Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хүндэтгэлийн хуралдааныг нээж үг хэллээ

Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан “Шангри Ла” зочид буудалд болж байгаа юм.

Хүндэтгэлийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан” гэдгийг онцлоод, “Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш” гэв.

Үүний дараа анхны сонгуулийн талаарх баримтат киног хурлын зочдод сонирхууллаа. Хүндэтгэлийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцож байгаа билээ.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан даргалж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баримтат киног толилуулсны дараа хурлын зочид, төлөөлөгчдөд илтгэл тавьсан бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг Бан Ги Мүний улс төрийн орлогч уншиж, танилцуулав.

Categories
мэдээ цаг-үе

Сумогийн “домог” зодог тайллаа

Монголчууд аль ч бөхийн төрөлд, цаашлаад ямар ч спортод дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар байна. Үүний нэг тод жишээ бол сүүлийн хэдэн жилд мэргэжлийн сумод гаргасан Монгол бөхчүүдийн амжилт юм. Арлын Японы сумогийн дэвжээг монголын сумочид эзэгнэж байна. Бахархаж байна.

Сумогийн олон ч амжилт, рекордыг манай бөхчүүд эвдэж ёстой нэг хүч чадал, эр зориг, уран зоримог барилдаанаараа аархаж байна гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл мэргэжлийн сумод домог болж яваа нэгэн Монгол бөх зодог тайлах тухайгаа мэдэгдлээ. Энэ бол гурван жилийн өмнө буюу 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Түүний энэхүү амжилт сумогийн түүхэнд тэмдэглэгдсэн. Учир нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Кёкүтэнхо шиг олон жил барилдаж, аварга болж байсан бөх байхгүй аж. Тиймээс Японы ард түмэн, хэвлэл мэдээллүүд нэг хэсэг манай бөхийн амжилтыг онцлон шагшин магтаж байлаа. Мэдээж энэ түүхэн амжилт бол түүний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүн. Сумогийн дэвжээнд олон жил ийн амжилттай барилдаж яваа тэрээр уржигдар Нагоягийн зуны башё дууссаны дараа зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Сумогийн алтан хараацай

Нямжавын Цэвэгням өдгөө 40 настай. Түүнийг Арлын Японы мэргэжлийн сумод анх зодоглосон алтан хараацайнуудын нэг гэдэг. Анх 1993 онд Н.Цэвэгням аварга болох хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээн Японд хөл тавьжээ. Тэгсэн хэрнээ сумогийн талаар бараг л мэдэхгүй Наритагийн онгоцны буудалд буусан гэдэг. Ингээд Кёкшюүзан Батбаяртай хамт нэг дэвжээнд орж, Ошима дэвжээний бөх болсон байна. Тэр цагаас хойш мэргэжлийн сумод монгол бөхчүүдийн замыг татсан алтан хараацайнууд бол яах аргагүй Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарыг хэлнэ. Тэд Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж, Хакухо М.Даваажаргал гээд үе үеийн аваргуудыг араасаа дагуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сумочид. Монголын сумочид бүгд алтан хараацайнуудын нөлөөгөөр сумод хөл тавьсан байдаг. Арга ч үгүй биз. Залуу бөхчүүдийн итгэл найдвар, үлгэр дуурайл нь шүү дээ, тэд. Тиймээс Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарт дүү бөхчүүд одоо ч ихэд хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөгөө авдаг гэсэн.

Хүний нутагт харийн спортод амжилт гаргана гэдэг амаргүй даваа

Кёкүтэнхогийн хувьд үеийнхээ бөхчүүдээс хавьгүй хожуу зодог тайлж байна. Н.Цэвэгням анхныхаа барилдааныг ирсэн жилийнхээ гуравдугаар сард хийж байжээ. Түүнд сумогийн хүнд бэрх бэлтгэл сургуулилт нь хэцүү санагдаж нэг бус удаа нутаг буцах бодол тээж байсан гэдэг. Сумогийн дэвжээнд аварга болно гэж ирсэн хүн чинь Монгол Улсын Элчин сайдын яам руу оргож очоод нутаг буцаж байсан гэнэ. Харин Ошима багш нь Монголд ирж, аргадаж ятган Японд аваачиж байсан тухайгаа Н.Цэвэгням дурсаж байсан удаатай. Ингээд багшаараа аргадуулан байж сумогийн дэвжээнд зодоглож 1998 оны арваннэгдүгээр сард анх удаа макүчи буюу дээд зиндаанд барилджээ. Ингэж л дээд зиндаанд дэвшсэн нь түүнийг сумод эргэлт буцалтгүй амьдралаа зориулахад хүргэсэн байна. Түүнээс хойш тасралтгүй дээд зиндаанд барилдаж озеки Кайогийн дээд зиндаанд 1444 удаа барилдсан рекордыг эвдээд байна. Дээд зиндаанд барилдсан цагаасаа хойш аварга болох юмсан гэсэн бодол түүнийг өдөр шөнөгүй чилээх болж. Бүр аварга болж байна гэж зүүдэлдэг байжээ. Зүүд зөнтэй гэж монголчууд ярьдаг. Н.Цэвэгням үүнд итгэдэг. Хүүхэдтэй болчихоод тэрээр нэг шөнө аварга болчихсон, хүүхдээ өвөр дээрээ суулгаад гэр бүлээрээ зураг татуулж байна гэж зүүдэлжээ. Энэ зүүдний дараахан 2012 оны зуны башёд 38 настайдаа түрүүлж эзэн хааны цомыг авчээ. Түүнийг хувь заяа ивээсэн гэдэг. Учир нь сумогийн дэвжээнд ноёрхож яваа аварга Хакухо Даваажаргал тухайн сард тааруухан барилдсан ч хүчтэй өрсөлдөгчдийг нь өвдөг шороодуулж өгсөн байна. Ингэж тэрээр сумогийн түүхэнд хамгийн ахмад настай түрүү авсан бөх хэмээн тэмдэглэгджээ.

Сумогийн амьд домог

Кёкүтэнхо аварга болчихоод дараагийн сарын башёд 13 удаа унасан цорын ганц бөх. Түүхэнд энэ үйлдлээрээ мөн л тэмдэглэгдсэн. Япончууд ч их шуугисан. Гэхдээ тэрээр ясны бөх гэдгээ харуулж дараагийн хоёр сар нь амжилттай барилдсан. Тиймээс япончууд Кёкүтэнхог сумогийн “Legend” буюу “Домог” хэмээн хүндэлдэг. Үнэндээ домог байхаас ч аргагүй бөх. 1998 оноос хойш сумогийн дээд зиндаанд тасралтгүй барилдаж башёд зодоглосон тоогоороо түүнийг гүйцэх бөх одоохондоо алга. Ингэхдээ дээд зиндаанаас буулгүй барилдсан бөх гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням: Би зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлнө

Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод 23 жил зодоглосон. Тэрбээр сүүлийн өдрийн барилдааны дараа нулимс урсган дэвжээнээсээ бууж харагдсан. Сумо сонирхогчдын хувьд үнэхээр харамсалтай мэдээ боловч тэрээр ирээдүйд сумогийн дэвжээнд олон монгол бөхчүүдийн нэрийг гаргах суурийг тавина гэдэгт итгэлтэй байна. Н.Цэвэгням Япон эхнэртэй. Кейко гэдэг. Япон иргэншилтэй учраас тэрээр зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлж авах юм байна. Түүнтэй манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг өчигдөр зодог тайлах тухайгаа мэдээлэх үеэр нь ийн сэтгэгдлийг нь хуваалцжээ.

-Барилдаанаа нулимстай дуусгасан. Яг тэр агшинд юу бодогдож байсан бэ?

-Эргээд бодоход би сумогийн дэвжээнд 23 жил гаруй барилджээ. Энэ барилдаан хамгийн сүүлчийн, дэвжээн дээрээ дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн дөө.

-Хакухо аварга түрүүлж, хамт алхаж явахад ямар санагдаж байв. Аваргатай юу ярив?

-Манай дэвжээ аваргынхтай нэг гал болдог. Олон жил хамт бэлтгэл сургууль хийж, аваргатай цуг амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлжээ. Өчигдөр аварга шийдвэрлэх барилдаантай байсан учир нүдээрээ хоёулаа дохилцоод өнгөрсөн. Аваргыг харахаар л цээжин дээр нэг юм тээглээд байсан. Аварга гарыг минь бариад л олон жил та хичээсэн шүү гээд нүдээрээ хэлэх шиг болсон. Аваргатай хамт туг барьж, ялалтын парадад цуг суугаад явахад үнэхээр сэтгэл их хөдөлж, баярлан бахдах сэтгэл төрж байсан.

-Танд одоо юу бодогдож байна вэ?

-Өнөөдөржингөө (өчигдөр. сур) сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөөд тун завгүй л байна. Дөчин нас хүртлээ барилдаж болдог юм байна гэдгийг залуу үеийнхэндээ харууллаа гэж бодож байна. Их л олон юм бодогдож байна даа.

-Цаашид та юу хийх вэ?

-Одоо хоёр жил гаруй “Ошима” дэвжээнийхээ туслах багш хийнэ. Ирээдүйд дэвжээгээ өвлөн авч ояаката болно доо. Тэр хүртэл суралцах зүйл их байна.

-Үсээ авахуулах ёслолын өдрөө товлов уу?

-Ирэх жилийн тавдугаар сард хийхээр ярьж байна.

-Таны тухай ном гарах гэж байгаа гэл үү?

-Тийм ээ. “Бейсбол” хэвлэлийн газраас “Кёкүтэнхогийн намтар” хэмээх ном удахгүй энэ оны есдүгээр сард хэвлэгдэн гарна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Улаахан орхимж намируулсан дулаахан сэтгэлт Со минь

Хонгор
намрын өдрүүдээр ус нутгаа орхин нийслэл хотноо ирж С.Жамьянгаравын нэрэмжит
Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн оюутан болсон тэртээх ерэн дөрвөн он
санаанд тодхон байна. Хичээл ном жигдэрч ахуй үед бидэнд өрнө, дорнын утга
зохиолын хичээл заах болсон нэрт яруу найрагч О.Дашбалбар багшийн маань “Шүлэг
зохиол сонирхдог хүүхдүүд байвал Ханд вангийн өргөөнд долоо хоногийн лхагва
гараг бүрт болдог “ГУНУ” урсгалын утга зохиолын дугуйланд очиж болно шүү” гэсэн
үг чихэнд нэг л уянгатай, сэтгэлд цаанаа л дотнохон сонстож билээ. Дугуйланд
очвол, Ж.Болд-Эрдэнэ, Б.Одгэрэл, Б.Ичинхорлоо гээд ерээд оныхон бүгд л ирсэн
харагдана. Хүн нэг их танихгүй хөдөөгийн ичингүй хөвгүүн зүс танихаас Дорнодын
цагаан хүү Д.Ган-Очирыг л бараадасхийнэ. Ган-Очир надаас ганц хоёр дүү ч
Дашбалбар багшийг “ах” хэмээн хэвлүүтэж, цүнхийг нь байнга барин сүүдэр нь
аятай дагаж явна. Дугуйланд хэдэнтээ очсоны дараа Ганаа Содномнамжил бид гурав
нэлээд дотно танилцав. Нэгэнтээ Со хэлж байна. “Цэнгэл ээ, хоёулаа гараад ирье.
Энэ замын цаана агуу их Ганхуяг хэвтэж байгаа. Сугадаад ирье” гэнэ.

Цэнхэр
жинсэн хослолтой, шүдээ хавирсан, ширүүн харцтай эр нэлээд халамцуу духаараа
харж “Хар мал аа, чи хаанахынх вэ” гэвэл Со “Хуягаа ах, наад хүү чинь
Баянхонгорын яруу найрагч залуу байгаа юм” гэж аргадсан янзаар хэлж, мөнөөх
“фашист” хэмээх Ганхуягийг оруулж ирж байсан сан. Дугуйлан дээр тэр намуун утга
уянгын шүлгүүдээ зөөлөн хоолойгоор уншихад Аюур ах, Бавуудорж, Б.Одгэрэл нар их
тааламжтай янзаар сонсож суусныг санаж байна. Балбар багш ч Со, яруу найрагч
Д.Цогбадрах нарыг тэр үед ихэд үнэлэн үеийнх нь залууст байнга магтаж ярина.
Ингэж Со-тойгоо танилцсанаас хойш Ж.Болд-Эрдэнэ, Ц.Доржсэмбэ, Ц.Батбаатар бид
нар шүлэг найраг, сэтгэл зүрхээрээ нэг чигийн хүмүүс болохоо мэдэрч эхэлсэн
сэн. Энэ нь Улаан сахиусны овогт Очирбатын Дашбалбар хэмээх Монголын яруу
найргийн үзэгдэл болсон агуу их хүмүүн бидний багш байсантай ч холбоотой биз.
Со манай сургууль дээр үе үе ирнэ. П.Батхуяг бид нар сургуулийн гонхонд цонхны
тавцан түшмэглэн яруу найраг, уран зохиол ярилцан, түүгээр явах охидын гоог
бишрэн зогссон нь олонтаа. Хааяа оюутнууд тарсан хойно, ангид орцгоон ганц нэг
“цэнхэр шувуу нисгэх” зуур шүлэг найргаа уншицгаана.

“Урагдаж
буй ертөнц нь цуурч буй даалимба

Урсаж буй орчлон нь цутган ирэх мөрөн

Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс

Хагацаж буй орчлон нь борооны дараахь чимээ

Тун
тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй

Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг

Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу

Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн нь
цуглана…” гэх шүлгийг нь би хувьдаа уншуулах дуртай байсан. Энэ шүлэгт

“Хуучирч
гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай

Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам
уяралтай”
гэсэн
мөрүүд бий. Анх танилцах үед багшийг дагаж их ирдэг байсан тэрээр хожим Балбар
багштай юунаас ч болсон юм, бяцхан зөрчилдөж зөрөлдөн байсан санагдана. Тэр л
үедээ эл шүлгээ дотроо өмрөн уншиж явсан болов уу.

“Хаалга
задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно” гэсэн сонгодог мөрийг нь
хэвлэлийн бирж, Цэдэндоржийн цэцэрлэгийн харьяат сэхээтэн туурвигч бүгд л
цээжээр мэддэг байсан. Бүр сэржим өргөх үгээ ч нэгэн үе болгож байсан. Яруу
найрагч Ган-Очирын манайхан ерээд оны төгсгөл хавьд Зуун айлд хөрш хашаанд
амьдарцгаадаг байв. Тэр үед тэдний, манай хоёрынхоор яруу найрагчид, зураачид,
уран бүтээлчид их ирцгээх. Болд-Эрдэнэ ах, Со маань, Ц.Доржсэмбэ, Т.Цолмон,
Ц.Батбаатар нарын алхаж явсан жим зам өнөө ч сэтгэлд бүдгэрээгүй л байна.
Нэгэнтээ Со бид хоёр цас бударсан гэрэлт өдөр Багшийн дээдийн хавьд таарч
алхахдаа

“Гунигтай
ширтэхэд, цонхон цаана

Гудамжнаа, цасан охид бүжицгээнэ.

Гэрэлт мөчрүүдийн дээгүүр, намуухан

Гэгээ цацруулан бужигнацгаана.

Сэмхэн гэтэж гэрээсээ одоод

Сэтгэл догдлон гэрэлт мөчрийн доор зогсоод

Энэхэн ертөнцийн биш тэрхэн охидыг

Эгшиглэх вальсанд урих сан, эгшиглэх вальсанд
урих сан”

гэсэн шүлгээ уншвал, анд минь жаварт жаахан ягаарсхийсэн хацраа илсхийж, нүдээ
онийлгосхийн чагнаснаа

“Гэрэлт
мөчрүүдийн дээгүүр намуухан

Гэгээ
цацруулан бужигнана”

гэж ямар гайхалтай мэдрэмж вэ. Тэр “бужигнана” гэдэг үгийг “бударна” гэчихвэл
зүгээр биш үү хө” хэмээн гилжийсхийн хэлж байсан нь санаанд тодхон байна. Со-гоо “нүдээ
онийлгосхийн, гилжийсхийн” гэж тодорхойлсондоо би сэтгэл нэг их эмзэглэхгүй
байна. Учир нь тэрвээр хүнийг дэндүү анхаарч сонсдог, тэр тааламжтай байдлаа
иймэрхүү дүр төрхөөр илэрхийлдэг хүн байж. Дээхнэ үеийн мундаг эрдэмтэй лам
нар, ухаантай өвгөд маань тэгж гилжийж ирээ л хүний үгийг сонсож байгаа
харагддаг. Монгол ухаанаар үүнийг “чих тавин сонсох”, “найр тавих” гэх мэтээр
тайлж болно. Со маань хүнд тэгж л сэтгэл тавьж чагнадаг билэг-билгүүн төгөлдөр
гэгээн сонортой хүн байлаа.

Зуун
айлд байхдаа нэгэнтээ оройтон гэртээ иртэл буйдан дээр минь нэг юм хөдлөх шиг
боллоо. Хоёр давхар цоожтой хаалга байсаар байтал гэрт, бүүр орон дээр хүн
байхаар хэн ч гэсэн гайхах нь тодорхой. Цочисхийж, гэрлээ асаавал манай Со лам
амарчихсаан хэвтэж байх юм. Гэрэл асуут мань эр өндийж ирснээ “Ган-Очир
дүүгийнд орох гэсэн өөрөө ирээгүй байна. Булгаа л байна. Тэгэхээр нь танайд
иртэл чи бас байдаггүй. Хашаанд чинь гайхаад зогсож байтал салхивч чинь
нээлттэй байлаа. Тэгээд хөгшин чинь орж ирээд овоо сайхан амарчиж” гэсэн шүү юм
ярилаа. “Хувилгаан” Со-гоо гэгээвчээр орж ирснийх гэж хөөрхөн шалтаг зохиож
хоёул болор жүнз тулган, аж төрөл, шүлэг найраг хөөрөлдөн, анд нөхдөө дурсаж
үүр цайтал нойр цэлмэг хоносон сон. Энэ бол гэргий, охид маань нутаг өөд
явчихсан 98 оны зургадугаар сар байлаа. Өглөө нь Со европ хувцсаа бүгдийг
тайлж, шинэ оймс өмсөн, хувраг хувцсаа өмсөн нэгэн хийдэд хурлын ламаар суух
болсноо хэлэн гарахдаа үүргэвчтэй хувцсаа үлдээгээд явж байлаа. Гарахад нь “Анд
минь, Лодон гэвш шиг л улаан шарыг намируулаад гандангийн хүр рүү шогшоод байж
дээ” гэвэл нэг муухан мушийсхийчихээд гараад явсан сан. Модод навчсаар уйлсан
намрын жихүүн өдөр Болд-Эрдэнэ ахыгаа хөдөөлүүлчихээд, удаахь жилийнх нь намар
О.Д багшийгаа нутаглуулчихаад хамтдаа гашуу тайлж сууцгаасан гунигт мөчүүд ч
нүдний өмнө тодхон байна. “Цэнхэр өдрүүд” номтой Өвөрхангайн Сэнгийн Адьяасүрэн
найрагчийг дүн өвлөөр үдээд ирлээ гэж Ган-Очирын хамт орж ирж, тэмээнийх шиг
тунгалаг зөөлөн харцтай нүдэндээ нулимс мэлтэгнүүлж суусныг ч яахин мартаж
чадах.

Гэгээн
хайрын тодотголтой “Хонгорзул” сонинд Со-гийн маань олон сайхан уянгын
зураглал, гүн ухааны зохиомжууд хэвлэгдсэн дээ. Хэвлэлийн бирж дээр тухайн
үеийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, зураач, инженер, эрдэмтэд
гээд сэхээтнүүд их цугларна. Бүгд л нэгнээсээ оюун билэг, сэтгэл зүрхний их
нөмөр нөөлөг, гэрэл гэгээ авцгаасан гэж би хувьдаа боддог. Со маань бичлэгийн
шагналд бодож өгсөн сонингуудыг зарахдаа хүнтэй их нийцтэй учир их л сурмаг.
Мэдээж, зарим сонин дээр бидний нийтлэл, шүлэг зохиол, зураг хөрөг хэвлэгдсэн
үед бол сайн танил, оюун санаагаар мануусын садан нөхөдтэйгөө баяраа
хуваалцана. Бидний хэн хэнийх нь ном хэвлэгдээгүй байсан үе болохоор шүлэг
найраг хэвлэгдсэн сонин маань тухайн үедээ л нэрийн хуудас болж байсан юм даг.
1999 оны нэгдүгээр сарын 9-ний орой Төрийн ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойд
зориулсан хүндэтгэлийн зоог барив. Тэндээс би Хонгор нутгийнхаа зохиолч
“банхар” Пүүжээ (төрийн соёрхолт Пүрэвжавын Пүрэвсүрэн) ах “Бурханбогд, аав
хоёр” өгүүллэгээрээ “Утгын чимэг” наадамд түрүүлсэн учир Навчаа эгчид хүлээлгэж
өгөх үүрэг хүлээсэн байлаа. “Намрын дурсамж” дууны найргаараа алдаршсан
зохиолч Намжимын Сүхбат ахын хамт Пүүжээ ахыг хүргэж өгөхөөр зогсож байтал Со,
Ган-Очир хоёр ирж “Нямсүрэн ахтай хэдүүлээ Зуун айл явцгаая. Чи тэр
гайхамшигтай найрагчтай сайхан танилц” гэж байсан сан. Нямсүрэн ах тэр жил
“Болор цом”-д

“Буй
биеэрээ би цас болно

Бүрхсэн их цас болно…

Бүүр том хот тосгодыг ч

Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно

Гуниг зовлонг дарсан цас болно

Энэ биеэрээ би цас болно

Их үс
гэзэг шигээ цас болно

Эргэж
төрөхдөө би цас болно

Эрээнцавынхаа
л цас болно

Эцэст
нь чамдаа гишгүүлж дагтаршсаар

Энгэрийн
бэлд тавьсан

Эрдэнийн
гурвалжин чулууны

Эрхин
цагаан судалд шингэнэ

Тэргүүний
минь үс тэр цагт үсэг болж

Тэнгэрийн
орноо билиг болон одно

Цагийн
жамаар гэзэг минь аясхан бударч

“Цагаан
шүхэрт” ном болно”
гэсэн
алдарт шүлгээ уншиж, хоёрын даваанд уначихаад хээвнэг зогсоход сэтгүүлч
Бадамдоржийн Ганчимэг ахайтан дэвтрийнх нь хуудсаас эл шүлгийг навч шиг тасдан
“Өдрийн сонин”-д хэвлүүлж асан тэр үе билээ. Тэр орой би Нямсүрэн ах, Со,
Ган-Очир нарын Дорнодын фракцыг дагалгүй нутгийнхантайгаа явсан юм. Өнөө нэхэн бодоход нэгэн биеэ хоёр болгон
хувилчихмаар тийм яруухан үе бидэнд олонтаа тохиож байжээ. Түүн лүгээ хүмүүний
энэхэн амьдралыг ахин дахихын ерөөл талбимаар тийм л гэгээн оюут хүмүүн цөөн
таардаг ажээ хэмээн Со-гийнхоо тухай дурсамж нэхэн суунам. Тэгэвч, зөөлөн
сэтгэлт, гэгээн билэгт, ариун ёст, намуун уянгын сод найрагч Тогоонтөмөрийн
Содномнамжил ламтан нэгэн бие нь дүрст лагшингаа гээн одсон боловч тунгалаг
ариун шүлгүүдэд нь оюун сэтгэлийн гэгээн сүнс нь мөнхөд амьд үлдсэн яруухан
хувилгаант билээ. Ай, анд минь!

“Өөрийнхөө
ариун нандин гэрэл гэгээ бүхнийг авч гараад, байгалийн зүг явж чадвал миний
таньж мэдэх охид хөвгүүдээс Т.Содномнамжил, Л.Өлзийтөгс хоёрыг л дэлхийн
дэвжээний барианы газар монголчууд хүлээж авах болно” гэж Эрээнцавын
Нямсүрэн ахынхаа итгэлийг хүлээж байсан анд минь цэл залуухан гучин хэдхэн
насандаа тэнгэр зүг одсон нь гунихралтай. Намуун уянгын гэрэлт найрагч
Т.Содномнамжилын маань түмний нэг тарсан гар бичмэлийг яруу найрагч анд
Магван-Эрдэнийн Саруулдалай, Г.Хүрэлчулуун, орчуулагч Ононгийн Чинбаяр нар
эмхэтгэн “Огторгуйн очир” хэмээх ном баринтагласныг залуу насных нь анд, эдүгээгийн их хурлын
гишүүн Л.Энх-Амгалан ивээн тэтгэж уншигчдын гэгээн мэлмийд толилуулан ариун
сүнсэнд нь хүндэтгэл үзүүлсэн билээ. Сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун маань ч
Со-гийнхоо тухай “Сонинд боодолтой юм” дурсамж бичиж, андынхаа
шүлгийн гар бичмэлүүдийг ганц охинд нь гардуулсан нь сайн хүмүүн, сайхан
найрагчаа дээдэлсэн нөхрийн чин сэтгэл буюу

Л. Батцэнгэл

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ойн захын бяцхан байшиндаа хөл нүцгэн гүйгээд л…

Их хотын стресс дарамтаас залхсан залуус хөдөөгийн эгэл даруухан амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон гэнэ. Үүнийг дагаад хувцасны хэв маяг хүртэл энгийн, спорт хэв загвартай болж байгаа гэж солонгос мэргэжилтэн ярьж байсан. Хүн төрөлхтөн нэгэн үе байгалийг эрхшээлдээ оруулах том санаа агуулж байсан бол өдгөө байгальтайгаа зохицож амьдардаг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг судалж эхэлжээ. “Язгуур шүтлэг ба байгаль соёлын экологийн асуудал” олон улсын хурал дээр саяхан энэ санаа их яригдсан. Байгальтайгаа зохицож амьдрахгүй бол хүн төрөлхтний өсөлт, хэт хэрэглээ цэнхэр гаригт маань аюул учруулах болсон. Тийм учраас хүн байгаль эн тэнцүү орших учиртай гэсэн үзэл санаа бий болоход хүрчээ. “Уул усны үр сад” гэдэг шиг өөрсдийгөө байгаль эхийн хүүхдүүд гэх мэтээр байгаль, уул, ус, амьтныг хүншүүлж, сүнсжүүлж хүнтэй адилтган үзэх нь мухар сүсэг бус ахуйгаас урган гарчээ. Монголчуудын уламжлалт ухаан нь байгальд хайр найргүй хандахгүй байхыг, байгалийг хохироохгүй байхыг сургадаг.

Ээж маань багад “Сүүтэй шанагаар ус хутгадаггүй” гэж захидаг байж билээ. Сүүтэй шанагаар хутгаж болохгүй голд машин тэргээ угааж бүр ч болохгүй нь ойлгомжтой. Ардын ёс заншил уламжлал нь аман хууль гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчиж болдог бол ээжийнхээ үгийг зүрх сэтгэлээрээ дагах нь зүйн хэрэг. “Монголчуудын байгаль хамгаалах зан үйлийн нэг нь уул овоо ус мөрний тахилга” гэж академич Б.Энхтүвшин онцолсон. Монголчууд овоо босгохдоо тухайн нутгийн сүлд болсон газар нутгийг сонгох агаад дархлан хүндэтгэж хамгаалдаг аж. Тахилга шүтлэгтэй уулнаас дураараа мод огтлохгүй, ан амьтныг хөнөөхгүй, булаг шандыг бохирдуулахгүй шүү дээ. Хүмүүс байгаль руугаа эргэж байна. Ойн захын бяцхан байшиндаа хөл нүцгэн гүйх сэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ худлаа тийм ээ, Р.Бурмаа аниа?

Өнөө жил улсын хэмжээнд ургацынхаа 80 орчим хувийг алдаад байгаа гэсэн цочирдмоор тоог Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос дуулгаж байх юм. “Сүүлийн 35 жилд тохиогоогүй ган гачиг болж тариалангийн салбар уналтад орсон” гэлээ. Энэ тухай тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбатын ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн. Түүний хэлсэн, ярьсан зүйл худлаа биз дээ тээ Р.Бурмаа аниа? Хэрвээ Монгол Улс ургацынхаа 80 хувийг алдахдаа тулсан юм бол салбарын сайд төдийгүй Ерөнхий сайд нь Засгийн газартайгаа огцроход хүрнэ. Юун Ардын намын зургаан сайдыг засгаас хөөж явуулахтай зууралдах манатай болно биз. Асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэж таарна даа. Нөхцөл байдал иймдээ тулаагүй. Тэгэхээр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны нөхдүүдийн халаглаад, байж ядаад байгаа байдал, нийгэмд түгээж буй мессэж зэрэг нь салбарынхаа яам руу дайрсан худлаа яриа гэж ойлгогдоод байгаа юм шүү дээ Р.Бурмаа сайд аа! Сураг сонсох нь ээ, та суудлаасаа ч өндийх завгүй байгаа бололтой. Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгтэй цахимаар хэрэлдээд өнжиж байгаа ажиглагдах юм. Гэтэл цаана чинь тариалан эрхлэгчид зовлонгоо тоочоод эхэллээ. Монгол Улс энэ жил ургацаа алдаж, өвөлжилт хүндрэх талаар ам дамжин ярьцгааж байна. Тэдний яриад байгаа зүйлд цахим ертөнцөөр өртөөлөн өрөөнөөсөө хариулт өгч суухын оронд салбар хариуцсан сайдын хувьд тариалангийн талбай дээр очоод үзчихмээр юм байгаа. Хол гээд явж чаддаггүй юм бол хоттой хамгийн ойрхон Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаалцайдам зэрэг сумд байна шүү дээ. Р.Бурмаа сайд таны тариалангийн бүс нутгуудаар явж чадахаа байсны тод жишээг өнгөрсөн баасан гаригт харлаа. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас цөөхөн сэтгүүлчдийг Төв аймгийн Жаргалант сумын тариаланч, “Хөх баянбулаг” компанийн захирал Ж.Ариунболдын тариалантай танилцуулахаар болсон юм. Тэнд салбарын сайд нь байтугай яамны нэг ч мэргэжилтэн үзэгдсэнгүй. Ж.Ариунболд гуай алагтай цоогтой ургасан тариан талбайгаараа сурвалжлагч нарыг замчлан сонирхуулав. Улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй, өөрийнхөө бор зүрхээр тариалангийн аж ахуй эрхэлдэг энэ эрхэм яаманд ч тэр Л.Цандэлэгийн холбоонд ч огт хамаагүй нэгэн гэсэн. “Тариаланч хүн бэлгэдлээ бодно. Болоогүй байхад нь муу амлаад, тэдэн хувиа алдсан гэж ярих сонирхол алга. Хураасны дараа санасанд хүрэх эсэх нь миний л асуудал. 1999-2000 онд халж л байсан. Халалтын үед ялгаагүй тариагаа тариад хурааж авч л байсан. Асуудал байхгүй. Өөр өөрийнхөө тавиланд л захирагдаад явна шүү дээ” гэж тэрбээр ярьсан.

Ер нь тариаланч бүр л өөр өөр тайлбар хэлж байгаа юм. “Ойрд хур бороо ихтэй байгаа болохоор аравдугаар сар хүртэл харах үлдлээ” гэж горьдлого тээх нэг хэсэг байхад “Одоо мянга усан бороо ороод ч нэгэнт хатчихсан үр тариа сэргэхгүй” хэмээн найдлага тасарсан үг унагах тариаланчид байна лээ. Улаанбуудайг “улстөр” болгосон үйл явдлын зангилаа цаг уурын нөхцөл шалтгаандаа ч биш Л.Цандэлэг Р.Бурмаа хоёрын ашиг сонирхлын хэрүүлтэй холбоотой гэж хардах олны таамаг ортой ч юм шиг санагдаад байгаа юм. Шийдлийн Засгийн газар байгуулагдаж, Монголын стратегийн ач холбогдолтой чухал салбарыг Р.Бурмаа толгойлох болсон тэр цагаас Л.Цандэлэг энэ хоёрын хэрүүл эхлэлтэй. Цагаан сарын өмнөөс өдөөсөн гал хаваржин үргэлжилж, жагсаал цуглаандаа хүрсэн. Энэ зунжин ч тэдний дунд ассан гал унтрахгүй нь бололтой. Эдний хэрүүлийн алим нь тариалан эрхлэгчдийн өрийн асуудлаас ургасан. Р.Бурмаа сайд болсноор Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариаланчдад урамшууллын 70 мянган төгрөгийг нь олгохдоо хасч өгсөн. Тодруулбал, өмнөх жилүүдэд хуримтлагдаж зузаарсан өрөнд нь суутгаж эхлэх нь тэр. Эрхэм сайд энэ үйлдлээ эргээд тариаланчдад дэмжлэг болж очно гэж тайлбарлаж байв. Газар тариалангийн салбар хэдхэн хүний монополь эрх ашгаар явж болохгүй гэдэг үүднээс ийм арга хэмжээ авч буй гэдгээ нуугаагүй юм. Учир нь Л.Цандэлэг албан тушаалын шахалтыг салбарын сайддаа тулгасан байдаг. Сайдын зөвлөх юм уу газрын дарга болно гэж айлын эрх хүүхэд шиг аашлах Л.Цандэлэгийн авир Р.Бурмаагийн зэвүү, дургүй хоёрыг жинхэнэ хурцалсан биз. За тэгээд гал дээр тос гэгчээр гурил үйлдвэрлэгчид өөрсдийн тариаланчдын буудайг голж импортын үр тариаг илүүд үзсэн нь үйл явдлыг улам ширүүсгэв. Дотоодын үр тариагаар гурил хийхэд нялцайж урсаад борлуулалт муу байдаг гэж гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг авахаас татгалздаг. Бизнес эрхэлж байгаа хүмүүс болсон хойно борлуулалтаа бодоод аль чанартайг нь сонгож таараа. Иймд цавуулаг өндөртэй ОХУ-ын улаан буудайг импортлох сонирхолтой. Засгийн газраас ч тэдэнд энэ эрхийг нь өгч квот тогтоож өгсөн. Гэтэл тариалан эрхлэгчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, жил болгон босдог асуудлын нэг болсон нь энэ. Харин яамны бодлого бол импортын улаан буудайг буруутгадаггүй. Харин ч ард түмэн чанартай гурил хэрэглэж, Монголын ард түмний хүнс, гурилын хэрэгцээг найдвартай хангана гэдэг. Тиймдээ ч дотоодын хэрэгцээний нэгээхэн хэсгийг хангаж байгаа импортын улаан буудайн гурилыг дэмждэг юм. Тэгээд цөөхөн тн улаан буудай импортлох нь дотоодын ургацын балансад нөлөөлөхгүй гэж үздэг. Дээрх байдлаас улбаалан гурилын үнэ сар шинийн баярын өмнөхөн хэлбэлзээд авсан ч удаатай. Ер нь гурилын үнийг нэмэгдүүлэхгүй байх нь салбарын яамны гол бодлого. Иймд тариалан эрхлэгчдэд татвар төлөгчдийн 25 тэрбум төгрөгийг урамшуулал болгон олгосоор ирсэн. Харин чанарын шаардлага хангахгүй улаан буудайг тариалсан аж ахуйн нэгжүүдийн урамшууллын мөнгийг өгөхгүй гэж Р.Бурмаа мэдэгдсэн. Гэтэл цаг агаарын байдал тариалан эрхлэгчдэд ашигтайгаар нөлөөлж, үр тариа ургаагүй гэж шалтаглан хур өрөө төлөхгүй байх нөхцөл бүрдсэн тухай учир мэдэх хүмүүс яриад эхэллээ. Энэ тухайгаа тэд өөрсдөө ч зарлаж байна. “Өнөө жил 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Улс бидний өрийг даах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жил тариа тарих компани олдохгүй элгээрээ хэвтэнэ” гэж ирээд л мэдээлцгээж байгаа юм. Тариалан эрхлэгчдийг төрөөс нэлээд харж үздэг нь нууц биш ээ. Тухайлбал, Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогод сүүлийн хэдэн жилд түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс 128 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон байх жишээтэй. Гэх мэтчилэн тэдний татвараас чөлөөлөх гэж жигтэйхэн.

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхны Монгол Улс ургацаа алдлаа гэсэн мэдэгдэл хэдхэн хоногийн дотор гурилын үнийг кг тутамд 100 төгрөгөөр өсгөчихлөө. Хор уршиг нь ийм л байна. Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс асуудалд яаравчлан түргэдээд хэрэггүй, намар болтол ажиглах хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Гэтэл тариалан эрхлэгчдийн холбооныхон салбарын яамаа буруушааж байгаа юм. Энэ мэтчилэн тулга тойрсон хэрүүлээ цахимаар идэвхтэй өрнүүлсэн Р.Бурмаа Л.Цандэлэг хоёрын маргаан тэднийг үндсэн ажлаа хийхэд нь чөдөр тушаа болж байгааг өөрсдөө ч мэдэхгүй байна. Тариалангийн талбайгаар ажиллаж, өнөө жилийн ургацынхаа тоон мэдээтэй танилцаж явах ёстой салбарын сайд нь жиргээний “донтон” болжээ. Хурдан морины улаан хорхойтой Л.Цандэлэг эрхэм хоббигоо хойш тавиад twitter-т толгойгоо мэдүүлчихэж. Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэг бол хувийн бизнестэй эрхэм. Түүнийг “Шим” группын Ерөнхийлөгч гэдгээр нь монголчууд андахгүй. Харин моринд дуртай хүмүүс Монгол Улсын тод манлай уяач гэдгээр нь танина. Тэрбээр “Адуу гэдэг хийморьлиг амьтан. Би жилийн дөрвөн улирлын нэг улиралтай нь тэнцэх цаг хугацааг мориндоо зориулдаг” гэж өөрийнхөө хоббигоор бахархдаг. Хурдан морьтой амьдралаа холбоод 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд улс бүсийн наадмаас 20 хол давсан айраг, түрүү авч байсан. Том, жижиг наадмуудаас морьд нь айргийг ёстой нэг түүх шиг болсон. Л.Цандэлэгийн соёмбо хүрэн азарга нь олон наадамд хурдалж, түүнийг Тод манлай уяач болоход нь онцгой нөлөөлсөн гэдэг. Урьд жилүүдэд наадамчид хийгээд морины хорхойтнуудыг олонтаа баярлуулсан Л.Цандэлэгийн хурд өнөө жил нам жим байгааг үнэнч фэнүүд нь анзаарчээ. Шадар сайдаар ахлуулсан Үндсэний баяр наадмын комиссынхон өнөө жил Л.Цандэлэгийн давхиулдаг эрлийз морьдыг баярын өдрүүдэд уралдуулахаас татгалзсан. Хэрэв тэрбээр Р.Бурмаа сайдтай хийх хэрүүлдээ хамаг анхаарлаа хандуулаагүй байсан бол хурдан хүлгүүдээ цоллуулаад л зогсч байх байсан биз ээ. Салбарын сайд болоод яамныхныг үр тарианы талаар ямар ч ойлголтгүй хэмээн зүхдэг тэрбээр буудайгаа ч ургуулж чадахаа байжээ. Ингэхэд Монголын амьдрал Р.Бурмаа, Л.Цандэлэг хоёрын хэрүүл дээр тогтдоггүй. Монголчуудын амин чухал, өдөр тутмын хэрэгцээ бол талх, гурил. Тиймээс яах аргагүй үр тариан дээр бидний амьдрал тогтдог. Энд хэдхэн тоон баримт дурдъя. Манай улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн. Үүнийг буудайнд шилжүүлбэл 450 мянган тонн болно. Харин нэг хүн жилд 105 кг гурил хэрэглэдэг ажээ.

Үнэхээр манай улс энэ жил үр тарианыхаа 80 хувийг алдчихсан байвал салбарын яамныхан гаднаас буудай оруулаад ирнэ гэж бодоцгоож байгаа байх. Хэрвээ тиймдээ тулбал асуудал яаж ч эргэж мэднэ. ОХУ гэнэтхэн манайд буудай нийлүүлэхээ болилоо гэвэл яах юм бэ. Хойд хөрш өнөө жил ургацынхаа 25 хувийг алдчихсан гээд өнгөрсөн зургадугаар сард мэдээлээд байсан. Өөрсдөө ч үр тарианы хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдалд орчихсон тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээлж байна. Ийм байтал манайх руу улаан буудайгаа илүүчилнэ гэж үү. Тэгээд ч ургац авч чадаагүй манай улсад буудай нийлүүлэхдээ тулбал үнэ ханшаа хүссэнээрээ зохиож, монголчууд гурилаа авч идэж дийлэхгүй болох вий гэсэн болгоомжлол ч байна. Эрэлтийг далимдуулж, хойд хөршийн улаан буудай манай эдийн засгийг хэрхэн савлуулахыг эрх мэдэлтнүүд эртнээс тооцоолж байгаа байх. Асуудал бүр хүндэрвэл хятадууд манайд ясны гурилаа шахах гэнэ дээ. Монголчуудын хэзээнээс үзэж чаддаггүй ясны гурилыг авахгүй гэвэл хоёр хөрш хоорондоо жинхэнэ тохироо хийх ч юм бил үү. Сүүлийн үед бат найрамдалт харилцаатай байгаа Орос, Хятад хоорондоо тохиролцож, хойд хөршийг манайд улаан буудай экспортлохыг нь зогсоочихвол яана. Далайд гарцгүй бид май гэснийг нь л авахаас өөр аргагүйд хүрнэ дээ. Ингээд голж, баалаад байдаг хятадын ясны гурилыг л идэх болох байх шүү.

Одоо та нар улсын маань ургацын 80 хувь үрэгдлээ гэж цахимаар тунхаглаж, хэрэлдээд яахав. Намар бүх зүйл тов тодорхой болохоос хойш. Тэрнээс өмнө газар дээр нь очоод ажиллах хөндлөнгийн мэргэжлийн баг хэрэгтэй байна.

Дээр дурдсанчлан тариаланч Ж.Ариунболд гуай шиг яаманд болоод холбоонд ч харьяалагддагүй газар тариалангийн жинхэнэ мэргэжитнүүдийн багийг бүрдүүлье. Тэд камертай, аппараттай сэтгүүлч, зураглаач нартай нэг баг болоод тариалангийн бүс нутгуудаар явмаар байгаа юм даа. Нөхцөл байдалтай танилцаж, үнэхээр Монгол Улс чинь ургацынхаа 80 хувийг алдчихаад байгаа юм уу үгүй юу гэдгийг тогтоогоосой. Хэн нэгэн бизнесмэний үгээр орж нөхцөл байдлыг тодорхойлж байхын оронд газар дээр нь л очоод үзчих мэргэжлийн баг энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байна.

Б.ЦЭЛМЭГ

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас цахим картаа уншуулж зорчино

Нээлтээ хийсэн өдрөөс хойш нийслэлчүүд автобусны кондукторт мөнгө төлөн зорчиж байсан бол маргаашнаас эхлэн бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчих юм байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулсан бөгөөд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллана. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаас хойш 1272 согтуу жолоочийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын тоо буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. 2015 оны 07 дугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1272 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт гэхэд 135 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлжээ.

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байгааг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөл хориог сунгажээ

2015 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад:

Тарваган тахал өвчний тохиолдлын нас баралт: Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. Сумын Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 24-ний өдөр, 10:00-15:00-т шарилыг чандарлан оршуулжээ.

1-р хавьтлын 74, 2-р хавьтлын 217 хүнийг хяналтаас гаргасан.

Сумын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог чангатгаж, 7 пост ажиллаж байсныг 9 пост болгож, 27-нийг дуустал хөл хориог сунгасан.

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЗӨСҮТ-ийн удирдлагууд, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ-ийн удирдах ажилтнуудыг оролцуулан видео хурал зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ЭМСЯ болон ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг давтан хийж, эрсдлийн зэргийг “Дунд” гэж үнэлэн, 3 чиглэлийн хариу арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Тарваган тахал өвчин бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн ЗДТГ, ЭМГ-т албан даалгавар хүргүүлэхээр бэлтгэж байна.

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20,983 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1,191 хүн лабораторийн шинжилгээгээр, 7,860 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 293 хүн хандаж, 43 хүн шинээр хэвтэж, 21 хүн эмчлэгдэн гарч, 83 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 43 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Малын галзуу өвчин:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Булган аймгийн Баяннуур, Хангал сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 үхэр галзуу өвчнөөр өвчилжээ.

Categories
мэдээ нийгэм

10 хувийн хүүтэй орон сууцны зээл ирэх сараас хэрэгжинэ

Засгийн газраас иргэдийг орон суужлуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Үүний нэг нь иргэдийн зээлээр худалдан авч буй орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргах ажил удахгүй эхлэх юм.

Ирэх аравдугаар сард багтаан зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг нэмэх эсэхийг судлан, санал боловсруулах чиглэлийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн байна. Зээл хүссэн иргэн нь тогтмол орлоготой, сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх гэсэн гол шалгууртай, үүнээс гадна өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлэгт хамаарах иргэнд зээл олгох аж.

Өрхийн мэдээллийн сангаа мэдэхийн тулд харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандаж тодорхойлолт авч болно. Үүний дараа банк тогтсон шалгуурын дагуу үнэлээд тухайн иргэнд орон сууцны зээл олгох боломжтой эсэхийг шийдэх аж.

Categories
мэдээ нийгэм

”Цэнхэр шувуу” үзэсгэлэн дэлгэгдэж байна

“Блью Мүүн” арт галерейн уран бүтээлч М.Цасчихэрийн “Цэнхэр шувуу” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн болж байна.

Зураачийн тухайд, өмнө нь “Анир” нэртэй бие даасан үзэсгэлэнг гаргаж байсан. Тэрбээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө гаргаж чаддаг, чөлөөт сэтгэмж, мэдрэмж сайтай залуу уран бүтээлч гэдгээрээ салбартаа үнэлэгддэг нэгэн юм.

Дашрамд дурдахад, “Цэнхэр шувуу” үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл нээлттэй юм байна.