Categories
мэдээ нийгэм

Тариалангийн талбайн 61.4 хувь нь элэгдэлд оржээ

ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас “Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал хамгааллын хүрээлэн, Инженер технологийн сургууль, “Монгол төмс хөтөлбөр”-ийн зохицуулагч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцсон юм. Хурлаар хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ зэрэг хэд хэдэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Тариаланчид тодорхой нэгдсэн бодлогогүй, техник, технологийн заавар зөвлөмжийг нарийн мөрддөггүйгээс 580 мянган га тариалангийн талбайд хийсэн шинжилгээгээр 61,4 хувь нь хүчтэй элэгдэлд орсон гэсэн дүгнэлт гарчээ. Монгол орны хөрсөнд нутагшаагүй үр сорт сонгож, тариалдгаас өвчин хортонд өртөх, дутуу болцтой ургац авах гэх мэт тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Манай сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Сэтгүүлч Наранбаатар сан”-гийн шагнал хүртлээ

Сэтгүүлч С.Наранбаатар агсны нэрэмжит “Шилдэг сэтгүүл зүйн бүтээл” шалгаруулах уралдааны дүн гарлаа. Тус уралдаанд Ийгль телевизийн “Нууцын эсрэг” нэвтрүүлэг тэргүүн байр эзэллээ. “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр…” цуврал сурвалжлагаар хоёрдугаар байрын шагнал хүртлээ. Гуравдугаар байрт МҮОНР-ын уран бүтээлчдийн “Малчид мал төллөхөөс айж байна”цуврал нэвтрүүлэг шалгарсан юм.

Манай сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Тува, Абакан улсуудаар явж монгол бүсгүйг машинтай нь шатааж, хөнөөсөн хэргийн мөрөөр сурвалжлага бэлтгэсэн билээ. Уг цуврал сурвалжлагын мөрөөр Улсын Ерөнхий прокурор Увс аймаг дахь прокурорын байгууллагад чиглэл өгч, Монголын талаас анхаарч ажиллахаа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн юм. Мөн Гадаад харилцааны яам энэ хэрэгт анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдсэн. Монгол бүсгүйг Тувад шатаасан хэргийг ОХУ-ын хуулийн байгууллага түдгэлзүүлсэн бөгөөд, Монголын талаас хэргийг сэргээх хүсэлтээ хүргүүлээд байгаа билээ. Талийгаачийн ар гэрийнхэн саяхан “Өдрийн сонин”-нд хандаж ярилцлага өгөхдөө иргэнийхээ араас хөөцөлдөхийг эрх бүхий байгууллагуудаас дахин хүссэн. Мөн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүргээ гүйцэтгэж, талийгаачийг хөнөөсөн хэргийн мөрөөр сурвалжилж байгаа “Өдрийн сонин”-нд талархлаа илэрхийлсэн билээ.

Сэтгүүлч С.Наранбаатарын сэтгүүл зүйд үлдээсэн өөрийн гэсэн өнгө төрх, шударга дуу хоолойн үргэлжлэлийг залуу сэтгүүлчдэд үлдээх, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор “Сэтгүүлч Наранбаатар сан”-г жилийн өмнө байгуулсан билээ. Тус сангийн нэрэмжит шагналыг жил бүр олгох аж.

Э.Ууган

Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ өсчээ

Гол нэрийн хүнсний барааны үнэ тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн газраас гаргажээ.

Өчигдрийн байдлаар нэг килогррам хонины ястай мах дунджаар 7585 төгрөг, үхрийн ястай мах 7905 төгрөгийн үнэтэй байжээ. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байсан бол хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 95 төгрөгөөр, хонины цул мах 40 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 900-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 750-970 төгрөг байв. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарж байгаа.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Харин төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 10 төгрөгөөр буурч, харин монгол төмс 65 төгрөг, лууван 55 төгрөг, байцаа 35 төгрөгөөр тус тус өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдын цалинг нэмжээ

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчдын цалинг нэмжээ. Тэд өмнө нь хоногт 24 ам.долларын томилолтын зардалтай байсан бол одоо 32 ам.доллар авдаг болжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөийн тогтоолоор ийн шинэчлээд байгаа аж. Манай улсын энхийг сахиулагчид сард 720-744 ам.доллар авдаг байсан бол шинэ журмаар 960-992 ам.доллар авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хувийн сургууль, цэцэрлэгт ажиллагсдыг хохироосон зөрчлүүд илрэв

НМХГ-ын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгахад цөөнгүй зөрчил илэрчээ.

Энэ онд хяналт шалгалтад хамрахаар зарлагдсан 50 хувийн дунд сургууль, 90 цэцэрлэгийн 25 нь л хамарчээ. Өнөөдөр НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар эдгээр байгууллагад нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан талаар нээлттэй хэлэлцэхээр цаг товлосон боловч түр хойшлов. Учир нь тухайн байгууллагын удирдлагууд ирээгүй байна.

Энэхүү шалгалтыг 4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах” хяналтын хуудсаар хийж гүйцэтгэхэд: Хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэвэр авагчийн болон үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний эрхэлж буй ажилтны хөдөлмөрийн хөлс орлогод даатгалын шимтгэлийг бүрэн тооцоогүй зөрчил илэрчээ. Мөн боловсролын салбарт ажиллагсдыг цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдлүүдийг олгодоггүй, багшийн ажлыг бодитой үнэлэх, урамшуулах,тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй, цэцэрлэгүүд төсөвт баталсан хүүхдийн тоогоор тогтмол хувьсах зардал авч байгаа боловч шалгалтын явцад хүүхдийн өдрийн ирц хангалтгүй байх, цэцэрлэгүүдийн 35 хувьд хүний нөөц 3-5 хүнтэй буюу орон тоо дутуу ажиллах зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын хугацаанд даатгуулагчийн НДШ-ийг нөхөн төлүүлэхээр 7715.6 мянган төгрөгийн төлбөр, торгуулийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлүүдийг арилгах 106 заалт бүхий 33 улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн байна. Төрийн бус дунд сургууль, цэцэрлэгийн ажиллагсдын цалин хөлс нь тухайн байгууллагын хувьсах зардал, сургалтын төлбөрөөс хамааран харилцан адилгүй байгаа ч шалгалтад хамрагдсан байгууллагуудын 65 хувь нь боловсролын салбарт ажиллагсдын цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдлүүдийг олгодоггүй байна.

Хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлдэг иргэд өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамарч, шимтгэл төлөхөөс зайлсхийдэг, хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлснөөс багаар тооцож НДШ төлж байгаа нь ирээдүйд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж багаар тогтоогдох эрсдэл үүснэ. Иймд тэдэнд хийх сургалт, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг НМХГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк мэдэгдэл гаргажээ

Хөгжлийн банкинд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүн хэвлэлүүдээрмэдээлэгдэж буй. Өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Сүүлийн үед өдөр тутмын зарим сонин болон цахим хуудсуудад Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтын тайлан, дүгнэлт нэртэй ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

Үндэсний Аудитын газраас “Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн”-д аудит хийсэн бөгөөд Үндэсний аудитын газраас аудитын тайлангаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.paliament.mn –нд байршуулсан билээ.

Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн эх сурвалжаа сайтар шалгалгүйгээр Үндэсний аудитын газрын дүгнэлттэй зөрүүтэй буруу ташаа мэдээллийг Үндэсний аудитын газрын шалгалтын дүгнэлт хэмээсэн мэдээллийг олон нийтэд тараан нийгмийг төөрөгдүүлж байна.

Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг бэлтгэн нийтэлнэ гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нэмж тайлбар хүргүүлэхэд, баталгаажуулсан эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлэл түгээсэн зарим өдөр тутмын сонин, цахим хуудсууд энэхүү үйлдэлдээ албан ёсоор хүлцэл өчин, залруулга хийж байгаа билээ.

2015 оны 5 дугаар сар 04

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Categories
мэдээ нийгэм

Балбын ард иргэдэд туслахыг уриаллаа

Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгээс байгалийн гамшигт нэрвэгдсэн эртний угсаа нэгт Балбын ард түмэнд туслах аянд нэгдэхийг уриаллаа. Балба Улсад энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 7365 хүрч, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 14355 болж нэмэгджээ. Байгалийн гамшгийн улмаас Засгийн газрын харьяа байгууллагуудын 10744 барилга байгууламж бүрэн сүйдсэн бол 14741 байшин барилга хэсэгчлэн эвдэрсэн байна. Мөн 191 мянган айлын сууц ахин засварлах аргагүй болтол нь эвдэрч, гэмтжээ. 175 мянган айлын сууц ноцтой эвдэрч гэмтсэн гэх мэдээлэл байгаа юм. Эдгээрийг сэргээн засварлахад хоёр тэрбум орчим доллар шаардлагатай гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Өглөг хандивийг Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгийн хандивийн Төрийн банк дахь төгрөгийн 346502294449, долларын 346502294458 тоот дансанд тус тус өргөж болох нь. Хандивт цугларсан хөрөнгийг Монгол Улсын Засгийн газраар дамжуулж Балбын Засгийн газарт шилжүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99092007, 99873969 дугаараас тодруулах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

40 сая төгрөгийн 200 ширхэг гар утас хулгайлжээ

Ховд аймгийн Жаргалант суманд гар утасны худалдаа, засвар үйлчилгээ явуулдаг лангуунаас 40 сая орчим төгрөгийн 200 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Улаанбаатар хотоос барьсан байна. Энэ хэрэг өнгөрсөн сард гарчээ. Гэмт этгээдийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт зарлана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсен пүрэв гаригт Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ гэж зарласан боловч мэдээлээгүй байгаа. Шалгалтын дүн ирэх долоо хоногт бэлэн болох юм байна. Үүний дараа олон нийтэд танилцуулах аж.Хөгжлийн банкаар дамжсан бонд, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд нэлээд зөрчил илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк арилжаанд оролцсонгүй

Өнөөдөр /2015.05.07/ болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 1949.80-1952.00 төгрөгийн ханшаар 5.5 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн, 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Эх сурвалж: mongolbank.mn