Categories
мэдээ соёл-урлаг

Бурундийн Ерөнхийлөгч дахин ялалт байгуулжээ

Бурунди улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Пьиер Нкурунзиза нэр дэвшин өрсөлдөхөөр болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эмх замбараагүй байдал газар авч байсан юм. Гэвч Ерөнхийлөгч ард иргэдийнхээ эсэргүүцлийг үл тоон сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаад байна.

Энэ долоо хоногийн мягмар гаригт буюу 21-ний өдөр Бурунди улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөхөөр болсон нь эмх замбараагүй байдал үүсгэж байсан ч Ерөнхийлөгч ялалт байгуулж 3 дахь удаагаа төрийн эрх барихаар боллоо. Долоо хоногийн эхэнд болсон санал хураалтын үеэр сөрөг хүчнийхэн сонгуулийг эсэргүүцсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Пьиер өрсөлдөгчдөөсөө хол тасархай саналын илүүтэйгээр ялсан байна. Сонгуулийн хорооны өгсөн мэдээллээр Пьиер Нкурунзиза 69 хувийн саналаар ялжээ. Харин түүнтэй хамгийн ойр санал авсан өрсөлдөгч Агатон Руаса 19 хувийн санал авсан байна. АНУ, Их Британи зэрэг барууны орнууд Бурундигийн Ерөнхийлөгчийн сонгуулийг буруушааж байгаа юм. Учир нь сонгуулийн санал хураалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай, Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөх нь хууль бус, хүчирхийлэл сүрдүүлгийн шинжтэй болсон гэж үзжээ. Сонгуулийнэ дүн гарсны дараа нийслэл Бужумбура хотод баяр хөөр аль эсвэл эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний аль нь ч болоогүй байна.

Categories
мэдээ спорт

Улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нар үзүүр түрүүнд үлдэв

Өмнөговь аймгийн 84 жилийн ой, “Говь Шанх-5” говийн бүсийн баяр наадам Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилж байна. Энэ баяр наадамд хүчит 128 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Төв аймгийн Баянхангай сумын харъяат улсын заан Батзоригийн Батмөнх нар тэргүүн байр булаацалдахаар шалгаран үлдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг ТББ -ууд нэгдэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэгдэн Холбоо байгуулах гэж байна. “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Төлөө Нэгдсэн Холбоо”-нд өнөөдрийн байдлаар 5 байгууллага, 1 төв нэгдээд байгаа аж.

Холбоо байгуулах тухай анхны хурал 7 сарын 27-ны 13 цаг 30-аас Хүүхдийн ордоны бага зааланд эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар аваргын төлөө хүч үзнэ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё буюу Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болох гэж байна.

Өнөөдрийн гол онцлох барилдаан Монголын аваргуудын хооронд болох юм. Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какүрюү М.Ананд нар өнөөдөр аваргын төлөөх шийдвэрлэх барилдааныг хийх гэж байна.

Өнөөдөр Хакүхо аварга давбал 35 дахь түрүүгээ авах бөгөөд унах юм бол Какүрюү аьаргатай нэмэлт барилдаан хийх билээ. Өмнөх хоёр башёг гэмтлийн улмаас өнжсөн Какүрюү аварга энэ сард маш сайн барилдаж буй бөгөөд тэрээр хоёр дахь түрүүгээ авахын төлөө хичээх биз ээ.

Мөн озеки цол хүртсэн анхны башёдоо сайн барилдсан Тэрүнофүжи өнөөдөр цол ижил Котошёогикүтэй хүч үзэх юм. Тэрүнофүжи давах аваас япон озеки Котошёогикү цолоо алдах болоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

”Stand off” бүжгийн тулаан болно

Aim4R Dance студээс Stand off гудамжны бүжгийн бооцоот халз тулааныг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Халз тулаан өнөөдөр 13 цагаас шөнийн 03.00 цагийн хооронд Чингисийн талбайн урд байрлах “Их сөгнөөн” асарт болох гэж байна.

Хөтөлбөр:

VII.26 Ням гариг

13.00 – 15.00 AUDITION (Сонгон Шалгаруулалт, шагналтай)

15:00 – 18:00 Hip Hop Battle 1 VS 1

• Монголын Хип Хоп бүжгийн бүх шатны бүжигчидийг хамарсан 1VS1 тулаан

18:00 – 22:00 All Battle 1 VS 1 (Бооцоот тулаан, шагналтай) болон

• Electro, Hip Hop, Popping, Bboy, Locking, House, Waacking төрлөөр Монголын хамгийн ШИЛДЭГ бүжигчидийн дундах бооцоот тулаан

Хамтлаг, дуучдын бүжигтэй хамтарсан үзүүлбэрүүд: (Tsetse & Dandii X Twerk Showcase, Tselmuun X Assassins, Choi Joo X Aim4R Production, Tenuun X Aim4R Production, Ariunjargal X Ninjas In Black, Ginjin X Tuugu, Bilguun X ShijiR)

• Соло үзүүлбэрүүд: (B-Rap + Морин Хуур + Beatbox /Live Performance/ Маргад /Live Performance/)

22:00 – 01:00 AFTER PARTY /+18/

• Шинэ үеийн шилдэг Dj нарын сетүүдийг та бүжигчидийн хамтаар шөнийн 01:00 цаг хүртэл мэдрэх боломжтой (DJ Enkool, DJ Eamar, DJ Sancho, DJ Maya)

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1980 оноос хойш зөвхөн 1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар дээрх дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Ялангуяа 2002 онд агаарын үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 30-35, Орхон-Сэлэнгийн сав, Говийн нутгаар 35-39, хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

1981-2010 оны дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13-40, бусад нутгаар 41-70 мм бороо(2 дугаар зураг) ордог. Гэвч 1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар бороо харьцангуй бага орсноос бэлчээрийн ургамал хатаж, гантай байсан бол 1981, 1984, 1987, 1990, 1991, 1994, 1998, 2000 онд бороо хур их орсон бөгөөд ялангуяа 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо, 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар жил бүр 1-2, бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог. Тухайлбал, 1980 онд Дорноговийн зүүн хэсгээр 42 м/с, 1997 онд Дундговийн нутгаар 34 м/с хүрч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай , Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 градус буюу олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна (4 дүгээр зурaг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.


Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст болон сарын эцсээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.


Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй. (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.


Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. (3 дугаар зураг).

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-33 градус дулаан байна.

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна. (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эх ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд хоёр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас бусад аймгуудруу унтлагын автобус явдаг болно

Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд хатуу хучилттай замаар холбогдсон их багтаамжийн автобусанд цахим системийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байгаа аж. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс хот хоорондын автобусны тасалбарыг интернэтийн орчинд хаанаас ч захиалах боломжтой болсон. Иргэд заавал драгонд очиж тасалбар бичүүлдэг байсан. Үүнийг хялбарчилж Автотээврийн үндэсний төвийн сайт руу орж тасалбараа захиалах боломжоор хангажээ. Эхний ээлжинд унтлагын автобусыг Хөвсгөл Улаанбаатар, Улаанбаатар Хөвсгөл чиглэлд нэвтрүүлсэн. Цаашид наймдугаар сард багтаад Улаанбаатар-Говьсүмбэр-Сайншанд-Эрээн, Эрээн-Улаанбаатар чиглэлд унтлагын автобусыг явуулахаар ажиллаж байгаа албаны хүн онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обама ВВС-д ярилцлага өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ВВС-д ярилцлага
өгсөн байна. Тэрээр Кени, Этиопт айлчлахынхаа өмнөхөн тус агентлагийн
сурвалжлагчтай Цагаан ордонд уулзжээ. Б.Обама төрийн тэргүүний албыг хаших
хугацаандаа хийсэн ажлынхаа талаар ярьсан байна. Тэрээр галт зэвсэг эзэмших,
авч явах явдлыг хязгаарлах зорилгоор хуульд шинэчлэл хийх гэсэн боловч
чадаагүйдээ маш ихээр харамсаж байгаагаа хэлжээ. Ерөнхийлөгч яагаад энэ хуульд
өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа ч дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Сонгуульт хугацаагаа дуусах хүртэл галт зэвсэг эзэмших, авч явах тухай хуулийг
чангатгахын төлөө ажиллана гэдгээ хэлжээ. Б.Обама уг ярилцлагадаа Их Британид
хандан Европын холбооноос гарахгүй байхыг уриалсан байна. ВВС-гийн сурвалжлагч
Б.Обама өөртөө маш их итгэлтэй, урьдынхаасаа ч залуу харагдаж байсныг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

102 дугаар цэцэрлэг өргөтгөлтэй болно

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих тухай” А/621 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр барих Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барихаар боллоо.

Батлагдсан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд пүрэв, баасан гаригт хагас ажиллана

Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар энэхүү түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” А/624 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллах юм байна.