Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мандахбаяр: Сайтуудын үйл ажиллагааны зохицуулалт, хариуцлагыг тусгасан тунхаг бичиг гаргалаа

Монголын сайтуудын холбооны тэргүүн Х.Мандах­баяр­тай ярилцлаа.

-“Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг танай хол­боо­ноос санаачлан зохион байгууллаа. Цахим мэ­дээ­лэлтэй холбоотой ямар асуудал дэвшүүлэн хэлэлцэж, ямар шийдэлд хүрэв?

-Монголын сайтын холбоо санаачлан Сэтгүүлчдийн нэгд­сэн эвлэл ерөнхий зохион байгуулагчаар оролцон ца­хим сэтгүүлзүйн анхдугаар форумыг зохион байгууллаа. Цахим мэдээллийн орчин Монголд ихээхэн хурдацтай хөгжиж байна. Бүх телевиз, сонин, радио, сэтгүүл хэмээх хэвлэлийн салбарын бусад байгууллагууд ч өөрсдөө ца­хим орчинд нэвтэрч мэдээлэл контентоо илүү олон хүнд хүргэх болсон. Үүний зэрэгцээ цахим сайт, сошиал хуудсууд нэмэгдэж байна. Энэ дээрээс цахим сэтгүүлзүйн хөгжил, хариуцлагын асуудал давхар урган гарч байгаа юм. Асуудлыг ший­дэхийн тулд Сайтын хол­боо яриад эсвэл хоёр сайт хоорондоо тохиролцоод, нэг сайт хичээгээд явахгүй юм байна. Бүгдээрээ хамтдаа сууж байгаад бүх асуудлуудаа яриад нэгдсэн нэг ойлголтод хүрье гэж байгаа юм.

-Цахим сэтгүүлзүйг бусад орны жишгээр хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуудал хамгийн түрүүнд хөндөгдөх байх. Ер нь гадаад орчинд ямар ололт давуу тал, шинэ­лэг алхам хийгдэж, манай улс ямар түвшинд байгаа юм бол?

-Улсынхаа хэмжээнд яривал Интернетийн тухай хууль гэж байхгүй. Цахим орчны зохицуулалтын тухай хууль ч алга. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа одоо л өргөн бариад, батлагдах байх гэж горьдоод сууж байгаа салбар. Гадны орнуудын ту­хайд өндөр хөгжсөн хэсэг нь хол тасраад явчихсан бай­на. Жишээлбэл, Норвеги, Дани, Скандинавын орнууд гэдэг ч юм уу хэвлэлийн эрх чөлөөгөөр өндөр түвшинд хүрчихсэн Европын холбооны голлох соёлжсон улсууд ца­­хим сэтгүүлзүйн орчныг өндөр хэмжээнд хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Бидний өнөөдөр л ярьж эхэлж байгаа, энэ форумаар хөндөж байгаа асуудлууд аль хэдийнэ хэвшлээ олоод явчихсан гэсэн үг. Магадгүй хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг тэргүүн зэрэгт тавьж, энэ чиглэлээр олон жилийн туршлага ху­римтлуулчихсан улс орнууд цахим зах зээл рүү шилжихэд төвөг багатай байсан байх. Бидний хувьд 1990 оноос хойш л хэвлэл мэдээллийн салбарынхаа эв аяыг олох гэж яваа. Хэвлэлийн эрх чөлөөний асууд­лаа шийдэх гэж өнөөд­рийг хүртэл ноцолдсоор бай­гаа орны хувьд цахим зах зээл ороод ирсэн нь их олон зүйлийг задгай болгосон. Бид өнөөдөр үүнийхээ хумихыг нь хумьж, тэлэхийг нь тэлж шийдвэрлэх ёстой юм байна гэдэгт санал нэгдэж ажлаа эхлүүллээ. Бид энэ форум дээр албан ёсоор зарлалаа. Отгонтэнгэр сургууль дээр цахим сэтгүүлзүйн анхны тэн­химийг байгууллаа. Ирэх намраас цахим сэтгүүлч гэ­дэг мэргэжлийн кодчиллоор залуус суралцаад эхэлнэ. Хоёр жил хагасын дараа оройн ан­гийн эхний 30 сэтгүүлч төгсөх бол дөрвөн жилийн дараа өдрийн ангийнхан төгсөнө. Өнөө жил 60 оюутан авахыг зорьж байна. Дараа жил 90 болгох гэх мэтээр ойрын таван жилд цахим сэт­гүүлзүйн мэргэжилтний асуудлыг салбартаа шийдчих байх.

-Сайтын холбооны зо­хион байгуулж буй форумд сайтын ассоциацынхан ирж оролцсонгүй. Салбарын асуудалд бүгдээрээ санал нэгдэж, хамтарч чадахгүй байгаа юм биш үү?

-Монголын хэмжээнд 250 орчим сайт, хэвлэл мэ­дээл­лийн чиглэлээр 180 орчим сайт ажил­лаж байна. Монголын сайтын холбоонд 171 нь бүрт­гэлтэй байдаг. Элсч орох хүсэлтээ 22 сайт өгчихсөн байгаа. Бид юу олж харсан бэ гэвэл Монголын сайтын холбоо өөрсдийнхөө явцуу эрх ашгийг бус салбарынхаа хөгжлийг эн тэргүүнд тавих ёстой юм байна гэдгийг. Энэ явцуу эрх ашгаасаа жаахан цаашаа харж салбарынхаа идээ бээ­рийг шахаж, эрүүлжиж, хариуцлагажиж байж хөгж­лийн том нарыг харах юм байна гэсэн ийм л зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр хоёр холбоо бий. Тэргүүлэгч сайтын хол­боо гэж байдаг. Тэргүүн Саруул гэдэг залуугаас нь мэдээлэл авахад тэнд яг 10 сайт байдаг юм билээ. Мэдээллийн сайтуудын ассо­циаци гэж бий. Бидэнд ирсэн мэдээллээр тэнд таван сайт байгаа гэж ойлголоо. Тэгэхээр энэ сайтууддаа хам­гийн эхэлж урилга явуулсан. Хувь сайтууд нь форумдаа ирээд оролцчихож байгаа юм байна. Тэгээд үйл ажил­лагааг дэмжиж, хамтарч оролцъё гэсэн санаачилгаа ч гаргасан. Харин тухайн төрийн бус байгууллагууд нь ирж оролцож байгаа нь харагдсангүй. Үүнийг хоёр, гурван холбооны хоорондын өрсөлдөөн гэдэг талаас нь битгий хараасай.

-Тэгээд цахим сэт­гүүл­зүйн хөгжлийг та бүхэн яаж тодорхойлов. Өнөөгийн бай­гаа түвшинг ахиулахын тулд ямар арга хэмжээ авах юм?

-Энэ үйл ажиллагаанаас Улаанбаатарын цахим тун­хаг гэдэг эрх зүйн баримт бичиг гаргалаа. Эндээ бүх зохицуулалтуудаа бүгдийг нь хийгээд явъя гэсэн. Жишээ нь хэрвээ захиалгатай мэдээ, нийтлэл байгаа бол төлбөртэй нийт­лэв гэсэн таних тэмдгийг нийтлээд хэвшчихье. Энэ соёл нь хэрэглэгчдийг төө­рөг­дүүлэхгүй, зах зээлийг зөв хөгжүүлэхэд том ач холбогдол өгөх юм. Мөн хувь хүний фэйсбүүк хуудсыг хэвлэл мэдээлэл гэж үзэх үү үгүй юу. Үзвэл ямар нөхцөлтэй байх юм. Хувь хүн фэйсбүүк хуудсаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байгаа юм бол “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн толгой хийгээд өгчихдөг болъё. Тэгээд да­раа нь Улаанбаатарын ца­хим тунхагийн заалт, зо­хицуулалтыг мөрдөөд ажил­лачих гэж байгаа. Мөн цахим орчинд сэтгүүлчийн бичиж буй мэдээллийн баталгааг яаж хангах юм, буруу мэ­дээлэл нийтэлчихвэл яаж залруулах юм. Зохиогчийн эрх хөндөгдсөн бол ямар процедураар залруулж, ха­риуц­лага хүлээлгэх вэ зэргээр асуудлуудаа аль болох цог­цоор нь шийдэхийг зорилоо. Энэ тунхаг одоохондоо цахим сэтгүүлзүйн хамгийн том чиг зам, мөрдөх зарчим болж байгаа хэрэг. Тухайлбал, сай­тууд үйл ажиллагаандаа дараахь зүйл заалтыг мөр­дөнө гэсэн бүлэг 25 зүйлтэй байх жишээтэй. Мөн Сайтын холбоо нь хэмээх бүлэг 12 заалттай бол цахим орчны тодорхойлолт, төр засгаас хүсэх эрх зүйн тухай гэсэн бүлгүүд ч тунхагт багтаж бай­гаа.

-Зохиогчийн эрхийн ту­хай дурдагдлаа. Контент үйлдвэрлэгчдийн хө­дөл­мөрийг хулгайлж, хуулж нийтэлдэг асуудлыг яаж зохицуулж байгаа юм?

-Тунхаг энэ асуудлыг хам­гийн түрүүнд шийдэх учиртай. Ний нуугүй хэлэхэд сайтууд өөрсдөө контент үйлд­вэрлэх боломж тааруу байна. Хэдхэн сайт 8-12 хү­ний бүрэлдэхүүнтэй бага­хан редакц бүрдүүлээд өөрс­дийн­хөө хөрөнгөөр өөрс­дийнхөө мэргэжилтнээр контент бо­ловсруулж байна. Нийтлэг түвшиндээ 2-3 сэтгүүлчтэй байгаа нь нууц биш. Энэ байд­лыг өргөс авсан юм шиг засчихаж чадахгүй. Жишээ нь “Өдрийн сонин” шиг 100 гаруй хүнтэй редакцийг бүрдүүлэх санхүүгийн боломж сайтуудад өнөөдрийн байдлаар үүсээгүй. Энэ рүү хүрэх эхний алхам маань анхдугаар форум, ца­хим сэтгүүлч зэрэг болох байх. Ерөнхийдөө мэргэжлийн ре­дакц бүрдэх эхлэл тавигдаж байна.

-Комментийн асуудал гэж бий. Улс төрийн зорилгоор ашиглах тохиолдол ч их байдаг?

-Комментчид гээд аж­лын байр гарчихсан бай­на. Тодорхой нам дээр, санхүү­гийн байгууллага дээр зөвхөн мэдээний ард сэтгэгдэл бич­дэг баг ажиллаж байх жишээтэй. Үүнийг хоёр талаас нь харж байна. Нэгдүгээрт зах зээлийнхээ шалгуураар аль нь захиалгын коммент вэ гэдгийг хэрэглэгчид төвөггүй ялгадаг болчихож. Нөгөө тал­даа зохицуулах эрх зүйн хэм хэмжээ, шалгуур бий болчихож. Бид тунхаг бичигтээ мэдээ бүрийнхээ дор сэтгэгдэлтэй холбоотой санал хүлээн авах утсыг ре­дакцийн зүгээс байршуул.Хоёрдугаарт тэр утас тогт­мол үйл ажиллагаатай байл­га. Хэрэглэгч зүй ёсны шаардлагыг тавьсан бол анх­ны харилцаагаар тухайн сэтгэгдлийг устгаж бай. Ингээд шийдэж чадаагүй бол гомдлыг Сайтын холбооны хууль, мэргэжлийн ёс зүйн хороо нь авч хэлэлцэж байя. Сайт хүсэлтийг хүлээж авахгүй хүнд суртал гаргаад байвал Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандана. Ингээд хүн гүтгэчихсэн сэтгэгдлийг ав гээд байхад толгой сэгсрээд байвал шүүхийн хүрээндээ асуудал шийдэгддэг байх хэрэгтэй гэж үзлээ. Харин нам, бизнесийн байгууллагыг “комментчидоо боль” гэж шаардах эрх зүйн орчин би­дэнд байхгүй.

-Дэлхийн орнууд, АНУ, Канад зэрэг хөгжилтэй гүр­нүүд энэ асуудлыг яаж шийд­сэн байдаг юм?

-Дэлхий нийт шийдэж эхэлсэн. Хувь хүн коммент бичихдээ “би хэн бэ” гэдгээ мэдэгдэж байгаа юм. Ийм хэлбэрт манайх ч орох хэ­рэгтэй. Гэхдээ наана нь хууль эрх зүйн орчин бэлэн болсон байх ёстой. Бид хийх гэж үзсэн. Засгийн газар орол­цоод хүний гар утсыг, хаягийг бүртгэх зэрэг асуудалгаргаад ирсэн юм. Энэ нь хэн байна гэдгийг нь таних арга барил бус бүр хэтрээд хувийн нууцыг нь шаардаад эхэлсэн. Ингээд мухардалд орчихсон байгаа.

-Гүтгэсэн, доромжилсон тохиолдлуудад сайт, сай­тын сэтгүүлчид хариуцлага хүлээдэг байх уу. Тунхагтаа юу гэж дурдсан юм?

-Хэрвээ гүтгэлгийн чанартай контент түгээсэн нь нотлогдвол тухайн мэ­дээллийг архиваас устгана. Хоёрдугаарт өөрийнх нь бич­­сэн контент гүтгэлгийн чанартай байгааг гүтгүүлэгч нотолвол устгаад, уучлал гуйна. Гуравдугаарт энэ нь нийгэмд болоод бусдад их бага хохирол учруулсан бол залруулах зохих бүх талын арга хэмжээг тухайн сэтгүүлч, редакц авч ажиллана гэсэн гурван заалтыг орууллаа. Ер нь сайтуудын өмнө тулгарч байгаа бэрхшээл ийм байна. Тунхагаа гаргачихлаа. Одоо мөрдөөд ажиллахад бидэнд давуу тал ирнэ гэж итгэж байна.

Л.Мөнхөө

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Таван толгойн хувьцааны асуудлаар иргэдээс гарын үсэг цуглууллаа. Яагаад ингэх болсон юм бэ?

-Таван толгойн гэрээг байгуулах ажлын хэсэг ажиллаж байна. Таван толгойн гэрээнд хоёр, гурван үндсэн чухал асуудал орох ёстой. Нэгдүгээрт гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар нэг ч заалт байхгүй.

Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг оруулъя гэсэн бодолтой байна. Хоёрдугаарт орон нутгийн иргэд, байгаль орчны эрх ашгийн хамгааллын асуудал тусгагдах ёстой. Энэ хоёр асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсч, хотын төв талбай болон хүн ам олноор суурьшдаг газруудаар явж хүмүүсийн байр суурийг сонслоо. Таван толгойн гэрээнд оруулах саналыг нь авлаа.

-Иргэд юу гэж байна вэ?

-Тэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийн талаар гэрээнд тусгуулахыг хүсч байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, тэдний эрх ашиг хөндөгдсөнтохиолдолд хамгаалах механизмыг тодорхой болгох хүсэлтэй байна. Санхүүгийн зохицуулах хороо, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ассосиацитай хамтарч энэ арга хэмжээг явууллаа. Одоогоор (баасан гаригийн байдлаар) 7000 гаруй хүн санал асуулгад оролцоод байна. Амралтын хоёр өдөр ч энэ ажил үргэлжилнэ. Ингээд иргэдийн санал хүсэлтийг УИХ-д хүргүүлнэ.

-Таван толгойн ажлын хэсэг дээр авч хэлэлцэх юм уу?

-Монголын төр иргэдээ сонсох ёстой. Иргэдийн санаа бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг байх ёстой. Иргэдийн эрх ашигтай холбоотой чухал шийдвэр гаргах гэж байгаа учраас тэднийг сонсохоос өөр арга байхгүй. Нөгөө талаас Монгол Улсын Ашигт малтмалын тухай, Компанийн тухай хуулийн дагуу их хэмжээний, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн байр суурийг сонсч, хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр Таван толгой бол Монголын хоёр сая 100 мянган хувьцаа эзэмшигч, 550 үндэсний аж ахуй нэгжийн эрх ашигтай холбоотой асуудал. Тийм учраас иргэдийн байр суурийг сонсох хэрэгтэй.

-1072 хувьцааг саналын эрхгүй гэж М.Энхсайхан сайд хэлээд байгаа…

-Засгийн газрынхан тэгж хэлээд байгаа. Би өөр байр суурьтай байгаа. Хувьцааг саналын эрхтэй, эрхгүйг Засгийн газар тогтоодоггүй. Хоёрдугаарт хувьцаа гэдэг бол өмч. Та бүхний машин, хотонд байгаа хоньтой адил өмч. Өмчийн эрхийг хуулиар хязгаарлаж болно гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Хуулийг УИХ баталдаг, Засгийн газраас гаргадаггүй. Тэгэхээр өмчлөгчийн эрхийг Засгийн газрын тогтоолоор хязгаарлаж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж харж байна. Засгийн газар энэ алдаагаа засч, иргэдээсээ асууж, Таван толгойн гэрээг байгуулахдаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай холбоотой зүйлүүдийг тусгаж, ул суурьтай хандах ёстой.

Ер нь аливаа асуудал дээр хүн бүрнэг байр суурьтай байх нь ховор. Гэр бүлийн эхнэр, нөхөр ч санал зөрөлддөг. Тийм учраас Таван толгойн гэрээн дээр олон талын байр суурь байх нь мэдээж. Тийм болохоор асуудлыг олон талаас нь ярих ёстой. Гэрээг заалт бүрээр нь ярьж, Монгол Улсын хуульд нийцүүлж гаргах ёстой гэж бодож байна. Олон талаас нь ярьсны хүчинд нэгдсэн байр суурьт хүрч л таарна.

-Тэгвэл хугацаа алдах биш үү?

-Таван толгойн гэрээг гацаая, зогсооё гэсэн бодолтой нэг ч гишүүн УИХ, Засгийн газарт байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин зөв зүйтэй, монголчуудад ашигтай хэлбэрээр, хуулийн хүрээнд явуулъя гэсэн хүмүүс их байгаа гэж итгэж байна.

-Таван толгойн хувьцаа эзэмшигчдийн хурал саяхан болсон. Танд мэдээлэл байгаа юу?

-Надад тодорхой мэдээлэл алга.

-УИХ-ын зөвлөх Таван толгойн гэрээний төсөлд анализ хийснээс харахад “Энержи ресурс” компанид эрх мэдлийг төвлөрүүлэх гэрээ хийхээр зэхжээ гэж ойлгогдохоор байна лээ. Та төсөлтэй бүрэн танилцсан байх. Ямар байр суурьтай байна вэ?

-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Тийм учраас энэ гэрээнд хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлыг тусгуулахыг хүсч байгаа. Гэрээ олон зүйл заалттай учраас гишүүд тэр бүрийг нарийн судлах цаг хугацаа, боломж хомс байна. Тиймээс чаддаг, мэддэг талаасаа харж санал бодлоо нэмэрлэвэл илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ гэрээтэй ерөнхийд нь танилцсан. Байгаль орчин, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн, орон нутгийн эрх ашгийг нэлээд хөндсөн, ҮАБЗ-ийн үзэл баримтлалд харшлах олон зүйл заалт байна лээ. Төмөр зам, газар эзэмших, өмчлөх асуудалтай холбоотой хүлээн зөвшөөрөмгүй заалтууд байна лээ. Тэр тухай нэг бүрчлэн ярина гэвэр сонины цаас хүрэлцэхгүй байх.

-Таван толгойн ажлын хэсэгт орсон гишүүдийг хүмүүс шүүмжлээд байна. Та юу гэж бодож байна вэ?

-Шүүмжлэл муу зүйл биш. Таван толгойн гэрээ хэлцэлтэй холбоотой шүүмжлэл гарах нь зүй ёсных. Таван толгойн гэрээ битгий хэл таван хуудас хууль батлахын тулд гишүүд нухацтай суудаг. Бид ардчилсан парламентын засаглалтай улс учраас гэрээг нухацтай, олон гаргалгаагаар хэлэлцэх ёстой. Ардчиллын нэг давуу тал бол алдаагаа засаад урагшлахад л байдаг. Тэгэхээр АН Засгийн газар тун удахгүй байр сууриа нэгтгээд Таван толгойгоо урагшлуулна гэдэг итгэж байгаа.

-Магадгүйталбай дээр гарч зогсоод иргэдийнсаналыг авч байгаа процессыг таны ээлжит нэг популизм гэж харах хүмүүс байгаа л байх…

-2004 онд Стратегийн орд газруудаас ард түмэндээ хувьцаа олгоё гэж жагсч явсан хүн. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргын ордуудаас ард түмэнд алтан хувьцаа өгөх ёстой гэдэг саналыг гаргаж, иргэний хөдөлгөөнүүдийн манлайд жагсч явлаа. Энэ бодлого 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. АН сонгуульд орохдоо нэг сая төгрөгийн хувьцаа олгоно гэдэг амлалт өгсөн. Энэ нь 2010 онд С.Батболдын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн. Таван толгойгоос иргэдэд хувьцаа олгох нь баялгийн шударга хуваарилалтын эхлэл болсон зөв зйл гэж боддог. Энэ чиглэлийн бодлогыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг болгох ёсгүй. Хувьцаа бол зүгээр цаас биш юм.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эдийн засгаа бүрэн дампууруулах, Оюу толгой төслийн санхүүжилтыг үргэлжлүүлэх гэсэн хоёр л гарц байна

Эдийн засагч Ч.Хаш­чулуун­тай ярилцлаа.

-Монголын эдийн засаг мега төсөлгүйгээр өсч, тэлэх боломжтой юу?

-Боломжгүй. Монголын эдийн засгийн сүүлийн тавин жилийн хөгжил мега төслүүдтэй салшгүй холбоотой. 1940, 1950-иад онд эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэлсэн. Аж үйлдвэрийн комбинат, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, нисэх гэж ирээд яривал мега гэж хэлэхээр олон төсөл тэр үед эхэлсэн. Энэ төслүүдМонголын эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн. Харин зах зээлийн эдийн засагт орсноос хойш 2005 он хүртэл шилжилтийн 15 жилд ямар ч том төсөл хэрэгжээгүй. Тэр үед Монголын эдийн засаг хүнд байдалд орсон. Төгрөггүй, орлогогүй болж, Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн. Дарааханнь хоёр удаазуд болж эдийн засгийгбүр элгээр нь хэвтүүлж байлаа. Сүүлд 2009 оноос л эдийн засгийн өсөлт түргэсэх шатандаа орсон. Энэ үед Оюу толгой төслийг эхлүүлсэн учраас байдал эерэг зүг рүүгээ эргэсэн юм. Богино хугацаанд гурваас дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгож чадсан. Ингэж чадсан учраас хот суурин газрын бүтээн байгуулалтууд өрнөсөн. Дэд бүтэц тавигдсан. Аймгуудыг нийслэлтэйхолбосон замуудаа барьж эхэлсэн. Энэ бүхний үндсийг Оюу толгойн хөрөнгө оруулалт тавьж өгсөн гэсэн үг. Чингис бондын хөрөнгөөр аймгуудыг нийслэлтэй холбочихлоо, Улаанбаатарт өчнөөн бүтээн байгуулалт өрнөлөө гэж байна. Гэтэл бид Засгийн газарт бонд гаргаж доллар босгохболомж, нөхцөлийг бий болгосон зүйл нь Оюу толгой төсөл гэдгийг анзаардаггүй.

-Оюу толгой байгаагүй бол “Чингис” бондоор мөнгө босгохгүй байж гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Оюу толгой гэж дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжиж байгаа учраас бид олон улсын зах зээлд бонд гаргаж мөнгө босгосон. Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө манай эдийн засаг өнөөдрийнх шиг 12 тэрбум ам.долларынх байгаагүй. Маш жижигхэн, гурав, дөрвөн тэрбум ам.долларын л эдийн засаг байсан. Бүр цаашлуулаад 2003 оны эхээр гэж яривал ердөө1.2 тэрбум долларын эдийн засаг байлаа. Сүүлийн арван жилд арав дахин өссөний гол шалтгаан нь Оюу толгой төсөл. Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж эхэлсний дараагаас нүүрсний салбар эрчтэй хөгжсөн. Дараа, дараагийн мега төслийн суурь бүрдсэн. ТЭЦ-5, төмөр замын бүтээн байгуулалт гэжярьдаг болсон маань Оюу толгойтой холбоотой. Мега төслүүд байгаагүй бол Монгол гэдэг улсмал аж ахуй, аялал жуулчлалаасаа багахан мөнгө олдог жижигхэн орон хэвээр орших байсан. Дэлхийн зах зээлд санал болгох өөр зүйл бидэнд байхгүй.

-Улстөрчид сүүлийн үед мега төслийг тэгэх ёстой, ингэх учиртай гэж ирээд дор бүрнээ янз бүрээр тайлбарлах боллоо. Энэ ер нь эдийн засаг талаасаа хэр зөв хандлага вэ?

-Маш буруу хандлага. Мега төсөл бол аж ахуйн бүтээн байгуулалт. Аж ахуйн бүтээн байгуулалт бүхэн ашгийн төлөө байдаг. Ашгийн төлөө хийж байгаа үйл ажиллагаанд улстөрчид орох шаардлагагүй л дээ. Ашгаас нь хүртэх гэж, ойр тойрны хүмүүс, нэр холбоотой компаниудаа төслийн үр өгөөжинд багтаах гэжянз бүрийн нөхцөл тавьж, тулгалт хийгээд байвал том төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх боломжгүй. Дотоодын компаниудад ийм тулгалт хийхээр “Ямар эх орноосоо гаралтай биш. Улстөрчидтэйгөө эвлэрээд ажиллая” гээд тэвчиж ажилладаг. Гадныхан бол хүлээн зөвшөөрөхгүй. Монгол ганцаараа нүүрс, зэстэй биш, тулгалт хийгээд байдаггүй улсад очиж ажиллая гээд л мөнгөө аваад гарчихдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байдал хэцүү болсоор байна. Гадаад хөрөнгө оруулалт тэг рүү тэмүүлчихлээ. Дотоод хөрөнгө оруулалт багасч байна. Үндэсний компаниуд өмнө нь нэг үеэ бодвол байшин барилга,цахилгаан станц бариад явж байсан. Одоо бол бүтээн байгуулалтын нэг чтөсөл алга. Тэгэхээрдотоодынхон ч хязгаартаа тулчихсан гэсэн үг. ТЭЦ-5-ыг гэхэд хориод жил ярьж байна. Өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.

-Оюу толгой бол өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа цорын ганц мега төсөл. Энэ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол эдийн засаг ямар байх байсныг эдийн засагчийнхаа хувьд төсөөлөх боломжтой юу?

-Оюу толгойн далд уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын хэмжээ зургаа орчим тэрбум ам.доллар гэж яригддаг. Одоо ажиллаж байгаа баяжуулах үйлдвэрийг зөвхөн ил уурхайд зориулж бариагүй. Оюутолгойн далд уурхайн хүдрийг баяжуулахад зориулж барьсан том хүчин чадалтай. Оюу толгойдөрөв таван хэсгээс бүрддэг. Гэтэл бид дөнгөж ил задгай уурхайг нь л ашиглаж эхэлж байна. Дийлэнх нөөц нь газрынхаа гүнд бий. Тэр их баялгийг гаргаж мөнгө болгохын тулд гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг2012-2013 онд үргэлжлүүлсэнбол гэрээний хүрээнд зургаан тэрбум ам.доллар орж ирэх байсан. Бүтээн байгуулалтын хугацаа таван жил гэж бодоход жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт найдвартай орж ирэх байлаа. Эдийн засагт “үржүүлэгч” гэсэн ойлголт бий. Хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн мөнгө эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн үг. Манайд уул уурхайн үржүүлэгч хоёртой тэнцүү байдаг. Оюу толгойгоос авч байгаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ хоёр тэрбум ам.доллар болж хувирна гэсэн үг. Учир нь Оюу толгой тэр мөнгөөрөө юм захиална, худалдаж авна, ажил хийнэ. Мөнгийг нь авсан компани өөрсдөө юм хийж,борлуулна.Үржүүлэгч гээд байгаа нь ийм учиртай.

-Оюу толгойн далд уурхайн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэхгүй нэг жил болбол эдийн засагт ямар эрсдэл учрах бол?

-Эдийн засаг бүрэн дампуурна. Албан ёсоор зарлаагүй л болохоос бүрэн дампуурлын ирмэг дээр ирчихээд байгаа. Саяхан ОУВС манайд тусгай судалгааны бүлэг явуулсан юм билээ. Тэд судалгаа хийгээд ОУВС-ийн дөрөвдүгээр зүйл гэсэн тайланг гаргасныг харлаа. Засгийнөрийн хэмжээ 2015 онд 81 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 2015 оныхоос хоёр дахин удааширна гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. ОУВС-гийн судлаачдын “Монгол Улс төлбөрийн чадварын хувьд нэн эрсдэлтэй болж байна, өрөө төлөхөд ямар ч гарц алга” гэсэн дүгнэлтүүдийг энд зориуд онцолмоор байна.

-Таны ярианаас том мөнгө авчрах том төслөө урагшлуулах л бондын өрөө төлөх бодитой гарц гэж ойлголоо?

-Өөр гарц байхгүй. Бидэнд Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилтийг эхлүүлж жилд тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыгнаашлуулах боломж бий. 2020 он хүртэл буюу гүний уурхай ашиглалтад орох хугацаа хүртэл жил бүр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт аваад байх боломжтой.Уул уурхайн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нь хоёр байдаг учраас жилд дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бий болно гэсэн үг. Мэдээж энэ мөнгө 100 хувь Монголд үлдэхгүй. Хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь тоног төхөөрөмж, машин техник болно. Монголд үйлдвэрлэдэггүй учраас гаднаас авахаас аргагүй.Тал орчим хувь нь Монголын эдийн засагт үлдэнэ. Гэхдээ импорт ч үржүүлэгч нөлөөтэйг мартаж болохгүй. Тэр их тоног төхөөрөмж, техникийг авчрахад Монголын тээврийн компаниуд ажилтай болдог. Тээврийн компаниудынборлуулалт нэмэгдэх нь бидэнд л ашигтай. Одоо бол тээврийн компаниудын борлуулалт уначихсан. Тэгэхээр монголчуудын сонголт их энгийн. Яг энэ байдлаараа яваад 2015 оны сүүл, 2016 оны эхээр эдийн засгаа унагах нэг сонголт байна. Эдийн засаг бүрэн уналтанд орсон тэр үед бид бондын өрөө төлж чадахгүй. Зүй нь 2016 онд мөнгөө хуримтлуулаад 2017 онд “Чингис” бондын өрөө төлөх ёстой. Гэтэл 2016 онд төсвийн алдагдал тав орчим хувьтай байна гэсэн төсөөлөл гарсан байна лээ. Ирэх жил ямар ч хуримтлал үүсгэж чадахгүй гэдгийг энэ тооноос харчихаж болно. Нөгөө сонголт нь Оюу толгойг явуулж, хөрөнгө оруулалт татах. Бид их өндөр татвар авдаг. 20-30 хувийг бол заавал авч байгаа. Таван толгойг ч хөдөлгөх хэрэгтэй. Тэгж байж бид бондын өрөө төлөх боломжтой болно.

-“Оюу толгой”-н Монголд оруулж буй нэг ам.доллар тутамд төчнөөн центийн хөрөнгө оруулалт дагаж орж ирдэг гэсэн судалгаа тооцоо байдаг юм болов уу?

-Ер нь бол бий. Оюу толгойн нэг ам.долларын хөрөнгө оруулалтын 10-15 хувьтай тэнцэхүйц мөнгө гадны хөрөнгө оруулалт болждагаж орж ирдэг гэсэн тооцоо байдаг. Оюу толгойтой ямар ч хамаагүй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэд Оюу толгой шиг том төсөл хэрэгжиж байгаа учраас иргэд нь ажилтай орлоготой, худалдан авах чадвартай байна гээд шинэ төслүүд хэрэгжүүлдэг юм. Зах зээл нь эрүүл гэж үздэг хэрэг л дээ.Хөрөнгө оруулагчдын хувьд орлоготой, худалдан авах чадвартай иргэдэд зориулж барилга барьж, дэлгүүр, ресторан нээж, төрөл бүрийн жижиг үйлдвэр босгож ажиллуулдаг. Харин иргэд нь ажил, орлогогүй, төр засаг нь ойлгомжгүй загнаад байвал өндөр эрсдэлтэй гэж үздэг. Хэн ч мөнгөө хог дээр хаяхыг хүсэхгүй. Харамсалтай нь Монголын өнөөдөр хөрөнгө оруулахад эрсдэлтэй нөхцөлд байна.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогссон нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэчихлээ гэж ярьдаг. Эдийн засаг талаасаа хэр бодитой дүгнэлт вэ?

-Бодитой дүгнэлт. Ер нь бүх том хөрөнгө оруулагч тодорхой хэмжээний ашиг олох гэж хөрөнгө оруулалт хийдэг. Ашгаа олох нөхцөл нь эдийн засгийн хэвийн өсөлт. Тийм учраас том төслүүдээ яаж шийдэж байна гэдгийг заавал хардаг. Одоогоор манай улсад хэрэгжиж байгаа ганц том төсөл бол Оюу толгой. Эрдэнэтийн хувьд аль далаад онд хөрөнгө оруулалт хийсэн учраас зардлаа нөхсөн гэж үздэг. Харин Оюутолгой зардлаа нөхөх шатандаа явж байгаа. Ийм онцлогтой төслийнхөөасуудлыг шийдэж чадахгүй бол төлбөрийн чадвар муутай гэсэн дүгнэлт ойрын жилүүдэд гарч ирнэ. Тэр утгаараа Оюу толгойн дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын хувьд анхаарахаас аргагүй зүйл. Асуудлыг нь шийдэж чадахгүй энэ мэтээр гацаагаад байвал хөрөнгө оруулагчид мөнгөө итгэж оруулахгүй. Хэчнээн олон улсын хурал хийж, уриад нэмэргүй. Нэг том төслөө олигтой авч явж чадахгүй байж олон шинэ төсөл явуулна гэж ярих нь утгагүй гэсэн дүгнэлт хийгээд л буцна.

-Эдийн засагч хүний хувьд Оюу толгой зэрэг мега төслийн хэрэгжилтэн дээрийм зүйлийг л анхаараасай гэсэн бодол бий байх…?

-Оюу толгой бол Монголын анхны мега төсөл. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2009 онд дэлхий хямралтай байсан. Тэр үед манай эдийн засаг маш жижигхэн байсан учраас их хэмжээний мөнгө гаргаж санхүүжүүлэх боломж байгаагүй. “Рио” тэр үед бүх хөрөнгө оруулалтыг хийсэн учраас Монголын Засгийн газар энэ компанид эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр өртэй. “Рио” мөнгөө гаргаад үйлдвэр бариад өгчихлөө. Манайд бараг их наяд төгрөгийн татвар өгсөн. Энэ төсөлд дор хаяж 400-500 монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа. 5000-6000 монгол хүн ажилтай байна. Төсөл цаашдаа томорч өргөжвөл энэ хэмжээ улам нэмэгдэнэ. Оюу толгойгоос хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх эсэх нь биднээс л шалтгаалж байна. Шийдэхгүй маргаад яваад байж болно л доо. Ил уурхайн нөөц дуусаад ирвэл яах вэ гэдэг том асуудал бий. Хэдэн арван жил биш зуу, хоёр зуун жил орлого оруулах төсөл болгоё гэвэл шийдвэрээ гаргаад явах ёстой. Дахин хэлэхэд “Рио” бидний өмнөөс өчнөөн мөнгө төлсөн. Өөрийнхөө нэр хүндээр их хэмжээний хөрөнгө татаж чадсан. Бид ч гэсэн хувь эзэмшигчийнхээ хувьд хариуцлагатай хандахёстой. Эдийн засгийн хувьд ийм ач холбогдолтой төсөл дээр улстөрч бүр хувийн ашиг сонирхлоор хандвал хэцүү л дээ. Оюу толгой төсөл бол дэлхийн зах зээл. Дэлхийн эдийн засагт Монголулс хамтран ажиллаж чадах эсэхийн том шалгуур. “Рио” бол ашгийн төлөө компани.Яг лолон улсын дүрмээр ажиллаж байгаа. Биднийг харж үзэх ёстой ах дүү биш. “Рио” учраас Монголд өөрөөр хандах ёстой гэсэн ойлголт байхгүй. Дэлхийн дүрмээр л тоглоно. Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу хийсэн. Тэр гэрээ бидэнд таалагдах эсэх нь тусдаа, өөр асуудал. Байгуулсан гэрээний дагуу талууд үүргээ хүлээж, үйлдвэрээ бариад явах учиртай.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийнхөн үйлчлүүлэгчдэдээ эко орчингоор бэлэг барина

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн2000 гаруй мод тарилаа.

“Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох” хэмээн тус эмнэлгийнхэн үзэж байна. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасгаар үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухай байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү “Эко орчин” бүрдүүлэхээр зорьжээ.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд “Ногоон хашаа” төслийнхөнтэй нэгдсэн байна. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” төрийн бус байгууллага хамтран ажиллаж, ХӨСҮТ-ийн 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносыг тус тус суулгалаа. Тарьсан суулгацаа арчилж ургуулах нь хамгийн том ажил тул эмнэлгийнхэн тасаг, нэгж бүртээ талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад хүнсээ зөв сонгох талаар заав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэсүүд, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтыгерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хийлээ . Сурагчдын хоол, хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, дадал олгох зорилготой энэхүү сургалтад ерөнхий боловсролын төрийн 119, хувийн 94, нийт 213 сургуулийн дунд, ахлах ангийн 97504 сурагчид хамрагдав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатны сургалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хүнс, хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нарт зохион байгуулсан. Хоёрдугаар шатны сургалтыг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтантай хамтран зохион байгууллаа. Сургалтаар сурагчдад хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх, чанартай, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин, эмгэгээс өөрийгөө сэргийлэх, шим тэжээл багатай хийжүүлсэн ундаа болон чипс гэх мэт бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг анхааруулсан юм.

Сурагчдад хоногт хоол хүнсээр авах нийт илчлэг, хадгалах дэглэм, хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа анхаарах зүйл, аюулгүй хүнсний ач тус, хийжүүлсэн ундааны талаархи баримт мэдээ, бэлэн гоймонгийн сөрөг нөлөө, гурван цагаан хор, чанар аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, хэрэглэгчийн эрх, хэрэглэгчийн боловсрол, өдөр тутмын амьдралдаа мөрдөх дадал хэвшил, архи тамхины хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд ялалтын баярын концерт болно

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/83 дугаар тушаал гарсан. Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Ой тэмдэглэх тухай” А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталж, Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, амьдрал ахуйд нь туслах залуу хойч үеийнхний эх оронч – үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, Чөлөөлөх дайны 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг нийслэлийн салбар комисст даалгасан.

Батлан Хамгаалахын яам, Нийслэл хамтран Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч, баатарлаг үйлсийг залуу хойч үедээ өвлүүлэх, олон улсын найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өчигдөр Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

5 дугаар сарын 8-ны өдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг угтсан Хүндэтгэлийн чуулга болон баярын концерт болох бөгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр буюу Бямба гарагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө, Г.К. Жуковын нэрэмжит дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм. Мөн Их эзэн Чингисийн талбайд цэргийн хээрийн гал зуух иргэдэд халуун хоолоор үйлчилж, баярын концерт зохион байгуулах бөгөөд Москва хотын Улаан талбайд болох ёслолын жагсаалыг Улаанбаатар хотын төв дэлгэцүүдээр орчуулгатайгаар шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажил хийдэг муу ээж

Аав, ээж нар “Хүүхдийнхээ төлөө” гэсэн лоозонтой ажилладаг.Гэсэн ч ажил ихтэйбайх тусмаа хүүхдэдээ зарцуулах цаг багасах нь гачлантай. Хүүхдэд аав, ээжийнх нь халамж хамгийн их хэрэгтэйүедбидцаг наргүй ажиллаж таардаг. “Ойртох тусмаа холддог орчлон” гэдэг шиг л “Хүүхдийнхээ төлөө” ажиллах тусмаа хүүхдээсээ холдсоор байгааг яалтай.Нэг эмч зурагтаар ярихыг сонсч байсан юм. “Ээж нар хүүхдээ хоёр нас хүртэл нь хардаг болсноос хойш хүүхдийн эндэгдэл багассан” гэж тэр хэлсэн. Хүүхдээ 45 хоногтойд ажилдаа ордог байсан социализмын үеийн ээж нарын тухайтөсөөлөхөд ч бэрх. Харинмалчин аав, ээж нар хүүхэдтэйгээ хамт байх боломж ихтэй нь сайхан. Ээж нь аргалд явахдаа ч, сүү саалиа боловсруулах цагаараа ч, малдаа явах үедээ ч хүүхдэдээ үлгэрлэдэг. Гэсэн ч технологийн дэвшилээж нарт боломж олгох юм.Хавтгай дэлхийд ээж нар ажлын өрөөндөдрийг өнгөрүүлж, цагаа бүртгүүлэх шаардлагагүй.Бичиг цаасны ажилтай ээжүүд гэртээ ажиллах учраас албан тасалгааны ч хэрэггүй болох биз ээ. Хүүхдэдээ ихэнх цагаа зарцуулдаг ээж нар маргаашийг гийгүүлж буй. Эх орондоо сайн иргэн төлөвшүүлж өгч байгаа тэдний гавьяаг одонгоор бус цалингаар мялаах учиртай. Гэртээ сууж хүүхдээ харсных нь төлөө ээжүүдэд цалин олгох нь Монголын маргаашийн төлөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт ч юм билүү.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоног тоолон хорогдох хэвлэлийн эрх чөлөө

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохио­сон. Уг өдрийг тохиолдуулан энэхүү нийтлэлийг хүргэж байна. Улс орнуудын хэв­лэлийн эрх чөлөө ямар түв­шинд байгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын бай­гууллагаас жил бүр гаргадаг. Энэ удаад Монгол Улс хэв­лэлийн эрх чөлөөний индек­сээр 180 орноос 54 дүгээр байрт жагссан үзүүлэлттэй гарчээ. Өмнөх жил 88-д бичигдэж байсан бол даруй 34 байраар урагшилж хэв­лэлийн эрх чөлөөний хувьд үсрэнгүй ахисан улс орон болоод хувирчихав. Хэвлэл мэдээллийн байгууллагад төр засгийн зүгээс ямар нэгэн цензур тавьдаггүй, дарамт шахалт үзүүлдэггүй, редакци ямар ч үед хараат бус байдаг, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдээ хүндэтгэн үздэг, чөлөөт хэвлэл жин­хэнэ утгаараа хөгжиж буй орны тоонд манайх бараг орчихлоо.

Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ийм хэмжээнд хүр­сэн билүү. Олон улсын шинжээчдийн дүгнэлт, гарга­сан судалгаанд Монголын хэвлэл мэдээллийн байгуул­лагууд болоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд гайхашралаа барж байна. Учрыг лавлавал, “Хил хяз­гааргүй сэтгүүлчид” өнгөрөгч жил манай хүний эрхийн байгууллагуудаас судалгаа аваагүй аж. Уул нь өмнөх жилүүдэд төрийн бус байгуул­лагаас “Танайд энэ жил хэв­лэлийн эрх чөлөө ямар байв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх хэрхэн хангагдав” гэсэн судалгаа тайланг авдаг байжээ. Тэгэ­хээр эрх баригчдын өгсөн мэдээллээр манай улс хэвлэлийн эрх чөлөөг хангагч орон болон хувирсан байж таарах нь ээ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангагч орноор тодорч, өмнөх оныхоос 34 байраар үсрэнгүй ахих бус хэвлэл мэдээлэлд хаалттай, харгис орны тоонд бичигдэхээр байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өдгөө хамгийн хүнд хэцүү цаг үеэ туулж байна. Эрх баригчид өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох гэсэн, хэвлэлийн газрын лицензийг төр хураах гэсэн аймшигтай бодлого явуулах болсон. Хэдхэн хоногийн өмнө юу болж өнгөрөв. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” хэмээх хэвлэл мэдээллийг нам дарж авах зорилго бүхий, авлигатай тэмцэх газ­рын эрхшээлд хуулийн заалтаар шууд татан оруулж, өөрсдийнхөө гар хөл болгох гэсэн Их хурлын тогтоолын төсөл байнгын хороогоор хэлцэгдсэн.

Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд сонор соргогоор мэдэрч, дуу хоолойгоо нэгтгэж тэмцсэний үр дүнд “авлигын” гэх төсөл Их хурлаас буцаагдсан юм. Уг төслийн хэрцгий заалтуудыг хэвлэлийнхэн сэтгүүлчид олж мэдээгүй, нэгдэж тэмцээгүй бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын чөлөөт хэвлэл цэвэр төр засгийн хараат болж, хууль эрх зүйн баталгаагүй болох аюул нөмрөх байлаа.

Өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээллийг боомилсон хуулийн заалтуудыг шинээр өргөн баригдаж буй хууль бүртээ санаатай хийгээд санам­саргүйгээр тусгаж Их хур­лаар батлуулах гэж улайран дайрч байна. Авлигын гэх тэрхүү хуулинд “Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулна” хэмээн заасан.

Хэвлэлийн бизнест төр засаг эрээ цээргүйгээророл­цож, ноёрхлоо тогтоох, цааш­лаад бизнесийн үйл ажил­лагааг үгүй хийж, тас­лан зогсоох гэсэн агуулгыг тусгажээ хэмээн хардахад хүргэж байгаа юм. Мөн “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээ­дийн оруулах хөрөнгө оруу­лал­тын хэмжээ нь тухайн хэв­лэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүр­дүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн байж боломгүй заалт байсан. “Нэгдмэл сонир­холтой этгээдийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй” гэдэг бол аюултай заалт. Нэгдмэл эрх ашигтай байж хэвлэл мэдээллийн байгууллагыг удирддаг нь хэнд ч тодорхой. Энэ бол цахим ертөнцийнхний бизнесийг тас цохих гэсэн бодлого. Гэр бүлийн хүмүүс хамтдаа сайт удирддаг. Гэтэл “нэгдмэл эрх ашигтай” гэх хуулийн заалтаар хөнд­лөнгийн санал аваад гуравдагч эт­гээдийг оруулж ирэн, хувь хүний бизнесийг хуульчлан булаах ардчилсан нийгэмд байж боломгүй заалт юм.

“Хэвлэлийн байгуулла­гуудад дарамт хангалттай байгаа. Эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг бол­сон. Үүнд төр засаг анхаар­лаа хандуулдаггүй хэрнээ мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд зүтгэж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа учраас ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн байдлаар хандах нь утгагүй. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн онцгой бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй хийнэ. Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд ийм хаалт хориг тавих байх” гэж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлж буй Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид авлигын хуультай холбогдуулж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

“Авлигын” гэх тодотголтой хуулийг Их хурлаас буцааж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэнд ч дийлдэшгүйхүчирхэг гэдгээ ийнхүү харууллаа. Гэх­дээ одоо санаа амрах болоогүй. Зөрчлийн тухай хууль гэж энэ хаврын чуул­га­наар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хууль бий. Уг хуулинд чөлөөт хэвлэлийг багалзуурдсан, сэтгүүлчдийн эрх ашгийг боомилсон хэд хэдэн харгис заалтууд орсон. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн хуулийн 10.4.1-т “Сэрэмжлүүлэг, зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан бай­на. “Тооцооны нэгж” гэж ам.доллараар торгоно гэдгээ хэлж буй хэрэг юм. Өмнө нь хуулинд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнгээр торгодог байсан. Энэ хуулиар ам.доллараар торгох ял шийтгэл хүлээлгэхээр заасан байна.

Сэтгүүлчээ яллана гэх энэ заалт хэвлэлийн эрх чөлөө хаалттай оронд хэрэгждэг нь мэдээж. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 34 байраар урагшилсан Монгол Улсад сэтгүүлчээ яллах хуулийг хэлэлцэх гэж байна. Сэтгүүлчийг яллана гэдэг бол Эрүүгийн хуулинд байдаг заалт. Зар сурталчилгааны материа­лыг үнэ төлбөргүйгээр түгээ­гээгүйгээс болж, мөрөө­рөө яваа сэтгүүлчид ялтан болох нь. “Ял шийтгэнэ хү­лээл­гэнэ” гэдэг заалт тухайн хүний амьдралд тэр чигээр нь хар толбо үлдээчихэж байгаа хэрэг. Ямар ч үед хувийн хэрэг дээр нь “ял шийтгэлтэй” гэх зүйл бичигдэнэ. Сэтгүүлчдийг ингэж нухчин дарж, амь амьдралаар нь тоглож болох хуулийг санаачилжээ. Үүний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж дахин тэмцэх хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийг яавч батлуулж болохгүй. Шударга үнэний төлөө тэмцэж ирсэн сэтгүүлчид ээлж дараалан ялтан болж, санаанд багтамгүй мөнгөн торгуулд унаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд лицензээ хураалган хаалга барьж дампуурлаа зарлана. Эрх баригчид тийм л зүйлийг хүсээд байна.

“Сэтгүүлчдийн мэргэжлийналдааг Эрүүгийн болонГэмт хэргийн тухай хуулиар шийт­гэдэг нь буруу юм. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Дэлхийн ихэнх улс орнууд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Иргэний хуулиар зохицуулж байна. Манай хэв­лэлийн эрх чөлөөний индекс ухарсан гол шалтгаан үүнтэй холбоотой” гэж Д.Сарангэрэл гишүүн мэдэгдсэн. Тэрээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд бас л хэвлэлийнхэн үнэ төлбөргүй мэдээ мэдээ­лэл бэлтгэх заалт оржээ. Захиргааны ерөнхий хуулийн төсөлд ч хууль зөрчсөн даргын ууч­лалыг хэвлэл үнэ төлбөргүй тави­на гэсэн заалт орсон бай­на. Ардчиллын үндсэн зарчим болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдан хараа хяналтдаа байлгах, дарамтлах санаархалтай за­рим нөхөд өөр салбарын ту­хай хуулийн төсөлд хэв­лэл­тэй холбоотой заалт зоож өгдөг боллоо. Тэдгээр этгээдийг олж, олон нийтэд зарлан бу­сар­маг үйлд­лийг нь тас­лан зог­соох шаардлагатай бол­жээ” гэж хатуу мэдэгдсэн юм.

Зөрчлийн тухай хуулиас гадна чөлөөт хэвлэлийг боомилсон бүх хууль заалтыг тусгасан Хэвлэл мэдээллийн хууль мөн л Их хурлаар хэлцэгдэхээр болоод байгаа. Хэрвээ уг хууль батлагдаад хэрэгжих юм бол Монголын ард түмний сүүлийн 25 жил бий болгосон үнэт зүйл үгүй болно. Тиймийн учир хэвлэл мэдээллийн байгууллагууд сонор сэрэмжтэй байж тэрхүү хуулийг батлуулахгүйн төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй. Уг хууль нь Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг Э.Бат-Үүлийн ерэн найман онд батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрччих гээд байгаа юм. Чөлөөт хэвлэлийн Библи судар болсон дөрөвхөн заалттай хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тов тодорхой заачихсан байдаг.

Гуравдугаар зүйлийн “Мэдээ­лэлд хяналт тавихыг хориглох” хэсгийн 3.1-т “Хэв­лэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээ­лэлд хяналт тавих бай­гуул­лага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”,дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэ­дэлд хэвлэл мэдээллийн хэрэг­сэлтэй байхыг хориглоно” хэмээн чөлөөт хэвлэлийн үндсэн мөн чанарыг утга агуулгын хувьд бүрэн тодор­хойлсон. Монгол хэвлэл мэдээлэл Үүл баатрынхаа хуулийг мөрдлөг болгож явах учиртай. Үүнийг миний бие “Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна” гэх нийтлэлдээ мөн өгүүлж байсан.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны гурав­дугаар сард Монголын үндэс­ний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойгоор эрх баригчид “Монсинема”, “VIP home shopping” ,“ITV”, “MBO”,“Musicbox”, “Шон­хор”, “Соёмбо” гэсэн есөн телевизийг хааж 300 гаруй сэтгүүлчийг гудманд хөөж гарган “бэлэг” барьж байв. Сүүлийн үед бараг л өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон хуулиуд хэлцэж байна. Бүр цагаандаа гарч хаа хамаагүй хуулинд ч хэвлэл мэдээллийг сүйрүүлсэн, эдийн засгаар нь нухчин дарах гэсэн харгис заалтуудыг оруулдаг болсон. Ингэж Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хоног тоолон хорогдох боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Австралид үер болохыг хүлээснээс…” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна.

Австрали бол урд хөршийн нүүрсний зах зээл дээрх манай гол өрсөлдөгч. Тэнд үер болвол монгол нүүрс хаданд гарна. Өмнө нь ийм шалтгаанаар Таван толгойн коксжих нүүрсний үнэ оргилдоо хүрч байсан юм. Сүүлийн үед твиттерчид Австралид үер болж байна хэмээн жиргэх болсон. “Баримт, үзэл бодол” буланд энэ сэдвийг хөндлөө. Уншигч та манай сонины нийтлэлч Э.Энэрэлийн “Австралид үер болохыг хүлээснээс…” гэсэн нийтлэлээс нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

“Улстөр”-ийн нүүрэнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сүүлийн үед олны анхааралд байгаа Таван толгой төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Улаанбаатарт NBA-гийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон энэ сарын дундуур үүдээ нээх гэж байна. Энэ талаар “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо.

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр олон нийтэд хандлаа. Түүнтэй хийсэн “Суллагдаад ирэхэд 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг минь хоёрхон тэрбум болгоод үгүй хийчихэж” гэсэн ярилцлага долдугаар нүүрэнд нийтлэгдлээ.

Тавдугаар сарын эхээр ихэнх нутгаар шуурах төлөвтэй байна. Энэ сард цаг агаар ямар байхыг “Цаг үе” булангаас сонирхоорой. Мөн энэ буланд зүүн аймгуудад асар их хохирол учруулж байгаа түймрийн гамшгийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар олон “но” илэрчээ. Гүйцэтгэх захирал нь томилолтоор явахдаа хоногийн 2150 ам.долларын буюу дөрвөн сая гаруй төгрөгийн буудалд тухалсан, Засгийн газраас тогтоосон 62 орон тоог хоёр дахин давсан хүнийг ажиллуулж байсан гэж ирээд яривал олон асуудал шалгалтаар ил болсон байна. Энэ талаар болон өчигдөр болсон үйл явдлын мэдээ, мэдээллийг “Үйл явдал” булангаас сонирхоорой.

“Хас” банкаар овоглогддог Ч.Ганхуяг эдийн засгийн таагүй байдлаас гарах ганц гарц нь мега төслүүдээ хөдөлгөх хэмээн байр сууриа илэрхийллээ. “Ард” санхүүгийн нэдлийн гүйцэтгэх захирлын ярианаас эдийн засаг өнөөдөр ямар байгаа талаар сонирхон унших боломжтой.

“Дурласан цас”, “Содон аялгуу” зэрэг уянгын дуунуудаараа олонд танигдсан дуучин Б.Баярцэцэг ялалтын баярын өмнөх өдөр орос дууны “Эхо любви” тоглолтоо хийх гэж байна. Дуучин бүсгүйн өвөг нь Богдоос төрийн дуучин цол хүртсэн хүн байжээ.Энэ мэт сонин сайхныг хүүрнэсэн ярилцлага “Уран бүтээлч” нүүрэнд нийтлэгдлээ.

Монголоос нүүдэллэсэн гангар хун Сөүлд өвөлждөг гэнэ. Урин цагт ирдэг нүүдлийн шувуудын талаарх сонирхолтой мэдээллийг “Сав шим” булангаас сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Уран бүтээлчид нийслэлд 15 хөшөө барина

Ирэх жил “АСЕМ” чуулга уулзалт болохтой холбогдуулан нийслэлд тохижилтын ажил эрчимжиж байна. Өчигдөр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас уран бүтээлчдийн дунд 22 сая гаруй төгрөгийн шагналын сантай хотоо чимэх уран баримлын уралдаан зарлаж байгаагаа зарлав. Тэргүүн байр нь таван сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд оролцох бүтээлийн эх загварыг энэ сарын 18-ны 17.00 цаг хүртэл Хангарьд ордны 609 тоотод хүлээж авах юм байна. Ард кино театр, Монгол бөхийн өргөө, Монгол банкны замын эсрэг тал гэх мэт 11 тодорхой талбайд нийт 15 ширхэг 1-3, 5 метр хөшөөний загвараа уран бүтээлчид захирагчийн албанд ирүүлэх аж. Хөшөөг мод болон хиймэл чулуу, хатууруулсан нийлэг материалаар урлах юм байна. Шалгарсан загварыг нийслэл санхүүжүүлж, урлан, материал бусад зүйлээр хангахаар төлөвлөжээ