Categories
гадаад мэдээ

Куба, АНУ-ын хооронд далайн тээврийг сэргээв

Куба, АНУ-ын хооронд 50 гаруй жилийн дараа дахин далайн тээвэр хийгдэхээр гэрээ зурагдлаа. АНУ 1960 онд Кубаын эсрэг худалдааны хориг тавьсны дараа хоёр орны хооронд далайн тээврийн үйлчилгээ зогссон аж. АНУ-ын засгийн газар одоо хоригоо цуцалж, далайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг дөрвөн компанид лиценз олгосон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Нью-Йорк хотоос Куба руу онгоцоор нислэг үйлдэх тухай мэдэгджээ.

АНУ Кубатай хагас зууны турш тасарсан харилцаагаа сэргээх алхмыг өнгөрсөн арванхоёрдугаар сард хийснээс хойш хоёр орны хооронд олон гэрээ хэлцэл яригдаж эхлээд буй.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06.Лхагва гараг/ хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар тогтсон юм. Энэ дагуу тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд заасан дээрх асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртэх асуудлын талаар гаргасан гишүүдийн асуултад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариулахдаа , унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтэл биш тул энэ хуулиар зохицуулагдахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн малчдын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их гарч байгаа. Иймд яамны зүгээс энэхүү мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байх зорилгоор “малчин” гэсэн нэр томьёог төсөлд тусгаж оруулсан гэсэн юм.

Дээрх нэр томьёог хасах, эсэх талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн” гэсний дараа “малчин” гэж заасныг хасах Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлж амжаагүй байгаа учир асуудлыг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшуулах саналыг гишүүдийн олонх дэмжив.

Categories
гадаад мэдээ

Германд торнадо их хэмжээний хохирол учруулжээ

Германы хойд хэсэгт торнадо дэгдэж, их хэмжээний хохирол учруулжээ. Торнадо шуурганы улмаас нэг хүн амь үрэгдэж, 30 хүн гэмтэж бэртсэн аж. Германы Бютцов хотноо хүчтэй хар шуурганд автомашинууд 70 метр орчим зайд шидэгдэж, байшин барилгын дээвэр хууларчээ. Шуурганы үеэр Бютцов хотын онцгой байдлын албаныхан олон зуун дуудлагад дарагдсан байна.

Түүнчлэн Германы Гамбург хотноо автомашин дээрээс шуурган хийссэн зүйл унаснаас 26 настай эрэгтэй нас барж, хөл хүнд найз бүсгүй нь гэмтсэн аж. Хүчтэй шуурга, аянга цахилгааны улмаас автобус, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна. Германы хэвлэлд мэдээлснээр хойд хэсгийн нутгаар торнадо шуурганы хүч 33 м/с хүрсэн гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуйтай хүүхдүүд анхаарал болгоомжгүйгээсээ машин мөргөж гэмтжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс нийт 376 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртсөнөөс сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны зургаан хүүхэд байжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн нутаг Нуурын 12 дугаар гудамжинд Т.Королла маркийн М жолоочтой авто машиныг унадаг дугуйгаар зорчигч долоон настай эмэгтэй Х, таван настай Т нар нь мөргөж гэмтсэн байна. Тэд гудамжнаас гарч явахдаа замаар явж байсан машиныг анхаарал болгоомжгүйгээсээ болж мөргөж гэмтсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Самбуугийн гудамж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хойд замд Ниссан Ноте маркийн авто машины жолооч М нь явган зорчигч долоон настай эрэгтэй Ү-г мөргөж гэмтээжээ.

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй байна. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт хангалтгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд олноор өртөх явдал нэмэгдэх хандлагатай байна. Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй ороцлох, хаана тоглож болох, хаана тоглохгүй байх талаар хүүхдэдээ байнга зөвлөмж өгч, анхааруулж байхыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эх хүүхдэд ээлтэй орнуудын жагсаалт гаргажээ

“Save the Children” буяны байгууллага эх хүүхдэд ээлтэй орнуудын чансааг гаргасан тухай өөрийн сайтаар мэдээлэв.

Уг чансааг гаргахдаа төрөх үеийн эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл, эх хүүхдэд чиглэсэн бодлого, санхүүгийн чадамж, эрүүл мэндийн боловсрол гэх мэт олон зүйлийг харгалзан үздэг байна.

Чансааны жагсаалтад 179 орны үзүүлэлтийг судалсан бөгөөд уг чансааг 16 дахь жилдээ гаргаж байна. Чансааны эхний гуравт Норвеги, Финлянд, Исланд бичигджээ.

АНУ эх нялхсын үзүүлэлтээр 33-т байгаа нь өндөр хөгжилтэй орнууд дотроос хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Энд Орос 56-д, Украин 69-д байна. Харин Монгол 97-д бичигджээ. Чансааны сүүлийн байрыг Сомалид өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн прокурор авлига хээл хахуулийн хэргийг хянана

УЕПГ-ын дарга М.Энх-Амгалан тушаал гаргаж зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорт хянаж, шийдвэрлэж байхаар өөрчилсөн байна.

Ингэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тус тусдаа шалгадаг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэрэг болон авлига, албан тушаал, хээл хахуулийн хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, ашигт малтмалын орд газар, лицензтэй холбоотой хэргийг Нийслэлийн Прокурорын газар хариуцах болжээ.

Categories
мэдээ спорт

Азийн зүүн бүсийн аваргуудыг Улаанбаатарт тодруулна

Анх 1998 онд зохион байгуулж байсан Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10- 16-нд Буянт-Ухаа Спортын ордонд болно. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоо харьяалагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд бүгд орно хэмээн мэдүүлгээ өгөөд байгаа аж. Өмнө нь хоёр ч удаа манай улсад зохиогдож байсан тэмцээнийг 2012 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй төрлүүдийг тусад нь зохион байгуулж байхаар шийдвэрлэснээр 2012 онд БНХАУ-д, 2014 онд Хонконгт эмэгтэйчүүдийн, 2013 онд Тайваньд эрэгтэйчүүдийн гэсэн төрлөөр аваргуудаа шалгаруулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Америкийн үлээвэр найрал хөгжимчид Монголд тоглоно

АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн “Вайнд симфони” үлээвэр найрал хөгжмийн оркестр Монголд сонгодог урлаг сонирхогч, судлаач, хөгжмийн шүүмжлэгч, иргэд, олон нийтэд зориулан хоёр өдөр тоглохоор Улаанбаатарт иржээ. Азийн орнуудаар аялан тоглож буй уг оркестр Дональд Петерсоны удирддага дор өнөөдөр, маргааш Монголын үзэгчдэд зориулан “Тусгаар тогтнолын ордон”-д уран бүтээлээ толилуулах юм. Энэ нь “Найрсаг Улаанбаатар” арга хэмжээний хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаатай давхцаж буйгаараа онцлог юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Н.Төмөрхуягийн анхны тоглолт болно

“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар” гээд сэтгалд хоногшсон дуунуудаараа сонсогчдын хүндлэлийг хүлээсэн гавьяат жүжигчин, “солгой” нэрээрээ алдаршсан дуучин Н.Төмөрхуягийн анхны тоглолт энэ сарын 10-нд “UB palace”-ын тоглолтын танхимд болно. “Очир фильм”, “Монгол медиа” групп хамтран урлагт 30 гаруй жил зүтгэсэн ч бие даасан тоглолт хийж, цомог гаргаж амжаагүй дуучны уран бүтээлүүдийг мөнхлөх зорилгоор “Төмөрхуяг” төслийг өнгөрөгч оноос эхлэн зохион башуулсан юм. Төслийн хүрээнд 18 дуутай “Солгой Төмөрхуяг” цомог гаргаснаа тоглолтын үеэр танилцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы 388 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэг, нэгдсэн эмнэлэгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Голомтын хариу арга хэмжээний хүрээнд улаанбурханы өвчлөл бүртгэгдсэн АШУҮИС-ийн дотуур байр, ШУТИС-ийн дотуур байр, Амгалан цогцолбор сургуулийн ахлах ангийн 960 гаруй хүүхдийг улаанбурхан-гахай хавдар- улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулж, голомтонд эмчийн үзлэг хийж, зөвлөмж өгч ажилласан байна.

Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай сайдын тушаалын төслийг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн. Аймаг, дүүрэгт зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангах, сургалтанд холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах тухай албан тоотыг хүргүүлжээ.

Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байна.

2015 оны тавдугаар сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртлэх насны (370,000 орчим) бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Иймд эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.