Categories
гадаад мэдээ

Францын төлөөлөгч ялалтын парад үзэхгүй гэв

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус ялалтын баярын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцохоор хүрэлцэн ирэх аж. Тэрээр Ялалтын 70 жилийн арга хэмжээнд оролцох юм байна. Гэхдээ цэргийн парад дээр байхгүй гэнэ. Гадаад хэргийн сайд“Би цэргийн парад дээр очихгүй. Харин цэцэг өргөх ёслолд оролцоод дараа нь Кремльд очно. Франц Украины хэрэг явдлыг зохицуулахад чухал үүрэгтэй байхыг эрмэлзэж байгаа учраас баярын арга хэмжээнд оролцох нь Оростой харилцаагаа сайжруулахад тустай” хэмээн сайд тэмдэглэв.Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Кубад айлчлахаар төлөвлөсөн учраас Москвад ирэхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шарга морьтын амны авто замын засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/388 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөнөөс энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Шарга морьтын амны авто замын засварын нэг тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн хугацааг 30 жил болгох асуудлыг хэлэлцлээ

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөр, Улсын төсөв болон бусад хөрөнгөөр гадна инженерийн шугам сүлжээний ажил нь гүйцэтгэсэн орон сууцнаас хувь авах, Орон сууцны ипотекийн зээлийн түр журам, Барилгын хуулийн төсөл, Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хууль, Авто зогсоолын тухай хууль, Газар хөдлөлийн албаны дүрэм зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хувьд боловсруулсан журмын төсөлд яамдаас санал авч засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцэгдсэн бас нэг чухал асуудал бол орон сууцны ипотекийн зээлийн журам байлаа. Журмын төсөлд зээлийн хугацааг 20 жил байсныг 30 жил болгох, 80 кв,м-ийн босгыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэв. Ингэхдээ иргэн байрныхаа 80 кв,м хүртэлх талбайг найман хувийн зээлд хамрагдан авах бөгөөд түүнээс дээших кв.м-ийг арилжааны банкны хүүгээр бодуулж авах тухай яригдав. Урьдчилгаа төлбөрийн тухайд 10 хувиа төлөх юм байна.

Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор үйлдвэрлэгчдийн импортын материалтай ижил нэрийн зарим барилгын материалын гаалийн тарифыг нэмэх, зарим барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн гаалийн тарифыг тэглэх тухай асуудлыг дэмж холбогдох байгууллагуудад уламжлахаар болов.

Categories
мэдээ нийгэм

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм.

Уралдаанд 6-16 насны хүүхэд багачууд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, сургуулийн орчин, гудамж, зам талбай тоглоомын талбайг төсөөлөн зурах юм. Үүнд:

  • 6-9 нас “Миний мөрөөдлийн тоглоомын талбай”
  • 10-13 нас “Миний мөрөөдлийн гудамж”
  • 14-16 нас “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гэсэн сэдвээр гар зургийн бүх төрлөөр А3 формат /42х29.7см/ дээр зурна. Мөн зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааны бүтээлийг тавдугаар сарын 11-25 хооронд нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 13 давхарт 08.30-17.30 цагийн хооронд хүлээн авах юм.

Уралдааныг энэ сарын 25–наас 30-ны дотор дүгнэх бөгөөд Нэгдүгээр байр 300 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Хоёрдугаар байр 200 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Гуравдугаар байр 100 мянган төгрөг, бэлэг дурсгалын зүйл, Тусгай байр бэлэг дурсгалын зүйлийн шагналтай.

Categories
мэдээ спорт

Д.Отгонхүү уулын гүйлтийн дээд амжилтаа дахин шинэчиллээ

Манай улсын шилдэг залуу уулчин Д.Отгонхүү Европ тивийн ноён оргил далайн төвшнөөс дээш 5621 метрт орших Эльбрусийн зулайд хоёр дахь удаагаа гарсан байна. Тэрээр уулнаас буугаад үргэлжлүүлэн Ялалтын баярын түүхт 70 жилийн ойд зориулсан “Европ тивд үүнээс дээш гүйх газаргүй” уриатай “Redfox Elbrus race” олон улсын А зэрэглэлийн тэмцээнд гүйлтийн тэмцээнд оролцсон байна.

Д.Отгонхүү уулын гүйлт /skyrunning/-ийн уралдааны босоо нэг км-ийн ангилалд оролцож, Монгол Улсынхаа рекордыг эвдэж, 58.52 минутаар шинэчлэн тогтоож, 18 орны 311 тамирчнаас 35-р байрт орсон байна.

Нэг км босоо ангилал гэдэг нь далайн төвшнөөс дээш 1000 метрт буюу нэг км өндөрлөгт нийт 5 км зам туулдаг юм байна. Тэрээр энэ ангилалдаа Монголын рекордыг анх 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр 1:01:54 цагаар тогтоож байсан бол ийнхүү дээд амжилтаа дахин шинэчиллээ.

Categories
мэдээ нийгэм

Амгалан Ботаник орчмын авто замыг түр хугацаагаар хаана

Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан – Ботаник орчмын авто замыг 5 дугаар сарын 08-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо. Иймээс иргэд Та бүхэн зам түр хааж байгаа хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа их эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн нэгдүгээр дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”, “Амь үрэгдэгсдэд” тус тус зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, Аугаа Эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор буюу 1995 онд албан ёсоор нээж, ялалтын 65 жилийн ойгоор Мөнхийн гал асаажээ.

Энэхүү цогцолбор дахь Аугаа Эх орны дайны Төв музейд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар зочлов.1986 онд байгуулагдсан тус музей нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн уран барилгын цогцолбор бөгөөд 50 мянга гаруй үзмэртэй аж. Тус музейд байлдааны зэвсэг,техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг зэрэг ховор үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ Аугаа эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвтэй диорам болон номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан зэрэг байдаг.

Тус музейд Монголын стенд байдаг ба ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны 6-р сарын 22-ны тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны 4-р сарын 28-нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий,дайны үеийн сонин гэх мэт үзмэрүүд байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд бэлэглэсэн “Монгол ард” эскадрилийн онгоцны макет тус музейн үзмэр болсон байлаа.

Аугаа Эх орны дайны Төв музейд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Аугаа эх орны дайны үед Монголчуудын зүгээс зориулсан зүйлүүдийн талаарх үзмэрүүд энд байгааг харахад таатай байна. 1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн Герман ,Зөвлөлт Холбоот Улс рүү дайрсан тэр өдөр Сталин үг хэлж, энэхүү мэдээг авсан манай улсын удирдлагууд Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж энэ дайнд Холбоотноор оролцон бүхий л талаар тусалж дэмжих шийдвэр гаргасан байдаг. Дайны үед бэлэглэсэн морьд гэхэд таван зуун мянга гаруй, мах махан бүтээгдэхүүн мөн таван зуун мянга гаруй тонн, богино нэхий дээл, малгай, бээлий, эсгий гутал зэрэг зайлшгүй хэрэгцээтэй олон зүйлийг хийж явуулж байжээ. Москвагийн дэргэдэх, хүнд цохилт өгсөн тулаан болох сөрөг давшилтанд оролцсон Алс Дорнодоос ирсэн цэргүүдийн дийлэнх нь Монголоос ирсэн цагаан нэхий дээл, эсгий гутлыг өмсөж тулалдаж байсан түүх бий. Монголын ард түмэн дайн үргэлжилсэн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгийг цуглуулж ЗХУ-д өгсөн байдаг. Үүнийг ЗХУ болон удирдлагын зүгээс асар өндөр үнэлж үзсэн байдгийг хэлэх нь зүйтэй байх.

Манай Зайсан толгой дээр байдаг Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон хөшөөн дор “Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхлөв” гэсэн үг бий. Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хойч үедээ дурсагдаж үлдээхийн төлөө хоёр улс ажиллаж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.” гэж хэллээ.

Мөн Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний жижиг хувилбарыг тус музейд дурсгал болгон гардуулан өглөө.

Маргааш буюу \5-р сарын 7-нд \ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхана.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзалт хийнэ.


Categories
мэдээ спорт

Чөлөөтийн багш нар тамирчдынхаа оронд барилдлаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Очирбат: Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон хоёр том төсөл бий, гэтэл энийг УИХ дээр саатуулаад байна…

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай социалист нийгмийн үед Тавантолгойн ордыг ашиглалтанд оруулах төс­лийг тэврээд, Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл/ЭЗХТЗ/-ийн орнууд руу уйгагүй явдаг байжээ. Өнөөдөр Та­ван­толгойн ордод хөрөнгө оруулах асуудал ид яригдаж байгаа үед түүнтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

-Тавантолгойн орд газрыг ашиглах тухай асуу­дал бүр дээр үеэс яригдаж эхэлснийг бид хэвлэлээс харж байна. Тухайлбал та­ны үеийнхэн цүнхтэй том гэгч материал тэврээд “соц” орнуудаар явж, хам­тарч ашиглая гээд гуйж гувшихын дундуур ярьдаг байсан гэж сонссон?

-Тавантолгойн орд газрыг эзэмших асуудал хэзээнээс л өндөр ач холбогдолтой байсан юм. Социализмын үед, өөрөөр хэлвэл 1970-аад оноос Тавантолгойн ордоо ашиглаж эдийн засагтаа тус нэмэр болгоё гээд ЭЗХТЗ-ийн орнуудад энэ асуудлыг байнга тавьдаг болсон. Тэ­гэхэд өөдөөс “Газар хол байна, хэрэглэгч нь Европт байна, Европ руу аваачихад алтны үнэтэй шахуу их өндөр зардалтай болох нь” гээд болдоггүй байсан л даа. Ма­най­хаас шалтгаалахгүй олон хүчин зүйл нөлөөлсөөр өнөөдрийг хүрсэн. Одоо бол өөр. Хэрэглэгч хажуу хаяанд байна. БНХАУ бол том хэрэглэгч. Цаана нь Япон, Солонгос, Энэтхэг гээд коксжих нүүрсний хэрэглээ ихтэй орнууд байна. 1970, 80-аад оныг бодвол хэрэглэгч хаяанд ирлээ. Нэг талаас техник технологи, хөрөнгө оруулалт, менежмент гээд бүх асуудлуудыг нэг мөр шийдэх бололцоо нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаас Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд энэ том орд газраа ашиглаж байж эдийн засгаа өөд нь татах зайлшгүй шаардлага нөхцөл бий болчихоод байна. Нэг талаас хэрэглээ, нөгөө талд боломж бүрдчихээд байхад ашиглахаас өөр арга зам байхгүй гэж харагдаад байгаа юм. Тийм учраас Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг чухалчилж үзэх ёстой. Аливаа юманд цаг хугацааны хүчин зүйл гэж байдаг.

-Зарим хүн үнэ унасан үед нь ашиглах хэрэг байна уу гэж асуудаг?

-Цаг хугацаа бол хоёрдмол утгатай. Нэг талаас дэлхийн зах зээл дээр нүүрсний хэрэглээ, үнэ буурах мөчлөг явагдаж байна. Харин нөгөө талаас манай эдийн засаг маш хүнд байдалд, бүр доройтолд орчихоод байна. Яаж энэ хоёрын алтан дунджийг нь олж шийдвэрлэх вэ? Магадгүй манай эдийн засаг сайжраад, дэлхийн зах зээл муудаад байх юм бол нэг их яаравчлаад байх шаардлагагүй байж болно. Гэтэл одоо тийм биш байна. Нүүрсний зах зээл уналттай байгаа энэ мөчлөг дээр хөрөнгө оруулагч өөрөө эрсдэл гаргаад хөрөнгө оруулъя, жаахан ажил амжуулаад авъя, эдийн засаг өсөх үед нь бид бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн байж байя гээд байна. Энийг л бид ашиглах ёстой шүү дээ. Наашаа хараад, эрсдлээс айхгүй, бүр эрсдлийг мэдсээр байж хөрөнгө оруулъя гэж байгаа нь хамгийн чухал. Зах зээлд гарахад ихээхэн туршлагатай оролцогч эдний дунд байж байгаа. Тухайлбал би Японыг хэлж байна. Япон бол Азийн бүс нутгийн нүүрсний зах зээлд асар их туршлага хуримтлуулсан өндөр түвшний, мэргэшсэн улс. Өөрийнхөө нүүрсний хэрэгцээг дандаа гаднаас авдаг орон. Тэд Тавантолгойн нүүрсний 30 гаруй хувийг Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл дээр бие даан борлуулах боломжоо өөрсдөө харж, мэдэж байгаа учраас Тавантолгойн төсөлд оролцож байгаа байна. Нүүрсийг худалдан авагчдад таниулна, борлуулна, өөрийн орон зайтай болгоно гэдэг маш хэцүү ажил.

-Уул уурхайн мэргэжлийн холбоод, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн том төслүүдээ эргэлтэд оруулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна?

-Тэд зөв ярьж байгаа. Тавантолгойн орд газраа ашиглая, олон улсын хөрөнгө оруулалтыг дайчилъя. Тэгэхгүй бол бидэнд хөрөнгийн хуримтлал, технологи алга. Биднийг коксжих нүүрсний том нийлүүлэгч гэж дэлхий одоо ч сайн мэдэхгүй байгаа. Иймээс энэ бүх хүндрэлтэй зүйлээ хүнээр, хөрөнгө оруулагчаар хийлгэе гэсэн шийдвэрийг төр гаргачихсан. Нарийн техник технологи, менежментийн асуудлыг мэргэжлийн Яамд, мэргэжлийн байгууллага, Засгийн Газар нь мэдэг. Энэ хэлэлцээ чинь мэргэжлийн 20 гаруй байгууллагын оролцоотой хийгдээд явж байгаа. Ийм мэргэжлийн байгууллагуудынхаа хийж гүйцэтгэсэн ажлыг эргээд төр хянаж шийдвэр гаргах ухааны юм яриад байдаг нь буруу л байхгүй юу.

-Тавантолгойн асуудлыг ил болгосонгүй, нууцаллаа гэж улс төрчид үзэж байна. Таны бодлыг сонсьё?

-Нууц юм гэж байдаг. Ялангуяа бизнест бол бүр их чухал.Энэ компаниуд чинь бүгд зээл санхүүжилттэй, үйл ажиллагаа, арга менежментээ тэр болгон дэлгээд байдаггүй, дэлгэх ч ёсгүй. Тавантолгой төсөл дээр оржбайгаа гадаадын оролцогчид чинь явагдаж байгаа процессоо эцэслэн шийдэлд хүрэхээс өмнө нэг их дэлгэж яриад байхыг хүсэхгүй. Хагархай хэнгэрэг шиг ийм улс орон дэлхий дээр манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Ер нь байхгүй болов уу. Ил болгох цаг бий, ил болгох ч ёстой. Бүгдийг нь дэлгэхээр тэр хувьцаа эзэмшигчид хаашаагаа болох вэ? Тэд чинь өөрсдөө бас өрсөлдөгчидтэй, өрсөлдөөн дунд л явж байгаа юм чинь. Улс төрийн намууд, УИХ-ын аль нь ч тэр энэ Тавантолгойнхэлэлцээний явцыг эцэслэж батлахаасаа өмнө нэг их ил задгай болгох гээд хэрэггүй.

-УИХ Тавантолгойн асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон. Үүнийэрхзүйн үндсийг та юу гэж харж байна вэ?

-2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т 100 сая америк доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхээр заасан байлаа. 2013 оны хуулиар тэр заалтыг хүчингүй болгочихсон юм. Ингэж үзвэл Тавантолгойг Засгийн газар өөрийнхөө түвшинд шийдэх эрхзүйн үндэс бий болчихсон. Заавал УИХ-аар хэлэлцүүл гээд байх юм. Энэ бол хэрэггүй нэг дамжлага. Засгийн газар шийдчихсэн бол өдийд энэ гэрээ батлагдчихсан байх байсан. Гэрээ батлахгүй байгаагаа хөгийн юмаар үндэслээд, хувьцаа эзэмшигчдийнхээ саналыг УИХ-д оруулж ир ч гэж байх шиг. 2 сая хувьцаа эзэмшигчийн хурал гэж ямар юм байдаг юм бэ? Тийм юм түүхэнд байхгүй. Бүх ард түмний, сонгогчдын санал асуулгатай адил шахуу том ажил болно. Цаг хугацаа, зардал мөнгө… Ингэж байх ямар хэрэгтэй юм бэ? Хоёрдугаарт, тэр хувьцаа гэж юм байхгүй. Энэ хувьцаа гэдэг чинь “Эрдэнэс Тавантолгойг байгуулахдаа хувьцааг нь бирж дээр гарга, тодорхой хэсгийг нь ард түмэндээ өг” гэсэн л зарчмаар анх өгсөн эд байгаа юм. Гэтэл юун хувьцаа бирж дээр гаргах, өөрөө өөрийгөө яая гэж байгаа.

-1072 ширхэг хувьцааг 2.1 сая хүн эзэмшиж байна гэх. Ашигтай ажилласнаа зарлаад байгаа Эрдэнэс Тавантолгой компаниас бид ноогдол ашиг авах ёстой санагдах юм?

-Эрдэнэс Тавантолгой чинь юун ноогдол ашиг өгөх нь битгий хэл, өөрөө хэдэн миллиард төгрөгийн өртэй байгаа. Надад бол тэр хувьцаа байхгүй, би санал ч өгөхгүй. УИХ-ын дарга З.Энхболд “Та нарын дансан дээр ийм хувьцаа байгаа” гээд телевизээр яриад байна лээ. Тэр чинь худлаа, бодитойгоор байхгүй. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, хувьцаа эзэмших эрхийн бичиг гэж бодитойгоор хүн бүрт байх ёстой, одоо хэнд ч тийм юм байхгүй. Тараах юм битгий хэл, өөрөө өртэй компани юугаа тараах вэ дээ. 1072 хувьцаагаа авах уу, эсвэл сая төгрөг авах уу гээд асуусан. Азтай хэд нь сая төгрөгөө авчихсан. Сая төгрөгөө авна гээд горьдоод сууж байгаа иргэд одоо ч байна. Ийм баталгаагүй юмыг байгаа юм шиг яриад байгаа нь гайхал төрүүлж байна. Хөрөнгө мөнгөгүй, өрөнд баригдсан Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны ашиг гэж ярьж байхаар төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг яагаад ард түмэндээ тараах түгээх ажил ярихгүй байгаа юм? Яагаад ийм бодит боломжоо ашиглахгүй байгаа юм гэж асуумаар байна. Санхүүгийн үйл ажиллагаа чинь заавал баримт түшиж явдаг. Ядахдаа ард түмэндээ тэр хувьцааныхаа бичгийг тараагаад өгчих хэрэгтэй байхгүй юу.

-Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал их хүнд байна гэлцэх юм?

-Консорциумын гурван оролцогч чинь Чалкогийн 150 сая ам.долларын өрийг өөртөө авах нь байна. Тэгээд 4-5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бас хийх нь байна. Гэтэл дээрээс нь бодитой биш хувьцааны өрийг бас даах уу? Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчийн үлгэрийг л яриад байна. Ийм үл бүтэх, үл гүйцэлдэх юмаар шалтаг зааж, “УИХ-д материалаа дутуу дулимаг оруулж ирлээ” гэх ухааны юм ярьж байгаа нь маш буруу. Монголын эдийн засаг хамгийн хүнд байдалтай үедээ байна. Цалингаа хувийн хэвшлийнхэн ч, төрийн байгууллага ч өгч чадахаа байсан. Дэлгүүрээс худалдан авах чадвар байхгүй, борлуулалт маш муу болж байгаа. Зах зээл дээр байгаа жижиг бизнесийнхэн ч мөн ялгаагүй, бөөн гачаалд орсон, бараа нь борлогддоггүй. Түргэн борлох ёстой хүнсний бүтээгдэхүүнүүд хугацаа нь дуусах гээд байдаг. Энэ юмыг саатуулаад байгааг нь харахаар хариуцлага тооцох гэдэг юмыг энэ УИХ-ын даргатай тооцох ёстой гэж би бодоод байгаа юм.

-Оюутолгой, Тавантолгой гэж хоёр том төсөл яригдсаар л байна. Дахиад ч сунжрах магадлалтай байна уу?

-Эндээс гарах хамгийн түрүүчийн арга зам бол Тавантолгойнхоо төслийг хэрэгжүүлээд эхлэх. Ингэвэл хөрөнгө мөнгө ороод ирнэ. Тэр хөрөнгө оруулалт чинь Монголын газар нутаг дээр хийгдэнэ. Туслан гүйцэтгэгч Монголын компаниуд чинь ажилтай орлоготой болно, тэр их мөнгө чинь бүгдээрээ Монголын зах зээл дээр эргэлдэх мөнгө шүү дээ. Монголын эдийн засгийг сэргээхэд том түлхэц өгөх юм нь Тавантолгой. Өөр юм байхгүй ээ. Оюутолгойг мөн л Монголын төр саатуулаад байгаа. Энд нууж хаагаад байх юм ерөөсөө байхгүй.Газрын гүнийхээ уурхайн асуудлыг шийдчих юм бол боломжийн мөнгө ороод ирнэ.

Долларын ханш бараг 2000 шүргээд л байж байна. Гэтэл гадаад валютын эргэлт нэмэгдэхээр төгрөгийн ханш эргээд 1200-1300 хүрээд, өнөөх мөрөөдөл чинь биелэх нөхцөл бүрдэнэ шүү дээ. Монголын эдийн засагт түлхүүр зангилаа болсон гол хоёр том төсөл байгаа, гэтэл энийг УИХ үйл ажиллагаагаараа саатуулаад байна.

-Тавантолгойн төслөөс төмөр замын асуудлыг салгаж, төр өөртөө авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс бий. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

-Дарханаас Шарын голын уурхай руу 52 км төмөр зам тавьж байсан. Энэ бол зөвхөн Шарын голын уурхайн нүүрсийг Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, тэгээд наашаа Улаанбаатар руу зөөх л зориулалттай. Багануурын төмөр зам байна. Бас л нүүрсээ зөөгөөд, нийслэлийн цахилгаан станцуудад авчирч өгдөг зориулалтын төмөр зам. Налайхын төмөр зам ч ялгаагүй, нүүрс тээдэг л зам. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол нүүрсийг Монгол-Хятадын хил хүргээд, цаашаа хар төмөрлөгийн үйлдвэрүүд, далайн боомтод хүргэх тээврийн зориулалттай л зам. Нэг их мундаг улс төрчид “Үндэсний аюулгүй байдал” энэ тэр гэж ярьсаар байгаад Тавантолгойн төмөр замыг 7 жил саатуулаад хаясан шүү дээ. Одоо эрх биш стратегийн төмөр зам гэхээсээ хэрэглэгчдэд нүүрсээ хүргэх төмөр зам юм байна гэж ойлгосон байлгүй дээ. Уул нь төмөр замаа түрүүлж барих ёстой юм. Аргаа бараад авто зам тавьсан. Гэтэл 30 сая тонн нүүрс нэвтрүүлэх чадвар авто зам дээр нь байхгүй шүү дээ. Шарын голын төмөр замыг Монголын цэргийнхэн барьсан юм. УБТЗ-ынхан энийг баръя л гэвэл барина. Төмөр зам бол Тавантолгойн үйлдвэрлэлийнх нь технологийн нэг дамжлага, салгаж ярих ямар ч утга байхгүй.

-Тавантолгойгоо дараад байя гэх хүмүүс ч бий?

-Эргэлтэнд оруулах нь өнөөдөр бидэнд хэрэгтэй байна шүү дээ. 200 жилийн дараа Тавантолгойн нүүрс хэрэггүй болчихсон ч байх юм билүү, хэн мэдлээ. Зах зээл байна, хэрэглээ байна, нөөц байна. Энийгээ ашиглаж ядаж ирээдүйнхээ хөгжлийн суурийг тавьдаг бай­гаа даа. Хуримтлалыг ядаж бий болгодог байгаа даа. Монголын улс төр гөжүүд сөргөлдөөн маягийн муу юм руу ороод байгаа байхгүй юу. Энд цөөхөн тодорхой хүн нөлөөлөөд байгаа юм.

-УИХ-ын дарга Таван­толгойн хөрөнгө оруулалтын гэ­­­рээнд гарын үсэг зурдагийн даваан дээр татаж авсан. Та энэ үйлдлийг юу гэж ха­рав?

-Яагаад УИХ-ын дарга ин­­гээд байна гэдэгт би бүр гайхаад байгаа юм. Би З.Энхболдыг мэднэ л дээ. Уул нь электроник инженерээр төгссөн, их нарийн мэргэжлийн, дав­гүй боловсролтой залуу шүү дээ. Одоогийн гаргаад байгаа ааш араншинг нь би ерөөсөө ойлгохоо байсан. Улс төрд маш буруу үйлдэл хийгээд байгаа харагдах юм. Ийм чухал асуудлыг цаг хугацааны хүчин зүйлтэй холбогдуулаад битгий улс төрийн аргаар шийдэх гээд байгаач ээ. Энэ чинь өөрөө эдийн засаг, бизнесийн асуудал. Энийг эдийн засаг, бизнесийнх нь хүрээнд шийдвэрлэх боломж олгооч.

-Ардчилсан нийгмийн тулгуур зарчим бол хувийн хэвшлийг дэмжиж, чөлөөт зах зээлийг нээсэн явдал байлаа. Гэтэл буцаад социалист нийгмийн аргаар асуудалд хандах гээд байх шиг ажиглагдах юм?

-З.Энхболд бол ардчиллын төлөө зүтгэж тэмцэж явсан залуучуудын нэг,хэдий хожуухан орж ирсэн ч гэсэн. Ардчилсан хувьсгал чинь төрийн тогтолцоогоо ардчилах, эдийн засгаа ардчилах, энэ бүх зүйлийн төлөө тэмцсэн тэмцэл. Эцсийн дүндээ Монгол орноо хөгжүүлье л гэсэн. Монгол орноо хөгжүүлэх нэг түлхүүр асуудал чинь Та­ван­толгой болчихоод байна. Чи ардчиллын төлөө гэсэн нөгөө том зорилготойгоо зөр­чилдөхөөр байр суурь яагаад эзэлчихэв ээ? Наад үйлдэл, ам ажил хоёр чинь ардчиллын төлөө байна уу, ардчиллын эсрэг байна уу? Олон албан тушаал давхар эзэмшдэгээ болиоч ээ. УИХ-ын дарга бол УИХ-ын дарга л байгаач. Намын дарга байгаад яах юм? Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөс чи юугаараа ялгагдаж бай­гаа юм? Ю.Цэдэнбалыг чинь хамаг албантушаалыг өөртөө төвлөрүүллээ гээд, энэ Ж.Батмөнхийг бас л Төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дар­га энэ тэр гээд нам, төрийг хуралтай нь бүгдийг нь зан­гидаад, болохгүй байна гээд аваад хаясан. З.Энхболд өнөө­дөр эрх барьж байгаа намын дарга, дээр нь УИХ-ын дарга. Нам руугаа харж мундагдаад л, нөгөө тийшээ харж УИХ-ын гишүүд рүү зандчаад л. Намын бүлгүүдийг ингэ, тэг гээд л. Албан ту­шаал хэт төвлөрүүлэхийн хор уршгийг социализмын 70 жилд мэдчихээд тэрнээсээ арайхийн салаад ардчилсан нийгэм тогтоосон. Тэгээд бу­цаад нөгөө социализмын загвараараа явах ямар утга байна аа?

-Хуучин нээрээ л намын шийдвэрээр бүх асуудал шийдэгддэг байсан.Хүмүүс энэ үеийг мартаагүй байгаа байх шүү?

-Социализмын үед На­мын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоо­лоор эдийн засгийн гол асууд­лыг шийдэж байсан юм. Гэхдээ шийдэж байсан нам нь өөрийгөө шүүмжилдэг байсан. “Бид нар энэ эдийн засгийн ажил руу хэт ороод байна, Засгийн газар нь энэ эдийн засгийнхаа ажлыг хийг. Нам бол өөрийнхөө улс төрийн ажлыг хийе” гэж тэр үед хүр­тэл ярьж байсан. Ярьж байсан боловч хийж чаддаггүй байсан юм. Тэгсэн одоо ямар ч ялгаа алга. Намын бүлэг тэгж шийдсэн, намын бүлгийн шийдвэрийг УИХ батал гэж байна. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол гараад тэрнийг нь АИХ-ын чуулган баталдаг байсан байх­гүй юу. Энэ хоёрын хоо­ронд ялгаа байна уу? Намын шийдвэрийг баталдаг, тэрнийг нь УИХ гэнээ гэж. Тийм то­мъёолол, тодорхойлолтод орох болчихоод байна. Ингэж огт болохгүй. Төрийн ажил төрийнхөөрөө, намын ажил намынхаараа, эдийн засаг аж ахуйн ажил түүгээрээ л яваг.

-Гэрээ цуцлагдвал хийх нөхөн төлбөрийг тойрч баа­хан ярих шив?

-Монголчууд бид хүнд ит­гэх нь бүү хэл, өөрөө өөртөө итгэх итгэлээ алдсан байна. Сая Тавантолгойн гэрээнд тусгагдсан нөхөн төлбөрийн асуудлыг их шүүмжилж байна лээ, ялангуяа улс төрчид. Бид нар чинь бусдын итгэлийг алдаж гүйцэж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг жигшээчихсэн байгаагаа хү­лээн зөвшөөрөх ёстой. Нөхөн төлбөрийн асуудлыг хийхгүй бол яагаад ч болохгүй. 200-300 лицензийг нь хүчингүй болгоод хаячихсан. Нөгөөдүүл чинь баахан хөрөнгө оруул­чихсан, нэхээд сууж байгаа. Бид нар заримыг нь төлж дийлэхгүй, хорь гучин мил­лиард доллараар хэмжигдэх өр төлбөр гараад ирсэн. Наад захын жишээ бол Хан ресурс. Бөөн мөнгө оруулаад хайгуулаа хийчихсэн, одоо “цуцаллаа” гээд бид хөөчихсөн. Ийм аймшигтай эрсдлийг бид хөрөнгө оруулагчдад уч­руулсан гашуун муу туршлага байхад том хөрөнгө оруулагчид “эд­нийх аюултай,ааш нь хөдлөөд больчихвол яах юм бэ” гэж бодох нь зүй ёсны хэрэг. Нөхөн төлбөрийн асуудлыг хийхгүй бол баларна гэдгийг бид өөрсдийнхөө араншингаар дэлхийн өмнө харуулчихсан хүмүүс. Яагаад Орос Хятадын хооронд явдаг хийн хоолой, нефтийн хоолой Монголоор дайрахгүй байгаа вэ? Ерөөсөө л бидэнд итгэхгүй байгаатай холбоотой. Нэг айхтар улстөрч ирээд “крант”-ыг нь хаачихвал яах хэрэг вэ? Бидэнд ингэтэл итгэл алдарч байгаа байхгүй юу. Тийм учраас гэрээнд нө­хөн төлбөрийн асуудлыг тусгахаас өөр аргагүй. Сайн талаас нь харвал, ингэснээрээ Монгол Улс том баталгаа гаргаж байна аа гэсэн үг. “Бид нар ийм нөхөн төлбөр хийх нөхцлөө биччихсэн юм чинь бид нар ингэж төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүй ээ. Та нар бидэнд итгэж болно оо” гэсэн үг. Нөгөө тал ч гэсэн гэрээгээ цуцалж болно, бид ч бас гэрээгээ цуцалвал төлбөр нэхнэ шүү дээ. Аливаа юманд чинь харилцан ашигтай байх, харилцан хариуцлагатай байх зарчим гэж байдаг юм. Энэ болгон чинь гэрээнд тусдаг ёстой.

-Тавантолгой төслөөс Монголын нийгэм, эдийн засагт орж ирэх үр өгөөжийг та яаж харж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын гэ­рээг Засгийн газар батлаад явах ёстой, энэ бол УИХ-д хамаагүй. Уул уурхай чинь эдийн засгийн том салбар. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Англи, Герман, Хятад, Австрали, Канад өнөөдрийн эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн суурь нь уул уурхай шүү дээ. Тавантолгой бол том хөтлөгч болно. Техник технологи, боловсон хүчин, бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэдэн зуун ком­панийн ажилтнууд, хэдэн зуун мянган монгол хүн ажлын байртай болно. Ингэснээр цалин хөлс, орлого, хадгаламж энэ бүх юм чинь бий болно. Улс хөрөнгийн хуримтлал үүс­гэх хөрс суурьтай болно. Энэ улс орон яаж дандаа зээл дээр амьдрах вэ дээ? Айл хүртэл чимх давс, атга цай гуйж олон жил амьдрахгүй шүү дээ. Тэр болгоныг чинь тэтгэх суурь бол энэ том ордууд. Гэхдээ 200-300 жил зөвхөн энэ уул уурхай дээр амьдарна гэж огт бодохгүй байна. Одоо хуримтлал бий болгох суурь бол ашигт малтмал, эрдэс баялаг байгаа юм. Энийгээ идэж уугаад асгачихалгүй, хадгалж хуримтлуулах ёстой. Эдийн засгийг солонгоруулна, барина гээд байна шүү дээ. Тэр солонгын долоон өнгийг бий болгох суурь нь эрдэс баялаг байгаа юм. Эдийн засаг аятайхан өсөөд, дотоодын нийт бүтээгдэхүүн арайхийж 17 хувь хүрээд иртэл хөрөнгө оруулалтыг тараагаад хаясан. Гэтэл хуримталсан юм байхгүй, ийш тийш нь баахан цацааад, нөгөөх ашигт малтмалын үнэ буурсан чинь хадгалсан хуримтлуулсан юм байдаггүй ээ.Нэг жаахан мөнгө ороод ирэхээр есөн шидийн юманд зардаг айл байдаг шүү дээ. Энэ улс тийм л болсон. Одоо цаашид тийм байж болохгүй. Төрийн бодлого чинь улс орны­хоо эдийн засгийг хөгжүүлэх, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулахын төлөө үүрэг хүлээдэг, ард түмний төлөөлөл шүү дээ.

-Танд баярлалаа

Н. ГАНТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг НҮБ хэлэлцэж эхэллээ

НҮБ-ын Хүний эрхийн зөв­лөлийн ээлжит хэлэлцүүлэг уржигдар Женев хотноо эхэлсэн билээ. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх хуралдаанаар 14 орны тайланг хэлэлцэх юм. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг өчигдөр 14.30-18.00 (Улаанбаатарын цагаар 21.30-01.00) хэлэлцлээ. Хэлэл­цүүлгийг үндсэн тайлан буюу Монгол Улсаас хэлэлцүүлэгт зориулж ирүүлсэн мэдээлэл, хүний эрхийн бие даасан эксперт, бүлгүүдийн тайланд дурдсан мэдээлэл, хүний эрхийн үндэсний болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг бусад талын мэдээлэлд үндэслэн хийж байгаа аж. Манай улсаас илгээсэн баримт бичгүүдэд эрүүдэн шүүлтийн хэргийг мөрдөн шалгасан байдал, түүнийг таслан зогсоох арга хэмжээ, эрүүдэн шүүх замаар олж авсан мэдүүлгийг ашиглах, цагдан хорих байрны нөхцөл байдал,авлигын хэргийг шийдвэрлэх ба шүүхийн шинэчлэл зэргийг онцолжээ. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах, үүнд жендэрээс үүдэлтэй болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүний наймаатай тэмцэх, хохирогчдод нөхөн олговор олгох, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох,үйлдвэрчний эвлэл байгуулах эрх, олборлох үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх нөлөөлөл зэрэг асуудлуудыг хөндсөн байна.

Манай улсын хүний эрхийн төлөв байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцээд энэ сарын 8-ны өдөр зөвлөмж батлах юм байна. Тайланг нь хэлэлцэж буй тухайн орон хэлэлцүүлгийн үед гарсан зөвлөмжүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой аж.

МАНАЙ УЛСАД ӨГСӨН 129 ЗӨВЛӨМЖИЙН 126-Г НЬ ХЭРЭГЖҮҮЛСЭН ГЭЖЭЭ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх анхдугаар илтгэлийг 2010 онд хэлэлцэж, 129 зөвлөмж өгсөн билээ. Энэ зөвлөмжийн биелэлтийг өчигдөр хэлэлцсэн юм. Тайлангийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх бүхий байгууллагаас хууль, тогтоомж баримт бичгүүд батлагдан гарсан ч хуулийг бүрэн хэрэгжүүлэх боловсон хүчин, чадавхийг сайжруулах шаардлага байгааг хүлээн зөвшөөрчээ. Монгол Улс зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэнс гэдгийг онцолжээ. Тухайлбал олон улсын гэрээнд нэгдэх, хүний тодорхой төрлийн эрхийн асуудлаар тухайлсан хуулийг батлах чиглэлд томоохон ахиц гарсан. Цаашид хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, олон нийтэд хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгааг тусгасан байв.

ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ИНГЭЖ ТАЙЛАГНАВ

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудыг хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтөөр онцолжээ. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталснаар бэлгийн дарамт, хүйсийн төлөөллийн доод хязгаар (квот)-ыг бий болгож, улс төр, эдийн засаг, нийгмийн бүх харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, төрийн болон ТББ-д баримтлах хүйсийн төлөөллийн доод хязгаарыг тогтоосон гэж үзжээ.Яам, агентлагийн бүтцийн нэгжийн дарга нарын 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар зохицуулсан. Хууль сахиулах салбарын хэмжээнд нийт 22191 албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд 84.2 хувь нь эрэгтэй, 15.8 хувь нь эмэгтэй албан хаагчид ажиллаж байна. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дээд шатны удирдлагуудын хүйсийн тэнцвэрт байдлыг авч үзвэл 31 дээд шатны удирдах албан тушаалтан байгаагаас 29 буюу 90.3 хувь нь эрэгтэй, хоёр буюу 6.5 хувь нь эмэгтэй байна гэдгийг тайланд жишээ болгожээ. Үүнээс гадна Хүн худалдаалахтай тэмцэх хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль зэргийг баталсан нь дэвшил гэж үзжээ.

2010 ОНООС ХОЙШ НЭГ Ч ХҮН ЦААЗААР АВАХУУЛААГҮЙ

Манай улс “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын Цаазаар авах ялыг халах тухай II протокол”-ыг 2012 оны нэгдүгээр сарын 5-нд соёрхон баталжээ. Мөн Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял эдэлж байгаа ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийн дагуу 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзэж, энэ хугацаанд нэг ч хүн цаазаар авахуулаагүйг тайланд онцолсон байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг хасахаар тусгасан байгаагаа мөн тайлагнажээ.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах зөвлөмжийг манай улс НҮБ-аас авсан. Үүний хүрээнд эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын баримт бичгүүдэд нэгдэж, дотоодын хууль, дүрэм журамдаа өөрчлөлт оруулсан аж. Хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болжээ. Тайлангийн хугацаанд буюу 2010 онд нэг, 2013 онд гурван хүнд эрүү шүүлт тулгасан хэргээр ял оноожээ. Сүүлийн жилүүдэд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын аюулгүй байдал хангагдаж, эрүүдэн шүүх, хүнлэх бус харьцах тохиолдол 2014 онд гараагүй гэж тайланд дурдсан байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮМҮҮСИЙН ТОО ӨСЧЭЭ

Гэр бүлийн хүчирхий­лэл­тэй тэмцэхэд төрөөс ан­хаарч байгааг тайланд онцолжээ.Гэвч НҮБ-ын зөв­лөмж хэрэгжүү­лэх хугацаанд 160 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 2828 гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд хүчирхийллийн хэргийн улмаас хохирогсдын тоо өсч байгаа аж. Тухайлбал, 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534, 2013 онд 514, 2014 оны эхний арван сарын байдлаар 632 хүн гэмт хэргийн улмаас амь нас, бие махбодь эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ өсөлт нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, бүтэц зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дүнд иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэг нэмэгдэж, цагдаагийн байгууллагаас тусламж үйлчилгээ хүссэн хандлага тоо нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг дурьдсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах байранд 2014 онд 140 гэр бүлийн 241 хохирогчийг байрлуулан туслалцаа үзүүлжээ.

Хууль зүйн яамны харьяа Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх нэг цэгийн төвд 2014 оны байдлаар тус төвөөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн 21, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 234 нийт 255 хохирогч эмнэлгийн туслалцаа авчээ. Тэдний95 хувь нь 25-38 насны хохирогчид аж.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН 36 ИРГЭНЭЭ АВЧЭЭ

Манай улсад шинэ гэгдэж буй Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлуулахаар төслийг нь боловсруулжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд уг гэмт хэргийн төрлүүд болох бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын буюу захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт, эд эрхтэний наймаа зэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах асуудлыг оруулсан байна. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн сан байгуулахаар ажиллаж эхэлжээ.Гадаад хэргийн яамны Консулын газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2014 онд хүн худалдаалах болон бусад гэмт хэргийн хохирогч болсон 36 иргэнээ эх оронд нь буцаан авчирчээ. Харин Монгол Улсад 2013 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд хохирогчоор тогтоогдсон нэг хэрэг байгаа аж. 2014 оны байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг 15 гарснаас 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, таван хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг тайлагнажээ. 2010-2014 онд Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон 17 хохирогчийг хохирогч хамгаалах байранд байрлуулан, эрх зүйн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХ ХАНГАГДААГҮЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд сайн ажиллуулсан талаараа тайлагнажээ. Хүүхдийн утас ажлуулсан, унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлд тавих стандартыг баталсан, тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилготой үндэсний хөтөлбөр баталсан зэргийг онцолсон байв. Унаач хүүхдийг нэг стандартын хамгаалах хувцастай болгосон ч эрх нь зөрчигдсөөр байгааг тайланд тусгасан байна. Мөн 2013 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 10398 хүүхэд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Аж ахуйн нэгж байгууллагад 2012 онд хийсэн шалгалтаар 1012 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, хууль журмын дагуу холбогдох арга хэмжээ авсан байна.

Ц.ӨРНӨХ