Categories
мэдээ цаг-үе

Б.БАЯРЦЭЦЭГ: “Содон аялгуу”,“Дурласан цас” дуунуудаа их хүч зарж байж өөрийн болгосон

-“ЭХО ЛЮБВИ” ТОГЛОЛТОНДОО ӨӨРИЙГӨӨ ЭВДСЭН ДУУНУУДЫГ ЗОРИГТОЙ СОНГОСОН-

Дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.

Өвөөг тань Богдын дуучин байсан гэж сонссон. Танай удамд урлагийн хүмүүс олон бий юу?

– Эмээгийн дүү Өлзий гэж Монголын ганц эмэгтэй туульч ерөөлч бий. “Эртний сайхан“ чуулгад тоглодог юм.Аавын минь уг гарал Баянхонгор аймаг. Аавын аав Равдандорж хошууныхаа сүүлчийн ноён байсан гэдэг.Одоогийнхоор Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн л дээ. Том хүү нь миний аав. Аавын ээж Цэен гэж хүн байсан юм. Миний эмээ. Эмээгийн аав Дандардоржгэжих сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Богдын туслагч цолтой, Богдын хүсэлтээр ордонд нь очиж дуулдаг байсан гэдэг.Богд хаан хоёрхон хүнд төрийн дуучин цол олгосон байдгийн нэг нь миний элэнц өвөө. Баянхонгор аймгийн Галуут суманд өвөөгийн тахиж байсан овоо бий. Нутгийнхан нь их шүтнэ. Манайхан өвөөгийнхөө тахиж байсан овоог дөрвөн жилд нэг удаа очиж тахидаг юм. Тэр үед найр хэд хоногоор үргэлжилдэг байсан гэж ярьдаг. Элэнц өвөө минь тэр олон өдөр нэг ч дуугаа давталгүй дуулдаг байсан гэдэг. Өвөөгөө дурсахаар уртын дууны сан хөмрөг гэж үнэхээр баялаг юм даа гэсэн бахархах сэтгэл төрдөг.

Дуучин өвөөгийн охин бүр багаасаа л дуулах дуртай байсан уу?

-Би чинь гэртээ соёлын тэргүүний ажилтан нь байлаа шүү дээ (инээв). Манайх гэртээ гэр бүлийн тоглолт хийнэ. Аав баян хуур тоглоно, ээж шүлэг уншина, бүжиглэнэ. Хамгийн авьяасгүй нь ах эгч хоёр. Нөгөө хоёрыгоо хорт зогсоочихно. Би гоцлол дуучин нь болно. Ээж тэр үедахуйн үйлчилгээний цэгийн эрхлэгч байсан юм. Нийгмийн идэвх гэж жигтэйхэн. Хамтарч ажилладаг оёдолчидтойгоо концерт зэрэг элдэв арга хэмжээ зохионо. Би гэдэг хүн тэр болгонд л дуулаад гүйдэг байлаа. Одоо бодох нь ээ дөрөв, тавтай л байсан болов уу.

ХААИС-д тооны чиглэлээр сурч байсан гэж дуулсан юм байна. Яагаад сонирхлоосоо тэс өөр чиглэлээр сурах болов оо. Ээж, аавын нөлөө байв уу?

-Аравдугаар ангиа төгссөний дараа СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй юм. Ээж ч уухайн тас “Харав уу, чи авьяасгүй юм байна. Миний охин урлагаар хол явахгүй” гээд ХААИС-д оруулчихсан. Тухайн үедээ ээждээ, өөртөө гомдоод уйлаад сүйд болж байлаа. Тэгээд л ХААИС-д сурсан нэртэй, СУИС дээр өнждөг ажилтай болсон доо. СУИС-ийн оюутнууд хачин гоё. Энд тэндгүй гамм уншсан хүүхдүүд. Тайзных нь оюутнууд дүрээ бэлдэцгээгээд. Яг л миний хүсч байсан орчин. Нэг их өрөвдмөөр царайлсан хүн тэнд өрнөж байгаа бүхний хараад зогсчихно доо. Би бараг олны танил болсон байх аа (инээв). Ийм маягаар гурван жил орчим явлаа. Сүүлдээ тэсрээд шууд захирлынх нь өрөөнд явж ороод “Би ХААИС-ийн оюутан. Удахгүй төгсөх гэж байгаа. Миний байх ёстой газар энэ” гэж хэлээд уйлаад зогсчихсон. СУИС шалгалтаа аваад дуусчихсан байсан үе. Алтангэрэл багш элсэлтийн шалгалт өнгөрсөн ч гэсэн тусгай комисс гаргуулж намайг шалгуулж байлаа. “Та нар энэ охиныг сонс доо, их хэцүү хүүхэд ирчихлээ” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Улсын филармонийн нэг өрөөнд шалгуулж байлаа.

Тусгай комиссын шалгалтын үеэр ямар дуу дуулаад СУИС-ийн босгыг давчихав?

-Сарантуяа эгчийн “Хайрын бурхан”, “Дурласан сэтгэл” гэсэн хоёр дууг дуулсан юм. Би Сараа эгчийн дууг сонсч өссөн охидын нэг л дээ. Бүх дууг нь мэддэг. Жаахан охинхэрнээ хайрын дууг нь хамаг зүрхээрээ сонсдог байлаа. Ямар сайндаа л хотод анх орж ирээд Сараа эгчийг 69-нд сууж байхыг нь хараад хэдэн өдөртөө аз жаргалтай байхав. Шалгуулахдаа Сараа эгчийг яг дуурайгаад дуулчихлаа. Хөөрхөн сонсголтой, темп, ритм, хоолойны өнгө сайн гэсэн магтаал, хүн дуурайж дуулах хэрэггүй, өөрийн гэсэн өнгөтэй бай гэсэн зөвлөгөө сонсоод хөөр болсон хүн л филармонийн өрөөнөөс гарсан даа. Ийм түүхтэйгээр СУИС-ийн хандивын ангид орж байлаа.

Таны сүүлд дуулсан “Содон аялгуу”-г youtube-ээс харахад хоёрсая хандалт ирсэн байсан. Гурван сая хүнтэй улсад их тоо шүү. Ямар түүхтэй дуу вэ?

-Чука ах бид хоёр аль эртнээс дуутай болно гэж ярьдаг байсан юм. Арван жилийн өмнө нэг уянгын дуу сонсгосон ч дуулж чадахгүй гэдгээ мэдсэн үү ямар ч байсан дуулаагүй өнгөрсөн. Чука ахын тоглолт дөхөж байсан үе л дээ. Нэг өдөр над руу утасдаад “Баяраа чи нэг дуу сонс доо” гэлээ. Яваад очлоо.“Ах нь дууны үгээ ухаж байсан чинь Баярхүүгийн нэг ийм үг гараад ирлээ. Ая хийсэн чинь нэг ч үгэнд нь засвар орсонгүй” гэж байна. Чука ах эхлээд өөртөө бичье гэж бодсон юм билээ. Сүүлд бүтнээр нь сонсоод надаар дуулуулах санаа төрсөн гэсэн. Анх сонссон чинь санаанд буудаггүй ээ. Чука ахын өрөөнд зөндөө бэлдлээ. Сүүлдээ бүр хоолой сөөгөөд. Их өндөр өнгөнөөс эхэлдэг дуу л даа. Гэртээ очоод бэлдлээ. Нэг л болж өгдөггүй. Студи дээр итгэл муутай ирээд дуулсан чинь хүн бүр дуртай сонсч, зарим нь бүр “Шууд хит дуу” гэдэг байгаа. Би нэг дуу барьж авахаараа “нухаад” суучихдаг зантай. “Содон аялгуу” –г нэлээд цаг авч байж өөрийн болгосон шүү.

Хамтран ажиллах дуртай, гар нийлж ажилладаг хөгжмийн зохиолч олон биз?

-Монголчуудын хүндэлж хайрладаг бүх л хөгжмийн зохиолчтой хамтарч ажилласан гэдэг утгаараа би их азтай хүн. Анх удаа Балхаа ахын дууг дуулж байлаа. “Элсний нүүдэл” киноны дууг. Балхаа ах бид хоёр арав гаруй дуутай. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржах байна. Дуу нь их гоё. Чука ахтай удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Сүүлийн үед төгөлдөр хуурч, “Арга билиг” хамтлагийн продюсер Пүрэвсүхтэй түлхүү хамтарч байгаа. Гайхалтай авьяастай залуу.

Хүчээ шавхаж, хөлсөө гаргасан бүтээл гэвэл аль дуугаа онцлох вэ?

-Хайнга хандсан дуу байхгүй шүү. Олон жилийн настай дуу хийхсэн гэж хүсч зорьж ажилладаг. Хамгийн их хүч гаргаж, хөлсөө шавхсан дуу гэвэл “Дурласан цас”-ыг онцолно. Эхлээд дууг нь ойлгож өгөхгүй нэлээд хугацаа авсан л даа. Одоо ч гэсэн гараас гарч өгөхгүй нэг дуу байна. Болор-Эрдэнийн шүлэг, Пүрэвдорж ахын ая “Намайг хүлээсэн эх орон бий” гэдэг дуу. “Дурласан цас” дууны хувьд Пүрэвсүх аяыг нь зохиочихоод шүлгэн дээр нь нэлээд удсан юм билээ. Болор-Эрдэнийн “Цас хүнд дурлажээ” гэдэг өгүүллэг байдаг юм.Тэр өгүүллэгээс санаа авч үгийг нь хийсэн л дээ. Манай Болор-Эрдэнэ хөгжмийн мэдрэмжтэй болохоор үг, ая нь гайхалтай зохицсон. “Дурласан цас” бол романтик дуу. Би өмнө нь ийм дуу дуулж байгаагүй. Зүгээр нэг хайрт минь гэж хандаж дуулаагүй болохоор их хүч шаардсан. Клип нь ч их удсан.

Ялалтын баярын өмнөх өдөр орос дууны концерт тоглоно гэж сонслоо. Хэдэн жилийн өмнө, орос дууны концерт хийсний чинь дараа “Баярцэцэг оросоор их цэвэрхэн дуулах юм” гэсэнмагтаал их сонсогдсон…?

-Манай аав, ээжийн найзууд дандаа оросууд болохоор багаасаа орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Манайд Монгол телевиз гардаггүй байлаа. Дандаа орос суваг үзнэ. Бүр сүүлд ес, аравдугаар ангид байхдаа л Монгол телевиз үзэж байсан санагддаг юм. Орос дууны өмнөх концертын хувьд “Поло артс”-тай байгуулсан гэрээнийхээ дагуу цомог гаргаж, борлуулалттай цомгоор шалгарсны дараа хийсэн л дээ. Тэр тоглолтын дараа хүмүүсээс орос дуугаараа концерт хийгээч гэсэн хүсэлт их ирдэг байсан. Энэ жил эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа болохоор, хүмүүсээс орос дууны тоглолт хийгээч гэсэн хүсэлт их ирдэг учраастоглолт хийе гэж бодсон юм.

-“Поло артс” чинь ямар байгууллага билээ?

-Классик стилийн цомог гаргадаг газар. 2008 онд “Пола артс”-тай гэрээ байгуулж байсан юм. “Поло артс” дан гадаадын уран бүтээлчидтэй хамтардаг. Дэлхийн алдартай хүмүүстэй хамтарч цомог гаргаад Хятадад борлуулдаг байгууллага. “Поло артс”-тай анх удаа хамтарсан монгол уран бүтээлч нь би юм билээ. Цомгоо гаргаад ирэхэд нэг уран бүтээлч “Энэ бол интернэшнл цомог. Жааз дуу, монгол Баярцэцэг, хятад хөгжимчид, орос дуу байна” гэж ярьж байсан. Тэр цомог маань 2008 онд Хятадын хөгжмийн наадмаас хамгийн сайн борлуулалттай цомгоор шалгарсан юм.

Энэ жилийн орос дууны тоглолтын онцлог нь юу вэ?

-Миний хувьд “Bayartsetseg Music Entertainment “ гэдэг энтертайнмент үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж байгаа. Удахгүй болох тоглолт маань энэ компаниас зохиож байгаа хамгийн анхны үйл ажиллагаа нь. Хүмүүс зураг авалтаасаа эхлээд шинэлиг уур амьсгалтай, Баярцэцэгийг өөрөөр харуулсан тоглолт болох нь гэсэн мэссэж авсан байна лээ. Миний тоглолт болох Crocus event hall-ийн интерьер нь жаахан бараандуу. Тэг чигээр нь цав цагаан болгоно. Тайзны хувьд эмэгтэйлиг, классик стильтэй байх юм. Концертоо театральний маягаар найруулж байгаа учраас дуу бүр тайзан дээр өвөрмөц шийдэлтэйгээр хийгдэж байгаа. Хүмүүс намайг уянгын дуугаар минь илүү хүлээж авсан нь анзаарагддаг. Энэ удаагийн тоглолтын үеэр огт өөрБаярцэцэгийг харах болов уу гэж бодож байна. Намайг өөрөөр харуулах болов уу гэсэн дуунуудыг зоригтой сонгосон. 80, 90 оны дискотека хэсэг тоглолтын ихэнх хувийг эзэлж байгаа. Ялалтын баярын өмнөх өдөрболж байгаа учраас эх орны дайны үеийн сэдэвтэй дуунууд дуулна. Наяад онд монголчууд олноороо хойд хөршид сурдаг байсан. Тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулна. Судалгаа хийж, хүмүүсээс санаа оноо сонсч, хамгийн гоё гэсэн дуунуудыг шигшиж оруулж байгаа.

Хүмүүсийн сонсох дуртай ямар дуучны дуунууд эгшиглэх бол?

-Анна Герман, Алла Пугачёва зэрэг мундаг дуучдын дуунуудаас сонгосон. Тоглолтоо Анна Германы “Эхо любви” гэдэг сайхан дуугаар нэрлэлээ. Маш олон хувилбар дундаас сонгосон нэр л дээ. Хайрын чимээ, хайрын дуу, хайрын төвөргөөн гэх мэтээр монголчилж болох байх. Миний цомгоос ганц, хоёрхон дуу орж байгаа. Тоглолтын үеэр нийтдээ25 дуу амьдаар дуулна. “A sound” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Намайг мэдэрдэг, ойлгодог хүмүүсээр багаа бүрдүүлсэн болохоор энэ удаагийн тоглолтыг гайхалтай чадварлаг, нэр төртэйгөөр даваад гарна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Тасалбар худалдаанд гараад эхэлчихсэн үү?

-“Hi Fi рекордс”-ын бүх салбараар худалдаалаад эхэлчихсэн. 1950 үнэгүй хүргэлт хийнэ. Мөн easyticket.mn сайт руу ороод электрон байдлаар захиалах боломжтой. Энэ сайтны 1188 дугаар руу залгаад авч болно. Мөн “Милая” сүлжээ рестораны салбаруудаар борлуулж байна.

Тасалбар энгийн, вип гэсэн ялгаатай юу?

-Хоёр төрлийн тасалбар худалдаанд гарсан. Нэг нь халуун хоол зууштай, тухтай орчинд ширээний ард суугаад үзэх боломжтой тасалбар байгаа. Хоёр дахь ангилал нь энгийн суудал. Ирсэн хүн бүрдарс шимж амрангаа тоглолтдоо сэтгэл санааны хувьд бэлэн болоод орох тухтай орчныг бүрдүүлнэ. Аль ч тасалбарыг нь сонгосон сэтгэл ханамжтай үлдэх бүх л боломжийг ярилцаж ажиллалаа.

Тавдугаар сарын 8-нд л ганц өдөр тоглох уу?

-Тэгнэ. Тавдугаар сарын 8-ны 19.00 цагт Crocus event hall-д ганц удаа болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөх байх хэмээн таамаглаж байгаа юм. Мөн Ардчилсан нам доторхи хагарал, маргааны талаар тайлбар хийхээр болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан

Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүд хүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд эдийн засагт ямар хохирол гараад байна?

-2011, 2012 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг одоогийнхтой харьцуулахаар ойлгомжтой дүр зураг гарч ирнэ л дээ. Эдийн засаг тэр үеийнхээс эрс муудсан нь шийдвэр гаргагчдын алдаатай бодлого, үг яриа, үйлдэл, хандлагатай шууд холбоотой. Үнийн өсөлт их байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарчихсан. Экспортын голлох барааны үнэ унасан. За тэгээд мөнгөний ханш, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ гээдбүгд таагүй үзүүлэлттэй байгаа. Чихэнд чимэгтэй нэг л мэдээ байна. Инфляци буурсан. Нэг талаараа сайн мэдээ ч гэлээ сөрөг тал бий. Эдийн засаг өсч байгаа үед инфляци нэмэгддэг. Харин эдийн засаг унахаар буурдаг. Худалдан авах чадвар буурсан учраас тэр.

Бас экспорт импортоосоо давсан нь сайн үзүүлэлт гэж яриад байгаа?

-Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарч байгаа нь мөн л хоёр талтай. Оюу толгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг. Оюу толгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд.

Оюу толгой төсөл Монголд юу өгсөн гэж та бодож байна?

-Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдаж ажлууд нь 2010, 2011 онд эхэлсэн байдаг. Монголын эдийн засаг 2011 онд оргил цэгтээ хүрч өссөн. Жилдээ 4.6 тэрбум ам.долларын буюу тухайн үедээ манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний гадны хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Монголын Хөрөнгийн биржийн индексүүд өсч байлаа. Гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж доллартай харьцах ханшнь 1400 гараад явж байсан төгрөг 1200 руу орсон. Төгрөг чангарсан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл байсан учраас 2012 оны сүүлээр бид гаднаас мөнгө зээлэх боломжтой болсон. Чингис, Самурай бонд гаргаж мөнгө босгосон гол шалтгаан нь дэлхийн хэмжээний том төсөл хэрэгжсэнийх. Тийм ч учраас цалин хөлсийг дэс дараатайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр гэхэд гурав дахин нэмэгдсэн. Цалинг хоёр дахин нэмж байлаа.Улсын төсөв 2005 онд хоёр их наяд орчмоос таван их наяд руу өссөн. Наад зах нь Улаанбаатарын гудамжаар алхаад үзэхэд л том төслийн хөрөнгө оруулалтын нөлөө харагдана. Хөдөө аймгууд руу засмал замаар жирийлгэж байна. Өмнө нь ийм байгаагүй.

Оюу толгойн нөлөөгөөр ийм дэвшилд хүрсэн гэж ойлгож болох нь ээ?

-Шууд болон дайвар нөлөө нь гэж харж болно. Том төслийн өгөөжийг өөр олон жишээгээр тодруулах боломжтой. Ажилгүйдлийн тоо, ядуурлын төвшин байна. Манай улсын ядуурлын төвшин гэхэд л өмнө нь 33 хувьтай байсан. Том төсөл хэрэгжсэний нөлөөгөөр 27 хувь болж буурсан. Монголын түүхэнд анх удаа ийм эерэг үзүүлэлт гарч байлаа. Харамсалтай нь сүүлийн гурван жилд ядуурлын төвшин эргээд гуч руугаа дөхчихлөө л дөө.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт саадгүй хийгдсэн бол эдийн засаг өдийд ямар дүр зурагтай байх байсан бол. Хэлэлцээр сунжирсан хоёр жилийн хугацаанд бид ямар боломжуудыг алдчихав?

-Тэр үед Оюу толгойн үр нөлөөний талаар эдийн засагчдын гаргасан прогноз, дүр зураг өчнөөн бий. Хамгийн наад захын том нөлөө гэхэд өнөөдөр бид дунд орлоготой орнуудын төвшинд очих байсан. Бүх аймгууд авто замаар холбогдох байлаа. Улаанбаатар хот дотор засч, янзалж, шинээр барихаар төлөвлөсөн замуудын бүтээн байгуулалт асуудалгүй өрнөх боломж байсан. Агаарын бохирдол ч мэдрэгдэхүйц хэмжээгээр буурах байсан.

Том төслүүдийн шууд орж ирсэн хөрөнгө оруулалт эдийн засагт эргэлдэхдээ үрждэг гэсэн судалгаа, тооцоо бий. Жишээ нь Оюу толгойн үржүүлэгч нөлөөг та яаж харж байна?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын нөлөөг бид амьдралд дээрээ харсан учраас айхтар онол ярих шаардлагагүй. Оюу толгой бол говьд, урд хилийн орчим хэрэгжиж байгаа төсөл. Энэ төсөл хэрэгжиж хөрөнгө оруулалт орж ирснээр Улаанбаатарт барилгын boom болж зочид буудлын бизнес хөгжлөө. Олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт ажиллаж эхэлсэн. Жуулчдын тоо ихэссэн. Наад зах нь хүн бүр “приус” гэдэг машинтай боллоо. Үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ. Оюу толгойг дагаж орж ирсэн бусад хөрөнгө оруулагч байна. Монголчууд ийм том бизнес эхэлсэн юм чинь бидэнд ч ашиг олох боломж байгаа гээд хөрөнгөө оруулсан өчнөөн бизнесмэн бий. Оюу толгой худалдан авалтаа хийж байгаа. Төсөл тойрсон худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчид гэж ирээд яривал энэ том төслийн үржүүлэгч нөлөө нь их л дээ.

Оюу толгой төслийн дараагийн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ, хамгийн том эрсдэл нь?

-Өнөөдөр төсвийн байдал хүндэрчихсэн. 90-ээд оны сүүл рүү тэтгэврээ тавьж чадахгүй хоцроож байсан үе бидэнд бий. Төсөв өртэй, данс улайсан үе Монголд байсан. Тэр үеэ дахиад нэг удаа туулах хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулалтын хувьд бүр зогсох байх?

-Гадаад, дотоод гэлтгүй бүгд зогсоно. Гадны хөрөнгө оруулалт өнөөдөр таг зогсчихсон байгаа шүү дээ. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь татагдаж байна. Байдал ийм хэцүү байхад хөрөнгө оруулалтаа үргээсэн, хөрөнгө оруулагчдыг айлгасан алхам хийсээр байна. Саяхны жишээ гэхэд “Хан ресурс” .Арбитрын шүүхээс “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төл гээд байхад л төр төлөөлсөн хүмүүс нь “Төлөх ёсгүй байгаа юм аа” гэж яриад сууж таарахгүй л дээ. Хоёр хүн шатар тоглож байна гэж төсөөлье. Хүүг нь морь шиг нүүгээд байвал тоглоомын дүрэм алга болж, шатар тоглох боломжгүй болж таарна аа даа. Өнөөдөр бид яг л ийм шударга бус үйлдэл гаргаж байна. Лиценз өгч, мөнгийг нь гаргуулж бөөн ажил удчихаад дараа нь “Ерөөсөө та нарт өгөхөө болилоо” гээд өөр хүнд өгөхөөр хэн ч гэсэн зарцуулсан мөнгөө олж авахын төлөө явна. Зарцуулсан мөнгөө авъя гэж олон улсын шүүх дээр очоод шийдвэр гаргуулчихаад байхад “Наадах чинь худлаа” гээд байж таарахгүй.

Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт орж ирж, баялгийнх нь 80 хувь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл эдийн засаг тийм амархан сэргэх болов уу?

-Ерөөсөө л 2009, 2010, 2011 он давтагдана. Хөрөнгө оруулалт сэргэнэ, эдийн засаг өснө. Бид 2008 онд ядуу буурай улсын тоонд орж байгаад 2012 онд дунд орлоготой орны тоонд багтаж байсан шүү дээ. Оюу толгойн нөлөөгөөр л нийслэлийн дүр төрх өөрчлөгдсөн. Бидний өмсч зүүж, идэж уух хэрэглээ өөрчлөгдсөн. Энэ бүхэн бидний нулимаад дэвсээд байдаг уул уурхайн л үр нөлөө. Монголын хөгжил уул уурхайтай шууд холбоотой. Эдийн засгаа ногооруулна, солонгоруулна гэхээсээ илүү эхлээд борлуулах хэрэгтэй. Капитализмын зах зээлийг бий болгож,яс махандаа шингэтэл ойлгодог болох учиртай. Яагаа ч үгүй байж ногооруулна гэж ярих утгагүй. Би даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм. УИХ-ын зарим гишүүн хуулинд тэрийг төчнөөн төгрөгөөр даатгана гэж үнийг нь заах санаа оноо гаргаж байна. Хуучин нийгмийн Төлөвлөгөөний комиссоос долоон дор зүйл л дээ. Социализмын үед ядаж л хуулиндаа үнэ заадаггүй байсан. Ийм холимог саармаг системээр хойш, урагшаа, хойшоо алхаж байтал дэлхий биднийг хаяад урагшилж байна. Том төслүүд дээрээ ч капитализмын, чөлөөт зах зээлийн хандлагаар хандах хэрэгтэй.

Эдийн засагч, шинжээчдийн дүгнэлт, уул уурхайгаараа хөгжилд хүрсэн улсуудын жишээг хараад байхад мега төсөлгүйгээр хөгжлийг төсөөлөх аргагүй гэсэн бодол төрдөг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Та бидний хүүхдийн ирээдүйгээр популистууд тоглож байна. Оксфорд, кембриждийг нэвтрүүлье гэхээр хэрэгжүүлэх мөнгө нь байдаггүй. Хэрэгжүүлэх гэсээр байтал миний, таны хүүхэд сургуулиа төгсөнө. Бүхэл бүтэн үеийг хохироогоод байна л даа. Бид Оюу толгойгоос илүү хүнээ бодно гэж ярьсан хэрнээ үнэн хэрэгтээ хүнээ алаад байна. Уг нь Оюу толгойгоос орж ирэх мөнгөөр хүнээ боловсруулж байж эдийн засаг солонгорох процесс явагдана. Хоосон толгойтой баахан улс “Бид Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд хаашаа ч явахгүй. Төв талбайгаасаа холдохгүй. Америк, Европ, Хятадын залуустай “Гүүгл”, “Майкрософт”-ын ажлын байранд өрсөлдөж ялаадгарч ирж чадах хүмүүсийг бэлдье гэвэл өнөөдөр нүүрсээ зарж олсон мөнгөөрөө хүүхдүүддээ өндөр боловсрол олгох хэрэгтэй. Тэгж байж монгол залуус шилдэг компанид ажиллана. Уул уурхайгаас баялгийн санд хуримтлуулсан мөнгөөр технологи боловсруулдаг компаниудын хувьцааг авч тэр том компаниудын төвүүдийг эх орондоо нүүлгэж ирж байж, бид өөрсдөө ТУЗ-д нь сууж байж эдийн засаг солонгорно. Тэгэхгүйгээр зүгээр л цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж, 2000 жилийн өмнө байсан байгаагүй булшны тухай яриад суувал хөгжил ирэхгүй. Байсан байгаагүй булш яриад амьд хүмүүсээ булшлаад байна гэдэг дэндүү харамсмаар зүйл.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мэндбаяр: Суллагдаад ирэхэд 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг минь хоёрхон тэрбум болгоод үгүй хийчихэж

-МАРГААШААС ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙН ХААЛГЫГ ӨШИГЛӨӨД ОРНО. ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА НӨХДҮҮД ҮҮДЭЭ НЭЭЖ ӨГӨӨРЭЙ-

Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр суллагдаад арав гаруй хонож байгаа аж. Ж.Мэндбаяртай хамт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлэн шоронд хорьсон бөгөөд хадгаламж зээлийн хоршоотой нь гэрээ байгуулсан хүмүүсийг хүчээр хохирогч болгосон гэж үзэж байгаагаа яриад үүний үр дүнд мянга гаруй айл хүнд байдалд байгааг ярилаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мэндбаяртай ярилцлаа.

Таныг анх баривчлахдаа хадгаламж зээлийн хоршооны хэргээр шалгаагүй гэдэг юм билээ. Ямар үндэслэлээр шалгаж, хорьсон билээ?

-Тухайн үед Монголд анхны 26 давхар орон сууц барихаар ажиллаж байлаа. Гэтэл 2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 02.00 цагийн орчимд УМБГ-аас шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хорьсон шүү дээ. Прокурорын гарын үсэггүй, шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьсон нь Монголын хууль болон олон улсын Хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн ажиллагаа байлаа. Тэгэхдээ надад татварын хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн албан тушаалаа ашиглаж хоршооны мөнгийг өөрийнхөө компанид зээлдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр хэрэг үүсгэж байсан. Үүнээс болоод нэг ч удаа хаалгаа барьж үзээгүй “Глоб кредит” ХЗХ-ны үүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ингэснээр хадгаламж эзэмшигчид бухимдаж, хардах сэрдэх ажиллагаа эхэлсэн. Үүнээс гадна “Глоб” группийн бүх компанийн хөрөнгийг битүүмжилж, бүх үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Эндээс манай харилцагч, хадгаламж эзэмшигч болох 1000 гаруй хүн хохирч үлдэх зам нээгдсэн.

Танд үүсгэсэн эрүүгийн хэрэг юу болсон бэ?

-Би татварын илүү төлөлттэй, өөрөө хоршооны гишүүн байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хадгаламж нэрээр иргэдээс мөнгө татсан, орон сууц барьж өгөх нэрийдлээр захиалагчдаас арван хувийн урьдчилгаа авсан, хаалттай бонд гаргах нэрийдлээр бусдаас мөнгө авч залилсан гэх гурван үйлдэл тулгасан. Ингээд өмнө нь хэрэг үүсгэсэн зүйл ангиа залилан болгож өөрчилсөн. Ингээд 1233 хохирогчийг хүчээр бий болгож, манай группийн бүх үйл ажиллагааг зогсоосон учраас хадгаламжийн мөнгө олгох, барилгын ажил үргэлжлэх боломж олдоогүй. Бондын үйл ажиллагаа ч зогссон. Өөрөөр хэлбэл, группийн үйл ажиллагааг зогсоож, хүчээр хохирогч бий болгох бүдүүлэг алхмыг тухайн үеийн хүчний байгууллага хийсэн. Ингэхдээ хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр “Мэндбаяр олон мянган хүнийг залилсан, Глоб луйврын уул уурхай байсан” гэх мэтээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа идэвхтэй явагдсан. Олон нийтийн санаа бодлыг ингэж угаах нь хэлмэгдүүлэлтийн сонгодог хэлбэр л дээ. Надад арван жил хорих ял онооход нийгмийн бүх давхаргын сэтгэл зүйг бэлтгэчихсэн байлаа. Учир нь тухайн үед олон нийт намайг залилагч, маш олон хүнийг залилсан гэдэг сэтгэл зүйтэй болчихсон байсан. Гэтэл би шоронд явснаар 1233 хохирогч бүрмөсөн хохирч үлдэх зам баталгаажсан.

Хохирогчид таныг батлан даалтан дааж, суллуулах хүсэлт гаргаж байсан байх аа?

-Хохирогчид гэж нэрлэгдсэн хүмүүс намайг батлан даалтад гаргах саналыг удаа дараа гаргаж байсан. Мөн миний саналаар “Глоб”-ыг хувьцаат компани болгож үнэт цаасаар учрах гээд байгаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг хамтарч авах хүсэлтэй байлаа. Энэ саналыг хоршооны нийт гишүүдийн 98 хувь нь дэмжиж байсан ч төр хүлээж аваагүй. Хэрвээ мөрдөн байцаалтын үед ийм арга зам авсан бол хохирогчид өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан. Мэндбаяр яах вэ, арван жилийн ялаа эдлээд явдаг л юм байгаа биз. Хэрвээ тэгж шийдсэн бол Мэндбаярыг шоронд хийх боломжгүй байсан учраас төр анхааралдаа аваагүй. Гадны түншүүд ирж “Мэндбаярын 10 сая ам.долларын хохирлыг төлчихөөд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэхэд хүлээж аваагүй. Тухайн үед Монголд анхны амины сууцны хороолол барихаар гадныхантай төсөл хэрэгжүүлж байлаа. 26 давхар зочид буудал барихаар бэлтгэж байлаа. Нарны гүүрийг жаахан цаагуур тавихаар Хятадын компанитай хамтран ажиллаж байв. “Глоб”-ын ажил үргэлжилж, барилга барьж, хадгаламж олгогдож байсныг манай харилцагчид бүгд мэдэж байсан. Гэнэт хаалгыг нь барьчихаар хүмүүс мөнгөө авна гэх нь аргагүй биз дээ.

Хохирогчид гомдол гаргаагүй, хамтраад хохирлоо барагдуулъя гэж байсан. Ер нь хэний гомдлоор танд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Энэ бол эрүүгийн болон иргэний хэргийн аль нь ч биш. Хууль мэддэг хүн бүр мэддэг ч төрийн машин ажиллаад эхэлсэн учраас асуудал шийдэгдсэн гэж үздэг. Жишээлбэл, Намайг шийтгэсэн шүүхийн шийдвэрт шүүх Иргэний хуулийн мөнгөн хадгаламж гэсэн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т -Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно”, Хоршооны тухай хуулийн хадгаламж, зээлийн хүүний талаарх заалт зэргийг үндэслэн хадгаламж эзэмшигчдэд хүү тогтоосон байдаг. Эндээс би банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, харилцагчидтай эрх зүйн харилцаа тогтоосон зэргээр иргэний үйл ажиллагаа явагдаж байсныг шүүх өөрөө тогтоосон. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад төр дундуур нь орж ирж, хүчээр зогсоогоод “Энэ Мэндбаяр та нарт мөнгө өгөхгүй” гээд нэгийг нь шоронд хийж, нөгөөдөхийг нь үсийг нь зулгаалгаад үлдээсэн. Ийм л зүйл болсон. Хэрвээ эрүүгийн хэрэг мөн байсан бол хүү тогтоох ёсгүй байсан. Зөвхөн иргэний хэрэгт хүү тогтоодог. Шүүх эрүүгийн хэрэг биш гэдгийг тогтоосон нотлох баримт нь харилцагчдад хүү тогтоосон баримт шүү дээ.

Орон сууц захиалагчдыг залилсан гэдэг хэргийн тухайд яриач?

-“Баянгол дүүргийн IV хорооны нутагт 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч албан ёсоор батлагдсан газрын зөвшөөрөл, зураг төсөл, экспертизийн дүгнэлт байхгүй байхад 2007 онд ашиглалтад оруулна гэж зарлан, иргэдээс хууль бусаар захиалга авч залилсан” гэж ялласан. Гэтэл орон сууц барихаар төлөвлөсөн газрыг хууль сахиулагчид битүүмжлэн хурааж аваад 70 сая төгрөгөөр зарсан байдаг. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг 70 сая төгрөгөөр зарсан шүү. Газар байхгүй гэж яллачихаад тэд хаанаас газар гаргаж ирж 70 сая төгрөгөөр зарав. “Хохирогч Дамдинсүрэн барилгын зураг төсөв хүлээлгэн өглөө” гэдэг тодорхойлолт хавтаст хэрэгт байж байдаг. Газрын гэрчилгээ, барилгын зураг төсөв хавтаст хэрэгт бий. Экспертизийн дүгнэлтийг хохирогчид Барилгын өмчлөлийн төвөөс олж авсан байдаг. Гэтэл намайг юу ч байхгүй гээд яллачихсан. Энэ бүхнээс миний хэрэг эрүүгийн хэрэг биш гэдэг нь маш тодорхой. Шүүх ч хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл яагаад иргэний хэрэг биш гэж?

-Хэн нэгэн хүн намайг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний хэрэг үүсдэг. Гэтэл нэг ч хүн гомдол гаргаагүй байсан. Нэг ч өргөдөл, гомдолгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн барьж хориод арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл оноосон. Тэр ялыг би биеэр эдлээд арав гаруй хоногийн өмнө суллагдлаа.

Тухайн үед танай группийн дампуурлыг албан ёсоор зарлаагүй байх аа?

-Үгүй. “Глоб”-ыг дампуурсан гэдгийг шүүх тогтоогоогүй. Мэндбаярыг шоронд хийгээд, “Глоб”-ын хаалгыг хүчээр хаасныгаа дампуурсан гэж нэрлэсэн. Тухайн үед банк хүндэрсэн, хоршоодыг байхгүй болгох сонирхол байсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Төр банкийг аврах нь зүй ёсны хэрэг. Тухайн үед би төрд байсан бол иймэрхүү арга хэмжээ авах л байсан. Гэхдээ өөр аргаар хийх байсан болов уу. Хүчээр баахан хүн орилуулж, томыг нь нураах шаардлага байсан уу, үгүй юу гээд асуудал их бий.

Та ял эдлээд суллагдлаа. Гэтэл хохирогчид хохирлоо барагдуулж чадсангүй. Таны бүх хөрөнгийг битүүмжилчихсэн байдаг. Түүнээс хохирогчдод хэд орчим төгрөг өгсөн юм бэ?

-Хохирогчдоос гадна төр хохирчихож. Төр хохирлын 50 хувийг олгожээ. Энэ хэргийн учир начрыг хайгаад, хөрөнгөө эрээд эхлэхээр төр 50 хувийг олгож ам хаачихаж. Үлдсэн хөрөнгийг борлуулаад 50 хувийг чинь олгоно гэсэн. Мэндбаяр болон “Глоб”-той холбоотой бүх хөрөнгийг хурааж, битүүмжилж авсан. 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө шүү. Гэтэл тэр хөрөнгийг хоёрхон тэрбум төгрөг болгож үгүй хийсэн байна. Явж, явж ирэхэд шүү. Төр тавин хувиараа хохирчихоод нэг ч төгрөг авч чадаагүй. Төр гэдэг нэрээр гурван сая иргэн хохирчихож. Цаана нь албан ёсны 1233 хохирогч, дээр нь Мэндбаяр гэдэг иргэн бас хохирчихсон байна. Би хохирол гэж тогтоосон 11 тэрбум төгрөгийг төлөөд цаана нь дахиад 16 тэрбум төгрөгийн хөрөнгө үлдээгээд шоронд орсон.

Та одоо хохирогчдод мөнгө өгөх үү?

-Би хохирлыг төлөх ёстой. Гэхдээ би бүх ялаа биеэр эдэлсэн учраас төлөхгүй ч байж болно. Хэрвээ хохирлыг төлсөн бол 3.5 жилийн өмнө суллагдчих байсан. Төлөөгүй учраас бүх ялаа биеэр эдэлдэг хуультай. Энэ дунд өлсгөлөн зарласан, дарамтад өртсөн. Сүүлийн хоёр, гурван жил дарамтгүй байсныг нуухгүй. Түүнээс өмнө байнга дарамтад байсныг ч нуухгүй. Одоо би гараад ирлээ. Гараад ирэхэд хэргийн эзэн би, төр, хохирогчид гээд гурван тал 11 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал хэвээрээ байна. Бид хамтарч хохирлыг барагдуулахын тулд зарагдсан, хууль бусаар алга болсон, үрэгдэж алга болсон бүх хөрөнгийнхөө учрыг олох ёстой. Хариуцлагагүй этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль бусаар дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой. “Глоб”-ынхон төрөөс дахиж мөнгө нэхэхгүй, харин хөрөнгөө л авъя. Бидний, миний хөрөнгийг анх ямар байдалтай хурааж авсан тэр чигээр нь өгчих. 47 автомашиныг “Глоб”-оос хураасан. Тэр олон машин хаачив. Амгалангийн хорих ангийн хашаанд ХЗХ-оос хураагдсан машинуудыг тавьчихсан байж байгаад гал алдаад заримыг нь шатаачихсан. Тэрийг хэн төлөх вэ. Арван жил зогссон машиныг хэн худалдаж авах вэ. Гэрэл чийдэн нь тоногдчихсон, элгээрээ хэвтчихсэн машин бол хамгийн жижиг жишээ. Барилга, байшин, газар гээд бүх хөрөнгө тэр машины хувь заяатай ижил болсон. Ганданд шинээр барьсан 1180 метр.кв талбайтай дөрвөн давхар байшинг 254 метр.кв гэж хуурамч тогтоол үйлдээд зарчихсан байдаг. Нэг давхрынх нь талбайн хэмжээгээр зарчихсан гэсэн үг. Үлдсэн гурван давхрыг нь бэлэглэчихсэн. Одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлэг байгаа 4.3 тэрбумаар үнэлсэн барилгыг гурван жил хөлдөөж, балгас болгосныхоо дараа 1.5 тэрбум болгож бууруулж зарсан. Засгийн газрын 247 гэдэг хууль бус тогтоол гаргаад арван жилийн өмнө үнэлсэн үнэлгээгээр есөн жилийн дараа зарж байна. Гэх мэтээр эзнийг нь шоронд хийгээд хөрөнгийг нь идэж, ашигладаг олон арга байдаг юм байна. Одоо энэ хөрөнгийг төртэйгээ нийлээд буцааж аваад зах зээлийн ханшаар нь заръя.

Таны ярьснаар 27 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгөө буцааж авна гэж үү?

-Тэгнэ. Газрын албанаас Мэндбаярын нэр дээр 20 гаруй газар байна гэсэн тодорхойлолт авсан. Тэр олон газар хааччихав. Хоёрхоныг нь зах зээлийн үнээс 25 дахин хямд үнээр зарсан байдаг. Энэ бүхнийг учрыг олмоор байна. Төр өөрөө хохирчихсон учраас төрийн болон хууль, хүчний байгууллага хамтраад ажиллаад өгөөч. Хамтарч ажиллахгүй гэдэг шийдвэрээ зарим байгууллага гаргачихсан байна лээ. Тэгвэл өөрсдөө арга хэмжээ авна. Дөрвөн давхар барилгыг нэг давхар байшингийн үнээр худалдаж авсан хүн түүнийгээ л аваг. Үлдсэн гурван давхар барилгыг надад буцааж өгөх ёстой биз дээ. Тиймээс би хаалгыг нь өшиглөөд орно. Бусдын хөрөнгөд халдаагүй, өөрийнхөө юманд орж байгаа нь тэр. Энэ мэт олон үл хөдлөх хөрөнгийн асуудал бий. Би маргаашаас эхлээд өөрийнхөө хөрөнгийн хаалгыг өшиглөөд орно. Хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүд хаалгаа нээж өгөөрэй. Өөрийнхөө хаалгыг өөрөө эвдээд ороход битгий асуудал үүсгээрэй. Яагаад гэвэл хөрөнгөө авч байгаад энэ олон хүний хохирлыг юун түрүүнд барагдуулъя. Дараа нь энэ хэргийн учрыг олох боломж олдох байх гэж найдаж байна. Ганц сандал, ширээтэй ХЗХ маш олон байсан. Түүнээс юуг нь авна гэж хохирогчдынх нь хохирлын 50 хувийг төр барагдуулсан юм бэ. Энэ сонирхолтой биш гэж үү. Ганц ширээ, сандлыг нь зараад төр мөнгө авна гээд 50 хувийн хохирлыг барагдуулсан утгагүй ажлыг тухайн үеийн төр хийсэн юм шүү.

Одоо хөрөнгөө авъя гэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гээд асуудал бас байгаа байх?

-Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр нь дуусчихсан байдаг юм байна. Гэхдээ дөрвөн давхар байшинг нэг давхар гээд зарчихсан байхад зүгээр хаяж болохгүй.

Танай гэрийн хүн бас ял эдэлсэн байх аа?

-Дөрвөн сар “Ганц худаг”-т хорьж долоон жилийн ял оноосон. Дөрвөн хүүхэд минь гудамжинд үлдсэн. ХЗХ-нд хамааралгүй гэдэг нь нотлогдохоор бонд гаргасан гэдэг шал утгагүй үндэслэл гаргаж ирээд 15 жил хорих ял сонсгоод долоон жилийн ял оноосон.21 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн байх жишээтэй. Хүнлэг биш олон зүйл бий. Гэхдээ энэ миний асуудал учраас энэ удаад ингээд зогсъё.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ спорт

Монголын даамчид 17 алтан медаль аваад байна

Узбекстан улсын Ташкент хотноо болж байгаа 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай даамчид 17 алтан медаль хүртээд байна.

Энэ удаагийн тивийн АШТ-д манай улсаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчид 17 алт, 21 мөнгө, 23 хүрэл буюу нийт 61 медаль авсан амжилтаар багийн дүнгээр Узбекстан /31+24+22/, Казахстан /19+13+22/-ын дараа гуравдугаар байрт бичигдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн улмаас 4.9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай шатжээ

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам МУИС-ийн дэргэдэх Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвтэй хамтран Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалт зохион байгууллаа.

БОНХАЖ-ын дэд сайд, Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга М.Хүрэлсүх “Энэ уулзалтыг хаврын хуурайшилт эхэлж, манай орны экосистемд гал түймрийн аюул нүүрлээд байгаа ийм үед зохион байгуулж байна. Ой хээрийн түймэрт олон мянган га ойн баялаг, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутаг өртөж байгаль, экологийн асар их хохирол учруулсаар байна. Түймрийн үзүүлж буй сөрөг нөлөө улам ихсэж байгаа. Түймэр нь зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээний асуудал болсон” гэв.

Он гарсаар 124 удаагийн ой хээрийн түймэр 16 аймгийн 71 сумын нутаг дэвсгэрт гарчээ. Түймрээс гарсан хохирлыг урьдчилсан байдлаар тооцоход нийт 4.9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай, үүнээс 146.5 мянган га ой, 4.8 сая га бэлчээрийн талбай шатсан байна.

ОХУ-аас манай улс руу нийт долоон удаа, Монгол Улсаас БНХАУ-ын хил давж хоёр удаа хээрийн түймэр гарсан аж.

Ой хээрийн түймрээс урьдчилэн сэргийлэх ажлын хүрээнд сансрын хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн голомтын тархалтыг урьдчилан мэдээлэх, түймэр ихтэй аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээ авч байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Вьетнам БНСУ хоёр чөлөөт худалдааны бүстэй болно

Вьетнам, Өмнөд Солонгос хоёр Чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээнд гарын үсгээ зурсан байна. Вьетнамын засгийн газар энэ тухай мэдээллээ гэж Reuters агентлаг дамжуулжээ.

Үүний өмнөхөн Индонези, Өмнөд Солонгос, Норвеги, Исланд, Лихтенштейнтэй чөлөөт худалдааны бүс байгуулах эрмэлзэлтэйгээ мэдээлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярт зориулсан тоглолт болно

“День победы-70” хүндэтгэлийн тоглолт 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19.00 цагаас МҮЭСТОрдонд болно.
Үе, үеийн урлагийн алдартнуудын өлгий, эх орноо батлан хамгаалагч дайчин эрсийн эрэмгий зоригийг бадраасаар хоёр зууныг өртөөлөн ирсэн Байлдааны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олноос “День победы 70” хүндэтгэлийн тоглолтоо өргөн барих гэж байна. Москвагийн Улаан талбайд дайчин Монгол цэргүүдийнхээ алхахыг бахдан харж, их гүрний ялалтын уухайг хамтдаа сонсоод, үдэш нь МҮЭСТОрдноо хүрэлцэн ирж, энэхүү хүндэтгэлийн тоглолтыг үзэх боломжтой.

Энэ жил хүн төрөлхтний түүхэнд арилашгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Дэлхийн гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь татагдан орж, 70 сая хүн амь насаа алдсан энэхүү дайн Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн ардын амгалан тайван байдалд ч нөлөөлсөн билээ.

Чуулгын уран бүтээлчид эх орныхоо өмнө хүлээсэн байлдааны даалгаврыг амжилттай биелүүлж, 1945 оны “Чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагийн байгууллага” болон түүхэнд тэмдэглэгдэж, “Дайн дууслаа, бид ялав” гэсэн баярт мэдээг Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид, чөлөөлөгдсөн нутгийн ард олон, Монголын нийт ард олонтойгоо хуваалцаж, ялалтын баярын тоглолтоо фронтын шугам дээр толилуулж байсан бахархалт түүхтэй. Энэхүү хүндэтгэлийн тоглолтод төр засаг, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, ахмад дайчид болон хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр оролцох юм байна.
Эх орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн ардын амгалан тайван амьдралыг сахин хамгаалахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чөлөөлөх дайны ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг урлагийн хэлээр өгүүлэх зохиомжит, гэрэл дүрсийн өвөрмөц шийдэл бүхий хүндэтгэлийн тоглолт болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Зан чанараас бусдыг сургах боломжтой

Танил маань сонгосон мэргэжлээрээ гадаадад эрдмийн зэрэг хамгаалж ирээд удаагүй ч гурван ажил сольчихов. Эхний удаад удирдлагууд нь таагүй хандсан гэнэ. Дараагийн ажлынх нь орчин таалагдаагүй юм байх. Сүүлд орсон байгууллагын ажилтнууд өөртэй нь хүндэтгэлгүй харилцаж байснаас ажлаа сольжээ. Одоо тэр дөрөв дэх ажилдаа орох гэж байгаа. Сурсан сургуулийн дипломыг нь хараад, мэдлэгийг сориход танил маань хаана ч гологдохгүйг дөрөв дэх ажилдаа саадгүй орж байгаагаас харчихаж болно. Гэхдээ түүнд ажлынх нь дарга, хамт олон эсвэл офисс нь таалагдахгүй болмогц дараагийн ажлаа бодож эхэлдэг гэмтэй. Мань хүн тогтвортой ажил хийхэд мэдлэг нь бус, зан хандлага нь саад болоод байгаа харагддаг.

“Зан чанарыг ажилд авч ур чадварыг эзэмшүүл” гэж “Porsche” компанийн ерөнхий менежер асан Петер Шуц хэлсэн байдаг. Шинэ орчинд дасах, хүмүүстэй зөв харилцах, сэргэлэн байх зэрэг хувийн зан чанарыг насанд хүрсэн хүнд сургах боломжгүй гэнэ. Тухайн хүний гэр бүлийн хүмүүжил, зуршлыг удирдах албан тушаалтан, хамт олон нь засахад хэцүү. Хамт олны дунд нэг л эвгүй зантай хүн байхад бусдадаа нөлөөлдөг нь харагддаг. Нэг өглөө танхим дүүрэн хэрүүл дэгдээж, нэгийг нөгөөд элдвээр ярихад л хамт олон бужигнаж, бухимдаж эхэлдэг жамтай. Эндээс сөрөг уур амьсгал давамгайлж, эерэг хандлага түлхэгдэжэхэлдэг. Болохгүй, бүтэхгүй зан хандлагыг нь хэлэхээр гадуурхлаа, ялгаварлалаа гэж хүлээж авдаг хүн олон. Энэ нь багаас төлөвшсөн зан хандлагаа засах чадваргүйгээ харуулж байгаа хэрэг. Харин зөв зан чанартай хүнд ур чадвар эзэмшүүлэх, сургах боломжтой гэдгийг Петер Шуц хэлсэн нь тэр. Сэтгэл, зүтгэл байхад юу ч бүтээх боломжтой гэдэг үг ч бий.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралид үер болохыг хүлээснээс …

“Австралид үер болж гэнэ” гэсэн мэдээ сүүлийн үед бидэнд хамгийн сайхан мэдээ болж сонстох болов. “Юун наадам, юун цагаан сар, цаана чинь Австралид үер болж байна” гэвэл ихээхэн олон хүн баярлахаар байна. Нэгэнт тогтсон сэтгэл зүй дээр тоглож жиргээ, фэйсбүүкээр ийм мэдээ үе, үе үзэгдэх боллоо. Сүүлийн өдрүүдэд ч Австралийн зүүн эргээр үер болж байна гэлцэх болов. Үнэндээ Австрали бол маш хуурай уур амьсгалтай газар. Хавар, зуны цагтаа ихээхэн хуурайшиж, үе үе ойн түймэр дэгддэг. Хүмүүс нь ойдоо тансаг сайхан хаусаа бариад амьдардаг болохоор ойн түймэр бол ихээхэн гамшиг болдог. Сүхбаатарын Түмэнцогт сум түймрийн аюулд өртөх үед манайд байдал ямар байлаа даа. Тэнд бүр ч аюултай үйл явдал өрнөнө. Яг модон дотроо, хэд алхаад л айлын байшин.

Бас хэт хуурай уур амьсгалтай учраас бороо ороход ган болж хуурайшсан газруудад ус хальж үер болчих тал бий. Гэхдээ Австрали бол дэлхий дээр Антарктидын дараа орох хамгийн бага хур тунадас ордог тив юм. Тэгэхээр бидний хүссэнээр л тэнд үер болчихно гээд хүлээгээд байвал жинхэнэ “Бухын доодохыг харж турж үхсэн үнэг”-ний үлгэр болох вий. Австралийн хувьд өвөлдөө зунаасаа илүү хур тунадас ордог хэмээдэг юм. Бас одоо намар цаашилж, өвөл ойртож байгаа үе нь. Гэхдээ тэнд үер болоод, биднийг баясгаад байгаа зүйл ховор аж. “Саяхан Сидней хавиар жаал бороо орсноос биш үер болтол нь бороошиж байгаа зүйл алга. Ойрд нартай, дулаахан л байхаар байна шүү” гэж Австралид байгаа танил маань мэдэгдлээ. Үнэндээ үер болж байгаа сураг дуулаад “баярласандаа” асуухад маань ингэж хариулсан хэрэг л дээ. Ичмээр ч юмаа даа. Одоо бид асуудлаа шийдэж, урагшилж чадахаа байхаараа Австралид үер болох нь гэнэ үү хэмээн нэг нэгнээсээ асууж мөрөөдөж суудаг болж дээ. Ёстой л хургүй тэнгэрээс бороо цаашлаад үер хүлээж суугаа өрөвдмөөр амьтас болж. Энэ янзаараа Австралид цунами болгож, ногоон тивийг тэр чигээр нь усанд автуулчих санаа байгаа даг шүү.

Манайхан ингэж амтших болсон нь учиртай. 2005 он хүртэл харьцангуй тогтвортой буюу тонн нь 50 ам.долларт хэлбэлздэг байсан коксжих нүүрс гол экспортлогч Австралид байгалийн гамшиг нүүрлэснээс нийлүүлэлт эрс багасч үнэ нь тэнгэрт хадсан байдаг. Австралийн Куэнсланд мужид 2008 онд үер болсноос нэг тонн нь 96 ам.доллар байсан коксжих нүүрс бүр гурав дахин өсч, 300 ам.долларт хүрч байсан үе бий. Нөгөө талаас коксжих нүүрсний гол худалдан авагч БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь шууд нөлөөлсөн байдаг. 2008 онд 6.8 сая тонныг импортолж байсан улс дараа жил нь 34.5 сая тонн болгочихоор эрэлт шууд ихэсч таарна. Тухайн үед Австрали коксжих нүүрсний гол худалдан авагч Хятад, Япон, Солонгосын талтай жилээр тохирдог байсан үнээ улирлаар тохирох болсон нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулдаг. Хуучны 50 ам.долларын үнэ мартагдаж байсан тухайн үед буюу 2011 онд дахин Куэнсланд мужид үер болсноор тонн нь бүр 330 ам.долларт хүрч байсан билээ. Тэр жил Монгол Улсын ДНБ-ий өсөлт 17.4 хувьд хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан нь гол импортлогч орнуудад байгалийн гамшиг гарч, эрэлт ихэссэн болон томоохон төслийн хөрөнгө оруулалттай л холбоотой байсан байдаг. Гэвч бид үүлэн чөлөөний наран мэт гарч ирсэн энэ боломжийг ерөөсөө ч ашиглаж чадаагүй. Харин эдийн засгаа улам тэлж, зардлаа өсгөж, халамжаа хавтгайруулсан. Гэтэл ашигтай орон зайг харсан шинэ олборлогч нар ч гарч ирсэн, бас австраличууд ч дахин байгалийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн алдагдал хүлээхгүйн тулд ажиллаж эхэлсэн юм. Тэд үнэхээр шавраар дүүрсэн уурхайгаа цэвэрлэх гэж тэгтлээ цаг алдсан гэвэл худлаа юм. Харин дараа, дараагийн үерүүдэд хөл алдахгүйн тулд удаан нарийн нягт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, бид энд хэчнээн мөрөөдсөн ч, тэнд аюултай үер боллоо ч гал алдахааргүй болж авсан гэж болно.2011 оноос хойш нүүрсний үнэ тасралтгүй бууж ирлээ. Австралийн оронд гол нийлүүлэгчийн байр суурин дээр түр залраад авчихсан байсан бид эргээд байраа дор нь алдсан. Учир нь бидэнд өрсөлдөх чадвар байсангүй. Өрсөлдөх чадвар гэдэг бол чанар, үнэ л байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд коксжих нүүрсний гол хэрэглэгчид БНХАУ, Япон, БНСУ байх жишээтэй. Металлургийн нүүрсгэж нэрлэгддэг коксжих нүүрснээс ган хийх гол орцын нэг коксыг гаргаж авдаг. Агаар мандлын бага даралттай зууханд хайлуулах замаар нүүрснээс кокс гаргаж авдаг ажээ. Мэдээж сайн кокс гаргаж авахын тулд нүүрсний зэрэглэл, бүтэц, эрдсийн агууламж, бас халах үедээ зөөлрөх байдал, уян хатан чанар, зөв дараалалтайгаар өтгөрч байгаа эсэх нь хамааралтай. Бас нүүрсний өөрийн амьд чийг, технологийн бус чийг авсан зэрэг нөлөөлж таарна. Угаасаа шатаадаг бодис учраас чийгтэй байх муу, нүүрсний чийглэг байдал үнэд шууд нөлөөлдөг. Хятадын зүүн хойд эрэг орчмоор гол гангийн үйлдвэрүүд нь байгаа. Хамгийн ойрдоо Өвөр Монголын Бугат. Гэвч бид тэр зах зээлд Австралийг давж өрсөлдөж чадахгүй л байгаа юм. Тиймээс дэмий л тэнд үер болоосой, тэгвэл биднээс нүүрсээ авна гэж хүлээж суухав дээ. Австралийн уурхайнууд усанд автах үед хятадууд ч тэр, япон, солонгосчууд ч гэсэн дараагийн боломжуудыг хайж байлаа.

Угаасаа зах зээлийн зарчмаараа тэд биднийг сонирхсон хэрэг. Харин бид өрсөлдөх чадвартаа анхаараагүйгээс өнөөдөр эквадороос урагшаа бороо орж, үер болохыг хүлээж суух болжээ. Австралийн нүүрс бол угааж баяжуулсан сайн чанарын нүүрс. Ийм нүүрс Австралийн зүүн эргийн хил дээрээ тонн нь 98-103 ам.доллар байна. Хятадын боомтууд руу ороод ирвэл 110-112 ам.долларт хүрч байна. Харин манай хил дээр угаасан нь 70 ам.доллараас хэтрэхгүй, түүхий нүүрс 30 ам.доллараас дээшээ явахааргүй үнэтэй байна. Дээрээс нь Хятад импортын хэмжээгээ байнга бууруулсаар ирлээ. 2013 онд коксжих нүүрс 75 сая тонн, 2014 онд 54 сая тонныг худалдан авсан бол энэ онд 50-52 сая тонн болж буухаар байгааг ажиглагчид хэлж буй. Коксжих нүүрсний төлөв байдал иймэрхүү л байна. Хуучин цагийнх шигээ үнэ тэнгэрт хадахаа байсан болоод ч тэр үү, Австралийн Куэнсландэд долоо, Шинэ Өмнөд Уэльст хоёр уурхайтай “Пибоди” компани уурхайнуудаа “Шиньхуа”-д зарах хүсэлтэй, харин тэд манай “Таван толгой”-г сонирхож байв. Харин одоо байдал юу ч болж байгаа юм, бүү мэд. Бидний хувьд олон улсын стандартаар нь хэмжүүлдэггүй болохоор нүүрсээр тэдэд өрсөлдөж байна гэж хэлэх боломжгүй юм. Өөрсдөө дээгүүр байгаа мэт цээжээ дэлддэг ч нүүрсний нөөцөөр хэдэд байгаагаа харах гэхээр олон улсын хэмжээний жагсаалтад Монгол Улс орж ирээгүй байдаг. Гэхдээ манай мэргэжилтнүүдийн гаргаснаар нөөцөөрөө аравдугаарт байхаар дүн байдал харагддаг ийм л орон. Бид өнөөдөр арвангуравдугаар зуунд их гүрнийг байгуулж явсан бахархалт үндэстэн гэж өөрсдийгөө баясгадаг. Үнэндээ дэлхийн ихэнх газарт Монгол гэж хаана байдгийг, монгол үндэстний тухай нарийн сайн мэддэггүй учраас өөрсдөөрөө тэгж бахархаж байгаа нь хэр юм даа. Түүн шигээ бид Австралид үер болж байхад нүүрсээ тэдээр зарж байлаа гэх дурсамжаараа баясч суух нь их болжээ. Бас тэрхүү түүх нь хэдэн зуун алгасаагүй юм болохоор, дахиад үер болоосой хэмээн мөрөөдөх нь их. Тэгээд л болж өгвөл “Австралид үер болж гэнэ” гэсээр хэдэн жилийн өмнөх зургийг шэйрлэж бусдыгаа баярлуулдаг болж дээ.

Гэхдээ Австралид үер болж, уурхайнууд нь хаагдаж нүүрс үнэд орохыг хүлээж сууснаас арай өөрөөр гар хөлөө хөдөлгөж, бодол ухаанаа уралдуулж, хэмлэлдэж хэрэлдэж суулгүй хамтдаа сэтгэж, нэгдэхийг бодвол дээр л байх даа.

Э.ЭНЭРЭЛ