Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн автозам усанд автжээ

Нийслэлд үүрийн 05:00 цагаас хойш бороо орж байна. Усархаг борооны улмаас Дарь-Эхийн зам усанд автаж, замын түгжрэл үүслээ.

БЗД-ийн 27 хорооны нутаг дэвсгэрт багтдаг Дарь-Эхийн автозамыг 2012 оноос шинэчилж, хуучин замыг нь хуулах ажил хийгдсэн. Гэсэн хэдий ч шинээр тавигдсан автозамд ус зайлуулах хоолой хийгдээгүйн улмаас бороо орох бүрт усанд автаж, замын хөдөлгөөнд саад учруулсаар байгаа юм.

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа алтан медаль хүртжээ

Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн үргэлжилж байна. Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ.

69 кг-ын жинд алтан медалийг Очирбатын Насанбурмаа /ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/, мөнгөн медалийг Агнеска Мерзчук Кордус /Польш/, хүрэл медалийг Дорити Элзебат Йетс /Канад, Пан-Америкийн спортын наадмын аварга, залуучуудын дэлхийн хошой аварга/, хүрэл медалийг Алиня Махиня /Украин, Дэлхий, европийн спортын наадам болон тивийн аварга/ нар хүртлээ.

Энэ жинд 18 барилдсанаас манай бөх О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар хожсон. Мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

В,С вируст гепатитын шинжилгээг төлбөргүй хийнэ

Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Элэгний төв” гепатитын В,С вирүсийн үнэгүй шинжилгээ оношлогоог энэ сарын 28-нд буюу маргааш гарагт хийх аж.

Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст гепатитын эмчилгээний зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст гепатитын эмчилгээний зөвөлгөөг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бороо үргэлжлэн орно

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус , өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ариунболд: Тариаланчид боломжоороо л зүтгэж байна, тарианы болц янз бүр байна

Жаргалант сумын тариаланч, “Хөх баянбулаг” компанийн захирал Ж.Ариунболдын тариан талбайд зочилж, ургацын байдлыг тандав. Зарим тариаланчдын холбооноос “Улсынхаа хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдсан” хэмээн прогноз хийсэн болохоор ч тэр үү ер нь л хэт халалтын дараа гурилтайгаа үлдэх эсэхэд олон хүн анхаарч буй. Харин Ж.Ариунболд “Тариаланч хүн бэлгэдлээ бодно. Болоогүй байхад нь муу амлаад, тэдэн хувиа алдсан гэж ярих сонирхол алга. Хураасны дараа санасанд хүрэх эсэх нь миний л асуудал” гэв. Тэд 3300 га-д улаанбуудай тариалсан ажээ. “Тариаланчид боломжоороо л зүтгэж байна. Тарианы болц янз бүр. Намар байдал нэлээд хүндрэх янзтай. Зарим тариа цутгалтандаа орж байна. Зарим нь гол хатгаж байна, зарим нь цэцэглэлтийн үедээ явна. Талбайнхаа чийгнээс шалтгаалаад өөр байна. Бидний талбай тэгш биш шүү дээ. Хонхор газар нь арай чийгтэй, гүдгэр газар нь арай бага байна. Адилхан хэмжээнд тарьсан ч янз бүр гарч ирж байна л даа. Ургац хураалт эхэлтэл үндсэндээ 40 хоног байна. Энэ хугацаанд юу ч болох юм билээ. Энэ жил яахав, улсын хэмжээнд төлөвлөсөн ургац багасах нь ойлгомжтой” хэмээн тэрбээр ярьж эхэллээ. Түүний тариан талбай дахь тарианы ишний өндөр 60 см орчим, сүүлд гарч ирж байгаа нь 40 см, дөнгөж цухуйж байгаа хэсэг ч харагдана. Нэгэн шарласан тариан түрүүг имэрч үзэхэд будаагүй, хоосон хальс байх юм. “Сүүлд гарч байгаа тарианууд хүнээр бол сульдаатай хүүхэд гэсэн үг. Уг нь бол гол хатгаад явж байгаа, түрүүлэлт эхлэх гэж байх үе. Тариан түрүүнд хуримтлагдаж байгаа будаа чийг авсан учраас ширхэг нь биерхүү тарган масс сайтай гараасай л гэж залбирч байна. Яагаа ч үгүй байна. Бороо их орвол нялхраад энэ шарлаж байгаа хэсэг буцаад ногоорчихно шүү дээ” гэж мань тариаланч өгүүлэв. Тэрбээр урт намар болоосой гэж хүсч байна. Тэдний талбай нийслэлд ойр учраас олон зочид хүлээж авдаг юм билээ.

-Хэт халалт болох нь гэж та бүхэн гадарлаагүй юу. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг анхаарсан л байх?

-Үндсэндээ энэ бол ган биш, гамшгийн байдалд очсон. Зөвхөн тариаланчид төдийгүй хүнсний ногоо тариалагчид, малчид, хөдөө аж ахуй энэ жил системээрээ хүнд байдалд орох нь. 23-24 жил тариа тарьж байгаа, Монгол Улсын гавьяат механикжуулагч, тариаланч хүний хувьд би ганцхан юманд их эмзэглэж байгаа. Үндсэндээ зургаа, долдугаар сарын цаг агаарын прогноз зуун хувь эсрэгээрээ болсон. Юу гэхээр ноднин арван сараас эхлээд цаг уурын мэргэжлийн удирдлага бүрэлдэхүүн солигдсон, таван сард олон жилийн дундажаас ахиу хур тунадас унана гэсэн, зургаан сард олон жилийн дундажийн орчимд, долдугаар сард олон жилийн дундажийн орчим гэхдээ тав зургаан сардаа агаарын температур зүгээр, долдугаар сардаа халалттай гэсэн. Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргаж бидэнд өгсөн гарын авлагад бий. Зургаан сард ган болохыг мэдсэн бол бид таван сард тариагаа тарих шаардлагагүй шүү дээ. Жаахан хойшлуулах ёстой. Манайд зургадугаар сарын 12-ноос халж эхэлсэн. Нийтдээ 25 хоног халсан. Дөрөв хоног 24-28 байсан. Үлдсэн 21 хоног 31-39 градус байсан. Хөрсөн дээрээ 69,9 градус байсан. Үүнийг л гамшиг гэж хэлээд байгаа юм. Төв аймгийн Жаргалантын цаг агаарын температурыг өдөр цаг минутаар гаргасан байгааг олж үзэж болно.

-Хэт халсан үед ямар нэг арга хэмжээ авах технологийн боломж байдаг уу?

-Бид ямар нарны халхавч бариад гүйлтэй биш. Хэдэн мянган га-г услах ямар ч боломжгүй. “Алтан тариа” компани бидэнд бордоо нийлүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн элит үр тарьсан, бид технологийн дагуу яг цаг хугацаанд нь л тарьсан. Цаг агаарын мэдээлэл бодитой байсан бол бид тариалах хугацаагаа наашлуулж цаашлуулах л асуудал байсан.

-Та өмнө нь ийм халуунтай тулгарч байв уу?

-1999-2000 онд халж л байсан. Халалтын үед ялгаагүй тариагаа тариад хурааж авч л байсан. Асуудал байхгүй. Өөр өөрийнхөө тавиланд л захирагдаад явна шүү дээ. Тэр үед хураагаад л авсан.

-Та юу хурааж авах вэ. Зарим хүмүүс малын тэжээл хурааж авна гэж байна?

-Тэжээл хураадаг нь тэжээлээ л хураана биз, би тариагаа л хураая.

-Тариаланчдын хувьд шийдвэр гаргагчдын зүгээс ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байгаа вэ?

-Улаан буудай гаднаас оруулж ирэх нь ойлгомжтой. Гэхдээ гурилын квотыг ургацын блансаа гаргасны дараа он гаргаж шийдэх хэрэгтэй. Шатахууны зээл, хор гербицидийн зээл яамнаас, “Тариалан дэмжих сан”-гаас авсан хүмүүсийн хувьд зээлийг аль болох хойшлуулж өгөх хэрэгтэй. Төрөөс авах гол арга хэмжээ энэ. Түүнээс биш төрөөс тэгээч ээ, ингээч ээ гээд байх юм миний хувьд байхгүй. Миний хувьд яамнаас авсан янз бүрийн зээл байхгүй. Хаягдалгүй, боломжийн хэмжээний ургац авахын төлөө л зүтгэнэ. Манайх техникийн засварын ажлаа эхлээд явж байна.

-Таны хувьд байгалийн хүнд нөхцөлтэй өмнө нь хэр тулгарч байв?

-1998 онд газар тариалангийн бүс нутагт нийт ургацынхаа 30-40 хувийг цасанд даруулсан шүү дээ. Төв, Булган, Сэлэнгэд цас дарсан. Манай компани гэхэд 3300 га-д улаанбуудай тариалсан байхад 1200 га-г нь цасанд даруулсан. Үлдсэн 2000 га талбайгаасаа га-гаас 20 центнерийн ургац авсан. 4000 тонн будаа авч, 500 тонн үрийн будаагаа хадгалаад, “Алтан тариа” компанид 3500 тонн будаа тушаасан, тэр жил. Цаг агаар муудаж магадгүй гээд гурилын үйлдвэрт өдөр шөнөгүй ачуулж байсан юм. Яг 1200 га-гийн улаанбуудайг цасанд даруулаад, цасанд даруулсан хэсгээсээ 60 тонн улаанбуудай хурааж авсан даа. Метр 20 см цасан дороос тариа хураах үндэс байхгүй. Оросын “Нива” комбайнаар тариа хурааж байсан. Надад

хоёр л сонголт үлдсэн. 300 тонн будаа яаж ийж байгаад авах уу, эсвэл талбайд явж байгаа 15 комбайнаа бүгдийг дуусгах уу гэдэг сонголт байсан. Цас хайлаад мөстсөн тариа комбайны гэдэс ходоодыг бүгдийг эвдлээд бид 60 тонн будаа хураагаад “За больё” гээд хаясан. Ийм үед бид гоншигоноогүй. Тэр үед ч бид амьдарсан. 2000 оны үед улсын хэмжээгээр ургац алдаад, гаднаас гурил, улаанбуудайн хараат байдалд орж л байсан. Дараа нь Атрын гуравдугаар аян өрнүүлээд газар тариалангийн салбар хөгжсөн. Гаалийн татвар тэглэсний дараа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь техникийн шинэчлэл хийж чадсан. Хамгийн сүүлийн үеийн техник газар тариалангийн компаниудад байна. Тарьсан, ургасан л байна шүү дээ. Их бага авах нь ямар хамаатай юм бэ. Хүч хөдөлмөр халуун сэтгэл шингэсэн тариа. Манай талбайд Монгол Улсын бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирсэн. З.Энхболдоос бусад бүх УИХ-ын дарга нар ирсэн. Бүх Хөдөө аж ахуйн сайд нар ирсэн. Би яамнаас надад ийм юм хэрэгтэй байна гэж гоншигонодоггүй.

-Та тариагаа хаана тушаадаг вэ?

-“Алтан тариа” компанид 23 жил ургацаа өгсөн. Спиртийн үйлдвэрт ч өгч үзээгүй, яаманд ч өгч үзээгүй.

-Танайх мундаг техникүүдтэй юм аа. Хаанахынх вэ?

– Техник тоног төхөөрөмж 100 хувь АНУ-ынх, “Вагнер Азийн” техникүүд.

-Тариаланчид даатгалд хамрагддаг уу?

-Тариаланчдыг даатгахгүй шүү дээ. Аймаар эрсдэлтэй. Банк тариаланчдад зээл өгдөггүй. Ингээд бодохоор газар тариалан тэнэгүүдийн хийдэг ажил болчихоод байгаа юм. Учиргүй эх орончид ч юм шиг. Малчид, тариаланчид, ногоочид хүнс хөдөө аж ахуйн салбарыг авч явж байгаа, жинхэнэ дөрвөн мөч, зовлогоороо баялгийг бүтээж байгаа хүмүүс.

-Та үе залгамжилсан тариаланч уу?

-Мань мэт нь Эрийн сайн хан харангуй биш. Ахмад үеийнхнээсээ зөвлөгөө аваад туршлагажаад өнөөг хүрлээ. Манай Жаргалант үр тариа, төмс, хүнсний ногоогоор яагаад сайн байна гэвэл ахмад үеийнхний юм бий. Жаргалантын Сангийн аж ахуйгаас 14 хөдөлмөрийн баатар төрсөн шүү дээ. Бид уламжлаад явж байгаа тариаланчид. Сүүлийн үеийн тариаланчдын 85 хувь нь сайн дурын уран сайханчид болчихсон.

-Газар тариалангийн салбар ашигтай байна гэж үзээд сайн дурынхан орж ирдэг байх л даа?

-Тийм байхгүй юу. Яам бодлогоо л барих ёстой. Яам аж ахуйн ажил хийгээд байна. Тэгээд ирэхээр сайн дурын тариаланчид нэмэгдчихээд байгаа юм. Би төрийн нөхөр байлаа гэж бодъё. Тэгээд чамд “Янжмаа, тэнд жаахан газар байна. Намайг байгаа дээр жаахан тариа тариад ав” гэх маягаар яваад байна. Би Эрүүл мэндийн сайдын хамаатан гээд эмнэлэгт очоод, хамгийн үнэтэй мэс заслыг нь хийж чадахгүй биз дээ. “Юм тараадгаа болиоч дээ” гэж Өөлд сайд байх үеэс л хэлсэн. Тариаланчдад шатахуун зээлээр өгч байна гэхээр ард түмэн будаа аваачаад цацахаар багсайтал ургачихдаг гэж боддог. Үгүй байхгүй юу. Наадах чинь давхар бизнес байгаа юм. Би мөнгөтэй учраас энэ нөхрөөс очоод салерк авахаар миний үтрэм дээр авчирч өгсөн ч нэг литр салерк 1400 төгрөг. Гэтэл мөнгө нь байхгүй хүн яамнаас салерк зээлээр авч байгаа юм. Үнэ нь 1800 төгрөг. Гэхдээ 50 хувиа эхлээд төлнө. Үлдсэн 50 хувиа ургацаасаа төлж байгаа шүү дээ. Түүнээс биш үнэгүй өгсөн юм байхгүй. Тэгээд бодохоор асар их зөрүүтэй. Би “Шим”-тэй очоод гэрээ хийгээд урьчилгаагаа төлөөд авахаар 3000 га-гийн хор гербицидийг 100 сая төгрөгөөр авлаа гэж бодъё. Тэгэхэд Янжмаа яамаар дамжуулаад зээл авахаараа 30 хувийг нь төлөөд үлдсэнийг нь тооцоод үзэхээр 120 саяд авч байгаа юм. Явж явж тусламж авсан биш бараг шатаад байгаа байхгүй юу. Түүнийгээ тусламж гээд байгаа юм. Тариаланчид рапс тарилаа, хөрсөнд муу гээд байдаг. Наадах чинь дэлхийд байхгүй зүйл.

-Рапс улаанбуудайнаас хамаагүй илүү шим тэжээлийг хөрснөөс сорж авдаг гэх юм билээ?

-Тэгвэл нацистууд яагаад жилийн жилд рапс тариад байгаа юм. Ургамал хөрснөөс авч байгаа үржил шим өөр өөр. Чи дан гурилан идэх юманд дуртай бол бууз идлээ гэхэд буузныхаа гурилыг л иднэ. Би маханд дуртай махыг нь л иднэ. Яг тэрэнтэй адил хөрснөөс солбиод л юмаа авна. Сэлгээ гэж заавал байх ёстой. Ноднин би рапс тарьсан. Сэлгээ хийхгүй бол хөрснөөсөө махыг нь авч идсээр байтал гурил нь үлдээд байна.

-Рапс арай илүү үнэтэй байдаг гэдэг?

-Бизнесийн хувьд ашигтай. Гэхдээ л юманд хэмжээ хязгаар гэж бий. Ухамсрын л асуудал.

-Бизнесийг ухамсраар хийх үү ашигаар хийх үү?

-Ашиг л боддог хүн бол мөнгөний боол болж явна. Бизнесийг ухаанаар хийдэг хүн жаргал гэдгийг амтална

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Өндөр гэгээн Занабазар Очир Дара бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу мастер байсан юм

Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн Бат оршил өргөх даншиг наадмыг нээж УИХын дарга З.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна. Уг наадам Өндөр гэгээний төрсөн газар Өвөрхангай аймгийн нутаг Орхон түшээ мөрний хөвөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм.

Өнөөдөр та бид Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Өндөр гэгээн Занабазар бол Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авьяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм. Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашин, соёлыг бий болгож төгөлдөршүүлсэн Их гэгээнтэн бурхны шашны төвлөрсөн хэд хэдэн том сүм хийдийг уран барилгын өөрийн дэг жаяг, инженерчлэлийн тооцоон дээр үндэслэн байгуулсан бөгөөд Очир Дара бурхан, язгуурын таван бурхан зэргийг урлан бүтээсэн Дорно дахины дүрслэх урлагийн агуу их мастер байсан юм. Түүний бүтээлийг өрнө дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн ЮНЕСКО хамгаалалтандаа аваад байна. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазар олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн бөгөөд энэхүү “Соёмбо” монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно.

Тэрээр монголчуудыг эвтэй найртай байлгахын төлөө ухаанаа уралдуулж, санаагаа сааж байсан суут сэтгэгч эрдэмтэн, сэтгэлгээний ур, хаялгаараа их соён гэгээрүүлэгч, Манжийн хааны Монгол руу явуулах бодлогыг ухааны даац, цөлхөөрөө зөөллөж чадсан улс төрийн том зүтгэлтэн байсан гэдгийг эдүгээ эрдэмтэд нотолж байна. Тийм ч учраас монголын төр засаг энэ их хүний мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхийн эзэнт улсын нийслэл байсан Хархорин хотноо зохион байгуулж байгаа нь утга зохицолтой юм. Энд хуран цугларсан наадамчин та бүхэн болон нийт Монголынхоо түмэн олондоо эрүүл энх, сайн сайхныг хүсэн өрөөе.

Categories
мэдээ цаг-үе

Жулиус Прайсын аялал ба хүрээний хөөрхөн Дулмаа

Зуун жилийн цаанатай л гэлүү, бүсгүй минь ээ

Зураг болоод дүрээрээ даллах, хонгор минь ээ

Ч.Дагвадорж

1890 оны дөрөвдүгээр сар. Их Британийн зураач залуу Монголын нийслэл Өргөө хотоор зугаалж яваад гоёл зүүлтээ бүрэн агссан сурвалжит язгууртан монгол бүсгүйг харуутаа нүд алдан дурлана, мөн бүсгүйг зурна. Үүнээс 120 жилийн дараа нэгэн монгол эр бүсгүйн зургийг Америкийн бяцхан мухлагаас олж авна. Таван жил хадгалсны эцэст зургаа дотны найрагч ахдаа үзүүлнэ. Монгол найрагч зургийг үзүүт бийрээ гарган шүлэг тэрлэнэ. Зураг шүлэг хоёр энэ удаад эргээд Өргөө хотдоо (Хот харин Улаанбаатар нэртэй болсон байна) ирнэ. Зургийг үзэж, шүлгийг уншсан хөгжмийн зохиолчийн толгойд ая орж ирнэ. Зуун жилийн өмнө британи залуугийн дурлаж асан монгол бүсгүй ийнхүү дуу болон ахин амьдарна.

Кино мэт ярьвал бичих гэсэн зүйл маань товчдоо энэ, одоо харин учгийг хөвөрдөн, үүх түүхийг эхнээс нь өгүүлье.

Ноордэншээлд (Карынтэнгис үү, Хар далай юу)

Монгол бүсгүйн зураг 125 жилийн дараа дуу болон амилсан түүхийн уг эхийг хөөвөл Фин-Шведийн нэрт аялагч, геологич, ургамал судлаач Барон цолт Адолф Эрик Ноордэншээлдийн аялал, нээлттэй холбогдоно. Шинжлэх ухааны энэ олон төрлөөр мэргэшээд зогсохгүй Финланд улсынхаа эрх чөлөөний төлөө Хаант Оросын эсрэг тэмцсэнийхээ улмаас цөлөгдөж хүртэл байжээ. Тэр үед Финланд Оросын харьяанд байв. Ноордэншээлдийнхэн гэж сурвалжит угсаатай, эрдэм оюуны баялаг өв уламжлалтай цуутай сэхээтэн гэр бүл байжээ. Эцэг Нилс Густав нь нэрт эрдэс судлаач байсан бол нэг хүү нь Өмнөд Америкийг судлаач эрдэмтэн, нөгөө нь алдарт аялагч болсон байна. Адолф Ноордэншээлд өөрөө хожим Шведийн Парламентийн гишүүн, Шведийн Академийн жинхэнэ гишүүн болжээ. 1863 онд Анна Мариа Маннерхэймтэй гэрлэсэн, гэргий нь хожмоо Финландын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан, эх орноо Оросоос чөлөөлж, анхны Ерөнхийлөгч нь болсон Карл Маннерхаймын авга эгч нь гээд бодохоор түүний үзэл бодол, нөлөө түүхэнд хэр чухал байсан нь харагдана.

Ноордэншээлдийн олон аяллаас хамгийн алдартай нь Атлантын далайгаас гарч Хойт мөсөн далай, Карын тэнгисээр дамжин Берингийн хоолойгоор Номхон далай хүрсэн томоохон нээлт юм. Карын тэнгис хүрэх л хамгийн чухал байж. Оросуудын “Северный морскойпуть” хэмээдэг тэр замын хамгийн чухал холбоос нь Карын тэнгис болно. Энэ тэнгисийн нэрийн гарал их сонирхолтой. Оросууд Карскоеморе хэмээн харьяалахын тийн ялгалаар холбож байгаа нь “Кар, Кара” хэмээх үгийг жинхэнэ нэр хэмээн үзэж буй хэрэг юм. Тэгээд ихэвчлэн нэнэц хэлний “мөс” гэсэн үгтэй холбон тайлбарладаг. Харин Барууны хэлнүүдэд Kara Sea хэмээн шууд үндсээр нь холбож байгаа нь тэмдэг нэр хэмээн үзэж байгаагийнх нь илэрхийлэл бөгөөд монгол, түрэг хэлний “кара” буюу “хар” гэсэн үгээс гаралтай хэмээн олон судлаач тайлбарлаж байна. Монгол-Түрэгийн зүг чигийн уламжлалт бэлгэдэлд Хойд зүгийг ямагт хар өнгөөр төлөөлүүлдгийг бодвол энэ тайлбар оновчтой мэт. Тэгж үзвэл энэхүү тэнгисийг Карын тэнгис биш, Кара буюу Хар тэнгис хэмээн оноох нь монгол хэлнээ илүү тохиромжтой. Гэвч энэ тохиолдолд бас Крым зүгт орших Хар тэнгистэй андуурах гэм буй, үүнд нэгийг нь Хар тэнгис, нөгөөг нь Хар далай хэмээн тогтоож болох юм.

“Лондоны зурагт мэдээ” сэтгүүл

Хоёр ч том усан онгоц Карын тэнгис, Горлог мөрнийг зорин хөдлөх гэж буйг Лондоны хэвлэл мэдээллийн хамгийн чухал хэрэгсэл болох Illustrated London News буюу “Лондоны зурагт мэдээ” сэтгүүл зүгээр хараад суусангүй, аяллыг сурвалжлахыг, Сибирийн аж амьдралыг уншигчдадаа хүргэхийг зорьжээ.

“Лондоны зурагт мэдээ” болбоос 1842 онд анхны дугаар нь гарснаас хойш 1971 оныг хүртэл тасралтгүй долоо хоног тутам гарсан (130 шахам жил шүү дээ), түүнээс хойш дугаар нь цөөрсөөр 2003 онд сүүлчийн удаа цаасан дээр гараад онлайн сэтгүүл болон шилжсэн, Английн арвин баялаг түүхтэй, эртний сэтгүүлүүдийн нэг юм. Мэдээгээ зурагтай гаргаж эхэлснээрээ алдартай, тийм ч учраас тухайн үеийн хамгийн шилдэг зураачдыг редакцидаа ажиллуулахыг хичээдэг байжээ. “Лондоны зурагт мэдээ”-гийн өрсөлдөгч сэтгүүл болох “График”-т суут Ван Гог зургаа өгдөг байсан гээд бодохоор өрсөлдөөн хэр ширүүн, зураач сурвалжлагч нар нь хэр чадварлаг байсан нь тодорхой. Тус сэтгүүлийг Хэрбэрт Инграм гэж хүн үндэслэсэн бөгөөд түүнийг хүү Уиллиам Инграм нь залгамжилсан байна. Мөнөөх хоёр усан онгоц Горлог мөрний зүг хөдлөхөөр зэхэж байсан үе буюу 1890 онд Уиллиам Инграм сэтгүүлийн эзэн байлаа. Тэрбээр сурвалжлагч, зураач нараасаа хамгийн чадварлаг, бичих зурахыг хослуулдаг, адал явдалд дуртай, аялах сонирхолтой, зоригтой нь болох Жулиус М.Прайсыг өрөөндөө дуудаад “Лондоны зурагт мэдээ”-гийн “тусгай зураач”-ийн үүргийг гүйцэтгэн, Оросыг зорих уу хэмээн асуужээ. Прайсын хожим дурсан бичсэнээр “Би тэр үед адал явдал эрэлхийлэн хаашаа л бол хаашаа аялахад бэлэн байсан юм. Ноён Инграм надаас Сахарын цөлийг унадаг дугуйгаар туулах уу гэж асуусан ч бай, би дуртайяа зөвшөөрөхөөр байлаа” гэсэн байдаг. Сибирийн зүрхэнд орших Енисейск хотыг зорихоосоо өмнө Жулиус Прайс даргаасаа, өөрөөр хэлбэл аяллыг нь ивээн тэтгэгч Инграм эрхлэгчээс “Тэнд хүрсэн хойноо би хаашаа явбаас зохилтой вэ” хэмээн асууж. Инграм ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сайн ойлгодог удирдагч байсан тул “Манай сэтгүүлд зураг, мэдээгээ ирүүлсээр байсан цагт хаашаа явах нь таны л хэрэг” хэмээн хариулжээ. Бичих зурах эрх чөлөө, цаг хугацааны хязгаар үгүй аялал. Уран бүтээлч хүнд өөр юу хэрэгтэй сэн билээ. Чухам энэ үг Жулиуст бөглүү боловч адал явдлын эх орон болох Монголд хүрэх урам зоригийг өгсөн бөлгөө.

Жулиус М.Прайс гэж хэнбэ?

Ингээд Прайс 1890 оны долдугаар сарын 18-ны өдөр Темза мөрний боомтоос Норвегийн Бискаяа хэмээх уурын онгоцонд суун Горлог мөрнийг зорин хөдөлжээ. Аяллын тухай бичихээсээ өмнө Прайсын хэн болохыг уншигч авгайд танилцуулах нь зүйтэй. “Лондоны зурагт мэдээ” сэтгүүлийн зураач Жулиус М.Прайс нь юуны өмнө дайны сурвалжлагч-зураач гэдгээрээ түүхэнд алдаршин үлдсэн хүн юм. Эцэг нь Польшид төрсөн жүүд гаралтай хүн байсан боловч Англид ирж, Их Британийн иргэн болоод Рачел гэж англи бүсгүйтэй гэрлэснээр Жулиус ууган хүү нь болон мэндэлсэн байна. Бидний өгүүлж буй аяллаас өмнө Өмнөд Африкт тус сэтгүүлийн зураачаар ажиллаж байсан бол дараа нь Герег-Түрэгийн дайны үед Герегийн талд, Орос- Японы дайны үед Оросын талд дайны сурвалжлагч-зураачаар ажиллаж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд ажлаа үргэлжлүүлэн 1914 онд Францын фронтоос, 1915-1916 онд Италийн фронтоос зураг мэдээгээ “Лондоны зурагт мэдээ”-д ирүүлж байв. Дайны дараа байгуулсан гавьяаг нь үнэлэн Италийн Ван “Эр зоригийн загалмай” одонгоор шагнасан байдаг. Ийм нэгэн зориг зүрхт эр Енисейск хотыг зорин хөдөлсөн ба тэндээсээ Инграм эрхлэгчийн дуртай газар луугаа явж болно хэмээсний дагуу Монголоор дамжин Бээжин хүрэхээр шийджээ.

Эрхэм уншигчийн цагийг хэмнэх үүднээс Прайсын аяллын олон сонин, Горлогт хэрхэн хүрсэн, Эрхүүд шоронгоор зочилсон, цөлөгдөгсөд, хоригдлуудтай уулзсан, Байгал нуураар аялсан, Хиагт орсон зэрэг бүхий л дуртгалыг алгасаад шууд Өргөө хотноо хүрье.

Жулиус Прайс Монголд

Жулиус Монголоор явахдаа ажлаа хийсээр, “Лондоны зурагт мэдээ”-д зураг сэлтээ илгээсээр явлаа. Ингэхдээ олон сонирхолтой ажиглалт дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал монголчуудын ирээдүй, үндэсний үзлийн талаар “Хэдийгээр тун өвөрмөц үндэстэн боловч монголчууд Хятадад уусан, аажмаар үгүй болж байна. Гэвч Чингис хааны удмынхны дунд их өвгийнх нь үеийн агуу цаг эргэн ирнэ, Чингис хаан шиг удирдагч ахин төрж, улс үндэстэн нь сэргэнэ гэсэн итгэл үнэмшил буй” хэмээжээ. Өргөөд ядуус маш олон боловч Красноярск, Эрхүү хийгээд Оросын бусад хотод байсантай нь харьцуулахад гуйлгачин нэг ч таараагүйг гайхан дурссан байдаг. Орост бол гуйлгачид дэргэд нь даган, гар хөлөөс нь татан зовоодог байсан аж. Монголчууд гэтэл үгээгүй ядуус нь хүртэл бардам байх нь сонирхолтой байж.

Богдуудын талаар, тэднийг яагаад их залуудаа насан өөд болдог талаар тодорхой бичсэн боловч эхний болон сүүлчийн Богдыг арай өөр болох талаар ийн өгүүлж: “Богдууд дотроос хорь илүү насалсан нь цөөн. Харин хоёр зуун жилийн тэртээх анхны Богд далан насыг зооглоод жам ёсоороо хальжээ. Биеэ зөв авч явдаг хүн байсан бололтой. Хорин хоёр настай одоогийн Богд бас миний сонссоноор бусдаасаа өөр гэнэ. Эрдэм мэдлэгтэй, орчин үеийн эд юмс, шинэ нээлт зэрэгт их дуртай хүн аж. Ордондоо гэрэл зургаа авахуулснаас гадна Оросын түрүүчийн консулын бэлэглэсэн төгөлдөр хуурыг залсан байна”. Прайс тэр ч бүү хэл тун санамсаргүй байдлаар Богдтой уулзан, үл ойлголцсоноо бичжээ.

Прайсын бас нэг гайхсан зүйл нь Монгол хэдий Хятадын (Манжийн) харьяаны улс боловч бүх юм нь орос байсан явдал юм. Мөнгөний оронд хэрэглэдэг цай, хадгаа хүртэл хятад мөнгөөр биш орос рубль, копейкоор жишин бодно. Консул асан М.Шишмарев гэхэд Өргөөд хамгийн нөлөөтэй, амбанаас ч чухал хүн байсан гэх мэтээр дүгнэжээ.

Өргөөгийнгоо

Жулиус Прайс Өргөө хотноо олон зүйлд, бохир заваанд нь, зэрлэг нохдод нь сэтгэл дундуур байснаа нуусангүй. Огт өөр ертөнцөд ирсэн түүнд бүхий л юм харийн, үл мэдэх, үл ойлгох зүйл байлаа. Гэвч тэрбээр “дэлхийн аль ч буланд адил тохиох, бүхий л улсад ижил байх, дундын хэлийг” олж харсандаа ихэд баярласан байдаг. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Майдар эргэх ёслол болсноор нэгэн хэвийн уйтгарт хот хэмээн залхаж байсан өнөөх Өргөө нь өнгө орон, хүн зон нь ч сэргээд иржээ. Ялангуяа охид бүсгүйчүүд хамгийн өнгөлөг дээлээ өмсөн, гоёл зүүлтээ агсан, сайхан морь унан давхилдах нь бахархалтай байсан аж. Залуус тэднийг хоргоон өдөхүй, бүсгүйчүүд ч нүүр тал өгөн, хошин сэцэн үг солилцон сээтгэнэн аальгүйтэхийг хараад Прайс ертөнцийн хаа ч зарим зүйл эгээ л адил байдгийг мэдрэн баяссан ч нөгөө талаар тэдний дунд орон, залуусын хөгжил цэнгэлээс хуваалцаж чадахгүйдээ хөнгөн гуньжээ. Даарин дээр нь давс гэгчээр чухам энэ үед өөрийнх нь дүрсэлснээр “сувдан цагаан шүдтэй”, сайхан бүсгүй давхин өнгөрсөнд амьсгаа ч авч чадахгүй болтлоо алмайран, “Арабын алдарт шөнүүд”-д айлчилсан мэт болж, хэд хоног хоол ч идэж чадахгүй болсон байна. Хожим харин тэр бүсгүйгээ хэрхэн олсныг мэдэхгүй, ямар ч байсан зургийг нь зурж, нэрийг нь сийлэн баримтжуулж авчээ. Зургаа тэрбээр “Өргөөгийн гоо” хэмээн нэрийдэж. 1891 оны дөрөвдүгээр сард зурснаа бичээд гарын үсгээ ч тавьж. Давхраатай нүдтэй, бөөрөнхийвтөр эрүүтэй, яг л “монгол маягийн гоо үзэсгэлэнгийн” илэрхийлэл болсон бүсгүй байх юм. Булган малгай тавьж, дэргэр үсэндээ дөрвөн хавчаар хатгасан ба үснийх нь туйв, гэр нь дан мөнгө байгаа нь нэлээд чинээлэг айлын охин болохыг харуулна. Унжуулсан санчиг нь гоёмсог эд санж. Жулиус Прайс мэргэжлийн зураач хүний ёсоор тэгш хэмт хоёр талын нэгийг нь нэн нарийн зурж, хавчаар, туйв, санчиг зэргийн хээг тодотгоод нөгөө талыг нь харин хялбарчилжээ. Хамгийн сонирхолтой нь зургийн дэргэд Дулмаа хэмээн нэрийг нь бичсэн байна. Прайс нэг сарын дотор монгол бичиг сурна гэж үгүй, тэгэхээр бүсгүй өөрөө нэрээ бичиж өгсөн нь тодорхой. Дулмаа гэж тэр үеийн монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр учраас хэн гэж сурвалжтаны охин байсныг сурвалжлан мэдэхэд үнэхээр хүнд юм.

Дулмаа Английн сэтгүүлд, дараа нь номонд

Юутай ч энэ явдлаас хойш зургаан сарын дараа Дулмаагийн тэр зураг “Лондоны зурагт мэдээ” сэтгүүлд заларчээ. Дөрвөн сарын сүүлчээр зурсан зураг, мэдээ тус сэтгүүлийн 10 сарын 24-ний дугаарт гарсныг бодоход Жулиус Прайсын мэдээ, зураг ямар хугацаанд Лондонд хүрдэг байсныг тооцоолж болно. Хагас сайн өдөр гардаг тус сэтгүүлийн 2740 дэх дугаарын зочин нь Өргөөгийн гоо бүсгүй Дулмаа болсон байна. Сэтгүүл зургаан мөнгөний үнэтэй гардаг байж. Жулиус Прайсын мэдээ, зураг нэн сонирхолтой байсан тул “Лондоны зурагт мэдээ” сэтгүүл цувралаар тавьсны эцэст ном болгон, нэгтгэж хэвлүүлэх нь зүйтэй болохыг түүнд зөвлөсөн байна. Ингээд 1891 онд аяллаа дуусгаж ирээд Лондоны нэгэн хэвлэлийн газартай ярилцан тохирсноор 1892 онд аяллынхаа бүх материалыг эмхэтгэн ном болгон гаргасан аж. Номын нэр “Хойт мөсөн далайгаас Шар тэнгисийг хүртэл”. Давхар гарчиг нь “Сибирь, Монгол, Говь цөл, Умард Хятадаар аялсан нь”

Ийнхүү энэ удаад Хүрээний хөөрхөн Дулмаа маань номын баатар болох нь тэр. Миний бие хожим дээрх сэтгүүлийн уг эхийг болон энэ номын ахин хэвлэсэн хувийн аль алиныг олж чадсан, гэхдээ хамгийн эхэнд Дулмаагийн тэр салангид зургийг АНУ-ын хуучин номын жижиг дэлгүүрээс тун санамсаргүй олж билээ. Тэгээд л цааш нь судлан сурвалжилсаар байж, ямар ном, сэтгүүлд гарсныг нь, үүх түүхийг нь мэдэж авсан хэрэг. Миний олсон тэр зураг болбоос бичгийн цаасны хэмжээтэй, мэдээж яг Жулиус Прайсын зурсан эх бол биш, харин номд хэвлэхэд зориулан хуулбарласан тэр эх нь юм. Номд зориулсан гэдгийг нь хэрхэн мэдэж байна гэхээр баруун доод буланд нь “299-р хуудасны өөдөөс харуул” гэсэн тэмдэглэгээтэй. Сэтгүүлд мэдээж тийм тэмдэггүй гарсан байгаа. Тэртээ 1891 онд англи зураачийн анхны харцаараа дурлан зурсан, Өргөөгийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйн хуучирч шарласан энэ зургийг ертөнцийн нөгөө мухар дахь бяцхан мухлагаас олж авсан миний сэтгэл бас хөдлөхгүй ч байж болсонгүй, олсон даруйдаа хаана ийм зураг, юунд хэвлэгдсэн байх вэ, хэн билээ энэ хэмээн битүүхэндээ хайн явах болсон юм. Олж авсан мэдээ сэлт маань харин ийм нэгэн нийтлэл болоод танаа хүрч байна.

Дулмаа дуунд мөнхрөв

Тэгж байтал АНУ-д, бидний зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын бага хуралд оролцохоор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач шүүмжлэгч Чойсүрэнгийн Дагвадорж багш маань хүрэлцэн ирлээ. Дагвадорж нэртнүүд цөөн биш тул утга зохиолын хүрээнд багшийг Буурал Дагвадорж, Будантай юу-гийн Дагвадорж гэхчлэн ялган авгайлна. Нэгэн үдэш Дагваа багш бид хоёр Вашингтоны тэнгэр дор элдвийг хуучлан суутал багш анх Америкт хөл тавьсан тухайгаа, хөдөөний нэгэн тосгонд их цасан шуурганаар алхаж байтал нь Сузанна гэж сайхан сэтгэлт бүсгүй зогсоод унаагаараа хүргэж өгсөн тухай өгүүлэв. Тэгээд тэр бүсгүйн тухай

…Тоотой насны мишээл

Тосгоны ганган Сузанна

Гэндүүтэй хорвоон гэгээ

Гэрэлтийн чимэг Сузанна… хэмээн шүлэглэсэн гэнэ. Үүнийг сонсуут өнөө Дулмаа маань санаанд орон, зургийг нь ухан гаргаж багшид харууллаа. Үүх түүхийг нь ярьж өгөөд, та энэ Дулмаад бас нэг шүлэг бичиж өгөөч хэмээн хүсэв. Багш ч зургийг хараад уриалгахан зөвшөөрсөн, шүлгээ ч тэрлэсэн, гэтэл тэр нь шүлэг болоод тогтсонгүй, хөгжмийн зохиолч Р. Оюунбат ая хийн, дуучин Мөнхжаргал дуулснаар Дулмаа өдгөө дуунд мөнхөрсөн билээ.

Төгсгөлийн оронд

Даяаршил гэж юу вэ гэж асуух нь олон. Тэгвэл би ийн хариулна. Польшид төрсөн жүүд гаралтай хүний хүү Их Британийн иргэн болж, Лондонд ажиллах нь, тэртээ хол орших Монголд очиж, гоо бүсгүйд дурлах нь, түүнийгээ зурах нь, тэр зургийг нь 100 жилийн дараа далайн чанад дахь АНУ-аас Өөлд Монгол залуу олох нь, Хотгойд Монгол найрагч ах нь шүлэг зохиох нь, Халх Монгол хөгжмийн зохиолч ая зохируулан, дуу болгох нь. Дэлхий гэж энэ гариг юутай бяцхан, хүний тавилан учрал гэж ямар жигтэй, улс нутгаараа, яс үндсээрээ талцан эвдрэлцэх бус талархан золгох нь даяаршил бөлгөө.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч Мягмарын Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхболор: Нийтийн тээврийн бүх л үйл ажиллагаа, орлого шилэн болно

Нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх ажил амжилттай боллоо. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй бүх автобуснууд цахим төлбөрийн системд шилжин иргэдэд үйлчилж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан цахим төлбөрийн систем болон төслийн талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа.

-Нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүллээ. Гэхдээ давуу тал нь юу болохыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа. Энэ талаар сонирхуулаач?

-Манай Ухаалаг автобус төсөл бол цогц төсөл. Төсөл маань автобусны менежментийн систем, удирлагын төв буюу мэдээллийн систем болон цахим төлбөрийн систем гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлснээр сүүлийн 50 орчим жил нэг хэвийн явж ирсэн нийтийн тээврийн бодлогод шинэ өнгө аяс, өөрчлөлт, маш том эргэлт гарна. Тухайлбал, хамгийн эхэнд нийтийн тээвэртэй холбоотой төсөв санхүү шилэн болох юм. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн мэдээлэл бодитой болно. Түүнчлэн орлого нь ч тодорхой болох юм. Энэ мэтээр автобус компанийн захирлууд өөрийнхөө өмчийг, төр нөхөн олговрынхоо мөнгөний зарцуулалтыг 100 хувь хянадаг болох зэрэг олон давуу талтай.

-Ерөнхийдөө нийтийн тээврийг 100 хувь хянадаг болох нь ээ?

-Тийм. Нэг автобусанд дөрвөн камер суурилуулна. Ингэснээр иргэд эрсдэлгүй зорчих боломж нээгдэж байгаа. Тодруулж хэлбэл, автобусанд суугаад эд зүйлээ хулгайд алдах, автобус хурд хэтрүүлэх, жолооч автобусанд тамхи татах зэрэг зөрчил үгүй болно. Камертай болсноор иргэд аюулгүй зорчих боломжтой. Камерийн бичлэг манайд долоо хоног хадгалагдана. Хулгайд эд зүйлсээ алдсан хүн цагдаагийн байгууллагад хандаад камерийн бичлэг шүүх боломжтой. Мөн орлогын мэдээлэл манай дээр жил гаруйн хугацаанд хадгалагдана.

-Цахим картыг худалдаанд гаргаж эхэлсэн. Бас автобусуудад бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан байна лээ. Яг хэзээнээс картаар төлбөрөө хийдэг болох юм бэ?

-Бид эхний ээлжинд карт цэнэглэх 280 орчим цэгтэй гэрээ хийсэн байгаа. Яваандаа картыг улам боловсронгуй болгож бэлэн мөнгөний машин болон интернэт банкаар цэнэглэдэг болгоно. Одоохондоо цахим төлбөрийн системийг дөнгөж нэвтрүүлж байгаа болохоор иргэд бүгдээрээ картаа авч амжаагүй байна. Тиймээс ирэх лхагва гариг буюу долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл кондукторууд билетээ тасалж явна. Гэхдээ ухаалаг картаа авсан хүмүүс автобусанд картаа уншуулж явах боломжтой. Харин картаа авч амжаагүй хүмүүс билетээр зорчихоос гадна бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болно. Хайрцагт мөнгөө хийсэн тохиолдолд бэлэн мөнгөний баримт өгнө. Энэ мөн л цахим төлбөрийн системийн нэг онцлог байгаа юм. Ерөнхийдөө бол ирэх лхагва гаригаас зөвхөн цахимаар төлбөрөө хийж зорчино гэж ойлгож болно.

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар асууя. Энэ байгууллага цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Цаашдаа нийслэлийн Тээврийн газартай хамтарч нийтийн тээвэрт хяналт тавина гэж сонссон. Үнэн үү?

-Бид автобусанд төлбөрийн цахим төхөөрөмж, байршил тогтоогч болон камер суурилуулсан байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газартай хамтран цогц хяналт тавина. Тодруулбал, тухайн автобусанд зорчиж байгаа иргэд болон төлбөрийн мэдээлэл тухай бүртээ манайд ирж байгаа гэсэн үг. Байршил тогтоогчийг камерууд давхар хянах учраас аливаа автобус маршрутаас хазайсан тохиолдолд бидэнд дохио ирнэ. Ерөнхийдөө нийтийн тээврийн салбарт гардаг бүхий л зөрчлийг хянах юм. Мөн манай удирдлагын төвд нийтийн тээврийн бүх автобусны үйлчилгээнд гарч байгаа цаг, минут, хаана явж байгаа зэрэг бүх мэдээлэл нь очиж байх юм. Мөн хаана автобусны хүлээлт үүсч байна вэ гэдэг мэдээлэл ч очих юм. Харин үүн дээр тулгуурлаад нийтийн тээврийн бодлогоо тодорхойлно. Цэвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой мэдээлэл дээр тулгуурлан бодлогоо тодорхойлно гэсэн үг шүү дээ.

-Зорчигч ихтэй чиглэлд автобусны тоог нэмэх зэрэг арга хэмжээ авах нь ээ?

-Жишээ нь Дамбадаржаагаас өдөрт хичнээн хүн автобусаар зорчиж байна вэ гэсэн бодитой мэдээлэл гарах юм. Улмаар ачаалал ихтэй байвал автобусаа нэмье, харин ачаалал багатай хэсэгт автобусаа цөөлье зэрэг арга хэмжээ авах юм. Мөн манай мэдээлэл дээр тулгуурлаад маршрутын шинэ төлөвлөлтөө хийнэ.

-Танай компани Солонгос улстай хамтран ажиллаж байгаа. Энэ талаар?

-Бид олон орны системийг судалж үзсэн. Тэр дундаас хамгийн оновчтой бөгөөд үр дүнгээ өгч байгаа нь солонгосын төлбөрийн систем байсан. Энэ систем нь манай улсад ашиглахад боломжтой бөгөөд Зүүн өмнөд Ази, Европ, Америк тивийн зарим улсуудад хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд үнэлэгдсэн систем юм. Ер нь бол дэлхийн хотууд нийтийн тээврээ хэдийнэ цахим төлбөрийн системтэй холбосон. Харин манай улс нэлээд хоцрогдолтой байгаа. Гэхдээ бид дэлхийд өндрөөр үнэлэгдсэн системийг нэвтрүүлж байгаа. Туршилт хийгээд, хэрэглээнд нэвтрүүлчихсэн төхөөрөмжийг нэвтрүүлж байна шүү дээ. Тэгээд ч бидний суурилуулж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд олон улсын код, сертификаттай. Манайд суурилуулж байгаа төхөөрөмжийг одоо солонгост суурилуулах гэж байгаа. Тэдний одоогийн ашиглаж байгаа төхөөрөмж иргэддээ мэдээлэл өгөх дэлгэцгүй. Харин манайх картны үлдэгдэл болон цэнэглэсэн дүнгийн мэдээллийг ч өгч байгаа.

-Бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа танилцуулаач. Мөн цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулав. Энэ талаарх мэдээлэл цацагдах үеэр нийслэл дэмий зүйлд хөрөнгө зарж байна гэсэн шүүмж нэлээд гарсан. Одоо ч яригдаж байгаа?

-Анх Дата карт консерциум гэж байгуулагдаад энэ төсөлд шалгарсан. Нийслэлийн удирдлагууд шинэ технологи буюу ноу-хау нутагшуулах журам гэж баталсан. Үүний хүрээнд олон улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Гадны болон дотны олон компаниуд

сонгон шалгаруулалтад өрсөлдсөн. Ингээд манай Монгол, Солонгос, Худалдаа хөгжлийн банк, Жи мобайлтай хамтарсан түншлэл ялалт байгуулсан. Бидний хөрөнгө оруулалт 14 орчим сая ам.доллар байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Гэвч зарим хүмүүс манай төслийг гуйвуулж, янз бүрийн мэдээлэл цацаж байгаа. Хамгийн гол нь энэ хөрөнгө оруулалт эко хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтыг бид улс, нийслэлийн төсөв дээр суулгаж дарамт өгөхгүй. Мөн автобусаар зорчих үнийг ч нэмж дарамт өгөхгүй. Компанийн өдөр тутмын орлогоосоо маш бага хэмжээний шимтгэл авч 4.8 жил, эрсдэлээ тооцоод зургаан жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцож байгаа. Бидний гол хөрөнгө оруулагч маань Сөүл хот буюу Korea smart card. Тэгэхээр Сөүл болон Улаанбаатар хот дундаа хамтарсан компанитай болж байгаа юм. Хотоос төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг нь өгсний дараагаар Монголын талын хувь нь өсөөд солонгосын талын хувь буурна.

-Цахимаар төлбөр хийхэд эхний удаад 500 төгрөгөөр, дараагийн сэлгэн суултад үнэгүй зорчих гэх мэт асуудлын талаар ярилцаж байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар сонирхуулаач?

-Энэ асуудалтай холбоотой шийдвэр удахгүй

гарна. Ямартай ч нийслэл хот нийтийн тээврийнхээ салбарт ухаалаг системийг нэвтрүүлчихлээ. Харин одоо маршрутын төлөвлөлтийн асуудлыг ярина. Өнөөдөр Шар хаднаас хөдөлсөн автобус Толгойт хүрдэг. Үүнээс үүдээд замын хөдөлгөөний ачаалал үүсэх, иргэд хугацаа алдах гэх мэт асуудал үүсдэг. Харин автобусны маршрут богино рейст шилжсэнээр ийм асуудал үүсэхгүй. Тухайлбал, Шар хаднаас хөдөлсөн автобус Офецирийн буудал дээр зорчигчдоо буулгаад буцаад Шар хад руу явах юм. Ингэснээр автобус хүлээх асуудал үүсэхгүй.

Зорчигчид автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад буухдаа арын хаалганд мөн л картаа уншуулна. Хойд хаалганд картаа уншуулах нь бас учиртай.

-Тодруулахгүй юу?

-Хойд хаалганд картаа уншуулснаар бид зорчигчдоо бодитой тоолж байгаа юм. Мөн дамжин суулт буюу сэлгэлтийн хөнгөлөлтийг үзүүлэх юм. Солонгост нэг буудлаас автобусанд суугаад буусан хүнд дараагийн буудлаас өөр автобусанд дамжин суух 20 орчим минутын хугацааг өгдөг. Харин тухайн зорчигч 20 минутандаа багтан дараагийн автобусанд суух юм бол хөнгөлөлттэй үнээр зорчдог. Эсвэл үнэгүй зорчдог. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хотын удирдлагууд гаргана. Гэхдээ хамгийн түрүүнд бид уг системээ нутагшуулах, хүмүүсийн хэрэглээ болгох нь л чухал байгаа юм.

-Цахим төлбөрийн системийн нээлтийн үеэр картаа гээсэн болон гэмтээсэн тохиолдолд яах вэ гэдгийг хүмүүс лавлаж байсан. Энэ тохиолдолд хаана хандах вэ?

-Манайх картын системтэй холбоотой гэмтэл дээр баталгаат хугацаа өгч байгаа. Харин механик гэмтэл дээр баталгаа өгөхгүй. Хэрэв картаа хугалсан зэрэг ноцтой гэмтэл гарсан бол тухайн карттайгаа манай байгууллагад хандаад үлдэгдэл мөнгөө өөр шинэ картанд шилжүүлүүлж болно. Харин манайд бүртгэлгүй картыг гээгдүүлсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй.

-Бүртгэлтэй карт гэдгийг тодруулахгүй юу?

-Нөхөн олговроор зорчигчид буюу цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны карт манайд бүртгэлтэй. Энэ хүмүүс картаа гээсэн тохиолдолд мэдэгдсэн даруй тухайн картыг хааж, өөр карт олгоно.

-Тэгвэл энэ хүмүүс картаа хаана хандаж авах вэ?

-Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг хороогоор нь дамжуулан тарааж эхэлсэн байгаа. Халамжийн төв дээр нь тухайн хорооны бүх иргэдийн мэдээлэл байгаа шүү дээ. Үүний дагуу л картыг нь өгч байгаа. Тиймээс тухайн хүмүүсийг өөр газар руу явуулж чирэгдэл учруулахгүй гэдэг үүднээс өмнө нь зохицуулалт хийсэн юм.

-Удирдлагын төвийн нээлтийн үеэр хотын дарга цахим төлбөрийн системийг төмөр замын автобус гэх мэтэд суурилуулна гэж байсан. Энэ талаар?

-Бид эхний ээлжинд нийтийн тээврийн бүх автобусанд суурилуулна. Харин дараа нь такси үйлчилгээнд суурилахаар төлөвлөж байгаа. Ингэснээр таксинууд камер, байршил тогтоогчтой болох ба картаар төлбөрөө хийдэг болох юм. Мөн орон нутгийн автобуснуудад суурилуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн картаа улам хөгжүүлж кредит карт болгох юм. Ингэснээр зогсоолын төлбөр болон ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн авахдаа ч картаараа тооцоо хийх боломж бүрдэнэ. Нэг үгээр бол уг карт банкны карт болох хэмжээнд хүрэх юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн байгууллагууд шатахуунаа өдөр бүрийн орлогосоо авдаг. Гэтэл төлбөрийг цахим болгосноос ингэх боломжгүй хүндрэл үүсээд байна гэж байгаа. Холбогдох хүмүүс энэ асуудлыг удахгүй шийднэ гэсэн?

-Иргэн Мөнхболор автобусанд суулаа гэхэд төлбөр нь банк руу шилжээд, банкнаас тухайн байгууллага руу л хуваарилдаг байхаар төлөвлөсөн. Тиймээс цаашдаа төлөвлөсний дагуу орлогыг шилжүүлнэ. Гэхдээ эхний нэг сар системийг бүрэн нутагштал доголдол үүсэх байх. Шинэ ажил хийж байгаа учраас хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Харин яваандаа доголдохоо болино. Өдөр бүр тухайн байгууллагууд руу орлогыг нь хуваарилж байх юм.

-Мөн кондукторууд ажилгүй болно, жолооч ачаалал ихтэй боллоо зэрэг асуудлыг ч хөндөж байгаа?

-Жолоочид бага зэргийн ачаалал нэмэгдэнэ. Өмнө нь зөвхөн жолоогоо л барьдаг байсан бол одоо орж байгаа зорчигчдоо хянана. Мөн байнгын камерийн хяналт дор ажиллах учраас бага зэргийн стресстэй байна байх. Гэхдээ бид олон улсын жишгийг дагаад соёлтой байх ёстой. Цөөнхийн төлөө биш бид иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлэхийн төлөө байх ёстой шүү дээ.

Кондукторын хувьд шууд ажилгүй болчихгүй. Жил хагасын хугацаанд кондукторууд хянагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлээд цалингаа аваад л явна. Энэ хугацаанд нь нийслэлийн удирдлагууд кондукторуудыг дараагийн ажлын байранд нь зуучлах арга хэмжээ авах байх.

-Шинэ төхөөрөмжийг засварлах багаа бүрдүүлсэн үү. Магадгүй уншигч төхөөрөмжид эвдрэл гарах байх?

-Энэ системийг нэвтрүүлж суурилуулахад Монголын туслан гүйцэтгэгч компаниуд сайн оролцоотой байгаа. Одоогийн байдлаар дотоодын найман компанийн 100 гаруй ажилчин туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тиймээс бид засвар үйлчилгээний төв байгуулж байгаа. Энэ төв нь эвдрэл гарсан тоног төхөөрөмжийг шуурхай засварлах 24 цагийн ажиллагаатай байх юм. Бидний зүгээс ч шинэ тоног төхөөрөмжийг хангалттай нөөцөлсөн байгаа. Ер нь бол систем нутагших хүртэл засвар үйлчилгээ зэрэг бүх асуудлаа манай компани хариуцна.

-Ажлын байрыг бас нэмэгдүүлж байгаа юм байна?

-Манай байгууллагад л гэхэд 60 орчим хүн ажиллаж байна. Үүн дээр засварчид нэмэгдэнэ. Мөн ирэх есдүгээр сараас эхлээд ухаалаг картаа бид дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ.

Ж.САЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Пайпэр Энн Уинд Кэмбэлл: Хөрөнгө оруулалтын орчны хувьд хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.

-Та улсаа төлөөлж Монголд ажиллах хугацаандаа аль салбарт онцгойлж анхаарсан бэ?

-Би нэг зүйлд их олзуурхаж байгаа. Намайг анх 2012 онд ирэхэд Монгол, Америк улсуудын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ой тохиож байсан. Буцах жилд минь Монгол Улс ардчиллын замыг сонгосны 25 жилийн ой тохиож байна. Миний хувьд хоёр орны эерэг, тогтвортой харилцааг илүү гүнзгийрүүлж хөгжүүлэх үүрэгтэй.Иргэд хоорондын харилцаа, хэрэгжээд явж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, эдийн засаг гэсэн гурван ерөнхий чигт түлхүү анхаарч ажиллалаа.

Иргэд хоорондын харилцааны салбарт гэхэд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд өмнө нь ирж байгаагүй олноороо ирлээ. Энэ жил Монголд 150 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр орны хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тооноос хоёр орны харилцаа хэр эрчимжиж байгааг харж болно. Сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзсан. Мөн саяхан Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн АНУ-д айлчлахдаа төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзлаа. Засгийн газрын түвшнээс гадна бусад салбарт ч онцлохоор айлчлалууд болсон.

-Хоёр орны эдийн засгийн харилцаанд нөлөөлөхөөр ямар шийдвэрүүд таныг элчингээр ажиллах хугацаанд гарсан бэ. Лав л Америкийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес хийхэд ил тод байх орчныг бүрдүүлсэн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа…?

-Намайг анх ирэхэд Монголын эдийн засаг эрчимтэй өсч байсан ч сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг томоохон бэрхшээлүүдтэй тулгарсныг танай уншигчид мэдэж байгаа байх аа. 2014 оны арванхоёрдугаар сард Америк, Монголын хоорондын ил тод байдлын хэлэлцээрийг УИХ баталсан нь цагаа олсон зөв шийдвэр болсон шүү. Энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад ил тод байдал бүрдсэн. Ганц Америк ч биш, олон улсын бизнесийн донор, хөрөнгө оруулагчдыг татахад эерэг нөлөө үзүүлэхээр шийдвэр гэж бид харж байгаа.Мөн хоёр орны хооронд сэргээн хэлэлцэгдэж буй Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрт оролцохоорАмерикийн Худалдааны төлөөлөгчийн газрын Дэд дарга Монголд айлчиллаа.Мөн хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлэх зорилготой Эдийн засгийн бодлогын хэлэлцээрийг засгийн газрын төрөл бүрийн агентлагуудын төлөөллүүдийг оролцуулан явууллаа. Энэ мэтээр онцолж хэлэх алхмууд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн.

-Та хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд хэд хэдэн удаа шүүмжлэлтэй хандаж байсан. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Хөрөнгө оруулалтын орчны талаарх таны байр суурь зөөлөрсөн үү?

-Саяхан Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж хийсэн алхмууд, мөн тэдэнд хандсан харилцаанууд маш чухал зүйл болсон гэж бодож байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Иорк, Вашингтонд очиж бизнесийн төлөөлөлтэй уулзахдаа маш тодорхой, шууд яриа хэлэлцээр хийсэн. Лондонд очихдоо ч тэгсэн байх. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилттэй холбоотой шийдвэр ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүллээ. Гэхдээ хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий. Хоёр орны Засгийн газрын түвшнийхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Ямар ч бизнест тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахад Засгийн газраас тогтвортой байдлыг хэрхэн яаж хангаж өгөх юм бэ гэдгийг маш тодорхой ойлгуулж, харуулах хэрэгтэй.

-Хоёр тал зарим нэг асуудал дээр шийдэлд хүрэх гээд ажиллаж байна гэж та хэллээ. Цаг алдахгүйгээр эхэлж шийдэх асуудал гэвэл юуг онцлох вэ?

-Нэг шийдвэр гэж онцлохоос илүү олон салбарт зэрэг үйл ажиллагаа явуулж эхлэх нь чухал гэж бодож байна. Жишээ нь татварын салбар байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын бизнесийн байгууллагуудын татварын нөхцөл байдлыг зохицуулах асуудал бий. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудлын талаар Засгийн газарт тодорхой мэдээллүүдийг хүргүүлсэн. Монгол Улс илүү олон, илүү том бизнесийг өөртөө татах сонирхолтой байгаа, гэхдээ Монголд бизнес хийхээр орж ирэх гэж буй гадаадын компаниуд орж ирээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн компаниудаас бизнес хийхэд ямар байгааг асууж сонирхдогийг мэдэж байх хэрэгтэй болов уу. Гадны бизнес эрхлэгчид мөн нэг зүйлийг онцолж харж байгаа нь Монголын Засгийн газрын зүгээс арбитрын шийдвэр зэрэг олон улсын стандарт, хэм хэмжээг хэр чухалчилдаг, олон улсын гэрээг хэр дагаж мөрддөг зэрэг юм. Монголын эдийн засгийн ихэнх нөөц нь байгалийн баялаг. Тийм учраас хөрөнгө оруулагчид энэ салбарыг зохицуулж, зөвшөөрлийг нь өгч байгаа хууль дүрмийг илүү сонирхоно. Хуулийг хэрэгжүүлж буй гүйцэтгэх байгууллагууд хэр нээлттэй шударга ажиллаж байгааг бас харна. Үүнтэй холбоотой хууль, дүрэм, байгууллагуудын хувьд нээлттэй байхаас гадна ойлгомжтой, тодорхой байх нь их чухал.

-Америкийн том хөрөнгө оруулагчид Монголыг хэр сонирхож байна. Уул уурхай ч юм уу, дэд бүтцийн салбарт….?

-Намайг элчин сайдаар ажилласан сүүлийн гурван жилд Америкийн бизнес эрхлэгчдийн Монголд ажиллах сонирхол анзаарагдахуйц нэмэгдсэн. Том, жижиг компаниуд төлөөлөгчдөө ирүүлж байна. Ер нь группээрээ болон ганц нэгээрээ ирж Монголыг сонирхож байна. Гэхдээ одоогоор сонирхон харах түвшинд байгаа. Яг ирээд үйл ажиллагаа явуулахын тулд түрүүний миний онцолсон салбаруудад орчин нөхцөл яаж өөрчлөгдөхийг хараад байна. Монголд Америкийн хүчтэй хоёр том байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл. Нөгөө нь дөрөв дэх жилийнх нь ой саяхан тохиосон Монгол дахь Америкийн худалдааны тэнхим. Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн хувьд Америк, Канадын бизнес сонирхлыг дэмжиж ажилладаг. Монголд урт хугацаанд ажиллаж байгаа газар.

-Таван толгой дээр Америкийн “Пийбоди” сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Таван толгойг хэн яаж ашиглах эцсийн шийдэл гараагүй байна. “Пийбоди”-гийн хувьд Таван толгойг сонирхсон хэвээр үү?

-Монголын Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сард “Пийбоди”-той өрсөлдөж байсан “Шинхуа” болон“MCS”-ийн консорциумыг шалгаруулсан. Үүний дараахан “Пийбоди” оффисоо хааж, Монголоос гарах шийдвэр гаргасан. Таван толгойн баялгийг яаж ашиглах талаар УИХ-аар дахин хэлэлцэж байгаа.

Албаны зарим хүмүүстэй ярилцаж суухад “Пийбоди”-д дахин нэг боломж гарсан байж мэднэ гэсэн утгатай үг хэлж байсан. “Пийбоди”-гийн хувьд ирээд ажиллалаа гэхэд ордын нөөц нь хэр бол, цаашид засаг ямар процессоор шийдвэр гаргах вэ гэх мэт нэмэлт мэдээлэл хүсээд хариу хүлээж байгаа.

-АНУ руу зорчих монголчууд хэр нэмэгдэж байна. Визийн шалгуур хангах тал дээр ямар байгаа бол?

-Намайг элчин сайдаар ажиллах хугацаанд АНУ-д зорчих монголчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь сайн мэдээ юм. Визэнд материал мэдүүлж байгаа хүмүүсийн тоо өндөр байна гэдэг бол Америкт зорчих сонирхолтой хүмүүсийн тоо ихэссэнийг харуулж буй хэрэг. Виз мэдүүлэгчдийн хувьд ч виз олгогдсон тоо өссөн. Өөрөөр хэлбэл виз авах боломжтой,шаардлага хангасан мэдүүлэгчдийн тоо ихэсч байна. Бизнесийн шугамаар, сурах, аялах зорилгоор Америкт зорчоод Монголдоо эргэж ирэх эрмэлзэлтэй хүмүүс өмнөхөө бодоход илт сайжирсан.

-Монголд ажиллах хугацаанд тань гүн сэтгэгдэл төрүүлсэн агшин өчнөөн л тохиосон байх. Онцолж хэлэх агшин гэвэл…?

-Хожим Монголд өнгөрүүлсэн сайхан цагаа харж, дурсахын тулд би маш олон зураг авсан. Гайхалтай олон сайхан зүйлсийг Монголд үзсэн шүү. Шинэ жилийн өглөө Говьд нар мандахыг харлаа. Хөвсгөлд мөсний баярт оролцож, Баян-Өлгийд бүргэдээр ан хийхийг үзлээ. Наадмын нээлтийг жил бүр алгасалгүй сонирхсон. Монголын тухай сэтгэлээс гарахгүй агшнуудыг эргээд бодохоор их энгийн зүйлс байх юм шиг санагддаг. Монголд анх ирээд морь унасан агшин санаанаас гарахгүй байх. Миний охин Монголд анх тэмээ унаж үзсэн тэр дурсамж. Эдгээр нь яах аргагүй миний амьдралын онцгой агшнуудын нэг.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс сэрэмжлүүлэг хүргэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдсан.

Журмын дагуу нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэж байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй болно.
Гэтэл зарим нэг иргэд “…Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэхүү хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.