Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын удирдах ажилтнууд чуулна

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр 14 цагт Төрийн ордны А танхимд болно. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын дарга нар оролцож цаг үеийн асуудлаар намын удирдлагуудтайгаа санал солилцох юм байна.

Мөн Ардчилсан намын дарга З.Энхболд улс орны нийгэм, эдийн засаг, улс
төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх бол УИХ-ын гишүүн
Н.Батбаяр Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж
санал солилцох аж.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр,
АН-ын Монгол хүн-2020 мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл
хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

200 мянган ширхэг нэг наст цэцэг тарина


Дэлхийн ихэнхи метрополитан хотуудын гудамжийг нэг наст цэцгээр гоёдог
жишгээр нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тоосжилтийг багасгах
зорилгоор 2013 оноос төв гудамжуудыг нэг наст цэцгэн мандалаар чимэх
болсон.

Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын эрс тэс нөхцлөөс шалтгаалж олон
наст цэцэг тарих боломж байдаггүй байна. “Нийтийн үйлчилгээний
Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 ширхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна. Эхний ээлжинд “Чингисийн талбай”-д 500М2 талбайг цэцэрлэгжүүлэх ажил дуусч байгаа бөгөөд нийслэлийн бүх авто замын шинэчилсэн уулзварын шороон арлуудыг цэцэгжүүлнэ.

Нэг наст цэцэг тарихад нийслэлийн төсвөөс 200 орчим сая төгрөг зарцуулна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ спорт

ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер огцрохоо мэдэгдлээ

Тавдугаар сарын 29-нд болсон Олон улсын хөлбөмбөгийн холбоо буу
ФИФА-гийн 65-р Их хурлаас тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Йозеф
Блаттер өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоор болсон талаар
өчигдөр /06.02/ мэдэгджээ.

Тэрбээр холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх болсон шалтгаанаа
“Өнгөрсөн долоо хоногт болсон ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөхдөө би хөлбөмбөгийн төлөө дахин хүчин зүтгэх боломж надад үлдсэн
гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Гэхдээ ФИФА-гийн бүтцэд өөрчлөлт хэрэгтэй
гэж би бодлоо. Тиймээс энэ шийдвэрийг гаргаж, бүх эрх мэдлээ хүлээлгэн
өгөх шуурхай хурал зарлахаар боллоо” гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн ажил энэ сарын 10-нд эхэлнэ

Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 10-наас засч эхлэхээр болсон байна. Төв цэвэрлэх байгууламжийг засварлахад 72 цаг зогсолт хийх шаардлагатай болсон. Энэ хугацаанд нийслэлчүүдийн хэрэглээний усыг хаах, эсвэл бохирыг Туул гол руу шууд урсгах хоёрын нэгийг сонгох учиртай юм. Тэгвэл ажлын хэсгийн хурлаар тодорхой шийдвэр гараагүй хэмээн албаны хүн мэдээлжээ. Энэ сарын 10-нд засварын ажлыг эхлүүлэхдээ тодорхой шийдвэр гаргана хэмээн мэдээлсэн байна. Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт өнөө маргаашгүй засвар хийхээр болоод байгаа. Тэгвэл өчигдөр үдээс хойш ажлын хэсгийн хурал болсон байна

Categories
мэдээ нийгэм

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлажээ

ЭМС-ын 2014 оны 139 тоот тушаалын дагуу
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Монгол Улс дахь эх, хүүхдийн
өвчлөл, эндэгдлийн тохиолдол бүрийг нягтлан судалж, дүн шинжилгээ
хийсэн судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, олон
улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын
судлаач, бодлого боловсруулагчдад танилцуулан, тэднийг хэрэгцээт
мэдээллээр хангах зорилгоор уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалтанд ЭМСЯ-ны эмнэлгийн тусламжийн
хэлтсийн дарга Л.Зэндмаа, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа,
ЭМХТ-ийн судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албаны дарга
Ч.Зулцэцэг, НЭМГ-ын эх барих, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан
мэргэжилтэн Р.Октябрь, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, эмч, судлаачид, НҮБ-ын
ХАС-ийн мэргэжилтэн А.Илиза, Ө.Эрдэнэчимэг, Зайн оношилгооны төслийн
зохицуулагч Б.Цэдмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн үнэлгээний мэргэжилтэн
Д.Хүрэлмаа, Нийслэлийн амаржих газрын дарга нар, АШУҮИС, ҮСХ-ны
төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцжээ.

Монгол Улс дахь эхийн эндэгдэл, ноцтой
хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн
тохиолдол бүрийг нягтлан судалж, судалгааны үр дүнгийн эмхэтгэлийг
холбогдох байгууллагуудад хүргэн, бодлого боловсруулагч, шийдвэр
гаргагч нарыг хэрэгцээт мэдээллээр хангаснаар нотолгоонд
тулгуурласан, зөв шийдвэр гарах нөхцөл бүрдэх юм.

Уулзалтанд оролцогсод Монгол Улс
“Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй”, “Эх, нярайн эрүүл мэнд стратеги”,
Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хэрэгжилтийг дүгнэж, цаашид МХЗ-ын
дараах тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, мөн
түүнчлэн эрүүл мэндийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийг тодорхойлоход эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын
талаарх нотолгоонд суурилсан мэдээлэл туйлын чухал болохыг онцлон
тэмдэглэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-өөр зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын
спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол,
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр
биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын
эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн олон улсын гүйлт зургаадугаар сарын 06-ны өдөр болох бөгөөд
тухайн өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж,
иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгох юм.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын
Замын цагдаагийн газраас гаргасан маршрутын дагуу “Автомашингүй
өдөр”-ийн хүрээнд дараахь замуудын хөдөлгөөнийг 07:00- 19:00 цагийн
хооронд түр хязгаарлана.

Зүүн дөрвөн замын уулзвараас баруун
тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел,
Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/-Чингис
зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх, 11 дүгээр хорооллын
Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж, Гэсэр
сүмийн уулзвараас зүүн тийш замууд, Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4
зам хүртэлх, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний
хойд талын хэсэг, Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд
хамаарагдана.

Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан
Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж,
Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэгнийтийн
тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд
ажиллахаар Нийслэлийэн Тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна.

Гол гудамж замууд хаагдах үед Их тойруу,
Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан
тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 “ХМК – Офицеруудийн ордон”, Т:3
“3.4-р хороолол – БММЗ”, Т:4 “Вокзал – Ботаникийн цэцэрлэг”, Т:5
“Офицеруудын ордон – 3,4 хороолол” чиглэлийн үйлчилгээ зогсоно.

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян” тав дахь жилдээ хэрэгжиж байна

“Хавдрын эсрэг үндэсний аян” нь
хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг
дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг,
шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын
оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын
байранд нь дагалдуулан сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
зорилготой.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2015”-ын
нээлтийг тавдугаар сарын 5-ны өдөр Орхон аймагт хийж Эрүүл Мэнд,
Спортын Яамны сайд Г.Шийлэгдамба, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.
Төмөрбаатар, ХААН банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ болон
албаны бусад хүмүүс, Орхон аймгийн ЗДТГазар, Эрүүл Мэндийн газар,
Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.

Одоогоор Булган, Говьсүмбэр, Дорноговь,
Өмнөговь аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХСҮТ-ийн
эмч, мэргэжилтний багийнхан ажиллаад байна.

Аян хэрэгжсэн аймгуудад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

Нэг: Эрсдэлт хүчин зүйлсийн талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил

Хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс,
тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн
мэдээлэл, суртачилгааг хүн амд хүргэж, 12 төрлийн нугалбар-12900
ширхэг, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар ард иргэдэд зориулан
гаргасан сэтгүүл товхимол -1070 ширхэгийг ард иргэдэд түгээгээд байна.
Мөн үүний зэрэгцээ аяны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл,
ярилцлагыг МҮОНРТ, UBSTV болон орон нутгийн 17 телевизээр олон нийтэд
сурталчиллаа.

Хоёр: Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд
хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэг нь эрсдэлт бүлгийн хүн амын дунд
урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг хийдэг. Аяны үеэр
хийгдсэн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт 9120 иргэдийг
хамруулснаас хавдрын урьдал өвчин -566, хоргүй хавдар -635, хортой
хавдрын 20, хорт хавдрын сэжигтэй -94 тохиолдол, 591- эсийн шинжилгээ,
17- эдийн шинжилгээ хийсэн байна. Хорт хавдрын сэжигтэй тохиолдлуудад
нарийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулж хорт хавдар оношлогдсон
хүмүүс ХСҮТ-д эмчилгээндээ орж эхлээд байна. Аяны үеэр ХСҮТ-ийн эмч нар
хавдраар өвчилсөн 40 хүнд мэс засал орон нутагт нь хийж аймгийн мэс
заслын эмч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургалаа. Ийнхүү хавдрын
мэс заслын тусламжийг орон нутагт үзүүлсэн нь хавдрын нарийн
мэргэжлийн тусламжийг иргэдэд ойртуулсан арга хэмжээ боллоо.

Гурав: Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Аяны хүрээнд аймгийн өрх, сумын болон
БОЭТ эмч мэргэжилтнүүдийг хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд, тэдгээрээс
урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, хавдрыг эрт
илрүүлэх, хянах, хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийн талаар
хийсэн 2 кредит цагийн сургалтад нийт 272 эмч хамрагдав. Мөн аяны
2,3 дах өдөр “Хорт хавдрын үеийн сувилахуйн тусламж хорт хавдрын үеийн
хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гэрээр хийх сувилахуйн тусламж”
сэдвээр 210 сувилагчийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан.

Дөрөв: Сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт

Хүн амын дунд эрүүл зан үйлийг
төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлэх, салбар
хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аяны хүрээнд зохион
байгуулсан бас нэг чухал ажил нь эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг
давтан сургасан бөгөөд нийт 172 хүнийг сургалтанд хамруулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Модернист шүлгийн орчуулга Америкийн шагнал хүртжээ


Монголын утга зохиол судлаач, нэрт орчуулагч Саймон Вэкхам Смит
Америкийн Монголын модернист яруу найрагч Ц.Ойдовын “Хар галавын
төгсгөл” хэмээх яруу найргийн номын орчуулгаараа Пэн байгууллагын
Орчуулгын Сангийн шагналыг хүртсэн тухай Америкийн Пэн байгууллага албан
ёсны сайтдаа мэдээлжээ.

Сонирхолтой нь 1970-д онд утга зохиолын “Гал” хэмээх бүлгэмийг нөхдийн
хамт үүсгэн байгуулж тухайн үед хориотой байсан авангард модернист
шүлгүүд бичиж байсан зураач Ц.Ойдов нь үзэл суртлын нөхцөл байдлаас
болоод яруу найргийн түүвэрээ хэвлүүлээгүй байжээ. Америкийн уран
зохиолын мэргэжлийн өндөр шалгуурын түвшинд үнэлэгдсэн Ц.Ойдовын
модернист яруу найргийн ном 40-д жилийн дараа хэвлэгдэж Монголын
модернист уран зохиолын түүхийг урагшлуулахын хамт шинэ үеийн утга
зохиолын түүхэнд цоо шинэ хуудас нээх гэж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад Саймон Вэкхам Смит нь О.Дашбалбарын “Газрын төлөө
тулалдаан эхэллээ” бүтээлийн орчуулгаараа 2008 онд мөн энэ шагналыг
хүртэж байсан бөгөөд ийнхүү монголын уран зохиолын орчуулгын бүтээлээрээ
хоёр дахь удаагаа уг шагналыг авчээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ю.Идэрцогт: Дарга нар үнэлгээний хороонд нөлөөлөх гэж оролдох зүйл их гардаг

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогттой ярилцлаа.

-Энэ жил нийслэлд хийгдэх ямар ажлуудын тендер шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж ажиллаж байна вэ?

– Нийслэлийн Засаг даргаас манай байгууллагад энэ онд худалдан авах ажиллагааг зохион байгуул гэж 120 гаруй ажлыг эрх шилжүүлж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын 70гаруй хувийн тендер зарлагдсан, хэвийн явцтай байна. Үлдсэн 30 хувь буюу 35 ажлын тухайд уг ажлуудыг зохион байгуулах эрх оройтож ирсэн мөн эрх шилжиж ирэхдээ зургийн даалгавар, төсөв зэрэг материал нь дутуу ирж байна. Дутуу ирсэн материалыг бүрдүүлж дуусаад тендерүүдээ зарлана.

Эрх шилжиж ирсэн ажлуудын материал нь бүрэн бол тендерүүд зарлагдах гэж саатахгүй.Томоохон ажлууд гэвэлнийслэлийн хойд чиглэлийн зуслан, Гачуурт, Улиастай чиглэлийн замын ажлууд хийгдэх гэж байна. СХД,БГД, БЗД-т тус бүр нэг үерийн далан барих ажил байна. Одоогоор далан барих ажлын нэгнийх ньзөвлөмж явчихсан, хоёрынх нь үнэлгээг хийгээд дуусах гэж байгаа. Ирэх долоо хоногт шийдвэр нь гарчих байх.

-Нийслэлийн иргэдийг зусландаа гарах гэж байхад нь зам засварын ажил эхэлж зам хаагдах гэж байна. Танай байгууллага дээр ажил гүйцэтгэх компани шалгаруулахтендер дээр асуудал гарсан гэсэн үү?

-Замын асуудалд саатаж байгаа зүйл байна. 2015 оны төсвийн тодотголын дагуу өнгөрсөнгуравдугаар сарын 23-нд ИТХ-аар замын ажлууд батлагдсан. Тэгээд манайд эрх шилжиж ирэхдээ дөрөвдүгээр сарын дундуур буюу оройтож ирсэн. Нийслэлийн Засаг даргаасиргэдийг яг зусландаа гарах үед замын ажил хийгдэж таарах гээд байна. Тиймээс хамгийн чадвартай, хөрөнгө мөнгөтэй, тоног төхөөрөмж сайтай зам засварын компанийг шуурхай шалгаруулаад яв. Зам засварын ажлыг түргэн богино хугацаандхийх ёстой гэсэн үүрэг өгсөн. Шууд гэрээний аргыг ил тод нээлттэй зохион байгуулах ажилбар хийгдэж байна. Шууд гэрээний арга гэдэг маань хуулийн 30 хоногийг хэмнэж богино хугацаанд явуулах л гэсэн үг. Гэвч яг үнэндээ үнэлгээний хороо байгуулагдах гэжнэг сар болчихлоо. Дунд хоёр гурван удаа өөрчлөлт орлоо. Шууд хэлэх юм бол Нийслэлийн Засаг даргын санхүү эрхэлсэн орлогч дарга дээр ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй дарагдаад их удсан. Энэ асуудал дээр миний хувьд их бухимдалтай байгаа. Бид тавдугаар сарын 1-нд багтаагаад зөвлөмж өгөх бүрэн боломж байсан. Ажил эхлээд сар орчим болчих байлаа. Сарын хугацаанд их ажил амжуулчихна шүү дээ. Авто замын газрын удирдлагууд ч гэсэн иргэдийн зуслан руу гарах хугацааг арав орчим хоног хойшлуулаад долоон сарын 1-нд замынхаа гол урсгалыг нээх боломжтой гэж байсан. Гэвч үнэлгээний хорооноос болоод ажил хойшлогдож, иргэд зусландаа гарах үеэр замын ажил хийгдэхээр болчихлоо.

-Ер нь тендертэй холбоотой хардалт сэрдэлт их байдаг. Танил талынхаа компанийгтендерт шалгаруулдаг гэх мэт?

– Гарч болзошгүй хардлага сэрдлэгийн асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Манай байгууллагаар дамжин хийгдэж байгаа ажлын тендер шалгаруулалтын 90 гаруй хувь нь цахим хэлбэрээр явагдаж байна. Бүр материал хяналтын төсөв гээд бүхий л зүйлс цахим хуудсан дээр ил тавигдаж байгаа. Үнэлгээний хороог байгуулахдаа хөндлөнгийн төлөөлөл, чиглэл чиглэлийн төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг тэгш хараат бусаар оруулах, ажлын тендер шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах, гарсан шийдвэрийг хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавих, компаниуд дээр ямар учраас яагаад энэ компани шалгарсан юм бэ, бусад компаниуд яагаад шалгарч чадаагүй юм бэ гэдгийг тодорхой ойлгомжтойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн цахим хаягт байршуулж байна гээд олон ажлуудыг хийж байна. Бүх зүйл ил тод байгаад байхаар хардах сэрдэх асуудал ч багасч байна. Манай дээр ажлын тендерт оролцох компанийн тоо эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, манайд итгэх итгэл сайжирсан байна. Хүмүүсийн тендер будлиантай яваад байна гээд хардаж сэрдээд байгаа гол ажлыг үнэлгээний хороо хийж байгаа. Тэгвэл үнэлгээний хороог яаж шударга шийдвэр гаргуулах юм бэ гэдэг гол зорилт болчихож байгаа юм. Үнэлгээний хороонд бүрдэж байгаа төлөөллүүд нь хараат бус байх ёстой. Бид үнэлгээний хороог хуулийн дагуу зөв шийдвэр гаргасныг хянадаг. Мөн бүх зүйл ил тод байхаар шаардлага хангахгүй компанийг шалгаруулах гээд зүтгээд байх асуудал байхгүй болж байна. Эсвэл шаардлага хангасан компанийг албаар унагах гэж янз бүрийн байдлаар оролдох асуудал ч багассан. Бусад тендер шалгаруулж байгаа газрууд ч гэсэн ил тод байх юм бол хардах сэрдэх асуудал байхгүй болно. Тендерийн шалгаруулалт хийж байгаа газрууд материалаа уламжлалт аргаар буюу цаасаар авч байна. Наад зах нь лац хэрэглэх хэрэгтэй байна.Тендерийн шалгаруулалтад өгсөн компанийн материал дундаасаа алга болдог, өөр материалаар солигддог асуудал гардаг. Харин бүх материалыг цахимаар аваад эхлэх юм болхардах асуудал алга болно.

-Үнэлгээний хороог байгуулах ажил асуудалтай байдаг гэсэн. Томоохон албан тушаалтнуудөөрсдийнхөө хүмүүсийг оруулах гэж нөлөөлдөг. Үүнээс болоод ажил гацаа үүсдэг гэсэн яриа байдаг?

-Хийгдэх гэжбайгаа ажлынхаа төсвийг батлахдаа газрын асуудал шийдэгдсэн. Зураг төсөв нь хийгдсэн, тендер зарлах иж бүрэн материал нь бүрэн хангагдсан ажлуудыг төлөвлөж төсвөө баталж байх хэрэгтэй гэх асуудлыг өнгөрсөн жилүүдэд тавьж байсан. Гэвч зураг төсөв дутуу хийгдсэн ажлын материалууд орж ирж байна.Ажил саатаж байгаа асуудал үүнээс болж байна. Мөн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал байна. Тухайлбал манайх мэргэжлийн байгууллага учраас үнэлгээний хороог эндээ тушаалаар шуурхай гаргаад явах боломтой байхад Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж явж байна. Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдахад олон даргын гарын үсгийг аваад тойрч явдаг. Тэр олон дарга нар нь гарын үсгээ зурж байгаа учраас хараат бус байх ёстой үнэлгээний хороонд энэ хүнээ хас, оронд нь энэ хүнийг оруул гэдэг ч юм уу нөлөө оруулах гэх тохиолдол гарч байна. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүсч, үнэлгээний хорооны захирамж гарахгүй удах саатах асуудал гарч байна. Зуслангийн зам дээр гэхэд ийм асуудлаас болоод сар гаруй хугацааг алдаж энгийниргэд хохирч байна. Нөгөө хараат бус байна гэсэн зарчим энэ дээр алдагдаад байна. Уг нь хуулиндаа мэргэжлийн байгууллага тендер шалгаруулах ажлын үнэлгээний хороог байгуулна гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг.Хотын удирдлагуудад энэ талаарх хүсэлтээ өгчихсөн байгаа. Мөн Сангийн яамнаас мэргэжлийн байгууллагад үнэлгээний хороо байгуулах эрхийг нь өгөхгүй байна. Хараат бус байдал гэсэн зарчималдагдаад байна. Энэалдааг засаад хуулийн дагуу яв гэдэг чиглэлийг гурван ч удаа өгчихсөн. Гэхдээ энэ одоо хүртэл хэрэгжихгүй л байна.

-Тендерт шалгараагүй­гээсээ болоод ажилд албаар саад хийх гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж ажил хийлгэхгүй байгаа асуудал байдаг юм билээ. Энэ талаар?

-Ер нь иргэн хуулийн байгууллагаар үнэн зөвийг тогтоолгох эрхтэй. Мөн хуулиараа ч байгаа. Тендерт орсон компаниуд хуулийн байгууллагад хандаж байгааг хараад байхад зарим нь “Би ялах ёстой байсан.Гэтэл өөр компанид эрхийг ньөгчихлөө” гэж гомдол гаргадаг.Бас тендерт ороод ялагдсан шалтгаан нь тодорхой, яагаад шалгарч чадаагүй шалтгааныг нь хэлээд өгчихсөн байхад зарим нь тэр ажлыг гацаах гэж албаар хуулийн байгууллагад ханддаг тохиолдол цөөн ч гэсэн байх шиг. Мөн ер нь энэ шалгаруулалт шударга явагдаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоолгодог хүмүүс бий. Хүнд хардах эрх нь байгаа. Ийм гурван зорилгоор компаниуд хуулийн байгууллагад ханддаг. Он гараад долоо найман ажил дээр компаниуд Сангийн яаманд хандсан.Гэхдээбид ч хийсэн ажлаа үнэлүүлэх, компаниуд ч гэсэн итгэл үнэмшлээ баталгаажуулаад авдаг сайн тал байгаа.

-Танай байгууллагаас болоод Шарга морьтын чиглэлийн зам хийгдээгүй.Зам тавигдаагүйгээс болоод жирэмсэн эмэгтэй автобусанддутуу төрсөн гэх мэдээлэл гараад байгаа. Юунаас болсон юм бэ?

-Шарга морьтын чиглэлд 6.3 километр зам тавих ажил 2014 онд төсөв нь нь батлагдаад манайхаар зарлагдаад явагдсан боловч одоо төсөв нь буцаад татагдчихсан байдалтай байна. Яагаад энэ ажлын тендер шалгарч чадаагүй юм бэ гэдгийг тодорхой хэлмээр байна. Мэргэжлийн байгууллагын хувьд тэр ажлыг хийж чадах туршлагатай, тоног төхөөрөмж техникээр бүрэн хангагдсан. Инженер техникийн туршлагатай ажилчидтай ийм компани шалгаруулах ёстой. Хуулинд заачихсан үндсэн шаардлага нь энэ. Гэтэл тендер шалгаруулалтын хоёр дахь шатанд үнэлгээний хороо шаардлага хангахгүй “Си Эф Си” групп гэж компанийг шалгаруулсан. Бид үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийгхуульд нийцэж байгаа үгүй хянаж үзээд төрийн болон орон нутгийн өмчийнхөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн 14-16 дугаар зүйлийнүндсэн шаардлага гэж бий. Энэ хуулийн гол шалгуурыг хангахгүй буюу нэг ч инженер байхгүй компани шалгарчихсан байсан.Тиймээс энэ компанийг шалгаруулахгүй үнэлгээгээ дахиж хий гэсэн шаардлагыг өгсөн. Үнэлгээний хороо шаардлагыг хүлээж авахгүй удсан. Нөгөө гэрчилгээ тамганаас өөр юмгүй чэнж гэдэг шиг компани гэсэн үг. Үүнд бид хатуу байр суурьтай хандсан юм. Ийм компанийг дэмжвэл зарчим алдагдаж, ийм компани шалгарч болдог юм байна гэсэн муухай жишиг тогтоно. Энэ асуудал дээр хотын томоохон албан тушаалтнууд хүртэл нөлөөлөх гэж оролдож “Энэ компанийг дэмжээд өг. Шалгаруулаад өгчих” гэж байсан. Тендер шалгаруулах үнэлгээний хороо ч шахалт нөлөөнд автсан байсан. Сангийн яамны шийдвэр хүртэл энэ компанид үйлчилсэн байсан. Илт хууль зөрчсөн шийдвэр асуудал. Үнэлгээний хороо, Сангийн яам, манай байгууллагын хооронд зөрчил үүссэн гэсэн үг. Маргаан явсаар байгаад хамгийн сүүлд хөрөнгө татагдсан. Гэхдээ хууль зөрчсөн асуудал дээр би хатуу байр суурьтай байж чадсан.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сар гарч зун цаг ирлээ

Зургадугаар сарын нэгэн болж өнгөрлөө. Зөвхөн энэ л өдөр хүүхдүүд урьд хождоосоо илүү олддог амттанд бялуурч, шинэхэн гоёлоор гангарч,шуналын хязгаар гүйцэлдсэн мэт баяр хөөрөөр бялхдаг. Гэвч үнэндээ энэ өдөр бол хүүхдээчихэр жимсээр хуурахын нэр биш. Хагас өдөр дагуулж явсан болоод дугаарлан зогсч байж төв паркт тоглуулах нэртэй баяр биш. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.Ганцхан өдөр ингээд өнгөрөхөөсөө илүү хамгийн гол нь хүүхдүүдэд ямар ирээдүй бий болгож,ямар орчин бүрдүүлж өгч, хэн болгож хүмүүжүүлэх вэ гэдэг дээр томчууд өдөр бүр ухаанаа уралдуулж байх ёстой. Энэ талаас нь харах юм бол хүүхдийн төлөө байгуулсан, бүтээсэнзүйл манайд ховор. Социализмын үед Ц.Филатовагийн байгуулж өгсөн хэдэн сургуулиас өөр зүйл үнэндээ алга. Тэр цагаас хойш нэмж барьсан сургууль, цэцэрлэгийг тоолно гэвэл нүдний гэм. Ингээд бодохоор нүүдэлчид юу ч бүтээдэггүй гэдэг үнэн ажээ. Бүтээн байгуулалтыг суурьшмал соён иргэншилтнүүд л хийж чаддаг болохыг түүх гэрчилж байна.

Ийм л учраас монголчууд намар болохоор цэцэрлэг, сургуулийн дажин дэгдээсэн хэвээрээ. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүдийн хэрүүл маргаан оволзсон чигээрээ. Яалт ч үгүй цэцэрлэгийнх нь багтаамж хүрэлцэхгүй учраас зарим нь хүүхдээ гэрийн “хорионд” оруулахаас өөр аргагүй байдал үргэлжилсээр байна.Гадуур хараа хяналтгүй тэнэж гуйлга гуйгч, зах дээр тэрэг түрж, ширхэгийн бохь зарагч, ууттай самар худалдах гэж зам дээр зогсогч хүүхдүүдийн тоо нэмэгдэхээс цаашгүй үр дүн харагддаг.Монголд хүүхдийн эрхийн асуудал ийм л дүр зурагтай байна.

Ер нь бол хүүхдийг боловсролтой болгох, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, амар тайван гэрт амьдруулах гэх мэтийн наад захын үүргээ эцэг, эхчүүд биелүүлэх учиртай.Адаглаад хүүхдийг машинд тусгай зориулалтын суудалд суулгах нь ч нэг үүрэг. Эцэг, эхийн ийм үүргүүдийг биелүүлэх талаасаа бид маруухан. Тэр бүү хэл нялх үрээ зодож, тамлаж, аминд нь хүрсэн тухай сэтгэл шимшрүүлэм хэргүүд л байнга дуулдах болж. Хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлж өгдөггүй юмаа гэхэд зодож жанчиж, өлсгөж зовоодоггүй л баймаар байна.

Хэдийгээр ийм асуудлууд байдаг ч хэзээнээсээ юм бүү мэд, бид энэ өдрийгхүүхдийн баяр болгон тэмдэглэсээр иржээ. Хүүхэд л бол хүүхэд учраас амттанд умбаж, аав, ээжээсээ хөтлөөд зугаалдаг энэ өдөр тэдэнд хамгаас сайхан. Миний хувьд ч тэсэн ядан, хоног тоолон хүлээдэг хүүхэд насны минь хүслэнт өдөрэнэ л байлаа. Гэхдээ өнөөдөр бол зургадугаар сарын нэгнийг зун цагийн дохио болгон хүлээдэг болжээ. Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхийн царайд инээд тодорч, баяр хөөрөөр цалгисан цовоо цолгин хүүхдүүдийн дуу аргагүй л зун цаг ирснийг зарлах мэт. Энэ өдөр Монгол Улс өвөл, хаврын улирлыг үдэж, урин дулаан цагт шилжиж байгааг илүүтэй мэдэрдэг. Мод нахиалж гүйцээд хөвчиндэлхий номин ногоон өнгөөр аль хэдийнэ хучигдчихсан. Бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцсаар гангарч, хотын гудамжаар алхлах нь хаа сайгүй цэцэг дэлбээлэх шиг. Энд ч цэцэг тарьж, тэнд ч хайс хашлага будсан хүн олонтой их хотод зуны эх орон ирлээ. Удахгүй сургуулиуд амарна. Эмээ, өвөөгийндөө зусдаг хүүхдүүд хөдөөг зорино. Оюутнууд амарч нутаг буцна. Орон сууцны айлууд зусландаа гарна. Гадаа нарлах, агаарт салхилах хос залуус олширно. Амралтаа авсан хүмүүс Монгол нутгаараа аялахаар замдаа гарна. Хотын хөдөлгөөн багасч, хөдөөгзорих машины цуваа нэмэгдэнэ. Аялж барахгүй эх оронтой бид зуны дэлгэр цагт зугаалаад байхаас өөр яах билээ. Замд адуу мал багширч, айраг цагаа сэнгэнээд л цээж дүүрэн амьсгалах талын салхи сэвэлзэх хөдөөгийн зун бүр ч сайхан.

Удахгүй наадам болно. Уяаны морьд наадам зүүдлэх мэт хамраа сарталзуулан эвшээж, нутгийн хөх өвгөд морьдоо шинжиж, тамхиа нэрээд завгүй. Үүрийн таван жингээр босч ажлаа амжуулсан эзэгтэйн ар үдийн алдад аяга цай хуваангаа зуныг шинжин ярилцаж гэрийн хаяанд нарлана. Нүцгэн жаалууд модон морь хүлэглэн давхилдаж, хотоос ирсэн авгай хүүхнүүд хувин сав бариад модны хаяа бараадаж, жимсний эрэлд гарцгаана. Таана мангирын тансаг үнэр ханхийж, голио, царцааны час час хийх дуу аниргүй гэгдэх хөдөө талд саатахын жаргал монголчуудад л заяасан мэт. Энэ үед өвлийн тэсгим хүйтний тухай бодол, төсөөлөл хэн бүхний толгойд үл орж ирнэ. Яагаад гэвэл Монгол нутаг минь өвөл болсон гэх тэмдэггүй өнө мөнхийн дулаан орон шиг хувирч чаддаг учраас тэр. Наадмын дараа үргэлжлэх найрууд хөвөрнө. Дараа нь монголчууд намартай золгоно. Өглөө босоход өвсний толгойд шүүдэр тогтсон байхыг харна. Намар оройн бороо хааяа шаагихад жиндүүхэн чөвс хагдарч, навчис шарлаж өнгөө хувиргадаг энэ улирал өөр хаана ч байдаггүй зөвхөн Монголынх юм шиг санагддаг.

Мөдхөн найр наадмын цаг хумигдаж, хичээл сургууль цуглаж, алба ажилдаа яарсан их хотын хөдөлгөөн өрнөнө. Хавар нь тарьсан тариа, ногоогоо хураах их ажил оволзож, хотод зам засвар үргэлжилнэ. Айл бүхэн идшээ базааж, монголчууд өвлийг өнтэй давахад бэлтгэнэ. Удалгүй намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, гол мөрөн зайрмагтана. Дахиж ирэхгүй юм шиг сураггүй алга болсон өвөл буцаад л ирнэ. Гэвч хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, сэтгэн бодох чадвар, ажлын хариуцлага хүйтний улиралд сайжирдаг юм гэнэ лээ. Тиймээс өвлийн тас няс хийх жавар зун, намарт хуримтлагдсан муу бүхнийг ариусган эрч хүч өгөх мэт сэнгэнэнэ. Зун байсны ул мөр үгүй болж, уур савсаж, цас навсайсан ийм л хүйтэн өвөл айлчлах нь ганцхан Монголынх гэлтэй өнөө л сэтгэгдлийг дахин төрүүлдэг. Гэвч анх удаа өвөлтэй золгож буй мэт түгших сэтгэл хэнд ч үгүй. Оготно, зурам, мал амьтнаас эхлээд цөм зөнгөөрөө энэ өвлийн улирлыг мэдэрдэг, давж гараад хавартай золгодог юм.

Үндэстэй бүхэн соёолж, өвөлжин “даарсан” модод нахиагаа дэлгэж, навчин “дээлээ” өмсөнө. Монгол түмэн ч хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсны баяраа тэмдэглэдэг. Бороонд осгосон хонь шиг ноорхой бор болжморууд хашаан дээр сууж үзэгдэх нь олширно. Харин залгуулаад зун цаг дахиад л морилно. Тиймээс налгар зуны сайхныг мэдрэлгүй явсаар нэг л мэдэхэд малгай ороолтондоо орчихсон, энд тэндхийн байшингийн нөмөр бараадан бээвийж явах вий дээ,цаана чинь зун болчихсон байна гэдэг бодол зургадугаар сарын нэгэнд төрөх аж.

Ингээд бодохоор Монголын дөрвөн улирал тус бүртээ тусгаар тогтносон эх орон лугаа ийм ялгаатай ажээ. Дэлхий ертөнц дээр энэ дөрвөн улирлыг нэг дор үзэхийг мөрөөдөгчид бий. Тэдний хувьд бид онцгой заяатай ард түмэн. Ийм л гайхамшигтай эх орнуудыгэцэг, өвгөдөөс минь бидэнд бэлэглэжээ.Энэ сайхан эх оронд төрсөн үр хойчдоо бид ямар улс үлдээхээ бодох цаг ирсэн байна. Ирээдүй хойч минь хэдэн үеэрээ ч сурч боловсорсон хүрэлцэх сургууль, цэцэрлэгтэй.Утаагүй, түгжрэлгүй, тав тухтай орчинд хүүхэд бүр тайван амгалан гэрт өсчторних тийм л нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.Хамгийн гол нь дэлхийд зөвшөөрөгдөх боловсролтой, дэлхийтэй харьцах хэлтэй,эх орноо хайрлах сэтгэлтэй, Монголоо хөгжүүлэх ухаантай хойч үеийг бий болгохын төлөө бид нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж, суурьшмал соёлд суралцах шаардлага тавигдаж байна.Бусад өдрөө байг гэхэд ядаж зургадугаар сарын нэгэнд хүүхдээ яаж хөгжүүлэх, тэдэндээ ямар ирээдүй бэлэглэх тухай асуудлыг хөндөн ярилцдаг болмоор байна.Хэрэв томчууд энэ үүргээ умартваас хувиа хичээсэн, биесээ үл тоомсорлосон, эх орноо хайрлаж мэдэхгүй хүмүүсээр ирээдүй дүүрнэ. Тэр тохиолдолд ийм сайхан эх орон минь энэ хэвээрээ үлдэх магадлал хэр бол гэдгийг бодох л хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ