаж болохгүй гэдэг ойлголт нэг их тусахгүй. Хэн нэгэн сануулж, удирдаж, захиргаадаж байж л сая дэгтэй, журамтай болдог. Нүүдэлчдийн хот айлд ч удирддаг, захиргааддаг нэг хүн байдаг даа. Хот айл болж буусан тав, зургаан айл дунд заавал нэг сэнтэг өвгөн байж л байдаг. Өглөө жаахан унтах гэвэл цэлийтэл өрх татчихаад, чанга дуугаар ханиачихаад явчихна. Эрт бос гэж удирдаж байгаа нь тэр. Өөр нэг айлд хэрүүл маргаан гарвал өнөөх өвгөн ороод галынх нь дээд талд завилаад суучихна. Хүний хажууд хэр удаан маргалдав гэж дээ, тэгэсхийгээд намжина. Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа нь тэр. Өтөг бууц цэвэрлэх, худаг лайдах гээд бүх ажил өнөөх сэнтэг өвгөний санаачилгаар эхэлдэг номтой. Энэ бол хот айл удирдлагатай байгаагийн илрэл. Өвгөн хэд хоногоор төв явчихвал хашаа, хороо ноос үсэндээ дарагдаад л назгайрчихдаг. Тиймээс л өнөөх сэнтэг өвгөнийг түвэгшээдэг ч, цаанаа хүндэтгээд байгаа биз.

Хотод, гэр хороолол дунд яг ийм үүрэгтэй хүн хэрэгтэй байна. Х.Лхагвасүрэн хурандаагийн ярьсан эргүүл ажиллуулах санаа зөв. Гэхдээ барилгын компанийнхан энэ ажлыг хийж дийлэхгүй. Сүхбаатар дүүргийн XI хороонд орон сууцны барилга барихаар чөлөөлүүлсэн газар дээр тэр хавийнхан хамаг хогоо овоолчихсон байгаа. Барилгын компанийнхан манаад, хориод дийлэхгүй байгаагаа учирладаг. Тиймээс төр нэгж бүрт үйлчилгээгээ үзүүлдэг болмоор байна. Одоо гэр хорооллынхонд хог ачих, цахилгааны тоолуурын заалт бичихээс өөр төрийн үйлчилгээ байдаггүй. Хог ачиж, цахилгааныг нь бичих л гэж төрийн үйлчилгээг сардаа нэг үзүүлж, загнадаг. Бусдаар гэр хорооллынхон эзэнгүй байгаа. Тиймээс тэд дураараа аашилж, хог новшоороо шугам сүлжээ бөглөж, бусдад “дайсагнаад” байгаа юм. Нэг нь нөгөөгөө удирддаг нь хүний амьдралын жам. Тийм ч учраас төр гэж байдаг. Төрийн үүрэг нь иргэнд үйлчилгээ үзүүлэх, дэг журам сахиулах. Энэ үүргээ гүйцэтгэж гудамж бүрт цэвэрлэгч, гурван гудамжны дунд дарга, таван гудамжийг хариуцсан цагдаа ажиллуулмаар байна. Тэд айл бүрт шаардлага тавьж, хүрч ажилладаг. Улаанбаатарыг хот төрхөнд нь оруулахын тулд дээр өгүүлсэн нэгж бүрт төрийн үйлчилгээ үзүүлэхэд төсөв хөрөнгө зориулах хэрэгтэй. Цэвэрлэгч гудамжаа цэвэрлээд, дарга шаардлага тавиад, цагдаа хэв журам сахиулаад байвал иргэд аяндаа хогоо хамаагүй хаяхгүй, төрөөс айж цэрвээд эхнэрээ бариад зодоод байхгүй. Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүн хүнтэйгээ харьцах харьцаа суурин газарт хамгийн их илэрдэг. Хажуунаас албан тушаал эрхэлдэг нөхөр алхам тутамд суурин газар ингэ, тэг гээд шаардлага тавиад байхаар аяндаа ном журмандаа орно. Ингэсэн цагт хот хогноосоо ангижирч, хэрэг түвэггүй тайван амьдрах нөхцөл бүрдэнэ. Эцсийн цэгт, өөрөөр хэлбэл хүн бүрт хүрэх төрийн үйлчилгээ, удирдлага байхгүй нь одоогийн шугам хоолой нь бөглөрсөн, орон сууцныхан нь бохир дундаа байж байдаг замбараагүй орчинг бүрдүүлээд байгаа юм. Хороонд хэсгийн ахлагч гэж албан тушаал бий. Тэтгэвэрт гарсан, айл хэсэх боломжгүй өвгөн, эмгэн энэ ажлыг хийсэн болж цалин авдаг. Тэдний шаардлагыг тоодог ч хүн байхгүй. Орон сууцанд ч ялгаагүй. Боловсрол муутай, хэл ам хийдэггүй нөхдүүдээр үүдний жижүүр хийлгэчихдэг. Өнөөх нь ямар ч шаардлага тавих эрхгүй. Тэдэн тоотын залуу гэртээ агсам тавилаа гэж хов жив ярихаас хэтрэхгүй ажилладаг. Зүй нь нэг гудамж, нэг байранд дээр жишээ болгосон хот айлын сэнтэг өвгөн шиг нөхдүүд байдаг. Тэднийгээ урамшуулдаг байвал зах замбараагүй явдал багасаад ирнэ. Үүний тулд хотын иргэдийг ЗИП кодтой болгомоор байна. Америкт ийм тогтолцоотой. Хүн бүрийн мэдээллийн санд хийсэн сайн үйл, муу үйлдэл нь бүртгэгдээд явна. Хашааныхаа хажуу талын худгийн тагийг авч шидээд хогоо хийчихвэл хар дансанд орно гэсэн үг. Харин тийм бүтэхгүй нөхөрт шаардлага тавиад, хариуцлага тооцуулбал сайн үйлс хийсэнд тооцогдоно. Тэр бүү хэл өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө, орчиндоо хэр анхаарал тавьж байгаа нт ч бүртгэлтэй. Ажилд орох, халамж авахаар бичиг баримт бүрдүүлбэл өнөөх сайн, муу үйлсийн жагсаалтыг гаргаад харчихна. Сайн үйлс олныг хийсэн хүний ажил аяндаа бүтээд явчихна. Хар дансанд орсон нөхөр халамж хүртэнэ гэж байхгүй, ажилд ороход ч хэцүү болно. Ийм шударга тогтолцоог бүрдүүлбэл хүн бүр үйлдлээ хянадаг, бусдын үйлдлийг анзаардаг болох юм. Үүний дүнд зохион байгуулалттай, яг таг хийсэн орчин үүснэ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдөөс зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Ажлын хэсэг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрүүдийг хянан үзэхэд хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зохицуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулж байгаа нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр гаргах явц ил тод нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил бүхий дутагдал илэрсэн байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ олгох журмыг нь аймаг, нийслэлийн хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана.” гэж заасан байх ба Хурлын Тэргүүлэгчдэд тусгайлан урамшуулал олгох тухай хуульд тусгаагүй, шийдвэр гаргах бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байна. Гэтэл Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 17 дугаар “Журам батлах тухай”, 2010 оны 57 дугаар “ Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай” тогтоолуудыг үндэслэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 33, 54, 82 дугаар захирамжуудаар Тэргүүлэгчдэд, 2014 оны 32, 81 дугаар тогтоолуудаар Хурлын төлөөлөгчдөд тус бүр урамшуулал олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын 11 Тэргүүлэгч гишүүдэд давхардуулан олгосон, энэхүү урамшууллын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар ХАСХОМ-тээ хуулийн дагуу мэдүүлээгүй зэрэг зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 -д “албан тушаалын байдлаа ашиглан … давуу эрх эдлэх..”, 10 дугаар зүйлийн 10.2-д “Мэдүүлэг гаргагч нь өөрийн … орлого, … үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг;

2. Аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Ж.Зоригтбаатар аймгийн иргэдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн Өмчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу төрийн захиргааны албан тушаалын /ТЗ-9-3/ -ыг эрхэлж буй нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг шийдвэрүүдийн хамт 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор тус газарт ирүүлэхийг албан бичгээр мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурчээ

Хот хоорондын нийтийн тээвэрт явахдаа удаа дараа хурд хэтрүүлсэн 100 гаруй жолоочийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлжээ.

Орон нутгийг зорих тээврийн автобусанд GPS суулган бүрэн хянадаг болсон билээ. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь түдгэлзүүлжээ. Харин удаа дараа зөрчил гаргасан 17 жолоочид замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хассан байна.

Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Үүнээс үүдэн Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол судлаачдын сургалтад 11 орны залуус хамрагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт удахгүй эхэлнэ. Энэ жилийн сургалтад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Зуны сургалтын гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцаан дунд тусгай сургалт явуулж Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх юм.

2015 оны залуу монгол судлаачдын зуны сургалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ирэх даваа гаригийн 09.00 цагаас БСШУЯ-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Даатгуулагч та БНСУ-д гэрээгээр ажилласан бол төлсөн шимтгэлээ буцаан аваарай

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Манай даатгуулагч иргэдийн сонирхож байдаг асуудалын нэг бол хоёр улс хоорондын хэлэлцээр байдаг. Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 оны тавдугаар сарын 08-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээр байгуулагдаж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хүрээнд:

1. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол улсын иргэн БНСУ-ын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөж, Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдана.
2. Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдаагүй болон хамрагдаад 3 сараас илүү хугацаанд даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд хэлэлцээрийн дагуу БНСУ-ын тэтгэврийн даатгалд хамруулж, төлөгдөөгүй сар бүрийн шимтгэлийг суутган авна. Солонгос улсын даатгалд хамрагдсан гэрээт ажилтан нутаг буцаж ирээд төлсөн шимтгэлээ Солонгос улсаас нэхэмжлэн авдаг ба үүнийгбуцаан олголт гэдэг.

Монгол иргэд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлчихөөд тус улсаас тэтгэвэр авах боломжггүй байсныг буцаан Монгол руу шилжүүлж тэтгэврийн даатгалд даатгах нь иргэний хувьд тэтгэвэр тогтоолгох, даатгуулсны үр өгөөжийг хүртэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, харин Монгол Улсын хувьд төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын ач холбогдолтой юм.

2014 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан 1521 иргэнийг Монгол улсын тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгосон бол энэ он гарсаар 515 иргэнийг Монгол улсын тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгоод байна.

2014 онд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас шимтгэлээ буцаан авахаар хүсэлт гаргасан 379 даатгуулагчийн 303,4 сая вон буюу 627,2 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон бол 2015 оны 4 сарын байдлаар хүсэлт гаргасан 59 даатгуулагчийн 54,1 сая вон буюу 97,3 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинг давжээ

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин 15-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд олон жилийн дундажийг 60 см, Орхон баг /Сэлэнгэ/ орчимд үерийн аюултай түвшинг 10 см давсан байна.

Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ус судлалын сектор онцгойлон анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас 30 хүн нас баржээ

Энэ сарын 10-23-ны хооронд орон нутгийн замд гарсан ослын улмаас 30 хүн нас баржээ. Улсын хэмжээнд энэ хугацаанд 24 осол гарсны дийлэнх нь буюу 19 нь орон нутгийн замд гарчээ. Сүүлийн үед орон нутгийн замд хурд хэтрүүлэх, урсгал сөрж явснаас осол их гарах болсон байна.

Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн нутаг “Жарын даваа”-нд “Хьюндай маяати” маркийн автомашины жолооч “Хьюндай аванте” маркийн автомашинтай мөргөлдөж, 47 настай жолооч Б, зорчигч долоон настай эрэгтэй Б нар тус тус нас баржээ. Тиймээс иргэд орон нутгийн замд дүрмээ чанд баримтлан, хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал”-ын шинэ ээлжинд нэмэлт захиалга авна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв наймдугаар ээлжиндээ нэмэлт захиалга авахаар болжээ. Зуслангийн долдугаар ээлж маргаашнаас буюу долдугаар сарын 25-наас эхэлж байгаа бол наймдугаар ээлжийн амрагчдыг наймдугаар сарын 02-ноос хүлээж авах юм байна.

Наймдугаар ээлжинд амрах 15-18 насны сурагчид наймдугаар сарын 02-12-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд тус төвд амрах боломжтой бөгөөд эцэг, эхчүүд энэхүү нэмэлт захиалгад хүүхдүүдээ хамруулахыг хүсвэл 9991-5555 дугаарын утсанд хандаж болох нь ээ.

Наймдугаар ээлжийн амрах эрхийн бичгийн үнэ 249,500 төгрөг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хуучин барилгыг буулгах нэрийдлээр залилан хийж байгааг анхааруулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан.

Уг журмын дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийж байгаа юм. Журмын дагуу шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 11 компани төсөл хэрэгжүүлж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй юм.

Гэтэл зарим нэг иргэн “Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийх сургууль, цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.