Categories
мэдээ нийгэм

Хонины цэцэг өвчнөөр 130 мал өвчилжээ

Хонины цэцэг өвчин 2015 он гарсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум зэрэг 3 аймгийн 5 суманд тус тус оношлогдсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9 хонь, Дарьганга суманд 7 хурга, Хэнтий аймгийн Баян-овоо суманд 5 хонь, 6 хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, 2 хонь, нийт 130 мал өвчилсөн байна.

Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100.0 мян тун, Дорнод аймагт 300.0 мян.тун Сүхбаатар аймагт 80.0 мян тун вакциныг 4-р сард хүргүүлсэн. Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хэнтий аймгийн 4 (Баян-овоо, Баян-хутаг, Норовлин, Батноров) сумын 116401 малыг хамруулж 95,9 хувьтай хэрэгжүүлсэн байна. Дорнод аймгийн 6 (Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр) суманд вакцинжуулалтын ажлыг 04 сарын 22 өдрөөс эхлүүлээд байна. Вакцинжуулалтад 2015 оны 05 сарын 05-ны байдлаар дээрх 6 сумын нийт 327.221 мал хамрагдахаас 278137 мал хамрагдаж 85 хувьтай, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16600 мал вакцинжуулалтад хамруулж 41,5 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Ерөнхий сайд Н.Модигийн манай улсад хийх энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“School police эргүүл-2015” эцэг эхчүүдийн чуулав

Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны 10-р сарын 23-ний өдөр баталсан SCHOOL POLICE эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Иймд School police эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Shool police төвөөс санаачлан зохион байгууллаа. 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.

Энэхүү чуулга уулзалтын үеэр School police эргүүл гарснаар ойр орчмыг хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, School police эргүүлийг зуслангийн газруудад шинээр бий болгох зэрэг асуудлуудаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Уяхан сэтгэлийнхээ шатаар тэнгэр өөд авирагч

“Монголын Зохиолчдын Эвлэл”-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл гэгч гаднаас нь харвал хүдэр, баргилдуу хэрнээ гудамжинд гүйж яваа өнчин гөлгийг ч өрөвдөн дотор сэтгэл нь сэмрэгч, цонхны цаана шиврэх бороон дуслаар өнө холын дурсамжаа баринтаглан нулимс унагагч, тэнгэр өөд хачин уяхан сэтгэлийнхээ шатаар авирагч нь миний муу найз билээ.

Тэрээр анх төрж өссөн Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жилийн сургуулиа дүүргээд хөдөө гарч “Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно” хэмээн хэдэн малын араас гүйж явсан жинхэнэ “өвчтэй хог” гэж байгаа. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн”-ий мал бараадсан анхны жил нь Баянхонгорт айхтар зуд болоод хамаг малаа барсан “Зангиагүй сэхээтэн” амьдралын анхны хүндхэн цохилтонд орчихоод сэтгэл дотроо “сэмэрч” явахдаа сумынхаа охидод дайгаад алдсан анхны хайр, бүтэлгүй дурлалынхаа тухай хэдэн мөр толгой холбоод “том толгой” гарган өнөөдрийн Ардын уран зохиолч Т.Галсанд явуулсан гэдэг. Харин алс хол Заг, Байдрагийн Хүрэн бэлчирийн “том толгойт”-ын хэлхсэн хэдэн мөрийг Т.Галсан найрагч өмнөтгөл бичин “Хөдөлмөр” сонинд гаргаснаар Заг сумандаа бүгэхээр шигдээд байсан “Зангиагүй сэхээтэн” жинхэнэ утгаараа зангиа зүүсэн яруу найрагч, сэхээтэн болох зам руугаа эргэлт буцалтгүй жолоо залсан түүхтэй. Тиймдээ ч өнөөдөр Ардын уран зохиолч Т.Галсан бугайтай “Заг, Байдраг, Хүрэн бэлчирийн найрагчид шүү дээ, бидэн хоёр” хэмээн зиндаархаж, хааяа нэг өвгөн найрагчаас урмын абшиг хүртэж, хэдэн өдөр дэгдэнэ.

Нэгэн үе УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад нь Хэвлэл мэдээллийг нь хариуцан Афганы тэнгэрт ах, дүүс болон нисч явсан удаатай. Нутгийнх нь ах авъяас онгодыг нь тэтгэж хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ болсон орон сууцны дугаарт багтааж, сайдын албаа өгснийх нь дараахан будаг нь ханхалсан шинэ сууцанд орж ёстой л магнайгаа хагартал баярлахад нь хажууд нь л байлаа. Хожуухан нөхөрлөсөн ч ёстой л чин халуун сэтгэлээр, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн, хэн нэгнийхээ алдааг тэгшитгэж, амжилтыг мялаан нөхөрлөж яваа билээ, бидэн.

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д Л.Батцэнгэлийн маань уншууртай гэж жигтэйхэн дурсамж тэмдэглэл, бэсрэгхэн нийтлэл, сонирхолтой амьд яриа гарсан өглөө гүйлгэж уншингуут сэтгэл нэг л сайхан цэлмэж, хөнгөн баяртай ажлаа эхлээд сурчихаж. “Нисч яваа шувуу шиг муугийн мөргүй амьдрахсан” гэсэн чин сэтгэл нь бичсэн өгүүлбэр, бараг л үг болгонд нь амтагдана. Ярилцлага хийсэн хүн болгонтойгоо ижий, ахай бололцож, заримынх нь тухай шинэхэн цас хиртээмгүй тунгалаг сэтгэлээр дурсан ярихдаа аанай л нүд нь чийгтсэн харагдана. Ерөөс тэр эр хүн гэхэд хачин уяхан, болор шиг л тунгалаг сэтгэлтэй нэгэн. Бидний гэр ойрхон болохоор уяхан найз минь өглөө, үдэш, шөнө ч хамаагүй гэнэтхэн л утас цохино. Утсаа авбал харилцуурын цаана “Өвгөн нь муу Төрөөгөө өрөвдөөд” хэмээн мэгшүүлэх нь сонсогдоод чимээгүй болно. Сэтгэлийг нь засч, тайтгаруулахгүй л бол горьгүй. “Өлгий элгэн нутагтаа эгч дүү зургуул сан. Өмөг халуун ээжийнхээ энэрэл хайранд өссөн сөн” хэмээгч найз минь өнгөрсөн намар хамгийн хайртай бурхан ээжийгээ дөнгөж 60 настайд нь алдчихаад яаж шаналж, бэтгэрч, сэмэрч явсныг нь бодохоор одоо хүртэл өрөвдөж, гол харладаг юм. Дөрвөн дүүдээ чухам “Баастай бурхан” л гэсэн үг. Эмэгтэй дүү нар нь хааяа ирж гэрийг нь “шил толь” болгочихоод яваад өгнө. Мань эр ч жигтэйхэн баяртай, ном уншсан шиг үлдэнэ.

Уг нь Цэнгэл маань нас биед хүрч яваа хоёр ч сайхан охинтой найрагч. Гэтэл омголон залуу насандаа амьдрал ахуйг санаснаараа тэгшилж амжаагүй. Эрх дураараа ч хүний сайхан үрийг энэрэх сэтгэл нь түлхсээр “Намайг харж зүдрэхээр, зүснийхээ гэгээнд надаас арчаатайг нь бараад даа” гэсээр нэг л өдөр цүнхээ үүрээд явж одсон гэж байгаа. Түүнээс хойш “гэгээн тэнүүлчин” амьдралаар залуу насныхаа олон намрыг үдсэн байдаг. Өнөөдөр эр ганцаар ч товхийтэл амьдарч явна. Тэрүүхэндээ хөөрхөн аминдаа арчаатай. Цалингаа буухаар хөргөгчөө махаар тасалчихгүй санаатай. Будаа, гоймон, хэдэн ширхэг төмс, бас сонгино. Буйдхан гэрт нь хаа нэг нижгэр наргиан болно. Монголын яруу найргийн 90-ээд оныхон, хөрөг зургийн мастерууд, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, армийн офицерүүд гээд халуун сэтгэлээр андын журам баригчид Л.Батцэнгэлийн хоёр өрөөг өргөчих шахна. Харин тэрээр “Номын өргөө” буюу унтлагынхаа өрөөнд ямар ч үед наргиа хөгжөөх төдийлөн дуртай биш. Зайлшгүй шаардлага гарвал баруун гараа өргөн долоовол хуруугаа тэнгэр өөд чиглүүлээд “Би тэртэй тэргүй “Болор цом”-той яруу найрагч” гэж байгаад л уншиж эхэлнэ. Тэрээр “Тэнгэрээс газар руу, газраас тэнгэр өөд татсан шат байдаг бол мөн сайхан аа. Хүмүүс ингэж л мөрөөддөг. Хүн төрөлхтөн мянган далавчтай боллоо ч дутагдах ганцхан л зүйл байдаг. Хайр гэж… Сэтгэл гэж… Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат гэж бодоход энэ орчлонд би хамгийн баян хүн санагдана. Миний сэтгэлийн шатаар хүмүүн бүхэн өлмийдөн алхсаар гуниг үгүй, баясал үгүй амар амгалангийн диваажинд морилон очмуй. Хэтийдсэн жаргал үгүй, хэтэрхий зовлон үгүй тийм л ертөнцийг хувьхандаа бий болгож чадсан хойно энэ ертөнцөөс өөр юуг хүсэх сэн билээ дээ. Сэтгэлийн минь уяхан шатаар мөнхийн мөнхөд тийн дээд тэнгэрлигт зорч доо, сэтгэлийн гэрэлтүүд минь. Ургаж буй нялх нахиа, хүйтэнд гаслан буй налчгар гөлөг, ер юм бүхэнд сэтгэл бий хэмээхийн учир ертөнц даяхныг би уяхан шатаараа зөөхийг хүснэм” хэмээн бичнэ. Ерөөсөө л энэхэн хэдэн мөртөд Л.Батцэнгэл өөрөө тэр аяараа багтсан мэт. Монголын уран зохиолд Тангадын Галсан, Очирбатын Даш-балбар нарыг багшаа хэмээн бурханчлан шүтдэг найз минь өнөөдрийн байдлаар яруу найраг, үргэлжилсэн үгийн зургаан ном хэвлүүлж амжжээ. Хамгийн сүүлд “Шоргоолжны мөр” бэсрэг эсээ, бичил хүүрнэлийн ном хэвлүүлсэн бол 2012 онд “Миний элсэн цаг”, 2008 онд “Сэтгэл зүрхээ нэгжнэм”, 2006 онд “Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат”, 2004 онд “Бүсгүй цэнхэр салхи”, 2001 онд “Өр зүрхний хавар” зэрэг зургаан ном гаргасан уяхан сэтгэлийн дууч билээ.

Өөдөө диваажингийн үүдийг нээж

Өөрөө өлмийд чинь сөгдөж хөглөгдсөн

Төгөлдөр хуурийн даруул шиг

Тэнгэрийн уяхан шат юм аа,сэтгэл минь

Өгсөж уруудах болгонд чинь

Өлмийг чинь үнсэн аргаднам, би

Өө, муу төгсдөггүй шат гэж

Өөчлөн гоочлон, үглэн зэмлэнэ, чи

Өрөөлийн сүүдэртэй ихэмсэг сугадалцан

Өсгийгөөрөө намайг өвдтөл товшлоо ч

Бурхны нинжээр л чамайг хайрлаж

Цагийн гүүр гэтэлгэх

Цаглашгүй уяхан шат юм аа, сэтгэл минь

хэмээн шүлэглэгч, миний муу найз Л.Батцэнгэл 2014 оны 11 дүгээр сарын 17-нд энэ цагийн сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч Ж.Гангаа бурхан болоход “Монгол даяарын арслан сэтгэгч, Шар бичээч овогт ах минь бурхан боллоо” хэмээн ямар их эмгэнэн гашуудаж байсан нь одоо ч нүдэнд илхэн.

Тэрүүхэн үед нь “Ингэтлээ битгий их гунихраад бай. Бас үхлийн тухай битгий их бичээд бай” гэвэл “Нээрээ тийм байна. Одоо найз нь гунигийн шүлэг бичихгүй ээ” гэсэн ч сар гаруй болов уу үгүй юу бас л ганцаардал, гунигийн тухай биччихсэн л байж билээ. Ерөөс яруу найрагчид гэдэг “Гэгээн хэсүүлчин, сэмхэн гуниглагчид” байдаг аж. Найз минь алив хүний тухай дурсамж, нийтлэл бичихдээ бүр нэгэн үнэн сэтгэлээсээ, үг бүрийг чимчигнэтэл, өгүүлбэр бүр нь уянгалан дуултал бичдэг. Саяхан бид хоёрт Монголын спортын нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн агсны тухай “Ган зам, тамирчны зам, эрдмийн зам, миний зам” номын нээлтийн урилга ирж хамтдаа хүрэлцэн очиход Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, ууган охин Л.Алтанцэцэг болон бага охин Л.Гүндэгмаа нар хэрхэн хүндэтгэлтэй харьцаж байгааг хараад найзынхаа авъяас, онгодыг бас дахин мэдэрсэнсэн.

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Монголын зохиолч¬дын эв¬лэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт Л.Батцэнгэл хэмээх хүдэр, баргилдуу ч хүүхэд шиг эмзэгхэн, хиргүй тунгалаг сэтгэлтэй андынхаа талаар цухас хүүрнэхэд ийм буюу.

Доржзовдын Энхтүвшин

Categories
гадаад мэдээ

386 кг кокайныг андуурч дэлгүүрт хүргэжээ

Берлин хотын “Aldi” супермаркетын сүлжээнд андуурч хайрцагтай кокаин хүргэгдэн иржээ.

Мансууруулагч бодисийг гадил жимстэй хайрцагт нуусан байв. Түүнийг дэлгүүрийн ажилтнууд олж илрүүлсэн ба нийтдээ 21 сая ам.долларын үнэтэй кокайн байжээ.

Цагдаагийн газрын мэдээгээр, гэмт хэргийн бүлэглэл кокайныг хүргэлтийн компаниар тээвэрлүүлэх үед андуурч супермаркетад хүргэсэн бололтой.

Нийт 386 кг кокаин илэрсэн нь Берлин хотын түүхэнд хамгийн их хэмжээний мансууруулагч бодис илрүүлсэн тохиолдол болж байгаа аж.

Нэгдүгээр сард Берлин ба бранденбургийн Фельтений дэлгүүрийн сүлжээнд 140 кг кокаиныг бас л бананы хайрцагт нуун хүргүүлсэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн гомдлыг цахим хаягаар авч эхэллээ

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна. Цахим хаягийг 2015 оны 04-р сарын 30-наас эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг утсаар болон цахимаар эргэн мэдээллэх юм. Түүнчлэн 310005, 76111005 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг давхар авч байна.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн үеэр 55 өнчин хүүхдийг аварчээ

Балба улсад өнгөрсөн сард болсон аймшигт газар хөдлөлтийн талаарх мэдээлэл ирсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр амиа алдагсдын тоо 7200-д хүрчээ. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил үргэлжилж, олон улсын амласан тусламжууд хэдийнэ очоод байгаа юм.

Тэгвэл газар хөдлөлтийн үеэр олон арван өнчин хүүхэд аврагдсан тухай “Huffington Post” мэдээллээ. 19 настай Ишвор Гимире хүү газар хөдлөлтийн үеэр орон нутгийн 55 өнчин хүүхдийг аварсан байна.

Газар хөдөлж эхлэх үед тэрээр айж сандралгүйгээр барилгаас хүүхдүүдийг нэг нэгээр нь зөөж гаргажээ. Одоогийн байдлаар түүний аварсан 4-16 насны 55 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд бусад хүмүүсийн хамт майханд толгой хоргодож буй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батжаргал: Мэдээллийн системийн менежмент байгууллагын хөгжлийг тодорхойлдог хамгийн гол зохион бүтээгч болдог

Санхүү, эдийн засгийн дээд сургууль Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр НАЙМ дахь элсэлтээ авч байгаа. Монголд шинэ гэгдэж байгаа ч, хамгийн их эрэлттэй мэргэжлийн тоонд багтсан Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн талаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

Монголд хамгийн их эрэлттэй 20 мэргэжлийн тоонд Мэдээллийн системийн менежмент орсон байна. Мэдээллийн системийн менежментийн хөтөлбөр гэж чухам юуг хэлээд байна вэ. Танай сургууль анхлан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх аа?

-Хүн мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Мэдээлэл нь үнэн, цаг хугацаандаа тохирсон, хянагдсан, баталгаажсан байх ёстой. Байгууллага бүрт, шат болгонд ийм мэдээлэл хэрэгтэй. Энэ мэдээллийг системчилж, програмчилахыг л мэдээллийн систем гээд байгаа юм. Үүнийг боловсруулдаг хүнийг Мэдээллийн системийн ажилтан гэдэг. Мэдээллийн системийн менежмент бол байгууллагыг удирдах менежмент, мэдээллийн технологийн программ хангамж гэсэн хоёр мэргэжлийн хослол. Байгууллагад зөв мэдээлэл дутаад ирэхээр хардлага, үл ойлголцол, шударга бус байдал бий болдог. Улс орны хэмжээнд ч мэдээллийн систем хэрэгтэй. Засгийн газар цахимаар мэдээлэл авдаг, хуралддаг болсон нь үүний эхлэл. Уламжлалаас дүгнэхэд Чингис хаан мэдээллийн системийг маш сайн хэрэгжүүлдэг байж. Тагнуул, туршуул байдлаар ард түмнийхээ санаа бодлыг тагнаж, мэддэг, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг байсан түүх бий. Од эрхсийг шинждэг, амьтны араншин ажигладаг, өвс ургамлын гарц, жил жилийн давтамжийг харж байж шийдвэрээ гаргадаг нь өөрөө мэдээллийн системийн менежмент шүү дээ.

Мэргэжил болсон нь Монголд шинэ гэж үү?

-Энэ хөтөлбөр Монголд шинэ, хүн бүр ойлгохгүй байгаа нь үнэн. Гэхдээ амжилттай ажиллаж байгаа компаниуд энэ мэргэжлийн чухлыг мэддэг болж, мэдээллийн системийн менежментийн эрэлд хатаж байна. Байгууллага хурдан, зөв шийдвэр гаргахын тулд мэдээллийн системийн менежментийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол өрсөлдөөнд ялагдах эрин үе эхэлчихлээ.

Мэдээлийн системийн менежментийн эрэлд хатаж байна гэлээ. Тэгэхээр энэ мэргэжлээр цөөн хүн төгссөн гэж үү?

-МУИС-д энэ хөтөлбөр хэрэгжиж байгаад нэг хэсэг хаагдаад дахин сэргэсэн. Манай сургууль энэ хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж байна. Жилд цөөн хүн төгсдөг. Тэднээсээ заримыг нь сургуулийнхаа Мэдээллийн системийн албанд ажилд авдаг. Үлдсэн төгсөгчдийг маань компаниуд булаацалдаад авчих юм. Анх энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад байгууллагууд ийм мэргэжил хэрэгтэй л гэдэг байснаас нарийн ойлгодоггүй байсан. Хүн эрүүл байхын тулд бүх мэдрэхүй нь зөв мэдээлэл авдагтай адил байгууллага бүр зөв, амжилттай ажиллахын тулд зөв мэдээллийн системтэй байх ёстойг монголчууд ойлгож эхэлж байна. Компаниуд эдийн засгийн хүндрэлээс болж дампуурлаа гэх юм. Гэтэл эрүүл саруул, зөв мэдээлэлтэй байгууллага хямралыг давж гардаг шүү дээ. Манай сургууль энэ мэргэжлээр жилд арав гаруй оюутан төгсгөдөг. Тэд маань сурч байхдаа ажлын байртай, байгууллагынхаа хамгийн чухал үүрэгтэй хүн болчихсон байдаг. Олон ажилтантай, томорч байгаа компаниуд мэдээллээ системчилж, програмчлах шаардлагатай болсныг ойлгодог болсон.

Байгууллагынхаа хамгийн чухал үүрэгтэй хүн болдог гэлээ. Тэгэхээр мэдээллийн системийн менежмент удирдах албан тушаалтан болох уу. Эсвэл программ бэлтгэдэг хүн болох юм уу?

-Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо өнгөрсөн эсвэл одоог хараад байна. Ирээдүйгээ тодорхойлох гэж байгаа учраас арав, хорин жилийн цаадахыг харах шаардлагатай. Хуульч, эдийн засагч болно гэвэл өнгөрсөн, одоогийн асуудал. Харин байгууллага урт хугацаанд оршин тогтнохын тулд мэдээллийн системтэй байхаас өөр аргагүй. Тэгэхээр энэ мэргэжлээр сурч байгаа хүн олон ажилтан, цөөнгүй салбартай том компанийн ерөнхий удирдлагын шийдвэр гаргадаг ерөнхий захирлын баруун гар болно. Зүүн гар биш үү. Шийдвэр гарахад нь гол нөлөө үзүүлэх мэдээллийг системчилж байгаа учраас баруун гарынх нь хүн болно. Байгууллагын хөгжлийг тодорхойлдог хамгийн гол зохион бүтээгч болно гэсэн үг.

Ажлын байрыг нь тодорхойлвол?

-Бүр тодорхой яривал мэдээллийн системийн менежер, мэдээллийн системийн төслийн менежер, системийн шинжээч, программ зохиогч, өгөгдлийн сангийн зохион байгуулагч, вэб дизайнер, мэдээллийн систеийн багш зэргээр хөрвөж ажиллах боломжтой.

Төгсөөд гадаадад хөрвөж ажиллах боломж бий юү?

-Байлгүй яах вэ. Энэ мэргэжлээрээ олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тэр утгаараа дэлхийн хаана ч үнэлэгдэх боловсон хүчин болно. Дэлхий даяар нэг системд байна шүү дээ. Аль ч улсын бизнеснийн байгуулага нэг зарчмаар ажилладаг. Гол нь гадаад хэлний чадвар өндөр байх учиртай. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд арван жилийн дараа дэлхий ямар байхыг харж сонголт хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

Монголд шинэ хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Багшлах боловсон хүчнээ хэрхэн бэлтгэсэн бэ?

-Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш нар ч шинэ байсан нь үнэн. Анхны мэдэгдэхүүнтэй, мэдээллийн системийг автоматжуулах чадвартай хүмүүс дээрээ тулгуурласан. Мөн зөвлөх компаниудыг өөртөө татсан. Европын холбооны их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж тэнд зааж байгаа хичээлийг багш нар маань харж, ном сурах бичгийг нь ашиглан зааж эхэлсэн. Манай сургууль 1991 онд шинэ мэргэжилтнүүд эхлэхдээ л гадны сурах бичиг аваад уншиж, зааж эхэлсэн нь хамгийн зөв алхам байсан. Мэргэжилтэн бэлтгэгдэж ирэхийг хүлээнэ гэвэл маш их хугацаа алддаг.

Шинэ технологи, хичээлд хэрэглэх техник хангалттай юу?

-Үүнд бид хамаг хүчээ зориулж байна. Монголд өөр хаана ч байхгүй өндөр үзүүлэлт бүхий техник, технологийн орчинд сургалт явуулж байгаа. Үүнийгээ зөвхөн Монголд биш ойролцоох улсууддаа хуваалцахыг зорьж байна. Тиймээс ОХУ-ын улсууд, Алтайн монголчууддаа танилцуулах аялал хийх гэж байгаа. Зайны сургалт явуулахад мэдээллийн систем хамгийн их шаардагддаг. Бид мэдээллийн систем дээр үндэслэн холимог сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний шийдэл нь мэдээллийн систем шүү дээ. Ер нь мэдээллийн систем хэрэг болохгүй газар алга. Тайванийн их сургуулиудын хурал дээр очиход Ховд аймгийн малчдын арьсны өвчнийг Тайванаас хэрхэн эмчилснийг танилцуулж байна. Төслийнхөн Ховд, Хөвсгөл аймагт очоод гар утсаараа малчдын зургийг аваад Тайванийн Анагаахын их сургууль руу дамжуулж. Их сургуулиас зургийг нь дэлхий даяар цацчихаж. Дэлхийн эмч нар саналаа ирүүлсний үндсэн дээр оношилж, эмчилгээ зааж өгч байна. Үүнд ерөөсөө л 15 минут шаардагдах юм. Үүнийг бодож олж, зохион байгуулалт хийх нь мэдээллийн системийн менежмент шүү дээ.

Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд үүнийг сайн тайлбарлахгүй бол ач холбогдлыг нь төдийлөн анзаардаггүй болов уу. Танай сургуулиас элсэгчдэд зөвлөгөө өгдөг үү?

-Манай сургууль тавдугаар сарын 9-нд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Тэр үеэр ирээд асуугаад, зөвлөгөө аваач гэж хэлмээр байна. Мэргэжлээ сонгохдоо би тав, арван жилийн дараа олон хүнд хэрэгтэй байхыг бодож, одоо маш сайн асууж зөвлөх хэрэгтэй. Өнөөдөр, өчигдрөөр битгий шийдвэр гаргаасай.

Энэ мэргэжлээр элсэгчдэд өндөр шаардлага тавих уу?

-Математик сэтгэлгээ чухал. Дээр нь англи хэлний мэдлэг хэрэгтэй. Хамгийн чухал нь хүсэл сонирхол. Мэдээллийн системийн менежментийн системээр цөөн оюутан элсүүлдэг. Эмч хүнийг оношилж эмчилдэг бол мэдээллийн системийн менежмент байгууллагаа оношилж эмчилдэг байх учиртай. Байгууллагад хамгийн чухал мэргэжилтэн нь болох учраас хүсэл сонирхол нэн тэргүүнд байх учиртай.

Б.ЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сагсан бөмбөгчид NBA-гийн стандартыг хангасан шинэ ордонтой боллоо

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордон ашиглалтад орлоо. Спортын төв ордноос 23 км-ийн зайд буюу Хандгайтад байх тус ордон олон улсын жишигт нийцсэн Монголын анхны спорт ордон гэдгээрээ онцлогтой. Хоёр заал, зочид буудал, тамирчдын хувцас солих өрөө, саун, душ, ресторан, “Алдрын танхим” гээд спорт ордонд байх ёстой бүхнийг нэг дор цогцлоосон ордны үндсэн заал нь хоёр мянган хүний суудалтай. Энэхүү заалны шалыг найман үетэй, дороо пүрштэй, цэвэр модоор хийжээ. NBA буюу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шалны стандартын дагуу хийсэн гэсэн. Тэгэхээр манай тамирчид Лэйброн Жэймсийн тоглодог шалан дээр сагсан бөмбөгөөр хичээллэж байна гэсэн үг. Зориулалтын бус шалан дээр удаан тоглох, гүйх, үсрэхээр бөөр, нуруунд доргилт өгч тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс дороо пүрштэй, зөөлөвчөөс бүтсэн шалтай байх шаардлагыг хангажээ. Самбар нь ч мөн Америк стандартын “Портер” брэндийнх гэсэн. Талбайн голд дөрвөн талдаа дэлгэцтэй болохоор тэмцээнийг шууд дамжуулан үзэж болохоор юм. Уг дэлгэцийг “Link Engine” ХХК-ийнхан угсарч бэлэн болгосон гэнэ. Нэг үгээр хэлбэл NBA-гийн тамирчдын тоглож байгаа зааланд манайхан хичээллэж байна гэсэн үг. Д.Содномзундуй агсны гэр бүлийнхэн болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс зориулалтын ордонтой болох хүсэлт гаргахад улсаас Хандгайт, Багахангай гэсэн хоёр газар санал болгосон байна. Учир нь олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирж судалгаа хийхдээ дээрх хоёр газарт спорт цогцолбор байгуулахад тохиромжтой гэж дүгнэжээ. Хүнд, эрчимтэй бэлтгэл хийж байгаа тамирчид аль болох далайн түвшнээс дээш өндөрлөг газар дасгал сургуулилт хийвэл эрүүл мэндэд нь сайн байдаг гэнэ. Бас ордон байгуулсан тэр газарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат тэргүүтэй аваргууд олимпийн наадамд оролцохын өмнө бэлтгэлээ базаадаг байсан түүхтэй. Тиймээс хотын төвөөс зайдуу ч гэлээ тамирчид бэлтгэл хийх боломжтой газрыг сонгожээ.

Спорт ордны бэлтгэлийн заал нь 400 хүний суудалтай. Тэнд тамирчид хүссэнээрээ бэлтгэл хийж болох юм билээ. Бас тэмцээн, уралдаан ч зохион байгуулж болно гэсэн. Бэлтгэлийн болон үндсэн заалны дунд 80 хүний ортой “Олимп” зочид буудал бий. Зочид буудал дотроо бассейн, саун, фитнесийн өрөөтэй. Ресторан нь нэг дор 200 хүн хүлээж авах хүчин чадалтай. Бас “Алдрын танхим”-тай. Тэнд одоогоор Содномзундуй, Чоён, Аюурзана, Моломжамц, Даваахүү, Оюун гэсэн зургаан хүнийг алдаршуулаад байгаа юм билээ. Машины зогсоолын тухайд доороо 120 автомашины гарааш, гаднаа 250 автомашины зогсоолтой байхаар төлөвлөжээ. Одоогоор барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа бөгөөд заалны агааржуулалтын системийг суурилуулах, гадна талбайн тохижилт, авто зогсоол байгуулах ажил хийж байгаа ажээ. Одоогоор гадна талбайнхаа талыг нь цутгачихаж. Ордны урд талд Д.Содномзундуй агсны таван метрийн өндөртэй хөшөөг босгох юм байна.

Сагсан бөмбөгийн спортын ууган мастер Д.Содномзундуй 20 гаруй жил дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Өөрийн амьдралаа сагсан бөмбөгийн спорттой холбосон нөхрийнхөө алдрыг мөнхжүүлэхээр түүний гэргий Цэнд-Аюуш ордон барих ажлыг санаачлан үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран барьсан байна. Одоогоор яг хэдэн төгрөгийн санхүүжилтээр босгосныг нарийн тооцож амжаагүй байгаа бөгөөд нээлтийнхээ үеэр олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн.

Сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогч гээд энэ спортод хайртай хүн бүрт зориулсан ордон болохоор үүд хаалга нь нээлттэй байх ажээ. Лигийн тэмцээн завсарласан үед залуучууд, өсвөрийн шигшээ багийнхан бэлтгэл хийхээс гадна байгууллага, хамт олноороо ирээд тоглож болох юм байна. Одоогоор ирэх долдугаар сард БНСУ-д болох олон улсын тэмцээнд оролцох залуучуудын шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байгаа ажээ.

Өнгөрсөн бямба гаригт супер лигийн медалийн төлөөх тэмцээн тус ордонд болсон. Энэ үеэр тамирчид “Энэ ордон одоогоос арван жилийн өмнө ашиглалтад орсон бол ямар сайхан бэ. Жаахан харамсаж байна. Гэхдээ хойш үеийнхэн маань стандартын зааланд идэвхитэй хичээллэснээр биднээс илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд том хувь нэмэр орууллаа” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард шаваа тавьж байсан тус ордны албан ёсны нээлт энэ сарын 14-нд болох юм байна.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд шороон болон цасан шуургатай

Улаанбаатарт үүлшиж, хур тунадастай. Салхи зүүн хойноос 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байх нь.

Харин баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурах аж. Харин төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах юм байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орох аж. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.