Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт Бээжин хотод болж өндөрлөлөө.

Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол улс, БНХАУ-ын хоорондын гэрээ” болон “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагааны талаар санал солилцож яамдын шууд харилцааг идэвхжүүлэн цаашид улам хурдацтай болгох техникийн чанартай найман асуудлыг шийдвэрлэж протокол байгууллаа.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга С.Хаш-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Энхсүх, атташе Т.Бат-Орших болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Манай улсын төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Хятадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын вакциныг энэ сарыг дуустал хийнэ

Жил бүрийн 7 дугаар сарын 16-ны өдрөөс 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдрүүд болдог. “Тарваган тахлаас сэргийлэх “ өдрүүдийн хүрээнд 7 дугаар сарын 16-ны өдрөөс 28-ны хооронд Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийгдэнэ.

Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдаж болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Хөеө”

Үл мартагдах хүмүүс болоод аж амьдрал байдаг. Тэр бүхнийг ахуй байдлаар нь эргэн дурсаж жинхэнэ монгол үгээр дархална гэдэг хэн дуртай хүний хийж чадах зүйл биш л дээ. Ардын уран зохиолч Д.Цоодол гуайн хэдэн жилийн өмнө гаргаж байсан “Хөеө” хэмээх хүүрнэл зохиолын ном надад их дотно мэдрэмж төрүүлдэг. Яагаад ч юм шүүрэн авах бүртээл хамгийн түрүүнд “Манжаа” хэмээх дурсамжийг нь уншиж хэвшчээ. Ийм сайхан бичсэнээс нь үзвэл тийм хүн байсан байх аа. Ер нь тэгээд хөдөө нутагт өссөн хэн бүхний дэргэд энэ хүү номонд гардаг дүрүүдтэй жишиж болохуйц хүн байдаг нь сонин. Амьдралын хар ухаантай, хээ шаагүй монгол өвгөд дэлгэр эх орны минь толгод бүрийн дэргэд тамхиа суунаглуулж суудаг болохоор тэр биз дээ.

Түүнчлэн энэ ном элэг хөшөөм, өр эмтрэм, бодож санаашрам, сэтгэл сэргэм хэсгүүдээр дүүрэн. “…Уг нь Манжаа мод толгой дээрээ буухаар эр биш сэн дээ. Сайхан гаанстай байсан хүн. Маналын цагаан гэж нарийхан цагаан соруултай, эрчүүл үнэ хаяж авах гэхээр зардаггүй, эцгээс үлдсэн юм ч гэдэггүй бүр өвөг дээдсийн юм үрж болохгүй гэсээр байгаад сумын төвөөс урагш айлын найранд очоод буцахдаа Төхөмийн дэрсэнд хаяад гаансгүй болж амарсан хүн…”. Эсвэл Манжаа гуай арга буюу нэгдэлд орохдоо “Хүүхээд би энэ удаа орлоо. Ер нь тэгээд энэ нэгдэл гэдэг чинь хэзээ тарах юм бэ гэж асуусан юм гэнэлээ. Нэгдэл гээч арай гэж энхэр дэвэн хатаж хурааж хумьсан олны амин зуулгыг бусдынхтай сайн дур нэрээр хүчээр хольчих нь буруу гэж бодохоос санаанд нь эс багтаж, буруу явдлын учгийг бүр угаар нь мэдэж байсан хэрэг юм” хэмээжээ.

Өгүүллэг, эсээ, бодрол, дурсамжуудынх нь гарчиг хүртэл өдгөө төдийлөн элбэг биш Дундгаа, Жанжгай гэх авгайлсан нэрүүдтэй. “Чөдрөө тасд у у л с а н м и н ь ”, “ С у м тарахын намар”, “Зугаатай өдөр”, “Хүйтэн намар”, “Цанхат”, “Агсаг насан нь ”, “Золбин ”, “Навтарга” зэрэг Бүрэн нутгийнхаа дурсамжийн тухай “Яриа сайд”, “Даажигнал”, “Зүймэл баатар” зэрэг ажил үйлс, уулзсан учирсан хүмүүсийн тухай дүрсэлсэн нь сонирхолтой. Ширээн дээрээ тавьчихаад өглөө нэгийг нь уншсан байхад өдөржингөө л агаар, амьсгалаас нь гарахын аргагүй байдаг. Түүнчлэн нүүдэлчин соёлтой болоод хэлний аялгаа ялгуутай холбогдсон үгс маш олон. Тухайн хүний нас, зүсийг бичээгүй атал ямар үг сонгож юу гэж ярьж буйгаасаа л нүдэнд буугаад байх нь сонин.

Өнөөдөр ялангуяа үргэлжилсэн үгийн төрөлд шинээр роман, тууж төрөх нь ховор болсон. Бичигдлээ гэхэд бүгд санаанд хүрэхгүй. Тэр хэрээр сайн, муу орчуулгатай номуудыг уншсаар монгол үг, монгол ахуй, монгол ухаанаасаа алсраад байна уу даа гэсэн бодол олон хүнд төрдөг байх аа. Харин “Хөеө” хэмээх энэ номыг нэг уншчихсан байхад дээрх санаа зовнилынхоо эсрэг ямартаа ч нэг вакцин хийлгэчихлээ гэсэн үг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ спорт

Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлжээ

Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэхүү барилдааны тавын даваанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох, улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших, цэргийн арслан Б.Ганзориг нар учраа бөхөө давж, шөвгийн наймд шалгаран үлдээд байсан.

Ингээд үзүүр түрүүнд улсын харцага Ө.Бат-Орших, улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунаж үлдсэн бол улсын харцага Ө.Бат-Орших түрүүлжээ.

Энэхүү 90 жилийн ойн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улсын наадмын сүүлийн үеийн өнгө төрхийг тодорхойлж наадсан Увс нутгийн бөхчүүдээс гадна улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын хүчит 256 бөх зодоглосон юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эмэгтэй баг III байранд оржээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн үргэлжилж эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.

Манай баг Казахстаны 1 дүгээр багт 4:4, Энэтхэгийн багт 3:5 онооны харьцаагаар хожигдож Узбекийн багийг 8:0, Казахстаны 2 дугаар багийг 6:2 онооны харьцаагаар хожиж Гуравдугаар байрт оржээ.

Манай багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 6:2, Энэтхэгийн багийг 4:4 онооны харьцаагаар ялсан Казахстаны 1 дүгээр баг нэгдүгээр байрт орсон байна. Мөн манай багийг 5:3 онооны харьцаагаар хожиж Узбекийн багийг дийлж Казахстаны 1 дүгээр багт 4:4, Казахстаны 2 дугаар багт 1:7 онооны харьцаагаар ялагдсан Энэтхэгийн баг дэд байрт оржээ.

Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг
Хоёрдугаар байр Энэтхэгийн баг
Гуравдугаар байр Монголын баг

Манай багт спортын мастер Ц.Бямбазаяа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер П.Орхон, спортын мастер Э.Гантуяа, спортын мастер О.Оюунтуяа, спортын мастер З.Болортунгалаг, спортын мастер Э.Цэвэгмид, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Батням, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор барилдсан байна.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Ямааны махтай карри

Энэтхэгчүүд ХVI зууны үеэс корма хэмээх халуун ногоогүй, өтгөн соусыг бэлтгэдэг болсон бөгөөд энэ соусыг одоо хүртэл тэр үеийнх нь жороор хийдэг байна.Корма соусыг хийх гол орц нь йогурт буюу тараг юм.

Таргийг зөөлөн гал дээр гашилгахгүйн тулд тасралтгүй хутган халаах бөгөөд дээр нь махны шөл, нунтагласан самар, үрсэн кокос болон амтлагчууд нэмнэ.

Энэ соусыг олон төрлийн хоолонд хэрэглэдэг аж. Зөвхөн Энэтхэгт төдийгүй хөрш Пакистан, Бангладешт корма соус нь өөр олон хоолны үндсэн жор болдог. Одоо ямааны махтай карриг хэрхэн бэлтгэхийг сонирхуулъя.

Орц: Ямааны цул мах-600гр, үрлэн гич-цайны халбагаар нэг, кешью самар-100­гр, цагаан гааны үндэс-20гр, сармис-хоёр хумс, бөөрөнхий сонгино-гурван ширхэг, нимбэг-нэг ширхэг, кинза, укроп-нэг багц, хатаасан кокос-хоолны халбагаар хоёр, ка р р и-хо о л н ы ха л ба га а р хоёр, давс, чинжүү-өөрийн амтлахаар

1 .Махаа том хэрчээд хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хэдэн минут шарна.

2.Шарсан махан дээрээ цагаан гаа, сармис, гич, карри, кокос, нимбэгний шүүс нэмээд зөөлөн гал дээр 40 минут орчим жигнэнэ.

3 .Махаа болохоос 20 минутын өмнө том хэрчсэн сонгино, кешью самар, давс, чинжүүгээ нэмээрэй.Бүх хольцоо сайтар хутгаад болтол нь жигнэнэ.

4.Бэлэн болсон хоолоо кинза, укропоор чимэглээд будаатай өгч болно.

Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?

Зайрмагийг дурлалт хосуудын идээ гэдэг. Харин энэ идээнд мөнгө үрэхгүйгээр гэрийн нөхцөлд хялбархан хийж хайртай хүнээ баярлуулах аргыг зөвлөж байна.

Өөрсдөө хийсэн зайрмаг дэлгүүрийн зайрмагнаас илүү амттайг мэдрээрэй.

Орц: Гадил жимс-3 ширхэг, шоколад-100гр, элсэн чихэр -50гр, цөцгий -250 гр, нимбэгний шүүс-өөрийн амтлахаар

Бэлтгэх арга: Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчинэ. Дараа нь элсэн чихэр, нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр шүү. Бий болсон холимогт хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутга. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд гурваас дөрвөн цаг хөргөгчинд тавина. Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээрэй. Мөн амтат зайрмагандаа нэр өгч болно шүү дээ.

Жүржийн шүүстэй луувангийн салат

Франц үндэсний гал тогооны нууцуудын нэг бол бэлтгэх зоогийнхоо орцонд архи, дарс оруулдаг явдал ю м . Жишээ нь, хөөлгөсөн амтат кексийг дарсаар норгох, махыг архинд дэвтээх,шөл болон жигнэсэн хоолонд бага зэрэг архи хийх зэрэг нь хоолыг сайхан үнэртэй болгохоос гадна арай өөр, онцлог амттай болгодог байна. Франц тогооч нар махыг улаан дарсанд, харин загасыг цагаан дарсанд дэвтээх юм уу махан дээр цацаж өгдөг. Дашрамд сонирхуулахад, франц тогооч таны зоогийг бэлтгэхдээ улаан гал дүрэлзүүлэн шарж өгөх юм бол энэ нь махыг өндөр хэмтэй архиар норгосонтой холбоотой. Гал дүрэлзүүлэн хоол хийх ур чадварыг гайхахын зэрэгцээ ингэж шарсан мах ер бусын амттай байхыг мэдрэх сайхан биш гэж үү. Харин одоо жүржийн шүүстэй луувангийн салат хийхийг зөвлөе.

Орц: лууван-есөн ширхэг, цөцгийн тос -50гр, элсэн чихэр-хоолны халбагаар нэг, нунтаг шанцай (cinnamon)-хоолны халбагаар нэг, карри-цайны халбагаар тал, жүржийн жүүс-250гр, чили соус-нэг дусал, гаа-гурван салаа

1.Цөцгийн тосыг том саванд хайлуулна.

2.Тосонд элсэн чихэр, шанцай, карри нэмж, дугуй хэлбэрээр хэрчсэн лууван хийнэ.

3.Лууванд амтлагчуудын амт орохоор сайтар хутгаж өгөөрэй.

4.Одоо ногоотой савандаа жүржийн шүүс болон чили соус нэмж буцалгана.

5.Лууван дөнгөж буцлангуут галаа багасгаж, зөөлөн гал дээр 20-25 минут жигнэнэ.

6.Салатыг гаргахаас таван минутын өмнө жижиглэн хэрчсэн гааны навч нэмнэ.

7.Хэрвээ хүсвэл бэлэн болсон луувангийн салатыг шарсан тахиа юм уу, хэрчсэн үхрийн махтай өгч болно.

Бэлтгэсэн

Н.Энхмөнхтуяа

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн 384 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгажээ

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссоос нийт 1747 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс ортой эмнэлэг 88, сувилал 104, 743 эмийн сан байдаг. 2014 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зохистой байдлын үнэлгээ хийхэд 11,7% нь эмэгтэйчүүдийн, 24,7% нь шүдний, 35,09% нь дотор, уламжлалт, мэдрэлийн чиглэлээр тус тус ажиллаж байна. Байршлаар судалж үзэхэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь ихэвчлэн байшин хороолол буюу хотын төвд байрлалтай байгаагийн зэрэгцээ ортой эмнэлгүүдийн 60,9% нь мэдрэл дотор, уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Иймд Нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохистой бүрдлийг бий болгох, алслагдсан байршилд амьдарч буй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагыг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр нэн тэргүүнд тусгай зөвшөөрөл олгох чиглэлийг тодорхойлон НЭМГ даргын 2015 оны “Чиглэл батлах тухай” А/11 дүгээр тушаалаар баталгаажуулан цахим хуудсандаа байршуулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисс нь 2015 оны эхний хагас жилийн хугацаанд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэг удаа хуралдсан. Уг хурлаар 2014 онд төсөл нь дэмжигдэн, ажлын байрны дүгнэлт гарсан 1 сувилал, 3 эмнэлэг, 4 эмийн санд зөвшөөрөл шинээр олгох, 2 эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 26 эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарч Нийслэлийн засаг даргын захирамжаар батламжлах ажил хийгдэж байна. хийгдэж байна. 2015 оны эхний хагас жилд 32 эмнэлэг сувилал, 27 эмийн сангийн ажлын байрны дүгнэлт гаргаж, 384 эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж ажиллажээ. Цаашид хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын байрны дүгнэлт гаргуулах хүсэлт, 2014 онд эрүүл мэндийн байгууллага байгуулах төсөл дэмжигдээд ажлын байрны дүгнэлт гаргуулахаар хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүсэлтүүдийг хүлээн авч байгаа ба 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага” 145 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллага байгуулах төслийн материалыг хүлээн авч эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бүх ард түмний урлагийн их наадамд “Өргөө” хамтлагтай цуг шалгарч явсан авьяастнууд

Нийслэлийн гуравдугаар сургуулийн төгсөгчдийн 30 жилийн ойн уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдээр тохиолоо. Хүүхдийн ордны баруун талын автомашины зогсоол дээр нэгээс найм хүртэл дугаарласан автомашинууд эгнэн зогсчээ. Хамгийн эхний автомашины урд хэсэгт “Нийслэлийн гуравдугаар бүрэн дунд сургуулийн 1983 оны 8В, 1985 оны 10В ангийнхны 30 жилийн ойн уулзалт” гэсэн томоо гэгчийн зурагт хуудас өлгөжээ. Тэд өглөөний есөн цагт уулзахаар товложээ. “Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт, тэр бүү хэл Польш Улсад ажиллаж амьдарч байгаа М.Дэлгэрмаа, Ц.Алтанхуяг нар өглөө нь онгоцноос буусан гэсээр ирж байлаа. ангийн дарга Н.Адьяабат “Ангийн хүүхдүүдээс минь хоёр гурав нь ирж яваа сурагтай. Бусад нь цөм бүрэн” гэж байна. Д.Нямбилэг “Ангиараа цуглалгүй, уулзалдалгүй 30 жил болж” гэж байв. Уулзалтад дөрөвдүгээр ангиас бүрэн дунд сургуулиа төгстөл тус ангийг дааж авсан монгол хэл, уран зохиолын багш Ч.Оюунбилэг, математикийн багш Наранхүү болон дуу хөгжмийн багш Рэгзэн нар хүрэлцэн иржээ. Ангийн багш Ч.Оюунбилэг 1974 онд Улсын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд, гуравдугаар сургуульд багшилжээ. Түүний анхны даасан анги нь 10В байж. Тэрээр “Би сурч байсан сургуульдаа багш болж очсон. Тухайн үед анги даасан багш Банзрагч монгол хэл, уран зохиолын багш байсан юм. Багш маань ягаан дээлээ намируулж орж ирээд намуун хоолойгоор сургамжит өгүүллэг уншиж, биднээр цээж бичиг хийлгэж, монгол хэлний дүрэм заах надад их сайхан санагдаж “Ерөөсөө багш л болъё” гэж бодсон хэрэг. Багш мэргэжлийг эзэмшээд хамгийн анхны дааж авсан анги энэ анги юм.

Урлагийн авьяастайгаас гадна сурлагадаа ч сайн байсан учраас хүүхдүүдээрээ их бахархана. Тэр нь ямар их хувь заяагаар багш мэргэжлийг сонгосон юм бэ. Би их азтай хүн юм аа гэсэн бодлыг давхар төрүүлдэг байсан юм шүү. Шавь нар минь одоо ч гэсэн эзэмшсэн мэргэжлээрээ, салбартаа тэргүүлж явааг нь харахад сайхан байна” хэмээн хуучилсан юм.

Тэд ангийн анд Л.Энхбаттайгаа сүүлийн 20-иод жил холбоо тогтоож чадаагүй байж байгаад саяхан сургийг нь гаргажээ. Босч чадахгүй учраас уулзалтад оролцохоор охиноороо тэргэнцэр дээр түрүүлэн ирсэн ч хилийн цэргийн дүрэмт хувцасны мөрөн дээр нь дэд хурандаагийн мөрдэс гялтганаж, энгэрт нь одон медалиуд ярайж, цаанаа л жавхаалаг харагдана. Тэрээр заставын даргаар ажиллаж байгаад дөрвөн мөч нь мэдээгүй болжээ. Дээрх харамсалтай мэдээг дуулаад тэд дундаасаа мөнгө гаргаж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч нарт үзүүлжээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай эмчилгээнд оруулсны үр дүнд 20 гаруй хоногийн дараа Л.Энхбатын хөл гар нь мэдээ орсноор үл барам бараг л тэрэгнээсээ буух хэмжээнд хүрчээ. Энэ бол 30 жилийн ойн уулзалтын хамгийн том бэлэг байсан юм.

Энд бөөндөө цугларч аваад, Чингисийн талбай болон Зайсан толгой дээр гарч зургаа татуулчихаад, хотоос холгүйхэн амралтын газар руу явах хөтөлбөрөө аль хэдийнэ гаргачихжээ. Ийнхүү Чингисийн талбай руу хөдөллөө. Чингисийн хөшөөний өмнө бөөндөө зургаа татуулчихаад шатаар уруудаж явтал Д.Нямбилэг “Ордны өмнөх цэцгийн мандлыг харсан чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. 1984 оны наймдугаар сарын 31-нд Ц.Алтанхуяг, П.Үнэнбаяр бид гурав хичээлийн шинэ жилийн нээлтээр багшдаа цэцэг бэлэглэх гээд хайгаад олддоггүй ээ. Тухайн үед одоогийнх шиг энд тэндгүй баглаатай цэцэг зардаггүй байлаа. Тэгэхээр нь төрийн ордны өмнөх цэцгийн мандлаас цэцэг тасдаж, сонинд ороож байгаад ордны харуулд баригдсанаа санаж байна уу. Тэгсэн өнөөх харуул чинь биднийг шоронд хорино гэж хэсэг айлгаж байснаа “Багшдаа бэлэглэх гэж байсан гэж үнэнээ хэлсэн болохоор чинь явуулъя. Гэхдээ хичээлдээ сайн нь яваад, муу нь үлдэнэ дээ” гэснээ “Улаанбаатар хотын хүн ам хэд вэ?” гэдэг байгаа. Алтанхуяг “160 мянга” гэсэн чинь “Тийм бага уу?” гэхээр нь би сэргэлэнтээд “Хагас сая орчим” гээд туучихлаа. Тэгтэл “За чи яв” гэдэг байгаа” гэвэл Д.Үнэнбаяр “Д.Нямбилэгийг явуулчихаад бид хоёрыг үлдээх гэж байгаа юм байх даа гэж бодоод барайгаад л явчихлаа. Тэгтэл ашгүй өнөөх харуул чинь “За дахиад нэг асуулт асууя. Цахилгаан цахихад гэрэл эхэлж үзэгдэх үү, дуу нь түрүүлж сонсогдох уу” гэхээр нь бид хоёулаа нэгэн зэрэг “Гэрэл” гэж хэлээд “суллагдсан” даа гээд хөхрөлдөцгөөв. Ангийн багш Ч.Оюунбилэг “Өө та нар чинь бас тэгж хөглөсөн юм уу. Багш нь одоо л дуулж байна” гэвэл “Танд хэлбэл хулгай хийлээ гээд загнуулах байх гэж бодоод тас нуучихсан” гэв.

Тус ангийнхан урлаг спортынхоо амжилтаар сургуульдаа төдийгүй нийслэл, улсын хэмжээнд манлайлдаг байжээ. Энэ тухайд ангийн багш Ч.Оюунбилэг “Дөрөвдүгээр ангиас арваа төгстөлөө тасралтгүй долоон жил сургуулийнхаа урлагийн үзлэгт түрүүлж байсан. Урлагийн үзлэгээр ангийн маань 16 хөвгүүн бүгд банзан гитараа бариад дуулна. Нийслэлийн 52 дугаар сургуулийнхантай л аливаа уралдаан тэмцээнд ана мана үзэлцдэг байлаа. Тэдний хамтлагт гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа хүртэл багтаж байсан юм. Дээрээс нь бүгдийнх нь бичгийн хэв нэг хүнийх юм шиг цэвэрхэн, гаргацтай байлаа. Одоо ч хэвээрээ. Ямар сайндаа өнөөдрийн уулзалтын урилга дээр нэрийг минь бичсэн хүнийг “хайгаад олдоггүй” гэв. Дуу хөгжмийн багш Рэгзэн “Ангийнхны урлагийн амжилт зөвхөн сургуулийн урлагийн үзлэг төдийхнөөр хязгаарлагдахгүй. Тэд 1980 онд зохиогдсон Бүх ард түмний урлагийн анхдугаар их наадамд “Ундраа“гэсэн хамтлаг байгуулж ороод, хүрэл медаль хүртсэн. Тухайн үед эд маань тавдугаар ангийн сурагч байлаа. Энэ тэмцээнд орохын тулд районоос шалгарч байж хотын хэмжээнд оролцсон. Тэндээсээ шалгарч байж улсын хэмжээний бүх ард түмний урлагийн наадамдаа орно. 1984 оны бүх ард түмний хоёрдугаар уралдаанд орж, “Өргөө” хамтлагтай цуг гуравдугаар байрт дахин шалгарч байлаа. Эхний наадамд хамтлагийн гишүүд зөвхөн гитар тоглодог байсан бол хоёрдугаар уралдаанд гитараас гадна төгөлдөр хуур, баяан, аккордион, үлээвэр хөгжим тоглосон. Хамтлагийн бүрэлдэхүүнд Н.Адьяабат, Ц.Алтанхуяг, Э.Батсайхан, Л.Од, Мөнхболд, П.Үнэнбаяр, Д.Нямбилэг багтаж байсан” гэвэл Од “Уг нь бид Москвад болох олон улсын наадамд оролцох эрхтэй байсан ч хамтлагийн гишүүд хэтэрхий олон, улсын төсөвт “шаталттай” гэсэн шалтгаанаар хасагдаж байлаа” гэв. Э.Батсайхан “Медаль авсан баярт мөчөө улаан ус уугаад ээжээрээ нийслэл салат хийлгэж идээд, нэгнийхээрээ айл хэсэж тэмдэглэж байлаа. Улаан ус гэдэг чинь ундаа байхгүй юу” хэмээв.

Хамтлагийн ахлагч Н.Адьяабат “Тавдугаар ангидаа Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Пионерийн ордон буюу одоогийн Хүүхдийн ордонд зохиогдсон тоглолтод “Ундраа” хамтлагаараа оролцсон. Тэгтэл тоглолтод оролцож байсан том ах нар тайзан дээр зоочихсон байсан цахилгаан хөгжим дээр тоглоод байсан байхгүй юу. Тэгэхээр нь дуу хөгжмийн багшаасаа бид нар цахилгаан хөгжимтэй тоглочихъё гээд гуйсан чинь “Яах юм бэ, миний хүүхдүүд. Банзан гитартайгаа л тоглочих” гэсэн. Тэгэхээр нь уриалгахан “За” гэж хэлснээ тайзан дээр гаруутаа томчуудын барьж тоглож байсан цахилгаан хөгжим дээр шууд тоглоод, дуулчихсан. Өмнө нь цахилгаан хөгжим дээр огт тоглож үзээгүй байсан шүү дээ” гэвэл дуу хөгжмийн багш Рэгзэн “Өө нээрээ тэгсэн шүү дээ. Цахилгаан хөгжмөөр хаана ингээд сайн тоглоод сурчихдаг билээ гээд бүр гайхаж орхисон шүү” гэсэн юм. Бас Н.Адьяабат, Л.Од, Э.Батсайхан, Ч.Ганболд, Д.Нямбилэг нар үлээвэр хөгжим тоглодог байж.Тэдний үлээвэр хөгжмийн багш нь хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Долгорын Сандагсүрэн агсан юм байна. Эд Сандгаа багшийгаа энэ өдөр ихэд үгүйлцгээх аж. Д.Сандагсүрэн багшийн шавь болсноор тэд хөгжмийг жинхэнэ мэргэжлийн талаас нь суралцдаг байж. Тиймдээ ч өнөөдөр тэдний бүх үйл хөдлөл дуу хөгжим наргиан цэнгээн бүгд л мэргэжлийн өндөр зэрэгтэй зохион байгуулагдаж байлаа. “Хүүхэд ахуйдаа Соёлын төв өргөөнөөс бусад тайзан дээр гарлаа. Тэр бүү хэл төрийн ордонд хүртэл урилгаар тоглож байсансан. Яагаад гэвэл биднийг хүүхэд ахуйд Соёлын төв өргөө баригдаагүй байсан юм” хэмээн Л.Од өгүүлэв.

Эдний ангийнхан сургуулийн урлагийн заалны хөшгийг өөрсдийн санаачилгаар байнга угаадаг байж. Дунд ангид байхдаа хөшгөө угаахаар бөөнөөрөө дунд гол дээр очоод, тэндээ өдөржин тоглоно. Гэтэл нэг удаа хөшгөө угаахаар авч яваад гол дээр мартчихаж. Ангийн багшаас нь захирал хөшгөө “нэхэж”. Багш нь гэртээ утастай ганц хоёр хүүхдийнх рүү залгатал гэрийнхэн нь ирээгүй байна гээд байдаг. Нар жаргахын алдад тэд гэртээ ирцгээж, багш нь утсаар холбогджээ. Гэтэл тэд хөшгөө гол дээр мартсанаа санаад дунд гол руу, тоглож байсан газар руугаа гүйцгээж гэнэ. Азаар цагаан торонд ороогоод тавьсан хөшгийг нь хог гэж андуурсан уу, эзэн нь ойр байгаа байх гэж эндүүрсэн үү, байрандаа бахь байдгаараа байжээ. Бас дунд ангид байхдаа хавар шалгалтдаа бэлтгэнэ гэж эцэг эхдээ хэлээд гэрээсээ эртлэн гарна. Билетээ уншилгүй өдөржин тоглож байгаад харьцгаадаг байсан тухайгаа мөн тэд дурсацгаана. Баттулга “Ахлах ангид ороод бол шалгалтдаа жинхэнэ утгаараа бэлтддэг болсон” гэвэл бусад нь толгой дохицгоов. Элдэв уралдаан тэмцээнд түрүүлж, сургуулийнхаа биеийн тамирын зааланд тоглох эрхээр шагнуулдаг байсан нь тэдний хувьд хамгийн том бэлэг байжээ.

Наадмын өмнөхөн 30 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Н.Адьяабат Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд ангийнхан нь ихэд бэлгэшээж байлаа. Учир нь түүний нэр ангийн журналын хамгийн эхэнд байдаг аж. Тэрээр гавьяат барилгачин эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Н.Эрдэнэтуяа “Журналын нэрсийн хамгийн эхний хүүхэд маань Алтангадас одонгоор шагнуулсан юм чинь удахгүй өөр хэн нэгний маань хийж бүтээснийг төрөөс өндрөөр үнэлэх болов уу” гэж байлаа.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

С.Боргил: Дагуул хотуудыг шинээр бий болгох нь хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэлээс гарах арга зам

Хөдөлмөрийн үндэсний нам өчигдөр гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус намын дарга С.Боргилтой ярилцлаа.

-ХҮН намд шинээр гишүүд элссэн гэж байна. Хичнээн хүн элссэн бэ. Танай намынхан боловсрол өндөртэй хүмүүс болохоор боловсролтой залуусаар хүрээгээ тэлсэн байх?

-ХҮН нам өдөр бүр шинэ гишүүдээр эгнээгээ бэхжүүлж байна. Хөдөлмөрийн үндэсний намд шинээр гишүүд элсүүлэх арга хэмжээ намын байранд тогтмол явагдаж байгаа бөгөөд энэ нь манай өдөр тутмын үйл ажиллагааны нэг юм. Зөвхөн өнөөдөр гэхэд 20 орчим хүн шинээр гишүүний батлахаа авлаа. Бидэнтэй үзэл санаа нэгтэй, эх орон улс үндэстнийхээ төлөө чин санаатай хүмүүст манай нам нээлттэй. Манай намд ямар ч насны, бүх ажил мэргэжлийн хүмүүс ханддаг. ХҮН намын гишүүнчлэл нь нас, боловсролоор ямар нэгэн хязгаар тавьдаггүй. Одоогоор манай дэмжигч гишүүд 10 мянга хол давсан. Нийт гишүүд маань 2000 гараад явж байна.

-Танай нам цаашид ямар зорилт тавьж ажиллах вэ?

-Бидний эхний зорилт бол намын анхан шатны нэгжүүд, намын үүрүүдийг нийслэл болон хөдөө орон нутагт байгуулах явдал. Энэ ажил эхлээд явж байна. наймдугаар сар гараад манай гишүүд хөдөө орон нутагт ажиллаж эхэлнэ. Намын гишүүнчлэлээ өргөжүүлэх, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж гаргах, хөгжлийн болон нийгмийн бусад асуудлаар хөтөлбөр, бодлого, шийдлээ олон нийтэд таниулах нь манай цаашдын үйл ажиллагааны гол зорилт.

-Манайхан эдийн засаг хүндэрчихлээ гэж байгаа ч маш олон сумд ойгоо тэмдэглэж байна. Нэг талаас ингээд харахаар эдийн засаг хямраагүй ч юм шиг санагдах боллоо?

-Бидний хийж сураад байгаа ганц зүйл бол наадам шүү дээ. Бүтээн байгуулалт ид өрнөх ёстой маш богинохон зуны саруудыг наадаж өнгөрөөсөөр ямар ч бэлтгэлгүй өвлийг угтдаг. Саяхан манай намын гишүүд хөдөө орон нутгаар явж малчид, тариаланчидтай уулзсан. Энэ жил хүндхэн байх дүр зураг гарч байна. Ургац алдах нь бараг тодорхой болж байна. Энэ нь эдийн засагт хүнсний хомсдол, үнийн өсөлт авчрахаар болоод байна. Зуншлага их оройтсон, гантай нутгуудаар мал тарга авахгүй байгаа талаар бүгд ярьж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн манай ДНБ-ий 30 орчим хувийг эзэлдэг.

Нэгэнт хямраад байгаа эдийн засаг дээр ийм хүндрэлүүд нэмэгдэхээр ДНБ дахин уналтад орох, одоогийн төлөвлөөд байгаа эдийн засгийн долоон хувийн өсөлт гарахгүй нь тодорхой болж байна.

-Энэ жил манай улс нэлээд ургац алдах нь хэмээн халаглаж байна. Тариаланчид нь яамныхаа эсрэг нэлээд тэмцсэн. Хэн нь ч үнэндээ хожсонгүй. Гарц юу байна?

-Ургацын тухайд тариаланчид аль эртнээс ярьсан. Засаглалын хямрал болоод юун ургац манатай байсан байх. Дотооддоо нөөцийн будаа байхгүйгээс хойш эртхэн импортоор будаа оруулах гэрээ хийж хүнсний хомсдол, үнийн хэт хөөрөгдөл үүсгэхгүй байх арга хэмжээг урьдчилан авах нь чухал. Нэгэнт хямарсан эдийн засаг дээр хүнсний хямрал нэмэгдвэл бүр л хэцүүднэ дээ.

-Нийслэл хот өвөлжилтөд бэлэн байна уу. Өнөө л гамшиг болсон утааны улирал эхэллээ. Шинэ дулааны станцууд ашиглалтад орно гэж байна. Цэвэр бохирын шугамаас эхлээд Улаанбаатарт асуудал их байх юм?

-Энэ жил утаа гэдэг сэдэв дээр цэвэр бохирын шугам гэсэн шинэ сэдэв нэмэгдсэн. Олон жил ямар ч шийдэлгүй ярьсаар байгаа учраас гамшгийн хэмжээнд очтолоо муудсан эдгээр асуудлууд ердөө л сэдэв болоод байна. Нийслэл хот маань нэг сая гаруй хүнтэй болж өргөжөөд байхад эрх баригчид ямар ч шийдэлгүй сууж байна.

Дагуул хотуудыг шинээр бий болгох нь хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэлээс гарах арга зам. Түүнээс биш нэгэнт багтаамж нь хүрэхгүй болсон нийслэлийн хэмжээнд асуудлыг шийдэх бололцоогүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Кондукторууд ирэх лхагва гаригаас картаар үйлчилнэ гэж байв

Автобусанд суухдаа цахим карт ашиглах системийн нээлт өчигдөр Чингисийн талбайд болсон. Гэвч хэвлэл мэдээллээр сурталчлаад байсан шиг нээлтээ хийгээд л иргэн бүр автобусанд карт барьж орохгүй бололтой. “Шар хад-III, IV хороолол” чиглэлийн автобусанд урд хаалгаар нь суух гэтэл жолооч нь “Хойгуур ор” хэмээн дохиж байна. Тус автобусны кондуктор “Өглөө (өчигдөр) ажил дээгүүр дарга нар ирээд явсан. Ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл бэлэн мөнгө хураана гэж байна билээ. Хэрвээ кондуктор бэлэн мөнгө хураахгүй болчихвол биднээс тасалбаруудыг авах ёстой шүү дээ” гэсээр билет тасалсан юм. Мөн “Хэвлэл мэдээллээр сурталчилгаа их явсан бололтой. Хүмүүс өнөөдөр (өчигдөр) урд хаалгаар суух гэсэн тохиолдол их байлаа. Ялангуяа ахмадууд их идэвхтэй байна” гэж ярив. Үнэхээр ч төв талбайн урдаас Кино үйлдвэрийн автобусны буудал хүрэх хооронд зогсоол бүр дээр л урд хаалгаар орох гэсэн тохиолдол гарч байв.

Ерөнхийдөө автобус төлбөрийн карттай болсноор кондукторууд бэлэн мөнгөтэй харьцах явдал арилж, хянагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх аж. Автобуснуудын урд хаалган дээр карт уншуулах төхөөрөмжөөс гадна мөнгө авах хайрцаг тавьчихаж. Энэ ажил хэрэгжиж эхлэхээр картгүй хүмүүс тэр бэлэн мөнгөний хайрцганд мөнгөө хийх юм байна. Тунгалаг, хуванцар материалтай, сонгуулийн хайрцаг шиг дээрээ мөнгө хийх зураасан зайтай аж. Тиймээс хэрэв картгүй иргэд автобусанд сууж байгаа тохиолдолд мөнгөө тааруулж хийхгүй л бол хариултгүй гэсэн үг. Хайрцаг нь суурин дээрээ бэхэлсэн хоёр, хайрцгийг онгойлгох нэг нууц цоожтой юм байна. Автобус баазынхны тайлбарлаж байгаагаар орой ажил тарахад компанийн хариуцсан хүмүүс мөнгийг хайрцагтай нь авч явах гэнэ. Ингэснээр кондуктор, жолооч хоёр мөнгө хумсалж хувааж авдаг гэсэн хардлага арилах аж. Автобусны жолооч, кондукторуудын ярьж буйгаар бол энэ шинэчлэлд хувийн компаниуд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Тэд “Хүмүүс картаа тусгайлсан цэгүүдэд цэнэглүүлээд автобусанд мөнгө тушаадаггүй болно. Улсын мэдлийн автобуснууд ч яахав талоноор түлшээ өдөр бүр авдаг. Харин хувийн хэвшлийнхэн өдөр өдрийнхөө орлогоор түлшээ базаадаг болохоор асуудал үүснэ гэж үзэж байгаа юм билээ” гэлцсэн юм.

Сэлгэн суултын хөнгөлөлт шийдэгдээгүй байгаа аж

Чингисийн талбайд урт автобус болон шугамд явж буй автобуснуудыг сонирхуулж байв. Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 ширхэг урт автобус ирэх сарын 15-наас зорчих аж. Урт автобуснуудын шал нь замаас 30 см өргөгдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжийг хангах үүднээс гэнэ. 40 гаруй суудалтай, таван хаалгатай аж. Цахим карт нэвтэрснээр иргэд уг автобусны урд хоёр хаалгаар нь сууж арын гурван хаалгаар нь буух ёстой гэнэ. Нэгэнт л төв зам дагуу их багтаамжтай автобус явуулж эхэлж байгаа тул Энхтайваны өргөн чөлөөгөөр өнгөрдөг давхардсан чиглэлүүдийг ирэх сард цэгцлэх юм байна. Тодруулбал, Толгойт-Халдварт, Баянхошуу-Халдварт, Зүүнсалаа-Халдварт зэрэг төв замаар зорчдог урт рейстэй чиглэлүүд бий. Тухайлбал Толгойт гэхэд л Таван шарын хавьцаанаас буцдаг байх жишээтэйгээр цэгцэлж рейсийн зайг ойртуулах аж. Ингэхээр өмнө нь Толгойтоос XIII хороолол ороход нэг л суудаг байсан бол хоёр дамжих нөхцөл бүрдээд байгаа.

Тиймээс төлбөрийг хэрхэн хөнгөлөх талаар холбогдох байгууллагууд олон санал хэлэлцэж байгаа аж. Нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэрэв сэлгэн суулт нь 20 минут дотор бол дараагийн суулт нь үнэгүй байх хувилбар гаргажээ. Харин Улаанбаатар смарт картынхан эхний суулт үнэтэй, дараагийнх нь хөнгөлөлттэй, гурав дахь нь үнэгүй байх гэсэн хувилбар санал болгосон гэнэ.

Хөнгөлөлттэй зорчдог иргэдэд энэ жил лимит тавихгүй гэнэ

Хөнгөлөлттэй үнээр зорчдог хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутан, цагдаагийн албан хаагч зэрэг хүмүүс сар бүр хэдэн төгрөгөнд тааруулж автобусанд суух бол гэсэн асуулт хамгийн ихээр тавьж байв. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд өдөрт хоёр, сэлгэн суулт нь 40 хувь, оюутан бол өдөрт хоёр, сэлгэн суулт нь 30 хувь гэж тооцож автобус компаниудад нөхөн төлбөр олгодог. Нарийн тогтооход хэцүү л дээ. Тиймээс энэ жилдээ хөнгөлөлттэй зорчдог иргэдийг тэдэн төгрөгөөр сууна гэдгийг нарийн батлаагүй байна. Харин ирэх жилээс нэг хөнгөлөлттэй картаар өндөр настан өдөрт хэд суусан байна гэдгийг тооцож дундажлана. Ингээд тодорхой лимит тогтоох байх” гэсэн юм.

Түүнчлэн нийтийн тээврийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх үүрэг нь нийслэлийн мэдэлд ирсэн тул зөвхөн нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд хөнгөлөлттэй зорчих эрхтэй аж. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс мөнгө төлөх юм байна.

Ж.БАЯРСАЙХАН