Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон дөрвөн иргэний амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн М /42 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 12:15 цагт цогцсыг олжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг /Дарханы гүүр гараад/ Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд иргэн М /31 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг өчигдөр 18:51 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:46 цагт цогцсыг олж гаргасан байна.

Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө /33 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/, Б /32 настэй, эрэгтэй/, Г /33 настай, эрэгтэй/ нар “Доод модот булан” гэдэг газар завь нь хөмөрч живсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон дөрвөн иргэний амь насыг аварч, уснаас гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр: АИХ-ын депутатаар сонгогдсон нь миний амьдралд тохиолдсон том өөрчлөлт байлаа

Оршлын оронд

Монгол Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25 жилийн ой тохиож байна. Монголд “ардчилал” хэмээх шинэ салхи сэвэлзэн, ард түмэн цээж дүүрэн амьсгалахыг тэмүүлсэн нь 1990 оны цагаан морин жил юмсанж. АИХ-ын депутатуудыг сонгох хариуцлагатай сонголтыг Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар хүлээн зөвшөөрснөөр өөрчлөлт шинэчлэлтийн эх тавигдсан юм.

“Бүгд найрамдах Монгол ард Улсын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 151 дүгээр зарлиг” 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр долдугаар сарын 22-ны ням гаригт 7-22 цагийн хооронд санал хураалтыг явуулахаар тогтож байжээ.

Монголчуудын хувьд хариуцлагатай сонголт хийж байгаагаа тухайн үед бүгд мэдэж байсан. Тэр ч утгаараа сонгуулийн насны иргэдийн 98 хувь нь санал өгч байсан гэдэг. Харамсалтай нь түүнээс хойш ийм өндөр ирцтэй сонгууль болж байсангүй. Одоо манай гишүүдийн гаргаж буй санал болох хоёр парламенттай байя, холимог тогтолцоогоор сонгууль явуулъя гэдэг зүйл 1990 оны анхны ардчилсан сонгуулийн үеэр хийгдэж байсан. Хамгийн анхны намд санал өгдөг журам мөн л анхны сонгуулийн үеэр хэрэгжиж байсныг манайхан мэднэ.

Шүдэнз тарааж сонгуулийн сурталчилгаагаа хийж явжээ

Ням гаригийн өглөөний 6.20 цагт утас дуугарч байна. Харвал 9911…-тэй дугаар байх юм. “Байна уу” гэвэл “Энхболдоо, одоо уулзвал яаж байна. Би яваад очъё” хэмээн эрэгтэй хүн хариуллаа. “Болноо” хэмээн 6.30 цагт Яармагийн эцэст уулзахаар тохирлоо. Энэ хүн бол Барилга, хот байгуулалтын болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр юм. Тэрбээр тун эртэч хүн ажээ. “Өглөө эрт хотоороо явахад амар байдаг юм. Замын түгжрэл ч байхгүй шүү дээ” гээд хөдөллөө. Бидний яриа АИХ-ын депутатыг сонгох анхны ардчилсан сонгуулийн талаар байв.

Н.Батбаяр гишүүн Ардын Их хурлын 43 дугаар тойрогт “Газар шороо” романаараа олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан нэрт зохиолч Дүгэржавын Маам, одоогийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Жалелийн Хайрулла, Д.Базаргүр, Д.Баасанхүү, Ж.Галбадрах, Д.Дашбямба, Жа.Болд, Жү.Болд, Д.Болдбаатар, Я.Батсүх нарын хамтаар АИХ-ын депутатад нэр дэвшиж байжээ. Анхны ардчилсан сонгууль гэдэг утгаараа хэн хэн нь хариуцлагатай байсан нь мэдээж. Ялангуяа зохиолч Д.Маам, Ж.Хайрулла эмч нарын хувьд хэдийнэ олны танил болчихсон байсан болохоор бусдыгаа бодоход сонгуульд орно гэдэг арай амар байсан байж мэдэх юм. Долдугаар сарын 22-нд сонгууль болж хамгийн олон санал авсан хоёр хүн болох Ж.Хайрулла эмч Н.Батбаяр гишүүн хоёр үлдсэн байна. Тэд дүүрэгт бус найман байрны дунд нэр дэвшиж байсан гэнэ.

Найман байрныхаа хүмүүсийг дуудан уулзалт хийх гэхэд тэр бүр хүн ирдэггүй байж. Н.Батбаяр гишүүн “Комплекс импорт хангамжийн нэгдэл”-дээ хамтлагтай байсан гэнэ. Тус хамтлагийнхан нь байгууллага дотроо болон зарим үед орон нутагт тоглолтоо хүргэдэг байсан тухай ярьсан юм. Тиймээс хамтлагийнхнаа байрны үүдэнд цуглуулан бяцхан тоглолт хийж эхлэхэд хүмүүс цугладаг байсан тул тэр үед л нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг байж.

Бид Саппорогийн уулзвар дээр ирлээ. Тэрбээр “Миний нэр дэвшсэн гээд байгаа 43 дугаар тойрог чинь энэ хэдэн байрнууд байгаа юм. 1990 оны долдугаар сард үүгээр чинь явж л сурталчилгаагаа хийж байлаа” хэмээн байрнууд дундуур орлоо. Хоёр ч сургуулийн дэргэдүүр өнгөрлөө. Тухайн үед санал хураалт энэ хоёр сургууль дээр болжээ. Н.Батбаяр гишүүн байнга биш ч гэсэн өөрийн амьдарч байсан болон нэр дэвшиж байсан хийгээд өөрийнх нь амьдралтай ямар нэгэн сэжмээр холбоотой газруудаараа өглөө эрт тойрдог аж. Түүний хувьд долдугаар сарын 22-нд мөн үүгээр ирээд явжээ. Учир нь 1990 оны долдугаар сарын 22-ны ням гаригт анхан шатны сонгууль явагдаж байсан юм байна. Түүнээс “1990 оны долдугаар сарын 29-нөөс хойш хэр өөрчлөгдсөн байна, танай тойрог” гэхэд “Бүхэл бүтэн хороолол сүндэрлэсэн. Замын араар дүүрэн гэр хороололтой болсон гээд ярьвал маш их юм бий” гэв.

Тухайн үед өнөөгийн сонгууль шиг сурталчилгаа энэ тэр гэж юм байсангүй. МҮДН-ийнхэн шүдэнз худалдан авч нэр дэвшигч гишүүнийхээ зургийг наан, алгын чинээ цаасан дээрх танилцуулгын хамтаар айлуудаар тараадаг байж. “Комплекс импорт хангамжийн нэгдэл”-ийн 260 хүний дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байсан тухай тэрбээр ярьсан юм. Ардчиллын төлөөх цохилох зүрх бүхэн түүнд санал өгч нийт сонгогчдынхоо 57 хувийн саналыг авснаар АИХ-ын депутат болсон түүхтэй. Тэр үед Н.Батбаяр гишүүн 30 настай байжээ. Уг сонгуулиар МҮДН-ын зургаан хүн АИХ-ын депутат болсон бол хоёр нь Улсын бага хурлын гишүүн болсон гэдгийг тэрбээр тодотгосон юм. Уг сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт явуулахад МАХН-ын араас 5.52 хувийн саналаар МҮДН жагсаж байжээ.

Н.Батбаяр гишүүн үндэсний өв уламжлалаа сэргээх, хүн төрөлхтний бүтээсэн дэвшилтэт зүйлсээс бүтээлчээр авч хэрэглэх замаар улс орныхоо хөгжин цэцэглэх баталгааг бий болгохыг зорьжээ. Мөн өмчийн олон хэлбэрийг өв тэгш хөгжүүлж, чөлөөт үйлдвэрлэгч бүхий зах зээлийн эдийн засагт шууд шилжих, эдийн засгийн нээлттэй бодлогыг явуулахын зэрэгцээ аль нэг орноос эдийн засгийн хараат байдалд орохоос сэрэмжлэх үүднээс импортын тодорхой нэрийн барааны болон гадаад худалдааны нийт эргэлтэд нэг орны эзлэх хувь 40-өөс дээшгүй байлгах зарчим баримталж байснаа мөрийн хөтөлбөр болгон дэвшүүлжээ. “Таны мөрийн хөтөлбөр биелсэн үү” гэхэд “За даа, үр дүнд хүрсэн нь ч байна. Ямар ч үр дүнгүй болсон нь ч байна. Хүн өнгөрсөн амьдралдаа цатгалан байвал ирээдүйдээ өлсгөлөн байдаг юм шиг байна лээ. Тиймээс бид өнгөрсөн амжилтаа биш ирээдүйгээ харах ёстой. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж биш. Бид буруутанг хайдаг уралдаанаасаа салах цаг болсон” хэмээн хариулсан юм. “Цаг цагаараа байдаггүй цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэг эртний үгтэй шүү. Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ тэмцэл байхгүй юу. Чингисийн үед тийм байж. Одоо ч тийм байна. Цаашид ч тийм л байх болно. Тухайн цаг үедээ тодорч гарч ирээд улс орноо удирдана гэдэг тийм ч амар зүйл биш. АИХ-ын депутатаар сонгогдсон цаг үе миний амьдралд тохиолдсон бас нэгэн том өөрчлөлт байлаа” гэв.

Ардчилсан анхны сонгуулиас хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ бол түүхийн хугацаанд асар богино санагдах хэдий ч хүний амьдралын хоёр ч үе солигдох хугацаа. 25 жилийн хугацаанд Герман улс хөгжиж чадлаа. Эл улс чинь дэлхийн хоёрдугаар дайны дараа балгас болсон гэхдээ өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Тэгвэл энэ хугацаанд Хятад мөн л хөгжлийн замаа олж дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон бол Сингапур гэдэг загасчны тосгоныг Ли Куан Ю Азийн бар болголоо. Бид ингэж л хөгжих хэрэгтэй гэдгийг санууллаа. Түүний үзэж буйгаар ардчилсан сонгуулийн буянаар олон зүйл хөгжсөн ч жинхэнэ үр дүн бол мал аж ахуйн салбарт гарсан гэдгийг тодотгосон. Учир нь социализмын үед малаа 25 сая толгойд хүргэх таван жилийн төлөвлөгөө гаргаад хүргэж чаддаггүй байсан ч ардчиллын буянаар мал 50 сая гарсан гэлээ. Энэ нь малчид хөдөлмөрлөсний үр дүнд, мал эзэндээ очсоны үр дүн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ дээ гэсэн юм. Бид бүгд ажиллахгүй амаараа шүүмжлээд байвал шороо үмхэнэ шүү гэдгийг сануулсан. Түүнчлэн ардчиллын буянаар өнөөдөр алс буйд газрын малчин хүртэл интернэтэд холбогдож, гэрэл цахилгаантай байгаа тухай ярив. Нэг зүйлийн тухай нэмж өгүүлэхэд монголчууд ноён санаатай болохоор бүгд ажил хийх хүсэлгүй тул бүгд шүүмжлэгч болсон гэлээ. Н.Батбаяр гишүүний хувьд зүрх алдвал бүхнийг алдана. Зоригтойгоор шууд ажлуудаа хийхийг шаарддаг тийм л зантай хүн аж. Энэ түүний баримталдаг зарчим юм байна. Ардчилсан сонгуулиар байгууллага болгон дээр байсан эвлэлийн үүрийг болиулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай болгожээ. Одоо үүнийг өөрчлөх цаг болсон тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх цаг ирсэн гэлээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхэд цахилгааны дэд өртөө байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/620 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 10 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамж /хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө, 10 кВт-ын кабель шугам/-ийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд шаардлагатай 3 тэрбум 682 сая 871 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Гадна цахилгаан хангамжийн ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн хүүг олжээ

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар М /5 настай, эрэгтэй/ төөрч алга болсон талаарх мэдээлэл өчигдөр 13.00 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ. Таван настай хүү төөрч, сураггүй болсон тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Хүүг үдшийн 23 цагийн үед эсэн мэнд олж, ар гэрт нь хүргэж өгчээ.

Түүнчлэн хүүхэд төдийгүй томчууд ч бороонд зүг чигээ алдаж төөрөх, гол усанд осолдож эндэх тохиолдол олон гарч байгааг Онцгой байдлынхан анхааруулсаар байна. Энэс арын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөнд иргэн М /42 настай, эрэгтэй/ живжээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч голд живсэн хүнийг эрж хайсаар байгаа гэнэ. Тиймээс томоохон гол мөрөн, нуур цөөрөмд орохдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын танкчид ОХУ, Анголтой өрсөлдөнө

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох Алабино полигонд “Танкийн биатлон” олон улсын тэмцээн энэ сарын 1-15-нд болох гэж байна. Тэмцээнд ОХУ, Монгол, Ангол, Серб, Никарагуа, Энэтхэг, Хятад зэрэг 13 орны цэрэг дайчид оролцох аж. Манай танкчид эхний хэсэгт ОХУ, Анголын багтай учраа таарчээ. “Танкийн биатлон” тэмцээнд онч мэргэн буудлага, уран жолоодлогоор шилдэг танкчдыг шалгаруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрээн хоорондын түр нислэг дахин эхэлжээ

Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийг түр хугацаагаар сэргээжээ.

Тодруулбал, Улаанбаатараас ниссэн MR-8861 онгоц энэ сарын 16-ны 8 цаг 10 минутын үед Эрээн хотын Сайнус онгоцны буудалд газардсан нь Улаанбаатар-Эрээн хооронд зорчих түр зуурын олон улсын нислэг дахин эхэлсний бэлгэ тэмдэг болжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, энэхүү нислэгийг түр хугацаагаар сэргээж, Монгол Улсын Хүннү агаарын тээврийн компанийн Фогг-50 нисэх онгоцоор үйлчилж байгаа аж. Долоо хоногт 3 удаа буюу мягмар, пүрэв, ням гарагийн өглөөний 6 цаг 10 минутад Улаанбаатараас хөөрч, 7 цаг 50 минутад Эрээн хотод газардаж байгаа юм байна.

Онгоц эргээд Эрээн хотоос өглөөний 8 цаг 20 минутад хөөрч, 10 цаг 5 минутын үед Улаанбаатарт газардаж байгаа гэнэ. Тасалбарын хувьд 850 юанийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Улиастай-Гачууртын замыг хаана

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замыг шинэчилж буй. Уг замын суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан замыг хэсэгчлэн хаахаар болжээ. “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23.00 цагаас ирэх сарын 05-ны 06.00 цаг хүртэл хаана.

Түр зам гаргах боломжгүй учир иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм.

Улиастай-Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

“Ил тод Улаанбаатар академи”-ийг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын дагуу “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулжээ. Уг академи нь авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчлэх зорилготой юм байна. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.

Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, эрдэм шинжилгээний практик судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, олон улсын тэргүүн туршлага солилцох, хамтран ажиллаж түншлэх, үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази болон Төв Азийн дэд бүс, улмаар Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд манлайлан ажиллахад оршино.

Уг академийн үйл ажиллагаа ирэх долоо хоногт болох бөгөөд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Энэ үеэр НЗДТГ, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах аж.

Categories
мэдээ нийгэм

Залуу судлаачдын сургалт үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт үргэлжилж байна. Манай улс гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус сургалтад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 12 орны 30 залуу судлаачид хамрагдаж байна.

Энэ удаагийн зуны сургалт хоёр хэсгээс бүрдэж байна. Эхний ээлжинд судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх бол хоёрдугаар хэсэгт Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын гол төвүүдэд сургалтад хамрагдах юм.

Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч, энгийн тасагт шилжлээ

Дүүгээ аврахаар дүрэлзэн асч буй гал руу ороод өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ. Хүү БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна.

Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлэн нийт 10 гаруй сая төгрөг цуглуулан, өчигдөр хүүгийн аавд хүлээлгэн өгсөн юм.

А.Цэрэнтогтох хүү Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400 сая төгрөг шаардлагатай болсон. Одоогоор 150 орчим сая төгрөг цуглараад байгаа юм. Холбогдох утас: 99028637 Хаан банкны хандивын данс: Төгрөг-5084346503 Доллар-5084346514

Хэргийг сануулбал, 2015 оны зургадугаар сарын 10-ны өдөр 8-9 цагийн үед гэртээ байсан хоёр хүү газ дэлбэрсний улмаас түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Хоёр хүүг гэртээ байхад нь баллонтой газ дэлбэрч, гэр нь шатсан бөгөөд тухайн үед хүү гэрээсээ гарч, хажуу айл руугаа орилж дуудаад, гэртээ үлдсэн хоёрхон настай бяцхан дүүгээ аврахаар буцаж орсон байдаг. Ингэснээр дүүгийнхээ амь насыг аварсан хүү гуравдугаар зэргийн буюу 80 хувийн түлэгдэлттэй, ухаан балартсан, маш хүнд байдалтай үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байсан юм.