Categories
мэдээ нийгэм

Цахим хандив сан буюу handiv.mn сайтын албан ёсны нээлт боллоо

Монголын сайтууд “Цахим хандив сан” гэсэн нэгэн шинэ сангаар бүл нэмлээ. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хандив цуглуулах хүсэлтэй хүн олширсон. Гэхдээ энэ хялбар ажил биш. Хувь хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, үүрэн телефоны оператороос тусгай дугаар авч, банкинд данс нээлгэхэд цаг хугацаа шаарддаг учраас өвчинд шаналсан хүүхдийн бие хүндрэх нь ч бий. Худал хэлж, хандив цуглуулан түүнийгээ эздэд нь хүргэлгүй хувьдаа завшсан тохиолдол ч гарсан. Мэдээлэл технологи болон хүмүүнлэгийн чиглэлээр олон жил ажилласан хэсэг залуус нэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж нэн шаардлагатай, тусламж авах хүндэтгэх шалтгаантай хүүхэдүүдэд хандив тусламж цуглуулах нэгдсэн систем болох handiv.mn цахим хуудсыг бүтээж олон нийтэд танилцууллаа.

Тус сангийн нээлтийн ёслолд УИХ-ын зарим гишүүн, төрийн болон төрийн бус байгууллага, урлаг соёлын байгууллагын төлөөлөл, жиргээчид, сэтгүүлчид дэмжин оролцлоо. Цахим хандив санг УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүнлэг Монголын төлөө” ТББ-ийнхаа ажлын хүрээнд дэмжиж үг хэлэв. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох эрхэм гишүүн С.Оюун, С.Одонтуяа нар санг дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ. Урлагийн салбараас язгуур урлагийн “Алтай” хамтлаг 1400 жилийн өмнөх Алтай ятгын аялгуугаар сонор мялааж,СТА Ш.Баянмөнх, хөтлөж СТА дуучин Д.Балдан, УДБЭТ-ын дуучинСТА Н.Төмөрсүх, уртын дуучин Язгуур хамтлагийн уртын дуучин Ч.Баянжаргал, Төмөрсүх, дуучин н.Жавхланбаяр дуучин Ш.Хүрэлбаатар, нар оролцож ая дуугаа өргөлөө.

Энэ үеэр хүүхэд гэр бүлийн сэдэвт бүтээлээрээ хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг зураач В.Ундраа “Ээж” бүтээлээ дуудлага худалдаанд оруулж, 30хувийг нь цахим хуудас бүтээсэн зардалд хандивлалаа. Мөн МоАХ-ны анхдагчдын хөргийг бүтээн олны танил болсон зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” бүтээлийнхээ дээжээс Их хаадын хөргийг УИХ-ын эрхэм гишүүдэд гардууллаа. Эрхэм гишүүн С.Оюун уг хөргийг зохих үнээр нь худалдан, олсон орлогоо Цахим хандив санд хандивлахаа мэдэгдлээ.

Сангийн нээлтийн ёслол дээр уг санг үүсгэн байгуулагчид ажиллах зарчмаа танилцуулсан юм. Өвчин эмгэг болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэж амьдралын хүнд нөхцөлд байгаа хэдий ч цаашид эмчлэгдэж эдгэрэх, бэрхшээлийг даван туулах боломжтой хүүхдүүдэд хандив тусламж нэн шаардлагатай болсон тохиолдолд асран хамгаалагчид болон итгэмжлэгдсэн хэн нэгэнwww.handiv.mn хуудаст бүртгүүлж албан ёсны эмчийн дүгнэлт, оношлогоо, шинжилгээний баримт, зураг, хандив хүсэх болсон шалтгаан, үндэслэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ илгээх юм байна.

Тухайн мэдээлэлтэй танилцаж, хянан баталгаажуулаад сангийн журам болон шаардлагыг хангасан тохиолдолд цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээллийг түгээн хандивыг цуглуулж, шаардлагатай тохиолдолд цугларсан хандивыг хандив хүсэгчээр дамжуулахгүйгээр эмчилгээг хийж буй эрүүл мэндийн байгууллагаруу шууд шилжүүлэх боломжтой ажээ.

Тус сан нь төсөв, мэдээллийн ил тод нээлттэй байдлийг эрхэмлэн Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, хандивын бүх мэдээллийг өөрийн веб сайт дээр ил тод нээлттэй байрлуулж тунгалаг итгэлтэй, нээлттэй байдлаар ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

Оросууд шинэ танкаа танилцуулж байна

Сүүлийн дөрөв, таван жил яригдаж байгаа, зэвсэг үйлдвэрлэдэг болон наймаалдаг улс, орнуудын үзэж харах сонирхолыг асар их татах болсон Т-14 буюу “Армата” хэмээх танкаа оросууд олны өмнө ил гаргалаа. Удахгүй болох Ялалтын баярын параданд оролцох энэ техникийн тухай зарим нэг мэргэжилтэнгүүд ийнхүү дүгнэж байна. Уг танк тагнуулын болон холбооны томоохон системүүдтэй. Хорин км-ын доторхи бүхий л үйл ажиллагааг хянах бөгөөд өөр лүүгээ нисч байгаа 1000м/с-ийн хурдтай ямар ч сум бөмбөгийг устгах чадвартай гэнэ. Газарт болон тэнгэрт болж буй үйлдлүүдийг бүтэн тойргоорхянажашигтай хувилбарыг мэдээлэх дэлгэц, компьютэр, багийн гишүүдийг кабин доторхи дэлбэрэлтээс хамгаалах давхар хана, давхар пулемёт, их буу, утаа тавигч гээд л баахан “ид шид” агуулсан агуу танк юм гэнэ ээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

Карри- Улиралын MVP

“Голден Стэйт Уорриоз” багийн холбон тоглогч Стэфен Карри энэ жилийн НБА-гийн улиралын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ийн шагналыг хүртлээ. Урд жилүүдийгээ бодвол нилээн олон сагсанбөмбөгчдийн дунд “савалсан” энэхүү шагналыг сэтгүүлчид, олон хожил авсан болон хасагдах шатанд шалгарсан сагсанбөмбөгчдийн санал дээр үндэслэн тодруулдаг билээ. Шилдгээр шалгарсан Карри нийт 1198 оноо авсан бол “Хьюстэн”-ий Жэймс Харден 936, “Кливлэнд”-ийн Леброн Жэймс 552 оноо авч удаалжээ. Карригийн баг энэ жил 67 удаа ялалт байгуулж улиралын тэмцээнд түрүүлсэн бол холбон тоглогч маань өөрөө наян тоглолтод оролцож дунджаар 23,8 оноо, 7,7 дамжуулалт, 4,3 самбар авалтаар бусдыгаа хошуучилсан тоон үзүүлэлт гарчээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian art show” энэ сарын 9-нд болно

Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам”Mongolian Art Show”-гаа энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д хийх гэж байна.

“Mongolian Art Show”-ны онцлог нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцох аж. Тодруулбал “Make up” үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, “Андра” модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, “Miss world mongolia 2014”-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд “Make up” үзүүлбэрийг тайзнаа амьдруулах юм байна.

Харин “Body Art”-ын үзүүлбэрт “Андра модель” агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцох бол “Modern and Art” үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар нэгдэх нь ээ. Мөн Songs and Dance үзүүлбэрт МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, “Compass” хамтлаг, Дуучин Тулгаа, “Андра” загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг гэсэн номероо үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуучууд Монголд чуулна

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгчид оролцох юм.

Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендэр, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн дор зохион байгуулагдах ба чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.

Мөн энэхүү чуулга уулзалтын үр дүнд “Тогтвортой Хөгжлийн Зорилт” дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн санаачлагын талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх болон тэдний хөгжлийг хангах бодлогын тухай “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргах болно.

Азийн залуучуудын чуулганы хамтаар “Зүүн Хойд Азийн залуучуудын симпозиум” болон “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдах юм.

Үүний дээр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Залуучуудын хөгжил – шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж тодорхой зорилт дэвшүүлж, түүнд хүрэх талаар зөвлөмж гаргаж байсан бол энэхүү үйл ажиллагааг дүгнэх мөн Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг нийт залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэх “Залуучуудын үндэсний чуулга, уулзалт”-ыг 5 дугаар сарын 18-ны өдөр Азийн залуучуудын чуулганыг угтаж зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Азийн залуучуудын зөвлөл нь бүсийн улс орнуудын залуучуудын байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 1972 онд байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн төлөөллийн байгууллага болох Гүйцэтгэх хорооны Ерөнхийлөгчөөр Малайз Улс, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улс ажиллаж байна.

Энэхүү Азийн залуучуудын зөвлөлөөс жил бүр тухайн улс орны залуучуудын төв байгууллагатай хамтран Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сонгон авч хэлэлцэг бөгөөд Азийн залуучуудын зөвлөл, Камбожийн залуучуудын холбоо хамтран “Боловсролоор дамжуулж хөгжил, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт Азийн залуучуудын чуулганыг 2013 онд Камбожийн вант улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсаас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 22 залуу оролцсон юм.

Азийн залуучуудын зөвлөлийн Гүйцэтгэх хорооны 13 дугаар хуралдаанаар Монгол Улс Азийн залуучуудын 5 дахь чуулганыг эх орондоо зохион байгуулах эрх бүхий улсаар сонгогдсон бөгөөд Азийн 25 орны залуучууд оролцсон чуулганыг 2015 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ерөнхий архитекторч Н.Нацагдорж ажлаа өгчээ

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, ерөнхий архитекторч Н.Нацагдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр өвчний улмаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон хэмээн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэнэ.

Гэсэн ч түүнийг Баянгол дүүргийн 16 дугаар байранд хууль бусаар зөвшөөрөл олгосонасуудлаар хариуцлага хүлээхээс зугтажажлааөгсөн гэж хардах хүмүүс байна.

Categories
мэдээ улс-төр

МАН Таван толгойн асуудлыг хэлэлцэхийг дэмжинэ

МАН-ын бүлэг “Тавантолгойн гэрээний төслийн хэлэлцэхийгдэмжээд, дараа засч, залруулах зүйл байвал ажиллаад явах ёстой” гэсэн байр суурь барьж буйгаа УИХ дахв МАН-ын бүлгийн дарга тайлбарлав. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

МАН Засгийн газарт хамтрахдаа улсаа бодлоготой хөгжүүлье гэж Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Мөн УИХ намрын чуулганаараа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Түүнд хөрөнгө оруулалт татъя, Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулъя, ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлж, төслөө хөдөлгөе, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоё, зарим импортын бараанд татвар ногдуулъя гэх мэтчлэн эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон зүйлийг тусгасан. Гэвч энэ чиглэлийн ажил урагштай биш, нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаар далайлгах замаар дарамт багасахгүй байгаа тул бодлогоо эргэж харах шаардлага байна гэж бүлэг үзсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Сүүлийн хоёр жилд татварын орлого төвлөрүүлэлт 1 их наядаар тасарчээ. Тодруулбал, 2013 онд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр, 2014 онд 1.3 их наяд төгрөгөөр тасарсан. Улсын хэмжээнд 54 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 24 мянга нь үйл ажиллагаа эрхэлж, 27 мянга нь хаалгаа барьсан. Гэтэл чадан ядан үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудаас 11.200 нь татварын давхар хяналт шалгалтад орсон байгаа нь УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт заасан ажлууд ажил хэрэг болохгүй, хоёр намын Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээнд заасан заалт хэрэгжиж байна гэж үзэх үндэслэл харагдахгүй байгаа” гэв. Тиймээс бүлэг энэ чиглэлээр шаардлагаа тавих шийдэлд хүрсэн байна.

Бүлгээр мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдтэй танилцаж, гол үзүүлэлтүүд ямар байгааг ярилцжээ.

Энэ хүрээнд төсвийн зарлагыг 116.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн нь бодитой хэмээн үзсэн байна. Гэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт үлдээх заалт оруулж ирсэн нь оновчгүй. Уг хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө гарын салаагаар урсах замыг нээж өгнө. Нөгөө талдаа Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зөв гарцыг одоо хэр нь олоогүй байна. Тиймээс гадаад, дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарах. Алдааг засч, залруулахад хамтраад ажиллах гарц хайх ёстой хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тодотголоо. Ийм учраас Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар татаж аваач ээ хэмээн Сангийн сайдаас хүсчээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 20 том оврын автобусаар парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол-Беларусийн Засгийн газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников “Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК нь Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт ялж том оврын 20 автобус нийлүүлэхээр болсон. Одоогоор нийлүүлэх автобуснуудаа угсраад дуусч байна. Мөн техникийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж байна. Том оврын автобуснуудаа нийлүүлэхдээ “Маз” ХК-иас техникийн мэргэжилтнүүд ирж, явах маршрутыг судалж, жолооч нарыг сургалтад хамруулж, эхний өдрүүдийн үйл ажиллагааг хянаж зөвлөгөө, тусламжийг өгнө” гэлээ. Мөн хоёр улсын нийслэлийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж, найрсаг харилцаатай ах дүү хот болгох саналыг Хотын даргад уламжлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор 06 дугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд “Онлайн эрх чөлөө” эвслийн хуралд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр “Онлайн эрх чөлөө“ эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцож, хуралдааныг хааж үг хэллээ.

Тэрээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн босгон дээр монгол оронд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэн хэллээ. Түүнчлэн “Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлэхийг эрмэлздэг улс орнуудад тулгарч буй сорилтуудын талаар “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийн шилдэг үлгэр дуурайллыг ил тод болгохыг зорилоо. Интернэтийн эрх чөлөөг тус бүс нутагт хамгаалах, хөхиүлэн дэмжихэд Эвсэл тууштай байр суурь баримталж буйгаа илэрхийллээ. Энэ нь хуулийг дээдлэх зарчимд нийцсэн, нийтийн оролцоонд түшиглэсэн, ил тод, ардчилсан үйл явцын үр дүнд интернэтийн дэвшилттэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд улс орнуудыг хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг мөн.
Бид Монгол Улсад болон энэ бүс нутаг дахь интернэтийн эрх чөлөөний ач холбогдлыг хэлэлцээд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хувь хүний нэр төр, нууцыг хамгаалах асуудалд ч анхаарлаа хандууллаа. Иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчдын хувь нэмэр, үзэл бодол энэ тал дээр онцгой үнэ цэнэтэй байсныг онцолж байна.” гэлээ. Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллахын төлөө байдгийн нэгэн жишээ нь манай орон хүний эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг “Онлайн эрх чөлөө” эвслийг амжилттай даргалж, эвслийг бэхжүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү бага хурлын үйл ажиллагаа харуулж байна” гэлээ. Мөн УИХ-аас Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг баталсны дагуу төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болсныг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь УИХ-ын дарга, Бага хуралд оролцсон улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бүх илтгэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн уг хуралд 60 гаруй орны төлөөлөл, түүнчлэн ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийв.

эрээр мэдээлэлдээ, 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал хэмээн онцлов. Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжлүүлсэн гэв.

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл ирүүлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж буй тухай иргэдийн өргөдөлд дурджээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулах тухайгаа танилцуулсан юм.

Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудалтай холбоотой Аудитын газар, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт албан бичиг явуулж буй. Энэ тухай санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.