Categories
мэдээ цаг-үе

Лигийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн баг

Хагас жил үргэлжилсэн үндэсний супер лигийн тэм­цээн өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн. Лиг дуусахад сагсан бөмбөг сонирхогчид “Энэ жилийн арван нэгэн баг тун ширүүн өрсөлдсөн. Ер нь хэн нь ч аварга болж мэдэхээр эн тэнцүү тоглолоо. Энэ нь Монголд сагсан бөмбөг одоо л зөв замаар хөгжиж байгааг илтгэж байна” хэмээн дүгнэж байв. Хүрэл медалийн төлөө “SBL Хасын хүлгүүд” баг “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багтай таарч Хасын хүлгүүдийн хож­лоор дууссан. Харин аваргын төлөө “Дундговь Альянс Тех Харцага” баг “Дорнод Танан гарьд”-тай тоглож Харцагууд тав дахь удаагаа лигийн аваргаар шалгарсан юм. Лигийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлж байгаа “Дундговь Альянс Тех Харцага” багийнхантай уулзлаа.

Б.МӨНХБОЛОР: МАНАЙ БАГИЙНХАН ӨНӨӨДӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТАЙ УУЛЗАНА

Тус багийг “Альянс Тех”, “Дундговь Мөнхболор” сан хамтдаа санхүүжүүлсэн юм. “Дундговь Мөнхболор” сангийн тэргүүн Б.Мөнхболор­той уулзлаа.

-Харцагын хоёр ивээн тэтгэгчийн нэг нь “Дундговь Мөнхболор” сан. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мөн Харцага багтай хэзээнээс хамтарч ажиллаж байна вэ?

-Манай сан Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуул­даг. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, бай­галь орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сангаа 2008 онд байгуулж байлаа. Хөрөнгийн эх үүсвэр нь миний хувийн бизнесээс эхтэй. Бас залуусыг дэмждэг найз нөхдийн минь дэмжлэг бий. Харцага багтайгаа өнгөр­сөн есдүгээр сараас буюу лигийн улирал эхлэхийн өмнө холбогдож хамтран ажил­ласан. Би бага байхын сагсан бөмбөг тоглодог бай­лаа. Долдугаар ангид байх­даа өсвөрийн улсын авар­га шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль авч байсан. Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос маш сайн менежмент явуулж багуудыг чанаржуулж байгаа болохоор дэмжиж оролцлоо. Дээрээс нь манай Дундговь аймгийн иргэд манай багийг сэтгэл зүрхээрээ маш их дэмжсэн. Маргааш (өнөөдөр) бид Дундговь руу явна. Аймгийн удирдлагууд манай багийнхныг урьсан. Тэнд очоод хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортыг сурталчлах юм. Тамирчид маань үзүүлэх тоглолт хийнэ. Бас аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон.

-Өнгөрсөн лигийн ули­ралд танай сангийн зүгээс багаа хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв?

-Ерөнхийдөө манай багийн хувьд өнгөрсөн лигийн улиралд 240 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг ма­най сан “Альянс Тех” ХХК-тай хамтран гаргасан. Бид хахаж цацсан мөнгөтэй биш. Гэлээ ч чадлынхаа хэрээр залуусыгаа дэмжих хэрэгтэй. Энэ дэмжлэгийн үр дүнгээр манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан олон улсад амжилт гаргах байх.

-Дээрх мөнгө голдуу тамирчдын цалинд зарцуу­лаг­дах уу?

-Легионер тамирчин авчра­хад ихэнх мөнгө явчихдаг. Браун гээд NBA-д тоглож байсан тамирчин авчирсан. Гэтэл Монголд ирээд удаагүй байхдаа эрүүгээ хугалчихсан. Тэрний эмчилгээний зардал, гадаад тамирчдын байр, хоол, замын зардал гэсээр ихэнх мөнгө нь явчихдаг. Бас манай баг лигийн эхний тойрогт гадаадаас дасгалжуулагч авчирсан. Тэр бүхэнд маш их хөрөнгө хаясан.

-Легионерууд дунджаар хэдэн төгрөгийн цалинтай вэ. Бас монгол тамирчдыгаа яаж үнэлдэг вэ?

-Монгол тамирчдын хувьд харилцан адилгүй цалин авч байгаа. Ихэнх багийн тамирчдын дундаж цалин сая гаруй төгрөг байх. Манай багийн Г.Баттөр, Б.Одбаяр нар гадаадад сурч байгаад тэмцээний дундуур ирсэн. Тэгэхээр аль болох боломжийн цалин өгөхийг хичээсэн. Ер нь манай зарим тамирчид легионеруудтай ижил хэмжээний цалин авч байгаа. Легионерууд бол сар бүр 2500-4000 ам.долларын цалинтай. Хамгийн гол нь тамирчдыгаа үнэлдэг, тамир­чид маань өөрсдийн ур чад­вараа үнэлүүлдэг байх ёстой.

А.АЛТАН-ОЧИР: МАНАЙ БАГИЙН ДОТООД УУР АМЬСГАЛ, ЭВ НЭГДЭЛ БИДНИЙГ ЯЛАЛТАД ХҮРГЭСЭН

“Дундговь Альянс Тех Харцага” багийн ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очиртой уулзлаа. Тэрээр өнөө жил 26 настай.

-Тан шиг залуу дасгалжуу­лагчтай баг лигт байхгүй. Гэхдээ л багаа түрүүлүүлж чадлаа шүү.

-Багийнхандаа л их баяр­лаж байна. Бас “Альянс Тех”-ийн Баясгалан захирал, “Дундговь Мөнхболор” сангийн тэр­гүүн Б.Мөнхболор хоёр болон компанийн хамт олонд маш их баярлаж байгаа. Бас туслах дасгалжуулагч Ганхөлөг ахдаа талархаж байна. Миний хувьд лигийн тэмцээн эхлэх үед ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Эхний тойрогт лигийг тэргүүлж бай­лаа. Харин хоёрдугаар тойрог эхлэх үед гаднаас дасгалжуулагч авчирснаар нэг хэсэг хүнд байдалд орсон. Гаднаас дасгалжуулагч авч­рах саналыг би өөрөө багийн эзэддээ тавьсан юм. Би залуу хүн учраас гадны мэргэжилтнээс сурах зүйл их байсан. Хэдийгээр тэр үед гадаад дасгалжуулагчийн цоо шинэ системээр ажиллаад олон удаа дараалж хожигдсон ч гэлээ бидэнд сурсан зүйл их бий.

-Легионер болон монгол тамирчидтай нэгэн зэрэг ажиллах ямар байдаг вэ. Тэр олон эрчүүдийг зангид­сан гар мэт нэгэн цул байлгана гэдэг тийм ч амар биш байх?

-Легионер, монгол тамир­чинтай зэрэг ажиллана гэдэг цэвэр дасгалжуулагчийн арга барилтай холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол манай­хан легионеруудтай ажиллаад сурчихлаа. Харин олон эрчүүдийг нэгтгэх бас тийм ч амар зүйл биш ээ. Ялангуяа залуу хүний хувьд тийм амархан хийх зүйл биш. Манай багийн зарим тамирчин надаас ах. Гэсэн ч дасгалжуулагч гэдэг утгаар манайхан бүгдээрээ надад хүндэтгэлтэй ханддаг. Дээрээс нь залуу дасгалжуулагчтай байна гэдэг багийн дотоод уур амьсгалыг сайжруулдаг байж болох юм. Би багаа бусадтай харьцуулбал коллектив сайтай гэж хэлнэ. Дотоод уур амьсгал сайтай нь биднийг ялалтад хүргэсэн гэж бодож байгаа. Бас хамгаалалтын тал дээр үнэхээр хүчирхэг.

-2014-2015 оны лигийн тэмцээн дуусчихлаа. Дараа­гийн лиг эхэлтэл тамирчид юу хийдэг юм бэ?

-Тамирчид маань нас насны шигшээ багт хувааг­даад явчихдаг. Тэнд хуваа­рилагдаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээн уралдаанд оролцоод явчихдаг. Хамгийн гол үе бол зун шүү дээ. Тэмцээнгүй ч гэлээ тамирчид биеэ бэлддэг. Жин багатай нь жингээ нэмэх, залалт тааруу бол сайжруулах, шидэлтээ улам сайжруулах гээд ид бэлтгэлийн үе одоо л эхэлж байна. Харин лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс эхлэн эрчимжүүлсэн бэлтгэл эхэлдэг юм. Хараад байхад Монголын сагсан бөмбөг хөгжлийнхөө шат руу орчихлоо. Азид бол гараад ирчихлээ шүү дээ. Ер нь тамирчид маань биеийн хөгжил, ур чадвар, техникээрээ гадныхнаас дутахааргүй болчихсон. Одоо гол асуудал нурууны өндөрт л байгаа. Гэхдээ энийг шийдэж болно.

-Яаж?

-Өндөр нуруутай, төвийн легионер тоглогчийг иргэнээ болгоод авч болно. Манайд тоглож байсан Вүүдс, Лавсон зэрэг легионерууд маань Монголын иргэн болъё гэсэн хүсэлтээ гаргаж байлаа. Ер нь гадны тамирчид манай улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлдэг.

-Тэгвэл яагаад одоо болтол Монголын иргэн болсон легионер байхгүй байгаа юм бэ?

-Яг үнэндээ бид нэгэнт л Монгол Улсын иргэн болгож авах гэж байгаа бол маш өндөр зэрэглэлийн тамирчид авмаар байна. Ид өсөж яваа залуу тамирчин байх хэрэгтэй. Олон жил Монголын шигшээд тоглох өндөр ур чадвартай тамирчин хайж байгаа гэсэн үг.

П.БОЛОРТУЛГА: МАНАЙХ ХАМГААЛАЛТ САЙТАЙ

Тус багийн ахлагч П.Болортулгатай уулзав.

-Лигийн хоёрдугаар тойрогт танай баг зургаа дараалж хожигдсон. Тэр үед плэй офф-т шалгарч чадахгүй нь л гэж бодож байлаа шүү?

-Тийм хүнд үе байсан. Манай баг өнгөрсөн жилийн мөнгөн медалийн эзэн. Тэр утгаараа плэй офф-т гарч ирэхгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс сэтгэл санааны хувьд ч тэр хүнд байлаа. Олон дараалсан хожигдол гадаад дасгалжуулагчтай холбоотой байх. Яахав тэмцээн эхлэхээс өмнө ирээд бэлтгэл хийсэн бол бие биетэйгээ ойлголцох байсан болов уу.

-Ирэх жил танай багийн гол цөм болох Б.Одбаяр лигийн тэмцээнд тоглохгүй. Бас Г.Баттөр эзгүй байх шинжтэй. Тэгэхээр голдуу залуу тамирчидтай үлдэх гээд байна уу?

-Сая тэмцээн эхлэхийн өмнө манай хоёр хоёулаа эзгүй байсан шүү дээ. Тиймээс байгаа залуустайгаа тоглоно гэсэн бодолтой, бэлтгэлтэй байсан. Арав гаруй залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр нөөц байгаа гэсэн үг. Б.Одбаяр, Г.Баттөр хоёр маань хэрэгтэй үедээ багтайгаа нийлж ялал­тад хүргэсэн. Харин дараа дараагийн лигийн тэмцээнд тоглох шижигнэсэн залуус бий. Ер нь манай баг багийн тоглолт сайтай.

-Бас хамгаалалт сайтай, давж гарахад хэцүү гэдэг?

-Хамгаалалт бол үнэхээр сайн. Тэр бол манай багт суучихсан, багийн үнэт зүйл. Гэхдээ манай ихэнх тоглогчид хувийн хамгаалалт сайтай. Ерөнхийдөө багууд маань өөрсдийн гэсэн давуу талтай байдаг.

-Ер нь өнгөрсөн улиралд танай багт олон онцлог бай­сан юм шиг байна. Жишээлбэл, хамгийн олон залуу тоглогчтой нь Харцага байлаа?

-Гурван залуу тоглогч бай­сан. Угаасаа багууд хойч үеэ бэлдэж явах ёстой. Шинээр орж байгаа залуучууд маань дөрөв, таван жилийн дараа гараад л ирнэ. Ах нар байж бай гээд л пижигнүүлнэ дээ. Манайд тоглож байгаа хоёр Дөлгөөн, Мишээл гурав бол сурагчийн ширээнээсээ орж ирсэн хүүхдүүд. Одоо ямар сайн тоглож байгааг харж байгаа байх.

-Танай багийн нандин зүйл юу байдаг вэ?

-Дотоод уур амьсгал сайтай гэж хэлнэ. Нэг цөм болж чадсан. Арван хэдэн залууг атгасан гар шиг цул болгож чадсан нь манай хоёр дас­галжуулагчтай холбоотой.

-Талбайд тоглож байхад үзэгчдийн зүгээс орилох сонсогддог уу. Хөөе дамжуул, шидээч гээд янз бүрээр л хашхирдаг даа?

-Сонсогдоно шүү. Гэхдээ айхтар ач холбогдол өгөөд байхгүй. Фанатууд маань аль болох сайн тоглоосой гэж хүсдэг болохоор зарим­даа хэрэгтэй зөвлөгөө ч өгнө. Гэхдээ ер нь хөгжөөн дэмжигчдийн уухай сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Ма­най багийн фанатууд маш мундаг. Тэмцээн болох үед нэг газар цуглаад цуваа болж явах жишээтэй. Сая бид аварга болсныхоо дараа фанатуудтайгаа нэг оройг өнгөрөөсөн. Фанатууд маань бид нартай аваргын цомоо барьж зургаа авахуулаад, ярилцаад нэг оройг дурсамж дүүрэн өнгөрөөсөн.

-Легионер тамирчдыг анх ирж байхад хамт тоглохдоо сүрддэг байв уу?

-Легионерууд 2011 оноос эхэлж ирсэн шүү дээ. Тэр үед бас жаахан биеэ барьсан маягтай тоглодог байлаа. Одоо бол ямар ч асуудалгүй. Яг л ижилхэн түвшинд үзэж байгаа. Легионерууд ирснээр тамирчдын ур чадвар хурдтай өссөн гэж боддог.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Мандах: Аяллын тав тухыг хангах хувцас, хэрэглэл шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжсөн

Хаврын хавсарга ард үлдэж, зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Иргэд амралт, аяллаа төлөвлөн бэлтгэлээ зугуухан хангаж байна. Аялал, зугаалгаа төлөвлөж буй уншигчдынхаа бэлтгэлд дөхөм болох үүднээс “Аянчин Аутфиттерс” компанийн захирал Г.Мандахтай ярилцлаа.

-Аялал, зугаалгын улирал эхэллээ. Манай улс байгалийн үзэсгэлэнгээрээ давтагдашгүй. Гэхдээ зам, дэд бүтэц тааруу гээд аялахад бэрхшээл бас бий. Тохь тухтай аялахад юуг хамгийн түрүүнд чухалчлах шаардлагатай бол?

-Мэдээж аяллынхаа төлөвлөгөөг маш сайн гаргах хэрэгтэй. Хүмүүс төлөвлөж байгаад жилд нэгээс хоёр удаа л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амарч, аяладаг шүү дээ. Дотны хүмүүстэйгээ хамт өнгөрөөх хором мөч бүхэн үнэтэй учраас бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Майхан нь хийсчихлээ гэхэд дахиад угсрах гэж хугацаа алдана. Салхи, бороог даах хэмжээний чанартай эд зүйл хэрэглээд явах сайхан шүү дээ. Гэрээсээ хол явахад тав тух юу, юунаас чухал байдаг.

-Хөдөө явж аялахгүй ч амралтынхаа өдрөөр нийслэлчүүд ууланд алхдаг болсон. Уул руу гарах, явган аялал хийхэд ч тав тухаа хангах чухал болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатарт 15 орчим аяллын клуб байдаг юм байлээ. Өөр, өөрсдийнхөө сонирхлоор нэгдээд амралтын өдөр явган аялал зохион байгуулдаг, уул өөд гардаг болж. Энэ бол эрүүл мэнд, сэтгэл хангалуун амьдрахад ашигтай зуршил шүү дээ. Явган аялал амьдралынх нь нэг хэв маяг болсон учраас аяны пүүз, өмд, цамц байнгын хэрэглээ болчихож. Зориулалтын хувцастай явах нь аяллаас авах сайхан мэдрэмжийн тал хувь нь гэж хүмүүс ярьдаг.

-Сайхан мэдрэмжээс гадна аюулгүй байдлаа хангах нь юу юунаас чухал байх. Заавал аяллын хувцас, хэрэглэлтэй явахын ач тус юу байдаг вэ. Манай уншигчдад зөвлөгөө өгөөч?

-Хөдөө явахад муу сайн хувцсаа өмссөн нь дээр гэдэг ойлголт ард хоцорсон. Аяллын тав тухыг хангах хувцас шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжиж иржээ. Хүний бие тэр чигээрээ судлагдахуун. Ууланд алхахад халууцна, хөлөрнө, төд удалгүй даарна. Тэр бүрт хувцсаа солимоор, нимгэлж, зузаалмаар санагддаг. Олон давхар хувцас өмсөхөөр хүндрээд тухгүй байдаг. Энэ бүхнийг зохицуулж, тав тухыг хангах үүднээс шинжээч, судлаачид олон жил ажиллаж аяллын хувцасны загварыг гаргаж, материалыг сонгодог онцлогтой. Хөлөрлөө гэхэд хүрэмнийхээ цахилгааныг тайлчихдаг, материал нь биеийн хөдөлгөөнөөр сунадаг, нарнаас хамгаалдаг байх жишээтэй. Халууцлаа гэхэд сэрүүцэхээр, даарахад дулааныг гадагшлуулахгүй байх байдлаар хийгддэг. Аяллын брэнд хувцасны материал биед маш тааламжтайгаас гадна загвараараа олон үйлдэлтэй, тав тух хангадаг. Зориулалтын хувцас эрүүл мэндэд тустайгаас гадна тав тухтай байдлыг бий болгодог гэдгээрээ онцлог.

-Ууланд авирах, аялахад гутал халтирах, түүнээс болж гэмтэх тохиолдол цөөнгүй бий. Ямар гутал зохимжтой бол?

-Ууланд аялахад зориулалтын гуталтай алхах нь энгийн гуталтай алхахаас хамаагүй өөр байдаг. Аяллын гутлууд иржгэр ултай байдаг ба энэ нь хад чулуу, нойтон гадаргуу дээр халтирахгүйгээс гадна доргилтоос хамгаалсан байдаг. Үүнээс гадна гутлын түрүү шагайг маш сайн барьж өгснөөр аюулгүй байдал хангагддаг. Мөн ул, улавч хоёрын дунд 0.8мм зөөлөвч орсон байдаг учраас бүтэн өдөр алхсан ч хөлийг тань ядраадаггүй гэх мэт олон сайн талууд байдаг.

-Эдгээр технологийг та аль нэг брэндээр жишээ болгож яриач. Тэгвэл уншигчдад илүү ойр байх болов уу?

-Манай компани “Columbia Sportswear”, “MountainHardwear”, “Merrell”, “Carhartt”, “CAT” брэндүүдийн албан ёсны борлуулагч. “Columbia” гэхэд лабораторитой. Инженер нь технологио боловсруулж, үйлдвэрлэлдээ ашигладаг. Гутлынхаа улнаас эхлээд бүх материалаа лабораторидоо судлаж, байгалийн бүх үзэгдлийг судалж, үйлдвэрлэдэг. Бороо орлоо гэхэд ус нэвтрүүлдэггүй, халууцахад сэрүүцүүлдэг хувцас үйлдвэрлэдэг болсон. Нар, салхинаас хамгаалах технологийг “Columbia” өөрөө бий болгосон. Аяллын брэндийн хувцаснуудад маш олон технологиуд байдаг нь байгалийн олон төрлийн зохицолдолгоонд тааруулж хаана хэрхэн өмсөх, ашиглахаас хамаарч өөр хоорондоо ялгагдаж өгдөг.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Аяллын брэнд Монголд тохирох нь хэр байдаг бол. Танайх аяллын хувцас, хэрэглэлээ нийлүүлэхдээ үүнд хэр анхаардаг вэ?

-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай улс ховор шүү дээ. Монгол хүнд тааламжтай байх, дөрвөн улирлын брэндүүдийг бид оруулж ирдэг. Манайхан багаасаа ноос, ноолуур, даавуун материалтай хувцас өмсөөд дасчихсан. Гэтэл аяллын хувцас ноос ноолууран байх нь ховор. Тиймээс хоёр жилийн өмнөөс “Ugg Australia” брэндийн албан ёсны борлуулагч болсон. “Ugg Australia” брэнд Монголын нөхцөлд хамгийн таарсан гутал. Чийг татахгүй, хөлд эвтэйхэн. “Columbia” брэндийн Omni-Heat өвлийн гутал мөнгөлөг дотортой. Мөнгөлөг дотор биеийн дулааныг 20 хувь илүү хадгалдаг учраас сансарт ниссэн хүмүүс ашигладаг байж. Биеийн дулааныг хадгалахаас гадна илүүдэл чийгийг гадагшлуулж байдаг. Ийм материалаар хийсэн хүрэм, цамц оруулж ирж байгаа. Ноос, ноолуур норчихоороо хатах нь удаан байдаг. Харин аяллын брэнд хувцас тухайн нөхцөлд тохирч, үүргээ гүйцэтгэдгээрээ онцлог. Аяллын өмдтэй өвсөн дээр суухад нэвтэрдэггүй, норвол маш хурдан хугацаанд хатдаг байх жишээтэй.

-Лабораторид туршиж үйлдвэрлэдэг, брэнд гэдэг утгаараа тансаг хэрэглэлд орох уу. Албан ёсны борлуу­лагч байхын ач холбогдол юу вэ?

-Үнэтэй эсвэл тансаг хэрэглээнд тооцогдохгүй. Худалдан авагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тааруулсан хувцас, хэрэглэл оруулж ирдэг. Албан ёсны борлуулагч байгаагийн давуу тал нь хамгийн сүүлийн үеийн загварыг зах зээлд нийлүүлдэг. Размер, өнгөний сонголт дэлхийн аль ч улсад ижил л байдаг. Мөн брэнд гэдэг утгаараа дуураймал бараа гэдэг ойлголт байхгүй. Дэлхийтэй хөл нийлүүлж алхах боломжийг олгож байдгаараа давуу талтай. Бид энэ бизнестээ үнэнч, цаашид тууштай байя гэдэг үүднээс өндөр ашиг хардаггүй. Албан ёсны борлуулагч байхын гол давуу тал нь дэлхийн хаана ч зарагдаж байгаа бараа материалыг хэрэглэгчиддээ адилхан үнээр авах боломжийг олгодог.

-Монголчууд идэвхитэй аяладаг, алхдаг болсонсайн ч бусад улстай харьцуулахад шинэ гээд дүгнэчихэж болмоор. Дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна вэ?

-Зөвхөн төр биш аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бүх компани хувь нэмрээ оруулах ёстой. Манай компани гэхэд дотоодын жуулчдад зориулсан хувцас, хэрэгслээ зөв сонгох талаар сургалт, зөвлөгөө өгөх талаар компанит ажил зохион байгуулж байна. Нийслэлчүүд маань аяладаг уулын жимтэй тэнд аяллын хэрэглэл зардаг дэлгүүр, үйлчилгээний төвүүд бий болоосой гэж хүсдэг. Ойрын жишээ БНСУ байна шүү дээ. Иргэддээ зөв амрах, аялах боломж олгох орчин бий болгохын тулд энэ салбарынхантай төр хамтарч ажиллаасай. Одоо бол иргэд хүслээрээ, бартаатай замаар аялаж байна. Аялал өөрөө эрүүл, бухимдалгүй амьдрах үндэс. Нийгмээрээ эрүүл, тав тухтай, уур бухимдалгүй амьдрахын тулд дотоодын жуулчлалыг хөгжүүлэх нь ач холбогдолтой. Нийтийн алхалт, гүйлт болон авиралт зэргийг сар бүр өдөрлөг маягаар нийслэлдээ тогтмол зохион байгуулж байвал хүмүүс зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэх дагаад дотоодын аялал жуулчлал хурдацтай хөгжих бүрэн боломж байгаа гэж бодож байна.

-Аялагчдаас гадна уул уурхай, геологийн компанийн ажилтнууд чанартай, биед эвтэйхэн хувцас сонгохыг чухалчил­даг. Энэ хэрэгцээг хангах боломж хэр байна вэ?

-“CAT”-ын гутал дэлхийд алдартай. Энэ брэндээс өдөр тутмын болон уул уурхайд зориулсан хоёр төрлийг манайх оруулж ирдэг. Үнийн хувьд харьцангуй хямд учраас уул уурхайн компанийнхан маш их үйлчлүүлдэг. “Carhartt”-ын ажлын хувцас угаах тутам өнгө орж, сайжирдаг. Уул уурхайд ажилладаг хүмүүсийн гол найдвар хувцасны чанар байдаг. Чанараас гадна өнгө үзэмж чухал. Энэ хэрэгцээг “Carhartt” хангадаг учраас дэлхийд дээгүүрт тооцогддог.

-Аялал жуулчлалыг хөгжүү­лэхэд танай компа­нийн оруулсан хувь нэмэр багагүй. Ер нь аялалын хувцас, хэрэглэлийн дэлгүүр нээх санаа хэрхэн төрсөн бэ. Дэлгүүрээ нээхэд манайхан хэр хүлээж авч байв?

-Манай гэр бүл аялах дуртай. Хөдөө явахад хоол хүнсээ хийчих аяны сав, хөнжил, сандал ширээ гээд ховор байлаа. Тиймээс гадаадаас сайн чанартай аяллын хэрэгсэл оруулж ирье гэж ярилцаад 2000 онд дэлгүүрээ нээж байлаа. АНУ-аас аяллын брэнд хувцас, хэрэглэл авчираад “Гутлын 22”-т дэлгүүрээ нээгээд байж байхад хүмүүс орж ирээд “Хөөх яасан өнгөлөг, гоё юм бэ” гэж уулга алдаж байсныг мартдаггүй юм. Брэнд ховор байсан үе шүү дээ. Эхний жилүүдэд ан хийдэг, загасанд явдаг эрчүүд голчилон үйлчлүүлдэг байлаа. Дараа нь уул уурхай, геологийн компанийнхан сав суулга, гар чийдэн, хувцас хэрэглэлээ авдаг болсон. Майхан, аяны хөнжил, гудас, сандал их авдаг байлаа. Манайхыг маш олон хүн мэддэг, үйлчлүүлдэг болсонд сэтгэл хангалуун байгаа. 2000 онд ганц дэлгүүртэй ажлаа эхэлж байсан бол одоо Эрдэнэт хотод нэг, нийслэлд зургаан салбартай болж өргөжлөө. Тавь гаруй залуусыг ажлын байраар хангаж байна. Тэдэнтэйгээ саяхан ярилцахад “Цалингаа тогтсон цагт тавьдаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг яг тооцож өгдөг компанид ажилладаг учраас сэтгэл хангалуун байдаг” гэж хэлсэн нь сайхан санагдсан. Мөн бид улсдаа жил бүр нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төлж байна. Үүнийгээ улсдаа оруулж байгаа бидний багахан хувь нэмэр гэж бодож байгаа.

-Анх эрчүүд их үйлчлүүл­дэг байсан гэлээ. Одоо эмэгтэйчүүд ч их аяладаг болсон. Энэ ажиглагдаж байгаа биз дээ?

-Дэлгүүрээ анх нээж байхад 30-40 насны эрчүүд ихэвчлэн үйлчлүүлдэг. АНУ-аас бараагаа авчирахдаа тээврийн өндөр зардал татвар төлдөг байсан учраас бараа маань энд үнэтэйд тооцогддог байлаа. Сүүлдээ нийтээрээ үйлчлүүлдэг дэлгүүр болсон нь монголчуудын аялах сонирхолтой холбоотой. Гэр бүлээрээ ууланд алхдаг, аялдаг болсон. Эмэгтэйчүүд ууланд авирах, аялах сонирхолтой болсон нь үйлчлүүлэгчдээс маань ажиглагддаг.

-Танай компанийн 15 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойгоороо үйлчлүүлэгчиддээ ямар бэлэг барих вэ?

-Бидний олон жил үр бүтээлтэй ажиллахын үндэс үйлчлүүлэгчид минь шүү дээ. 15 жилийн ойн баяр маань зургадугаар сарын 6-нд болох юм. Ойн баяраараа аюулгүй аяллыг хэрхэн хангах, бараа бүтээгдэхүүнийхээ онцлог давуу тал болон хэрхэн ашиглах зэргийг илүү үйлчлүүлэгчиддээ хүр­гэж хамтдаа 15 жилийн үр дүнгээ харж хуваалцмаар байна. Мэдээж энэ үеэр дэлгүүрүүддээ урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна.

-Аялалд гарах гэж байгаа хүмүүс танай дэлгүүрийн хаяг, байршлыг сонирхож байгаа нь гарцаагүй.

-Манай төв салбар Аянчин Мегастор нь Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн зүүн талд байрладаг. Мөн Хүүхдийн 100-д Аянчин Аутфиттерс, УИД-ын 3-р давхарт, Эрдэнэт хотын Баян их дэлгүүрт, UGG australia-ын албан ёсны дэлгүүр маань Central tower-ын 2 давхарт тус тус байрлаж байна. Утас: 70119211, 319211

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Чайковский

-ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС УЛСЫН ФИЛАРМОНИЙН СИМФОНИ ОРКЕСТР МАРГААШ 19.00 ЦАГТ ЭГШИГЛҮҮЛНЭ-

П.И.Чайковскийн мэндэлс­ний 175 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1840 оны тавдугаар сарын 7-нд хаант Оросын Вотинск хотод мэндэлсэн. Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони их хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийг маргааш үзэгч сонсогчдынхоо хамт тэмдэглэх гэж байна. Их зохиолчид зориулсан угтоглолтын хөтөлбөрт түүний агуу зохиолуудаас “1812” симфони удиртгал тэргүүтэн бүтээлүүдийг нь эгшиглүүлэх юм байна. Чайковский 11 дуурь, гурван балет, найман симфони, дан хөгжмийн олон арван бүтээл, 100 гаруй романс туурвисан. Дэлхийн сонгодгуудаас монголчуудын хамгийн сайн мэдэх хөгжмийн зохиолч гэвэл Чайковский болов уу. Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдахдаа түүний “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байв. Тэгэхээр Монголд дуурийн театрын үүд хаалгыг Чайковский нээжээ гэж бодогдоно.Дараа нь 1980 онд оросууд өөрсдөө ирж энэ дуурийг шинэчлэн тавьж байлаа. Пётр Ильичийн мэндэлсний 170 жилийн ой 2010 онд болоход ДБЭТ “Хунт нуур” балетыг нь Красноярскийн дуурийн театртай хамтран тоглож байсан нь санаанд тод үлджээ. Мөн онд “Нойрссон гүнж” балетын хувцас тайзыг урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн дэмжлэгээр шинэчлэн сэргээж тоглож байв.

“Хунт нуур” бол бас л сонгодог балетуудын дотроос монголчуудын хамгийн сайн мэдэх балет. Энэ балет хэрхэн төрсөн түүхээс сонирхуулъя. Эртний герман үндэстний домог, орос ардын үлгэрээс сэдэвлэсэнэнэ балетын цомнол нь хоёр янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэлтэйгээр бичиж 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тавьж байжээ. Тэгвэл өөр хувилбараар М.Петипа, Лев Иванов нар сэргээн шинэчилж 1895 оны нэгдүгээр сарын 15-нд Марийнскийн театрт тавьсан байна. Энэ удаад Эзэнт гүрний театрын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Рикардо Дриго Чайковскийн зохиолыг хянан засварлаж тавьсан гэдэг билээ. Судлаачид “Хунт нуур” балетын эх сурвалжийг цэвэр орос үндэстний балет гэдэг бол зарим нь герман домгоос сэдэвлэсэн балет гэсэн өөр байр суурьтай байдаг. Дэлхийн сонгодог балетын санд алтан үсгээр бичигдэн үлдсэн “Хунт нуур” бол Чайковскийн анхны балет юм. 1890 оныг хүртэл балетыг дурын хөгжмийн зохиолч бичдэггүй, балетаар мэргэшсэн хүн бичдэг гэсэн ойлголт ноёрхож байж.Маш нарийн чамин тансаг чимэглэлтэй, өндөр хэмжээнд эрэмбэлэгдсэн тухайн цаг үеийн балетын хэм хэмжээг илэрхийлсэн байх ёстой гэж үздэг байжээ. Тиймээс Чайковский “Хунт нуур”-аа бичихийн өмнө тэр “тусгай” мэргэшсэн хөгжмийн зохиолчдоос суралцлаа гэж намтарт нь байдаг юм. Тэрбээр Францын хөгжмийн зохиолч Минкус нарын хөгжмийн зохиолчдын балетын хөгжмийг детальчлан судлах хүртлээ дээрх тогтсон хандлагаас нэлээн өөр байр суурьтай байсан гэдэг. Гэвч юун түрүүн Лео Делиб, А.Адан, дараа нь Дригогийн балетыг үнэнхүү биширч “Би Делибийн “Сильвия” балетыг сонслоо. Аялгуу, хэмнэл, эгшигжүүлэг нь юутай сэтгэл татам, юутай гоё ганган, ялдам, бас юутай баялаг юм бэ. Хэрвээ би “Хунт нуур”-аа бичсэнийхээ дараа эдгээр хөгжмийн ямар агуу их болохыг олж мэдсэн бол яана аа гэж маш ихээр ичлээ” гэж нутаг нэгт хөгжмийн зохиолч нөхөртөө бичсэн байдаг. Тэгээд А.Аданы 1844 онд бичсэн “Жизель” балетын хөгжмөөр бахархаж, арга барилаас нь сэдвүүдийн холбоос, дүрүүд, тэдний араншин, сэтгэл санааны байдал, зарим үндсэн техник зэрэгт суралцаж түүнээ “Хунт нуур” балетдаа хэрэгжүүлжээ. Ийн суралцсанаа сүүлд “Нойрссон гүнж”-дээ ч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн өмнө нь бичиж байсан зохиолуудаасаа ч “Хунт нуур”-ынхаа бүрэн зохиолд оруулж бичжээ. 1868 онд бичиж байгаад гүйцээлгүй орхисон “Воевода” хэмээх дуурийнхаа хөгжмөөс нэлээд хэсгийг загварчлан авч “Хунт нуур”-аа бичсэн байх жишээтэй. “Хунт нуур”-ын хоёрдугаар үзэгдэл дэх сүр жавхлант адажио буюу дурлалын дуэтийг дээрх дуурийнхаа хөгжимд суурилан бичсэн бол гуравдугаар үзэгдэл, мөн дөрөвдүгээр үзэгдлийн зарим сэдвүүдийг ийнхүү бичсэн гэдэг. Үндсэндээ дуусгалгүй орхисон “Воевода” дуурь нь “Хунт нуур” балетынх нь загвар болж өгсөн байх юм. Ингээд Хунт нуур 1876 онд бэлэн болж жүжгийн сургуулилт эхэлжээ.“Хунт нуур”-ыг бичиж байхдаа Чайковский сэтгэлийн асар их догдлол хөдөлгөөнөө барьж дийлэхгүй байсан гэдэг. Гэтэл сэтгэлийн тэр их эмоци нь балетыг нэн хурдан хугацаанд бичиж дуусгах хөдөлгүүр болж байсныг тухайн үед найзууд нь, хожмоо судлаачид онцолсон байдаг. Чайковский “Хунт нуур”-аа 1875 оны хавар бичиж эхлээд ганцхан жилийн дотор 1876 оны дөрөвдүгээр сард бүрэн хэмжээгээр бичиж дуусгажээ. Энэ балеттай холбоотой нэгэн сонин баримт бий. “Хунт нуур”-ын эх ноорог гар бичмэлд абстракт шинж цөөнгүй тааралддаг гэж зарим судлаач тэмдэглэсэн байдаг. Гэхдээ эх гар бичмэлийг нь өнөө хэр олоогүй тул энэ нь эргэлзээтэй юм. Харин Чайковский балетын төрлөөр бичиж байхдаа ихэд сэтгэл ханамжтай байсан тухайгаа найзууддаа бичихийн хамт сэтгэлийн хөдөлгөөн нь түүндажлаа урагшлуулахад дэмжлэг болж байгаа ч “Хунт нуур” бол маш хүнд нүсэр зорилт гэдгийг тухайн үедээ бүгд ухаарч байжээ. Балетын анхны тавилт амжилт олоогүй гэдэг. Тайз засал, бүжигчид, найрал хөгжим рүү чиглэсэн сөрөг шүүмжүүд ихээр гарч, олонх нь “Хунт нуур”-ыг ердөө л нэг мелодрам, сайн зохиол болсон ч балет болтлоо хол байна гэцгээж байж. Тэд Чайковскийн анхны, агуу, шинэ балетыг хэтэрхий пижигнэсэн, хэтэрхий вагнерчилсан, хэтэрхий симфонийн шинжтэй болжээ гэцгээжээ. Уг балетын Одеттагийн дүр бол хайр дурлалын гуниг зовлонд хүлэгдсэн, аз жаргалгүй эмэгтэйчүүдийг дүрсэлсэн Чайковскийн хөгжим дэх анхны “зовлонт эмэгтэйн” фигур юм. “Хунт нуур“ анх хилийн чанадад тавигдсан нь 1884 онд Англид, дараа нь 1888 онд Прагвайн Үндэсний театрт тавигджээ. Прагвайд тэрбээр өөрөө удирдан тоглуулсан байдаг. Өдрийн тэмдэглэлдээ энэ тухайгаа “Балет бичсэний минь юутай ч зүйрлэшгүй аз жаргал энэ байлаа” гэж бичжээ. 1880-аад оны сүүл 1890-ээд оны эхээр Петипа, Иванов нар “Хунт нуур”-ыг шинэчлэн засварлаж тавихыг санал болгосон байдаг. Гэвч Чайковский 1893 онд гэнэтийн үхлээр хорвоог орхив. Тэрбээр булчин задрах тахал тусч тэнгэрт хальсан. Гэхдээ нас барахаасаа өмнө аль хэдийнэ шинэчилсэн хувилбараа бичиж амжсан гэдэг боловч Их театрын ерөнхий удирдаач Рикардо Дригог энэ агуу бүтээлийг шинэчилсэн гэж үздэг хүмүүс ч байдаг юм байна. Гэхдээ хэн ч үүнийг нотлоогүй. Олон балетмейструуд, удирдаач нарын янз бүрийн хувилбаруудаас хамгийн сүүлийн хувилбар болох балетмейстр Петипа, удирдаач Дриго нарын 1895 оны тавилтаар Чайковскийн анхны балет, бүжгэн жүжигчдийн мөрөөдөл болсон, романтизмын сод бүтээл, агуу их “Хунт нуур”-ыг бид өдгөө үзэж сонсч байна. “Хунт нуур”-ыг манайд 1975 оны зургадугаар сард балетмейстр Б.Жамьяндагва, удирдаач Ж.Чулуун нар найруулан тавьсан бөгөөд Монголын анхны Одетта нь зууны манлай балетчин Ю.Оюун гуай байв.

Чайковскийн гайхамшигт бүтээлүүдээс манайхан төгөл­дөр хуур симфони оркестрын нэгдүгээр концертыг нь мөн сайн мэднэ. Түүнчлэн хийлийн зохиолууд нь байна. Тухайлбал, Вальс-скерцо нь байна. Энэ нь маш эрч хүчтэй, хурц тод түргэн хэмнэлтэй, яруу тансаг зохиол юм. Хийл, симфони оркестрын энэ зохиолоос Чайковскийн балетын хөгжмийн вальсын характер нэлээд хэмжээгээр сонсогддог. Туйлын сүр жавхлан, тансаг байдал, жигд зөөлөн аялгуу, өвөрмөц төрх, суу билиг энэ бүгд түүний вальс-скерцод маш энгийн хялбарханаар хослон байх ажээ. Чайковский энэ зохиолоо 1877 онд бичсэн бөгөөд бичигдсэн он цагийг нь судлаачид онцолдог. Учир нь зохиогчийн амьдралын хар бараан үе чухамдаа 1877 он байж. Энэ үед тэрбээр Антонина Ивановна Милякова хэмээх эмэгтэйтэй гэрлэсэн нь их зохиолчийн амьдралд тохиолдсон азгүй явдалд тооцогддог. Тэрбээр хамтын амьдралаасаа ихэд ядарч аз жаргалгүй нэгэн болжээ. Гэрлэлт хамтын амьдралдолоохон хоног үргэлжилсэн бөгөөд түүнээс салсныхаа дараа Чайковский нэг хэсэг сэтгэл санааны гүнзгий хямралд орсон байна. Хялбараар хэлбэл, мэдрэлийн ядаргаанд оржээ. Ийнхүү Чайковский вальс скерцогоо хувийн амьдралынхаа хамгийн зовлонтой үед бичсэн боловч уг зохиол хөгжмийн илэрхийллээрээ баяр баясгалан, яруу тод хэллэг, сэтгэлийн их хүч чадал дүүрэн юм. Вальс скерцо нь зохиолчийн бусад гоцлол хөгжмийн бүтээлүүдийн нэгэн адил гурван хэсэгтэй, хоёр дахь хэсэгтээ каденцтай, тоглогчийн өмнө техник, ур чадварын хувьд байж болох хамгийн оргил ачааллыг гаргаж тавьсан зохиол юм. Тухайлбал, маш түргэн хугацаанд сэтгэх чадвар, овсгоо, гурван хэмжээст бүжгийн хурдан шаламгай, уян хатан шилжилт энэ бүхнийг гүйцэтгэх онцгой ур чадварыг тоглогчоос шаарддаг байна. Каденц гэдэг нь хэд хэдэн хэсэгтэй зохиолын тухайн хэсгийг төгсгөж буй онцгой нэгэн арга маяг юм. Уг төгсгөврийн дараа зохиолч шинэ утга санааг дэвшүүлж дараагийн хэсэг эхэлнэ. Ийм зохиомжийн аргыг арванесдүгээр зууны хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээлдээ хэрэглэж төгс хэлбэржүүлжээ. Эцэст нь хэлэхэд, Чайковскийн вальс-скерцо дахь нэн бадрангуй каденц нь тууштай тод томруун бөгөөд сонирхолтой, хувьсамтгай, зоргоороо мөн чанарыг хамтад нь илэрхийлж байдаг. Чайковскийн хийлийн зохиолуудтай холбоотой өөр нэг баримт сонирхуулахад, тэрбээр өөрийн ивээн тэтгэгч баян бэлэвсэн эмэгтэй Надежда Век хэмээх эмэгтэйд зориулан Мэдитэйшн, Скерцо, Мелоди гэсэн гурван богино хэмжээний зохиол бүхий хийл, төгөлдөр хуурт зориулсан гурамсан зураглал бичсэн. Мелоди нь түүний нам гүм тайтгарал, өнгөрснөө эргэн дурсч буй гуниглангуй сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг байх юм. П.И.Чайковскийн мэндэлсэн өдөрт зориулсан Улсын филармонийн симфони оркестрын тоглолт маргааш 19.00 цагт болох юм байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хүүхдэд ээлтэй орнуудын 97-д бичигдлээ

Монгол Улс 97-д бичигдлээ “Save the children” буяны байгууллага эх хүүхдэд ээлтэй орнуудын жагсаалт гаргаснаа өөрийн сайтаар дамжуулан мэдээллээ. Уг жагсаалтыг 16 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд энэ удаа 179 орны үзүүлэлтийг судалжээ.

Энэхүү судалгаагаар Норвеги, Финлянд, Исланд эхний гуравт бичигдсэн байна. Харин эрх чөлөөний орон гэгддэг АНУ эх нялхсын үзүүлэлтээр 33-т байгаа нь өндөр хөгжилтэй орнууд дотроос хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Энд Орос 56-д, Украин 69-д байна. Харин Монгол 97-д бичигджээ. Чансааны сүүлийн байрыг Сомали эзэлсэн байна. Дашрамд сонирхуулахад, уг чансааг гаргахдаа төрөх үеийн эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл, эх хүүхдэд чиглэсэн бодлого, санхүүгийн чадамж, эрүүл мэндийн” боловсрол гэх мэт олон зүйлийг харгалзан үздэг байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч В.Путинтай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар тус улсад айлчилж буй юм. Мөн агуу их ялалтын 70 жилийн ойд уригдсан билээ.

Өчигдөр Ерөнхийлөгч Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа их орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай уулзалт хийх юм байна. Түүнчлэн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко нар манай Ерөнхийлөгчид бараалхах аж.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмч нарын зөвлөлгөөн болно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах тухай” А/393 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулна.

Зөвлөлгөөний арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, холбогдох байгууллагуудтай хамтран чанарын өндөр түвшинд зохион байгуулж, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн газарт, зөвлөлгөөний үйл ажиллагаанд шаардлагатай 7 сая 544 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр тооцон урамшуулдаг тогтолцоог бий болгох” зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгов.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хөсөгтөн” өнөөдөр эцсийн шалгаруулалтад орно

“Хөсөгтөн” хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Got talent” шоунд оролцож байгаа билээ.

Тэд өнгөрсөн долоо хоногт шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чадсан юм.

Тэгвэл тус тэмцээний эцсийн шалгаруулалт өнөөдөр болно.

Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.

Ямартаа ч азид зохион байгуулагдаж байгаа “Asia’s got talent” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагтаа амжилт хүсье.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/235 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.

Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93,6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун цэрэг татлагын ажлыг хууль дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулж, цаг хугацааг тооцох, 2010 онд Батлах хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зааврыг баримталж, энэ онд техникийн үзлэгт орж, зохих газраас зөвшөөрөл авсан авто машинаар цэргүүдийн тээвэрлэж, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, цэрэг татлагын байрны тохижилт, камержуулалт зэргийг сайтар хангаж ажиллахыг комиссын гишүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР
  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг – 53-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг – 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 24-р дунд сургууль
Categories
мэдээ нийгэм

Машины тээшинд эмэгтэй хүний цогцос байжээ

Cошиал сувгаар тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл тарсан юм. Харин албаны эх сурвалж “Машины тээшинд цогцос байсан нь үнэн. Гэхдээ хүүхдийнх биш, 27 настай эмэгтэй хүний цогцос байсан” гэж мэдээлжээ. Тодруулбал өнгөрсөн мягмар гаригт 16:20 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-аар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

09.00 цагаас:

1.Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлт:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

2.Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

4.Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

5.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

6.Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7.Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

8.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01/:

-Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.