Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд баасан гаригт мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-ны баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл хийхээр болжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх юм байна. Иргэдийг орон сууцжуулах хүрээнд Засгийн газраас Буянт-Ухаа- I хорооллыг бүрэн ашиглалтад оруулсан. Харин Буянт-Ухаа- II хорооллын эхний хэсэг ирэх сард ашиглалтад орох аж.

Categories
мэдээ нийгэм

Солонгос Монгол оддын хамтарсан тоглолт болно

Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байгаа. Аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан. Мөн өнгөрсөн сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагдсан. Нэрт кино найруулагч Юн Жэ Гюний “Эцэгтээ зориулсан шүлэг” кино “Тэнгис”-т үнэ төлбөргүй гарсан юм. Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаанаас олсон мөнгийг буяны үйлд зориулах гэнэ. Үүнээс гадна ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тоглолт болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол зураачид НордАртын гол оролцогчид болно

ХБНГУ-ын Бюдельсдорф хотод энэ сарын 6-10-нд НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн болох гэж байна. Уг үзэсгэлэнд Монгол улс “Онцлох орон”-оор оролцох юм байна. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34 уран бүтээлчийн уран зураг, баримал, инстоляц, график, гэрэл зураг ба видео зэрэг төрлийн 100 гаруйбүтээлүүд олны хүртээл болно.Хойд Герман дахь өвөрмөц байршил, том орон зай бүхий – түүхэн соёлын өв – аж үйлдвэрийн цогцолборт зохион байгуулагддаг НордАрт үзэсгэлэнд жил бүр олон улсын 250 уран бүтээлчид оролцдог. НордАрт-д залуу уран бүтээлчид ба өмнөх үеийн олонд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 34 уран бүтээлчдийн бүтээлүүд Монголын өнгөрсөн, одоо хийгээд ирээдүйн тухай олон нугалаатай хүүрнэлийг өгүүлэх аж. “Бид Монгол Улсын дүрслэх урлагийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэнг Европт толилуулж байгаадаа маш их баяртай байна. Монгол орон нь бидний сонирхолыгихээр татсан юм. Учир нь Монгол Улс нь хэрэв тогтож, анхааралтай сонсох юм бол дуу хоолой нь зөвхөн дэлхийн томоохон концертонд л сонсогдох, дүрлэх урлаг нь маш ихийг өгүүлсэн улс, үндэстнүүдийн төлөөлөл яах аргагүй мөн юм. НордАрт нь соёлын боловсрол болон солилцооны томоохон олон улсын форум бөгөөд харилцан ойлголцлыг урлагийн хэлээр дамжуулан сурталчлахыг зорьдог. Бид цаашдийн хамтын ажиллагаандаа удаан хугацааны тогтвортойхарилцааг тогтооно гэдэгт итгэлтэй байна“ хэмээн НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн санаачлагч,гүйцэтгэх захирал, ерөнхий куратор ноён Вольфганг Грамм онцолжээ. Монголын павильоны санаачлан зохион байгуулагч, соёлын удирдлага зүйч-менежер, куратор Оюунжаргалын Оюунтуяа “Монголын урлаг, соёлыг өргөн цар хүрээтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд Европт таниулах нь бидний хувьд маш чухал. Бид НордАрт-д оролцсоноор Монголын орчин үеийн урлагт хүчтэй түлхэц, нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн НордАрт-ын нээлтийн ажиллагаанд манай уран бүтээлчид биечлэн оролцсоноор олон улсын кураторууд ба мэргэжил нэгтнүүдтэйгээ биечлэн санал бодлоо хуваалцах, туршлага солилцох бодит боломж нээгдэж байгаа” хэмээн онцолж байна. Монголын павильон нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэг: Таван толгойн дүгнэлтийг гурван хоногийн дараа гаргана

“Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, үгүйг шийдэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж буй. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Дэд ажлын хэсэг 3000 гаруй хуудастай материал дээр ажиллаад 50 гаруй хуудастай дүгнэлтийг бэлэн болгоод байна. Хүссэн зарим материал ирэхгүй байгаа. Тухайлбал, гэрээний англи хэл дээрх хувилбар бидэнд ирээгүй. Яагаад өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас бид нэхээд байгаа юм. Засгийн газрын хэрэг, эрхлэх газраас материалаа бүрдүүлээд өгчих юм бол 2-3 хоногийн дараа шийдвэрээ гаргана. Ажлын хэсэгт өгөхгүй байгаа бас нэг материал нь 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах проткол байгаа. Уг протколыг хэд, хэдэн компанийг шалгаруулах зорилгоор хийгдсэн гэж бид үзэж байгаа. Тиймээс уг протоколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэднэ. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн материалыг бидэнд ирүүлээгүй. Гэхдээ бид интернэтээс олж авсан. Ер нь гурван хоногийн дараа эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ” гэж ярилаа.

Гашуун сухайт- Ухаа Худаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замын асуудал дээр “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших хувилбараар хөрөнгө оруулагчидтай хамтрах ёстой гэсэн дүгнэлт ажлын хэсгээс гарах юм байна. Л.Эрдэнэчимэг “ 2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавьж тендер зарлах боломжтой. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж төмөр замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна” хэмээн ярьж байна. Энэ дүгнэлтийг гаргавэл олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох боломжтой гэнэ. 1072 хувьцааны асуудал ч дүгнэлтэд багтах аж. Тавантолгойд нийт 15 тэрбум хувьцаа гаргасан. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болж байгаа гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Монгол улсын Засгийн газар өөрийн эзэмшиж буй хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал. Харин иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбумаар худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм. Ийм дүгнэлттэй учраас 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж ярилцаж байна” хэмээн ярилаа. Тэрээр мөн “Бид ийм дүгнэлт гаргаж өгнө. Хэрвээ Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлэх юм бол Тавантолгойн гэрээний төслийг буцааж авах байх. УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлтийг гаргаж болно. Учир нь маш олон хууль, тогтоомж зөрчсөн байна. Аливаа нэг хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар энэхүү гэрээг буцааж татаад хууль тогтоомжиндоо нийцүүлж оруулж ирэх байх гэж харж байна. Мөн ажлын хэсгээс тогтоолын төслийг бэлтгэж УИХ-д оруулахаар бэлтгэж байна” гэж байр сууриа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол зочид буудлын урд замыг хаажээ

Баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэлх автозамыг энэ сарын 1-нээс наймдугаар сарын сарын 14-нийг хүртэл хэсэгчлэн хаахаар болсон байна. Дулааны гол шугамыг өргөтгөн шинэчлэх шалтгаанаар ийн хааж байгаа аж. Ийм шалтгаанаар замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарт замын маршрут гаргах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эвсэл Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлнэ

УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлэг маргааш 11.00 цагт мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар оролцохоор болжээ. Ерөнхий сайд Дубайд “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зураад буй. “Шударга ёс” эвслийнхэн уг асуудлаар гишүүдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ондоо багтаж хийнэ гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өнөөдөр ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ажлын хэсгийнхэн Үндсэн хууль батлагдсан 23 жилийн хугацаанд Үндсэн хуультай зөрчилдсөн ямар асуудал тулгарсныг судалж үзжээ. Дэлхийн олон орны Үндсэн хуулийг ч судалсан байна. 25 орны Үндсэн хуулийг судлахад аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулснаас гадна төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, тэр тусмаа тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр маш сайн зохицуулалтыг тусгасан байдаг аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тодруулахад ”УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласны эцэст бүлгүүддээ эхний ээлжийн мэдээллийг өгч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш, нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 76 гишүүнээс 57 нь дэмжих ёстой учраас нухацтай хэлэлцэх ёстой. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзсэн байна. Нэг Засгийн газар хоёр жил хүрэхгүйн хугацаанд ажилласан байна. Хөгжсөн орнуудын тухайд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь уялдаатай байна. Гэтэл бид Засгийн газраа огцруулаад шинээр дахин байгуулдаг. Эргэж харах цаг болсоны дохио. Хоёрдугаарт анхаарах асуудал гэвэл намаар талцах явдал газар авлаа. Хүнийг чадавхиар нь биш, манай намын гишүүн мөн үү, биш үү, хандив өгсөн үү гэдэг үнэлэмж ноёрхож байна. Намаар талцдаг явдлыг хязгаарлах шаардлага байна. Гурав дахь асуудал хоттой хамаатай.Хотын асуудлыг орхигдуулсан нь Улаанбаатар хотдоо хүн ам төвлөрөх шалтгаан болсон байна. Хуучин Дархан, Эрдэнэт хот байсан. Тиймээс хотынх нь статусыг эргэн сэргээх асуудлаар ярилцаж байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын үед өргөн барих шаардлага бий” хэмээн ярилаа. “Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Үндсэн хуульд ямар зохицуулалт тусгах ёстой гэж үзэж байгаа вэ” гэсэн асуултад Н.Батбаяр гишүүн “Монгол Улсыг засаглалынх нь хувьд аваад үзвэл Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Гол санаа нь Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгыг хязгаарлая, парламентыг өргөтгөсөн байдлаар бүрдүүлж сонгоё, жинхэнэ сонгодог парламент руугаа оръё. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг энэ чиглэл рүүгээ орох нь зөв юм гэж үзэж байгаа. Мөн Шинэ Ерөнхий сайд томилогдох бүрийд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Түүнийг хязгаарлая. Төрийн албыг тогтвортой байлгах эрх зүйн орчныг бүрдүүлье гэдэг зүйлийг ярьж байна” гэсэн хариу өгсөн юм. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх бололцоотой гэсэн байдлаар хязгаарлалт хийх саналыг гаргажээ. УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Монгол Улсын Үндэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн дагуу эцэг хуулийн өөрчлөлтийг энэ онд багтаж хийх нь тодорхой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхдийг баярлууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Монголын хүүхдийн ордон”-ы авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Өнгөрсөн сарын 31-нээр татвар хураалтын ажил дууссан байна. Татвараа төлөөгүй жолооч нарыг энэ сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанд Гацууртын ордын талаар танилцуулга хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд 16.00 цагаас болох юм байна.

Хуралдаанаар Бразил Улстай визийн тухай ноот бичиг солилцох тухай, “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл зэрэг нийт 20 асуудал хэлэлцэх юм.

Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурах тухай, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийж байгаа хэлэлцээрийн тухай, Эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг нэмэгдүүлэх тухай зэрэг дөрвөн асуудлыг холбогдох сайд нар тус хуралдаанд танилцуулах аж.