Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: Таван толгойн асуудлыг шийдэхгүй бол нүүрсний экспорт нам зогсоно

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институцийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад ньборлуулалтаа бараг зог­соосон. Үүнд га­даад зах зээлээс өөр нөлөө­лөл бий юу, жишээ нь биднээс шалтгаалах гэм…?

-Нүүрсний зах зээл уналтын хувьд доод цэгтээ хүрчихлээ л дээ. Үүнээс доошлох боломж байхгүй. Ихэнх уурхай зогсонги бай­далд орсонд биднээс шалтгаалах, шалтгаалахгүй аль аль талын нөлөө байна. Нэгдүгээрт Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт бага байгаа учраас үнэ нь унасан. Биднээс нөлөөлсөн шалтгаан ч бий. Нүүрсний өрсөлдөх чадвар гэж алга. Өртөг зардал өндөр, тээврийн систем нь гажуудалтай. Зөвхөн авто тээврээр тээдэг. Авто тээвэр нь шороон замаар явдаг. Байгальд сөрөг нөлөөтэй. Үүнээс болж нүүрсний тээ­вэр зогсонги байдалд орчих­лоо. Хятадын зах зээл дээр Австралиас гаднаЗүүн өмнөд Азийн орнууд болох Филлипин, Индо­нези, Вьетнам далайгаар нүүрс ний­лүүлдэг. Далайн тээвэр авто тээврээс олон дахин хямд өртөгтэй учраас тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ ямар зүйл хоёр талтай. Бидэнд далайд гарцгүй, үнэтэй тээв­рийн системтэй зэрэг муу тал байгаа ч Хятадтай асар өргөн уудам нутгаар хил залгаагэсэн давуу тал бий. Ялангуяа Хятадын хойд нутгуудад нүүрсээ экспортолж борлуулах бололцоотой. Коксжих нүүрс авдаг Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн тодорхой хэсэг нь хойд талдаа бий. Тэгэхээр бидэнтэй ойр зах зээлд эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг. Зөвхөн энэ хэс­гээ хангаад явахад болохгүй юмгүй. Ер нь манай нүүрсийг урд хөршийнхөн урагшаа,далайн эрэгхавийн үйлдвэрүүд рүүгээ зөөж хэрэг­лэдэг л дээ. Хятад бол нүүрсээ нийлүүлдэг гол зах зээл маань. Энэ зах зээлийн өрсөлдөөнд улсаа гол тоглогч болгох тал дээр төрийн бод­логоор анхаарсан зүйл алга. Наад захын жишээ гэхэд төмөр замгүй учраас л нүүрсний зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байна гэж өчнөөн жил ярьсан хэрнээ өнөөдрийг хүртэл төмөр замаа шийдээгүй байна.

-Таван толгойн хэлэл­цээрт оролцсон “Шинхуа” мөнгөө гаргаад төмөр зам бариад өгье гэж дуугарсан. Манайд бол боломжийн санал шиг санагдсан?

-Улстөрчид Таван толгойг улстөржүүлээд алийг нь алдуулж байна л даа. Миний ойлгож байгаагаар хоёр тал болчихоод үзээд байх шиг байна. Аль алинд нь харууштай, үзүүштэй, бодмоор зүйл байгаа юм. Миний хувьд яг бодит амьдрал дээр энэ асуудлыг яавал дээр вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд саналаа хэлье. Нэг хэсэг нь Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” хоёртой хамтраад Таван толгой дээр ажиллая гэж байна.

Амьдралд нэлээд бодитой буухаар боломжийн хувилбар. Гэтэл нөгөө тал нь Хятадын компанид өгөх шаардлагагүй, монголчууд чадна гэж байгаа. Яг олборлолт, ашиглалтын хувьд, техник, технологийн тухайд гэж яривал боломжтой. Монголчууд дангаараа олборлож чадна. “Шинхуа”-тай хамтардгийн учир нь нүүрсний борлуулалт байгаа юм. Дангаараа олборлочихоод нүүрсээ хэнд борлуулах вэ гэхээр асуудал хүндэрдэг.Цаашид дангаараа олборлож, борлуулаад явна гэвэл нэг бол авахгүй, эсвэл үнээ буулга гэсэн хэцүү байдал үргэлжилнэ. Өнөөдөр тийм байгаа шүү дээ. Бодит байдал ийм учраас хэсэг улснь “Шинхуа”-тай хамтрахаас аргагүй гээд байгаа юм.Нүүрсийг олборлох тийм хэцүү биш. Тэр дундаа Таван толгой шиг уул геологийн нөхцөл нь сайхан тогтоцтой орд дээр захын уулын инженер хүн ажиллах боломжтой. Нүүрсээ яаж борлуулах вэ гэдэгасуудал нүүрсний олборлолт, экспортын асуудлын 50 хувь нь. Энэ 50 хувь дээр хүссэн ч эс хүссэн ч гол зах зээл болсон Хятадын том компанитай хамтрахаас аргагүй.

-“Сумитомо” ямар хэрэгтэй юм гэх улс ч байна?

-“Сумитомо” их хэрэгтэй. Эхний ээлжинд Хятадын зах зээл дээр гарч нүүрсээ борлуулах асуудал чухал байгаа. Цаашдаа дэлхийн зах зээл дээр, гуравдагч орон руу нүүрсээ экспортолж таарна. Солонгос, Японы зах зээлд гарахад“Сумитомо”-гийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Ийм шалтгаанаар хамтаръя гээд байгаа юм. Ашиг орлого хуваах гэдэгтээ бус, нүүрсээ гадагшаа гаргахын тулд хүссэн хүсээгүй эдэнтэй холбогдохгүй, хамтрахгүй бол ажил явахгүй гэдгийг бодит байдал харуулж байна.“Чинхуа”-тай хамтардаг “МАК” компанийн нүүрснийэкспортхүртэл явахгүй байна шүү дээ.

-“Шинхуа”-тай хамтарснаар бидэнд яг ямар давуу тал үүсэх вэ?

-“Шинхуа”-гийн хувьд өөрийн гэсэн төмөр замтай гэсэн том давуу тал бий. Хятаддаа нүүрс олборлолтоор номер нэг компани. Дэлхийд гэж яригдана. “Шинхуа”-г Монголд ирж алт, жоншин дээр ажилладаг, майханд шахуу амьдраад явдаг Хятадын жижиг компаниуд шиг төсөөлөх аргагүй. “Шинхуа” бол дэлхийд танигдсан, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, компанийн засаглалаараа дээгүүрт ордог том компани. Ийм том компанитай хамтрах нь аль ч талаас нь бодсон зөв шийдэл. Монголын уул уурхайн салбар 90 гаруй жил болж байгаа ч сүүлийн 20 жилийн дотор л олон улсын жишиг рүү ойртлоо. Аюулгүй ажиллагаа, ил тод байдал, орчин үеийн техник технологи энэ хугацаанд л гарч ирсэн. Уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татсан учраас ийм дэвшил гарсан хэрэг. Дэлхийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татсан нь онцгой нөлөө үзүүлсэн. “Оюу толгой” компани менежмэнт, зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга бат гээд бүх зүйлээрээ үлгэр болж байна. Том компани том төсөл хэрэгжүүлээд эхлэхээр туслан гүйцэтгэх үйл ажиллагаа гэж том өгөөж гарч ирдэг. Оюу толгой төсөлд гэхэд л Монголын өчнөөн компани оролцож, санхүүжилт авч ажиллаж байна. Өчнөөн мянган хүн ажлын байртай болж байна. Ийм өгөөжцаашдаа Таван толгой төсөл дээр ч гарч ирнэ. Хамгийн гол нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай хамтарч, энэ төслийг дэлхийн стандартаар хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ер нь Таван толгойг Монголд ашигтай төсөл байлгахын тулд яах ёстой гэж та боддог вэ. Мэргэжлийн хүний хувьд санал болгохоор тодорхой шийдлүүд бий байх?

-Техник технологийн хувьд хэлэх санал бий. Таван толгойн орд дээр тасралтгүй циклийн ажиллагаагаар явдаг том экскаватор авчирч ажиллуулаасай гэж боддог. Монголоор бол олон шанагат экскаватор л даа. Герман нүүрсээр тэргүүлж байх үедээ ийм техникийг олноор нь ашигладаг байсан юм. Мундаг гэдэг нь нотлогдсон эд. Таван толгой шиг тэгш тал газарт ямар ч асуудалгүй ажиллана.

-Ийм экскаватор ажиллуулбал одоо ажиллаж байгаадизелиэр ажилладаг техникүүд халагдаж таарна. Таны яриад байгаа техник юугаар ажиллах вэ?

-Цахилгаанаар ажиллана. Зардал эрс багасна гэсэн үг. Таван толгойг хамгийн бага зардлаар үр ашигтай ажиллуулах боломж. Гэхдээ ингэхийн тулдтэнд эрчим хүчний эх үүсвэр байх ёстой. Таван толгойн цахилгаан станц гэж өчнөөн ярьдаг хэрнээбодитой ажил хийгдэлгүй өдий хүрлээ. Хамгийн түрүүнд цахилгаан станц барих хэрэгтэй. Нүүрс нь хаяандаа, дэргэд нь шахуу Оюу толгой гэж бэлэн зах зээл, эрэлт нь байна. Оюу толгой жилдээ сая КВт/цаг эрчим хүч хэрэглэдэг. Хятадаас авч байгаа энэ эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлээд борлуулах боломж бидэнд бий.

-Таван толгойн нүүрсний талаас илүү хувь нь эрчим хүчнийх гэдэг байх аа. Одоо бол ямар ч үнэгүй эд байна?

-Жаран хувь нь эрчим хүчнийх гэдэг. Жаран хувийг нь эзэлж байгаа эрчим хүчний нүүрсээ ингээд овоолоод л байх уу гэдгээ бодох цаг ирсэн. Нүүрсийг удаан хугацаанд овоолоод байвал шатдаг. Өөрийн шаталт гэж явагддаг юм. Хэнд ч хэрэггүй нүүрс болно гэсэн үг. Коксжих нүүрсээ экспортолно гэхээс илүү эрчим хүчний нүүрсээ яаж мөнгө болгохоо бодох ёстой. Цахилгаан станцтай болчихвол Таван толгойн эрчим хүчний нүүрс мөнгө болж эхэлнэ. Эрчим хүчний эх үүсвэртэй болбол олон шанагат экскаватор ажиллуулахбололцоо гарч ирнэ. Олон шанагат экскаватортой болчихвол нүүрс зөөдөг тээврийн систем нь тасралтгүй ажиллах ёстой.

-Таны яриад байгаа экскаватор тасралтгүй ажилладаг техник үү?

-Тэгнэ. Дээд талд нь хөрс хуулалтын ажил явагдана. Доод талд нь шууд олборлолт хийгдэнэ. Тэгээд эцсийн шатандаа конвероор дамжиж вагонд ачигдана. Герман, Польш нүүрсний уурхай ихтэй. Тэнд дандаа ийм экскаватор ашигладаг. Олон машин хөлхөхгүй, тоос шороо гэсэн ойлголт байхгүй. Бүхэл бүтэн нүүрсний том үйлдвэрлэл явагддаг гээд ойлгочихож болно. Техникийн ийм шинэчлэл хийхээр их хэмжээний нүүрс тасралтгүй тээвэрлэх хэрэг гарч таарна. Ингээд бодохоор төмөр замын тээвэр гарцаагүй хэрэгтэй болчихож байгаа юм. Төр нарийн царигийн төмөр зам барих ёстой гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо ажлаа явуулмаар байна. Төмөр зам барих байгууллагаа цаг алдахгүй сонгох хэрэгтэй. Хятадуудаар хийлгэхгүй, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хийнэ гэж маргаж цаг авах шаардлагагүй. Цаг алдалгүй аль нэгээр нь хийлгэмээр байгаа юм. Төмөр замтай болчихвол жилд Таван толгойгоос 30-50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Төмөр зам, олон шанагат экскаватор гэсэн хослолыг хийж чадвалмонгол нүүрсний өөрийн өртөг эрс буурна. Өрсөлдөх чадвар маань тэр хэрээр дээшилнэ гэсэн үг.

-Нүүрсний салбарынхан дэлхийн зах зээл дээр өрсөлдөгчидтэйгөө цэвэр дүрмээр тоглож байгаа ганц нь“Энержи ресурс” гэж ярьдаг. “Сумитомо”, “Шинхуа”, “Энержи ресурс” бол хамгийн зөв хослол гэсэн байр суурьтай та санал нэгдэх үү?

-“Энержи ресурс”-ыг муу хэлэх аргагүй. Хувийн хэвшлийн уурхайнууд төрийн өмчтэй компаниудаас хавьгүй илүү гэдэг нь тодорхой. Маш олон зүйлээр илүү. Өртөгзардал хэмнэж байгаагаас эхлээд маневр, мэдрэмж, хурд гээд бүх л талаараа төрийн өмчийн компанийг дагуулахгүй. Төрийн өмчийн компанид нэг том зовлон бий. Манайх шиг аж ахуй, эдийн засаг руугаа улс төр нь хутгалддаг оронд ийм компани ашигтай ажиллахад хэцүү. Компанийн захирал нь гэхэд л эрх барьсан аль нэг нам нь сонгож томилдог учраас тогтворгүй. Нэг нөхөр томилогдоод ажилдаа зүгшрээд явж байтал дараагийн сонгууль болж солигддог. Байнгын халаа сэлгээтэй, энэний хүн, тэрний хүн гэж хөлөө жийлцсэн нөхцөлд хамт олон яаж бүрдэх вэ дээ. Менежмэнт нь сайн байх аргагүй. Хувийн компани менежмэнтийг нь аваад явбал ядаж л улс төрийн оролцоо багасна. Таван толгойн орд дээр хоёр уурхай ажиллаад нэлээд хэдэн жил болчихлоо. “Энержи ресурс” компанийн уурхай цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ барьчихсан. Засмал замаа тавьчихсан. Ажилчдын орон сууц, сургууль гээд нийгмийн дэд бүтцээ ч хангалттай хэмжээнд шийдсэн. Гэтэл дэргэд нь ажилладаг “Эрдэнэс Таван толгой”-дбаяжуулах үйлдвэр, засмал зам аль аль нь байхгүй. Ялгааг нь ингээд харчихаж болно. Тийм учраас Таван толгойн менежмэнтийг хувийн хэвшилд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Төрийнхөөр байлгана гэж зүтгэвэл улс төр огт оролцохгүй бүтэц, зохион байгуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

– УИХ Таван толгойн асуудлыг шийдэхгүйгээр сонгууль хүргэчихвэл яах бол, нүүрсний зах зээлд учрах эрсдлийг нь та юу гэж харж байна?

-Нүүрсний салбарт экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажил нам зогсоно. Манай бусад компаниудын нүүрсийг авахыг хориглож мэдэх эрсдэл байгаа. Учир нь “Шинхуа” энэ хэмжээний нөлөө үзүүлж чадахаар том компани. Тэгэхээр нүүрсний гол зах зээл болсон улсынхаа том компанитай ингэж харьцана гэдэг зөв биш. Маш том алдаа хийж байгаа хэрэг л дээ. Бусад хөрөнгө оруулагчдад“Монгол найдваргүй, Рио, Шинхуа хоёрыг хавьтуулахгүй байгаа улстай мань яаж харилцах вэ” гэсэн буруу дохио өгчихөж байгаа юм.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Наадмын хүндэтгэлийн тоглолтыг олон түмэнд зориулж Чингэсийн талбайд хийнэ

Үндэсний их баяр наад­мын төрийн хүндэтгэлийн концертын Ерөнхий найруулагчаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажил­лаж байна. Өнөө жил наадмын хүндэтгэлийн тоглолтыг ямар хөтөл­бөрөөр бэлтгэж байгаа талаар түүнтэй ярилцлаа.

-Энэ жил Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн кон­церт ямархуу болох бол.Хөтөлбөрийг нь сонир­хуулахгүй юу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолтыг би өмнө нь 2012 онд нэг найруулж байсан юм. Ер нь жилийн жилд Төрийн хүндэтгэлийн концертыг УИХ-ын 76 гишүүн, яам тамгын газруудын удирдах хэдэн хүмүүс, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан, тэдний гэр бүлийнхэн гэсэн ийм л хэдэн хүнд үзүүлдэг, ерөнхийдөө тэр хэдхэн хүнд зориулагдсан маягаар Соёлын төв өргөөнд хийж ирсэн буруу жишиг бий. Тэр жишгийг анх удаа эвдээд, Чингэсийн талбайд задгай тайз засаад, долдугаар сарын 10-ны орой 21.00 цагт олон түмэнд хүргэхээр төлөвлөөд байна. Энэ маань наадмын комиссоор бараг шийдчих болов уу. Гадаа талбайд хийх учраас 5000-8000 хүний суудал засна. Үүний 3000 суудал нь гадаадын жуулчид, төрийн өндөрлөгүүд, бусад зочдынх байна. Үлдсэн 5000 суудал нь наадамчин олон түмэнд зориулагдаж байна. Тоглолтыг нэг цаг 40 минут байхаар бодож хөтөлбөр хийсэн.

Хөтөлбөртөө ч өөрчлөлт орууллаа. Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт бол Монголын ард түмэнд зориулсан тоглолт учраас ард түмний сайн мэддэг хайртай бүтээлүүдийг нь үзүүлж сонсгохыг хичээж байна. Мөн гадаадын жуулчид олноор ирж үздэг учраас тэдний сонирхлыг ихээр татдаг Монголын соёлын үндэсний хэв шинжийг илүү тод томруун харуулсан номеруудыг багтаасан байгаа. Морин хуур, уртын дуу, ардын дуу, бий биелгээ, хөөмийн гээд үндэсний урлагийнхаа уламжлалт хэв шинжийг түлхүү шингээж хөтөлбөрөө гаргалаа. Мэдээж, оюуны соёлын­хоо орчин цагийн ололтууд, хэв маяг хэлбэр төрлүүдийг мөн оруулж бай­на. Жишээ нь, Билэгийн Дамдин­сүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол байна. Энэ бүтээлийг монголчууд бүгдээрээ мэддэг, сонсох дуртай хөгжим нь. Н.Жанцанноров гуайн морин хуурт зориулсан “Монгол аялгуу” зохиол, Л.Мөрдорж гуай, Д.Сэнгээ нарын “Эх орон” дуу байна. Ямар ч монгол хүн аяыг нь сонсоод л дагаад дуулж байдаг дуу юм. Өнөө жилийн Наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Монгол эх орноо магтан дуулсан, ард түмний ахуй соёл, нутаг ус, байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдлэх үзэл, сэтгэлгээгээ шингээсэн тоглолт болно. Сонгодог бүтээлүүд мэдээжорж ирнэ. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрын алдартай дуучид, тухайлбал, олон улсын томоохон тэмцээ­нүүдээс гавьяа шагнал авсан Э.Амартүвшин, Хүрэлбаатар гэхчлэн дуучид маань Мон­голынхоо хөгжмийн зохиолч­дын сонгодог дуу, романсуудаас дуулна. Ингээд Чингэс хааны талбай дээрээ ирсэн үзэгч түмэн Монгол эх орноороо бахархах, бүтээсэн өв соёлоороо бахархах сэт­гэлийн баяр цэнгэлийг бодож ерөн­хий хөтөлбөрөө гаргалаа. Гадаа хийж байгаа болохоор нүсэр хэмжээний тайз, гэрэл­түүлэг, дуугаралтын аппаратур хэрэгтэй болж байгаа.

-Тоглолтын төсөв нь тодорхой болсон уу?

-Баримжааг нь сонсоход одоогоор 98 сая 650 мянган төгрөг юм байна. Үүнд тайз нь ороогүй, шинээр хийгдэх бүтээлүүдэд зориулагдаж байгаа. Жишээ нь, дөч гаруй хүний бүрэлдэхүүнтэй, шинээр тавигдаж байгаа бүжгүүд, симфони бүтээлүүд гэхчлэн томоохон хэмжээний шинэ бүтээлүүдэд зориулагдаж байгаа юм. Үүнийгээбас оройтуулчих вий гэж би үнэхээр айж байна. Төсөв мөнгийг нь эртхэн шийдэж өгөхгүйгээс болоод уран бүтээл­чид юмаа бэлтгэж амжих­гүй жил болгон асуудал үүсгэдэг байдал давтагдах вий гэж айж л байна. Ер нь жил жилийн наадмаар төсөв нь дандаа хоцорч ирдэг. Өнгөрсөн 2012 оны наадмаар долдугаар сарын 5-нд төсөв нь орж ирж байсан. Энэ жил арай ч ийм юм болохгүй байлгүй дээ гэж найдаж сууна. Энэ жилийн наадмын соёлын бүх арга хэмжээний продюсерээр “Модерн номадс” сүлжээний эзэн Есөнмөнх гэдэг залуу ажиллаж байгаа. Залуу хүн ажиллаж байгаа учраас арай хурдтай хүчтэй хөдөлчих болов уу гэж бодож байна шүү дээ.

-Наадмын комисс нь өөр­чилчихгүй бол их аятай­хан хөтөлбөр юм. Таныг өнгөрсөн 2012 онд бас найруулагчаар ажил­лахад санал болгосон хөтөлбөрийн тань бараг 60 хувийг хасчихсан гэж та ярьсан байсан. Ийм юм гарахгүй байгаа?

-Наадмын төв комиссыг удирдаж байгаа шадар сайд Хүрэлсүх соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүстулстөржсөн агуулгатай юмнаас маш хол байгаарай гэж захьсан байна лээ. Энэ нь надад их таатай санагдсан. Хөтөлбөр маань бүхэлдээ Монголын ард түмний түүх соёл, байгаль, нутаг усаа магтан дуулсан бүтээлүүдээс бүрдэж байгаа учраас дажгүй хөтөлбөр гарлаа гэж би бодож байгаа. Жишээ нь, “Миний ардын сэтгэл цагаан” гээд олон түмэн бүгд мэддэг сайхан дуу байна. Монгол ардын дуу “Хоёр сэтгэл” байна. ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Амгалан дуулах юм. Саяхан Авьяаслаг азиуд шоунд хоёрдугаар байрт шалгараад ирсэн манай “Хөсөгтөн” хамтлаг, Улсын Филармонийн дэргэдэх “Арга билэг”, “Домог” хамтлагуудын хамтарсан үндэсний хөгжмийн шилдэг номер байна. Ц.Сэвжид, Ц.Намсрайжав нарын “Адуучин залуус” гээд Монголын ард түмний брэнд бүжиг байх жишээтэй.

-Том хэлбэрийн шинэ бү­тээ­лүүд нэлээн оруулж ирж байгаа гэлээ. Тодруулахгүй юу?

– Ерөнхий найруулагчийн багт ажиллаж байгаа хүмүү­сийн дотор залуу хөгж­мийн зохиолчид голдуу ажиллаж байна. Эд нар бол Монголын хөгжмийн урлагт өөрсдийн байр сууриа эзэл­чихсэн, бүтээлүүд нь ард түмний танил болоод эхэлчихсэн, өмнө нь наад­мын хөтөлбөрт бүтээл нь тэр бүр орж байгаагүй залуучууд. Хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр “Баярын удирт­гал” гээд үндэсний их найрал хөгжимд зориулсан том удиртгал бичиж байгаа. Цэн-Эрдэнэбат “Хөх тэнгэрийн Монгол мину зэ” нэртэй томоохон найрал дуу бичиж байна. Үүгээр ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын найрал дуучид нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу шинээр гаргаж байна. Ш.Өлзийбаяр гээд энэ жил төрийн шагналд нэр дэвшиж байсан залуу бий дээ. Тэр залуу “Монгол орны хийморь мандан бадраг” гэсэн нэртэй симфони найрал хөгжимд зориулсан бүтээл шинээр хийж байна.

-Үндэсний болон симфони найрал хөгжмийн том хэмжээний бүтээлүүд сүүлийн олон жил улам ховордоод байгаа. Энэ жилийн наадмын хүндэт­гэлийн тоглолт ийм хэд хэдэн бүтээл төрүүлж байгаа ньюу юунаас ч илүү том баяр болох нь дээ?

-Ер нь төрийн концертууд дээр шинээр бүтээлүүд төр­дөг. Тэр уламжлалаа арай өргө­жүүлж байгаа гэх юм уу даа.

-Ц.Намсрайжав гуайн “Баярын жавхаа” симфони удиртгалыг дөчин жил эгшиглүүлсний эцэст Ш.Өлзийбаярын “Оргилуун удиртгал” гэж шинэ бүтээл гарч ирж, уржнангийн наад­маар тоглуулсан билүү?

-Тэгсэн. Уржнангийн наадмаар. Дахиад энэ бол бүр том хэмжээний зохиол орж ирж байна. Хоёр том найрал хөгжим буюу үндэсний болон симфони найрал хөгжим хамт сууж тоглох юм. Энэ жилийн наадамд миний шинээр оруулж ирж байгаа дөрвөн хөгжмийн зохиолчийн гурав дахь нь энэ. Дөрөв дэх нь Мягмарын Бирваа гэдэг залуу байна. Тэр бол монгол бүжгийн болон дан хөгжмийн гоцлолд зориулсан бүтээлүүдээрээ бас өөрийн гэсэн байр суурьтай залуу. Энэ залуу “Тэнгэрийн цагаан шонхор” нэртэй том хэмжээний бүж­гийн хөгжим бичиж байна. Ийм дөрвөн залуу хөгжмийн зохиолчийг шинэ бүтээлүүд бичиж өгөөч гэж урьсан. Тэд маань зөвшөөрөөд ажлаа эхэлчихсэн байгаа.

-М.Бирваагийн энэ наадмаар сонсгох шинэ бүтээл нь хөтөлбөрт бүж­гийн хөг­жим юм уу, зүгээр гоцлол, эсвэл чуул­бар маягийн бүжиг юм уу?

-“Салхит шувуу”, “Жороо нь жороо” гэдэг бүжгүүдийг нь хүмүүс байнга үзэж байна л даа. Энэ жилийн манай “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн хөгжмийг бас бичсэн шүү дээ. Энэ бол дуулалт жүжиг, гэхдээ дуурийн хэлбэр форм руу нэлээн хандсан жүжиг болсон. Энэ наадмаар үзүүлэх “Тэнгэрийн цагаан шонхор” нь том хэмжээний сюит бүжиг байх юм. Чуулбар. Энэ бол концертын бүжгийн томоохон хэлбэр болох сюит юм. Цар хүрээ, хөгжмийн форм хэлбэр нь томроод явчихаж байгаа юм л даа.

-Э.Чойдог, Ц.Намсрай­жав, Л.Мөрдорж гээд хууч­чуулын хөгжмөөс сонсгох уу. Жишээ нь, Монголын анхны симфони бичсэнээр нь Л.Мөрдорж гуайн “Миний эх орон” ч юм уу?

-Тэр талын бүтээлүүдээс энэ жил ховор оруулж байна. Л.Мөрдорж гуайн бүтээлээс харин “Эх орон” дууг нь эгшиг­лүүлнэ. Яагаав, өнгөрсөн 2012 онд нөгөө улстөржсөн нөхдийн хассан бүтээлүүдийн нэг л дээ. Л.Мөрдоржийн “Эх орон” гэдэг энэ дууг 2012 онд юу гэж ад үзэж байсан гээч. Энэ дууны үгэнд “үйлдвэр, уурхай” гэсэн үгс байхгүй байна. Одоо Монгол орон үйлдвэр уурхай хөгжсөн, аж үйлдвэржсэн том орон учраас тийм үг байхгүй дууг оруулахгүй ээ гээд хасч байсан. Нуугаад яахав дээ. Манай урлагийн хамгийн том алдартай хүмүүсийн нэг нь тэгж хэлээд Д.Лувсаншарав гуайн “Эх орон” гэдэг дуугаар сольж байсан юм. Л.Мөрдорж гуайн дуу бол “Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ. Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө” гэсэн монголчуудад тодорхой ийм л үгтэй дуу байдаг. Тиймээс би Л.Мөрдорж гуайн энэ дуугаар хүндэтгэлийн тоглолтыг хаая гэж төлөвлөөд явж байна. Энэ бол Монголын ард түмэн жирийн иргэнээсээ авахуулаад төрийн тэргүүн хүртлээ мэддэг, монгол нутаг орноороо бахархасан сайхан дуу. Э.Чойдог гуайн зохиолоос “Монгол мэндчилгээ” гэдэг бүжгийн хөгжим нь эгшиглэнэ. Э. Чойдог, Ц.Сэвжид нарын бүжиг шүү дээ. Жаран хүний бүрэлдэхүүнтэй бүжиг.

-Манай үндэстэн өөрс­дийн бүтээсэн жинхэнэ сонго­дог урлаг болох уртын дуугаанаадмаараа хамгийн түрүүнд эгшиглүүлэх нь мэдээж. Аргагүй бахархал төрүүлж байдаг энэ их өвөөс чухам ямар дууг нь сонгов?

-Монголчуудын төрт ёсны наадам учраас “Эрхэм төр” гэдэг уртын дууг сонгосон. Ер ньXIV, XV зууны үед зохиосон болов уу гэж үздэг. Эрдэмтдийн таамаглалаар, Батмөнх даян хаан бол монголчуудаа дөчин жил хөл хөсөр, гар газар амар жимэр амьдруулсан хаан гэж үздэг. Тэгэхээр тэр үед зохиогдсон байх магадлалтай гэж яригддаг юм. Тэр үед төр түмэн амгалан байсан учраас энэ дууны үг нь төр минь амгалан байснаар бид амгалан байх юм шүү гэсэн утгатай их том философитой дуу. Тиймээс энэ “Эрхэм төр” уртын дуугаар концертыг нээх нь зөв юм гэж үзсэн. Есөн дуучин дуулах юм.

-Дуу нь сайхан сонголт юм. Харин энэ “Эрхэм төр” уртын дууг дуулж ирсэн уламжлал нь ямар юм бэ. Наадмаар нэг нь гоцолж бусад нь түрэх юм уу. Уртын дуун дээр хэлэхэд, манайхан яагаад олноороо гарч ирээд дуулаад байдаг нь ер ойлгомжгүй байдаг л даа. Уртын дуу чинь угаасаа гоцлоочийн урлаг. Дуучны бие хүнийх нь давтагдашгүй онцлог илрэх тэр мөчөөс уртын дуу амилж дуурьсдаг урлаг шүү дээ?

-Төрт ёсны дуу гэдэг утгаараа “төрийн дууч” гэсэн хүмүүс байсан болов уу гэж таамагладаг юм байна лээ. Гэхдээ одоогоор тодорхой баримт байдаггүй. Би энд бэлгэдлийг бодож цагаан дээлтэй есөн дуучин оруулж ирье гэж төлөвлөсөн. Гэхдээ баргил хоолойтнуудыг авах сонирхол их байна.

-Бүжгийн тухайд, манай үндэстний л аж амьдралын нэг хэсэг юм чинь, ялангуяа итгэл үнэмшлийг нь илэр­хийлж байдаг багт бүжгийн төрлөөс үзүүлэх үү?

-Үзүүлнэ. Энэ жил ХалхынӨндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой тохиож бай­гаа. Ц.Нацагдорж гэж агуу хөгжмийн зохиолчийн “Нүүдэл” бүж­гэн жүжгийн доторх “Өндөр гэгээний залбирал” гэж бүжиг байдаг юм. Манай Баярбаатарын дэглэлт. Өндөр гэгээний дүрд манай гавьяат жүжигчин А.Даваахүү бүжиглэнэ. Хорин нэгэн дарь эхийнхээ хамт. Өөрөөр хэлбэл, энэ бол цамтай бүжиг. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь бахархал юм. Занабазарын бүтээсэн хорин нэгэн дарь эх тэргүүт баримлууд нь дэлхийн урлагт өөрийн байр сууриа эзэлсэн, дэлхийн үзэгчдийн сонирхлыг үргэлж татаж байдаг, яах аргагүй манай соёлын нэг бахархал учраас энэ бүжгийг оруулах нь зөв гэж үзсэн.

-Өнөө жил ямар ч байсан олон түмэнд нээлттэй, хүр­тээмжтэй болгож байгаа нь сай­хан хэрэг. Харин 21.00 цагт эхлэх нь оройтохгүй юу?

-Хуучны буруу жишгийг эвдэж байгаадаа ёстой харин баяртай байна. Энэ чинь Наадам учраас 10-ны өдрөөс эхлээд л хөл хөдөл­гөөн ихэс­чих­дэг. Монголчуудын төрт ёсны Хүндэтгэлийн концерт учраас олон түмэн их сонирх­дог. Тэгэхээр цаг оройтохгүй байх аа.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Уулын дугуйн бартаат замын анхны тэмцээнд Н.Алтансүх түрүүллээ

Уулын дугуйн бартаат замын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баянгийн даваанд боллоо. Дугуйн спортынхон тэмцээн уралдаан зохиодог хэдий ч уулнаас бартаат замаар буудгийг урьд өмнө зохиож байгаагүй гэнэ. Тиймээс Монголын хамгийн анхны “Downhill” төрлийн уулын дугуйн уралдаан боллоо гэж зохион байгуулагчид ярьж байв. Тэмцээн даунхилл, эндюро, хардтэйл гэсэн гурван ангиллаар болж нийт 25 тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Тамирчид 3.5 км бартаат замаар хурдалж, хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулав. Уралдааны гарааны цэг дээр эмнэлгийн машин байрлаж тамирчдад анхан шатны үзлэг хийж байлаа. Зориулалтын хамгаалалтын малгай, бээлий, хүзүүвч, өвдөг тохойн хамгаалалттай тамирчдыг уралдааны замд гаргах болзол тавьсан байв. Тамирчид эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрагдаад уралдаж эхлэв. 3.5 км замд хурд гаргах, харайлт хийх, ханаар явах, шавар туулах, хад тойрох зэрэг олон бартаа бий. Эхний цэг уулын орой дээр байрлаж байсан болохоор тамирчид хоёрдугаар цэг хүртэл дээд хурдаа гаргах боломжтой байв. Харин хоёрдугаар цэг дээр тусгай зассан тавцан дээрээс харайх ёстой. Гурав дахь цэгт мөн харайх тавцан бий бөгөөд энэ хэсгийг хамгийн хэцүү нь гэж тамирчид ярьж байлаа.

Уулын дугуйн бартаат замын тэмцээнд уралдаж байгаа даунхилл, эндюро, төрлийн дугуйнуудыг тоноглолоос нь хамаарч ангилдаг ажээ. Тухайлбал, даунхилл төрлийн дугуй нөгөө хоёрыгоо бодвол өндөр ачаалал авах чадвартай, мэргэжлийн түвшинд дөхсөнийг хэлэх бол нөгөө хоёрыг сонирхогчийн түвшинд унадаг юм байна. Уралдаанд оролцогчдын дийлэнх даунхилл төрлөөр өрсөлдсөн юм. Тамирчдын дундаж нас 21 гэсэн. Энэ төрлийн спорт манайд хөгжөөд хоёр жил болж байгаа ажээ. Албан ёсны тэмцээн, уралдаан зохион байгуулж байх холбоотой болохоор хөөцөлдөж байгаа гэсэн. Анх Э.Азбаяр гэх залуу ийм төрлийн спортыг Монголд хөгжүүлье хэмээн “Downhill Mongolia” гэсэн фэйсбүүк хуудас нээн ажлуулахад залуучууд хүсэл сонирхлоороо нэгдэж эхэлжээ. Одоогоор тус холбоо албан ёсны 26 гишүүнтэй гэсэн. Тэд ажлын өдөр хот дотор, амралтын өдөр ууланд бэлтгэл хийдэг юм байна. Удахгүй холбооныхоо анхны тэмцээнийг хийж уулын бартаат дугуйн спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Бас гадаадаас экстрим спорт сонирхдог хүмүүс холбогдон хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэйгээ буйгаа илэрхийлж байгаа гэсэн. Өнгөрсөн хавраас хойш л гэхэд Непал, Франц, АНУ зэрэг улсаас найман жуулчин Монголд ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Тэд хад, чулуу ихтэй ууланд уралдахаар ирэх сард Улаанбаатарт ирэх ажээ. Уг спортыг хөгжүүлж байгаа Э.Азбаяр “Гадныхан экстрим спортыг их сонирхдог. Тэгэхээр манайх уг спортыг түшиглээд аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гарган жуулчдыг татах боломжтой” гэж байлаа.

Уралдаанд оролцогчид нэг, нэг минутын зайтай уралдаж байв. Зам шавар шавхай ихтэй учраас барианд орж ирэхдээ танигдахын аргагүй болж байсан. Эхний гарааны дараа тамирчдыг дугуйн хамт дахин дээш гаргаж уралдуулав. Хоёр дахь гараа эхлэх үед бороо орж, манан татсан нь уралдааны замыг улам сонирхолтой болгов. Ингээд хоёр удаагийн нийлбэр дүнгээр даунхилл ангилалд Н.Алтансүх түрүүлжээ. Тэрээр “Манайд ийм төрлийн спорт хөгжөөд удаагүй байна. Монголд хөгжиж байгаа хамгийн залуу спортуудын нэг байх. Тиймээс багш, дасгалжуулагч байдаггүй. Энд уралдаж байгаа тамирчид өөрсдийн хүсэл, сонирхлоор хичээллэдэг хүмүүс шүү дээ. Миний хувьд ч гэсэн би “Трек” дугуйн дэлгүүрийн механикаар ажилладаг. Өмнө нь ийм төрлийн тэмцээн зохиогдож байгаагүй болохоор уралдаж байсангүй. Өнөөдрийн уралдааны зам бартаа ихтэй байсан болохоор тун сонирхолтой байлаа” гэв. Тэрээр 3.5 км замыг 5 минут 11 секундэд туулсан бөгөөд дээд хурд нь 61 км/цаг байв. Удаахь байруудад Баярхүү, Баттуул нар орлоо. Эндюро төрөлд Ариунболд, Азбаяр, Энхболд нар худалсан бол хардтэйл ангилалд Тэмүүжин, Лоди, Итгэл нар эхний гурван байрыг эзэлжээ.

Уг спортоор хичээллэж байгаа хүмүүс эндюро, даунхилл төрлийн дугуйтай байх хэрэгтэй. Ийм төрлийн дугуй хамгийн доод тал нь зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн. Худалдаад авчихсан байхад нэмэлт тоноглолоор сайжруулаад байх боломжтой ажээ. Одоогоор мэргэжлийн багш, дасгалжуулагч байхгүй учраас сонирхогчид бартаа, саад ихтэй газруудад бие даан бэлтгэл хийдэг юм байна.

Тэмцээний үеэр уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Жастинтай уулзлаа.

-Намайг Жастин гэдэг, АНУ-аас ирсэн. Монголд ирээд таван жил болж байна. Энд геологийн компанид ажилладаг юм. Би Америкт байхдаа экстрим төрлийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дундаа уулын дугуйгаар хичээллэх дуртай. Монголд уулын дугуйн спортоор хичээллэдэг залуус байгаа гэдгийг мэдээд маш их баярласан. Тэмцээн зохиоход оролцохоор олон залуу байгаа гэдгийг мэдсэн болохоор энэ тэмцээнийг зохиож байгаа юм. Монголд анх удаа ийм төрлийн уралдаан зохион байгууулсандаа баяртай байна.

-Цаашид жил бүр уламжлал болгон зохиох уу. Зардал мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Монголд уул элбэг. Хоттой ойрхон ууланд гарч уралдах боломжтой учраас жил бүр уг тэмцээнийг улам хөгжүүлээд зохион байгуулж болно. Би Монголд хайртай болохоор өөр бусад газар руу явах шалтгаан байхгүй. Тиймээс дараа, дараагийн тэмцээнийг зохион байгуулахыг бодож байгаа. Анхны тэмцээний тухайд ивээн тэтгэх албан байгууллага байсангүй. Тиймээс өөрийнхөө цуглуулсан мөнгөнөөс тэмцээний зардлыг гаргасан байгаа. Нийт гурван сая орчим төгрөг болсон.

-Уралдааны замыг хэрхэн сонгосон бэ?

-Би амралтынхаа өдөр “Нислэг” төв дээр ирж шүхрээр буудаг юм. Заримдаа машинтайгаа явж байгаад холоос нисдэг. Тэр үед энэ уулыг харсан юм. Уулнаас уруудаж байгаа зам нь боломжийн урт үргэлжилж байсан. Тиймээс энд ирээд зарим нэг бартаа саадыг хийгээд тэмцээнээ зохион байгууллаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: Би өглөө бүр уншдаг хэдэн тарнитай

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайг зорьж очлоо. “Надад засаг Хөдөлмөрийн яаман дээр өрөө гаргаж өгсөн л дөө. Зүгээр сууж чаддаггүй. Амьтан хүн орж гарах юм. Надад хувийн компани, хувьцаа, алгын чинээ газар байхгүй. Нэг талаасаа өөрийгөө тэнэг ч юм уу гэж боддог. Нөгөө талаар миний хувь заяа тэгж л явах тавилантай байсан юм байлгүй. Миний хийж байгаа ажил, зөвлөгөө буяны шинжтэй, ашиг орлого олдоггүй. Гэхдээ тэтгэвэр аваад болоод л байна. Миний эхнэр хүүхэд өлсөөгүй. Би нэг машинтай, байртай, өөр надад юу хэрэгтэй юм” хэмээн тэр хуучлав.

-Ш.Гунгаадорж гуай та Дорноговь аймгийн Их хэт сумын хүн. Ингэхэд Дорноговийнхон юугаараа алдартай вэ?

-Говийнхон хөдөлмөрч шүү дээ. Говийнхоо хатуу хахир улиралд зохицсон хүмүүс. Гэрт зүгээр сууна гэж байхгүй. Байнга хөдөлж, малаа хариулна, аргалаа түүнэ, алтан харганаа зулгаана. Алтан харгана түлнэ. Голцуу аргал түлнэ дээ. Би багадаа жижиг шээзгий үүрээд ээжтэйгээ цуг аргалд явдаг байлаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Ах бид хоёрын дээд талын хоёр ч хүүхэд тогтоогүй юм билээ. Ах маань надаас гурав ах хүн байсан. Одоо байхгүй л дээ. Манай аав Чойрын хийдийн том хэргэмтэй Б.Шарав гэж хүн байлаа. 1937 онд намайг ой найман сартай байхад баригдаад явсан юм билээ, зайлуул. Тэгээд ирсэн л дээ. Лам харгүй барьж байсан тэр үед элэг бүтэн амьдрах хувьтай байж. Аав сүүлд гарч ирээд ярьж байсан юм. Ажааг маань Улаанбаатарт авчирсан юм байж. Нэг байшинд баахан хоригдол дүүрэн, гурван сар болсон гэсэн. Нэг удаа шөнө дунд өнгөрөөгөөд, хоригдлуудыг ачсан юм билээ. Хоёр машин үүдэнд нь тулгачихаад ачаад, чихээд байсан. “Машин дүүрлээ” гэж чихсээр байгаад хаалгыг нь хаачихсан гэсэн. Ажаа ямар ч байсан машинд багтаагүй. Өглөө болсон чинь Хэнтийн нэг лам тэр хоёр үлдчихсэн. Маргааш нь Дотоод яам хаана байдаг юм, аваачаад арван жилийн ял өгчээ. Машинд багтсан бол толгойгүй. Машинд багтаагүй учраас арван жил хорих ял авсан. Зүүнхараад ямтай адуу хариулж, яс арван жил суугаад гарч ирсэн. Манай ээж их мундаг хүн. Эмээтэйгээ бид дөрөв үлдсэн юм. Ээж өртөө хийнэ. Дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн сургуульд явах байсан чинь “Ажаатай нь уулзуулна” гээд тэр жил сургуульд явуулсангүй. Зун мориор майхан ачаад, нутгийн нэг сайн хүн хөлслөөд явсаар байгаад Улаанбаатарт ирээд, таньдаг айлд байж байгаад Зүүнхараа явсан юм. Орхироогийн ам гэж тариа тарьдаг газар аав маань адуу хариулаад арван жил болсон. Уяан дээр адуу уячихсан, баахан хоригдлууд байгаа юм. Би 13-тай байсан юм. “За, чи ажаагаа ол” гэсэн. Би яаж мэдэхэв дээ. Аминдаа бүх хүнийг нэг бүрчлэн харж явсаар сүүлчийн уяаг дуусгаад хэлсэн байгаа юм. “Хамгийн сүүлчийн уяаны энэ талд байгаа өндөр хөх хүн миний аав мөн. Биш бол энэ дотор байхгүй” гэсэн тэр хүн нь байсан.

-Мундаг зөн совинтой байжээ?

-Хэлхээ холбоо байж. Надад нэг зүүд шиг дурсамж байсан. Зуны сайхан өдөр эсгий үүдээ гэр дээр тавьчихсан, манай ажаа намайг өвөр дээрээ суулгачихсан, баруун талд нь хоёр хүн суугаад, ээж цай чанаж байсан хачин зураг сэтгэлд буудаг юм. Тэгсэн хоёр хүн барих гэж ирээд, манай ажаа даахийг маань самнаж суусан юм билээ. Ээж цай чанаж хоол хийсэн. Тэр хоёр хүн сайхан сэтгэлтэй улсууд байсан бололтой юм. Нэг муу жаахан хүүхэд орж гараад, нэг нь өвөр дээр нь дэрвээд, “Яаж энийг барьж авна” гэж бодсон болов уу. Хоол цай идэж уугаад, нэгжлэг хийгээд, бариад явсан. Аав хоёр гурван мөнгөн аяга орон доогуур шидчихээд, алтан бөгжөө бас шидээд, ингэлээ шүү гэдгээ ээжид хэлсэн гэсэн. Тэгээд 1948 оны өвөл гараад ирсэн л дээ.

-Та сургууль номондоо хэр байсан юм. Малчин болно гэж бодож байсан юм уу, ном үзэх дуртай байсан уу?

-Ер нь би малчин болох тухай бодоогүй. Манай ахыг малчин болгоно гээд сургуулиас гаргачихсан. Ахыг малчин болгоод намайг сургуульд явуулах бодол ээжид байсан шиг. Би бол номонд дуртай. Ээж их ойтой. Аргалд явж байхад түвд, тангад ном уншаад, орой аялгуутай үлгэр хэлнэ. “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” ярина. Тэрнийг нь бид чих тавин сонсоод цээжилчихнэ. Ээж маань жирийн малчин эмэгтэй л дээ. Гэхдээ ухаантай. Б.Жаргалбуян гэдэг хүн байлаа. Тэр ч бас надад нөлөөлсөн байх. Манай ах малд нүдтэй. “Шаравын том хүү малд сайн” гэдэг. Би бол хурга ишиг эргүүлнэ, аргал түүнэ. Өвөл нь манай ажаа ирээд “За, хүү минь ирэх жил сургуульдаа яв” гэсэн. Сайншандын арван жилийг 1954 онд төгссөн.

-Таны Гунгаадорж гэдэг нэр ямар учиртай вэ. Аав тань өгсөн үү?

-Аав өгөөгүй. Энхрийлсэн нэр Их ухна, Бага ухна гэдэг. Би Бага ухна нь. Говьд Ухна гэдэг нэр түгээмэл. Сэмбээринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч байсан үе. Чойрын хийдээр залардаг. Улаанбаатарт ирдэг. 1936 онд хэлмэгдүүлэлтийн их салхийг мэдрээд буцсан шиг байгаа юм. Буцаж явахдаа Чойроор яваад Мааньт гэж миний төрсөн нутаг газраар урагшаа заларч л дээ. Тэгэхэд Ерөнхий сайд А.Амар Сэмбээ ринбүүчийг гаргаж өгсөн гэдэг. Тэгэхээр тэр амаргүй том хүн байж. Залрахад нь манай аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу яасан юм ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай л гэсэн утгатай гэнэ. Би номондоо сайн, шүлэг уншина, нэг уншаад цээжилчихнэ. Их ойтой. Сургуульдаа явна. Бага сургууль гучаад хүүхэд төгссөн байх. Гурав, дөрөв нь аймгийн сургуульд очсон. Тэр үед мал дээр их гардаг байлаа. Дунд сургууль төгсөхөд 10а гэж аравхан хүүхэдтэй анги төгсч билээ. Сургуульд байхдаа онцоос өөр дүн бараг авахгүй. Дөрөв авбал их гонсойдог шартай хүүхэд байв. Спорт сонирхохгүй. Айлд сууж байсан. Номоо үзнэ, өөр юм хийдэггүй. Аравдугаар ангиа онц төгссөн. Тэгэхэд гадаадад явах хүүхдүүдийг Төв хорооны боловсон хүчингээр оруулдаг. Манай аав гадаад явахад жаахан дургүй байсан. “Миний хүү дотоодын сургууль багадахгүй дээ” гээд анагаахад л оруулах санаатай байсан шиг байгаа юм. Гэхдээ намайг шахаагүй. Би “Гадагшаа л явж байвал тогоочийн сургуульд ч байсан явна” гэдэг. Тийм л өвчин байсан. Москвагийн К.А.Темяразовийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гээд мундаг сайхан сургуульд сурсан. Агрономи мэргэжил эзэмшсэн.

-Гадаадад сургууль төгссөн хүн ямар бодолтой ирэв?

-Ер нь яаманд л ажиллах байх гэж бодож байсан. Лоохууз дарга “Сангийн аж ахуй явна аа” гэсэн. Тэр үед Амгалангийн сангийн аж ахуй улаан буудай тариална, гахай тахиа, үнэг булга үржүүлдэг. Саалийн фермүүдтэй, том аж ахуй байсан. Сангийн аж ахуйн ерөнхий агроном улаан мотоцикльтэй давхина. Тэндээ дасаад жил болох гэж байтал Сангийн аж ахуйг удирдах газар гайхал Лоохууз сайд дуудлаа. “Атар газар эзэмших намын шийдвэр гарсан. Намын том зорилтыг биелүүлэх үйлсэд залуучуудыг ажиллуулна” гэсэн.

Сангийн аж ахуйг удирдах газар ирсэн. Атар эзэмших их ажилд олон хоногоор явна даа. Майхан гэрт хэдэн зуун залуучууд, зөвлөлтийн олон хүн ирчихсэн байсан. Би чинь Атрын нэгдүгээр аяныг эхлэхэд ажиллаж байсан хүн.

-Яаж таныг олж харсан байхав?

-Тэр үед боловсон хүчний бодлого сонин байсан. Нэг өдөр аж ахуй дээр хүн ирээд намын дарга, ногоочид, тариачидтай уулзаад явсан. Өдөржингөө яваад сүүлд нь надтай уулзаад баахан юм асуусан. Тэгсэн чинь гурван сарын дараа намайг Төв хороон дээр дуудаад, Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар авсан. Гэтэл тэр хүн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн орлогч дарга Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Төв хороонд ирээд жил болоод 1968 онд Хөдөө аж ахуйн яам усны аж ахуйн яам нийлэхэд орлогч сайд болсон. Найман жил орлогч сайд хийсэн дээ.

-Эхнэр авахдаа ямар шалгуур тавьсан бэ?

-Би чинь хоёр дахь амьдрал зохиосон хүн. Тэр ч оюутан, би ч оюутан байсан. 21-тэй байсан юм уу даа. Энийг бичээд байх хэрэггүй. Нэг их туршлага яриад байх ч юм биш.

-Орлогч сайд хүн таван хүүхэдтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй суусан гэхээр тухайн үед шуугиан тарьсан хэрэг байсан болов уу?

-Тэр их хатуу цагт харин ч хэвлэлээр нэг их юм болоогүй өнгөрсөн. Яахав, одоогийн эхнэртэйгээ дөч гаруй жил амьдарч байна.

-Дундаасаа хүүхэдтэй юу?

-Хоёр хүүхэдтэй. Би анхны эхнэртэйгээ муудалцаад, таарч тохирохгүй болсон юм биш. Амьдрал хэвийн явж байсан. Ер нь хувь заяаны зураг тавилан гэж байна. Зурсан зургаар л явж байна гэж би боддог.

Тэгээд л орлогч сайдаасаа буугаад Завханы Тэсийн сангийн аж ахуйд очсон. Тэжээлийн аж ахуй руу явж байгаа нь тэр л дээ. Орлогч сайдаасаа болино гэдэг бас тийм амархан ч ажил биш. Би энийг зөвхөн хайр дурлал, нэгийг нөгөөгөөр солих юм байгаагүй гэж боддог. Нэг л өдөр би яваад өгсөн. Хэрэлдэж муудаагүй. Эмзэг сэдэв. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. (Энэ үеэр гэргий нь орж ирсэн ч азаар бидний ярилцаж байсан эмзэг сэдэвт сайнаар нөлөөлөв. “Дусаадаг эм дуусчихаж. Такси аваад яваад ирье” гэж гэргий хэллээ. Намайг сонины сурвалжлагч хэмээн нөхөр нь танилцуулахад гэргий нь “Манай өвгөнийг байцаагаад сууж байна уу “ хэмээн инээж байна. “Та сайхан хүүхэнд сэтгэлд алдраад бүх юмаа орхичихсон юм уу гэж байна хэмээн Ш.Гунгаадорж гуай “ховлов”. “Сайхан ч юу байхав” гэж гэргий нь хэлэв. “Орлогч сайд байсан хүнийг буулгаад хаячихлаа гэж та санаа зовж байв уу” гэхэд маань “Тэгэхээс биш яахав. Таньдаг хүн гараад ирвэл ийшээ бултаад, эндээс хүн гараад ирвэл ийшээ бултаад л явдаг байлаа. Би багш хүн. Зарим хүн сургууль дээр очоод сайдын үнэтэй авгайг үзнэ” гэж байсан. “Аймаар байсан” гэж эхнэр нь илэн далангүй хуучиллаа. “Та энэ хүнд сэтгэл алдарсан уу, энэ хүн танд илүү сайн байв уу” гэхэд “Хоёулаа адилхан даа” гэв. “Одоо ч дөч гаруй жил хамт амьдарчээ. Би ч бас тэр үедээ үс гэдэг чинь тахимаа хүрсэн, өндөр, дан дээл өмсч явдаг гунхалзсан охин байлаа. Энэ сайхан хүүхэн л гэж ярьдаг байлаа. 27-28-тай байсан. Надтай цуг ажиллаж байсан багш таараад “Амгалан, чи наймаанд их сайн юм аа” гэнэ. “Би наймаа гэж мэдэхгүй” гэсэн чинь “Хүний наймаанд сайн юм аа” гэсэн хэмээн гэргий нь дурсав. Түүнийг өрөөнөөс гарсны дараа Ш.Гунгаадорж гуай “Миний хүүхдүүд сайн яваа. Цөм сургууль төгссөн. Гарсан хоёр хүүхэд маань дажгүй. Би тэгэхэд гуч гарч байсан. Энэ хүн гуч хүрэх гэж явсан. Одоо дөч гаруй жил хамт амьдарч байна. Энэ миний амьдралын түүх хэмээн тайлбарлав.

“Тэр хол Завхан руу явуулахад мэргэжил маань хэрэг болсон доо. Найман жил ургац алдсан алдагдалтай аж ахуйд очлоо. Би орлогч сайд байсан болохоор шинэ технологийн тухай мэдээлэлтэй.

Одоо яваад байгаа хөрсний элэгдэлтэй тэмцэх технологийг орлогч сайд байхдаа Канад руу хүмүүс явуулаад судлуулж байсан. Түүнийгээ нэвтрүүлээд, хоёр жилийн дотор хоёр удаа Засгийн газрын шагнал авч, тэргүүний аж ахуй болгоход, намайг эргүүлж татаад газрын дарга болгосон. Намайг хэзээ эргүүлж татах бол ч гэж бодоогүй. Ажиллаад л байсан. Сангийн аж ахуйн яамыг байгуулаад, намайг дахин нэгдүгээр орлогч сайд болгосон. Дараа нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга болоод,1986 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Сайд нарын зөвлөлийн дарга болсон доо. Би тийм овсгоотой байсангүй. Миний хийж бүтээсэн ажлаар үнэлж байсан. Сэлэнгэ аймагт очиход ажил нь уначихсан байлаа. Улс төрийн товчооны хурал дээр Ю.Цэдэнбал дарга хэлж байсан юм. Орлогч сайд найман жил хийхдээ Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзсан нь тэр, 1981 онд. “За, чи залуу хүн. Тариагаа чи өөрөө мэднэ. Тэнд навсайчихсан газар болсон байна шүү. Тэнд архи ууцгаадаг. Чи хариуцлага дээшлүүл. Энийг л чамд захъя. Моломжамц нэг хуралд нь очсон чинь “Тужийн нарсандаа буриадууд архиар шахаад би золтой л үхэлгүй ирлээ гэж ярьж байсан” гэсэн. Сэлэнгэд зургаан жил болоход бас л улсын тэргүүний аймаг болж, одон авсан. Надад авгайг ч татах ард түмнийг ч татах юм байсан юм байлгүй дээ” гэж Ш.Гунгаадорж гуай наргиа болгов.

-Та жинхэнэ шилжилтийн, завсрын эвгүй үед Ерөнхий сайд болсон?

-Ерэн онд Сайд нарын зөвлөлийн орлогч байж байгаад 1990 оны гуравдугаар сарын 21-нд энэ Очирбат Их хурлын дарга, би Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан юм. Яг зах зээл рүү уруудаж эхлэх үе. Д.Бямбасүрэн миний нэгдүгээр орлогч байв.

-Ерөнхий сайдаар зургаан сар ажилласан гэдэг билүү?

-Тийм. 180 хоног доо. Тэгэхэд тэр үеийг яаж туулсан юм. Би бол тэр зургаан сарыг тайван цагийн дөрвөн жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Улс төрийн товчоо аль хэдийнэ огцроод явчихсан. Талбай дээр битүү хүн сууцгаачихсан. Найман аймагт өлсгөлөн зарлачихсан. Контортоо хонодог. Айхавтар үе байсан. Тэр олон хүн дотор согтуу хөлчүү эсэн бусын хүн байсан байх л даа. Тэгэхэд ордны нэг цонх хагараагүй. Би ямар ч байсан хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж боддог юм. Хэлэлцээр хийхээр С.Зориг, Баабар, Р.Гончигдорж эд нар миний өрөөнд орж ирнэ. Байр нэхнэ. Тав зургаан нам байлаа, бүгдэд нь байр гаргаж өглөө. Баабар “Социал демократ намд байр өгөхгүй бол дөрвөн ханатай гэр барилаа” гэж байсан. “Битгий дэмий юм ярь. Юу ярьж байгаа юм” гээд СТӨ-ний “хүзүүвч”-инд байр гаргаж өгч байсан л даа. Тэр зун таван сарын найман зургаанд давалгаа арилаад, хэлэлцээр явсаар байгаад ардчилсан сонгууль явуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэгэхэд “Засгийн газар огцор”, Ардын түр хороо байгуулна. Ордонд бид орно гэдэг байсан. Ярьж хэлэлцсээр байгаад сонгууль явуулахаар болсон. Тэгсхийгээд тайвшраад, сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль ерэн онд болсон шүү дээ.

Жинхэнэ сонгууль тэр болсон. Хотод нэг тойрог дээр 27 хүн өрсөлдөж байсан юм. Би ч яахав Өмнөговиос дэвшсэн. Надтай өрсөлдөх хүн байгаагүй. Бүх нэр дэвшигч цуг явдаг. Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ ээлжилж юмаа яриад л явдаг байлаа.

Сонгуулийн үр дүнд шинэ их хурал бүрдсэн. Манай Засгийн газар тайлангаа тавиад, дараагийн Засгийн газар байгуулагдсан даа. Социализмаас зах зээлд шилжих эхний тоосгыг бид тавьсан. Арай зөөлөн, холбогч маягийн Засгийн газар байлаа.

-Та лам хүний хүүхэд амандаа уншдаг тарнитай юу?

-Би айхавтар шүтэгч биш гэхдээ өглөө бүр уншдаг хэдэн тарнитай.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, шарагчин тахиа өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 2. Ангараг гариг. Билгийн тооллын 15. Онгоц одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.12 цагт мандан, 20.48 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурь батлан даалтад гарснаасаа хойш анх удаа “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы 2015 оны зургадугаар сарын 02-ны дугаар хэвлэгдэн, уншигч захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн шинэ дугаарт гарсан материалуудаас онцлон, тоймлож хүргэе.

“Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь манай сонинд ярилцлага өглөө. Тэрбээр хэсэг хугацаанд баривчлагдан хоригдож байгаад батлан даалтад гарсан байгаа билээ. Батлан даалтад гарснаасаа хойш анх удаа хэвлэлд ийнхүү ярилцлага өгч байна. Тэрбээр ярилцлагадаа “Энержи ресурс компани хүнд байдалд орсон үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрийн дэмжлэг тусламж гуйх ёстой” гэж хэлсэн юм. Түүний Таван толгойн төсөл, “Эрдэнэс таван толгой” компани, эдгээртэй холбоотой олон асуудлаар ярьсан ярилцлагыг нэг, хоёр, тавдугаар нүүрээс уншина уу.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн “Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй” ярилцлагыг хоёр, дөрөвдүгээр нүүрт хэвлэлээ. Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдал болон Таван толгой төслийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрөөр уулын дугуйн бартаат замын тэмцээн Төв аймгийн Баянгийн даваанд болсон билээ. Энэ тэмцээнээс хийсэн “Өдрийн сурвалжлага”-ыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай. Уралдаанд 25 тамирчин, гурван төрлөөр ур чадвараа сорьсон бөгөөд энэ төрлийн спортын онцлог, дугуйн спортоор хичээллэдэг иргэдийн сонирхлыг татах давуу талуудыг сурвалжлан нийтэлж байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогтын ярилцлага “Баримт, үйл явдал” буланд хэвлэгдлээ. Түүнчлэн ирээдүйд эрчим хүч ямар байх, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэж болох талаарх Билл Гэйтсийн саналыг манай сэтгүүлч “Цаг үе” буланд нийтлэн хүргэж байна. 12 дугаар нүүрээс тольдоорой.

Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын талаар эрдэмтэд ном хаялцсан тухай өнөөдрийн дугаараас уншиж болохоос гадна спортын ертөнц дэх нэгэн дуулианы тухай ч нийтлэв. Авлигын “эх орон”-д дэгдсэн үймээн хаанаас эхлээд, юу болоод байгаа тухай 13 дугаар нүүрт хэвлэсэн ба, “Авлигын эх орон” гэж нэрлэгдээд, цоллогдоод байгаа газар бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA юм. Хэдхэн өдрийн өмнө FIFA-д жигтэйхэн том дуулиан дэгдэж, дэлхийн хэвлэлүүдээр баахан бичсэн. Ер нь энэ холбоотой хамаатай маш их мөнгө, авлигын асуудал сөхөгдөж байдаг. Хүн төрөлхтний их спорт болсон хөлбөмбөгийн ертөнцөд яагаад үе үе ийм дуулиан дэгдээд байдаг юм бэ, энэ тухай манай сонин нийтэлсэн юм.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Авлигын эх оронд” ямар үймээн дэгдсэнийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт авлигын “эх орон”-д дэгдсэн үймээн хаанаас эхлээд, юу болоод байгаа тухай нийтэлж байна. “Авлигын эх орон” гэж нэрлэгдээд, цоллогдоод байгаа газар бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA юм. Хэдхэн өдрийн өмнө FIFA-д жигтэйхэн том дуулиан дэгдэж, дэлхийн хэвлэлүүдээр баахан бичсэн. Ер нь энэ холбоотой хамаатай маш их мөнгө, авлигын асуудал сөхөгдөж байдаг.

Хүн төрөлхтний их спорт болсон хөлбөмбөгийн ертөнцөд яагаад үе үе ийм дуулиан дэгдээд байдаг юм бэ, энэ тухай манай сонин нийтэлж байна. Маргаашийн дугаарыг маань “Монгол шуудан”-ийн Улаанбаатар дахь 35 салбараар дамжуулан худалдан авч уншаарай. Мөн “Улаанбаатар”, “Скай”, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Баянчандманийн ойролцоо гурван зам тээврийн ноцтой осол гарав

Өнгөрөгч бямба гаригт Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замд дөрвөн удаагийн зам тээврийн ноцтой осол гарлаа. Эхний осол нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын наана Мицубиши Галлант маркийн автомашин том оврын ачааны машинд шахуулан замын хажуу руу унаж хэд хэдэн удаа хөрвөөсөн байдалтай байв. Жолооч нь болох залуу, бүсгүй хоёр машиныхаа гадна талд байсан бөгөөд машинд байсан хүмүүсээ эмнэлэг рүү явуулчихсан гэж байсан юм. Том оврын ачааны машин гүйцэж түрүүлэх үед урд талаас нь машин гарч ирсэн тул уг машиныг замын хажуу руу шахан унагасан байна. Харамсалтай нь ачааны машины жолооч суудлын тэргийг замын хажуу руу унагачихаад зогсолгүй шууд давхиад явжээ. Эл өдөр мөн Төв аймгийн Баянчандмань сумын цаана приус 20 маркийн автомашин осолдсон байсан бөгөөд эздийг нь түрэгний тэргээр эмнэлэг рүү авч явсан байлаа. Тэгвэл Баянчандмань сумын наахан талд мөн л приус 20 маркийн автомашин замын хажуу руу орж онхолдсон байсан бөгөөд машинд нь хадаг уясан байдалтай байв. Уг зам тээврийн ослоос холгүйхэн нэг км ч хүрэхгүй газарт Ниссан Тийда маркийн суудлын машин замын голд бүтэн эргээд дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байдалтай байсан бөгөөд цагдаа, эмнэлгийнхнийг ирэхэд автомашинд хүн байгаагүй аж. Цагдаагийн байгууллагынхан зорчигчдыг эмнэлэг рүү авч явсан болохыг тогтоож түргэний эмч нарт хэлээд сумын эмнэлэг рүү явууллаа. Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хөдөө гадаа автомашинаар зорчихдоо хурд хэтрүүлэлгүй явахыг цагдаагийн ажилтнууд анхааруулж байсан юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхдийн баяр боллоо

Монгол орны өнцөг бүрээс олон зуун хүүхэд Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас жил бүр санаачлан зохион байгуулдаг ес дэх удагийн “Мянган хүүхдийн баяр”-т хүрэлцэн ирж, урлаг спортын одод, Найрамдал төвийн багш нартайгаа баасан гарагийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ес дэх удаагаа зохиогдсон Мянган хүүхдийн баяр нь Эх үрсийн баярыг тэр болгон тэмдэглэх боломжгүй хүүхдүүдэд олон алдартан, урлагийн одод, дуучид, жүжигчид, олны танил хүмүүс урам хайрлаж, сэтгэлийн дэм өгч, сэтгэл зүрхээрээ нэгддэг арга хэмжээ юм.

Тус арга хэмжээг нээж Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдуардс хэлсэн үгэндээ энэхүү баярын арга хэмжээ маань хүүхдүүдэд, нэн ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд мөрөөдөх, ирээдүйн төлөө тэмүүлэлтэй байх боломжийг олгохын төлөө байдгийг уламжилсан. Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ олон хүүхдэд хүсэл тэмүүллээ дагаж, мөрөөдлөө биелүүлэх боломж олгосны нэг нь Лувсаншарав бөгөөд тэрээр Япон улсын Сэндай хотод болсон Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хуралд оролцож, дэлхийн олон удирдагчид, түүний дотор НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүнтэй уулзаж, Ази тивээ төлөөлөн илтгэл тавьсан явдал юм.

“Анх удаагаа Найрамдал зусланд ирж үзэж байна, төсөөлж байснаас гоё юм аа. Зурагтаар л хардаг дуртай дуучдаа үзэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн Архангай аймгаас ирсэн есөн настай Болд-Эрдэнэ хүү сэтгэгдлээ хуваалцлаа.

Хүүхдүүдтэй хамт баярыг нь инээд хөөртэй, өөдрөг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөхөөр МУГЖ “Хасар” Б.Жаргалсайхан, Мөрөөдлийн театр, Эмоци, Хувьсал продакшны уран бүтээлчид, дуучин Соко, Татар хамтлаг, A-Cool нар болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлаг нар өөрсдийн ая дуу, уран бүтээлийн дээжсээр бэлэг барьсан юм.

Мөн хүүхдүүд “Бид хамтдаа” өртөөчилсөн тоглоом тоглож, Найрамдал зуслангийн багш нартайгаа нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаядаггүй хүүхдүүдийг амттанаар урамшуулав

Жил бүрийн хүүхдийн баярын арга хэмжээний дараа Чингисийн талбай шаар, хог, ундаа, усны лааз зэрэг хог хаа сайгүй хөглөрч үлддэг байсан.

Харин энэ жилийн хүүхдийн баярын арга хэмжээний үеэр энэ саар зүйл давтагдсангүй.

Учир нь, “Найз нь найзыгаа дэмжье” клубын хүүхдүүд хогийн саванд хогоо хийсэн хүүхдүүдийг амттанаар урамшууллаа.

Тус клубын 150 гаруй хүүхэд нийслэл даяар энэхүү аяныг өрнүүлж арга хэмжээ болж буй газруудаар очиж хүүхдүүдийг хогийн саванд хогоо хаяхыг уриалжээ.

Мөн Өмнөговь аймгийн оюутны холбооны 20 орчим хүүхэд “Зөв баярлах нь жинхэнэ баяр” гэсэн бичигтэй сав барин талбайг тойрон цэвэр цэмцгэр байдлыг хангаж байлаа.