Categories
мэдээ улс-төр

АЙЛЧЛАЛ: АНУ-ын конгресс дахь Монголын бүлгийн даргатай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна.

Тэрээр 2004 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулж 2010 оноос Жим Макдермотын хамт АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийг хамтран тэргүүлж байна. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих бүлгийн дарга Жим Макдермотт нь Конгрессын Хүн амын орлогын аюулгүй байдлын хороо, гэр бүлийг дэмжих дэд хорооны даргаар ажилладаг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хугацаанд байнга дэмжиж ирсэн Конгрессийн гишүүдэд гүн талархал илэрхийлээд цаашид Монгол Америкийн харилцаанд илүү шат ахина гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Конгрессын 828 дугаар тогтоолыг санаачлан батлуулсан ба Конгрессын нийт 27 гишүүн хамтран санаачилсан уг тогтоолд хоёр улсын хооронд стратеги, улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон талт болон хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх, Монгол Улсыг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг дэмжихийг уриалжээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШРИ МУЛЯНИ ИНДРАВАТИТАЙ УУЛЗЛАА

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөлөө.

Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.

Тус банк нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн захиргаа, дэд бүтэц, санхүүгийн болон хувийн салбарын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн удирдлага зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүүгүй болон бага хүүтэй зээл олгодог юм.

Мөн хөгжиж буй улс оронд бодлогын зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, техникийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2030 он хүртэлх зорилтдоо өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой иргэдийг 3 хувиас ихгүй байлгах замаар нэн ядуурлыг бууруулах, улс орнуудын орлогын өсөлтийн доод түвшинг 40 хувьд хүргэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Арменид эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна

Арменийн нийслэл Ереван хотын төв болох Баграмяний өргөн чөлөөнд өнгөрсөн баасан гаригт эхэлсэн эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна. Цахилгааны үнийг нэмснийг эсэргүүцэж буй хэдэн мянган жагсагчид тавьсан шаардлагыг нь биелүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Байдлыг хэвийн болгохын тулд Арменийн эрх баригчид зохион байгуулагчдад хандан тус улсын Ерөнхийлөгчтэй уулзах санал тавьсан. Гэвч үүнийг хүлээж аваагүй гэсэн бөгөөд төрийн тэргүүн телевизээр мэдэгдэл хийж үнийг нэмэх шийдвэрийг хүчингүй хэмээн албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна.

Categories
гадаад мэдээ

Ж.Царнаевт ялын дээд хэмжээ оноолоо

Бостоны марафоны үеэр алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр ах дүү Царнаев баривчлагдсан билээ. Өчигдөр дүү буюу Жохар Царнаевт АНУ-ын Холбооны дээд шүүгч Жорж О‘Тул түүнд ялын дээд хэмжээ оноосон байна. Шүүх хуралдаанд уг дэлбэрэлтийн үеэр нас барсан хүмүүсийн ах дүү болох 20-иод хүн оролцжээ. Жохар Царнаев ах дүү шүүх хурал дээр үг хэлж нас барагсдын ар гэрийнхнээс хүлцэл өчсөн байна.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн банк 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзав. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийлжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэжээ. Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөсөн байна.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ.

Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараахь сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.

Тус банк нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн захиргаа, дэд бүтэц, санхүүгийн болон хувийн салбарын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн удирдлага зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүүгүй болон бага хүүтэй зээл олгодог юм.

Мөн хөгжиж буй улс оронд бодлогын зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, техникийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2030 он хүртэлх зорилтдоо өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой иргэдийг 3 хувиас ихгүй байлгах замаар нэн ядуурлыг бууруулах, улс орнуудын орлогын өсөлтийн доод түвшинг 40 хувьд хүргэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэв

Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Агуйт уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлэв.

Бүх цэргийн хар сүлдний их сүлдэч ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайн командаар Бүх цэргийн Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн албан хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж байлаа. Их сүлдэч зул, арц хүж асаан сүлдэндээ гурвантаа мөргөхөд төрийн хожин “Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхэл, сүлдэнд ниндар өргө, зул өргө, утлага өргө, идээ өргө, сархад өргө” командуудыг өгөв. Дараа нь “Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өч” командаар их сүлдэч өчил уншихад тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.
Өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавив.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар дараа нь Их хар сүлдэнд шүүс, цацал өргөв. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.
Монгол Улсын төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдлээ.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 2015 оны аварга салаа, тасаг шалгаруулах марш, тактикийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж ёслол өндөрлөв.

Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг 2011 оноос хойш 2013 он, 2015 он гээд гурав дахь жилдээ үйлдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн хүрээнд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн юм.

Дашрамд дурдахад, энэ хуулийн төсөлд хэвлэн нийтлэхтэй холбоотой, сэтгүүлчдэд хамаарах хэд хэдэн заалтыг ялгаж тусгасан байгаа. Тухайлбал тодорхой албан тушаалтныг гүтгэх, түүний эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гаргавал Зөрчлийн хуулиар шийдэж шийтгэл оноох тухай заалтууд орсон байгаа юм.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ

УИХ-ын гишүүн
Н.Алтанхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага
хүргүүллээ. Тэрээр шаардлагадаа “Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж танаа. Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т заахдаа “Хүний эрх, эрх чөлөө,
хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд оруулсан, нийгмийн тогтвортой
байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний авюулгүй байдлыг
хангах баталгаа мөн” гэж заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд
нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015.05.08-нд санаачлан 2015.06.04-нд
УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 17-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин
УИХ-ын даргад албан бичиг хүргүүлснээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын
жагсаалтаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Иймд Үндсэн хуулийн ХХ зүйлд
заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ залруулж, УИХ-ын хууль тогтоох үйл
ажитллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Наадмын комисс хуралдаж, баярын хөтөлбөрийг батлав

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийв.

“Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уралдуулахаар шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг мөн баталлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт ажлаа сайтар нягталж, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлыг долдугаар сарын 5 гэхэд дуусгаж бэлэн болгох, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад даалгасан байна.

Хурдан морьдын салбар хороонд шинээр батлагдсан журмыг уяачдад танилцуулж заавар өгөх, уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулах ажлыг одооноос сурталчилж ажиллахыг анхааруулав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “JP Морган” банкны төлөөлөгчидтэй уулзлаа

АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны банкуудын нэг юм.

Хөрөнгө оруулалт ялангуяа, бондын зах зээл дээр голлох үүрэгтэй тус банк манай улстай Чингис бондыг гаргахад хамтарч ажилласан бөгөөд Хөгжлийн банкны рейтингийг тогтооход зөвлөгөө өгч ажилласан.

Ерөнхий сайд тус банктай хамтран ажилласан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид олон тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, ноолуурын салбарын санхүүжилтын асуудлыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх талаар санал солилцлоо.

АНУ нь дэлхийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс талууд Монгол улсад гадны тэр дундаа АНУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ярилцлаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сан хамтарч байгуулах, АНУ-ын төрийн зарим санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны зүгээс босгох гээд цаашдын хамтын ажиллагаа ирээдүйтэй харагдаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм. “Жи Пи Морган” банк нь дэд бүтэц, уул уурхай болон ноолуур зэрэг бусад салбарт хөрөнгө оруулахыг сонирхож буй юм байна.

“Жи Пи Морган” банкны захирал Дайнел Силикон манай улсад тус банкнаас шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам байгуулжээ

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам албан ёсоор байгуулагдсан талаар мэдээлэл хийв. Тус нам нь 2015 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу үүсгэн байгуулагджээ.

Тусгаар тогтнол эв нэгдлийн намд монгол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, шударга ёс, ардчиллыг сэргээн тогтоон оюуны алтан санг хадгалж, хөрс газар шороогоо хамгаалахын төлөө зорин тэмүүлсэн мянга мянган залуус өөрсдийн хүсэл зорилго, тэмүүллээрээ нэгдсэн байна.

Тус намын зорилго нь одоо ярьж сонсох биш хийж бүтээхийг эрхэм зорилго болгож, эвлэлдэн нэгдэж хөгжил өөд хамтдаа зүтгэж, зэвсгээр биш оюунаараа дэлхийн тавцанд шинэ монгол, шилдэг монгол хүнийг гаргах аж.

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттөр “ Манай нам ямар нэг намын ар тал биш. Өөрсдийн хүсэл сонирхол, зорилгоороо нэгдсэн залуусын нам. Бусад нам шиг өвөр түрүүндээ орохгүй өөрсдийн эх орны төлөө бүхнээ зориулна” гэжээ.