Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ураг төрлийн хол нь дээр

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ЦэнддоогийнСоёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операцисоёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэхСайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн альманахбүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийнПост коммунист синдромхэмээх төгсгөл хэсгийнКапитализм байгуулж буй социалистуудбүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Сонины газар

Монголчууд ганцаардмал, цөөхүүл байдлаа мэдэрсэн үндэстний хувьд маш төрөлсүү, олонтойгоо байх эрмэлзэлтэй ард түмэн. Гэвч үндэсний суртаал нь “ураг төрлийн хол нь дээр…” хэмээн сургадаг. Нөхөрлөх, айлсах, төрөлсөх, хүй хамтлаг, нийгэмлэг, коммунити үүсгэх нь малаасаа хамаардаг. Энд бэлчээрийн даацтай холбоотой асуудлыг хөндөж байна.

Нүүдэлчид тухайн гол, жалгандаа бас нийтлэг сонирхолтой хамтлаг үүсгэж, түүнийгээ “айл аймгийн улс” , “манай хот”, “манай саахалт” хэмээн томьёолдог. Айл аймаг бол тодорхой хил хязгаарын доторхи бэлчээрийг хамтран эзэмших, гурав дахь этгээдийг оруулахгүйн тулд хамтран эсэргүүцэх зорилготой коммунити юм.

Хот айлд багтах өрхийн минимумыг өвөлжөө, хаваржаанаас харж болно. Өвөлжөөний хот айл их төлөв гурав орчим гэрээс бүрдэх ба энэ нь өвлийн улирлын хомсхон бэлчээрийн даацад хүрэх хэмжээний бод ба бог малын зохимжит тооноос хамаарсан хязгаар аж. Хаваржаа гэдэг нь их төлөв намаржааны бэлчээрийн үлдэгдэл байдаг. Харин зуслан намаржаанд олон гэрээрээ айлсан бууж болдог нь эдгээр улиралд бэлчээрийн даац сайжирдагтай холбоотой.

Малчид дөрвөн цагийн эргэлтэд эгнэгт хамт нутаглах хот айл гэж бараг байхгүй. Их төлөв хамт өвөлжөөд, зуслан намаржаанд салж буух нь бий. Энэ нь хоёр шалтгаантай. Юуны өмнө бэлчээрийн даац, мал сүргийн тоо хэмжээ зэргээс хамаараад нутаг ойртож чадаагүй, найз нөхөд, хамаатан садантайгаа дахин нийлж, санасан сэтгэлийн цангаагаа гаргах боломж олгоно. Нөгөө талаас өвөлжөө нь малчин хүн гэртээ байх боломж хамгийн их гардаг цаг. Энэхүү чөлөө ихтэй цаг улирал нь айл хөршийн хэн бие биеэ илүү таних, зөрчилдөөнтэй талуудаа олж харах боломж олгодог. Иймээс хуралдсан асуудал, тэвчиж өнгөрөөсөн зөрчилдөөнөө мартагнах, нэг нэгийнхээ сайхан талуудыг эргэн дурсаж үгүйлэх боломж олохын тулд хавар зун, намартаа салж буудаг гэж ойлгож ч болно. Ерөөсөө хаваржаа бол намар идүүлсэн бэлчээрийн үлдэгдэл дээр тогтдог учраас хэмнэлтийн зарчмаар салж буухад хүрдэг ч тал бий.

Хот айл нь эцэг, хүү, хүргэн, эсвэл хадам, хүргэн, худууд гэхчлэнгээр зохион байгуулагдах нь элбэг. Ерөнхийдөө эмгэн өвгөн хоёр, дунд насны гэр бүл, шинэ залуухан айл маягтай байх нь туршлага, чадамж, эрч хүчээр бие биеийнхээ дутууг нөхөх шинжтэй харагддаг. Ийм учраас хот айлд байх мал сүргийн тоо нь бэлчээрийн даацаас хэтрэхийн хэрд өөр хот айл, шинэ коммунити үүсгэн салбарлаж одно.

Ах дүүс арван өрх нэг дор айлсан өвөлжих ганц боломж байдаг нь, тэд маш ядуу, хөрөнгө мал нийлээд нэг дунд зэргийн гурван айлынхаас хэтрэхгүй байх явдал.

Ийм учраас нүүдэлчдийн хот айл, айл саахалт хэмээх хамтлаг нийгэмлэг нь төрөлсөх сэтгэлээс хамааралгүй, харин ч малаасаа хараат байдлын илэрхийлэл юм. Дээр ишилсэн цэцэн сургааль “…ус бэлчээрийн ойр нь дээр” хэмээн төгсдөг билээ.

Сүүлийн үед монголчууд ураг удмаа мэдэн төрөлсөж, ургийн баяр хэмээх уулзалт зохион байгуулах боллоо.

Энэ нь гоёор хэлэхэд монголчууд иргэншин суурьшиж, бэлчээрийн даац мэтээс хамаарахаа больсны, яг үнэнээрээ бол малдаа толгойгоо мэдүүлэхээ байж, чөлөөлөгдсөний шинж юм. Ихэнх нь хотод амьдран сууж, хэнтэй ч нутаг бэлчээрээ булаалдах шаардлагагүй болсон монголчууд хөдөө хээр, зуны найртай цагаар уулзалдан, найр наадамд хэзээнээсээ дуртай сэтгэлийнхээ цангааг тайлах шинэ боломж гарч байна гэсэн үг.

Өргөн айлсалт бол ХХ зууны БНМАУ-ын малчдын түр цагийн суурьшил, явуулын хамт олон бүрдүүлж байсны нэг жишээ. Зун, намрын заагаар малчдыг олноор нь айл буулгаад, тэдний дунд соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах, бөөнд нь урлагаар үйлчлэх оролдлого ч гэж хэлж болно. Өргөн айлсалтын үеэр өдөрлөг, үдэшлэг, нийтийн бүжиг зохиож, кино үзүүлэн, худалдаа гаргана. Бас үсчин, фото зурагчин зэрэг нийтийн ахуй үйлчилгээг үзүүлдэг байв.

Тал нутаг тийм олон нүүдэлчин нэг дор айлсах боломжийг хангахын тулд хонь малаа алсад оторлон таргалуулахыг үүрэг болгоно. Ийм учраас өргөн айлсалтын хотхоны хүн амын ам нь хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнуудаас бүрдэнэ. Хэдийгээр голлох мал сүргийг хол газар оторлуулсан ч гэсэн саалийн үнээний бэлчээр хомсдож, ойрын хэрэглээний морины аргамжаа холдож, ялангуяа тал хээрийн голлох түлш болсон аргал, хомоол олдохоо больдог тул энэхүү “түр цагийн хотхон” түр цагийн л настай байв.

Зурагт, Завхан аймгийн Шилүүстэй сумын Соёл бригадын малчдын “Өргөн ширэг”-ийн өргөн айлсалтын (1974) хамт олныг харуулжээ. Арын эгнээнд зогсох цөөн тооны эрэгтэйчүүд бол өдөрлөг зохиохоор ирсэн сум, нэгдлийн захиргаа, намын байгууллагын удирдах хүмүүс юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ээжийнхээ “буянаар” тасартлаа согтох үрс

Жирэмсэн эмэгтэйчүүд архи, пиво уучихсан хөлчүү явж байгаатай элбэг таардаг боллоо. Өнгөрсөн долоо хоногт оройхон Баянзүрх дүүргийн Сансараас Зүүн дөрвөн зам руу уруудаад алхаж явтал нэлээд согтсон бүсгүйчүүд явж байна. Тэдний дунд гэдэс нь зөндөө томорчихсон гурван жирэмсэн эмэгтэй зогсож байх юм. Хоорондоо “Төрөхөөсөө өмнө сайхан суулаа шүү. Төрөөд мөддөө гэрээсээ гарахгүй шүү дээ” гэж ярьцгаах ээжүүдийг хажуугаар нь өнгөрөх хүмүүс гайхангуй харцгаана. Тэдэнтэй зөрөөд өнгөрөх үед нэг эмчийн хэлсэн санаанд буусан юм. ДЭМБ-ын судлаачид жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд архи уусан тохиолдолд урагт, хэвлий дэх хүүхдэд нь хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Туршилтаар жирэмсэн үедээ архи уусан эмэгтэйн цусанд агуулагдах спиртнээс гэдсэнд бойжиж буй ургийн цусан дахь спирт хоёр дахин илүү байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл жирэмсэн байхдаа архи, пиво ууж бага зэрэг согтоходгэдсэнд байгаа хүүхэд ээжийнхээ уусан архинд согтоод тасардаг гэнэ. Ээжийнхээ уусан архинд согтсон ураг хэвлийдээ тасарч, маргааш нь шартдаг болох нь тогтоогдсон байна. Мөн хөхүүл эмэгтэй ч ялгаагүй согтууруулах ундаа уувал хөхний сүүгээр дамжиж хүүхэд нь согтдог болох нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан байна. Ийм дүгнэлт гарчихаад байхад эмэгтэйчүүд гэдсэндээ бойжиж байгаа ураг, өлгийндөө үнэгчилж буй нялх энхрий үрсээ тасартал нь согтоож байгаагаа мэдэлгүй архи, пиво уусаар байх юм даа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Суулга одтой, хөх бич өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 8. Сугар гариг, Билгийн тооллын 19. Суулга одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 05.40 цагт мандан, 20.18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв, эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлах бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч зодож танхайрсан гэх Б.Жаргалсайханы ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаарт сэтгүүлч зодсон гэх шуугианд нэр холбогдоод буй “Буян”-гийн гэгддэг Жаргалсайхан ярилцлага өглөө. БНН-ын дарга Б.Жаргалсайхан “УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан” гэж ярилаа. Тэрээр цаг үеийн халуун сэдвээр ч байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы 1, 4, 5 дугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы гол нийтлэл гардаг гуравдугаар нүүрэнд замын хөдөлгөөний наад захын дүрэм, соёл мэддэггүй жолооч “үйлдвэрлэдэг” жолооны курсууд, жолооч нарын ёс зүйн талаар хөндөж байна. Нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагс түрдэг, манайхны тэнэгүүд эксел унаж зам түгждэг” гэсэн нийтлэл танд нэгийг сануулж, хоёрыг бодуулах биз ээ.

Устаад зургаан жил болсон улаанбурханөвчний дэгдэлт энэ хавар өндөр байна. Тэр дундаа оюутнууд олноороо өвдөж эхэлжээ. Оюутны дотуур байрны зарим нь халдвар авсан оюутнуудыг тусгаарлах өрөөхүртэл гаргажээ. Өвчний дэгдэлт ямар байгааг ХӨСҮТ, оюутны дотуур байрнаас сурвалжилсныг “Өдрийн сурвалжлага” булангаас сонирхоорой.

“Улс төр”-ийн нүүрэнд УИХ-ын чуулганы хуралдаанаас хийсэн “Ч.Хүрэлбаатар: Та нарын амьдралыг баллачихсан, одоо халааснаас чинь татвар авна гэж сонгогчдодоо хэлэх юм уу” гэсэн сурвалжлага нийтлэгдлээ.

7000 хол давсан хүний амийг авч одсон Балбын аймшигт газар хөдлөлтийн үеэр Катмандуд байсан гурван монгол хүний нэг СГЗ Ж.Саруулбуянгийн “Балбын нулимс урссаар” аян замын тэмдэглэл манай сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн. Аян замын тэмдэглэлийн үргэлжлэл энэ өдрийн дугаарт нийтлэгдлээ.

Оросын удирдлагагүй болсон “Прогресс М 27М” хөлөг Чили, Аргентины ойролцоо Номхон далайд унаж гэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 19 дүгээр нүүрнээс уншаарай.

“Жамаас”, “Өнө мөнхийн эх орон” зэрэг олон дуу нь хүмүүст хүрсэн “Увертура” хамтлаг бие даасан хоёр дахь тоглолтоо ирэх намар хийх гэж байна. Тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай манай сэтгүүлч уран бүтээлийн яриа өрнүүллээ. Энэ ярилцлага 12 дугаар нүүрэнд нийтлэгдсэн байгаа.

Маргааш эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр болно. Эх орны дайнд оролцож явсан ахмад дайчин Д.Дэнзэнтэй хийсэн “Хувь тавилан намайг орос хүмүүстэй нөхөрлүүлсэн” ярилцлага 18 дугаар нүүрэнд нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч зодож танхайрсан гэх Б.Жаргалсайхан “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгүүлч зодож, хэл үгээр доромжилсон гэсэн шүүмжлэлд өртөөд буй “Буян”-гийн Жаргалсайхан манай сонинд ярилцлага өглөө. “Ийгл” телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт уригдсан БНН-ын дарга ямар учраас ингэж танхайрснаа тайлбарлалаа. Түүний юу ярьсныг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай. Тэрээ энэ шуугианы талаар болон цаг үеийн халуун сэдвээр манай сонины сэтгүүлчид ярилцлага өглөө.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын өдөр бүх нийтээрээ мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын хувьд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод тарихаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг мөн үүгээр бэлгэдэж байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хайрын төгөл”-ийн дэргэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд мод тарих тул ийнхүү “Монгол сакура” хэмээн нэрлэдэг гоёмсог цэцэг, анхилуун үнэртэй монос модыг сонгосон байна.

Энэ жилийн нэг онцлог нь хавар тарьсан модоо намар хатааж хаяхгүйн тулд БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ярилцан шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Уг цахим, ухаалаг бүртгэл дээр анх тарьсан болон хөрөнгө оруулсан хүн, байгууллагын нэр, арчилгаа, усалгааг хэн хэрхэн хийж буй, ямар бордоо хэрэглэсэн, яаж ургаж байгаа явцыг бичиж бүртгэж байх юм байна. Ингэснээр мод тарьсан иргэн, байгууллага бүр цахимаар ургалтын явц байдалтай нь танилцаж байх боломж бүрдэх ажээ. Энэ цахим, ухаалаг бүртгэл нь мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ухаалаг төр, цахим бүртгэлжүүлэх санаачлагатай холбогдож байгаа юм.

Бар кодын хамгийн анхныхыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын тарих 70 ширхэг монос модонд олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр гаргадаг боллоо

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг боллоо. Хийсэн шалгалтаас үзвэл далд уурхай, эм үйлдвэрлэгч, баяжуулах үйлдвэр, өргөх байгууламж ашиглагч, барилгын материал үйлдвэрлэгч, ус хангамжийн байгууллага, авто зам, замын байгууламж, мал, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч, ил уурхай, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын явцад эрсдэл үүсэх магадлал 30.6-94.8 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Эрсдэлийг урьдчилан таамаглаж, учир шалтгааныг нь олж тогтоосноор түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын хүн, санхүү, техникийн нөөц бололцоог өндөр, дунд эрсдэлтэй хэсэгт зөв хуваарилж ажиллахад чухал ач холбогдолтой юм. Мэргэжлийн хяналтын байгууллага 2014 онд 65 923 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг эрсдэлийн үнэлгээнд хамруулснаас 11475 буюу 17.4 хувь нь их, 40 379 буюу 61.3 хувь нь дунд, 14 069 буюу 21.3 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд энэ жил ийм замууд барина

Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцсон юм.

Автозамын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагджээ. 18 метрийн урттай угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4 зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийхээр болжээ. Энэ жил 44,5 км авто зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто зам, 134 урт метр гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийгдэх нь. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай – Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

Нийтийн тээврийн угсарсан 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат “05 дугаар сарын 30 гэхэд эхний 20 угсраа автобус орж ирэх бөгөөд 06 сарын 01-нд Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зам засварын ажлууд эрчимтэй хийгдэнэ. Мөн гол замууд болох зуслангийн чиглэлийн зам, Гачуурт, Сонсголонгийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацааны өөрчлөлтүүд орно. Тиймээс нийслэлийн иргэдийг аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрт баримтлах бодлогоор хэлэлцүүлэг болно

Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аж үйлдвэрийн яам хамтран энэ сарын 13-нд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, ТББ-ууд Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын 52-265139, 52261586 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын буцаан олголтыг энэ сараас олгоно

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгох юм байна. Татварын ерөнхий газраас энэ сарын 15-20 хүртэл татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сард олгосон байна. Хоёрдугаар ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлангаа өгсөн иргэд хамрагдах аж.