Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд Улаан талбайд шөнийн бэлтгэл хийж байна

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаан талбайд шөнийн бэлтгэлээ хийлээ. Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөөдөр мөн адил Улаан талбайд шөнийн бэлтгэлээ хийнэ. Харин сүрт жагсаалын сүүлийн буюу ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэхэд шаардагдах 217 сая 691мянган төгрөгийг энэ оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж, Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох үйл ажиллагааг боловсронгуй болгон бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны гол шалгуур үзүүлэлт болгон дүгнэж урамшуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг нийслэлийн ЗДТГ-т даалгав.

Мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, ажлын явцын тайланг энэ оны 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах талаар Зөвлөх багтай гэрээ байгуулан хамтран ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна

2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, 9 дүгээр ангийг 20114 суралцагч төгсөх юм. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр байна.

Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Гүнжид нэр хайрлав

Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям, гүнж Кейт нар охинтой болсон билээ. Кембрижийн гүнжид Шарлотта Элизабет Диана гэдэг нэр хайрласан тухайКенсингтоны ордноос мэдэгдлээ. Албан ёсны нэр нь эрхэмсэг хүндэт Кембрижийн гүнж Шарлотта аж. Хунтайж, гүнж хоёр охиндоо гүнж Дианагийн нэрийг хайрлана гэсэн яриа ч байсан.

Гүнжийг мэндэлсэнд тохиолдуулан өчигдөр Лондон хотноо ёслолын буудлаг хийжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д тээврийн хэрэгсэлтэй зорчиж буй иргэд анхаарна уу

Categories
мэдээ нийгэм

Нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна

2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна.

Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэл, устгасан малын сэг зэмийг ариутгах зэрэгт хяналт тавин ажиллаж байна

Малын халдварт өвчин гарч байгаа нь:

  • Өмнө нь халдварт өвчин гарсан голомт бүхий нутгийн малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулаагүй, вакциныг график хугацаанд нь нийлүүлээгүй
  • Тухайн бүс нутгаас бусад аймаг, сум хоорондох малын шилжилт хөдөлгөөн их, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, үхсэн малын сэг зэмийн устгал, вакцины хадгалалт, тээвэрлэлт, халдварт өвчний сэжиг илэрсэн, мал олноор хорогдсон тухайгаа мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээ авдаггүй
  • Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болж зэрлэг амьтад турж эцэн, өвчилж өвчин тараадаг, халдварт, гоц халдварт өвчний голомттой хөрш болон бусад улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтуудын ариутгал халдваргүйжүүлэлт, ариутгалын бэлдмэлийн нөөц хүрэлцээ чанар тааруу гэх мэттэй холбоотой гэж болно.
  • 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.
Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ

Дорнод аймгийн Эрээнцав боомтын орох чиглэлээр 5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бид 4 unplugged cover night” тоглолт болно

Анхны цомгоо өлгийдөн авсан “Бид 4” хамтлагийнхан анхны “Бид 4 unplugged cover night” тоглолтоо тоглох гэж байна. Тоглолтонд “Boyz II men”, “Take that”, “East 17”, “All for one”, “Backstreet boys” гэхмэтчилэн 1990-2000 онд залуусыг байлдан дагуулж байсан хамтлагуудын супер хит дуунууд эгшиглэх гэнэ. Тоглолт зуун хувь амьд тоглогдох бөгөөд амьд хөгжмийн “Fix” хамтлагийнхан энэ орой хамтран тоглох юм байна. Түүнчлэн урилгаар “Camerton-2” шоуны шилдэг оролцогчид, “Soul beat crew” оролцож ая дуугаа хүргэх юм байна. Тоглолт энэ сарын 23-ны 20:00 цагаас “Centro night club”-т болох бөгөөд тоглолтын үеэр олон гэнэтийн бэлгүүд үзэгчдийг хүлээж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Б.БАТЦЭЦЭГ: Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна

Сингапурын олимпийн аварга Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Баавгай” Батцэцэг маань хаагуур юу хийгээд явна вэ?

-Багшлаад л гүйгээд байна даа. Барилдахаа байсаан, хөлөндөө бэртэл аваад.

-Чөлөөт бөхөд Соронзонболдын Батцэцэг, Баатарзоригийн Батцэцэг, Алтанцэцэгийн Батцэцэг гэсэн амьдаанууд бий. Гэтэл Б.Батцэцэг буюу “Баавгай” яагаад барилдахаа больчихов оо гэж хүмүүс гайхаж байна. Чухам ямар бэртэл авсан болоод спортоосоо хөндийрчихөөд байна вэ?

-2012 онд “Mongolia open”-д орохоос хоёр хоногийн өмнө хөлөндөө хүнд бэртэл авсан. Тэрнээс хойш барилдаагүй жил гаруй болж байгаад хэсэгхэн зуур барилдаад тэгээд дахиж барилдсангүй. Хүнд бэртэл болохоор эмчлүүлэх гэхээр мөнгөний асуудал дээр хүндрэл үүсээд байна. Эмчлэхэд төдөн сая, тэдэн сая төгрөг хэрэгтэй гэх юм.

-Хүнд гэхээр ямар бэртэл юм бэ?

-Өвдөгний чагтан холбоос тасарсан. Монголд хагалгаа хийлгээд эмчлүүлсэн ч гам сайн барилгүй бэлтгэлдээ яаран орсноос дахин сэдрээ­чихсэн юм. Чагтан холбоос гэдэг чинь их хэрэгтэй юм байна лээ, тамирчин хүнд. Тэрийгээ мэдэхгүй хүнд бэлт­гэл хийгээд дахин гэмтээснээс болоод спортдоо хөл тавьж чадахгүй байна.

-Гадаадад сайн хагалгаа хийлгээд амжилттай болбол буцаад спортдоо хөл тавих боломж байна уу?

-Байна аа. Энэ зунаас яаж ийгээд мөнгө төгрөг олоод хөлөндөө мэс засал хийлгээд дахиж барилдъя гэж бодоод байгаа шүү.

-Та хэдэн онд төрсөн билээ?

-1993 оных.

-Сингапурт болсон олимп бол хүн төрөлхтөн анх удаа залуу тамирчдаа олимпийн наадамд өрсөлдүүлсэн түүхэн үйл явдал байсан. Манайх ч амжилттай орол­цож гимнастикаар Г.Эрдэнэ­болд, чөлөөт бөхөөр та аварга болсон. Бас жүдогоор О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн шүү дээ?

-Хамгийн эхэлж наймду­гаар сарын 16-нд би алтан медаль авсан юм. Маргааш нь Г.Эрдэнэболд маань алт аваад дараа нь О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. О.Дөлгөөн маань одоо хойно сурч байгаа. Г.Эрдэнэболд мөрөндөө гэмтэл авсан гэсэн. Мөрнийх нь чагтан холбоо тасраад Солонгост эмчлүүлчихээд ирсэн юм билээ. Одоо бол тэмцээн уралдаанд орохгүй, зүгээр л бэлтгэлээ хийж байгаа. Тэмцээн уралдаанд орж байгаа гэж дуулдахгүй л юм.

-Залуучуудын анхдугаар олимпийн аваргууд маань барцадтай л яваа юм байна даа?

-Харин тийм ээ. Манай Д.Мөнхбаяр багш ингэж хэлдэг юм. Чи тэр үед тэнгэрт хөөрч мандан бадарч сайхан явж байсан. Харин газарт буугаад ирэхээр хүн тоохоо байчихдаг юм. Тэр үед олимпийн аварга болоод ирэхэд чинь сайн санах нь ч, муу санах нь ч их байсан шүү гэж хэлдэг юм. Тэрхэн зууртаа мандан бадарч байгаад бэртэл авсны дараа хүн тоохоо больчихдог гэдэг нь үнэн юм байна. Бэртэл авсны дараа “Энэ одоо барилдаж чадах уу. Энд юу хийж яваа юм” гэж хэлж байсан чөлөөт бөхийн нэг багш байдаг юм. Би шигшээд байсан. Шигшээ багийнхаа нэрийг энд тэнд гаргаад л явж байсан тамирчин. Багш болон Монголынхоо ард түмний итгэл найдвараар анхдугаар олимпоос алтан медаль хүртээд л ирсэн. Гэтэл тэр багшийг тэгж хэлэхэд их сонин санагдаж билээ. Одоо хүртэл хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Хүнийг бэртэл гэмтэл авчихаад хүнд хэцүү байхад тавлаж хэлэх муухай л даа.

-Өөрийнхөө гаргаж ирсэн тамирчныг алдарт хүргэхийн тулд бусад тамирчныг дардаг үзэгдэл спортын топ төрлүүдэд харагддаг?

-…

-Г.Эрдэнэболд, О.Дөл­гөөн та гурвыг угтах үйл ажиллагаа “Чингэс хаан” олон улсын нисэх буудалд болсон. Ямар олон хүн цугласан байсан гэж санана. Спортын төв ордны гадна хэдэн зуун хүн та бүхнийг хүлээж байсан?

-Гайхалтай. Тийм олон хүн биднийг хүлээж авна гэж үнэхээр бодоогүй. Тэр үеийн хамгийн сайхан мөч нь аварга болох, хүссэндээ хүрэх. Тэр мөч л хамгийн сайхан байсан даа. Одоо эргээд харахад 2010-2011 онд их сайхан байжээ. Бэртсэнээсээ хойш жаахан тиймэрхүү байна. Хүний нүдэнд үзүүрлэгдэх гэх үү дээ, нэг тиймэрхүү л явж байна. Их муухай (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

-Шигшээгийнхэнтэй холбоотой байдаг уу?

-Холбоо барьдаггүй юм. Багштайгаа л их ойрхон байдаг.

-Хэн багш?

-Даваацэрэнгийн Мөнхбаяр багштайгаа.

-Налайхын багш дасгалжуулагч байх аа?

-Тийм. Намайг багаас минь л авч багшилж, бүхнээ зааж сургасан багш минь.

-Гэхдээ таны хувьд бүх юм дуусчихаагүй. Дахиж нэг сайн эмчилгээ хийлгэчихвэл буцаад дэвжээндээ гарна. Эмчилгээний мөнгө төгрөг хэр хөөцөлдөж байна вэ?

-Багш маань хөөцөлдөөд байгаа л даа. Би өөрөө ажил төрөл хийж байгаа болохоор бага сагаар мөнгө цуглуулж байна. Тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж байгаад түүнийгээ хаячихаар их таргалдаг. Би 59 кг-ын жинд барилддаг байсан. Гэтэл одоо жин маань 80 кг гараад л явчихлаа.

-Багшилж байгаа гэлээ. Аль сургуульд багшилж байна вэ?

-Би Монгол Улсын боловс­ролын их сургуулийн Урлаг, биеийн тамирын сургуулийг 2014 онд төгссөн. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэг­нээс Налайх дүүргийн 109 дүгээр бага сургуульд Д.Цэрэндолгор эрхлэгчийн удирдлага дор биеийн тамирын багшаар ажиллаж байна.

-Шигшээгийн тамирчин байж байгаад биеийн тами­рын багш болохын хооронд ялгаа их байгаа байлгүй?

-Ялгаа байна аа. Д.Мөнхбаяр багш маань их хашгирч “Ингэ, тэг” гэж нервтдэг байж билээ. Би багшаа хараад “Юунд ингэж хашгирдаг байна даа” хэмээн боддог байсан. Гэтэл өөрөө биеийн тамирын багш болсон чинь багшийнхаа зовлонг биеэрээ мэдэрч эхэлсэн. Жаахан хүүхдүүд чинь дэггүй, хамаагүй ноцолдоно, “Багш аа, би шээмээр байна”, “Багш аа, ус ууя” багш аа, багш аа гээд л (инээв). Тэр бүгдийг зохицуулах гээд хэцүү л дээ. Биеийн тамирын багш болсны эхний долоо хоног ямар хүнд байв аа. Чих шуугиад, дүнгэнээд хоолой сөөгөөд. Одоо бүр дасал болчихсон. Шуугьж байсан ч тоохоо байсан.

-Өвдөгний тань хагалгаа амжилттай болбол бүтэн жил гам бариад 2017 оноос бэлтгэл хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр таны хувьд 2020 оны олимпод хүч үзэж болох юм гэсэн бодол төрж байна?

-Миний бодсон зорилго наадах чинь байна даа. 2020 оны олимпод барилдахад нас минь 28 л байна. Гамаа сайн бариад жингээ тогтоочихвол бэлтгэлээ хийгээд гараад ирнэ л дээ. Бэлтгэлээ хийхээ больсноос жин нэмж байгаагаас гадна удмаа дагаад таргалаад байна даа (инээв).

-Ийм гэмтлээс босч ирсэн тамирчид байна уу?

-Байна аа, байна. Н.Түв­шин­баяр аварга байна. Манай чөлөөт бөхөөс Э.Бэхбаяр маань байна. Бэхээ маань гэмтээд Тайваньд очиж хагалгаа хийлгүүлээд жил гаруй гам бариад одоо амжилттай барилдаж байна.

-Тайваньд очиж хагалгаа хийлгэе гэвэл хэд орчим төгрөг орох вэ?

-Арав орчим сая төгрөг болох юм билээ. Хүмүүс на­майг олимпийн аварга боло­хоор баян цатгалан амьдардаг байлгүй гэж боддог юм билээ. Гэтэл бодит амьдрал, нийгэм ямар байгаа билээ. Үнэнээ хэлэхэд манай аав, ээж хоёр таван ханатай гэрт, би найз залуутайгаа дөрвөн ханатай гэрт тусдаа амьдарч байна.

-Таныг Сингапурын олимпоос ирсний дараа олон компани хүлээн авч байр сууц, машин өгнө гэж амлаж байсан биз дээ?

-Байр, машин өгнө гэж амласан хүмүүс маань өгөөгүй. Яахав тэр хүмүүсийн өгнө гэж ам гарсан зүйлсийг авсан бол амьдралд маань жаахан ч гэсэн нэмэр болох байсан байх л даа. Гэхдээ яах вэ одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хүнээс дор амьдраагүй. Би ажил хийж байна. Хоолгүй хонож байгаа биш, алхаад явж болж л байна. Хүн чинь багаас нь эхлүүлж томордгоос хойш хоосон амлалт хүлээгээд яах юм.

-Өөрийг тань “Баавгай” гэж хочилдог. Хоч ч биш бүр нэр тань юм шиг л болсон?

-Олимпод явахын өмнө юм. 2009 онд Сөгнөгөрийн голд бэлтгэлд гарчихсан байлаа. Нэг өдөр гэдэс маань хүчтэй базлахаар нь бие засах газар орох гээд гүйж байтал манай чөлөөтийн тамирчин Цэгмид эгч маань миний араас “Хөөе баавгай” гэж дуудлаа. Тэгэхээр нь би эргээд харчихгүй юу. Тэгсэн чинь Цэгмид эгч “Энэ нэрээ мэддэг юм байна. Одоо чамайг Баавгай гэж дуудна аа” гэж билээ. Тэрнээс хойш л хүн бүр намайг Баавгай гэж дууддаг болсон.

Нэг удаа Д.Мөнхбаяр багш маань шигшээ дээр ирэхээр нь “Багш аа, хүн болгон намайг Баавгай гээд байна. Би энэ нэрийг авмааргүй байна” гэж гомдоллосон чинь “Юу яриад байна аа. Наад нэрээ тосоод ав. Наадах чинь маш том нэр. Бэлгэ дэмбэрэлтэй” гэж захисан. Тэрнээс хойш тэр нэрийг хүлээж аваад одоо тэр нэрэндээ бүр дасчихсан. Батцэцэг гэхээс илүүтэй Баавгай гэхээр л өөрийгөө дуудаж байгааг мэддэг юм.

-Ээж тань “Налайх хоёр баавгайтай. Нэг нь манай охин” гэж ярьж байсан юм. Нөгөө баавгай нь гарьд П.Сүхбат шүү дээ?

-Тийм ээ. Харамсалтай нь гарьд маань хорвоогоос одчихлоо. Бие нь тааруу бай­сан гэж хүмүүс ярилцаж байна лээ. Намайг их олон хүн дэмж­дэг юм. Фэйсбүүкт орохоор “Би чамайг дэмждэг шүү” гэж урмын үгс хайрладаг. Монголын ард түмэндээ хэлэхэд, сайхан сэтгэлийн тусаар бүх юм сайхан болох байх аа. Олимпийн аварга болоход зөвхөн багш бид хоёрын хүчин зүтгэл байгаагүй юм шүү. Монголчуудын минь итгэл найдвар түшсэн. Миний хувьд түр зуурын саатал, завсарлагаа болчихоод байна.

Би хагалгааныхаа мөнгийг уйлаад гуйлга гуйж байгаад ч болтугай олоод буцаад барилдахыг үнэхээр хүсч байна. Та бүхэн намайг дэмжээрэй.

-Хүртсэн медалиудыг тань сонирхвол?

-Өсвөр болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн. Залуучуудын Азийн аваргаас мөнгө, 2011 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн. Олимпод аваргалсан амжилтыг минь үнэлээд Алтан гадас одон, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Олимпийн хорооноос Алтан очир одон гардуулж байсан. Найман жилийн хөдөлмөрийг минь үнэлж тэр үед төр засаг, ард түмэн маань ингэж шагнасанд их баярласан. Одоо ч баярладаг.

-Чөлөөт бөхийн ДАШТ болон “Mongolia open” тэмцээнийг зурагтаар үзэхээр сэтгэл хөдлөөд барилдахсан гэсэн хүсэл ундардаг байлгүй?

-Өө нээрээ, “Mongolia open”-оос мөнгөн медаль авсан юм байна. 2013 онд. 67 кг-ын жинд О.Насанбурмаа эгчтэйгээ аваргын төлөө барилдаад хожигдоод мөнгөн медаль авсан. Зурагтаар л тэмцээн үзэх юм байна шүү дээ. Багш болчихсон чинь завгүй болсон. Хагас, бүтэн сайнгүй ажиллаад л. Энд нэг юмыг хүмүүст хэлээд дэмжээд өгөөрэй гэе. Манай Налайх дүүрэгт сургуулийн асуудал зарим талаараа хүнд. Бид сургуулиа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Өргөжүүлчихвэл олон хүүхдийг сургуульд оруулаад, сурган хүмүүжүүлээд спортоор хичээллүүлэх боломжтой болох юм. Сургуулийг минь 12 жилийн боловсролтой болгочихвол их сайн байна. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд 30-40 минут алхаж явдаг бол манай сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 15 минут алхаад л хичээлдээ суух боломж бүрдэж байгаа юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хойд шугуйн Батцэцэг

Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ

Манай яруу найргийн түүхнээ 90-ээд оныхон хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийнхэн дотор томоохон байр суурь эзлэх нэгэн яруу найрагч бол Жадамбын Батцэцэг билээ. Ж.Батцэцэг найрагчийн шүлгүүдийн талаар өнөөдөр бичиж байгаа нь харьцангуй оройтсон ч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ яруу найрагчийн бичих он цаг өмнө байгаа гэдэгт итгэнэ.

Яруу найрагч Жадамбын Батцэцэг “Хойд шугуйн жимс” (1991), “Намайг хүлээсэн он жилүүд” (2002), “Амирлан” (2014) яруу найргийн номууд хэвлүүлсэн. “Хойд шугуйн жимс” ном хэвлэгдэж байх үеийн манай яруу найрагт чухам л Жадамбын Батцэцэгийн өнгө аяс үгүйлэгдэж байсан гэлтэй санагддаг. Үзэл суртлын дөнгөнөөс дөнгөж салмар болж байсан тухайн үеийн яруу найрагт дараагийн бас нэгэн үзэл суртал буюу үндсэрхэг үзлийн гал дүрэлзэн байсан буй. Тэр шуурган өдрүүдэд шавилхан цэнхэр хавтсан дээрээ:

Намар оройн цэцэрлэгээр

Надтай хамт алхаач амраг минь гэсэн таталбар бүхий бяцхан түүвэр хэвлэгдсэн нь түүний ном. Тэр өдрүүдэд тийм ном хэвлэж суудаг “тэнэг” хүмүүс байдаг гэж бодохоор яруу найргийн ирээдүйд итгэл төрдөг юм. Алсын гуниг, далдхан баяр, хүлээлт, өнжилт, тунирхал, бодлогоширол, аальгүйтэл.., гээд ер хүүхэн хүнд байж л болох бүхэн байх нь “Хойд шугуйн жимс”.

Яруу найрагч Жадамбын Батцэцэгийн:

Энэ навчис

Юу гэж

Эрээ цээргүй шуугина вэ?

Газрын элэг дэвтэхэд

Тэнгэрийн нулимсанд ургадаг шүү дээ… гэх буюу

…Өвлийг мэдэхгүй ээ навч минь

Өдөн цасаар бүүр ч таалуулахгүй

Тэр тэнгэрийн цагаан дагинас

Чамайг орлож

Хоосон мөчрийн дээр шавж

Өлөн зэлмэн өвөлждөг шүү дээ… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 15) гэж уншихад бас:

…Найман сарын агаар нь царцаахайн шигширгээр дүүрнэ

Бийрээр таталмаар, бишсэн бол согтож унамаар

Ааг аархал нь хоолой, тархинд асна

Намар цагаа гэж

Намуун согтуу үдшүүд…

Бэх хатаж бийр минь хөшвөл

Би өөрөөсөө ч одмоор…(Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 35) гэс­нийг үзвээс чухам энэ найрагчийн өнгөн дээр манай яруу найраг эрийн цээнд хүрч байж шүү дээ гэж эрхгүй санагдана. “Дээш харж тунгалаг сарыг ширтээд, Доош харж төрсөн нутгаа санав” гэх Тан улсын яруу найрагчийн, “Чиний минь үнэр есөн намрын сүмэн өвс адил” гэх эртний бичгийн яруу найргийн орон зайд “намар цагаа гэж намуун согтуу үдшүүд” хэмээн аваачнам бус уу. “Царцаахайн час час гэх төмөрлөг дуун намрыг урин шагширна” гэж Гомбын Сэр-Од найрагч нэгэнтээ дуулсан билээ.

“Арвай буудай мэт”. Яруу найргаар, энгийнээр бас яруугаар философидож болдгийг энэ шүлгээс үзмү.

Арвай буудай мэт олон хүмүүний дунд

Арвай буудайн чинээ байнам.

Арвай буудай мэт

Чийгтэй хөрсөнд хөл хүндэрч

Арвай буудай мэт

Арван зүгтээ соёолном…(Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16)

Амь амьдралын үнэ цэнэ, ирэхүй одохуй хийгээд үлдэхүйн мөн чанар, бахархал, бардамнал, алсын гуниг, томоор үлдэхийн тайтгарал ер юм бүхнийг багтаасан энэ шүлгийг 1990 онд бичиж суужээ.

…Гашуун атал дарсанд хэн хүнгүй хөлчүүрч

Гашуун атал нулимс сэтгэлийг ариулж

Гашуун амт хорвоогийн үнэн байлаа ч

Гашуунд хэн балын зөгий мэт шунах вэ?… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэх буюу

…Судрын үсэг нэг л тийшээ утгаа гүйцээх лугаа адил

Сүмэн өвсний үлгэрээр дээшээ ургаж өөрийгөө бичнэ

Оршихуй үнэн байтал хуурамч

Оорцог бие минь үр ачдаа задарнам… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) хэмээн шүлэглэж хүмүүний амьдрал ирж буцахын жам ёсыг нээсэн нь уг шүлгийн философи.

…Арвай буудай мэт

Арвай буудай мэт олон хүмүүний дунд

Арвай буудайн чинээ байнам

Арвай буудай мэт үр идээгээ орхиод

Арвай буудай мэт ишин дээрээ ганднам (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэсэн нь их Д.Нацагдоржийн “Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн шүлгийн гүн ухааныг нэгэн хүмүүний амьдралаар нотлон илэрхийлсэн нь манай яруу найрагт шинэлэг юм. Эхлэлүүдийн тухай шинжлэх ухаан хэмээгдэх метафизикийн асуудал нь хүний танин мэдэхүй, түүхийн, байгалийн ухаан хүрэхгүй, уусахгүй тунадас болсон тэдгээрт тулгуурлана гэдэг. Тодруулбал ертөнцөд шалтгаан-үрийн холбоо байна гэж үзвэл анхдагч шалтгааныг олохыг шаардах ба тэр нь явсаар тодорхойгүй гэсэн дүгнэлтэд тулахуй юм. Тэгж үзвэл амьд хүн нь таньж болохгүй гайхамшиг хэвээр үлдэнэ гэх үзэлд оршино. Арвай буудай мэт олон хүмүүн бие биедээ шүтэн барилдаж орших хийгээд ганц ганцаараа оршино. Бас ганцаараа эс оршино. Тодорхой орон хийгээд цагт оршиж, арвай буудай мэт үр идээгээ мөн оршоогоод, арвай буудай мэт гандан хагдарна. Энэ мөн чанар нь ороомог хэлбэрээр дахин давтагдсаар байхуйн тухай яруу найрагч Ж.Батцэцэг “Арвай буудай мэт” шүлэгтээ дээрх мэт хэлсэн нь содон буюу.Яруу найраг бол шалтгаангүй цэвэр оршихуй, тэр бол өөрөө өөртөө шалтгаан, өөрөө л байхад хангалттай тийм мөн чанар хэмээн сэтгэгдэх нь “Арвай буудай мэт” шүлгийн оршихуй, мета түвшин нь юм. Ингэж үзвэл Ж.Батцэцэг гэдэг арван зүгт соёолсон, нэгэн ишт буудайн оршихуй нь яруу найраг бөлгөө. Харин яруу найргийн яруугаар оршихуйн шалтгаан нь Батцэцэг бөлгөө гэсэн гаргалгаанд хүрч тайтгарна.

“Хойд шугуйн жимс” номоос арван жилийн дараа хэвлүүлсэн “”Намайг хүлээсэн он жилүүд” түүвэр. Уг номоос ус үнэртэн хавар ирэхийн зөн хийгээд дулаахан мэдрэмж, басөмдөөн хэтэрхий индүүдсэндээ өвдгөөн бохирч эс чадах гэх эрсхэн үг сонстовч:

Цаглашгүй их хүсэл мөрөөдөл

Цаанаа гунигтай байдгийг

Цагийн их орчил дунд

Санахгүй яасан юм бэ? гэх ухаарал нь түлхүү мөрүүд зонхилох нь ханатай. Манай яруу найрагт тогтсон байдаг нэгэн бурангуй ч гэмээр гунигтай ойлголт нь яруу найрагч нас ахиад ирэхээрээ шүлэг бичихээ больдог, эсвэл муу бичдэг гэсэн гэнэн үзэл. Гадныхныг анзаарвал нас нь ахих тусмаа шүлэг нь улам чамбайрдаг мэт. Энэ нь манай уран зохиолын үнэлэмжийн гажуудал байж болох талтай. Тодруулбал яруу найрагчийг шагналаар ачаалж, хоосон алдар нэрээр хөөргөдөг. Тэр нь хувь хүн дээрээ буухдаа өөртөө ханах, уншихаа болих байдал уруу түлхэж мөхөлд хүргэдэг талтай болов уу. Ер нь өөртөө бичихгүй алдар нэр, ашиг хонжооны төлөө бичдэг асан давхаргаас уламжлалтай, яруу найргийн өнцгийн хазайлт нийт уран зохиолд гажуудал авчирсан агаад тэр нь засралыг олтол нэлээд хугацаа орох бололтой юм. 90 оныхон хэмээгдэх холимог давалгаа эдүгээ ялгарч байгаа ч бүрэн тодрох арай болоогүй. Зарим яруу найрагч тартагтаа тулаад үргэлжилсэн үг үрүү ордог бол зарим нь угаасаа яруу найргийн авьяасгүйгээсээ үргэлжилсэн үрүү ордог.

Найрагч Ж.Батцэцэг тэгсэнгүй, гэхдээ яруу найрагч хүнд байж болох хамгийн төвөгтэй замаар буюу сэтгүүлчийн замаар замнасан нь уран бүтээлд нь зарим талаар нөлөөтөл авчирсныг нь “Амирлан” түүврээс нь үзэж сууна. Учир нь сэтгүүл зүй бол хам цагийн шинжтэй, үргэлжилсэн үг цуваа цагийн шинжтэй байдаг бол яруу найраг нь ирээдүй цагийн шинжтэй юм. Яруу найраг чухам тийм ирээдүй цагийн тухай байдаг болохоороо л эрхэм хийгээд таашгүй нандин. Түүний сэтгүүл зүйн нөлөө бүхий шүлгүүдийн жишээг нь:

Сэтгэл ханамжийн баталгаа

Ганц хүн

Таалан таашаагч хүн

Тоотой хэд

Харшил хөдөлгөгч хүн

Хэдэн арав

Холдон зугатмаар хүн

Хорь гуч мэтийн цөөн баримтаар дурдаад орхису.

Хүнд гэгээрэлд хүрэх олон зам байдаг байх. Харин яруу найрагч хүнд гэгээрэх нэг л зам байдаг болов уу, тэр нь шүлгээрээ гэгээрэлд хүрэх буй. Их Д.Нямсүрэнгийн алдарт “Амитаба” шүлгийг нь шүлэг гэхээсээ илүү Д.Нямсүрэн гэх бодгалын гэгээрэлд хүрсэн зам гэлтэй. Их бичээд гэгээрэх, их бодоод гэгээрэх, насжихуйн хэрээр гэгээрэх, нэгэн дүрээр гэгээрэлд хүрэх, нэгэн шүлгээр гэгээрэлд хүрэх, нэгэн шадаар гэгээрэлд хүрэх. Яруу найрагчийн бичихүйн гэгээрэл “Амирлан” шүлгээс нь тодорно.

…Цэнхэр торго дэлгээд ижий минь дээл эсгэх

Цэрд татаад түүнээ хайчлахад торго дуугарах… гэх буюу

…Хэн нэгэнд урам өгч мөрөөдөлд автуулах

Хэзээ ч бүтэхгүй байлаа ч хий хоосон зөгнөх

Хуур урлаж суугаа аав минь хөгийг нь шалган татах

Хүнгэнэн дуугарах чавхдас аавд минь талархахыг сонсох… гэх мөн

...Амирлан амирлан амар мэнд суухыг хүсэх

Амирлан амирлан адын шунал тачаалаас ангид байх

Амирлан амирлан цаг хугацаа нисэн одохыг хүлээн зөвшөөрөх

Амирлан амирлан жам зүйг хүлцэн хүлээн авах дээдийн дээд гэх мөрүүдээр Ж.Батцэцэг найрагч өөрийн гэгээрэхүйн хийгээд арвай буудай мэт үр идээгээ үлдээгээд гандан хагдрахуйн жам ёсыг тунхагласан нь том хийгээд бардам байхыг нь үзэх тусам, түүнийг яруу найрагчийн замд оруулсан Д.Мандахсан багш гэх эрхэм хүнд Монголын яруу найраг талархах учиртайг санана. Ийнхүү 90-ээд оныхны нэгэн болох яруу найрагч Ж.Батцэцэг өөрийн яруу найргийн ертөнцдөө:

Харанхуй түнэр орчныг лаа өөрөө шатан байж гийгүүлдэг шиг

Ханхлам бохир бүхнийг арц өөрөө уугиж байж ариулдаг шиг

Хаврын ногоог бороо өөрөө асгарч байж ургуулдаг шиг

Хачин энэ амьдралд хүн өөрөө үрэгдэж байж сайн сайхныг авчрах юм хэмээн бичсээр суугаа.ХХ зууны сүүл үеийн суут найрагч Эрээнцавын Д.Нямсүрэн “Аясын салхи” хэмээх шүлэгтээ:

Хожид өнгөрүүлсэн өдрүүд минь баясгалант зүүдний мөнгөн шувууд бөлгөө

Баруунаас үлээх цасны салхинд бас нэгэн бээр гуниг ирэх ба,

Арваннэгдүгээр хороол­лын цэнхэр байшингууд хаврын зэрэглээнд хөвөлзөж

Алтанлянхувтай бүсгүй гол уруу алхах нь “Хойт шугуй”-н Батцэцэг ээ гэж бичсэн байдаг билээ. Яруу найрагч Жадамбын Батцэцэг.

2015.03.03