Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд дахин гурван хүн амиа алдав

Энэ сарын 26-ны ням гарагт цагдаагийн байгуулага нийслэлийн хэмжээнд 203 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.

Тэдгээрээс осол хэргийн шинжтэй 138 дуудлага хүлээн авсан байна. Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр жолоочийн ослыг шалгаж байна.

Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал өчигдөр 13.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Эрхэл багийн нутаг Эрхэт нуур гэх газар Мөрөнгөөс Хатгал орох 46км асфальтан замд Toyota Crown автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй М нас баржээ.

Мөн 15.10 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суын 1-р баг Тосны булаг гэдэг газар шороон замд улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 мотоцикл онхолдож жолооч 43 настай эрэгтэй О амиа алджээ. Түүнчлэн 21.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн тийш 500 метр замд Toyota Prius автомашин онхолдож, зорчигч 40 настай эмэгтэй С нас барсан байна.

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Д.Гантулга, Л.Отгонбаяр нар ангилалдаа түрүүлэв

19 дэх удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Төв аймгийн нутаг Өндөр довд өчигдөр(VII.27) боллоо.

Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол орны 500 гаруй тамирчин оролцжээ. Тэмцээн 5 км, 10 км, 21 км-ын зайд болсон бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Одоос бусад шилдгүүд энэхүү тэмцээнд хурд сорьжээ.

Тэмцээний 21 км-ийн эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Д.Гантулга (“Хилчин”) түрүүлж, спортын мастер Н.Мөнхбаяр (“Хилчин”), ОУХМ Б.Доржпалам (“Алдар”) нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Энэ зайн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр (“Хүч”) түрүүлж, ОУХМ Н.Мөнхзаяа (“Алдар”), спортын дэд мастер Ц.Санжидмаа (“Мон-Алтуис” БТДС) нар удаалсан байна. Бусад зайн мэдээллийг эргэн хүргэнэ.

Фото архив, шар цамцтай нь ОУХМ Л.Отгонбаяр.

“Тал нутгийн Монгол” тэмцээн ДАШТ-ий өмнө, Монголын хөнгөнатлетикийн холбооны 55 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болж буйг зохион байгуулагчид онцлов. Уламжлал ёсоор 21 км-т түрүүлсэн тамирчинд даага бэлэглэжээ.

Categories
мэдээ спорт

“Дэрэн” багийнхан хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотноо олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн зуны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр(VII.26) аваргуудаа тодрууллаа. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон хүүхдийн хөлбөмбөгийн “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчид тэмцээний сүүлчийн өдөр Хятадын мэргэжлийн хөлбөмбөгийн Шандунг Лунанг багтай тоглож, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээснээр хүрэл медалийн болзол хангасан юм.

Шагналын сан хамгийн өндөр буюу нийт 200,000 юаны шагналын сантай энэ удаагийн тэмцээнд нийт 16 баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд Шандунг Лунанг баг нэг ч хожигдолгүйгээр тэмцээнийг хошуучилж, 50,000 юань, алтан медаль хүртсэн бол тэмцээний 2-р байрыг ОХУ-ын Буриадын Василий Николаевич Лобсанов дасгалжуулагчтай Сэлэнга баг эзэлж, 30,000 юань, мөнгөн медалийн эзэд боллоо.

“Нэг бүс Нэг зам” хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд Г.Мөнхчулуун эзэнтэй, Вояаслав Бразулич дасгалжуулагчтай хүүхдийн хөлбөмбөгийн “Дэрэн” клубын тамирчид нийт 2 оноотой гуравдугаар байрт орсон бол Ченгдү хотын баг тэмцээний сүүлийн өдөр ОХУ-ын Буриадын багт 5:3-ын харьцаатай хожигдож сүүл мушгисан байна.

Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрджээ

Өнгөрөгч зургадугаар сарын 10-нд 16 настай А.Цэрэнтогтох хүү шатаж байгаа галаас найман сартай дүүгээ аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон билээ.

Дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд сайхан сэтгэлт монголчууд маань санаа зовниж, тусламжийн гараа сунгасаар байгаа билээ.

Түүний эмчилгээнд 268 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд сайхан сэтгэлт ард түмний буянаар эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрджээ.

Тэгвэл өнөөдөр Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооныхон мэдээлэл хийлээ.

Тэд наадмын өдрүүдэд “Ахыг аваръя” аян өрнүүлсэн болон аяны үеэр цугларсан 10 орчим сая төгрөгийг А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат, нагац эгч М.Дэлгэрмаа нарт гардуулан өглөө.гардуулан өгөв.

Энэ үеэр Г.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат “Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэндээ баярлаж талархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлмээр байна” гэв. Харин хүүгийн нагац эгч М.Дэлгэрмаа “Ийм олон хүн дүүд маань тусалж байгааг хэлсэн. Г.Цэрэнтогтох дүү маань их баярлаж нулимс унагаж байсан. Дүүгийн минь биеийг эмч нар бүрэн эдгэж босох боломжтой гэж хэлсэн. Харин гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэсэн. Гэхдээ бид Монголын ард түмнийхээ тусламж дэмжлэгт үнэхээр баярлаж байна” гэв.

Наадмын үеэр ард иргэдээс цуглуулсан 10 сая төгрөг нэмэгдсэнээр эмчилгээний нийт зардлын 70 гаруй хувь нь буюу 210 сая төгрөг цуглараад байгаа юм. Харин одоо Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд 60 сая төгрөг л шаардлагатай болоод байна.

Categories
гадаад мэдээ

Хуримын үеэр буудалцаан болж, 20 хүн амь үрэгдэв

Афганистанд хуримын үдэшлэг дээр буудалцаан болсны улмаас 20 хүний амь үрэгдсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллэв. “Десал дүүргийн тосгонд зохион байгуулагдсан хуримын үдэшлэг дээр байшинд байсан залуус хоорондоо буудалцсан. Энэ хэрэг явдал шөнө дунд болсон” хэмээн орон нутгийн цагдаагийн төлөөлөгч ярьжээ. Хууль сахиулагчдын хэлснээр, нутгийн залуус буудуулсны улмаас газар дээрээ нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247 мянга 104 хүүхэд байгаагаас 61 мянга 585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй аж.

Харин нийслэлд 74 мянга 900 хүүхэд байгаагаас 21 мянга 400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо байдаг.

Иймд эцэг эхчүүд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийг шаардах болсон. Харин нэг дор эдгээр хүүхдүүдэд шаардлагатай цэцэрлэг бий болох боломжгүй юм. Тиймээс УИХ дахь Эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан, хаврын чуулганаар батлуулсан билээ.

Хууль ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжих юм. Хууль хэрэгжсэнээр 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэл, бичиг, монгол ахуйтай танилцана

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг залуу монгол судлаачдын зуны сургалтыг манай улс гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад 12 орны 30 залуу Монгол орныг сонирхон, судлахаар иржээ. Тухайлбал, Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орны залуу судлаачид Монголд ирээд байгаа юм.

Тэдний сургалтын хөтөлбөр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн зуны сургалт хоёр хэсэгтэй. Эхний ээлжинд судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол хэл, бичиг, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх аж.

Харин хоёрдугаар хэсэгт Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургууль зэрэг монгол судлалын гол төвүүдэд сургалтад хамрагдах юм байна.

Categories
гадаад мэдээ

Барак Обама Этиоп улсад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногт эцгийнхээ төрсөн нутаг болох Кени улсад айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалын дараа Зүүн Африкын Этиоп улсад хүрэлцэн ирээд байна.

Этиоп нь Барак Обамагийн Африк тивд хийж байгаа албан ёсны айлчлалын сүүлийн зогсоол юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн Этиоп улсад хийх албан ёсны айлчлал гурван өдөр үргэлжилж, ирэх лхагва гаригт нутаг буцах юм байна. Орон нутгийн цагаар ням гаригийн орой тус улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг этиопчууд баяр хөөр дүүрэн угтан авсан байна. Тус улсын нийслэл Аддис-Абеба хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирсэн үйл явдалд зориулж баярын жагсаалыг мөн зохион байгуулжээ. Угтан авах ёслолын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Аддис-Абеба хотноо байрлах АНУ-ын ЭСЯ-нд зочилж, ЭСЯ-ны дипломатуудтай уулзжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд энэ сарын 30-нд ”Алдрын хүндэтгэл” арга хэмжээ болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус түүхэн үйл явдлыг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Г.Ганхүү, “нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан нар оролцов.

Энэ жилээс эхлэн соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл – Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм. Жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулж “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулж байна. Уг тоглолт нь Чингисийн талбайд Пүрэв гарагт 08 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч С.Баттулгыг шүүж байна

Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшлогдсоор өнөөдөр товлосон юм. Сэтгүүлчийг эх сурвалжийн хамт цагдан хорих шийдвэрийг дүүргийн шүүхийн шүүгч гаргасан бөгөөд өнөөдөр болох шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцож буй аж. Шүүх хурал үргэлжилж байна. Мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд нь ч түүнийг сулахыг шаардаж, Чингисийн талбайд суулт хийсэн билээ.