Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбар өгөв

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байна. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар дараах тайлбарыг өглөө.

“Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн.

Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.

“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.

Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв.

Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай.

Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөтийн тамирчдыг Дубайн хил дээрээс буцаажээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Катарын Доха хотод болно. Тус тэмцээнд оролцохоор мордсон манай улсын тамирчид Дубайн онгоцны буудал дээр саатуулагдсан тухай тамирчдын нэг мэдээлэв. Саатуулагдсан тамирчид болох Д.Гомбодорж 74 кг, тамирчин Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд 05 дугаар сарын 07-ны Пүрэв гаригт, тамирчин Н.Золбоо 125 кг-ийн жинд 05 дугаар сарын 06-ны Лхагва гаригт барилдах хуваарьтай байжээ.

Тамирчид шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн хамтаар явж байсан бөгөөд Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс ийнхүү тамирчид хил дээр саатуулагджээ. Тамирчид өчигдөр Монголдоо буцаж ирсэн мэдээлэл байна. Тэд маргаашийн тоглолтод амжих эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эхийн анхны тэврэлт, эрүүл амьдралын эхлэл болно

Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сү Нуюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Наоми Китахари Монголын эх баригч нарын нийгэмлэгийн үндэслэгч, Японы Эх баригч нарын нийгэмлэгийн тэргүүн Киёка Окамото нар болон бусад 200 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү арга хэмжээг нээж дэд сайд Д.Атармаа “Монгол Улс нь хүн амаа өсгөх төрөлтийг дэмжих бодлоготой орон, төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн бол 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая дахь иргэнээ хүлээн авсан нь эх баригчдын ажлын амжилт, Монгол улсын хүн амыг өсөхөд оруулж буй том хувь нэмэр юм” гэдгийг онцлов. Монгол улсын хэмжээнд 888 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. Манай улсын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг нярайн, нярайн эндэгдлийн 81.4 хувийг нярайн эрт үеийн /төрсний дараах 0-6 хоногтой/ нас баралт эзэлж байна.

Номхон далайн баруун бүсийн орнуудад эхийн ба нярайн эндэгдэл өндөр бүс нутагт 2 минут тутамд шинээр мэндэлсэн нэг нярай эндэж, тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 54 хувийг нярай хүүхэд эзэлж байгаа судалгаа байна. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газар нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн “Анхны тэврэлт” санаачилгыг хэрэгжүүлэхийг бүсийн орнууддаа уриалсан. ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилга нь нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.

Анхны тэврэлт гэдэг нь нь хүүхдийг төрсөн даруйд арьс арьсаар шүргэлцүүлэн эхэд нь тэврүүлэхийг хэлнэ. Нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлснээр нярайг төрөх үед болон төрсний дараах эхний 24 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулах юм. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь “Эхийн анхны тэврэлт”-ээр дамжуулан нярайн нас баралтын голлох шалтгааныг бууруулахад оршдог. Анхны тэврэлтийг хэдий чинээ удаан байлгаж хүүхдийг эхээс огт салгахгүйгээр амлуулах нь хамгаас чухал болоод байна. Хүн бүхнийг энэ орчлонд би ирлээ хэмээн дуу хадаан төрөхөд хамгийн түрүүнд алган дээрээ тосч авдаг хүн бол эх баригчид байдаг.

Айл гэрт аз жаргал бэлэглэдэг энэхүү баярын өдрөөрөө “Анхны тэврэлт” аяны тэргүүн байрыг “Хүрээ” амаржих газрын эх баригч Н.Цэнгэл, удаах байрыг Дорноговь аймгийн эх баригч У.Алтанцоо, гуравдугаар байрыг “Амгалан” амаржих газрын эх баригч Х.Цэвэгмид тэргүүн байрыг эзэлж энгэрээ мялаасан бол тус аянд амжилттай оролцсон эх баригчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Жуух бичгээр шагналаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан телевизийн эфирт танхайрчээ

БНН-ын дарга Б.Жаргалсайхан эфирт танхайрсан бичлэгийг түүнийг нэвтрүүлэгтээ оролцуулсан “Ийгл Ньюс” телевиз олон нийтэд цацлаа.

Эх сурвалж ”Тавдугаар сарын 1-ний ярилцлагын цагаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцсон билээ. Тэрээр манай телевизийн 16:30 цагаас шууд дамжуулдаг “Зочны цаг”-т оролцох байсан ч 20 гаруй минут хоцорч ирсэн юм.

Телевизийн эфир тодорхой цагийн хуваариар явагддаг. 17:00 цагт ээлжит “Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон юм. Энэ тухай сэтгүүлч Ө.Золбаяр зочин Б.Жаргалсайханд тайлбарлан студийг түр чөлөөлөхийг хүсэхэд тэрээр уурлаж, телевизийн студид танхайрч эхэлсэн юм” хэмээн бичжээ.

Categories
мэдээ улс-төр

Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлна

Zasag

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэх юм байна.

Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгав.

-ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ ШУГАМ БАРИНА-

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэн зурж байгаа юм. Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

-Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

-Энхтайваны гүүрний өргөтгөл

-Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

-Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

-Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

-Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил зэрэг ажлыг Азийн Хөгжлийн банкны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Балбын ард түмэнд туслахыг Монголчуудад уриаллаа

balba

“Балбын ард түмэнд туслацгаая” хандивын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа болон Балбын элчин сайдаар ажиллаж байсан, ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан н.Энхжин нар оролцлоо. Балбад өнгөрсөн сарын сүүлээр газар хөдөлж олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Тиймээс тус нутгийнханд хандив цуглуулж өгөхийг хүссэн юм. Мөн тус нутагт ус ховор байгаа учраас усаар туслах боломжтойг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Хараа голын гүүр нурахад ойрхон байна

guur

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрхлэн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрэнд шалгалт хийжээ. Шалгалтаар уг гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтад хагарал үүсч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсныг тогтоосон байна.

Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын төвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүй, хайс хазайсан нь тогтоогджээ.

Мөн уг гүүрний зарим дам нурууны гадаргуунд бетон ховхорч арматур нь ил гарсан, консолон дам нуруу, тулах хэсэг хөдөлгөөнд орсон, төгсгөлийн хавирганы хэсэг, ган тулах хэсгийн засвар арчлалт хийгдээгүйгээс хамгаалалтын бетон эвдэрчээ. Энэ бүхэн нь сүүлийн жилүүдэд гүүрэнд урсгал засвар хийгээгүйтэй холбоотой. Үүнээс болж гүүрний насжилт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж, улмаар авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдахад хүргэхээр байгаа аж. Цаашид гүүрний ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийж их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж засварлах саналаа Зам, тээврийн яаманд тавихаар болжээ.

Өнгөрсөн онд ч мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчил дутагдал илэрснийг засах үүрэг даалгавар өгч байсан нь биелэлээ олоогүй байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/02 тоот албан даалгаврын дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэх авто зам, замын байгууламж, гүүрийн төлөв байдалд 2014 оны дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Тээвэр, авто замын газрын мэргэжилтэн Д.Золбаяр, Авто замын хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан нар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар:

1. Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын төмөр бетон гүүрний арчлалт, хамгаалалт хийдэггүй, Дархан сум талаасаа 7 дахь тулгуурын голын дам нуруу байрлах гулсах тулгуур бүхий бетонон дэрүүд бяцарсан, гүүрний дам нурууны ажлын арматур ил гарсан, хашлагын хаалт төмрүүд алга болсон.

2. Дархан-Шарын гол сумын чиглэлийн авто зам дахь Аргалын гармын модон гүүрний Шарын гол талаасаа 2 дахь багана 25-30 см орчим суулттай.

3. Шарын гол-Дархан чиглэлийн авто зам дахь Бууртын модон гүүрнээс дээш 1 км орчимд авто замын хөвөө дагаж шар усны үерийн ус урссанаас гүн ангал үүсч эвдэрсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид Ялалтын баярын парадад оролцохоор ОХУ-ыг зорилоо

Тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баярын парадад монгол цэргүүд алхахаар ОХУ-ыг зорьсон билээ. Өнөөдөр өглөө мөн БХИС-ийн “Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид ОХУ-ыг зорьсон байна. Тэд Ангарска хотын төв талбайд Ялалтын баяраар алхах юм. Манай улсын хувьд анх удаа Ялалтын баярын парадад оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Онлайн эрх чөлөө” хуралд 70 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцож байна

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд тус эвслийн Тавдугаар бага хуралд Эстони Улсын Гадаад хэргийн дэд сайд, АНУ-ын Туслах ТНБД зэрэг өндөр албан тушаалтнууд, Google, Facebook, twitter, linkedn, Mozilla зэрэг мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Амнести Интернэйшл, “Human Rights Watch”, “Digital Partners Global” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцож байна. Түүнчлэн цахим ертөнцийн акулууд гэгддэг АНУ-ын Крис Пэйнтер, ХБНГУ-ын Норверт Рэйдел болон Станфордын их сургуулийн профессор Ларри Даймонд зэрэг алдартнууд оролцож байгаа нь олон улсын анхаарлыг манай улсад татах гол хүчин зүйл болж байна.

Categories
гадаад мэдээ

“Улаан загалмай” нийгэмлэгийнхэн Балбад ирлээ

Олон улсын “Улаан загалмай” болон “Улаан хавирган сар” нийгэмлэгийнхэн өнөөдөр Балбад хүрэлцэн очлоо. “Улаан загалмай” нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Вальер Котт тэргүүтэй тлөөөлөгчид тус улсад байгалийн гамшигийн улмаас чухам хэдий хэмжээний хохирол учирсан болохыг тогтоох юм байна. Түүнээс гадна цаг тухайд нь орчин үеийн шаардлагыг хангахуйц тусламж үзүүлэх мөн тусламж үзүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар судлах аж.