Categories
мэдээ спорт

Н.Цэвэгням зодог тайллаа

Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийн анхдагч болон барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа мэдээллээ.

Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй. Ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоож байлаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод зүтгэсэн 20 гаруй жилийнхээ дараа ийнхүү зодог тайлсан юм. Тэрбээр зодог тайлсны дараа нулимс урсган дэвжээнээсээ буулаа.

Categories
мэдээ нийгэм

Залилан мэхлэгчдээс сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдсан.

Журмын дагуу нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй болно.

Гэтэл зарим нэг иргэд “…Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэхүү хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн хүүхдийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар 5 настай, эрэгтэй М өчигдөр өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 20:40 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 2015.07.26-ны өдрийн 23:00 цагт иргэд эсэн мэнд олж ар гэрт хүргэж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

15 мянган ажлын байр бий болно

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг зарим гишүүн тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байсан. Учир нь хүүхэд харах үйлчилгээний хуулиар хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэхээс эхлээд хүүхдийн хоол хүнсэнд тавих хяналт байхгүй. Хүүхдийн нэр барьж төсвөөс мөнгө саах гэсэн арга гэх шүүмжлэл явж байлаа. Харин уг хуулийн төслийг санаачлагч эмэгтэй гишүүд “хүүхэд цоожтой хаалганы цаана үлдсэнээс хэн нэгний хяналтад байх нь хувь илүү” гэж үзсэн.

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Энэ хууль хэрэгжсэнээр 15 мянган ажлын байр бий болж 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм билээ.

Categories
мэдээ улс-төр

Аялал жуулчлалын Үндэсний төвийг татан буулгах тухай хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын 44 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Тухайлбал, Аялал жуулчлалын Үндэсний төвийг татан буулгах тухай, Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай, Авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай, Эрчим хүчний аюулгүй нөөц бүрдүүлэх тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтан авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ли Мён Бак Монголд айлчилна

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч асан Ли Мён Бак энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох “Монгол дахь ардчиллын талаарх олон улсын бага хурал”-д оролцохоор болжээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол улс ардчилалд шилжсэний 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах олон улсын хуралд илтгэл тавих юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оройн зоог барихаар болсон байна. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа Өмнөд Солонгос болон Монгол улс хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2011 оны наймдугаар сард Монголд төрийн айлчлал хийж байсан талаар Yonhap агентлаг мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалын түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт болно

Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ.

Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна.

Цомгийн нээлтийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн дурсамжаас хуваалцана гэж НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал болно

Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшлогдсоор өнөөдөр товлосон юм. Сэтгүүлчийг эх сурвалжийн хамт цагдан хорих шийдвэрийг дүүргийн шүүхийн шүүгч гаргасан бөгөөд өнөөдөр болох шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцох ажээ.

Categories
гадаад мэдээ

Уитни Хьюстоны охин 22 насандаа таалал төгслөө

Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун долдугаар сарын 26-ны өдөр нас барсан гэж түүний гэр бүл мэдээллээ.

Түүнийг зургаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ усан санд ухаангүй байхад нь олсон бөгөөд 6 сард комд байсан юм.

Гэр бүлийнхэн нь түүнийг амьдруулахын тулд бүх арга хэмжээг авч байсан ч түүний эд эрхтэн бага багаар үхэж байсан аж. Ингээд түүнийг амар амгалан үхүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гэрийнхэн нь гаргаж түүний аппаратыг салгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат Польшийн Элчин сайдтай уулзав

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Михайл Рафал Лабенда-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн салбарт хоёр улс хэрхэн хамтрах боломжтой талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Монгол Улсад Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойшхи хагас жилийн хугацаанд идэвх, зүтгэлтэй ажиллаж байгааг онцлоод Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого УИХ-аар батлагдсаныг ноён Михайл Рафал Лабендад дуулгав.

Түүнчлэн Монгол Улс, Польш улстай хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг дуулгасан юм. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд бодит алхам хийж байгааг онцлоод цаашид экспорт, импортын зохист харьцааг баримтлахаа илэрхийллээ.

Харин ноён Михайл Рафал Лабенда Польш улсын талаас монголын бизнес эрхлэгч, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг ойрын хугацаанд ирүүлнэ гэв. Дашрамд дурдахад, ирэх намар хоёр улсын Засгийн газрын комиссын хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.