Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүнэ

Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг өнөөдөр/06.03/ Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ.

Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг
Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг
шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд
байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад
мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл
тав хүртэлх жилийн ялаар шийтгэх юм.

Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож
тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн
хэрэгт шүүгчдэгчээр татжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 15-25
жилийн хорих ялаар эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.

Шүүх хурлын явц болоод шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн
ордоны А танхимд болно. Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна
аймаг, Нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд,
гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцоно.

Хуралдаанаар
хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл,
“2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт
бичгийн төслийг хэлэлцүүлнэ. “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд
хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх
чиглэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх 2 дахь шатны гарааг
эхлүүлж, дараах үр дүнд суурилсан стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл
боловсруулж хэрэгжүүлэх замаар хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь
үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлнэ хэмээн
хурлыг зохион байгуулагчид тодорхойлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр үнээ нэмж байгаа автобусуудыг нийтийн тээврийн газарт мэдэгдэхийг санууллаа

Нийслэлийн зорчигч тээврийн
нэгтгэлийнхэн ажил хаяснаас болж зарим чиглэлд явж байгаа хувийн
автобусууд үнээ нэмж байна гэх гомдол гарч байна. Том хүн 700 төгрөгөөр
явж байна гэж олон нийтийн цахим сүлжээгээр хотын оршин суугчид санал
гомдлоо илэрхийлж байгаа юм. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас үнэ
нэмэх талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нэмж
иргэдэд үйлчилж байгаа бол торгуулийн арга хэмжээ авна гэж
Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Б.Болд ярьж
байна.

Тиймээс үнээ нэмж үйлчилж байгаа бол тухайн автобусан дээр бичсэн утасны дугаар руу залгаж, мэдээлэл өгөхийг иргэдэд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дарханы ахмадууд орон сууцтай болоход Засгийн газрын батлан даалт хэрэгтэй байна

Дархан-Уул аймагт ахмадын орон сууц барина
хэмээн зүтгэж яваа Т.Энхболд захиралтай Сөгнөгөр хайрхан компани Засгийн
газраас баталгаа гаргаж өгөхийг хүсч байна. Учир нь тус компани зах зээлийн
ханшаас хамаагүй хямд буюу нэг метр кв-ын үнэ нь 1 сая 100 мянган төгрөгөөр
Дархан-Уул аймгийн ахмадуудыг орон сууцаар хангахын тулд 85 айлын орон сууцны
барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж
буй Сөгнөгөр хайрхан компани 2013 онд уг барилгынхаа зөвшөөрлийг авсан юм
байна. Одоогоор санхүүжилтгүй байгаа тул барилгын ажил 30 хувьдаа хүрээд
зогсчээ. Нийт ахмадуудаас урьдчилгаа төлбөр болох 10 хувь болох 360 сая
төгрөгөөр өнгөрөгч онд ажлаа эхэлжээ. Дархан-Уул аймгийн ахмадуудын зүгээс уг
барилгын ажил явахад санхүүгийн дэмжлэг үзүүлээчээ гэдгээ хэлж байна. УИХ,
Засгийн газрын гишүүдэд хүсэлт илгээсэн ч нааштай хариу өгөхгүй байгаа аж. Уг
орон сууц ашиглалтад бүрэн ороход 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
байгаа гэнэ. Засгийн газраас баталгаа гаргавал банкууд зээл өгөх боломжтой
гэжээ. Санхүүжилтээ шийдэж чадвал энэ оны арванхоёрдугаар сард ахмадуудаа орон
сууцанд оруулах юм байна.

Монголын банкууд зээл өгөхөөс татгалзсан тул Унгарын
Эгзим банкнаас хөрөнгө татахаар болжээ. Ямартаа ч Сөгнөгөр хайрхан компани тус
банкны шаардлагыг хангаад байгаа бөгөөд одоо тус компанид төрөөс банкны
баталгаа гаргаад өгөхөд л мөнгийг нь өгөх боломжтой гэдгийг Эгзим банкнаас
албан бичгээр мэдүүлжээ. Тус банкны зүгээс тухайн компани нь 15-20 хувийн
хөрөнгө оруулалтаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай гэж байгаа бол Сөгнөгөр
хайрхан компани хэдийнэ 30 хувийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм билээ.
Тус компани мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хотод 198 айлын орон
сууцыг барих ажлыг эхлүүлээд байгаа аж. Эл барилгыг барихад дөрвөн тэрбум төгрөг
шаардлагатай байгаа юм билээ. Дархан-Уул аймгийн ахмадын 85 айлын орон сууцыг
барихад тулгарсан асуудал тулгараад байгаа аж. Тиймээс Унгарын Эгзим банкнаас
хөрөнгө татах зам байна гэдгээ хэлж байсан юм. Гадны банкуудад баталгаа гаргаж
өгөхгүй гэж байгаа бол дотоодын банкуудад Засгийн газрын баталгаа гаргаад
өгчихвөл эхэлсэн ажлаа дуусгачихмаар байна хэмээн Сөгнөгөр хайрхан компанийн
захирал Т.Энхболд хэлж байлаа.

Унгарын Эгзим банкны шаардлага нь тавантэрбум
төгрөгөөс дээш зээл хүссэн нөхцөлд уг байгууламжтай нь танилцан зээл өгөх
эсэхээ шийдвэрлэдэг байна. Ямартаа ч Сөгнөгөр хайрхан компанид одоо 7.5 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул үүнийг дэмжиж Засгийн
газраас баталгаа гаргачихад Дархан-Уул аймаг, Хөтөл хотод баригдаж буй барилгууд
бүрэн дуусч эзэндээ очих боломжтой болно. Зээл авахад дотоодын банкууд сарын
1.5 хувийн хүүтэй өгөх бол Эгзим банкны зүгээс жилийн 2.5 хувийн хүүтэй зээлээ
өгөх юм байна. Барилгын ажлыг эхлүүлсэн гүйцэтгэгч компани нь өнгөрсөн
хугацаанд хөрөнгө татаж санхүүжилт босгохын тулд хэд, хэдэн арилжааны банкинд
хандсан ч эхэндээ нааштай хариу сонсгож байгаад сүүлдээ “уучлаарай, Засгийн
газар хэцүү байна. Баталгаагаа гаргаад ир” хэмээн итгэл найдвар тээж явсан
компанийн ажилчид болон ахмадуудаас нүүр буруулаад байгаа юм. Энэ нь Засгийн
газар солигдсон, эдийн засгийн хямрал даамжирсан нь банкны хувьд зээлд тавих
шалгуураа өндөрсгөсөнтэй нь холбоотой бололтой. Дархан-Уул аймгийн ахмадын орон
сууцны 60 айлынх нь сууцны хоёр давхар нь баригдсан, харин 25 айлынх нь орон
сууцны барилгын материалыг татсанаар хөрөнгөгүй зогсчихоод байгаа юм байна. Энэ
тухай Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван “”Сөгнөгөр хайрхан”
компани нь 2013 онд Дархан-Уул аймагт 85 айлын орон сууц барихаар болж,
ахмадуудтайгаа хамтарч ажиллах санал тавьсан. Орон нутагт ахмадын орон сууц 1.1
сая төгрөгөөр үнэлэгдсэн учраас бид баяртайгаар хүлээн авсан. Нийт 83 ахмадтай
дөрвөлсөн гэрээ байгуулсан. Аймгийн ахмадын хороо, “Сөгнөгөр хайрхан” компани,
гурав дахь нь захиалга өгсөн ахмад настан, дөрөв дэх нь өв залгамжлах буюу
санхүүжилтийг нь хариуцах үр хүүхдээр нь батлан даалт гаргаад ажиллаж эхэлсэн.
Ингээд гэрээнийхээ үндсэн дээр захиалга өгсөн ахмадууд байрны урьдчилгаа болгож
10 хувиа төлсөн. Төр засагтаа хандахад санхүүжилт дээр нь тусламж дэмжлэг
үзүүлээч ээ” гэдгийг хэлье гэсэн юм. Санхүүжилт нь шийдэгдчихвэл барилга руу
гурван бригад оруулаад ажиллах боломжтой гэдгээ гүйцэтгэгч компанийн зүгээс
хэлж байгаа. Санхүүжилтээ даруйхан шийдээд өгчихвөл энэ ондоо дулаан байранд
өвөлжинө” хэмээн ярьцгааж байсан юм. Харин “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал
Т.Энхболд “Ахмад настнууд маань Ахмадын орон сууц барих хүсэлтийг их гаргадаг
байсан. 10 хувиа өгье, чи барилга барьдаг хүн байна даа, ажиллаад үзээч ээ”
гээд. Төр засаг ч бас ахмадуудад зориулж түрээсийн орон сууц бариад эхэлсэн
болохоор хөдлөөд үзье гэж шийдсэн. Эхний ээлжинд барилгын ажлынхаа 30 хувийг
гүйцэтгэчихэд цаашдаа банкны барьцаанд тавиад үргэлжлүүлээд зээл аваад барилгаа
дуусгачих боломжтой хэмээн найдсан. “Хаан” банк 30 хувиа гүйцэтгэчихвэл зээл
олгоё гэсэн ч сүүлдээ “Төр засаг эвгүй болчихлоо, зээл олгож чадахгүй” гэсэн.
Дараа нь бид Унгарын Экзим банкинд хандсан, тус банкны 100 хувийн шаардлага
хангаж байгаа. Гол нь Засгийн газраараа баталгаа гаргаад ирэх юм бол зээл
олгоно гэсэн. Тийм учраас Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж,
дэмжээсэй л гэж хүсэж байна. Хэрвээ гадаадын банкинд баталгаа гаргахад хүнд
байгаа бол Монголынхоо банкинд батлан даалт гаргаад өгчих боломж бий. Барилга
ашиглалтад ороход гэрээ байгуулсан ахмадууд үлдэгдэл хувиа ипотекийн зээлд
хамрагдаад төлчих юм. Гэрээндээ бид ахмадуудынхаа ар тал болгож, хүүхдүүдтэй нь
давхар гэрээ байгуулсан. Асуудал үүсэхэд зээлийг нь баталгаа гаргасан хүүхэд нь
төлнө” гэлээ. Аргаа барахдаа Дархан-Уул аймгаас өөрсдийг нь төлөөлөн Их хуралд
сонгогдсон гишүүдтэй уулзсан боловч “Юун ахмадын барилга. Тийм юм гэж байхгүй”
хэмээн халгаагаагүй аж. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод яваа
Сөгнөгөр хайрхан компанийнхан болон ахмадууддаа итгээд зээлийн батлан даалт гаргаж
өгнө гэдэгт итгэсээр байгаа шүү гэдгээ хэлсээр байсан юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д С.Оюун гишүүн цаг үеийн халуун сэдвүүдээр байр сууриа илэрхийллээ

Дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн “Шангри Ла” зочид буудал Монголд ажиллаж эхлэх гэж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй “Шангри Ла”-г манай сонин “Өдрийн сурвалжлага”-даа онцоллоо. Улаанбаатарын “Шангри Ла” ямар дүр төрх, ямар онцлогтойг сонирхохыг хүсвэл “Өдрийн сонин”-ы I, XI нүүрийг сөхөөрэй.

“Өдрийн сонин”-ы лхагва гариг бүрийн гуравдугаар нүүрэнд Баабарын нийтлэл хэвлэгддэг. Энэ өдрийн дугаарт “Сүрэг” нийтлэлийг нь онцолж байна. Түүний нийтлэлээс “Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомосапенс нь сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож, таран байршжээ. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих тусгаарлах, үл хамаарах эрмэлзлийг үргэлж төрүүлнэ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахархалтай, юутай сүртэй. Сүргийн эрэг шураг юутай гутамшигтай” гэсэн өгүүлбэрийг онцолъё. Сүргийн эрэг шураг гэж хэнийг хэлснийг харин та манай сониноос дэлгэрүүлэн уншаарай.

“Улстөр”-ийн нүүрэнд УИХ-ын гишүүн С.Оюунтай хийсэн “Юм л бол огцруулна гэж ярьдгаа болимоор байна” гэсэн ярилцлага нийтлэгдлээ. Цаг үеийн халуун сэдвүүдээр ямар байр суурь илэрхийлснийг нь II нүүрнээс сонирхоорой.

Чөлөөт зах зээлийн тогтолцоогоор хөгжилд хүрэхгүй, чөлөөт зах зээлийн номлодог англи, америк, германчууд ч энэ замаар хөгжөөгүй гэж эдийн засагч Х.Батсуурь ярилаа. “Эдийн засаг” буланд нийтлэгдсэн түүний ярилцлагаас яагаад ингэж хэлснийх нь учрыг тайлаарай.

“Дэлхий мэдээ” булангаас “Хятадад зорчигч тээврийн хөлөг онгоц живлээ”, “Ф.Блаттерийг эсэргүүцэн дэлхийн хөлбөмбөгийн холбоо байгуулахыг уриалав” зэрэг цэнхэр гаригийн анхаарал татсан мэдээ, мэдээллийг унших боломжтой.

“Наадам айсуй” булангаас Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнтэй хийсэн “Би хоёр Сүхбатаар начин, заан цолонд хүрч байлаа” гэсэн ярилцлагыг сонирхоорой.

Кино сонирхогчдыг сонирхон уншдаг “Кино ертөнц” буланд Холливудын шилдэг кинонуудын сонирхолтой тайлбарыг хүргэдэг. Энэ дугаараас алдартай жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүдийн найруулсан “Америкийн мэргэн бууч” киноны дэлгэрэнгүй тайлбарыг сонирхоорой. Клинт Иствүүдийн тухай сонирхолтой мэдээллийг ч унших боломжтой.

СГЗ С.Лочинтой хийсэн “Одоо би үнэнээ хэлье, Төв хорооны даалгавраар Бямбын Ринчен гуайг шүүмжилсэн юм” гэсэн ярилцлагыг таны өмнө дэлгэж байна. Энэ өдрийн дугаарын XII нүүрийг сөхөөрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Жуулчны автобусуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

Нийслэл хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай А/469 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар 8-аас дээш хүний суудалтай, жуулчин тээвэрлэх зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр тогтлоо.
Мөн жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэгт, Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ, тохижилт хийнэ.
Жуулчдад чиглэсэн энэхүү зохицуулалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт заасны дагуу хийж байгаа юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Зуух хөгжлийн төв” ашиглалтад орлоо

Улаанбаатар-Цэвэр Агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор зуухны туршилт судалгааны дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан ЦЭВЭР ЗУУХ-ны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар-Цэвэр Агаар төслөөс Зуух Хөгжлийн Төвийг байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ оролцлоо. Зуух Хөгжлийн Төв нь ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллын халаалтын хэрэгсэл болох гэрийн зуухны судалгаа туршилтын үр дүнд тогтмол шинэчлэн сайжруулах, зуух үйлдвэрлэгчдэд зуух болон бүтээгдэхүүнээ турших, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх сургалт судалгааны анхны төв болж байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар Цэвэр агаар төслөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Солонгост тархаад буй “MERS” вирус хоёр хүний аминд хүрчээ

Өмнөд Солонгост “MERS” нэртэй вирус тархжээ. “SARS” вирустэй төстэй уг ханиадны вирус ямар ч эмчилгээгүй байгаа аж. Өмнөд Солонгост энэ вирусаар өвчилсөн гэх сэжигтэй хэд хэдэн тохиолдсон илрээд байсан юм. Өчигдөр гэхэд уг вирусаар 58 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй нас барсан гэсэн мэдээллийг “BBC” дамжууллаа. Халдвар авсан үед өндөр халуурах, ханиалгах, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ вирус гар болон амьсгалын зам, агаараар дамжин халдварладаг аж. Тиймээс ам болон гараа сайн угааж ариутгах, амны хаалт хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Монгол иргэдийн хувьд Өмнөд Солонгост олноор ажиллаж, амьдарч, зорчдог тул сонор, сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой”-н ТЭЗҮ-ийг боловсруулахад их хугацаа шаардлагагүй гэв

“Оюу Толгой” компани энэ оны эхний таван сарын байдлаар улсад нийт 78.5 сая ам.долларын татвар, хураамж болон роялтигийн төлбөр төлсөний 20 сая ам.доллар нь урьдчилгаа төлбөр байсан талаар тус компаниас мэдээлсэн байна. Өнгөрсөн сард компанийн хувь нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Үүнтэй холбоотойгоор ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, Эрдэс Баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөх ажилхүлээгдэж байгаа билээ. ТЭЗҮ-ийг баталвал олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам.долларын зээл босгох боломж бүрдэнэ. Өмнөх ТЭЗҮ-д Уул уурхайн яамны шинжээчдийн баг дүгнэлтээ гаргах гэж байгаа аж. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдын хувьд шинэчилсэн ТЭЗҮ-д зөвхөн санхүү, эдийн засгийн тооцоонд өөрчлөлт орох талаар мэдээлсэн байна. ТЭЗҮ-ийг боловсруулахад их хугацаа шаардлагагүй гэсэн мэдээллийг албаныхан онцолж буй. Далд уурхайн төлөвлөгөөний дагуу ирэх долоон жилд “Оюу Толгой”-д 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн эрх баталгаажуулах хугацааг сунгав

Цахим газар өмчлөлийн гуравдугаар ээлжийн сонгон шалгаруулалтад сонгогдож, газар өмчлөх эрхтэй болсон иргэдээс заасан хугацаанд эрхээ баталгаажуулаагүй 2544 иргэн байгаа аж. Тиймээс өмчлөлийн эрхээ баталгаажуулах буюу бүртгэлийн хугацааг энэ сарын 5-ны өдрийг хүртэл сунгасан байна. Тиймээс дээрх иргэдийг заасан хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулжээ.