Categories
мэдээ нийгэм

Хүүхэд дайрч амийг нь хөнөөсөн цагдаад 4 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн оны есдүгээр сард Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн яваад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болло. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүн хэлэлцээд 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага энэ долоо хоногт явагдана

Нийслэл Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд явагдана. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг дүүргүүдийн цэргийн штабаас мэдэгдэж байна.

Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирнэ. Дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагч сургуулийн тодорхойлолт сургалтын төлбөр төлсөн баримт бусад нотлох баримтыг бүрдүүлж ирнэ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл хөрс – Эрүүл хүнс” аян

“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсанаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг өөрт хамаарах шатанд хариуцах, мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний сүлжээний бүх үе шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхдээ эрсдэлд суурилсан байх шинэ зарчим, тогтолцоонд шилжээд байгаа билээ. Энэхүү шинэ зарчим, тогтолцоонд шилжсэнээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хяналтын хуудсаар гүйцэтгэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад зөвлөн туслах, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тандан судлах, хянан шинжлэх замаар хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан эрүүл байхаас эхлээд хэрэглэгчийн ширээ хүртэл бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Чиг үүргийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг орон даяар 2015 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хяналтын хуудсыг хэрэглэх талаар зөвлөн туслах, хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тандан судлах, хянан шалгах зэрэг арга хэмжээг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах болно.

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц МХБ-ын үүрэг биш бөгөөд хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч Та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг. Тийм учраас аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа зөрчил, дутагдлын талаар бидэнд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

Иймээс иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг манай сарын аянд нэгдэж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Нэрийн дансны хуулийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06.Лхагва гараг/ хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар тогтсон юм. Энэ дагуу тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд заасан дээрх асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртэх асуудлын талаар гаргасан гишүүдийн асуултад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариулахдаа , унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтэл биш тул энэ хуулиар зохицуулагдахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн малчдын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их гарч байгаа. Иймд яамны зүгээс энэхүү мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байх зорилгоор “малчин” гэсэн нэр томьёог хуулийн төсөлд тусгаж оруулсан гэсэн юм.

Дээрх нэр томьёог хасах, эсэх талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн” гэсний дараа “малчин” гэж заасныг хасах Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлж амжаагүй байгаа учир асуудлыг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшуулах саналыг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

“Эбола”-ын халдвараар 10 мянга гаруй хүн нас баржээ

Дэлхийн улс орнуудад дэгдэлт хэлбэрээр гарч буй халдварт өвчний талаарх сүүлийн үеийн мэдээллийн талаар ХӨСҮТ-ээс танилцууллаа.

Эбола 2015 оны 04-р сарын 26-ны байдлаар гурван тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 26378 тохиолдол, 10948 нас баралт бүртгэгдсэн байна. Одоогоор Африк тивийн Гвиней, Либери, Сьерра Леонд Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдсэн хэвээр байгаа ч буурах хандлагатай байгаа аж. Сүүлийн 2 долоо хонгийн турш эрүүл мэндийн ажилчин шинээр халдвар авсан тухай мэдээлээгүй ба одоогоор Эбола вируст халдварт нийт 864 эрүүл мэндийн ажилчид өртөж, 503 хүн нас баралттай байна.

Харин Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн халдварын хувьд БНХАУ-ын Хубай мужид шувууны томуугийн H7N9 лабораториор батлагдсан хүний өвчлөл бүртгэгдсэн байна. Энэ тохиолдол нь Хубай мужид бүртгэгдсэн анхны тохиолдол юм. Одоогоор шувууны аж ахуйг хаах, өвчтэй шувууг устгах, эмнэлгийн хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2013 онд Хятад улсад шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний өвчлөл 634 тохиолдол бүртгэгдсэн бол 2014 оны 11 сараас хойш нийт 194 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчдад Тусгаар тогтнолын одон гардууллаа

Агуу их ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнүүд үргэлжилж байна. Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, Тусгаар тогтнолын одон гардууллаа.

МАН-ын дарга М.Энхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ дайнд оролцож эх орноо хамгаалж, чөлөөлөх дайнд гар бие оролцож, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын төлөөллийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Тусгаар тогтнолын одонгоор шагнахаар боллоо. Намынхаа Удирдах зөвлөл, мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс Халх гол болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад та бүхэнд ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг шийднэ

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн сард болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувьд хүргэнэ” хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл байрны урьдчилгаа төлбөр буураагүй байгаа юм. Энэ нь зах зээлд хүлээлт үүсгэж, хэвийн явагдаж байсан 30 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийн олголт ч саарахад хүргэсэн байна.

Тиймээс Засгийн газраас нэгэнт олон нийтэд гаргасан мэдээллээ аль болох хурдан нэг тийш шийдэх хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газар ирэх долоо хоногт багтаан тодорхой шийдвэр гаргах аж. Өөрөөр хэлбэл, ипотекийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг нэг тийш шийдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ОХУ-д ажлын айлчлал хийж байна

Агуу их Ялалтын 70 жилийн ой энэ сарын 9-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын айлчлал хийхийн зэрэгцээ тус ойд оролцохоор өнөөдөр Москваг зорьжээ.

Ерөнхийлөгчийн ажлын айчлал өнөөдрөөс эхэлж, тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна.

Ялалтын 70 жилийн ойд 26 орны төр, засгийн Тэргүүн нар, мөн НҮБ зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын удирдагчид оролцох аж.

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар хэлэлцэхийг нь дэмжсэн юм.

Засгийн газар Үндсэн чиглэлийг боловсруулахдаа ирэх онд эдийн засгийн өсөлт 5 хувь, инфляци 6-7 хувьтай байхаар төсөөлсөн бол нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 4400 ам.доллартай тэнцэхээр тооцсон аж. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 7 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх эсэх, ажлын байр шинээр бий болгоход хэрхэн анхаарах талаар тодруулахад Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэлийн тайлбараар ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй юм байна. Энэ нь эдийн засаг хүнд байгаатай холбоотой гэсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа Засгийн газар Монголбанкнаас санал аваагүй нь голлох бодлогын баримт бичгүүд хоорондоо уялдаагүй болж мэдэх эрсдэл хүлээж байгааг сануулав. Ингэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт саарсаар -74 ам.долларын алдагдалтай гарсныг онцоллоо.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Тлейхан, 2016 онд 130 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Эдгээрийг хэрэгжүүлэх мөнгө хаана байгаа юм бэ. Төлөвлөсөн зорилтууд биелсэн эсэхийг хэрхэн дүгнэх вэ. Биелээгүй тохиолдолд ямар албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцохыг тодруулав. Үүнд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл “Манай яам 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбар яамд, холбогдох байгууллагуудаас саналыг авч нэгтгэсэн. Яамд, газруудаас нийт 436 арга хэмжээг хэрэгжүүлэх санал ирүүлсэн. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд 20.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсан. Ингээд яам, холбогдох газруудтай ярилцаж байгаад нийт 130 арга хэмжээг багцлан оруулж, шаардагдах хөрөнгийн хэмжээг 3.8 их наяд болгон бууруулсан. Үүний 233.9 тэрбум нь улсын төсвөөс гарах бөгөөд урсгал арга хэмжээнд зарцуулах мөнгө юм. 3.1 их наяд төгрөгийн арга хэмжээ нь концессын гэрээгээр хийгдэх ажлууд байгаа. Эдгээр нь улсын төсөвт ачаалал өгөхгүй” хэмээн хариулсан юм.

Categories
мэдээ спорт

Орон сууцны халаалтыг зогсооно

Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг энэ сарын 1-нээс зогсоосон билээ. Харин айл өрх, орон сууцнуудын халаалтыг энэ сарын 15-ны өдөр таслахаар болжээ.

Түүнчлэн, энэ сарын 18-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл зуны дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр болсон байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ зун 30-аас дээш жил ашиглагдсан нийт дөрвөн км орчим дулааны шугамыг засч шинэчлэх юм байна.