Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/620 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 10 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамж /хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө, 10 кВт-ын кабель шугам/-ийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд шаардлагатай 3 тэрбум 682 сая 871 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Гадна цахилгаан хангамжийн ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэжНийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гаалийнхан авлигын эсрэг хууль зөрчжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ.

Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсан байгаа хэдий ч Гаалийн газрын дарга н.Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Малчид, ард иргэдийн анхааралд

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 29-нд буюу маргааш нутгийн зүүн хэсгээр борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долдугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус , өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Чехийн Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Монголд айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

Түүнчлэн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

В,С вируст гепатитын шинжилгээг үнэгүй авч байна

Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Элэгний төв” гепатитын В,С вирүсийн үнэгүй шинжилгээ оношлогоог өнөөдөр хийх аж.

Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст гепатитын эмчилгээний зѳвлөгѳѳг үнэ тѳлбѳргүй үзүүлэх юм байна.

 Дашрамд дурдахад, “Элэгний тѳв” нь элэгний ѳвчлѳлийн оношлогоо эмчилгээнд бүрэн зориулагдсан анхны ашгийн бус тѳв юм.

Утас: 70132006

Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж, Далай цамхаг, 2-р давхар, ЭЛЭГНИЙ ТӨВ
(Багшийн дээдээс 1-р төрөхийн зүүн замаар урагш яваад Сэлбийн гүүрний чанх баруун урд талд байрлах Далай цамхагийн 2-р давхар)

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Нийслэлийн хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 07 дугаар сарын 28 – нд долоон дүүрэгт цахилгаан түр хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Баянзүрх 10.30-17.30 5-р хороо Зүүн Алтан өлгий, Баруун Алтан өлгий, Монелийн гудамж орчмоор
Сүхбаатар 10.30-17.30 8-р хороо Бага тойргийн 10, 11, 13, 24, 30, 31, 34, 36, 42, 45, 46, 64-р байр, Сентоза фүүд корт ХХК, Архивийн ерөнхий газар, Мэдээлэл технологийн ерөнхий газар, Эм Эс Ай Си Си, Түрэлт, Тунгалаг Эрдэнэ ХХК-ууд, Залуучуудын нөхөрлөл ТББ, ШУТИС-ийн захиргаа, Хүүхдийн төлөө үндэсний төв, 2-р цэцэрлэг, ШУТИС-ХИБС, Билэг ДС, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 25-р сургууль орчмоор
10.30-12.30 6, 8, 9-р хороо БТ-10, 36, 45, 46, 24-р байр, ШУТИС, Билэг ДС, БИТ прес ХХК, Монголын залуучуудын холбоо, Сантис сургалтын төв, Хүүхдийн төлөө үндэсний төв орчмоор
12.30-14.30 8-р хороо БТ-30-р байр, Сентоза фүүдс ХХК, Эм Эс Ай Си Си ХХК, Архивийн ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний төв, Кибер зах орчмоор
Чингэлтэй 10.30-17.30 13,15-р хороо Сурагчийн 24-33, 43-47, Жаргалантын 1-6, 40, 47, 48, Булагийн 20, 22-р гудамж орчмоор
Баянгол 10.00-18.00 4, 5, 6-р хороо 10-р хороолол 9, 10, 11, 14АБ, 46, 47, 47-2, 47-3, 49Б байр, Номин, Материал импекс, Хөлөг групп ХХК-ууд, 51, 53-р байр, Голден парк хороолол, 114-р цэцэрлэг орчмоор
Хан-Уул 11.00-18.00 14-р хороо Бурхантын 4-6-р гудамж
Сонгино-хайрхан 10.00-18.00 1, 2, 9, 25-р хороо Хайрханы 2-6, 8, 9, 15, Одонтын 1-13, 19-24, 32, Зүүн салааны 12, 13, 16-20, 22, 23, 24, 27, 28, 30-33, Малчны 4, 5, 8, 9, задгай, 13, 14, 15, Баруун Баян улааны 2-р гудамж орчмоор
Налайх 10.00-18.00 7-р хороо Өвөр шандын 7-14-р гудамж орчмоор
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
Categories
мэдээ нийгэм

Хакүхо цолныхоо найрыг маргааш хийнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлэн өчигдөр эх орондоо иржээ. Тэрбээр хонин жилийн цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн бөгөөд энэ сарын 29-ний өдөр цолныхоо найрыг хийхээр ийнхүү эх орондоо ирсэн байна. Маргааш эхлэх “Хөдөлмөрийн баатар” цолны найранд 128 бөхийн барилдаан, Их нас болон дааганы уралдаан болох юм. Мөн энэ үеэр түүний гэргий Саёоко Вада Төв аймгийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ажлын дэд хэсэг хуралдаж байна

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг өнөөдөр /2015.07.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Ажлын дэд хэсгийн хуралдаан 19.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүх нарт ял оноохын тулд АТГ прокурор Х.Тамирын хэргээр шүүгчийг “барьцаалав” уу

-Л.Гансүхийн хэргийг шүүх Х.Идэрийн төрсөн дүүг АТГ-аас шалгах нь-

Хуулийнхан тодруулбал, хяналтын прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулиан байлаа. Наадмын дараа буюу энэ сарын 16-нд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх­дээ төрийн албанд ажил­ладаг хоёр хүн хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хэрэгт шалгагдаж байгаа гэх сэжүү­рийг сэтгүүлчдэд өгсөн юм. Гэхдээ дээрх хар тамхины хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөлгүй ихэд нууцалсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүд прокурорууд гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар сэтгүүлчдэд тараасан билээ. Ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон хоёр хуульчийн нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэдгийг ихэд онцолсон юм. Нэг шугамаар энэ мэдээлэл тарсны дараа цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжтай холбогдоход “Прокурор, цагдаа гээд хуулийн байгуул­лагынхан нэгэндээ дайсан болох ёсгүй.

Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй гэдгээр нууцлаад өнгөрөх нь зөв биз дээ. Өөрөөс чинь өөр нэг сэтгүүлчийн талаар асуухад хамаагүй мэдээлэл өгдөггүй байх аа” гэж байсан. Үнэхээр ч хуулийнхан нэгнийхээ талаар муу үг унагах дургүй байдаг. Гэтэл Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл нэг өдөр, нэр ус, аав, ах, хамаатан садных нь тухай гээд маш тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл тарсны учир юу байв. Учир мэдэх хүмүүс прокурор холбогдсон хэргийг зохион байгуулалттайгаар томоохон эрх ашгийн үүднээс олон нийтэд мэдээлсэн хэмээн хардаж байна.

Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн гэх сэжигтнүүдэд холбогдох эрүүгийн хэрэг тусдаа асуудал. Өнөөдөр Монгол Улсад хар тамхи хэрэглэдэг залуусын тоо өдөр бүр нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг эх сурвалжууд дурдаж буй. Хууль хяналтынхан ч мансууруулах бодистой холбоотой бүлэглэлүүдийг шил дараалан баривчилж байгаа. Харин Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдсон хэргийг олон нийтэд мэдээлэх болсон шалтгаан нь өөр хэрэгт холбогдсон хүмүүсийн хувь заяа, цаашлаад хууль сахиулах үүрэгтэй байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байж болох тухай эх сурвалжууд ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АТГ хэмээх “махны машин”-ныг зогсох уу, цаашид энэ хэвээр ажиллуулаад байх уу гэдэг нь шийдэгдэх гэж байгаа эмзэг үед бусдыг “барьцаалж” хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд нөлөөлөхөөр оролдож байгаа гэж хардаж болохоор байна. Энэ талаар эх сурвалжуудтай холбогдож, нэхэн сурвалжиллаа.

Л.Гансүхийн хэрэг Яагаад прокурор Х.Тамиртай холбогдов?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэрэг наадмын өмнө шүүхэд шилжсэн. АТГ-аас уг хэргийг шалгаж өмнө нь нэг удаа шүүхэд шилжсэн ч мөрдөн шалгах, нэмж тодруулах зүйл цөөнгүй байна гээд буцаасан билээ. АТГ нэмж шалгаад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйл ангиар буруутган шүүхэд шилжүүлсэн. Хуулийнхан хийгээд олон нийт энэ хэрэг дээр АТГ улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлсэн гэж ярьж байгаа. “Багануур” төрийн өмчит компаниас ченжүүд 25 мянган төгрөгөөр аваад 200 мянгаар зарж байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 27500 төгрөгөөр худалдан авч, иргэдэд 80 мянган төгрөгөөр өгсөн нь иргэдэд ч, улсад ч хэмнэлттэй ажил болсон гэгддэг. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд АТГ-аас “Нүүрс” хөтөлбөрийн гэх зохиомол хэрэг гаргаж, үүнийгээ нотлохын тулд Л.Гансүхийг золих гэж байгааг өмгөөлөгчид нь хэд, хэдэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Л.Гансүх өөрөө ч ингэж ярьдаг.

Харин одоо шүүх үнэн, худлын дэнсийг тогтоох гэж байна. Шүүхээс Л.Гансүх нарт ял оноовол АТГ авлигатай чин шударгаар тэмцсэн болж таарна. Харин шүүгдэгчдийг цагаатгавал АТГ улстөрийн захиалгаар ажилладаг нь тодорхой болж, мөрдөн байцаагчид нь өөрсдөө хэрэгт орно. Ялангуяа АТГ-ын эрх мэдлийг хазаарлаж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах талаар хүний эрхийн байгууллага, улстөрчид ярьж байгаа энэ цагт Л.Гансүхийг шүүх хурлын шийдвэр бүхний анхаарлыг татаж байгаа юм.

Яг үүнтэй зэрэгцээд прокурор Х.Тамирын хэрэг мандлаа.

Тэгвэл яагаад Х.Тамир гэж?

Л.Гансүхийн хэрэг шүүхэд шилжихэд хар тамхитай нэр холбогдсон Х.Тамир яагаад хамаатай гэж гэдэг асуулт гарна. Тэгвэл Л.Гансүх нарын хэргийг наадмын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрт хуваарилсан. Үүний дараа Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж хар тамхины хэрэгт холбогдсон бүлэглэлийг илрүүлсэн. Энэ хэрэгт Х.Тамир холбогдсон байдаг. Х.Тамир нь Л.Гансүхийн хэргийг шүүх Х.Идэр шүүгчийн төрсөн дүү. Шалгалтаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирын машинаас шийдэгдээгүй хавтаст хэрэг олдсон аж. Энэ үндэслэлээр Х.Тамирыг АТГ-аас шалгах болсныг албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Х.Тамир нарыг шалгах ажлын хэсэгт АТГ-ын байцаагчид оролцжээ. Хуулиараа прокурор, шүүг­­чийн албан тушаал, авлигатай холбоотой хэргийг АТГ шалгадаг. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны чиг үүрэг АТГ-т шилжиж очоод хэдэн жилийн нүүрийг үзсэн билээ. Х.Тамирт холбогдох хэргийг шалгаж байгаа эсэхийг АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Мансууруулах бодистой холбоотой учраас УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Одоогоор манайд ирээгүй” гэсэн хариулт өглөө. Харин Х.Тамирын хэргийг шалгах ажлын хэсгийг АТГ ахалж байгаа мэдээллийг баттай эх сурвалж өгөв. АТГ Х.Тамирт холбогдох хэргийг ахалж байгаа нь харьяаллын дагуу ийм шийд гарсан гэв. Төрсөн дүүгээр нь барьцаалж, Х.Идэр шүүгчид АТГ нөлөөлөх нөхцөл бүрдсэн зүйл болоод байгаа нь хэн ч харсан тодорхой харагдах аж. Хэрэв “Тэр хэргийг тэгж шийдэхгүй бол дүүгийн чинь холбогдсон хэргийг тэгнэ” гэж болох талтай. Гэр бүл гэдэг хүний хамгийн эмзэг зүйл болохоор шүүгч “барьцаанд” орох магадлалтай. Хуулиараа шүүгч нөлөөллийн мэдүүлэг бөглөж байх учиртай. Хэрвээ хэн нэгэн этгээд, байгууллага нөлөөлснийг мэдүүлээгүй бол шүүгч өөрөө хариуцлага хүлээнэ. Эсвэл шүүгдэгчид ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчээр хэргээ шийдүүлэхгүй гэж хүсэлт гаргахаас өөр гарц алга. Өмнө нь олны танил, нэр бүхий хүмүүс холбогдсон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой цөөнгүй хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, шүүхээс шийдвэр­лэсэн. Дурдвал, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагва­сүрэн, “Дижитал”-ын Баавар нарын холбогдсон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг. Олны танил биш ч Г.Батсайхан тэргүүтэй залуусын холбогдсон хэрэг ч бий. Дээрх хэргүүдийг цагдаа нар илрүүлж, шалгаад прокурорт шилжүүлж, шүүх хянан хэлэлцэх хүртлээ гадуур байцаалт явуулсан байдаг. Ер нь ихэнхдээ мансуу­руулах төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон сэжигтнийг цагдан хорилгүй гадуур байцаалт авч байгаад шийдвэрлэдэг. Гэтэл юуны учир Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирыг мансууруулах бодистой холбоотой хэргээр цагдан хорих болов. Энэ мэт хүчин зүйлүүд АТГ шүүгчид нөлөөлөх оролдлого биш байгаа гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.

Ц.Бадрах

Categories
мэдээ спорт

“Хад” лигийн аварга боллоо

МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа. Энэ сарын 21-нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн тэмцээнд нийтдээ 8 баг өрсөлдлөө. Арвис, Эрчим, “Хан-Уул” дүүрэг, “Монголын Тэмүүлэл”, “Туулын Том Тулнууд” Хад болон хөдөө орон нутгаас оролцож буй Өвөрхангай аймгийн “Титэм Хужирт” Дархан- Уул аймаг гэсэн эдгээр багууд 7 хоногийн турш тасралтгүй тоглолтуудаа хийж амжилттай дуусгалаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү түүхэн тэмцээний ялагч, тоглолтын шилдгүүд, хамгийн анхны шар карт ч мөн түүхэн болж үлдэж байгаа билээ.

Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авж байсан Хад багийн охидууд 7 тойргийн дараачаар 7 хожилтойгоор лигийн аварга багаар тодорч байна. Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоолыг оруулж 2 гоол алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоолыг оруулж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чадлаа. Мөн багийн хаалгач хамгаалагч гээд байрлал бүр дээр тамирчид өөрсдийн үүргээ тун сайн биелүүллээ. Харин тэмцээний сүүлийн өдөр тэдэнтэй тоглосон “Монголын Тэмүүлэл” баг дэд байранд орсон.

Лигийг сонирхолтой болгож төгсгөлийн өдөр ялагч тодрох тэрхүү өрнөлийг Монголын Тэмүүлэл баг үүсгэж чадсан билээ. Ердөө нэг ялагдалтай байсан тэд хэрвээ Хад багийг ялж чадсан бол анх удаагийн лигийн цомыг өргөх байлаа. Харамсалтай нь “Спортын ертөнцөд” гэхдээ гэж байдаггүй. Талбайд өнгөрүүлэх 90 минут л тэдний хувьд боломж бололцоог үүсгэх талбар байдаг. Хөлбөмбөгийн гоо сайхныг үзэгчдэд бэлэглэж чадсан бүх багууддаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

МХБХ-оос анх удаагаа Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тэмцээнийг зохиож байгаад багш дасгалжуулагчид таатай хүлээн авч байгаа юм. Доорх линкээр та бүхэн дасгалжуулагчдын ярилцлагийг хүлээн авч үзэх боломжтой.

МХБХ тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан эмэгтэй тамирчдыг дэмжиж ажиллах, уралдаан тэмцээнийг олонтаа зохиох болсон энэхүү үйлс нь хөлбөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн эрэгтэй тамирчид, багш дасгалжуулагчдын дунд талархууштай үйл явдал болж чадлаа. Энэхүү хөгжлийн бодлогийн хөтөлбөрт багтсаны дагуу МХБХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар “Монголын Тэмүүлэл” багийн дасгалжуулагч Ц.Ганболдыг гавьяаны одонгоор шагнасан бөгөөд шагналыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

Мөн тус үйл ажиллагааны үеэр 2014 оны МХБХ-ны дээд лигийн аварга Хоромхон клубд МХБХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн амжилтыг хүсэж 15 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа юм.

Дэлхий дээр хөлбөмбөгийн олон төрлүүд үсрэнгүй хөгжиж сая сая үзэгчдийн анхаарал сонирхолыг эрхгүй татсаар байна. Элсний, футзалны, гудамжны, ногоон талбайн гээд. Энэ дундаас эмэгтэй хөлбөмбөгийн төрөл сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү хүчтэй өргөн хүрээнд яригдаж хийгдэж байгааг бид бүхэн харах боллоо. Ялангуяа Ази тивийн эмэгтэй тамирчид өнөөдөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд бичигдэж байна. 1991 оноос эхлэн “ФИФА”-ийн зүгээс эмэгтэйчүүдийн дунд ДАШТ-ийг анх удаа зохион байгуулах болсон. Анхны тэмцээн БНХАУ-д зохиогдож байсан бөгөөд тэд түүхэндээ 1995 онд хүрэл медаль, 1999 онд Норвегийн багийг хагас шигшээд 5:0 харьцаатай ялж түүхэн тоглолтоо шигшээд зохион байгуулагч АНУ-ын эсрэг хийсэн ч торгуулын цохилтоор хожигдон мөнгөн медалийг хүртэж байсан билээ. Харин сүүлийн 2 дэлхийн аваргад мөн Азийн шилдэг Япон улсын тамирчид дараалан финалдаж 2011 онд түрүүлэн алтан дагиныг өргөсөн бол энэ жил АНУ-д ялагдан дэд байранд бичигдсэн.

Манай улстай ойр байх хөрш зэргэлдээ орнууд өндөр амжилтыг үзүүлж байгаа нь бидэнд ямар их боломж бололцоо, амжилтын гарц байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс ч ерөнхийлөгч А.Ганбаатар үүнийг олж харан өөрийн улсад эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохиож шилдэг тамирчдыг олж нээн шигшээ багийг бүрдүүлэх, цаашлаад дэлхийн тавцанд гаргах гэсэн хөгжлийн бодлого болгож өнөөдөр биелэлээ олж байна. Дотоодын өрсөлдөөн чанартай сайн байх тусам тамирчдын бэлтгэл хангагдаж тив дэлхийд гарах боломж үечлэлийг түргэвчлэх сайн талтай юм. Үндэсний лигээс тодрон гарсан шилдэг тамирчдаар эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж ирэх 9-р сараас эхлэн Япон дасгалжуулагчаар удирдуулан ажиллах гэж байна.

“Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн мэргэн буучаар эсрэг багийн хаалганд 12 гоолыг оруулж чадсан “Хан-Уул” дүүрэг багийн 13 дугаартай Ө.Ундрах тодорлоо. Тоглолт бүр дээр гоол оруулж чадсан түүнийг эсрэг багийн хамгаалагч нар зогсооход тун бэрхтэй байлаа. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Болдбаатар гардууллаа.

Шилдэг хагас хамгаалагчаар: “Хад” клубын тамирчин Б.Намуун

Шилдэг хамгаалагчаар: Монголын Тэмүүлэл багийн тамирчин Б.Мөнгөнзул

Шилдэг хаалгачаар: Эрчим клубын тамирчин Б.Номингэрэл нар анхдугаар лигийн шилдгүүдээр тодорлоо

МХБХ-ноос зохиосон Эмэгтэйчүүдийн Үндэсний лигnay анхдугаар тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа талархаж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэе.