Categories
мэдээ нийгэм

Эрхтний тэнгэрт одтой, хар морь өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 6. Буд гариг, Билгийн тооллын 17. Эрхтний тэнгэрт одтой, хар морь өдөр. Өдрийн наран 05.43 цагт мандан, 20.15 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 17.54 минутад эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Баабар “Янаглан хорлогчид”-ын тухай өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сурвалжлага” эх баригчдийн өдрийг тохиолдуулан хүйн ээжүүдийг онцолжээ. “Хүйн ээжүүдэд хүүхэд эх барьж авах шиг том баяр хаана байх вэ” гэж хүйн ээж ярьжээ.

Баримт үзэл бодол нүүрт Баабар “Янаглан хорлогчидын тухай өгүүлжээ.“Төрийг хүчгүйжүүлж, хийх гэснийг нь зогсоож, машиныг гацааж, ард түмэндээ шударгаа гайхуулдаг нэг төрлийн мэргэжил бий боллоо” хэмээн тэр тодорхойлжээ.

“Улс төр” нүүрт Б.Гарамгайбаатар гишүүн “Таван толгойгоос болоод Монгол Улс унаж гацна гэсэн ойлголт байхгүй” хэмээн ярилаа. Таван толгойн асуудал ҮАБЗ-ийн хурлаар ороод шийдвэр нь гарсан. Тэр шийдвэрийн дагуу гэрээ хэлцэл байгуулагдах ёстой байсан ч тэгээгүй нь тодорхой түвшинд нотлогдсон. Энэ утгаараа зөрчилтэй байдал харагдаж байгаа байх” хэмээн тэр ярьжээ.

“Баримт үйл явдал” нүүрээс “Төв аймгийн цагдаагийн хэлтсийнүүдний өрөөнд амиа егүүтгэжээ” мэдээллийг уншаарай. Өөд болооч цагдаагийн хэлтэст олон тооны мал хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм байна.

Буян Жаргалсайхан“Ийгл” телевизэд танхайрч, сэтгүүлчийг цохисон хэргийн талаар энэ нүүрт мөн мэдээлжээ. Шууд нэвтрүүлэгт орох цагаасаа 20 минут хоцорч ирсэн тэрбээр “Мэдээний дараа ярилцлага хийе” гэхэд шууд уурлаад цохиод авсан гэж хэлмэгдсэн сэтгүүлч нь ярьжээ. Тэрбээр мөн “Надаас уучлалт гуйсан учраас бүх асуудал шийдэгдсэнгэж үзэж байна” гэж хэлсэн байна лээ.

“Спорт” нүүрт “Үндэсний супер лигт харцагууд аваргаллаа” сурвалжлага нийтлэгдсэн байна. Харцага багийн дасгалжуулагчийн яриаг эндээс уншаарай.

“Сонгодог урлаг” нүүрт агуу их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тухай өгүүлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

“Онлайн эрх чөлөө”-ний төвийг Улаанбаатарт байгуулах боломж бий

Дэлхий дахинд интернэт маш хүчтэй, хурдтай хөгжиж байна. Гэхдээ улс орон бүрт өөр өөр хууль эрх зүйн зохицуулалтаар, эдийн засаг, нийгмийн янз бүрийн нөхцөлөөс хамааралтайгаар хөгжиж байна. Интернэтийн хөгжлийг ерөнхийд нь хязгааргүй гэж үзэж байгаа боловч үүний ард хүний эрхийг хамгаалах тухай асуудал, хувь хүний нууцыг хадгалах, элдэв халдлага хүчирхийллээс сэргийлэх тухай асуудал яригдаж байдаг. Тиймээс энэ бүхнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр хамгийн зохистой технологийг эрэлхийлж, шинэ санаачилга хайж туршлагаа хуваалцах үүднээс “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хурлыг жил бүр хийдэг юм. Эвсэл Азийн орноос анх удаа Монголд хуралдсан нь энэ. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн чуулган дэлхийн мэдээллийн технологийн шилдэг компанийн мэргэжилтнүүд, хүний эрхийн байгууллагын төлөөлөл, цахим хэвлэл мэдээллийнхнийг хамарлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж интернэтийн хөгжлийг бүхий л талаар дэмжинэ гэдгэээнэ хурал дээр илэрхийлж,“Онлайн эрх чөлөө”-ний төв оффисыг Улаанбаатарт байгуулах саналыг тавьсан юм. Хурлыг зохион байгуулагчдын нэг, “Глобал партнерс дижитал” байгууллагын төлөөлөгч Andrew Puddephatt-аас “Онлайн эрх чөлөө”-ний төв оффисыг Улаанбаатарт байгуулах санал хэрэгжих боломжтой эсэхийг тодруулахад “Хуралд ирсэн төлөөлөгчдийн хувьд сэтгэгдэл өндөр байна. Бидний ирсэн зорилго тодорхой хэмжээнд биелж, үр дүн гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нээлтийн үеэр хэлсэн үг энэ арга хэмжээний ач холбогдлыг өргөж өгсөн. Монголын Засгийн газраас сайн зохион байгууллаа. Яваандаа онлайн эрх чөлөөний оффисыг энд байгуулах боломж байгаа” гэж хэлэв.

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ 60 гаруй орны төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан, илтгэгчдэд талархал илэрхийлээдМонгол Улс интернэтийн орчинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар санаачилгатай ажиллаж байгааг онцолсон юм. Түүний нэгэн жишээ нь энэхүү “Онлайн эрх чөлөө” эвслийн хурал боллоо гэж байв. Мөн “Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлнэ. “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийг ил тод болгохыг зорьсноо дуулгасан. Интернэтийн эрх чөлөөг бүс нутагтаа хамгаалах, хөхиүлэн дэмжихэд тууштай байр суурь баримталж байгаагаа бас илэрхийлсэн юм.

Өнөөдрийн салбар хуралдаанаар “Монгол Улс дахь онлайн эрх чөлөө ба төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа”, “Олон нийтийг цахим ертөнцөд холбох нь”, “Интернэтийн засаглал ба хүний эрх, ардчиллын үнэт зүйл, нээлттэй, ил тод байдлыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвээр асуудлыг авч хэлэлцсэн юм. Тухайлбал “Монгол улс дахь онлайн эрх чөлөө ба төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа” хуралдаанаар Монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд байгаа зарим асуудлыг хөндсөнөөс гадна “Цахим өртөө”, “Торгоны зам” төрийн бус байгууллагын хийсэн судалгааг танилцуулав. Тэдний судалгаанаас харвал Монголд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэдий хангалттай мэт боловч зарим зохицуулалт, журмаар хязгаарлагдах хандлага ажиглагдсан байна. Жишээ нь, Харилцаа холбооны газраас вэб сайтад сэтгэгдэл бичихэд тодорхой журам гаргаж, мөрдүүлж байгаа. Олон улсад сэтгэгдлийн асуудлыг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдөө дотооддоо зохицуулдаг байна. Харин Монголд ингэж төрийн байгууллага сэтгэгдэл зохицуулах нь оновчгүй гэж салбар хуралдаанд оролцогчид дүгнэж байсан.

Түүнчлэн манай улсын мэдээллийн технологийн салбарынхан дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээс туршлага судлах, тэдэнтэй холбоо тогтоож хамтран ажиллах боломжийг энэ хурал олгов. Тэднийг төлөөлж “EOH” компанийн захирал П.Амараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Гүүгл, Мозилла, Майкрософт зэрэг дэлхийн тэргүүлэгч компанийн төлөөлөгч ирсэн байна. Тэдэнтэй уулзаж, IT-ийн салбарын хөгжлийн талаар ярилцах, санал солилцох, хамтарч ажиллах боломжийг бидэнд олголоо. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын интернэтийн хөгжилд үсрэнгүй амжилт гарсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ ирээдүйд мэдлэг, технологид суурилсанэдийн засгийн хөгжлийг бий болгоно гэж байна. Тэгэхээр Монголын мэдээлэл холбооны компаниуд хүний нөөцөө бодлоготойгоор бэлдэх, санхүүгийн боломжоо нэмэх шаардлагатай. Дотоодын компаниуд санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан гаднаас эксперт урьж авчраад туршлага судлаад байх боломжгүй. Мэдээллийн технологийн компаниуд бол харьцангуй шинэ мэдлэгийг бүтээж, шинэчлэгдэж, хувьсч байдаг учраас ур чадвар арга зүйгээ сайжруулах шаардлага гардаг. Бидний хувьд цаашдаа аутсорсинг хийж, улсдаа технологиор дамжуулан санхүүгийн урсгал оруулж ирэх зорилгыг тавих ёстой” гэсэн юм.

Хурлын төгсгөлд “Улаанбаатарын тунхаг”-ийг танилцуулсан бөгөөд тунхгийг бүрэн эхээр нь http://admin.dnn.mn/%D0%BE%D0%BD%D0%BB%D0%B0%D0%B9%D0%BD… энд нийтлэв.

Ц.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Ази-Европын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны бэлэгдэл, цахим хуудас нээлээ

Италийн Милан хотноо 2014 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалт (АСЕМ)-аар ээлжит 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулах тухай олон нийтэд зарласан билээ.

Монгол Улс энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад онцгой ач холбогдол өгч, тус уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулан ажиллаж байна. Уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд тус зөвлөлөөс АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын бэлэгдлийн уралдааныг 2015 оны 3-р сарын 3-наас 31-ний хооронд орон даяар зарлаж нийт 22 оролцогчийн 35 бүтээлээс эхний гурван байрт шалгарсан бүтээлийг танилцуулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Шалгарсан бэлэгдлийг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болон бусад 10 гаруй салбар хуралдаануудын үеэр албан ёсоор байрлуулан ашиглахаас гадна дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад мөн давхар хэрэглэх юм.

Арга хэмжээний үеэр мөн АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг албан ёсоор нээж буйг зарлалаа.

Ази-Европын уулзалт (Asia-Europe Meeting) буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, 2 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон үйл явц юм. АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

“Онлайн эрх чөлөө” эвслийн даргын мэдэгдэл

1. “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурал тус эвслийн дарга Монгол Улсын удирдлага дор 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.

2. “Онлайн эрх чөлөө“ эвслийн гишүүд бид “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг шилдэг арга ажиллагаа” сэдвийн хүрээнд Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба илт тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг гурван чиглэлээр өргөн хүрээнд үр дүнтэй хэлэлцлээ. “Онлайн эрх чөлөө” эвслийн оролцогчдоос бүрдсэн Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа ч эдгээр чиглэлд түлхүү хандлаа.

3. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг цахим орчинд хүндэтгэх, интернэтийг цаг хугацаа, орон зайны эрхшээлгүйгээр найдвартай, хүртээмжтэй, мэдээ мэдээлэл солилцдог, үзэл бодол, сүсэг бишрэл, итгэл үнэмшлээ илэрхийлдэг, эвлэлдэн нэгддэг, бизнес эрхэлдэг, нийгмийн амьдралд оролцох өргөн боломжийг бүгдэд олгодог чөлөөт индэр болгохыг тууштай эрмэлзэгч төр, засгийн газрууд, хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй олон талын төлөөлөл Улаанбаатарын Бага хуралд оролцлоо.

4. Интернэтийн ашиг тусыг нээлттэй, хүртээмжтэй болгоход харилцаа холбооны хууль, бодлого,зохицуулалтаар дэмжихийг эрмэлздэг улс орнуудад тулгарч буй сорилтуудын талаар Эвсэл хэлэлцлээ. Бид хүний эрхийг хамгаалах бодлогыг цахим орчинд нэвтрүүлэхэд тохиолддог бэрхшээлүүдийг авч хэлэлцэн, интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого боловсруулсан шилдэг үлгэр дуурайллыг онцлон тэмдэглэхийг зорьсон бөгөөд хуулийг дээдлэх зарчимд нийцсэн, бүх нийтийн оролцоонд түшиглэсэн, ил тод, ардчилсан үйл явцын үр дүнд интернэтийн дэвшилтэт бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд улс орнуудыг уриаллаа.

5. Бид Монгол Улсад болон тус бүс нутаг дахь интернэтийн эрх чөлөөний ач холбогдлыг хэлэлцээд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хувь хүний нууцыг хамгаалахын ач холбогдлыг мөн цохон тэмдэглэсэн. Иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчдын хувь нэмэр, үзэл бодол энэ тал дээр онцгой үнэ цэнэтэй байсан. Интернэтийн эрх чөлөөг тус бүс нутагт хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар тууштай байр суурь баримталж буйгаа бид дахин илэрхийллээ.

. Интернэтэд өдөр бүр сая сая хүн шинээр холбогдон, эдийн засгийн өсөлт, хөгжил, иргэний оролцоонд урьд үзэгдээгүй өргөн боломж нээгдэж байна. Энэхүү асар их боломж нь хүний эрхийг хамгаалж хөхиүлэн дэмжих, хил хязгаарыг алгасуулан мэдээ мэдээллийг чөлөөтэй солилцоход тууштай хандахыг шаардаж байна. Цахим орчинд хяналт тогтоох, хууль бус тагнах, хавчин хориглосон хууль тогтоомж батлах замаар хүний үндсэн эрх, эрх чөлөөг хавчин боогдуулах явдал интернэтийн асар их боломжийг үгүйсгэхэд хүрнэ. “Эвслийн гишүүд бид ийм оролдлогыг эсрэг, хүний эрх цахим орчинд ч бүрэн хэрэгждэг байхын төлөө тууштай ажиллах болно”.

7. Сүүдийн үед зарим улс орон, харилцан адилгүй нөхцөл байдалд нийгмийн сүлжээний хүртээмжийг хязгаарлаж буй хэлбэр, тооны хувьд нэмэгдэж байгаа, “сошиал медиа-ийн хүртээмжийг хязгаарлаж буйд “Онлайн эрх чөлөө“ эвсэл 2014 оны наймдугаар сарын мэдэгдэлд дурдсанчлан бид сэтгэл түгшиж байна. Сошиал медиа-аар тарж буй контентийн талаар хүний эрхийн олон улсын хуулиудыг зөрчин ялангуяа сошиал медиа-г хомроглон хааж, хувь хүмүүс цахим орчинд эрхээ эдлэхийг хориглон хязгаарлаж буйг бид дахин буруушаалаа [“Онлайн эрх чөлөө” эвслийн Сошиал медиа-ийн талаарх мэдэгдлийн 1.6 дугаар догол мөр].

8. Тагнан чагнах техник технологи хэрэглэсэн, экспортод нийлүүлсэн талаар “Онлайн эрх чөлөө” эвслийн 2014 оны аравдугаар сарын мэдэгдэлд дурдсанчлан хувь хүний нууцад халдах талаар хүний эрхийн олон улсын хуульд заасныг зөрчин тагнаж чагнах техник төхөөрөмж хэрэглэдэг явдал даамжирсанд бид урьдын адил сэтгэл түгшиж байна. Тагнаж чагнах техник төхөөрөмжийн хэрэглээг хязгаарлахад улс орнууд, төрөл бүрийн оролцогч нар хүчин чармайлтаа чиглүүлэхийн сацуу ийм техник тоног төхөөрөмжийн хэрэглэээ, экспортыг зохицуулах үндэсний хууль тогтоомж, бодлого боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. (Тагнаж чагнах техник төхөөрөмжийг хэрэглэх, экспортлох асуудлаар “Онлайн эрх чөлөө” эвслийн мэдэгдлийн 2 дугаар догол мөр )

9. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд дурдсан, ”Онлайн эрх чөлөө” эвслийн анхны Тунхаглалд тэмдэглэсэнчлэн хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалахад болон Эвслийн үйл ажиллагааны ерөнхий хүрээ хийгээд тэрүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Найробын нөхцлүүд, Таллины асуудлуудад тууштай тууштай байгаагаа бид дахин нотоллоо.

10. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг цахим орчинд хөхиүлэн дэмжих, хамгаалахад тус дөхөм үзүүлэх хөтөлбөр, санал санаачилга, техик технологиудад туслалцаа үзүүлэхийн төлөө бид тууштай байгаа бөгөөд эдгээр хүчин чармайлтад нэгдэн нийлэхийг оролцогч бусад талд зөвлөлөө.

11. Цахим орчинд эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга ажиллагааг цаашид ч хамтран ашиглахад “Онлайн эрх чөлөө” эвсэл болон бусад чуулга уулзалтаар уламжлан дэлхий дахины төр, засгийн газрууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэний нийгмүүдийг уриаллаа.

12. Эвсэлд нэгдсэн Литва, Австрали, Норвеги улсуудад баяр хүргэж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх хамтын хариуцлагад тулгуурлан цахим орчинд эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд тэд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэж итгэж буйгаа илэрхийллээ.

13. Бид “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар Бага хурлыг амжилттай зохион байгуулсанд болон интернэтийн эрх чөлөөг дэлхий дахин түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд Монгол Улсын Засгийн газарт, нийт оролцогчдод, илтгэгч нарт болон дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн бөгөөд цахим орчинд эрх чөлөөг хөхиүлэн дэмжихэд цаашид ч шаргуу ажиллахыг оролцогч талуудад уриаллаа.

14. “Онлайн эрх чөлөө” эвсэл Сайд нарын 6 дугаар бага хурлаа 2016 онд хийнэ гэж итгэж буйгаа бид илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

Балбын хүүхдүүдийг вакцинд хамруулав

албад аймшигтай газар хөдлөлт болсоны дараа халдварт өвчин гарч магадгүй хэмээн эрүүл мэндийн салбарын ажилтнууд анхаарууллаа. Энэ нь ундны ус бохирдсон, эрүүл ахуйн нөхцөл муу, амьдрах нөхцөл шаардлага хангахгүй байгаа зэрэгтэй холбоотой юм. Тиймээс хүмүүнлэгийн байгууллагаас Балбын хүүхдүүдийг улаан бурхан болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулахаар болжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн ойролцоогоор нэг сая хүүхдүүдийг үүнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

Бензэма байхгүй ч гэлээ Бэйл тоглоно

Хөлбөмбөгийн Аваргуудын Лигийн хагас шигшээгийн эхний тоглолт өнөө шөнө Улаанбаатар хотын цагаар бол 03.45 минутад Италийн Турин хотноо “Ювэнтүүс”-“Реал”.Мадрид багуудын тоглолтоор эхэлнэ. “Ювэнтүүс”-ийн хувьд үндсэн тоглогчид нь гэмтэлгүй, баг нь тун саяхан улсынхаа аварга болох болзлыг хангачихсан, нутагтаа тоглоно гээд давуу талууд байгаа бол өрсөлдөнчийнх нь хувьд асуудалтай зүйлүүд мэр сэр бий. Тэд дотоодынхоо тэмцээнд “Барса”-тай ач тач үзэлцэж хожигдох эрхгүй “давхиж” яваа бол үндсэн бүрэлдэхүүнд ч гэлээ зарим нэг нь “жагсаалаас” гарч нэмэр болж чадахгүй хэцүү л байх шиг. Үүний талаар Анчелоти хэлэхдээ “ Бензэмагийн гэмтэл илаарширч амжсангүй. Иймээс түүний олонд Чичарито тоглоно. Харин Бэйл гэмтлээсээ эргэн ирж байгаа. Тэр “Севильиа”-гийн эсрэг хагас цаг гүйсэн шүү дээ. Тэндээс анзаарахад Бэйл бидэнд туслах боломж харагдсан шүү ” гэсэн байна лээ. Энэ тоглолтыг Мартин Аткинсоноор толгойлуулсан Английн шүүгчид шүүн явуулах ажээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Баярцэцэгийн “ЭХО ЛЮБВИ” амьд тоглолт болно

Дуучин Б.Баярцэцэг 05-р сарын 08-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.

Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болно. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байгаа. Уран бүтээлчид хэдийн бэлтгэлдээ гарчихсан байгаа билээ.

Өвөрмөц тембр, импровизаци шаардсан уянгалаг дуунуудаас бүрдсэн Б.Баярцэцэгийн урын сан хөнгөн, цоглог хэмнэлтэй дуунуудаар ч баялаг. Энэ удаагийн тоглолтын хүрээнд түүний урын сан бидний ах эгч, аав ээжийн доргин бүждэг байсан 80-90-ээд оны диско дуунуудаар баяжиж байгаа. Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ. Дуучин Б. Баярцэцэг ЗХУ болон ОХУ-д сургуулиа төгссөн төгсөгчдийг болон орос дуунд хайртай бүх үзэгчдийг хийгээд түүний уран бүтээлийг шимтэн сонссдог хайртай сонсогчдыгоо тоглолтондоо урьж байна.

Тасалбар нь 39,999 болон 119, 999 төгрөгийн үнэтэй байх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Дэлгэрбаярын “Поклонимся” тоглолт энэ долоо хоногт

Монгол улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаярын “ПОКЛОНИМСЯ” аугаа их ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.
Тоглолт 2015 оны 05 сарын 8-нд 19 цагаас СТӨ-нд болно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, дуучин М.Бямба-Эрдэнэ, хөгжимчин М.Хулан, СУИС-ийн найрал дуучид, СИТИ дээд сургуулийн найрал дуучид оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим системээр газар өмчлүүлэх III ээлжийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. Сонгинохайрхан, Шижир уул
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
  4. Баянзүрх, Богдын давааны ам
  5. Хан-Уул, Улаан овоот
  6. Хан-Уул, Улаан овоот
  7. Налайх, Нисэх хотхон
  8. Багануур, Булагтай
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.