Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 9-нөөс дулаарна

Энэ сарын 6-нд ихэнх нутгаар, 7,9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 9-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд маргаантай байгаа компанийн төлөөлөлтэй уулзана

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хороо өчигдөр хуралдав. Тус хорооны даргаар НИТХ-ын дарга Д.Баттулга ажилладаг юм. Хурлаар зарим шинээр дахин төлөвлөлт хийсэн газруудын дэд бүтцийн зургийг гаргах зардалыг шийдлээ. Жишээлбэл “Хилчин” хотхоны орчимд 11 тэрбум төгрөг зарцуулах байсан дэд бүтцийн зургийн зардал шинээр дулааны эх үүсвэр ашиглалтад орсонтой холбогдуулан гурав дахин буурах боломжтой болжээ. Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын газрын дарга Ш.Ганхуягийн тайлбарласнаар өмнө нь хэсэгчилсэн дэд бүтцээр тус талбайг хангахаар төлөвлөж байжээ. Харин дулааны эх үүсвэр нэмэгдэж, төвлөрсөн дулааны шугамд холбогдсоноор, барилга байгууламж шинээр барих зардал хэмнэгдсэн аж.

Мөн “Тэлмэн констракшн”, “Жигүүр гранд” зэрэг компаниуд Баянзүрх, Налайх дүүрэгт 40-110 га газар дахин төлөвлөлт хийж иргэдтэй гэрээ хийх ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Хамрах хүрээ, тохиролцох иргэдийн тоо олон учраас зарим нэг маргаан гарч байгаа гэнэ. Нийслэлийн удирдлагад иргэд, компанийн удирдлагууд өөр өөр мэдээлэл ирүүлдэг гэсэн шүүмжлэл хурлын үеэр өрнөсөн. Маргаантэй байгаа компаниудын төлөөлөлтэй нийслэлийн удирдлагууд уулзана гэсэн шийдвэрийг хурлын үеэр гаргасан. Дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооноос иргэдтэй тохиролцох ёстой гэсэн сануулгыг компаниудад өгч байлаа.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай аймагт галзуу өвчин бүртгэгджээ

Баянхонгор аймгийн Баянлиг, Хэнтий аймгийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Тарагт сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн байна. Галзуу өвчнөөр нэг ямаа, хоёр үхэр өвчилжээ. Тус аймгууд одоогоор хязгаарлалтын хорио цээрийн дэглэмтэй байна.

Categories
мэдээ нийгэм

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-н гүйцэтгэх зарихрал ажилаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээӨГЧЭЭ

“Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ч.Сайнбилэг компанийнхаа Төлөөлөн Удирдах Зөвлөлд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр гүйцэтгэх захирлын албанд томилогдохоосоо өмнө тус компанийн ТУЗ-ийн дарга, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Лхагва гарагт “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон байна. Хурлаар 2014 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцжээ. Хурлын үеэр “Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ, компанийн удирдлагад санхүү болон хувьцааны мэдээллийг ил тод болгох, мөн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын танилцуулгыг тавих үүрэг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийт 502 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагналын эздээр Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эмч Бадарчийн Бат-Ирээдүй, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх нар тодорлоо. Тэдэнд уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд гардуулан өгөв.

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, глиссон болон дурангийн аргаар элэгний их тайралт мэс заслыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн хорт хавдрын нотолгоо түшсэн мэс заслын эмчилгээг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгааг нь өндрөөр үнэлж энэ шагналыг хүртээжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эмч Бадарчийн Бат-Ирээдүй элэг шилжүүлэн суулгах болон дурангийн аргаар хэсэгчлэн тайрах, уушгины дэлбэнг бүтнээр авах аргачлалыг өөрийн эмнэлэгт нутагшуулан ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад оруулсан идэвх зүтгэлийг нь үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодруулжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх чих, хамар, хоолойн мэс заслын эмчилгээ, оношлогооны орчин үеийн арга, технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр амжилт гарган ажилласан учир Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан боллоо.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд шилдэг залуу эмч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Онлайн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцэв

“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн тавдугаар бага хурал Монголд болж байна. Энэ хуралд оролцохоор 60 гаруй орны төлөөлөгч хүрэлцэн иржээ. Түүний дотор НҮБ, ЮНЕСКО, Азийн сан, Эмнести интернэйшнл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобал” зэрэг байгууллагын төлөөлөл, мэдээллийн технологийн тэргүүлэгч Майкрософт, Твиттер, Мозилла, Гүүглийн шилдэг мэргэжилтнүүд ирсэн нь онцлог байв. Тэд онлайн эрх чөлөө, түүнд хамаарсан бусад асуудлыг хөндөн, хоёр өдөр хуралдаж “Улаанбаатарын тунхаг”-ийг гаргах юм. Хурлыг ГХЯ, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Өнөө жилийн хурлыг Монгол Улс тэргүүлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын нээлтэд ирж үг хэлэв. Тэрбээр “Монгол Улс гурван сая хүн амтай. Интернэт хэрэглэгчид хоёр саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1,8 сая нь ухаалаг систем хэрэглэж байна” гэдгийг эхлээд онцолсон. Мөн “Өнөөдөр дэлхий дахинаа хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна. Хориодхон жилийн өмнө ярих утас ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсан. Малчин айлд эмч дуудах гэж хөтөлгөө мориор хонож өнжин явж дуудлага хүргэдэг байлаа. Тэгвэл одоо онлайн эрх чөлөө дэлхий нийтийн хэрэглээ боллоо. Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Гэхдээ цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг. Гэлээ ч хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас хамааралтай байгаа нь үнэн ч 20 жилийн дараа Монголын эдийн засаг мэдлэгийн эдийн засаг, програм хангамж, мэдээллийн технологиос ихээхэн хамааралтай болно. Манай орны байршил бол Ази тивдээ ихээхэн онцлог, Хоёр том хөршид та бүхний бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах боломжтой чухал газар. Ийм учир Монголын мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллах, мөн дата центр мэдээллээ найдвартай газар хадгалах итгэлтэй улс болж түншлэн хамтран ажиллах боломж байна. Ирээдүйд facebook, twitter, linked in гэх мэт нийгмийн том сүлжээнүүдийн дата мэдээллийг Монгол Улс найдвартай хадгалах, хамтран ажиллах хүсэлтэй байна. “Онлайн эрх чөлөө” эвслийн үндсэн оффисийг Улаанбаатарт нээх санаачилгыг бид бүх талаар дэмжих болно” гэсэн юм.

Эвслийн хурал нь цахим сэтгүүл зүй, интернэт хэрэглээний тулгамдсан асуудлыг ил гаргаж тавих, нөгөө талаар бусад орны сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх, хамтарч ажиллах боломжийг олгож буй юм. Өнөөдөр дэлхий нийтэд цахим сэтгүүл зүй хүчтэй хөгжиж байгаа. Мөн онлайн эрх чөлөө гэдэг бол хязгааргүй зүйл болсон. Гэвч, үүний хажуугаар тухайн улс орны төр засгийн зүгээс хяналт, хориг саад тавих, интернэт хэрэглээг хязгаарлах, аюулгүй байдал, хувийн нууц алдагдах, бусдын нэр төрийг гутаах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлууд давхар хөндөгдсөөр байна. Хуралд ирсэн эскпертүүд технологийн талаас нь хувь хүний нууцыг интернэт орчинд хэрхэн хамгаалах вэ, тухайн хүнийг интернэтийн халдлагад өртөхгүй байхад нь ямар хамгаалалт хийх вэ, тэр тусмаа хүүхдүүдийг интернэтэд ороод зүй бус явдлын хохирогч болгохгүйн тулд яах вэ гэдгийг шийдэхээр ярилцаж байна. Мөн нөгөө талаар цахим орчинд хүн үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэх, хэвлэн нийтлэхэд төр засгийн зүгээс ямар нэгэн хориг тавихгүй байх, эрхээ эдэлснийх нь төлөө ял шийтгэл хүлээлгэхгүй байх талаар ярив. Эдгээрт хамгийн тохиромжтой шийдвэр гаргахын тулд интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хүний эрхийн төлөөх байгууллагуудтай уялдаатай ажиллах, тэр тусмаа сэтгүүлчид оройлон оролцохыг онцлов.

“Глоб интернэйшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Манай Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернэтийн талаар тодорхой дүрэм журам баталсан. Энэ нь НҮБ-аас гаргасан олон улсын хэм хэмжээ, манай улсын соёрхон баталсан конвенцийн хүрээнд аваад үзвэл зөрчилтэй харагддаг. Мөн твиттер, фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээж, шүүхэд дуудагдаж байна. Тэгэхээр цахим эрх чөлөөтэй холбоотой гаргаж байгаа манай хууль журмууд нь Үндсэн хууль, олон улсын соёрхон баталсан гэрээ конвенциос давах ёсгүй. Ардчилсан нийгэм бол хүний эрхийг дээдэлдэг нийгэм” гэж байв.

Эстонийн Европ болон Трансатлантын хэргийн орлогч сайд Mart Laanemae “Ази, Номхон далайн бүс нутагт хийж байгаа анхны уулзалт болж байна. Азийн интернэтийн ихэнх хэрэглэгч төвлөрдөг бүс нутаг. Бидэнд өнөөдөр хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалт гэдэг бол том асуудал болоод байгаа. Нийгэмд шуугиан тарьсан мэдээллийг хаах байдал байсаар байгаа” гэсэн бол Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд, Гүүглийн мэргэжилтэн Росс Лалинейс, Киргизийн олон нийтийн сангийн Артем Горянов, Нидерландын Хүний эрхийн элчин сайд Кийс Ван Баар нарын тавьсан илтгэлээс харахад ч интернэтийн хөгжил хязгааргүй, гэхдээ цахим орчинд хүний эрхэнд халдсан үйлдэл гаргахгүй байх, ёс зүйтэй, хариуцлагатай байх тал дээр хэрхэн ажиллах саналууд голлож байсан юм.

“Интернэтийн хэрэглээ улс орон бүрт өөр өөр байна. Зарим газар төрөөс нь интернэтийн хэрэглээг хязгаарлаж байна. Форумын хувьд төрөөс интернэтийг хязгаарлаж болохгүй гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа” гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн. Маргааш Төрийн ордонд салбар хуралдаанууд үргэлжилж, хэлэлцсэн асуудлуудаараа “Улаанбаатарын тунхаг” гаргаснаар өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

14 нас хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэв

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Хүүхдүүдийн хувьд зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг аж. Сүүлийн үед замын хөдөлгөөнд дугуйтай оролцож буй хүүхэд бэртэж гэмтэх нь ихэсчээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Мэндбаяр хөрөнгөө буцааж авахыг хүсэв

Өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын улмаас “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирсон байдаг юм. Хохирог­чид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зар­лаж, батлахыг нь урж, үсээ хусч тэмцлээ хур­цаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа юм. Ж.Мэндбаяр “Манай хадгаламж зээлийн хоршоог төрөөс албадан дампууруулахад нийт 8000 орчим хүн хохирсон байдаг. Төр өөрөө ч хохирсон. Учир нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хохирлын 50 хувийг буцаан олгосон байдаг. Гэвч төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Энэ хохирлыг бид төлөх ёстой. Шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Гэхдээ би бүх ялыг 10 жилийн чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдэлсэн. Төлөхгүй ч байж болно. Шоронд дарамт байсан. Харин шүүх шинэчлэлийн хүрээнд дарамт байхгүй болсон. Энэ хэргийн улмаас төр, иргэн, бас би бүгд хохирсон байгаа. Иргэдэд өгөх 10 тэрбум төгрөгийг энэ гурван тал нийлж, хамтарч барагдуулах ёстой. Битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үргэдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид Төрөөс мөнгө нэхэхгүй. Миний хөрөнгийг буцаагаад өгчих” хэмээн ярив. Уг хэрэгтэй холбогдуу­лан 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн аж. Гэхдээ үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн прокурорын газар шалгалт хийжээ

Өвөрхангай аймгийн Прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан хаагч нараас 2014 оны сүүлчийн хагас жил болон 2015 оны хоёрдугаар сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхийг удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтын явцад тус тасгийн эрх бүхий албан хаагчдаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 552 материалыг хянаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан байдлыг шалгахад хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн баримт хийдэггүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн тэмдэглэл үйлдэхийг заасан байхад тэмдэглэл үйлдээгүй, зөрчил гаргагчид эрх үүргийг нь тайлбарлан өгдөггүй, зөрчлийг хуульд заасан хугацаа хэтрүүлж шалгадаг, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 260 тоот тушаалаар батлагдсан шийтгэврийн хуудсыг хэрэглэх журамд заасны дагуу хэрэглэдэггүй, торгуулийн мөнгийг цагдаа, байцаагч нар гар дээрээ 7-с 30 хоногийн хугацаанд байлгадаг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.Шалгалтын дүнг тасгийн удирдлага, замын байцаагч нарт танилцуулж, Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.