Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар сум нэвтрүүлэх гэж байжээ

Тоз-8 гэх найман мм-ийн 300 гаруй сум хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байцаагчид илрүүлжээ. Ачааны эзэн нь шалгалтын явцад хувцас явуулж байна гэж мэдүүлсэн гэнэ. Харин шалгалт хийгээд үзэхэд калибер бууны 321 сумыг тугалган цаасанд боож хил нэвтрүүлэх гэж байсан нь илэрчээ. Сумыг тугалган цаасанд боож, витамины сав, загасны хэрэгсэл, пүүзэнд хийж далдалсан байжээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж. Энэ нь эрүүгийн хуулийн 198 дүгээр зүйлд хамаарагддаг юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төчлийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.24.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгаж шийдвэрлэжээ. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд төслийн 2 дугаар зүйлийн “16.1.15-16.1.18” гэсэн нь техникийн алдаа тул “16.1.5-16.1.8” гэж өөрчлөх, “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт” гэснийг “улс, бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалт” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун төслийн 1 дүгээр зүйлд “аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар” гэж нэмэх, энэ саналтай нийцүүлээд Засгийн газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрхийг нь нээх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авчээ. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны гаргасан “төсөлд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын жагсаалтыг Улсын Их Хурал батална” гэж нэмэх гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тэрээр энэ асуудлаар цөөнх болжээ.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэх явцад байнгын хорооноос дэмжлэг аваагүй Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувийн дэмжлэг хүлээснээр үндэсний томоохон бүтээн байгуулалтын жагсаалтыг Улсын Их Хурал баталж байхаар болов. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу Өргөдлийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлэг хийж ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, төслөөс Улсын Их Хурал мөрдөн шалгах сонсгол зохион байгуулахтай холбогдсон хэсгийг бүхэлд нь хасах, түүнчлэн гэрчийг сонсголын оролцогчоос хасах, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн сонсголын оролцогчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр боловсруулсан хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, сонсголын журам, дэгийн зохицуулалтыг нарийвчлан тодруулах, хуулийн нэр томьёог жигдлэхтэй холбогдсон бусад саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн ч хуулийн төслийн 4.2 дахь хэсгийг Нийтийн сонсголыг эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт, татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого, зарцуулалтад тавих хяналт, Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудлыг хэлэлцэх, тухайн асуудлаар шийдвэр гаргахад зохион байгуулахаар өөрчлөн найруулах саналын томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийх хэсэгтэй холбогдуулан гишүүд янз бүрийн байр суурьтай байв. Иймээс төслийн энэ заалттай холбогдуулан гишүүдийн байр суурийг сонссоны дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Түүнчлэн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дараагийн саналууд ч дэмжигдээгүй тул байнгын хорооны дарга А.Бакей хуулийн төсөл анхны хувилбараас нэлээд сайжирсан, гэхдээ ганц нэг ярих зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулаад томилгоотой холбоотой асуудлыг эргэж ярилцъя гэсэн горимын санал гаргав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ хооронд байнгын хорооны ажлын хэсэг нам, эвслийн бүлгүүдээр саналаа дэмжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэйг зөвлөөд горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Тус байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулан байгуулж, ажпын хэсэг төслийн талаар саналын томьёоллыг бэлтгэн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал хураалгажээ. Мөн хүүхэд харах үйлчилгээг зөвхөн иргэн зохион байгуулахаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, төслийн 3.1.2-3.1.6 дахь заалтыг“хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг; “хүүхэд харах суурин үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг; “хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ явуулахыг; ”хүүхэд харах үйлчилгээний байр” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг;” хэлэхээр өөрчлөн найруулах санал дэмжигдэв. Мөн төслийн 5 дугаар зүйлд “5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр болов.

Байнгын хорооны саналаар “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна”. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байх бол хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байх аж. Мөн хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулахаар болж байна. Түүнчлэн “Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно”, “Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Тус байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 39, найруулгын шинжтэй 11 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сумдад “Cessa grand caravan 208” хөлгөөр нислэг үйлдэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газраас хэрэгжүүлэх “Сумдын тогтмол нислэгийг сэргээх” төслийн эхний шатанд Ховд аймгийн Зэрэг, Булган, Чандмань, Мөнххайрхан, Мөст, Дарви, Цэцэг, Үенч, Алтай зэрэг 9 сум багтжээ. “Сумдын тогтмол нислэгийг сэргээх” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ба төсөл хэрэгжсэнээр жил бүр ойролцоогоор 9 тэрбум төгрөгийн нөхөн олговор шаардагдана гэсэн тооцоо гарчээ. Сумдад нислэг үйлдэх төсөл нь 2015-2016 онд 6 аймаг 60 сумыг, 2017-2018 онд 7 аймаг 75 сумыг, 2018- 2020 онд 3 аймаг 31 сумыг хамран хэрэгжих юм байна.

Сумдад нислэг сэргээх төсөл нь алслагдсан, газрын тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийгдээгүй, орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилготой аж. Нутгийн иргэдэд 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй тарифаар долоо хоногт хоёр удаагийн давтамжтай орон нутагт аэродромын нөхцөл, шаардлагад нийцсэн, аймаг-сум хоорондын зах зээлд тохирсон ”Cessna grand caravan 208“ агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Дахин төлөвлөлт гэр хорооллын 14 хувийг хамарчээ

Нийслэлд нийт 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, иргэдийн 9 хувийг хамарч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Дахин төлөвлөлтийн тухай хуулийн

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдол 15 хувь, тоосжилт 14 хувь буурахаас гадна шинээр 24 орон сууцны цогц хороолол бий болно.Зургийг: С.Батсайхан

төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын хурлын анхны хэлэлцүүлгээр хуулийн төсөл дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдол 15 хувь, тоосжилт 14 хувиар буурахаас гадна шинээр нийт 24 орон сууцны цогц хороолол бий болно тооцжээ. Дахин төлөвлөлтийн ажлын хувьд Баянзүрх дүүргийн 8 болон 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа “Баганат Өргөө” компани 120 айлын 6 га газрыг чөлөөлсөн байна. Улмаар 288 айлын орон сууц, дэд бүтцийг ажил хийж гүйцэтгэж байгаа ажээ. Тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл нийт 51 га газрыг хамарч байгаагаас 40 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх юм байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг баригдах аж.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо цахим хурал зохион байгуулж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх хүрээнд Архангай, Орхон, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн удирдлагууд, байнгын хорооны гишүүд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй хамтран цахим хурлыг өнөөдөр /2015.06.25/ зохион байгуулж байна.

Хурлаар орон нутгийн зам тээвэр, ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, санал солилцсон юм.

УИХ-ын гишүүд аймгуудын удирдлагуудаас Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, бэлчээрийн менежментийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ямар ажил хийгдэж байгаа, Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гарсан тогтоолын хэрэгжилт ямар байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тодруулаад өөрсдийн саналаа хэлсэн юм. Цахим хурал асуулт хариултаар үргэлжилж байна.

Уг хуралд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Содбилэг нар болон Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө, аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн төлөөллүүд оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар сууршлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Тиймээс Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам, Рашаант- Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам, Богдхан уулыг тойрсон хурдны зам, Майдар эко хот байгуулах болон Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн дагуул хот байгуулах зэрэгт зориулан зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эгүүлэн авахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн холимог тээврийн ложистик төв байгуулах, Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газруудыг хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын билетийг долдугаар сарын 6-наас худалдаж эхэлнэ

Ардын хувьсгалын 94 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойн Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 6-наас борлуулж эхлэх юм байна. Үнийн хувьд суудлаасаа хамааран 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Билетийг Бөхийн өргөөний кассаар худалдана.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс хуушуурын зөвшөөрлийн өргөдөл хүлээж авна

Энэ жилийн баяр наадмаар 850 аж ахуй нэгж, иргэнд хоол, хүнсний худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл өгөх аж. Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэгтээ өргөдөл өгч болох юм байна. “Хүй долоон худаг”-ийн худалдаа үйлчилгээг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг зохион байгуулж өргөдөл хүлээж авч байгаа бол Төв цэнгэлдэхийн зөвшөөрлийг үлдсэн дөрвөн дүүрэг дээр хүлээж авах юм байна

Өнөө жил наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа. Зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулж, дүрэмт хувцастай байх шаардлага тавьж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур”-ын 40 жилд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Монголын театрын тайзнаа “Хунт нуур” балет тоглогдоод даруй 40 жил болжээ. Тиймээс хүндэтгэлийн тоглолт хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа болох юм.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглогдож байжээ. Тус бүтээлийг зохиогч анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн таашаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Манай дуурийн тайзнаа энэхүү бүтээл 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин Б.Жамьяандагвын дэглэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглогдож байсан байна. Анхны тайзны зураачаар Ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглосон түүхтэй.

Мөн анхны хөгжмийн гоцлолуудыг Гавьяат жүжигчин Л.Аюуш (хийл), Гавьяат жүжигчин Б.Батчулуун (Волторн), Ж.Жиняаз (Виолончель), Ч.Наранхүү (Труба), Бү.Чинбат(Арф), Н.Даваадорж (Гобой), Г.Гомбосүрэн (Кларнет), Н.Даржаа (Флейт), Л.Мягмарсүрэн(Фагот) нар тоглосон байна.

Ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох “Хунт нуур” балетын 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын гол дүрүүдийг танилцуулъя:

VI.27 (Бямба)

Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Ч.Ганчимэг (МУГЖ)
  • Зигфрид – О.Ганцоож (CTA)
  • Ротбарт – А.Өлзий-Орших (CTA)
  • Алиа Салбадай – Б.Төгөлдөр (CTA)
  • Па Де Тура – Б.Баасансүрэн(CTA), О.Олонбаяр
  • Па Де Труа – Б.Пүрэв-Очир
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай

VI.28 (Ням)

Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Б.Саруул (СТА)
  • Зигфрид – М.Од
  • Ротбарт – Э.Эрдэнэжаргал
  • Алиа Салбадай – Саора Кояами
  • Па Де Тура – Г.Цолмон (МУГЖ), О.Анужин
  • Па Де Труа – А.Эрдэнэболд
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай
  • Хөгжмийн гоцлолууд: Хийл – Ц.Мөнхболд (УГЗ), виолончель – Ц.Ариунаа (СТА), гобой – Г.Долгорсүрэн (CTA), кларнет – Б.Энхтуул, флейт – Г.Ганчимэг (CTA), фагот – Н.Сэргэлэнбат, Волтоон – Б.Чинбат(CTA), Төгөлдөр хуур – Т.Гэрэлцэцэг(CTA)

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ

Жил жилийн наадам дуулиан шуугианаар дүүрэн болдог. Өнөө жил ч ялгаагүй ээ, бөхийн барилдаан бүтэн жил яриад барагдахааргүй яриа хөөрөө, уйлаан майлаан, баяр хөөр, гомдол цөхрөл, харуусал, ялалтаар хослон өнгө алаглаж болох нь мэдээж. Тэртээ 2006 онд монгол бөхийн зүлэгт ногоон дэвжээнд зодог тайлж буйгаа зарлан, бөхөд хайртай олноо нус нулимстай нь хольж орхисон Сүхбат аварга дахин зодоглох нь нэгэнт тодорхой боллоо. Эндээс л өнөө жилийн наадмын бөхийн барилдаан үзэж харах юмтай, ярьж дуулгах сонинтой, олон түмний инээдэм, эгдүүцлийг хүргэсэн хошин аястай болох нь мэдрэгдээд эхэлж байгаа юм. “Чөлөөндөө суугаа хурандаа” гэдэг шиг зодгоо тайлаад удаж буй аварга нүцгэлэхээр наадам сүр дуулиантай болдог нь ямар учиртай юм бэ гэж гайхах хүмүүс байж магад. Тэгвэл өнгөрсөн жилийн хов жив, яриа хөөрөө намдаагүй байгаа шүү дээ.

Наадам ойртох тусам зарлигаар тодорсон хоёр дархан аваргын тухай хүчтэй яригдана. Түрүү жил Сүхбат нь зүүний магнайд гарна гэж орилж цамнаад, наадмын бөхийн барилдааныг эхлүүлэлгүй гацаагаад юу юу л болсон билээ. Гурвын даваанд Өсөхбаярыгаа амлаж ч байх шиг, ард түмнээ баясган цэнгүүлэх биш балмагдуулан гайхашруулж, уур бухимдлыг нь төрүүлж орхисон. Монгол бөхийн түүхэнд төрийн наадмын гурвын даваанд дархан аварга цолтой бөх дархан аваргаа амлаж байсан удаагүй. Гэвч монголчууд бид нэгэн “шинэ түүх”-ийн гэрч болцгоосон юм даг. Бөхийн холбооны гаргасан улсын цолтой бөхчүүдийн эрэмбээр Өсөхбаяр Сүхбатын өмнө босож байгаа. Үүнийг Р.Нямдорж тэргүүн баримттайгаар олон түмэнд дэлгэн үзүүлсэн. Энэ жил тэгээд Өсөхөө Сүхбат хоёрын хэн нь зүүний магнайд босох вэ. Бөхийн эрэмбэ, жудаг ёсоо дагах уу. Эс бөгөөс хэн нэгний санаа бодолд нийцүүлэх үү. Уг асуудлаас улбаалаад ардын хувьсгалын ерэн дөрвөн жилийн ойн бөхийн барилдаанаа сонин хачин эхлэх нь дамжиггүй.

Гурвын даваанд эрх биш Сүхбат нь Өсөхөөгөө эсвэл, Өсөхөө нь Сүхбатыгаа амлаж наадмын цэнгэл найрыг унагахгүй байлгүй. Зарлигаар тодорсон хоёр дархан аварга нутаг нугынхаа нас нь явж, харих тийшээгээ хандсан начингуудаас амлана. Гар зөөлөн давахаа тэд мэднэ л дээ. Харин дөрвийн давааныхаа ам бөхийг эртхэн шиг бэлдэж, “хор”-оо сайтар найруулж авахгүй бол тун чиг эвгүй. Ухаандаа дөрвийн даваанд Сүхбат аваргатай цолныхоо эрэмбээр Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга, Өсөхөө аваргатай Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Цэдэндоржийн Мөнхбаяр нар таарах магадлал өндөр. Тэд бол улсын цол цээжинд нь багтаж байгаа залуучууд. Гантулгаас Сүхбат аварга гуйж таарна. Барилдана гэвэл хэцүү юм чинь. Бахимхан биетэй, хоёрын гарын шуундаа жигтэйхэн тэнхээтэй аймгийн начин Сүхбат аваргыг маань ганцхан хүчтэй угзрахад элгээрээ харуулдаад л явчихдаг болов уу, яадаг бол. Ард түмэн шуугиж шаагиад сүйд болно. Тэгэхээр аваргад ам мэхээр аргалахаас өөр гарц байхгүй. Барилдахаар өрөхдөө жигтэйхэн инээд алдаад “Миний дүү ч өнгөтэй байх чинь. Ирэх жилээс ахынхаа Олимп дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийнэ биз дээ” гээд гүйцээ. Өсөхөө аваргын хувьд хэрвээ Увсын Мөнхбаяртай таарвал мөн ч бэрхтэй. Тэр жил “Женко” дэвжээний Сугаржаргал гэж “хатуу самар”-тай дөрвийн даваанд учраа таараад тахимаа өгч байсан. Мөнхбаярын хувьд панаалдуулна гэж барагтай байхгүй. Яхир үзнэ. Гэхдээ Өсөхөө аварга сүүлийн зарим нэг жилд дөрвийн давааны учраагаа эхнээсээ бэлдэх болсон. Батцэнгэлийн “динозавр”-уудын нэг болох Дүгэржавын Хишигдорж заанаар гурвын даваанд залуу бөхийг амлуулаад тахимыг нь өгүүлчихэж байгаа. Хишгээ заанаар гурав давсан залуу эрэмбээрээ Өсөхөө аваргатай оноолт таарах жишээний. Энэ бол Мөөеө, Цэрэнтогтох нарын аваргуудын хийж ирсэн нарийн арга л даа. Мөөеө аварга Сосорбарам тэргүүтэй нутгийнхаа өвгөн арслангуудыг хэд хэдэн жил гүүр болгон ашигласан удаатай. Цэрэнтогтох аварга зарим жил мөн л өөрийн нутгийн Ганбаатар арсланг гүүр болгож байсан. Харин 2005 оны наадмаар байна уу даа, өнөө Ганбаатарынхаа аманд залуу бөх өгч, дөрвийн даваанд өөртэйгөө тааруулахаар төлөвлөчихсөн байтал Увсын Элбэгбаяр гэж лүд Цэрэнпунцаг гарьдаар гурав даваад Цэрэнтогтох аваргын маань хамаг төлөвлөгөөг нурааж байсан удаатай.

Гурвын даваанд залуучуудад хэвтээд өгөх хэд хэдэн “номхон тэмээ” бий. Балжаа аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, за тэгээд Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр,Ч. Батзориг, нарын заанууд, Г.Элбэг, Ховдын Т.Амартүвшин, Говь-Алтайн Ж.Амартүвшин нарын харцагууд гурвын даваанд буулт хийнэ. Мөн энэ жилээс И.Доржсамбуу гарьд гурвын даваанд тахим өгөх байх. Балжаа аварга мэдээж Увсынхаа залуучуудаас авна. Аймгийн хурц арслан О.Гантулгыг амлаж даваа ахиулах магадлал өндөртэй. Доржсамбуу гарьд Булганыхаа залуучуудаас авах байх. Тэр жил өөрийн хүргэн аймгийн арслан А.Отгонбаатарыг амлалгүй, “Ажнай” компанийн бөхийг начин болгож хүргэн дүүгээ гомдоосон тэрээр энэ жил гомдлыг нь тайлах зорилгоор гурвын даваанд амлаж таарна. Гэхдээ Ёндонсамбуу, Цогтжаргал гээд начингуудаар Отгонбаатарыгаа гар хөнгөн давуулаад өөрөө “Ажнай”-н бөх гэдэг шиг арай нааштай хандсан нэгэнд нь тахим буулгах хувилбараа хэдийнэ бодчихсон байгаа.

Мягмарсүрэн, Батзориг гээд Ховдын заанууд нутгийнхаа дүү нараас авах биз ээ. Мягаа заан өнгөрсөн жил О.Хангайгаа аваад өгч байсан. Өнөө жил дахиад амлаж шавийгаа тунаанаас гаргах бодол байж л байгаа. Батзоригийн хувьд төрсөн ахынхаа хүү энэ жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж байгаа Пүрэвсайханд бүх анхаарлаа хандуулчихсан нь тодорхой. Пүрэвсайханы даваа бүрийг нарийн тооцоолж, хэнтэй яаж барилдахыг нь нэгд нэгэнгүй бодчихсон, ёстой л Пүрэвсайханаар өвчилчихсөн байгаа. Дүүгийнхээ өмнөөс өөрөө нервтээд л. Бөөн зовлон байгаа биз дээ. Бумбаяр зааны хувьд өөрийн шавь “Алдартан” дэвжээний залуу хүчтэн цэргийн арслан Бадрахын Ганзоригийг амлаж тахимаа өгнө. Түүнд өөр гаргалгаа байхгүй. “Увс нуур” галынхан Гантулга, Ганзориг нарыг начин цолонд тааварлаад, Бат-Орших харцагыг их дээшээ зүтгүүлнэ гэсэн бодолтой байгаа нь мэдээж. Харцага цолтой бөх түрүүлүүлдэг бичигдээгүй хууль Увсынханд бий дээ. Залуу аварга Мөнхбат, арслан Батсуурь нар харцага цолноос төрийн наадмын түрүү бөхөөр тодорсон. Тиймийн учир “Увс нуур” галыг ахалж байгаа Гантогтох гарьд Бат-Орших харцгыг хараандаа авчихаад тусад нь битүүхэн нөөж байгаа байх.

Улсын харцага Д.Батболд өөрөө давчих юм бол гурав дээр нутгийн дүү Болдын Эрдэнэхүүг, Өвөрхангай нутгийн хүчтэй начингуудын нэг “Мөнхийн үсэг” группийн бөх П.Ганхүү нутгийн дүү Цэндзэсэмийн Чимэддоржийг, улсын харцага Г.Элбэг мөн л нутгийн дүү Хөвсгөл аймгийн арслан Хаш-Эрдэнийг гурав дээр авах магадлалтай. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээг олон жил дасгалжуулж буй Бандийн Ганбаатар арсланд бас нэг зовлон байдаг. Тэр нь өөрийн хүргэн аймгийн арслан Б.Батдорж юм. М.Жамъянпүрэв начин хоёр давчих юм бол Батдоржийгоо мундагдуулаад авахуулчихна. Жамъянпүрэв ч гэлтгүй Ганбаа арслангийн хүргэнийг гар хөнгөн гурав давуулчих цолтон Өвөрхангайнханд мундахгүй. Улсын цолны тааварт олон бичигдсэн бөхчүүдээс Сүхбаатарын Шарын Мөнгөнбаатар гэж аймгийн хурц арслан бий. Тэрээр энэ жилийн хувьд тун сайн байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд Н.Ганбаатар гарьдаар зургаа, Увсын П.Бүрэнтөгс арслангаар долоо давж их шөвгийн наймд шалгараад Хэнтийн Э.Оюунболд харцагатай тунаж барилдаад өвдөг шороодсон. Түүнийг гурав дээр аваад гар хөнгөн давуулчих хүн байхгүй. Буянтоо аваргын зээ хүү Ц.Магалжав л барилддаггүй юм бол Сүхбаатараас өөр бөхгүй болоод байгаа. Тэгэхээр Мөнгөнбаатар өөрийн хүчээр л зүтгэнэ. Залуу начингуудын аманд очих уу, эсвэл гурвын давааны төгсгөлд Дундговийн Эрдэнэбатын Даш, Завханы Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгийн М.Эркебулан, Сэлэнгийн Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан, Дорнодын П.Мөнхбат, Булганы Б.Амарсайхан, Баянхонгорын Н.Золбоо, Ховдын Б.Бат-Өлзий нарын нэгтэй халз таарна. Гурвын давааны ам угтуулд Архангайн Б.Амарзаяа начин аймгийн арслан Ч.Ганзориг, М.Бадарч нарын аль нэгийг, Ховдын Н.Батзаяа мөн нутгийн дүү нар болох Мянгадын Н.Батсайхан, Дарвийн Б.Тайван, Зэрэг сумын Б.Бат-Өлзий нараас ам авах байх. Мөн өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн Ховдын залуучуудаасаа амлаж элэг бүсээ тайлна. Шоовдойхүүгийн Тогтохбаяр гэж Ш.Батсуурь аваргын нутгийн удамтай начин бий. Тэрээр гурвын даваанд өөрийн төрсөн дүү аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг амлах нь мэдээж. Гурвын давааны төгсгөлд, дээрээ татаасгүй “бор зүрх”-ээрээ зүтгэж буй нөхөд хоорондоо яс үзэж таарна. Давсан нь улсын цолны төлөө, унасан нь дараа жилийн наадмыг хүлээх тийм л хоёр сонголт байдаг хойно.

Начны давааны наана дөрвийн даваа гэж тун өндөр босготой, эвгүйхэн даваа бий. Олон ч хүнийг бүдрүүлдэг даваа. Тэр жил зүүн, баруун жигүүрийн хоёр түүчээ болох Өсөхбаяр, Мөнхбат аваргуудыг элэг бүсийг нь тайлуулж байсан удаатай. Өсөхөө аварга Сугаржаргалд, залуу аварга С.Мөнхбат Увсын Бүрэнтөгс гэж залууд тахимаа өгч байлаа шүү дээ. Энэ жилийн хувьд Өсөхөө,Сүхбат хоёр хэн хэнтэй учраа таарах магадлалтайг дээр өгүүлсэн. Залгуулаад таамаглахад, залуу аварга Мөнхбат Завхан аймгийн арслан Пүрэвгарьдтай таарах магадлал өндөр байгаа. Түрүү жил таараад Пүрэвгарьд аваргыг хариугуй унагадгийн даваан дээр аз дутсан. Энэ жил бол айж бэргэх юм байхгүй, туранхай шазруун нөхөр чинь залуу аваргын баруун зүүн хөлд хэд хэд бусгаж дайрснаа, бултаж үзээд нэг мэдэх нь тонгороод шидчихийг байг гэхгүй. Пүрэвгарьд Мөнхбат аваргыг өвдөглүүлчих юм бол цэнгэлдэхэд багтаж ядан байгаа олон бах тав нь нэг ханасан мэт орилолдоод босоод ирнэ. Пүрэвгарьдын хувьд Мөнхбат аваргатай биш юм аа гэхэд Мөнхбаатар арслан, До.Ганхуяг хэнтэй нь ч таарсан хаяна гэж л үзнэ. Угз татаад гаргаад ирэхэд резин шиг л сунаад, улам наалдаад байдаг зовлонтой хүн л дээ.

Дөрвийн давааны нэг том дуулиан бол Санжаадамба, аймгийн арслан О.Хангай хоёр. Нэг хэсэг Харүмафүжи Бямбадоржийн ах Лхагвадорж начинг Санжаадамбын эрлэг гэж нэрлээд байлаа. Улсын наадамд ч, улс тунхагласны ой зэрэг заал танхимын барилдаанд ч дөрвийн давааны нугалаанд таараад хаядаг байсан. Тэгвэл сүүлийн үед залуу заан Санжаадамба Ховд аймгийн харьяат, Ховд нутгийн хөгжлийн сангийн бөх аймгийн арслан Хангайд хэд хэдэн удаа өвдөг шороодоод байгаа. Өст хүн өлийн даваанд гэгчээр өнөө Хангай гайхал чинь Санжаадамба заантай дөрвийн даваанд оноолт таарч баллах вий. Ээ дээ тэгвэл, Архангайн зон олны төдийгүй монгол түмний түрүүлнэ хэмээн хүлээж суугаа залуу заан, аймгийн арслан Хангайд тахимаа өгч, юун түрүүлэх манатай, тав давж шөвгөрөх ч үгүй хоцрох болно. Санжаадамба мэдээж хэд хэд хүчтэй туйлна. Гэвч Хангай арслан ирийг нь дарж, тогтоож байгаад ганцхан хавирчих талтай.

Дөрвийн давааны өөр нэг сонирхол татах барилдаан Хан Хэнтийн нутгийн хүү залуу харцага Э.Оюунболд, Сүхбаатар аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар нарын хооронд болох магадлалтай юм. Мөнгөнбааатрын хувьд Оюунболд харцагыг төвөггүйхэн мушгичих юм уу, дасгаж дасгаж байгаад ташаалдаж тонгорох дархан мэхээрээ тархиар нь газар шаачихаж чадах л хүн. Б.Бат-Эрдэнэ аваргын нутгийн хүү Э.Оюунболдыг их дээгүүр барилдана гэж олон хүн таамаглаж байгаа. Сав л хийвэл тунадаг Пүрэвдагва начин, Содномдорж харцага, Пүрэвсайхан харцагууд Оюунболдтой хэрхэн барилдахаа тооцоолж байгаа. Гэтэл дөрвийн давааны оноолтод Мөнгөнбаатарын дархан ташаанд явчихыг үнэндээ үгүйсгэхгүй юм. Сануулах, сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж буй хэрэг шүү дээ.

Аймгийн цолтой бөхчүүдээс гойд сайн байгаа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын Даш. Бие хаа, царай зүс сайхантай түүнийг Дундговь нутгийнхан Алтанхуяг, Пүрэвжав хоёроосоо илүүтэй хайрлаж, итгэл хүлээлгэх болсон дуулддаг. Дашийн хувьд өнөө жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Э.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар гарьдууд юм уу, Б.Соронзонболд заантай учраа таарах магадлал өндөр. “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч Доёдын Бадрах начин үүнийг анхаарах хэрэгтэй. Даш арслан Алтайн хөх харчуудын хэнийг нь ч байсан сунгаж татаад, наадамчдын уухайн дор элэг бүсийг нь тайлуулж мэднэ. Хоёр жилийнг өмнө байна уу даа, Говь-Алтайн өндөр Ганбаатар гарьдыг Увсын Төрөөгийн Баасанхүү гэж биеэр жижиг боловч элдэвтэй нөхөр салтаанд нь, хоёр хөлийнх нь хооронд хэд хэд эргэж байгаад яах ийхийн зуургүй бөгсөөр нь суулгачихаж билээ. Түүн шиг Гончигтавхай, Пүрэвгарьд, Амарсайхан, Чимэдвандан , Эрдэнэчулуун гээд элдэвтэй залуучууд цаана чинь олон бий. Тэд дөрвийн даваанд гараад ирвэл ёстой хяргана даа. Тэгэхээр дөрвийн даваа өндөр цолтой бөхчүүдэд хамгийн их халгаатай юм.

Ө.МАНЛАЙ

Үргэлжлэл бий