Categories
мэдээ нийгэм

Мод ургуулах соёлыг дэлгэрүүлье

УИХ-ын дарга З.Энхболдын Мод тарих үндэсний өдрийн нээлт дээр хэлсэн үг

Энд хуран цугласан эрхэм хүндэт зочид, ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон.

Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс Зөвлөлт Холбоот Улсыг дэмжин идэвхтэй оролцож ялалтад томоохон хувь нэмэр оруулсан нь түүхэн үнэн билээ. Их ялалтын ойн баяртай давхцсан өнөөдрийн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд эрхэмсэг ноён Калыбек Ибрагимович Кобландин нар хүрэлцэн ирж оролцож байгаад талархаж байна.

Түүхт ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байна. Шинэ төгөл бүтээх ажилд үе үеийн УИХ-ын гишүүд оролцож өөрсдийн гараар мод тарьж хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Бүх нийтээр мод тарих өдрийн энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлж байгаа нь нэн сайшаалтай.

Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллагын идэвхи санаачлага, оролцоо хамгаас чухал юм.

Ингээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Бүх нийтээр мод тарих өдрийн” арга хэмжээг нээснийг мэдэгдье.

Тарьсан бүх мод маань амжилттай ургаж та бидний амьдралыг ивээж байх болтугай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Дасгалжуулагч нь барилдаж байгаа нь чөлөөлт бөхийн холбоо дампуурч байгаагийн илрэл” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы бямба дугаарт “Дасгалжуулагч нь барилдаж байгаа нь чөлөөлт бөхийн холбоо дампуурч байгаагийн илрэл” нийтлэл гарлаа. Катарын Доха хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд визний асуудлаас болоод манай тамирчид оролцож чадаагүй. Оронд нь дасгалжуулагчид нь барилдлаа. Монголын чөлөөт бөхийн холбооныхны алдаа гаргаж байгаа нь эхний тохиолдол биш. Улсынхаа нэр төрийг шороонд хутгасан тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Энэ асуудлыг “Өдрийн сонин” гуравдугаар нүүрэндээ онцолж бичлээ.

Өнөөдөр мод тарих өдөр. Энэ жил нэг сая мод ургуулах аяны хүрээнд энэ өдрийг тэмдэглэх юм байна. Мөн мод сөөг, суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах юм байна. Энэ тухай сурвалжлага нэгдүгээр нүүрээс VII нүүрт нийтлэгдлээ.

Бямба гаригийн уламжлалт “Нэг ангийнхан” буланд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид оюутан цагийн нандин дурсамжаа хөрвүүллээ. Уралын их сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурч байсан нэг ангийнхны дурсамжийг түүний ярьснаар буулгасан билээ. “Урал”-ынхны нэг ангийнхан буланг нэгдүгээр нүүрээс VI нүүрээс унших боломжтой.

Улс төрийн нүүрэнд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг тоймлон хүргэлээ. Нийслэлийн албан татварын тухай хуулийг хэлэлцэх үед АН, МАН-ынхан талцаж сүйд болсон. Ажлын хэсгийнхний гаргасан санал дэмжигдээгүй учраас энэ асуудал хойшилсон билээ. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дэлгэрэнгйг II нүүрээс уншина уу. Мөн уг нүүрт Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил тодрууллага өглөө.

“Өдрийн сонин”-нд хэн ч үгээ хэлж болдог. Уншигчдадаа зориулж Хэлэх эрхийн индэр ажиллуулж байгаа. Энэ удаад иргэн Ц.Цэнд-Аюуш нийтийн тээврийн тухай, Д.Мижиддорж хэлний хүчирхийллийн тухай гэх зэргээр дөрвөн хүн үгээ хэллээ.

Бямба гаригийн “Өдрийн зочин”-нд шатрын их мастер Д.Номин-Эрдэнэ уригдлаа. 15 настай энэ охин “дэлхийн аварга бол дөнгөж эхлэл” гэж хэлэв. Ухаалаг, хэрсүү охины талаар болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг V нүүрээс уншина уу.

122 насалсан Жаннагийн гайхамшигт түүх IX нүүрт гарлаа. Түүний өндөр насалсан учрыг эрдэмтэд өөдрөг үзэлтэй холбодог юм билээ. Өндөр наслалтаараа дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүний талаар амралтын өдрөө уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөө нээгдлээ

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн байранд өнөөдөр гэрч хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Энэхүү өрөөг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Тахарын ерөнхий газархамтран байгуулсан бөгөөд яг л айлын зочны өрөө шиг тохижуулжээ.

Ер нь аливаа хэргийн гэрч болно гэдэг тухайн хүнийг сэтгэл санааны төдийгүй бие махбодийн айдас, түгшүүрт автуулсан, ихээхэн зориг шаардсан ажил болохыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан онцолж байлаа. Зөвхөн гэрч төдийгүй гэмт хэргийн хохирогчийн хувьд ч шүүх хуралдаанд оролцоно гэдэг сэтгэл зүйн асах их дарамт учруулдаг байна. Ялангуяа насанд хүрээгүй хохирогч, хүчингийн гэмт хэргийн хохирогч, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэмт этгээдтэй дахин нүүр тулна гэдэг нь сэтгэл санааны цочирдолд оруулж, айдаст автуулдаг. Айж, сандарсандаа мэдүүлгээ үнэн зөв өгч чадахгүй байх тохиолдол ч гарч болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс гэрч, хохирогчийг төр хамгаалалтад авдаг.Монголд 2014 нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах жишиг өрөөг 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1дүгээр шүүх дээр байгуулсан. Харин гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх хоёр дахь өрөөг ийнхүү Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн байранд байгуулжээ.

Шүүх хуралдаанд гэрчийг цахимаар оролцуулах төхөөрөмж бүхий хамгаалах өрөөнд ороход зөөлөн буйдан, сандал тавьж, хананд нь уран зураг өлгөжээ. Энэхүү өрөөнөөс тав тухтай байдал илт мэдрэгдэж байлаа.Гэрч, хохирогч нарт гэртээ байгаа мэт амар, тайван орчинг бүрдүүлэх гэж ийнхүү тохижуулсан байна. Энэхүү өрөөнд мэргэжлийн баг ажиллаж, гэрч, хохирогчийг хамгаалах бөгөөд шүүгдэгчтэй нүүр тулахгүйгээр мэргэжлийн сэтгэлзүйч, хуульчийн зөвлөгөөн дор шүүх хуралд цахимаар холбогдож, мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлжээ. Тус өрөөнөөс нийслэл дэх шүүхүүд болон орон нутаг дахь аль ч шүүхтэй цахим хэлбэрээр шууд холбогдож, мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд гэрч хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хангах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байна. Наад зах нь шаардлага гарвал гэрч хохирогчийн зүсийг хувиргах гоо сайхны хэрэгсэл, хиймэл сахал, үс хүртэл байлаа.

Олон улсын стандартад нийцүүлж тохижуулсан энэхүү өрөөний нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Шүүхийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан референт А.Насандэлгэр, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Тамгын газрын дарга Д.Батсайхан, Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга И.Даваажамъяан, Тахарын ерөнхий газрын дэд дарга шадар тахар Б.Батзориг, Дүүргийн 2 дугаар прокурорын газар болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл тус тус оролцсон юм.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан өрөөний нээлтийн үеэр “Манай шүүх 2014 онд 1488 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Гэрч, хохирогчийн мэдүүлэг өгнө гэдэг бол тухайн хүнээс ихээхэн зориг шаарддаг, айдаст автуулдаг. Тэдэнд шүүгдэгч нарын талаас маш их дарамт учруулдаг. Ийм хамгаалах өрөөтэй болсноор гэрч, хохирогчийн айдас буурна гэсэн үг. Энэхүү хамгаалах өрөөгбайгуулах ажилд идэвх чармайлттай оролцсон Тахарын ерөнхий газар болон нээлтийн үйл ажиллагаан хүрэлцэн ирсэн нөхдөд хамт олныхоо өмнөөс баярлалаа” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссын референт н.Ихтамир “Гэрч хохирогчийг хамгаалах хоёр дахь өрөө бий болсонд баяртай байна. Гэрч хохирогчийг хамгаалах нь төрийн чиг үүрэг байдаг. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа томоохон ахиц дэвшил юм” хэмээн онцолж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна

Архангай аймгийн 19 суманд алслагдсан багийн малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хөтөлбөр хэрэгжиж байна. Японы хүүхдийн ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн багш нар эхлээд эцэг эхчүүдэд хичээл зааж, эцэг эхчүүд сурсан зүйлээ гэртээ очиж хүүхдүүдээ заах зарчмаар хэрэгжиж байгаа юм байна. Архангай аймгийн боловсролын газрын дарга А.Амгаланбаатарын яриаг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” – ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарих юм. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгоно. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

МЧБХ тамирчдыг хуурамч визтэй явуулжээ

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан юм.

Тамирчдын өгсөн мэдээллээр тэднийг “Хуурамч виз мэдүүлсэн” гэж буруутгасан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тамирчдын визыг Монголын чөлөөт бөхийн холбоо хариуцан мэдүүлж, тавдугаар сарын 3-ны өглөө буюу тамирчдыг нисэх өдөр электрон визийг хэвлэж өгчээ.

Гэтэл Дубайн хил дээр манай тамирчдын визийг шалгахад оронд нь өөр хүмүүсийн нэр гарч, эл зөрчлийн улмаас саатуулагдахад хүргэсэн байна.

Манай тамирчид Дубайн онгоцны буудлын хорих өрөөнд 36 цаг саатуулагджээ. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооноос ямар нэгэн анхаарал, дэмжлэг үзүүлээгүй, харин тэнд амьдардаг хоёр бүсгүй интернетээс мэдээлэл аваад, очиж тусалсан байна.

Холбогдох журмын дагуу манай иргэдийг тээвэрлэсэн компаниар нь буцааж тээвэрлэх ёстой байсан тул тамирчдыг мягмар гаригийн шөнө Бээжин рүү явуулжээ. Улмаар тэд Бээжингийн онгоцны буудалд 5 цаг гаруй хугацаанд саатуулагдан, дараа нь Бээжин дэх Элчин сайдын яаманд хандсанаар тэнд нэг хоноод, өнөөдрийн нислэгээр буцаж ирлээ.


Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг сая “Чингис хаан” онгоцны буудалд буухад Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж нэг ч хүн ирсэнгүй. Харин сэтгүүлчид тэднийг тосч, үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

Дасгалжуулагч Б.Баяраа энэ талаар хэлэхдээ,

-“Бид визний зөрчил ч биш бүр хуурамч визний асуудалд орооцолдсон. Тийм ч учраас Дубайд биднийг маш хатуу шалгаж, хатуу шаардлага тавьж, 36 цагийн хугацаанд саатууллаа. Холбогдох хүмүүс “Хуурамч визийг хэн бүрдүүлсэн”, “Ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хариуцаж мэдүүлсэн”, “Ямар байгууллагаар дамжсан” гээд нарийн мэдээлэл биднээс шаардсан. Бидэнтэй энгийн бус байдлаар, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт харьцсан. Цэргийн хүмүүсээр хамгаалуулж хорьсон. Асуусан асуултад үнэн зөвөөр хариулахыг шаардаж, тодруулга авсан. Бид хэлэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдүүлсэн. Миний хувьд визний зөрчил байгаагүй. Харин намайг эхлээд саатуулахдаа хуучин паспорт шаардсан. Хуучин паспортны хуулга авч явсан байсан тул түүнийг шалгаад, хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч би гурван тамирчнаа хүний нутагт орхиод, цаашаа явах боломж байгаагүй.

Биднийг өөрсдөөс шалтгаалахгүй асуудалд орж, маш ноцтой буюу хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдож байхад манай холбоог төлөөлж юм уу, бидний төлөө санаа тавьж нэг ч хүн, нэг ч албан тушаалтан холбоо барих арга хайгаагүйд, санаа зовоогүйд үнэхээр гомдолтой байна. Холбооны ерөнхийлөгч биднийг Бээжин рүү ниссэн гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан тэр хугацаанд нь бид Дубайд хоригдож л байсан. Бээжинд ч бас хоригдож, саатуулагдаж байгаад арай гэж Элчин сайдын яамны бараа харсан. Дубайд саатуулагдаж байхад манай холбооны удирдлагууд тэр үед Катарын Дохад оччихсон байсан. Тэр хоёрын хооронд нэг цагийн л нислэгтэй. Гурван тамирчныхаа араас нэг цаг нисээд ирж болох байсан. Гэтэл хэн ч тэгсэнгүй. Дубайд байх хугацаанд фэйсбүүк, твийтерт бичсэн гээд байгаа шиг Кувейтийн Элчин сайдын яамыг төлөөлж бидэнтэй хэн ч ирж уулзаагүй. Бид үнэхээр гомдолтой байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ.

Урилгын хүрээнд маргааш УИХ-ын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэнэ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы эхэнд гишүүдийг мод тарих үйлсэд өргөнөөр оролцохыг уриаллаа. Мөн тэрээр Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ төгөлтэй болж байгаа гэдгийг дуулгасан.

БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлсэн байгаа бөгөөд тус яамны хамт олон мөн маргааш Дамбад мод тарих аж.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын ёслолын буудлага Улаанбаатарт болно

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг манай улс ч бас тэмдэглэнэ. Баярын хүрээнд зохион байгуулах ажлуудыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтдаа хийж байгаа юм. Яг одоо Соёлын төв өргөөн баярын хурал, хүндэтгэлийн концерт эхэлж байна. Баярын хуралд төр, засгийн төлөөлөл Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд, Беларусь улсаас суугаа Элчин сайд, Казакстан улсаас суугаа Элчин сайдууд болон ахмад дайчид оролцоно.

Харин маргааш БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд, 11.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Чингисийн талбайд 14.00 цагаас эхлэх баярын арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах юм. Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм. Цэргийн ёслолын жагсаал маргааш Москва хотын цагаар 10.00 цаг, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой.

Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “День победы” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Төгсгөлд нь 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярт 25 орны төрийн тэргүүн оролцоно

Маргааш аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр маргааш тохиох гэж байна. Үүний хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд цэргийн парад болно. Тавдугаар сарын 9-ний ялалтын 70 жилийн ойн баярт Оросын тал дэлхийн 68 улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын дарга нарыг урьсанаас 25 гаруй орны төрийн тэргүүн Москвад ирэх юм байна. Тухайлбал БНХАУ-ын дарга Си Зинпинь, Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд их засвар хийнэ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.